Нүүр Өгүүллэг “ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “17-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “17-Р ХЭСЭГ”

18 секунд уншина
0
0
2,027

Ийнхүү нүднийх нь өмнө өдрөөс өдөрт царай алдан сүүмийгээд байгаа эмчийгээ харан өрөвдөх сувилагч нь олны хэл амыг цаашид сонсож суугаад байж тэссэнгүй эмч бүсгүйд энэ талаар дуулгахаар

зэхэж, яаж эвийг нь олж хэлье дээ гэж бодож байтал нэг явдал болов. Хүүхдээ эмчид үзүүлэхээр ирсэн нэг хүүхэн эмнэлэг дээр хашхичиж байлаа. Сүүлийн хоёр шөнө хүнд өвчтөн сахиж хоносон Заяа эмч

гэртээ очоод амарч байжээ. Тэгээд дуудлагаар яаран гүйж иртэл өрөөнийх нь үүдэнд хүүхдээ тэврээд зогсож байсан хүүхэн эмчийг ажил дээрээ байсангүй гэж загнаж эхлэв. Заяа, -Уучлаарай хө, би

жижүүртэй хоносон юм л даа. Тэгээд л өглөө буугаад харьж хэсэг амарч байсан юм гэхэд нөгөө хүүхэн, -Хн, энд хүүхэд халуураад үхэх гэж байхад чи гэртээ амраад байхдаа яах вэ дээ хэмээн шазганахад

сувилагч хүүхэн тэссэнгүй, -Жижүүртэй хоносон хүн амралгүй яах вэ дээ гээд хэлчихсэн чинь нөгөө хүүхэн улам шатаж, -Юу гээд байгаа юм бэ чи. Та нар хүний амь насны төлөө өдөр шөнөгүй зүтгэх

тангарагатай хүмүүс биз дээ. Та нарыг гэртээ ялхайгаад хэвтээд байвал хэн бидний хүүхдүүдийг үзэж харах юм. Тэгээд дуудуулаад байхад хурдан хүрээд ирэхгүй. Хөдөлж ядсан юмнууд гэхэд нь сувилагч хүүхэн, -Та юу гээд байгаа юм. Эмч хүн гэхээр л төмрөөр хийчихсэн хүн байдаг юмуу. Бас энэ хүн чинь амрах ёстой юм байгаа биз дээ гээд хэлчихэд нь Заяа сандран, -За юундаа ууралцгаах вэ дээ. Хүүхдийг үзээд дууссан. Эм бичиж өгье гэхэд нөгөө хүүхэн хүүхдээ заавал эмнэлэгт хэвтүүлнэ гэж дайрав. Заяа, -Хүүхэд чинь гайгүй байна аа. Жаахан ханиадтай байна. Хэвтэх шаардлаггүй. Хатгаа биш байна. Зааврын дагуу эм уулгаад л зүгээр болно гэхэд заавал хэвтүүлнэ хэмээн зүтгэн элдвийг ярьсан хүүхэн ахин дүрсхийн уурлаж, -Чи ер нь аальгүйтэж явдаг шигээ ажлаа хийгээч. Ер нь та

нарын ажил хийнэ гэж юу байдаг юм. Хүний өвдөөд ядаж байгаа хүүхдийг эмнэлэгтээ хэвтүүлээд эмчилчихэж чаддагүй, хэдэн эм бичихээс өөр ажилгүй чам шиг ийм эмч гэж юу байдаг юм. Явж тэр сумын дарга нарт чинь хэлнэ гээд хаалгыг нь саван гарснаа гадаа хонгилд “энэ муу одоо эхнэрийнх нь эзгүйд хүний нөхөр эргүүлдэг шигээ ажилдаа сайн байхад яадаг юм. Тэр Дугарын эхнэр аягүй болоод энэнээс болоод орон гэрээсээ дайжсан даа. Муу завхай хүүхэн. Сая бас гэртээ нэг айлын нөхөр тэвэрч хэвтэж байгаад ирсэн дээ энэ одоо” хэмээн хашхирсаар гарах дуулдлаа. Заяа юу хэлэхээ мэдэхгүй амаа ангайн хоцров. “Саяны эмэгтэй юу юу гээд хэлчихэв ээ. Хүний нөхөр тэвэрч хэвтдэг гэнэ үү. Дугарыг манайд хоноод явсаныг хүн мэдчихэж дээ” гэсэн бодол толгойных нь орой руу дэлсээд авах шиг л болов. ”Даанч хүмүүс намайг нэг л ажиглаж хараад байх шиг байсан юмаа. Одоо яанаа” гэж бодол тархинд нь эргэлдэж уйлмаад гараад гүймээр санагдавч биеэ үзүүлэхээр ирсэн өвчтөнүүдээ яах билээ. Аргагүй л

ажлаа хийж суулаа. Тэгээд хүн цөөрөхөд сувилагч бүсгүй түүний дэргэд ирээд, -Эмч ээ намайг уучлаарай. Надаас болоод таныг тэр хүүхэн элдвээр хэлчихлээ гэхэд Заяа санаа алдаад, -Чиний буруу гэж юу байх вэ дээ. Бүгд надаас өөрөөс минь болж байгаа юм гээд түгдрэн саяны хүүхэн гээд үгээ гүйцээсэнгүй дуугай болоход сувилагч, -Би хүмүүс иймэрхүү юм яриад байгааг таньд хэлмээр санагдаад байсан ч нэг л эвээ олж өгөхгүй байсан юмаа гэв. Заяа, -За яах вэ дээ. Одоо нэгэнт өнгөрсөн гэж хэлэхдээ дуу нь сааралтан, нүдэнд нь цийлгэнэсэн нулимс хариугүй урсчих гээд байлаа. Сувилагч, -Эмч ээ та харьж амар даа. Одоо хүн нэг их ирэхгүй байх. Яаралтай л дуудлага гарахгүй бол би хэд өнөөдөртөө аргалчихъя гэлээ. Заяа, -Тэгье дээ гээд гадгаш гарав. Эмнэлгийн урд сандал дээр зэрэгцэн суугаад юм ярьж байсан хэдэн авгай хүүхнүүд түүний бараанаар дуугаа татацгаан ажиглан харцгааж хоорондоо нудралцан байлаа. Заяа, -Сайнбайцгаана уу гэхэд тэд, -Сайн байна уу эмчээ, сайн байна уу

гэцгээн мэндэлцгээгээд явж өнгөрсөнийх нь дараа жиг жуг хийн яриагаа үргэлжлүүлэх сонсогдоно. Ингээд Заяа гэмгүй байтлаа гэмтэн болж хувирсанаа мэдээд гэрлүүгээ ороод уйлж эхлэв. “Би Дугарын амьдралыг бусниулж, эхнэрээс нь салгаагүй. Дугар бид хоёр эхнэрийг нь явсанаас хойш л учирлаа гэж би гэгээн цагаан өдөр олны нүдэн дээр хашхирсан ч хэн үнэмших юм. Ингээд явдалтай, гэр бүл үймүүлдэг хүүхэн болж хувирлаа” хэмээн бодоод улам гашуунаар уйлав. Түүнийг ийнхүү гэртээ яахаа мэдэхгүй уймран байж байтал ангийнх нь хэдэн хүүхнүүд шуугилдан орж ирэв. Тэд Заяагийн уруу царайтай байгааг хараад учрыг гадарлацгаан Заяагийн сэтгэлийг сэргээх гэж элдвийг ярилцан суулаа. Заяа, -Та нар нэг ангийн найзууд гээд байдаг. Ёстой муухай хүмүүс юмаа. Гадуур ийм яриа болоод хэд хонож байгааг хэн нь ч надад хэлдэггүй байна шүү хэмээхэд найзууд нь, -Бид хэд Дугар та хоёрын талаар яриаг анх сонсоод үнэхээр л тэр эхнэр нь явчихсан юм бол та хоёрыг учраа олоод сайн сайхан амьдраасай л гэж бодсон. Бид чамайг Дугарт сайныг эртнээс мэднэ шүү дээ. Тэгтэл олны хэл ам гэж айхтар юм. Цагааныг ч хар болгоод

урвуулаад хаячихдаг хэцүү шүү. Тэгээд л бид хэд чамайг яаж байгаа бол гэж бодоод ирцгээлээ. Та хоёр тэгээд хэдийнээс уулзаж эхэлсэн юм бэ дээ гэцгээхэд Заяа нулимс мэлтэгнүүлэн, -Та нар хүртэл надад итгэхгүй болохоор өөр хэн итгэх вэ дээ. Дугар бид хоёрыг л садарлаж байгаад гэр бүлийг нь үймүүлж, Цэвэл гэртээ тогтож чадахгүй явчихаад байдаг юм байна гэж та нар бодож байгаа байх. Дугар бид хоёр хэдхэн хоногийн өмнө л анх удаагаа хамт хоносон гэж үнэнээ хэлэхэд нөгөө хэд нь, -Бид нарт бас хүнд итгэх итгэл, найз нөхдөө хар багаасаа таньж мэдсэн ухаан байна. Та хоёрыг юу гэж тэгж муугаар бодож байх юм бэ гэцгээн тэр орой тувт л Дугар, Заяа хоёрын талаар ярилцан уйлж, инээж байсаар тарцгаажээ. Найзуудтайгаа уулзан ярилцаж, сэтгэлээ уудлаад Заяа бага ч гэсэн тайвширчээ. Гэвч өглөө ажилдаа явахаар гараад л авгай хүүхнүүдийн сонжсон харцыг хармагц ахиад л сэтгэлээр унаад унжийчихаад байв. Хөдөө гэртээ очоод гэр малын ажил, хэдэн хүүхдүүдээ гэсээр арав гаруй хоночихсон Дугарын Заяа руу тэмүүлэх сэтгэл агсам морь шиг л тогтож чадахгүй

байлаа. Сэтгэлд нь тувт л Заяагийн тухай бодол эргэлдээстэй. “Нэг оччихоод ирэх юмсан. Яах ийхээ хэлэхгүй хэл сураггүй алга болчихоор зовж байгаа байх даа хөөрхий ” хэмээн бодохоос одоо ч хамаагүй ингээд сумын төв рүү давхичихмаар санагдана. Гэвч хэдэн хүүхдээ хаячихаад хувийн жаргалаа хөөгөөд явах түүнд хэцүү байлаа. Тэгж байтал нэг өдөр тэднийд Чимэгээ ирлээ. Ердийн үед тас тасхийтэл инээн явдаг Чимэгээ нэг л янзгүй байдалтай цомцойн суухыг харсан Дугар “за нэг юм л биш болж дээ” хэмээн бодоод цай хийж өгөх зуураа, -За миний найз дуу шуугаа хураагаад юу болоо вэ хө. Танайхан сайн уу гэхэд, Чимэгээ ширэв татаад, -Үгүй ер чи барагтайхан байгаарай. Муу ганц сайн найзын минь сэтгэлээр тоглож, олны нүдний хужир, амны зугаа болгож хаячихаад та энд санаа амар гэдсээ илээд хэвтэж байх шив дээ гэхэд Дугар сэртэсхийн, -Юу болоо вэ хэмээн асуухад Чимэгээ уурсан, -Чи л болоод мэдэхгүй байна уу. Чи ер нь Заяаг яачихсан юм. Би өглөө сумын төвөөс ирлээ. Төвөөр л нэг та хоёрын тухай хов жив. Муу найз маань бүр царай алдчихаж. Одоо бүр Цэвэлийн гэрээсээ явдаг нь Заяа танай гэр бүлийг үймүүлсэнээс

болсон гэсэн яриа гарчихсан байна цаана чинь. Заяа тийм голгүй юм хийх хүн биш би мэднэ. Тэгээд ч Заяа чи бид нарыг бодвол айл гэр болж амьдрал үзээгүй хүн. Сэтгэл нь эмзэг байгаа. Чи бид шиг ямар хажуу дахь юмнуудтайгаа муудахдаа муудаад, сайдахдаа сайдаад элдвийг үзчихсэн биш. Тэгээд ч чи Заяаг ашиглачихаад хаячихаж байгаа юм биш биз дээ. Цэвэл эргээд ирвэл чи хэдэн хүүхдээ бодоод эхнэрээ гэртээ хүлээгээд авна шүү дээ. Тэгээд Заяа яах юм. Айл гэр үймүүлдэг явдалтай ганц бие хүүхэн гэсэн муу нэр сонсоод үлдэх үү хэмээн Чимэгээ ар араас нь угсаруулан ярилаа. Дугар байдал иймдээ тулж, Заяаг ингэтлээ шаналан байгааг мэдээгүй энд ингээд ажин түжин сууж байсан даа санаа нь зовж, хэдэн хүүхдээ туслах малчиндаа захиж орхиод өглөөн наран ургахаас өмнө сумын төв рүү давхилаа. Түүнийг сумын төвийн захаар ороход таарсан ганц нэг хүн сонирхон харна. Дугар “Хүмүүсийн амьдрал хэн хэнийхээ нүдний өмнө алган дээр тавьсан юм шиг харагдаж байдаг цөөхөн хүн амтай

жижиг суманд төрж өсөн, амьдарч байгаадаа ямар харамсалтай биш дээ. Их хөлийн хот газар байсан бол хэн нь хаанаа салж нийлж, хэн нь хэнтэйгээ амраглан сууж байгаа нь анзаарагдахгүй л байхдаа” гэж бодож үзэв. Тэгсээр эмнэлгийн үүдэнд давхин хүрлээ. Эмнэлгийн үүдний сандал дээр нарлан суух хүмүүс түүнийг мөн л сонирхон ширтэнэ. Цонхоор гадгашаа харан зогсож байсан сувилагч бүсгүй Заяагийн өрөөнд гүйж орж ирээд, -Эмч ээ Дугар ах ирлээ гээд гарав. Заяа цочин босож баярлах, догдлох, ичих хослон байтал Дугар өрөөнд нь ороод ирлээ. Тэгээд, -Сайн байна уу Заяа гээд түүнийг тэврэн авлаа.

Дугараас хээрийн нар салхины хамт Заяагийн зүрхэнд шингэсэн тийм гэхийн аргагүй сайхан үнэр нь анхилана. Тэгээд Дугар, -Хувцасаа соль. Хоёулаа гадагшаа гаръя гэлээ. Заяаг гайхан мэлэрч зогстол Дугар цагаан нөмрөгийг нь тайлж тавиад гадуур цамцыг нь өмсгөн гараас нь хөтлөөд өрөөнөөс гарлаа. Эмнэлгийн хонгилд сууж байсан хүмүүс тэднийг гайхан харна. Тэгээд Дугар хүмүүсийн сонирхсон, уулга алдсан, цочсон, сонжсон гээд түмэн янзын харцны өмнүүр Заяаг сугадаад сумын төвийн гудамжаар алхлан явлаа……….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *