Нүүр Өгүүллэг “ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “21-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “21-Р ХЭСЭГ”

18 секунд уншина
0
0
2,450

Дугар, Заяа хоёр тэр оройдоо хүүхдүүдээ гэртээ унтуулчихаад гадаа хэвтэхээр ор заслаа. Тэдэнд ярьж зөвлөх юм их байв. Хариугүй төрөх дөхсөн эхнэрээ морин тэргэн дээр зассан орон дээрээ дэмнэн гаргаж

хэвтүүлээд эвтэйхэн хучиж өглөө. Зуны шөнийн зөөлөн сэвшээ салхи үсийг нь эрвэгнүүлж, армаг тармаг сэмжин үүлсийн цаанаас одод анивчсан тэнгэрийн дор хайртай бүсгүйгээ хажуудаа тэврээд хэвтэх

шиг жаргал орчлонд өөр үгүй юм шиг санагдсан тийм л сайхан шөнө байлаа. Гэвч өдрийн болсон болон маргааш болох явдлын тухай таагүй бодол Дугарын өрцний цаанаас нухан байв. Тэгээд Дугар

эхнэрээсээ, -Чи даараагүй биз хө хэмээн асуухад Заяа, -Үгүй дээ. Харин ч ингээд хэвтэх сайхан байна гэлээ. Заяа том гэдсэндээ түүртэн эргэж, хөрвөөхөд хэцүү болсон ч гэсэн хажуулдан хэвтээд Дугарын үсийг

илэн уруул дээр нь үнсэв. Эхнэрийнх нь зөөлөн үнсэлтэнд бүхий л сэрэл мэдэрхүй нь сэргэн биеэр нь хүсэл таашаалын гал урсан буцлах шиг болсон Дугар түүнийхээ балын амтат уруул, хун цагаан хүзүүг нь

үнэсэн таалав. Дугарын ширүүн алганд эхнэрийнх нь чинэрэн уураглаж энгэр дүүрсэн хоёр том хөхнийх нь хос үрэл бултагнан тэмтрэгдэж дотно сайхан үнэр нь анхилана. Тааламжтай сайхнаар мансууран шуналтай озон үнсэлцэж, бие биенээ хэсэг энхрийлэн таалав. Дугар тачаадан шунавч давхар биетэй эхнэрээ хайрласан эр хүний зөөлөн гараар хэсэг илбэн таалаад бие сэтгэл тайвшран түүнийхээ толгойг энгэртээ наагаад хэсэг хэвтлээ. Тэгээд Заяагийн уруул дээр энхрийлэн үнсэхэд зүрх нь хайр, уярлаар бялхан цохилж байв. Энэ энхрийлэл хэн хэнийх нь сэтгэлийг тайтгаруулан, уйтай бодлууд нь сарнин хөөгдөж байлаа. Тэгээд Дугар эхнэрээ тэврэн хэсэг хэвтсэнээ, -Заяа гэхэд эхнэр нь, -Өөв гээд Дугарын цээжин дээр шовхийтэл үнсээд дээш харан хэвтэв. Дугар, -Хоёулаа маргааш тэр

хүнд юу, юу өгч явуулах вэ хэмээн асуухад Заяа, -Дугар аа Цэвэл бол энэ хэдэн хүүхдийн төрсөн ээж нь. Нэгэн цагт чамтай ханилж явсан хүн шүү дээ. Тэгэхлээр чи минь надаас асуух юу байх вэ. Өөрөө мэдээд л өгөх юм аа өг гэв. Дугар, -Би Цэвэлд эд хөрөнгө өгөх ёстой л доо. Гэхдээ тэр хүн хэдэн хүүхдээ юман чинээнд тоохгүй сураг ажиггүй байсан байж, юм авах болохоороо ингэж ирээд хэл ам хийж байгаад нь миний дургүй хүрээд байна. Хүнд эд хөрөнгөнөөс илүү хань ижил, үр хүүхэд нь чухал байх ёстой биз дээ. Хамгийн чухал нандин юм үр хүүхэд мөн биз дээ гээд хамраа шуухируулан амьсгалав. Яриаг нь чагнаж хэвтсэн Заяа “Хөөрхий дөө муу хань минь. Сая овоо тайвширч байсан юм сан. Энэ хүнтэй энгэр зөрүүлж, хань ижил нь болсон би үүнийгээ тайвшруулж, тайтгаруулж, зовлон жаргалаа хуваалцаж, түшиг тулгуур нь болж явах нь миний үүрэг шүү дээ. Уг нь хүний дээд хүн юм шүү дээ энэ маань” гэж хайрлан бодоод, -Миний ханиа.

Цэвэлийн амьдрал ямар ч яваа юм билээ. Чи бид хоёр мэдэхгүй шүү дээ. Гэхдээ би нэг хүнээс там тум сураг урьд нь сонссон юм л даа. Гэхдээ чамд хуучин эхнэрийн чинь тухай сайн, мууг яриад дуулгаад байлтай биш надад эвгүй санагдаад байсан юмаа. Дугарын ханилсан тэр Мөнхөө их л таагүй хүн байх шиг бололтой сонсогдсон. Тэр хоёр хүний амьдрал ч тийм сайнгүй байгаа байх. Тэгэхлээр чи минь уужуу ухаантай юм чинь өөрөө сайн бодоорой гэв. Тэгэхэд Дугар, -За яах вэ. Энэ удаадаа өгье. Гэхдээ бид амьдрах гэж яваа олон хүүхэдтэй хүмүүс. Ахиж хүүхдүүдийнхээ хоолноос тэр хүнд илүүчлээд байж чадахгүй гэв. Тэгээд Дугар, -Одоо унтдаа хө гэлээ. Дугар эхнэрийнхээ зөөлөн амьсгалан унтахыг чагнан хэсэг хэвтсэнээ босоод гэрлүүгээ орлоо. Тэгээд лаа асаагаад, унтаж байгаа хүүхдүүдээ харан хэсэг суув. Том хүү нь бага дүүгээ өвөртлөөд нэг орон дээр, нөгөө орон дээр дунд хүү нь охин дүүтэйгээ унтжээ. Хүүхдүүдийнх нь царай лааны гэрэлд

сүүдэртэн харагдаж, хөнжлөө тийрцгээн жижигхэн булбарай гар хөлнүүд нь цухуйцгаан унтацгааж байна. Том хүү нь зүүдэлж байгаа бололтой үе үе амандаа бувтнана. Дугар тэднийгээ харж хэсэг суугаад босож хөнжлийг нь татан нөмөргөөд духан дээр нь ээлжлэн үнсээд санаа алдав. Тэгээд хоймрын авдарынхаа өмнө суугаад тагийг нь онгойлгон жижиг бор модон хайрцаг, хүрэн хамба хилэнд боолттой зүйл зэргийг гаргаад ширээн дээрээ тавин задлав. Цагаан хаш чулуун соруултай урт гаанс, мөнгөн соёо цохилуур, зүү ороон урласан хээнийх нь утас элэгдэн сэмэрсэн маш эртний торгон даалинтай эр хүний эрхийн хуруун чинээ том шүрэн толгойтой алтан нуухтай манан хөөргө, бурхан тахилын зүйлс, мөнгөн хазаар, эмээлийн баавар зэрэг зүйлс лааны гэрэлд гялтайн байв. Ээжийнх нь ээмэг бөгжнүүд, үе дамжсан толгойн гоёл чимэглэл бусад мөнгөн аяга зэрэг багагүй тоо ширхэгтэй, үнэ цэнэтэй зүйлс Цэвэлийн гараар орон алга болсон ч Дугар харамсаж байсангүй. “За яах вэ. Авах л ёстой юмаа авсан юм

байгаа биз” гэж бодож байжээ. Гэтэл одоо ахиж авна гэж байдаг. Дугар нөгөө зүйлсээ хайрцаг, бааданд нь хийгээд шийдэмгий нь аргагүй авдарынхаа буланд буцаан тавилаа. “Унтъя даа” гэж бодон эхнэрийнхээ хажуугаар хэвтсэн боловч нойр нь хүрэхгүй эргэж, хөрвөөн унтаа сэрүүний хооронд байсаар үүр дөхмөгц бослоо. Заяа ч түүнийг даган босов. Дугар хойд уулыг хярлан байсан адуугаа хураан гэрийн гадаа авчираад туслах малчныхаа хамт ялгах адуугаа уургалан барьж эхлэв. Тэгээд малаа ялгасаар байтал нар мандлаа. Хоёр том хүү нь аавынхаа заавраар хонь, ямаа ялган холбож уяна. Ижлээсээ хоцорсон адуу янцгаан, үхэр тугал мөөрөлдөнө. Ингээд Цэвэлд өгч явуулах мал тоо ёсоороо бэлэн боллоо. Дугарынхан адуу малаа бэлчээн, сааль сүүнийхээ ажлыг дуусгаад цай цүйгээ ууж байтал бага үд боллоо. Өглөө эрт ирнэ гээд явсан Цэвэл ирээгүй л байв. Бэлчээрт гарч чадалгүй уягдаж, хашигдан үлдсэн мал нь холхилдон мөөрөх нь мөөрч, майлах нь майлж, янцгаах нь янцгаахыг хараад Дугар, Заяа хоёрын сэтгэл зовон, ингээд Цэвэл мөд ирэхгүй бол бэлчээрт нь

гаргадаг ч юмуу гэж бодож байлаа. Дугарын хоёр том хүү хонио бэлчээнгээ голын эрэг дээр суугаад алсыг харж байв. Дунд хүү нь гол руу чулуу шидэн тоглох том ахыгаа харан өвдгөө тэвэрч хэсэг сууснаа ахынхаа дэргэд очлоо. Тэгээд, -Ахаа хэмээн дуудахад, -Яасан бэ хэмээн ах нь эргэн харснаа, -Чи өчигдөрөөс хойш яагаад урвайгаад байна гэв тэгтэл дүү нь, -Ахаа би ээжийг гэснээ үгүй ээ Цэвэл ээжийг хараад тэгээд гээд …. түгдрэн дуугай болоход ах нь түүний хажууд ирж зэрэгцэн суугаад том хүн шиг толгойг нь илбэн санаа алдаад, -Миний дүү ээжээс болоод ингээд хачин болоод байгаа юмуу гэхэд дүү нь доошоо харсан чигээрээ толгой дохин суухад сормууснаас нь нэг дусал нулимс тасран газар унав. Дүүгийнхээ нулимсыг шороонд уусан шингэхийг харсан ах нь дүүгээ өрөвдөн, -Миний дүү битгий уйл. Тэр бидний ээж гээд байгаа хүн чамайг өөрөөс нь болоод энд ингээд уйлаад сууж байгааг мэдэхгүй шүү дээ. Биднийг хэн ч гэж бодолгүй хаяад явсан. Бүр нялх дүүг мөөмнөөсөө гараа ч үгүй шахуу байхад нь

хаяад явсан. Дүү ээжийгээ хайгаад яаж уйлж, зовдог байлаа. Бид нар ч гэсэн ээжийгээ санаад хэцүү л байдаг байсан. Гэв ээж эргэж ирээгүй. Биднийг өрөвдөө ч үгүй.Тэгсэн мөртлөө чи өчигдөр яриаг нь сонсоо биз дээ. Биднийг биш. Эд хөрөнгө л авах гэж ирсэн байна лээ. Аягүй бол одоо биднээс өөр хүүхэдтэй болоо биз. Тийм хүнийг чи битгий бодож уйл за. Одоо бидэнд аав минь бас Заяа ээж л байгаа ойлгосон уу. Эсвэл чи тэр хүнийг өрөвдөөд байгаа юм уу гэхэд дүү нь толгой сэгсрээд, -Үгүй өрөвдөөгүй. Зүгээр л уур хүрээд гэхэд ах нь, -За одоо уйлахаа боль. Хоёулаа хонь гайгүй тогсон юм чинь гэрт очоод тараг уучихаад ирье, явах уу гээд дүүгээ дагуулан мориндоо мордлоо. Дугарын тэвчээр алдран авч үлдсэн малаа бэлчээрт нь гаргахаар завдаж байтал их үдийн алдад тоос татуулан давхих машин гэрийнх нь ойролцоо зогсоод Цэвэл бууж ирлээ. Тэр Дугарын гэрийн гадаа ялгасан малыг хараад сэтгэл хангалуун мушийн инээмсэглэв. Гэрт Заяа сүү хөөрүүлж, Дугар ногт зангидаж байлаа. Охин нь бага дүүтэйгээ хамт гэрийн сүүдэрт тоглож байв. Цэвэл гэрт ороод мэнд ус ч үгүй, -За юмаа авахаар ирлээ гэв. Дугар, -Туугаад яв л даа. Мал ялгачихсан байгаа гэлээ. Тэгтэл Цэвэл өөр юм ялгаагүй юм уу гээд

авдар луу нь хялалзахыг харсан Дугар, -Үгүй гэв. Тэгтэл Цэвэлийн дуу чангаран, -Юу гээд байгаа юм бэ чи. Авдарт чинь байгаа хатуу эдлэлээсээ өгнө гэж чи өчигдөр хэлээ биз дээ гэж хашхирахад нь Дугар гэнэт Цэвэл рүү муухай харж, -Дуугаа аядаарай чи. Ахиж миний гэрт хүүхдүүдийг минь айлгаад муухай орилоод үзээрэй. Чиний аяглаж, аашилж байдаг газар энэ биш болсон гэдгийг хатуу санаж ав. Энэ удаа хэдэн мал өглөө. Дахиж чамд сэтэрхий зүү ч өгөхгүй шүү. Чи авах цагтаа хангалттай авсан. Одоо боллоо гэлээ. Цэвэл нүд нь гурвалжлан муухай орилоод, -Чиний энэ муу шулмас надад юу ч битгий өгөөрэй гэсэн үү гээд зуухны өмнө сууж байсан Заяагийн үснээс ухасхийн зулгааж доош дарав. Дугар, Цэвэлийн дэргэд харайн хүрээд хойш нь угз татан түлхтэл Цэвэл зуухны өмнүүр гэрийн хаяагаар байсан хувин

савыг дагзаараа мөргөн савж унав. Дугар Цэвэлийн дээрээс тонгойн багалзуурыг нь хоёр гараараа базахад Цэвэл “аллаа” хэмээн хашхираад нүд нь бүлтэлзэн, ам нь ангалзав. Дугарын нүд нь гурвалжлан эргэлдээд заналтай гялалзан, -Чи ахиад ингээд үзээрэй гээд Цэвэлийг тавихад Цэвэл хоолойгоо барин босч ирээд хяхтан ханиалгаад гэрээс гүйн гарлаа. Ард нь сулхан ёолох дуу сонсогдоход Дугар сандран эргэж Заяаг тэврэн орон дээрээ хэвтүүлээд, -Яанаа чи минь зүгээр үү гэхэд Заяа, -Би зүгээр ээ гээд өндийн суув. Тэгээд, -Чи минь биеэ барь. Малаа ялгаж бөөгнүүлж өгөөд явуул. Хүүхдүүд айчихлаа гэв. Хоёр бага нь ороод ирчихсэн чарлан уйлж байлаа. Дугар хүүхдүүдээ Заяатай үлдээгээд гэрээсээ гарлаа………..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *