Нүүр Өгүүллэг “ГЭР БҮЛ” роман “1-Р ХЭСЭГ”

“ГЭР БҮЛ” роман “1-Р ХЭСЭГ”

3 секунд уншина
0
0
1,547

Сэржид тэр дөрвөн хүнтэй нилээд ноцолдсоны эцэст яалт ч үгүй хүчинд автаж гараа гавлуулахад дөрвөн настай охин Ира нь ихэд айн чарлаж гарав. – Хөөш. Малуудаа наана чинь хүүхэд айгаад байна ш

дээ. Та нар чинь хүн биз дээ. Хүүхэд… хүүхэд – Дуугай бай новшоо. Мэдэж байна. Төрд тэрсэлсэн эсэргүүн чиний хүүхэд төр засагт тийм их хэрэгтэй биш л байх шүү. Олон юм яриад байлгүй гар. Энгийн

хувцастай хоёр хүний нэг нь араас нь ингэж хэлээд хүчтэй өшиглөхөд Сэржид тогтвор алдан урагш хана мөргөн ойчив. Охин нь айсандаа дуугарч чадахгүй уруул өмөлзүүлэн буланд шигдэн зогсоно. –

Наадахиа аваад гар. Сэржидийн хоёр талаас хоёр сэргийлэгч зулгаасаар авч гарахад хаалга тасхийн хаагдаж, охин часхийн уйлав. – Та нар чинь яаж байнаа. Цаана чинь нялх хүүхэд ганцаараа үлдлээ ш

дээ. – Дуугүй яв гэж хэлсэн шүү. Араас нь дахиад өшиглэхэд Сэржид шат уруу өнхрөн унав. – Муу сайн намын эсрэг тэрслэн босогчид. Та нарыг нухчин дарах цаг ирсэн. “Лэгцэг даргын үгийг хэлээд байна даа.

Лэгцэг одоо ийм арга сонгохоос аргагүй болж дээ. Өрөвдөлтэй амьтан. Муу охин минь уйлаад хоцорлоо. Бумчин минь хурдан ирээсэй.” Орц дүүрэн охиных нь чарлах сонсдож Сэржидийн дотор бачимдаж зүрхээр нь часхийн хатгуулав. Нэг мэдэхэд нөгөө дөрөв Сэржидийг орцны гадаа түлхэн гаргаж ирэв. Орцны үүдэнд зогссон сэргийлэхийн машины ар уруу Сэржидийг түлхэн оруулах үес – Сэржидээ. Сэржид гэх дуун сонсдоход Сэржид хамаг хүчээ дайчлан эргэж харав. – Та нар чинь яаж байнаа. Наад хүн чинь ямарч гэмгүй хүн. Миний нөхөр гэсээр Бумчин нөхрийнхөө гараас зүүгдэхэд сэргийлэгчийн дүрэмт хувцастай улаан хацартай махлаг эр Бумчинг газар унатал түлхэж – Орж тэр хүүхдээ ав. Гичий минь гэж ихэд дээрэнгүй дуугарав. “Эд нартай ингээд ямарч нааштай юманд хүрэхгүй. Учир нь олдох биз. Охин дээрээ очсон нь дээр. Охин минь уйлж байгаа шүү дээ” гэх бодол

Сэржидийн толгойд эргэлдэнэ. Сэргийлэхийн машин дондгосхийн урагш хааз нэмэн ухасхийж тэр чигтээ давхин одоход Бумчингийн дотор харанхуйлж шороон дээрээс гуйвлан өндийв. Хэвлий тус газар нь нэгэн зүйл туниа муутай би байна шүү гэж сануулах мэт зөөлөн хөдлөхөд Бумчин гэдсэн дээрээ гараа зөөлөн тавьж – Аавыг нь аваад явчихлаа хэмээн аяархан хэлээд мэгшин уйлав. Бумчин согтуу хүн аятай гуйвлан алхсаар орцоор ороход охиных нь чарлах дуун чихэн дээр нь царгихад тэрээр шат өгсөн дээш гүйв. – Миний охион. Бумчинг харсан охин нь гүйж ирж хүзүүгээр нь тас тэврээд удаан гэгч нь эхэр татав. – Миний охин зөндөө айчихаж. Хурай хурай. Бумчин уйлаад байгаа хирнээ охиноо аргадан ийн шивнэв. Нөхөртөө зовох сэтгэл нь асар их давамгайлж олигтой хоол ч хийсэнгүй. Охиндоо аягахан бантан хийж өгчихөөд унтахаар хэвтэв. Айж уйлсан охин нь төд

удалгүй эхийнхээ элгэнд наалдан унтаад өгөв. Гэсэн ч ойр ойрхон цочиж уйлагнах аж. “Сэржид минь яаж байгаа бол. Тэд нар элдвийн хэрэг хүлээлгэх гэж зовоож байгаа бол яанаа. Нансалын нөхрийг баривчлаад гэмттэл нь зодчихсон байсан гэсэн. Сэржид минь юу хэлчихсэн яачихсан юм бол доо. Төмөр-Очир дарга ганцаардаад байна. Төмөр-Очир дарга үнэний төлөө Монгол улсын алс ирээдүйн төлөө зөв зам дээр зогсч байна гээд байсан. Энэ үгнээсээ болоод ийм байдалд орж байх шиг байна даа. Бидний ирээдүй бүрхэг боллоо. Охин маань арай балчир байна. Бас гэдсэнд нэг. Яаж амьдрах болж байнаа” гэх бодол шөнөжин толгойд нь эргэлдсээр Бумчин арайхийн өглөө болгов. Охиноо цэцэрлэгт өгчихөөд ажил уруугаа яаран Багшийн сургууль дээр ирэхэд цаг яагаа ч үгүй эхний оюутнууд ганц нэгхэн харагдана.

Сургуулийн жижүүр өвгөн Бумчинг өлийн харж – Бумчин багш ямар эрт ирэх юм бэ? Хичээл эхлэх яагаа ч үгүй байхад хэмээн хэлээд аяганд халуун цай хийж өгөв. – Цагаа буруу харчихжээ. Гээд яалтай билээ. Хичээлдээ бэлдэж байя. Баярлалаа Дэндэв ахаа гэсээр Бумчин цайг ууж дуусаад хэлэв. – Охин минь царай чинь яасан баргар байх юм бэ? Бие чинь зүгээр биз гэсэн өвгөн “За тэгээд залуу байхад юу эс тохиолдох билээ дээ. Хань ижилтэйгээ муудаа биз” хэмээн өөртөө бодов. – Бумчин багшаа таныг захрилын өрөөнд дуудаж байна гэх дуунаар Бумчины дотор юунд ч юм бэ сэрхийгээд явчихав. Захирал хүнтэй байна гэх нарийн бичгийн дарга хүүхэн түүнд нэг л хол хөндий байх шиг санагдав. – Орох уу захиралаа? Нүдэндээ харааны цагаан шил зүүж, хар костьюм пиджак өмсөн зангиа зүүсэн хижээл насны эр түүнийг өрөвдсөн ч юм уу ихэд хачин харснаа – Ор. Ор гэж захирамжлав. Бумчинг орж ирэхэд түүнийг нүд гүйлгэн ажсан захирал – За тэгэхээр Бумчин багш та суучих хэмээн ихэд хянуур

дуугарахад Бумчин дуулгавартай гэгч нь суув. Захирал хоёр гарынхаа хэдэн хуруугаар ширээ бөмбөрдөн хэсэг сууснаа – Тэгэхээр Бумчин багшаа таныг манай сургуульд ажиллахаас татгалзсан шийдвэр дээд газраас ирсэн гээд дээш заав. Бумчингын хоёр нүдийг хоромхноо ус бүрхэж – Яагаад… яагаад тэгж байгаа юм бэ? Хэмээн арга барагдангуй дуугарав. – Чамд гэж хэлэхэд Бумчин минь энэ асуудлыг Ардын Боловсролын Яамнаас ч биш Хотын Намын Хорооноос гаргасан шийдвэр гэж мэд. Тийм учраас би таныг ажлаас халж байна. Даасан ангиа Намжил багшид өг. Тойрох хуудсаа зуруулаад над дээр ороод ир. Миний чамд хийж чадах ганц зүйл бол энэ сарын чинь цалинг бүтнээр оруулж өгөх гээд Цагаан захирал буруу харсан нь яриа дууслаа гэдгийг илтгэх тул Бумчин хүндэрсэн сэтгэлээ арайхийн барьж захиралын өмнөх хуудсыг аван босов. “Уг нь мэдлэг чадвартай сайн багш. Даанч намын эсрэг бүлгийн гишүүн Сэржид гэгчийн эхнэр. Ер нь юу болж байна даа. Нөхөр нь, эхнэр нь намын эсрэг бүлгийнх

гээд олон сайхан шлдэг сэхээтнүүд ажил амьдралаа харлуулж байна даа. Энэ охин ч гэсэн. Миний сайн багш юмсан” гэж бодсон Цагаан бодлоосоо айх шиг болон орчноо ажиглав. Бумчин тэр өдөртөө тойрохоо зуруулж дуусаад захиралын өрөөнд оров. Захирал тойрохыг үг дуугүй аваад – Бумчин минь чиний амьдрал бэрхшээлтэй л болж байх шиг байна. Хэрэв нөхөрт чинь элдэв зүүгдсэн нэр хаяг байхгүй болбол чи ажилдаа буцаад ирээрэй. Миний хувьд залуу багш нараа дэмжихийг хүсэлгүй л яах билээ гэж хэлчихээд хэлээ хазав. “Үгүй ер мөн яриваа. Энэ үг хэн нэгний чихэнд шүргэвэл би бас тойрохоо авч таарна. Магадгүй төрд гомдсон энэ хүүхний амнаас энэ гарахыг үгүйсгэх аргагүй. Дэмий юм хийлээ дээ Цагаан минь. Халамжлах тусам халтай болж байна. Халзан Лэгцэг бас намайг ажиглаж байгаа” хэмээн өөртөө гэмшин бодсон Цагаан Бумчингын өмнө долоон зуун төгрөг тавьж – Энэ сарын чинь цалин гэхээс өөрийг хэлсэнгүй. Бумчин мөнгийг аван босохдоо “ Захирал маань надтай харьцахаас хүртэл айж байх шив дээ. Удирдах арга барил сайтай, уян зөөлөн сэтгэлтэй

хүн тулдаа цалинг минь бүтнээр нь оруулж өгч байна даа. Надад тусалсных нь төлөө хэн нэгэн энэ хүнийг хорлох вий дээ. Ядарч байхад цалинг маань бүтнээр нь оруулж өгдөг их сайн хүн юм даа захирал маань. Намайг ийм хурдан ажлаас халж байхыг бодоход Сэржид минь хэцүүхэн юман дээр унаж байх шиг байна. Ямартай ч охиноо эртхэн авчихаад сэргийлэх орж түүнийгээ гаргаж авах талаар хөөцөлдье” гэж бодсоор гарсан Бумчин охиноо авах гэж цэцэрлэг дээр очив. – Өө ашгүй та Ираг авахаар ирээ юу. Маргаашнаас эхлээд Ираг цэцэрлэг авахгүй гэсэн шүү. – Юу? Яагаад тэгж байгаа юм бэ? – Би мэдэхгүй юмдаа. Та эрхлэгчтэй уулзсан нь дээр байх. Бумчин цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд орвол эрхлэгчийн суудалд суусан бүдүүн бор авгай – Өө ашгүй Бумчин багш хүрээд ирсэн үү? Танай хүүхдийг маргаашнаас эхлээд цэцэрлэгт авч болохгүй гэсэн шүү. Бүр ройаны намын хорооны нэгдүгээр орлогч дарга өөрөө тушаасан. Тэгэхээр миний дүү хүүхдийнхээ хоолны мөнгийг өгчихөөрэй. Хэн хэндээ амар гэж товч бөгөөд тодорхой хэлээд Ирагын хоолны мөнгийг нэхэн өмнө нь гараа тосов. Охиныхоо хоолны мөнгийг гаргаж

эрхлэгчид өгсөн Бумчин чимчигнэн зүүгээр шивэх мэт хатгах зүрхээ дарсаар өрөөнөөс гарав. “За ингээд би ажилгүй охин минь цэцэрлэггүй боллоо доо. Дараагын хүүхэд маань гарах гэж байдаг. Эр нөхөр минь ямар гээч аймшигтай юман дээр унах нь энэ вэ?” Бумчин хэдэн төгрөгөө гартаа тас атгасаар охиноо хөтлөн гэрээ зүглэв. – Сайн байна уу? Би Сэржидийн гэр бүлийн хүн байна. Уулзах гэсэн юм. – Сэржид байцаалтанд байгаа. Сэргийлэхийн ахлах жижүүр ахмад цолтой бүдүүн эр Бумчинд зандрах шахам хэлээд түүнийг шохоорхонгуй харахад бүсгүй дургүйцэн гарах хаалга зүглэв. – За Сэржид яг ямар хэрэг хийснээ хэлчих. Танай сургууль дээр намын эсрэг бүлэгт өөр хэн хэн байгааг хэлчих. Та нар энхрий хайрт шалгарсан манлай жолоодогч МАХН болон нам төрийн удирдагч Маршал Цэдэнбал даргын эсрэг юу хийсэн бэ? Хэлчих. – Надад төр засгийн эсрэг хийсэн хэрэг байхгүй. – Тийм болог. Намын эсрэг бүлгийн толгойлогч Лоохуузтай уулзаж байсан уу? Тэр ер нь хир хүн

бэ? – Тэр хүн улс эх орныхоо ирээдүй хойчийн тухай бодит үнэнийг хэлсэн байх гэж бодож байна. Лоохууз гуайтай ажил хэргийн холбогдолтой нэг хоёр удаа уулзаж байсаан. – Тэр хэргийн холбогдол гээч чинь яг ямар ажил юм бэ? Дээ. – Манай тэнхимийн ажилтай танилцаж шалгалтаар ирж байсан юм. Манай ажилтай танилцсан төдий дөө. – Лоохуузыг хувь хүн талаас нь дүгнэвэл… – Шударга үнэн үгтэй, зоригтой хүн шиг санагдсан. – Намын төв хорооны Төмөр- Очир даргатай та ямар холбоотой вэ? – Ямарч холбоогүй. – Та Төмөр- Очир дарга ганцаардаж, Цэдэнбализм монголд дангаараа ноёрхож байгаа нь туйлын буруу гэж багш нараа уриалж байсан гэх шударга иргэдийн нотолгоо манайд байгаа шүү. – Та нэг л ташаа ойлголт авсан хүн шиг байна. Би хүмүүсийг цуглуулаад ухуулга сурталчилгаа хийгээд таны хэлсэн шиг албан ёсны хурал цуглаан хийж хүмүүсийг төөрөгдүүлсэн удаагүй билээ. “Нээрэн ч тийм дээ. Энэ нөхөр амны

алдаа хийсэн. Тэрийгээ өөрөө ч мэдэлгүй яваа биз. Үнэнийг хэлэхэд энэ Сэржид гэгчид гэмт хэргийн шинж алга. Суллаад явуулчихвал бөөн чирэгдэл үүсдэг юм болов уу? Ямартай ч гурав хоног хорьсон нь дээр биз. Нам надтай надгүй энэ нөхрийг өвдгөөр нь мөлхүүлнэ биз” гэж бодсон мөрдөн байцаагч Дэмид хэдэн зүйл нэмж асуугаад Сэржидээр гарын үсгийг нь зуруулж байтал дотуур утас нь дуугарав. – Байна уу? Тань дээр байгаа Сэржид гэгчид эргэлт оруулъя гээд байна. – Оруул. Оруул. Би одоо энэ нөхрийг хорих байр уруу аваачлаа. – Мэдлээ. Утас тасарч Дэмид Сэржидийг хорих байр уруу хүргүүлэхээр сэргийлэгч дуудав. – Иш Сэржид минь юу болчиховоо. Чи минь зүгээр үү ? гээд гарт нь жаал жуул идэх юм атгуулсан Бумчин нулимс тунаруулсан харцаар нөхрөө аймсан харахад Сэржидийн зүрхээр ширхийн хатгуулж – Би зүгээр яасан гэж ингэж ухаж төнхөж буруутгаад байгааг ёстой мэдэх ч юм алга. Та хоёр минь зүгээр үү? Гээд ам нь цангасан бололтой цайнаас залгилав. – Ямар сайхан зэлгээн цай

вэ. Бүр ам хатчихаж… – Иш яана даа чи минь. Энд халуун цай байгаа шүү. – Болно болно. Ажлаасаа эрт ирээ юү? Бумчин санаа алдаж – Би ажилгүй, охин цэцэрлэггүй болсоон. Сэржидийн царай хөрзийн барайж – Муусайн ноход. Ноходын хийж байгаа ажил. Тиймээ тийм. Би амнаасаа хий унагачихаж. Бүгд тэгж бодоод байгаа хирнээ хэлж чаддаггүй байсны учир энэ байна. Би энэ янзаараа бол их орооцолдох байхаа. Миний буруу. Та хоёрыгоо би зовлонд унагаачихлаа. Бумчин гоморхонгуй хирнээ зөөлөн харж – Одоо яая гэх вэ? биеэ сайн бод. Амьтан хүний ая эвийг харж дага. Бид хоёр. Үгүй хоёр ч гэж дээ. Гурав болж байгаа шүү дээ. Өчигдөр хөдөлсөн. Бид ажрахгүй ээ. – Юу. Тэгэхээр чи минь… тэгэхээр чи минь гээд Сэржид эхнэрээ харан инээвхийлж нүдийг нь ус бүрхээд ирэв. – Уулзалтаа дуусга нөхөөр. Чи ямар эмнэлэгт эмчлүүлж сувилуулж байгаа биш. Хүүхдээ тэвэрч, эхнэрээ түшээд юу вэ? чи. Ингэх байсан юм бол яах гэж төр үрүү боргосон юм бэ? Хохь чинь. Ор тэр камертаа. Сэржид дүрсхийн уурлаж, царай нь минчийн хүрэнтээд ирэхэд Бумчин жигтэйхэн

сандарч – Боль Сэржид минь тэр газар уруу нь орж үз. Гуйя. Битгий эдэнтэй тэрсэлж үзээрэй хэмээн шивэгнэн гуйв. Сэржид охиноо үнсч газарт зөөлөн тавиад эхнэрийнхээ гарыг халуун төөнүүлэн атгаад түүний өгсөн жижиг боодолтойг барин эргэхдээ гар нь салгалан чичирч байлаа. Бумчин охиноо хөтлөн нулимс дуслуулсаар хурдхан эргэхдээ “Яадагшуу юм билээ дээ. Эд нар түүнийг минь аль болохоор буруутгах шалтаг хайж байна. Миний нөхрийг хүссэн ч хүсээгүй ч эд нар намын эсрэг бүлэг гэчийн нэг болгож яланд унагах гэж байгаа юм байна. Аавтай уулзаад гуйвал яах бол. Аав уг нь Сэржидэд сайн байдагсан” гэж бодон охиноо хөтөлсөөр гарав. – Хм. Чи төрийн сэргийлэгчийг басамжлаад байна уу? Үгүй юу. Чам шиг юмнуудыг харахаар нүд хорсох юм. Наг…наг инээн урдуур нь нуруугаа үүрэн алхах сэргийлэгчийг хараад Сэржид арайхийн биеэ барьж буруу харав… … Доржхүү дөнгөж ажлаасаа гэртээ иртэл араас нь хаалга тогшсоор том охин Бумчин нь охиноо хөтөлсөөр орж ирэв. Доржхүү

ердөө хоёр охинтой тул охидоо баахан эрхлүүлэмтгий нэгэн. Эхнэр Ханд нь хотын нэгэн үйлдвэрийн дарга. Доржхүү өөрөө Намын Төв Хорооны хариуцлагатай томоохон албан тушаалтан тул тусгай унаа хангамж эдлэгч цөөхөн том тушаалтанд зүй ёсоор ордог аж. Доржхүү үл ялиг амьсгаадасхийн тонгойж гутлынхаа үдээсийг тайлаад зөөлөн табчик углан том өрөөндөө орж “Үнэн” сонин гарчиглан суутал зээ охин Ира нь ирж өвөг эцгийнхээ энгэрт асан эрхлэв. Бумчин охин нь цаанаа нэг уравгар нүд нь бага зэрэг бөлцийн хавдсаныг ажигласан эцэг “Энэ хоёр муудаж дээ. Охин уравгар байна. Сэржид золиг муу охиныг минь дээрэлхээд байгаа юм биш биз. Тэгвэл ч чамайг болгоод өгнө дөө” хэмээн зэвүүцэн бодох аж. – Өвөө би цэцэрлэгтээ явахаа больчихсон. Бяцхан Ирагын энэ үг Доржхүүг овсхийн цочиход хүргэв. – Юу. Яагаад цэцэрлэгтээ явахаа больсон гэж. – Яах вэ?дээ. Дайсны хүүхэд гэж. Багш тэгж хэлсэн. – Дайсан гэнээ. Дайсан гэнээ. Гэнэт Доржхүүгийн амьсгаа дээрдэж хоолой өөд нь асар их бачимдал

огшоод ирэв. “Арай Сэржид намын эсрэг бүлгийнх… Үгүй… Үгүй… очиж очиж миний хүргэн тийм байх ёсгүй” тэр өөрийгөө тайвшруулах санаатай ийн бодов. – Хүүе Бумчин. Бумчин чи нааш ирээч. – За ааваа очлоо. Охиных нь дуу хүртэл айдастай байх шиг түүнд санагдана. – Ааваа би цай чаначихлаа. Цай уу. Доржхүү охиныхоо гараас цайг авсан ч охиноо ширүүн хар нүдээрээ ширтсээр байлаа. – Юу болоод байгаа юм бэ? Бүгдийг нь надад яриад орхи. – Ааваа бидэнд туслаач. Сэржид юу ч хийгээгүй. Тэр намын эсрэг ямарч муу юм хийгээгүй. Гэтэл түүнийг хорьчихоод байна. – Сэржид намын эсрэг юу ч хийж чадахгүй. Хийлгэх ч үгүй. Манай намын онч мэргэн бодлогын эсрэг гэм хорын уршиг гаргаагүй ч дотоод сэтгэлдээ эсэргүүцсэн хүн бүхэн намын дайсан. Ойлгож байна уу? Чи. Сэржид намын эсрэг хэн нэгэнд юм хэлсэн л байгаа. Тиймээс түүнийг хорьж байгаа биз. – Ааваа туслаач дээ. Манай амьдрал сүйрээд байна. Би хүртэл… намайг хүртэл ажлаас халсан. Охиных нь тун ч гомдолтой

хэлсэн энэ үгэнд Доржхүү цочих шиг болон охиноо гүймэг ажив. “Иш чаавас. Охин минь шүү дээ. Хайртай охин мнь зовох нь дээ. Зовох нь… Тэр цус намын эсрэг бүлгийнх байдаг нь. Харваас өөдгүй золиг. Тэр чигтээ долоон уулын цаагуур далд орог.” – Ааваа Ираг хүртэл цэцэрлэгт явуулахгүй гэсэн. – Тэгэлгүй яадаг юм бэ? Тэр нөхөр яах гэж нам төрийн эсрэг элдэв юм ярьсан юм бэ? Би чамайг анхнаасаа тэр нөхөртэй битгий суу гээд байхад суусан. Одоо яаж байна. Нам төрийн эсрэг гэмт хэрэгтэн болчихоод. Надад нүүр хийх газар алга. Даргад би юу гэж хэлнэ. Миний хүргэн бидний эсрэг тэрслэн бослоо гэж хэлэх үү? Цэдэнбал дарга намайг буруугаар ойлговол яах юм бэ? – Ааваа та зөвхөн өөрийгөө бодох юм. Үр хүүхдийн чинь алс хойчийн амьдрал таньд хэрэггүй юу? Таньд зөвхөн тэр хараал идсэн нам, дарга хоёр чинь хэрэгтэй юм байна за юу гэж Бумчинг багтран орилоход Доржхүү давхийн цочиж – Дуу чи. Яасан ёс зүйгүй нөхөр вэ? энэ чинь

гадны хүн сонсвол Доржхүү дарга эхнэр хүүхэдтэйгээ зодолдож байна гэж ойлгоно. Тэгээд гай болж дарга сонсчихвол яах юм бэ? Дарга намайг гэр бүлийн тогтворгүй. Намын дээд удирдлагад тохирохгүй хүн гэж үзвэл яах юм бэ? Чи ер нь надад гай болж байгаагаа мэдэж байна уу? Гэж ихэд уурлав. – Ааваа би таныг танихгүй байна. Та миний аав мөн гэж үү? Хэмээн хоолой цахиртуулан хэлсэн Бумчин хувцсаа шүүрэн гарахдаа үддэнд ээжтэйгээ таарав. Ханд тонгойж зээ охиноо үнссэнээ охиныхоо царай өөд хянамгай гэгч нь ажиж – Миний охин яагаа вэ? гээд цааш нөхрийнхөө байгаа өрөө үрүү харав. – Ээж өвөөтэй хэрэлдсэн. Өвөө ээжийг загнасан. – Аав ээждээ загнуулахгүй яах юм бэ? Яасан юм бэ? Гэсэн Ханд охин уруугаа түгшингүй харав. – Ээжээ гээд Бумчин асгартал уйлчихав. “Энэ аавын байж байгаа царайг. Нул хиймэл төрх” Аавдаа гомдсон Бумчин ээжийнхээ бүлээн энгэрт наалдан уйлсаар байлаа. – Юу болчихоо вэ? охин минь. Сэржид

сайн уу? Ингэхэд… – Аав шоронд орчихсон. Тэгээд ээж уйлаад байгаа юм. Бяцхан Ирагын энэ үг Хандыг цочин давхийхэд хүргэв. – Үнэн үү? Тэр охиноосоо ингэж асуугаад зүрхээ даран тонгойв. – Үнээн. Сэржидийг намын эсрэг бүлгийнх гээд аваачаад хорьчихсон. – Үгүй яагаад тэр вэ? цаадахь чинь Лоохууз энэ тэрийн хэн нэгэнтэй очоод уулзчихсан юм биш биз. – Үгүй ээ. Яагаа ч үгүй зүгээр байхад нь… Намайг бас ажлаас халчихсан. Ираг цэцэрлэгт авахгүй гэсэн. – Түрэмгий амьтад гэмгүй залуусын амьдралыг ямар их харлуулна вэ? Хөөе Доржхүү чи байгаа юм уу? Чиний тэр нам миний хүүхдүүдийн амьдралаар тоглочихсон байна. Ханд хилэнтэй хашгирч Бумчин охиноо хөтлөн гарахдаа босгон дээр нэг сүрхий гомдолтой гэгч нь эхэр татахыг сонссон Хандын дотор палхийн охиноо жигтэйхэн өрөвдөв. – Хөөш чи хүн юм уу? Хүрлийж барайсан бул хар чулуу юм уу? Цаана чинь хүүхдүүд. Ямарч хөдөлгөөнгүй хөшсөн мэт “Үнэн” сонин барин

суугаа нөхрөө харан Хандыг хашгирахад Доржхүү ер юу ч болсон шинжгүй инээмсэглэж – Чи энэ хараач хө Хандаа. Миний зураг мөн янзтай гарсан байгаа биз. Би даргаас арай өндөр юм. Манай дарга за мөн сайхан гарсан байгаа биз гээд сонин уруу заахад ихэд дургүй нь хүрсэн Ханд сонинг аван шал уруу шидэж орхив. – Үгүй чи яаж байнаа. Ямар хариуцлагагүй нөхөр вэ чи. Улс орныг удирдан манлайлагч намын сонинг шал уру шидэж байдаг. Чи яасан ёс зүйгүй, хүмүүжилгүй, ялзарсан үзэл бодолтой хүн гээч вэ? Чиний наад дуу шууг чинь хажуугын айл хөрш сонсвол яах юм бэ? Нэг муу жижиг үйлдвэрийн дарга чамайг гэхгүй шүү дээ. Доржхүү дарга гэж ярина. Доржхүү гэдэг хүн чинь хэдийгээр чиний нөхөр ч гэлээ нам төрийн удирдагч хүн. Чи ер нь надтай ингэж харьцах эрхгүй гэдгээ ойлгох хэрэгтэй ш дээ. Намын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргатай зүй бус харьцлаа гээд хүлээх хариуцлага хүртэл байдаг юм шүү гэж албархуу хэлсэн Доржхүүгийн нүүр өөд Ханд шуудхан алгадаж орхив. Доржхүү цочихдоо барьж байсан аягатайгаа алдаж

хивсэн дээр аягатай цай асгаран ойчив. – Намын Төв Хорооны товчооны гишүүн гуай. Би таны биед гар хүрчихлээ. Тэр сэргийлэхээ дуудаад намайг баривчлуулчихаач. – Битгий дэмий хэрүүл хийгээд байгаач чи. Хүн яршиг даа. Олон жил ханилчихсан юм гээд хайрлаад байхад чинь битгий давраад байгаарай чи. – Нэг бол чи тэр намын төв хорооны товчоондоо амьдар. Нэг бол энэ гэр орондоо гэрийн эзэн эцэг хүнийхээ үүргийг биелүүл. Чиний тэр гайхуулаад байгаа нам чинь том хүргэнийг чинь барьж хориод охиныг чинь ажлаас нь халж, дөрвөн настай нялх хүүхдийг хүртэл цэцэрлэгээс нь гаргаж байна. Сэржид юу хийчихсэн юм бэ? Яагаад түүнийг хорьж байгаа юм бэ? Эрдэм боловсролтой чадалтай залуу боловсон хүчнээ та нар ингэж үгүйсгэж болдог юм уу? Ганц манай хүүхэд ч биш. Бусад айлын хүүхдүүдийг ч бас ингэж хилсээр хилмэгдүүлж байна. Энэ чиний тэр намын бодлого уу? Хэдий болтол та нар залуу боловсон хүчнээ ингэж нохой шиг химлэх улс вэ? адаглаж энэ олон залуусыг сургаж эрдэм боловсрол олгосон улсынхаа эдийн засгийг боддоггүй улс уу та нар. –

За чи дуугаа тат. Улс Төрийн товчоо, Намын төв хороо, Ардын их хурлын тэргүүлэгчид чам шиг хэрүүлч авгайн үгээр дутаж гэнэ. Чи зүгээр цаад аз заяа муутай охиноо тэр төрд тэрсэлсэн гэмт этгээдээс салгахаа бод. Энэ чинь дарга дуулчихвал яах юм бэ? Намын төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Улс төрийн товчооны гишүүн Доржхүүгийн хүргэн намын эсрэг бүлгийнх юм гэнэ гээд шуугина. Цэдэнбал дарга сонсвол юу болох вэ? би ажлаасаа огцорвол яана. Одоохон тэр нөхөр Бумчинг Сэржидээс сал гэж хэл. Намын эсрэг бүлгийн хүнтэй Намын төв хорооны удирдах даргын охин ханилан суух ёсгүй. Би охиноо хаана ч хамаагүй тэгэхдээ бүр удирдах ажилд томилно гээч. Тэр нөхрийг тэр Сэржидээс нь одоохон салга. Үзэл бодол нийлэхгүй намын эсрэг бүлэгт нэгдсэн учир салах нь зөв гээд шүүхэд өргөдөл гаргачих. Тэгээд л боллоо ихэд тайван өгүүлэх нөхрийнхөө үгэнд ихэд дургүйцэж уур нь дүрэлзээд явчихсан Ханд хоёр гараа цээжиндээ аваачин зөрүүлээд – За яах вэ? чиний бодлоор хүргэнээ газарт түлхэн унагааж охиноо тэнгэрт татдаг юм байж. Харин зээ

охиноо яах вэ? бас гэдсэнд байгаа нялхыг нь яах вэ? Чиний үр хойчийн хойчийн хувь заяаг чи ийм амархан гэхдээ бүр өөрт ашигтайгаар шийдэж байгаа юм уу? – Тэгээд би яах юм бэ? Бумчинг ажил төрөлтэй хүн шиг явуулах гэсэн юм. – Хоёр зээ чинь хожмын өдөр миний аав хаана байнаа гээд чамаас асуувал чи юу гэж хэлэх вэ? хэлсэн үгийг нь мушгиад байгаад эхнэртээ уур нь хүрсэн Доржхүү – Юу гэж хэлдэг юм. Үнэнийг нь л хэлнэ биз. Өөр яадаг юм бэ? Чи ч гэсэн хүний ач тусыг мэдмээр юм. Хэний хүчинд депутат энэ тэр болоод байгаагаа мэдмээр юм гээд буруу харав. .. … Хаалга хүчтэй тогших чимээнээр сэтгэл нь хачин цалгиад явчихсан Бумчин очиж хаалгаа нээв. Албаны төрхтэй хоёр хүн ихэд ширүүн дориун орж ирээд өрөө бүрийг нь шагайж хараад ширээний дэргэдэх сандалд тухлан суув. – За тэгэхээр энэ Сэржидийнх байхаа гэж нэг нь ихэд нухацтай асуухад Бумчин толгой дохив. – Тийм. Тийм. Сэржидийнх мөн. – За тэгэхээр бид танайхаас энэ байрыг хурааж байна. Алив эмэгтэй та энд гарын үсгээ зурчих гэхэд Бумчингын дотор палхийгээд явчихав. – Юу. Энэ чинь манай байр шүү дээ. – Тиймээ. Танай байр байсан. Харин одоо биш

болсон. Учир нь та өөрөө мэдэж байгаа ш дээ. Нөхөр Сэржид манай энхрий хайрт намын эсрэг гэмт хэрэгтэн гэдэг нь батлагдсан. Социализмын материал техникийн баазыг байгуулахад намын эсрэг тэрсэлсэн нөхөд саад учруулах нь дамжиггүй. Тэдний амьсгалах агаар, гишгэх газар хэмжээтэй байх ёстой. Тиймээс энэ байрыг хурааж байна. За яах вэ? танайх нялх хүүхэдтэй юм байна. Үүнийг чинь бодолцож хорин дөрвөн цаг өгье. Маргааш өдийд би ирж байрыг чинь лацдах болно. Ойлгов уу? Гэсээр өндийхөд Бумчинд хэлэх үг олдсонгүй. Тээр шөнө болсон хойно утас дуугарахад сэрсэн Ханд харилцуурыг авав. – Ээжээ би байна. Охин Бумчингынх нь дуу тээр цаана айдас дүүрэн сонсдоход Хандын дотор палхийгээд явчихав. – Яасан бэ? Охин минь. Чи зүгээр үү? – Манай байрыг хурааж байна. Маргааш орой ирж лацдана гэсэн. – За яая гэх вэ?дээ охин минь. Тэр байрыг нь өгч орхи. Нэг арга олдох биз. Бумчингын дуун тун ч гомдонгуй сонсдож – Яадаг ч байлаа гэсэн би аавын туслалцааг авахгүй шүү. Харин ээжээ түр байрлачих байр олдох болов уу? – Ээж нь өглөө ажилдаа очмогц нэг арга бодъё. Ажилчдын байранд нэг

өрөөнд орох уу даа. – Тэгье ээжээ. Хүн амьдарч болоод л байгаа юм чинь. – Одоо тайван унт даа охин минь. Өглөө ээж нь зохицуулъя. Ямартай ч толгой хоргодох оромжтой болох нь тодорхой тул Бумчин унтахыг хичээн охиноо тэврэн хэвтэв. Ихэд ядарсан болохоор хэсэг зуур унтчихаж нэг мэдэхэд хаалга цохих сонсдон сэрэв. Хаалга нэгэн жигд цохиж байлаа. “Хэн байдаг билээ. Бас нэг өөр хэлбэрийн дарамт биз. Одоо биднээс юу авах гэсэн юм бол.” Бумчин зэвүүрхэн бодоод нимгэн дээл нөмрөн босч хаалган дээрээ ирэв. – Хэн бэ? – Сэржид байнаа. Хаалгаа тайл хө. Бумчингын зүрх оволзож баярласандаа дуу алдан хаалгаа нээв. Гурван өдөр, гурван шөнө хэлэн дээрээ юм тавиагүй Сэржид ихэд ядарсан бололтой хана түшин зогсч байлаа. – Яадаг билээ. Чи минь зүгээр үү? Бумчин гүйж очин түүнийг түшин авахад Сэржид инээмсэглэх аядаж – Зүгээр дээ хө. Чамайг очсоноос хойш хэлэн дээрээ юу ч тавьсангүй. Шургаж унах гэж байхгүй юу гээд эхнэрээ харж инээмсэглэх аядав. – Иш чаавас даа. Алив аргагүй шүү дээ. Муухай яргачид. Бумчин нөхрөө түшин оруулахдаа зүрх сэтгэлдээ эцгийнхээ ярвагар царайг харах шиг болов. – За энд сууж бай. Би одоохон цай хийгээд ирье. Эхнэрийнхээ хийж өгсөн цайг Сэржид нэг

амьсгаагаар залгиж – Ёох ёстой сархинаг хатна гэдэг нь болох дөхлөө. Өлсч цангана гэдэг амаргүй юм байна шүү гээд хойш сандлаа налан гэдийв. – Охин минь унтчихсан уу? Чи минь надад их зовов уу? Гээд Бумчинг биедээ наан тэвэрсэн Сэржид хүндэрсэн сэтгэлээ барьж дийлэлгүй санаа алдав. – Зоволгүй л яах билээ. Харин чи минь яаж нэг юм тэндээс салав даа. – Цагдан сэргийлэхийнхэн намайг намын эсрэг бүлгийнх гэдгийг тогтоосон. Тэр тогтоолыг өнөөдөр надад сонсгосон. Ингээд намайг нутаг заан суулгах болсон. Хэрэв аав чинь энэ байдалд жаахан ч гэсэн нөлөөлж чадахгүй бол та нарыгаа би их зовоох нь шиг байна гээд Сэржид дахиад хэнгэнэтэл санаа алдав. – Аав нэмэргүй ээ. Би өчигдөр ааваас гуйгаад ямарч амжилтанд хүрээгүй. Аав сонсохыг ч хүсэхгүй байна лээ. Би аавыгаа танихгүй болтол тэр өөрчлөгдсөн байсан. – Би маргааш Говь – Алтай уруу нутаг заагдан ачигдана. Чи минь ажилгүй бие давхар, нялх хүүхэдтэй яаж амьдрана даа гэж бодохоос л… – Маргааш манай байрыг авна. Эхнэрийнхээ энэ үгийг сонссон Сэржидийн царай хөрзийн барайж нүдэнд нь нулимс

гялтагнана. – Чи минь ингэтлээ зовоод яах вэ дээ. Чамайг буруугүйг би сайн мэдэж байна. Эрдэм боловсролтой бас зоригтой залуусаас айхдаа эрх баригчид ийм олхиогүй ажил хийж олон хүний, олон айлын хувь тавиланд хар толбо суулгаж зовлонгын нулимс урсгаж байгаа юм. Чи минь ингэтлээ бүү зов. Биеэ бодож яваарай. Бидэнд битгий зовоорой. Аав биднийг орхисон ч надад бас ээж бий шүү дээ. Сайхан сэтгэлтэй сайн ээж. Ээж намайг маргааш нүүлгэж ажилчдынхаа нийтийн байранд оруулна гэсэн. – Чи тэгээд нийтийн байранд амьдарч чадах уу даа. – Тэнд хүн амьдарч болоод байгаа юм чинь би бас амьдарч болж л таараа. Чи минь харин биеэ бодож явна шүү. Харин одоо охиноо өвөртлөөд унтчих. Би хувцсыг чинь бэлдье гэж их тайван хэлсэн Бумчин цааш харан нулимсаа арчив. “Энэ минь хаана ямар газар ямар хүмүүстэй яаж ажиллаж амьдрах бол доо” гэж бодохоос Бумчингын хоолой хар аяндаа зангирна. Охиноо тэвэрч хэвтсэн Сэржидийн нойр үл хүрнэ. Хэд хоногын өмнө болсон нэг явдал нүдэнд нь тодорсоор байлаа. Захирлын өрөөнд дуудагдан ажлын товч тайлан тавиад гарч ирсэн Сэржид багш нарын өрөөнд орвол хэдэн залуу багш

нар цугларан ямар нэгийг ярилцаж байснаа түүнийг харан чимээгүй болов. – За энд их чухал яриа болж байх шив дээ. Ажил тарчихсан байхад ингэтлээ идэвхитэй байхыг бодоход гэсээр Сэржид тэдэнд ойртов. – Юу нь чухал байх вэ дээ багшаа. Намын их хурал хуралдаж Лоохууз, Сурмаажав, Нямбуу гээд нилээд томоохон сэхээтнүүд буруудаж бүр намын эсрэг бүлэг болж цөлөгдлөө. Эднийг дагаад олон залуус бас буруудаж, ажил амьдралаараа бас хохирч байна. Одоо Төмөр – Очир дарга бас буруудаж байх шиг байна. Бид энэ талаар ярилцаж байна. – Лоохуузын бүлэг гээд баахан хүн буруудлаа. Уг нь Лоохууз ч тэр, Төмөр – Очир ч тэр улс орныхоо хойч ирээдүйд санаа зовинон өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Мөн дан ганцаар ноёрхоод байгаа нэг хүнийг тахин шүтэх үзлийг л шүүмжилсэн. Төрийн эрх барилцаж буй хэн боловч нэгдүгээрт улс орны эр ашгийг тавих ёстой. Нэг нам дангаараа төрийн эрхийг барина гэдэг үнэхээр эрсдэлтэй туйлшрал ихтэй байгаа нь үнэн юм шиг надад санагддаг. Олон ургальч үзэлтэй, олон намын суудалтай ерөнхийлөгчийн

засаглалтай Америк мэтийн том парламент бол улс орныхоо эдийн засаг хэтийн төлөвийг олон талаас нь хэлэлцэж хуулиа баталдаг юм гэсэн шүү гээд Сэржид инээмсэглэв. “Та чинь ийм бодолтой хүн юм бий. Бүр хөрөнгөтөн орны засаглалыг дэмжиж бахархаж байна гээч” хэмээн бодсон Бадарч багш – Манайх тэднийхээс ялгарах юм ер байхгүй. Тэнд хөрөнгөтөн баячуудын төлөөлөл байгаа бол манай улс ардын их хурлын депутатуудтайгаа зөвшилцдөг. Манай ард түмэн өөрсдөө төрийн эрхийг барьж байна. Социалист БНМАУ-н үндсэн хуулиндаа хүртэл суулгаад өгчихсөн байгаа ш дээ. Би харин таныг гайхчихлаа. Хөрөнгөтөн орон тэр тусмаа Америк таньд их таалагддаг бололтой гэж хэлээд нүүр өөд нь ширтэв. – Би америкийг дэмжсэнд байгаа юм биш. Тэнд хүний эрх улс төрийн амьдрал арай өөр байдаг бололтой. Манайд бол бүх юм хавчигдмал байна гэдгийг л хэлж байна. Миний бодлоор тэр шүү дээ. – Та тэгэхээр Цэдэнбал даргыг үгүйсгээд байгаа юм биш үү? – Би хэнийг ч үгүйсгээгүй. Бас хэнийг ч дэмжээгүй. Би өөрийнхөө үзэл бодлыг л хэлж байна. – Та ч их өөр хүн

юмаа гэсэн Бадарч бушуухан гараад явчихав. – Та их дэмий юм ярилаа даа Сэржид багшаа. Цаадахь чинь Дансран, Лодон хоёрыг ийм байдлаас нь ашиглаж цааш нь мэдээлсэн шүү дээ хэмээн нэг багш зовсон байртай хэлэхэд бусдынх нь царай барайн түгшсэн харцаар түүнийг харцгааж байлаа. – Тэрний тэр мэдээлэх яах вэ? Мэдээллийг хүлээн авч байгаа төрийн албан хаагчид бас үнэн мөнийг нь олох биз дээ. За за цаг орой болчихлоо. Харьцгаая гэсээр Сэржидийг босоход бусад нь дагалдан гарцгаав… Сэржид шөнөжин нойргүй өнгөрснийг бодсоор хонов. Цонхоор үүрийн бүдэг шаргал гэгээ тусахад Бумчин Сэржид хоёр биесээ тун ч гунигтайгаар харцгаан босоцгоов. Хагацан салах мөчийг сануулж цагын зүү нэгэн хэмээр ургашлана. Бумчин Сэржидийн мөрөөр тэвэрч – Бид одоо хэзээ уулзах бол гэж ихэд гомдолтойгоор асуухад Сэржид биеэ доргитол хүнд сүүрс алдаж – Дор хаяж таван жил шүү дээ гэв. – Ямарч урт хугацаа вэ?дээ. Ингэхэд Говь – Алтай аймгийн аль суманд очих юм бол. – Мэдэх боломжгүй байна. Би очмогц захиа бичнэ. Ямар нэгэн ажил хийлгэх нь мэдээж. Хэдэн төгрөгний ажил хийдэг юм бол хүн амьтнаар та нартаа өгөх арга

бодноо. – Тэр яах вэ? өөрөө өлсч өвдөж болохгүй шүү. Тэгэхийн тулд сайн хооллож эрч хүчтэй байгаарай. Ээж надад нэг ажил олж өгөх байлгүй дээ. Хамгийн гол нь амнаасаа элдвийн үг унагав даа. Биднийгээ бодож хэн нэгэн бусармаг хүний хоронд дахин унав зай. Хурдан эргэж ирээрэй. Бумчингын хоолой зангирч хэдэн дусал нулимс хацрыг нь даган урсахад Сэржид чичирхийлсэн гараараа эхнэрийнхээ нулимсыг арчиж түүнийг элгэндээ чанга тэвэрч нүдээ анив. – Би… би араас чинь очиж болохгүй гэж үү? Бумчинг ихэд өрөвдсөн Сэржид дахин элгэндээ наан тэвэрснээ уруул дээр нь зөөлөн үнсэв. – Тэнд хэцүү байх байлгүй дээ. Байдал гайгүй болбол та нарыгаа авна шүү дээ. Бумчин сайхан цай чанаад нөхөртөө мэлтэлзтэл дүүргэн бариад инээвхийлэв. Нүд нь чийгтэж зүрх нь ойр ойрхон ёвчин хатгуулна.

“Дахиад чамдаа хэзээ цай чанаж өгөх бол.” Бумчингынхаа гарын цайг халуунаар нь оочлон шунаг гэгч нь уусан Сэржид хоолой дээрээ торолзох нулимсаа хүчлэн цааш нь залгив. “Хэзээ нэг ханьтайгаа дахиад ингээд сууж байх бол доо” бодол дүүрэн бөөн гуниг хөврөнө. – Явах цаг болох нь дээ. Охин минь сэрэхгүй юм байх даа. Та хоёрыгоо мөн ч их санах байх даа. – Хаана хаанаа тийм байх болно биз. Холын замд явж байгаа хүнд шөл өгдөггүй юм гэсэн. Тэгээд бууз чимхчихсэн юм гэсээр Бумчин цавцайсан цагаан бууз авчран өмнө нь тавив. Сэржид өөрийгөө хүчлэн байж эхнэрийнхээ чимхсэн буузнаас хэдийг идэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *