Нүүр Өгүүллэг “ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “27-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “27-Р ХЭСЭГ”

8 секунд уншина
0
1
1,681

Нэг л халирангуй ширтэх ээж, аав хоёрыгоо өрөвдсөн хүү нь, -Ааваа, ээжээ тэр хоёр хүн надтай өдөр уулзсаан. Өөрсдийгөө миний төрсөн эцэг, эх гэж байгаа боловч тэр хүмүүс намайг өсгөөгүй шүү дээ. Та хоёр

минь намайг өсгөсөн. Миний жинхэнэ аав, ээж бол та хоёр. Би өөр хүмүүсийг хэзээ ч өөрийн аав, ээжээ гэж үзэхгүй. Та хоёр минь битгий санаа зов. Хүү нь та хоёроосоо хаашаа ч холдохгүй. Энэ эмнэлэгт

ажиллах болсноосоо хойш би их зүйлийн талаар сонссон. Нялхдаа хүнд өвдөхөд минь намайг хоол, нойргүй сахиж, хайрлан өсгөсөн хүмүүс бол та хоёр шүү дээ. Та хоёрыгоо байхгүй байсан бол би ийм

том болох байтугай өдийд үхсэн байж ч магадгүй байх байжээ гээд хоолой нь зангирав. Дугар хүүгээ өөрлүүгээ татан духан дээр нь үнэрлэн, Заяа сэмхэн нулимсаа арчиж байв. Тэр орой Дугар, Заяа хоёр

шиг аз жаргалтай хүмүүс байхгүй байлаа. Хоёулаа орондоо орон хэвтээд шивнэлдэн ярилцаж байхдаа Дугар, -Хэдэн хүүхдүүд маань том болжээ. Бодож, ярьж байгааг нь хараа. Тэгэхэд чи бид хоёр

нялхаар нь санаад л санаа зовж суудаг гэхэд Заяа, -Тиймээ хө. Энэ хэд маань том болж. Муу хүү минь санаа нь зовоод, элдвийг бодож байж дээ хө гэхэд Дугар, -Харин тиймээ хө. Нялхдаа бие нь өвдөөд хэвтэж байхдаа ямар жаахан амьтан байлаа. Сандаргаж байгаад ухаан орсон тэр шөнө нь л би жинхэнээсээ энэ хүүгийн аав болж байгаагаа мэдэрсэн дээ. Өмнө нь ээжийнхээ хөхийг хайгаад хоёр хөхийг минь хорстол зулгаагаад сүү гарахгүй байхаар нь уйлахад нь өрөвдөхөөс л цаашгүй байсандаа гээд санаа алдав. Хүү мөн өрөөндөө унтахаар хэвтэж байхдаа өдрийн болсон явдалыг бодож байлаа. Батхүү тэр хоёр хүнд нүүр өгсөнгүй. “Нялх багад минь хайхрахгүй хаяж явчихаад одоо юу болсон юм. Гэнэт орж ирчихээд аав, ээждээ үнсүүлээч ч гэх шиг бас өөрсдийг нь надтай уулзуулдаггүй байсан гээд муу аав, ээж хоёрыг минь гүтгэчихжээ. Ёстой бүтэхгүй улсууд байна” гэж бодоход өдөр

өрөөнд нь сууж байсан нөгөө хоёр хүн нүдэнд нь харагдаж байв. Төрсөн эцэг нь гээд байгаа хүн яахын аргагүй өөртэй нь их адилхан хүн байлаа. “Би та хоёрыг танихгүй. Надад өөрт минь эцэг, эх байдаг. Би тэр хоёр хүнээс өөр аав, ээж надад байдаг гэж боддогүй. Та хоёр ахиж над дээр битгий ирээрэй. Тэгээд ч би өөрийнхөө ээж, ааваас өөрийгөө төрсөн гэж боддог” гээд гаргаснаа санав. “Харин ээж гараад уулзаж байгаа харагдсан. Муу ээж минь өрөвч, цайлган хүн. Өрөвдөөд л явж байгаа даа тэд нарыг. Юуг нь өрөвддөг байнаа” гэж бодоод унтахаар нүдээ анилаа. Үүнээс хойш хэдэн жил өнгөрлөө. Цэвэлээс сураг ажиг үгүй л байв. Дугарын бага охин сургуулиа төгсөөд хотын нэг эмнэлэгт эмчээр ажиллах болжээ. Батхүү сумын сургуулийнхаа нэг багш бүсгүйтэй гэрлээд хоёр ч хүүхдийн аав, ээж болов. Гэрэлээ тэдний суманд ажиллахаар ирсэн малын эмч залуутай гэрлэж аав, ээжийнхээ санааг амраагаад одоо хэзээ хэзээгүй төрөх дөхсөн том гэдэстэй боловч юу ч болоогүй юм шиг гүйх нь холгүй тас тасхийтэл инээсээр явна. Нөхөр нь гэж дуугай бор залуу түүнийг даган явж,

уначих вий гэж санаа зовох доо түшин алхана. Батхүү аав, ээж хоёртойгоо нэг дор амьдарсан хэвээр. Хоёр хүүхэд нь бусад ач, зээ нарыг нь бодвол эмээ, өвөө хоёртоо арын хаалгатай гэж жигтэйхэн болжмор шиг юмнууд гарч ороход нь ч даган шулганалдана. Нөгөө хоёр нь ч тэр хоёрыгоо байхгүй бол гэр нь хохийгоод зэвий даагаад л явчихна. Бэр нь гав шувхийсэн ажилсаг өндөр шар хүүхэн байлаа. Тэгтэл өвлийн нэг орой бага охин нь хотоос утсаар ярилаа. Утас хангинах чимээнээр очиж авсан Заяа хэсэг ярьж байгаад Дугарыг дуудаад харилцуураа өгөв. -Аав аа гэх охиных нь дуу гарч нөгөө Цэвэл эгч манай эмнэлэгт асрагчаар ажилладаг юм байна. Би эхлээд танихгүй байсан юмаа. Нэг өдөр харин нутаг усаа ярьж байгаад л бие биенийгээ мэдлээ. Цэвэл эгч өөрөө надаас санаа нь зовоод байх шиг байна лээ. Бие нь тааруу. Амьдрал нь бас их хүнд юм шиг байна. Ганцаараа амьдардаг гэсэн. Өөрөө надад энэ тухайгаа хэлээгүй л дээ. Манай ажлын газрынхан ярьж байна лээ. Ер нь бол бие нь их өвддөг. Аргагүйн эрхэнд ажлаа хийдэг гэнэ. Группт оруулъя гэхээр авах мөнгө

нь бага гээд байдаг юм шиг байгаа юм. Тэгээд тийм хүнийг биеийг нь бодохгүй ажил хийлгээд байлтай биш. Эмнэлгийн захиргаанаас группт оруулж, эмнэлгтээ хэвтүүлсэн. Ажлаа хүлээлгэж өгөөд уйлаад л явсан даа зайлуул. Тэрнээс хойш одоо хэд хонож байна гэв. Дугар, -Аа тийм үү гээд охиныхоо ажил, төрлийн талаар аар саар юм асуугаад Заяад харилцуураа өглөө. Заяа охинтойгоо ярьж байснаа, -Тэгье, тэгье гээд харилцуураа тавиад Дугарын хажууд ирж суулаа. Заяа, -Өвгөөн, охин минь маань бид хоёрыг хүрээд ир гэнээ. Хоёулаа очих уу гэхэд Дугар, -Яах юм гэв. Заяа, -Яах юу байх вэ дээ. Цэвэлтэй очиж уулзъя. Их хэцүү байдалтай байдаг юм шиг байна гэхэд Дугар, -Үгүй, үгүй явахгүй гэхэд Заяа, -Сайн бодоорой хө гээд гал тогооныхоо өрөө лүү орлоо. Батхүүд хэлтэл тэр мөн л явахгүй гэв. Гэрэлээ бүр сонсохыг ч хүссэнгүй. -Тэр хүн биднийг нялхад хаяад явж байхдаа юу бодож байсан юм. Ёстой үгүй шүү гэлээ. Ингээд тэр хэдийг явах эсэхээ шийдэж ядан байтал хавар боллоо. Заяа ч өндөр насны тэтгэвэртээ суулаа. Сумын эмнэлгийнхэн ч хөдөлмөр алдарыг нь тэмдэглэж, сум

даяараа хөл хөдөлгөөн болж Заяа бэлэг сэлтэнд дарагдан уярч баярласан өдөр хоногууд өнгөрөв. Ингээд Заяа гавъяаныхаа амралтанд сууж чөлөө, завтай болсон тул Дугар, Заяа хоёр хөдөө гэрлүүгээ явахаар бэлтгэн байлаа. Тэгээд нэг өдөр хоёулаа дэлгүүрээс юм аваад гэрлүүгээ алхаж явтал шуудангийн машин ирж байгаа харагдав. Хэдэн хүн бууж ирсний дотор Цэвэл байлаа. Хөгширөөд танигдахын аргагүй болсон ч Дугар, Заяа хоёр танилаа. Тэр ч мөн тэднийг танисан бололтой өөрсөд рүү нь дөхөн ирлээ. Хэдэн жилийн өмнө Цэвэл, Мөнхөөгийн хамт ирж Батхүүтэй уулзаад явахад нь Заяагийн өгсөн хайрцагтай зүйлийг үзэхсэн гэж яарч байжээ. Мөнхөөд үзүүлсэнгүй. Тэр хоёр Батхүүгийн ажлаас гарч яваад замын унаанд дайгдан залгаа суманд байх гэртээ иржээ. Мөнхөө, Батхүүгийн элэг буруутай, санаа муутай болж өссөнийг гайхан хэдэн өдөр үглэж гэртээ хэвтэснээ нэг өглөө амжуулах ажил байна гээд гараад явжээ. Тэгээд Цэвэл, Мөнхөөг гармагц л нөгөө хайрцагтай зүйлээ санав. Өмнө

нь гялс гаргаад үзчихэж болох байсан ч яагаад ч юм нэг л тухтай үзмээр санагдаад байжээ. Тэр, хадам эгчийнхээ хашаанд барьж түр толгой хорогдож буй жижиг бор гэрийнхээ хаалгыг дангинатал түгжиж аваад ширээнийхээ ард суун нөгөө хайрцагаа онгойлгов. Тэр чихрийн төмөр хайрцаг дотор хэдэн зураг, дэвтрийн нугалж эвхсэн хуудас цаас байлаа. Мөн Цэвэлийн анх төрсөн гэрээсээ хүзүүндээ зүүж ирсэн эрхий хурууны өндгөн чинээ хэмжээтэй даавуун гадартай, утсан оосортой сахиус байж байв. Цэвэл тэр сахиусыг алган дээрээ тавиад нулимс гүйлгэнэсэн нүдээр ширтэж сууснаа уйлж эхлэв. Анх Дугарын гэрээс гарахдаа мартаад явсан байжээ. Хүрэн өнгийн даавуун гадар нь элэгдэн сэмэрсэн энэ сахиус түүнийг ухаан ороход нь л хүзүүнд нь байжээ. Аав нь түүнийг бага байхад нь өвөр дээрээ суулгаад сэвлэгийг нь үнэрлэн байхдаа “Миний охин энэ сахиусаа тайлж болохгүй шүү. Чамайг хамгаалж явах учиртай юм” гэж ярьж байсныг нь санадаг байлаа. Тэгтэл Дугарынд орхичихсон өдийд алга болоо биз дээ гэж боддог байв. Гэтэл ингээд байж байдаг. Тэр сахиусаа

тавиад нөгөө зурагнуудыг үзлээ. Дөрвөн хүүхдийнх нь багын зурагнууд. Арай өсч том болсон зурагнууд. Мөн бага охин дүүгийнхээ хамт тавуулаа эгнэн суугаад авахуулсан одооны зурагнууд. Цэвэл хэдэн хүүхэдтэйгээ хамт амьдарч урган төлжихийг нь харж чадаагүй ч гэсэн яг л дэргэд нь байсан мэт хүүхдүүд нь нас насандаа ямар болж хувирч байсныг харж байлаа. Тэгээд л ахин асгартал уйлав. Тэгснээ “энэ бүхнийг Заяа надад яах гэж өгөв. Зориуд намайг хямрааж, уйлуулж, хөгширсөн хойно минь үйл лайг минь үзэх гэж өгсөн юм болов уу“ гэж бодоод уурссан гараар өөрөө захидал болов уу гэж таамгалсан дөрөв нугалан эвхсэн дэвтэрийн цаасыг дэлгэв. Тэр нь үнэхээр л өөрийнх нь таамгалсанаар захидал байв. Эмэгтэй хүний нямбай гараар бичигджээ. Хэн бичсэн юм бол гэж бодоод яаран

захидалын доод буланг харахад Заяагаас гэсэн байлаа. “Хн, энэ одоо надад юу гэж бичдэг байнаа. Намайг басамжилж, тавлах гэсэн юм боловуу” гэж бодоод уншиж эхлэв. Захидал ийнхүү эхэлжээ. “Сайн байна уу. Цэвэл ээ. Захидал чамд очих өдрийн мэндийг хүргэе. Энэ захидалыг би чамд бичихгүй байж чадсангүй. Яагаад ч юм би чиний өмнө өөрийгөө буруутай юм шиг санаж явдаг. Дугар та хоёрыг салж, холдсоны дараа би Дугартай ханилсан ч гэсэн хэрвээ намайг түүнтэй суугаагүй байсан бол магадгүй чи гэртээ эргээд ирэх ч байсан байж мэдэх юм. Чи надад дургүйцэж явдгийг би мэднээ. Гэхдээ би чамайг буруутгах гээгүй. Чи өөрийнхөө сонгосон замаар явсан. Өөрийнхөөрөө амьдарсан л эмэгтэй. Хэдий бид амьдралын учрал тохиолоор бие биетэйгээ зөрөлдсөн ч гэсэн чи бол Дугарт дөрвөн сайхан хүүхэд

төрүүлж өгсөн эх хүн. Хүүхдүүд маань багадаа чамайг санаж уйлж, бэтгэрэхийг би харж байсаан. Цагийн аясаар тэд маань том болж одоо энэ талаар ярихгүй байгаа ч гэсэн тэд маань сэтгэлийнхээ мухарт төрсөн эхээ мартаагүй байгаа гэдэгт би итгэдэг шүү. Чамайг ч би төрсөн үрсээсээ нэгмөсөн нүүр буруулсан гэж боддоггүй. Бид энэ хорвоод ганц л амьдрана. Чамд амаараа хэлж чадаагүйгээ энэ захидалд бичлээ. Намайг уучлаарай Заяагаас” гэсэн байлаа. Цэвэл уйлж суулаа…….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *