Нүүр Өгүүллэг “ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “15-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “15-Р ХЭСЭГ”

13 секунд уншина
0
0
1,675

“Нялх, бага хүүхдүүдийг асарч өсгөнө гэдэг хэцүү” гэж Дамчаа л хэлсэн болохоос биш үнэн үг юм гэдгийг Дугар ясандаа тултал ойлгосон нэгэн явдал боллоо. Зуны нэг өдөр Дугарыг малаа хариулж явтал ширүүн

аадар бууж, мөндөр оров. Дугар усан шалбааг болтлоо норсон хүн гэртээ иртэл хэдэн хүүхдүүд нь бас норчихсон. Том хүү нь галаа асаах гээд эрүү ам нь хавжигнан чичрээд сууж байлаа. Тэгээд Дугар галаа

түлээд хүүхдүүдээ хучин хэвтүүллээ. Яагаад ингэтлээ норсон учрыг нь хүүхдүүдээсээ асуухад, том хүү нь дүү нараа бүгдийг нь дагуулаад аргал түүх далимаараа тоглож явтал яах ийхийн зуургүй бороо орж,

дүү нараа дагуулж, тэврэхийг тэвэрсээр гэртээ арай гэж ирцгээсэн байлаа. Тэгээд халуун галын илчинд дулаацсан хүүхдүүд нь нам унтаад босож иртэл ханиах нь ханиаж, хоолой нь сөөх нь сөөгөөд

босоод иржээ. Том хүүхдүүд нь арай гайгүй, бага хүү сөөнгөтсөн хоолойгоор орилсоор хоноод, шөнөжин халуурав. Өглөө үүрээр Дугар морь тэргээ хөллөөд хэдэн хүүхдээ суулгаад сумын төв рүү явлаа.

Дугар, замдаа уруул нь омголтон халуурах бага хүү рүү санаа зовсон харцаар эргэн харж, ухаан жолоогүй морио шогшуулсаар эмнэлгийн үүдэнд ирлээ. -Эмчээ, хөдөөнөөс хүүхдүүдээ үзүүлэхээр хүн ирлээ гэх дуудлагаар шөнөжин жижүүрлэж хоноод гэртээ очин амарч байсан Заяа ажил дээрээ сандран гүйж иртэл Дугар хэдэн хүүхдүүдээ аваад ирчихсэн байв. Өвдөж үрзийсэн хэдэн хүүхэд нь бор болжморууд шиг сандал дээр зэрэгцэн суугаад бие биенээ түшээд унтах нь унтжээ. Өөрөө бага хүүгээ энгэртээ тэврээд эмнэлгийн хонгилоор нааш, цааш том том алхлан байсан Дугар, Заяаг “Туслаач” гэсэн харцаар харан угтлаа. Заяа тэднийг өрөөндөө оруулаад үзэж эхэллээ. Том хоёр хүү нь гайгүй, хоёр бага нь халуураад, бага хүү бүр хатгаа авчихсан, өндөр халуунтай байлаа. Заяа, -Одоо яаралтай хэвт.Том хүүхдүүдийг ч гэсэн өнөө шөнөдөө эмнэлэг дээр хонуулъя гэхэд сандарсан Дугар, -Яанаа

гайгүй байгаа хэмээн асуухад Заяа, -Яаралтай эмчилгээг эхлүүлнэ. Бага хүү чинь ер нь жоохон хэцүү байдалтай байна шүү. Чи харин ашгүй нэг их удаасангүй аваад ирж гэлээ. Ингээд Дугар хүүхдүүдтэйгээ эмнэлэгт хэвтлээ. Нөгөөдрөөс нь гайгүй болсон гурван том хүүхдийг нь эмнэлгээс гаргасан боловч бага хүү нь сандаргасан хэвээр байлаа. Хүүхдүүддээ санаа нь зовж, хэд хоног нойргүй хоносон Дугарын нүд нь хонхойжээ. Найзууд нь хүүхдүүдийг нь гэртээ байлган харж, хоол цай зөөн “Дугарыг явж хэсэг амар бид хэд ээлжлээд бага хүүг чинь сахиж байя” гэсэн боловч Дугар явахгүй байлаа. Хүүгийн уруул нь омголтон хатаж, зовиуртайяа амьсгална. Заяа мөн хүүхдийн орны дэргэдээс холдохгүй шахам эргэлдэж өдөр, шөнөгүй Дугарт хань болно. Эмнэлгийн асрагч настай эгч Дугарыг хараад толгой сэгсрэн, -Иш хүү минь. Хэдэн хүүхэд чинь халуун, хүйтэн хавсарсан байна. Тэгж норж даарсан хүүхдүүдийг шууд халуун хөнжилд хучаад, халуун

гал түлнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ дээ хүү минь. Болдоггүй байхгүй юу гэснээ, -Үгүй тэр эх нь гэж ямар арилсан дотортой амьтан байнаа. Уг нь эхийн өлөн ус шиг хэрэгтэй эм хүүхдэд байхгүй дээ. Эх нь энд байсан бол өлөн уснаас нь хүүхдэд хэд балгуулаад л, цээжийг нь бас өлөн усанд нь норгосон даавуугаар ороогоод л хэд хоноход баргийн ханиад, хатгаа, салхинд цохиулахыг бол даваад л гарна даа. Даанч энд алга гээд миний ингэж бурж байгааг эмч сонсчих вий дээ базарваань гэлээ. Энэ үгийг сонсон суусан Дугар “Үгүй Цэвэл гэдэг хүн хаана явдаг юм болдоо. Бид хэдийг ингэж сандарч байгааг мэдэхгүй л байгаа даа” хэмээн бодож байлаа. Асрагч авгай Заяагийн өрөөнд ороод, -Эмч минь би энэ хүүг харахаар өрөвдөөд байх юм. Цагтаа эдний аав, ээж миний хуурай ах, эгч хоёр байлаа. Их сайхан хүмүүс байсан юм. Охин минь чи мэднэ дээ. Энэ Дугар яг л аавыгаа дууриасан гүндүүгүй сайхан хүн болжээ. Талийгч “уул” Балдан гуай гэснээ базарваань нэрээр нь дуудчихлаа гэж сандран залбираад, -Муу талийгч аав нь хүнд хар буруу санадаггүй, хүнтэй барагтай бол ам мурийдаггүй, бусдад аль

болохоор л тус дэм болохыг хичээж явдаг хүн байсан даа хөөрхий. Ээж нь ч мөн адил тийм л хүн байлаа. Алтнаас алт л төрдөг юм байна. Тэгтэл энэ сайхан хүүд тийм хань заяах гэж. Хань ч гэж дээ буруу хойшоо. Амьтны сайхан хүүг зовоогоод, хэдэн нялх хүүхэдтэй нь хаяж явчихаад ингэж махыг нь зулгааж байдаг хачин хүн юм аа. Тэгээд тэр хүн юу бодож явдаг болдоо. Хоол нь хоолой руу нь давж, нойр нь хүрч л байдаг байгаадаа гэж шогширон ярилаа. Хүү эмнэлэгт хоносон гурав дахь шөнөөсөө арай дээрдэж эхэллээ. Халуун нь овоо бууж байв. Сандран гүйлдэж байсан Дугар, Заяа хоёрын сэтгэл жаал амсхийж байлаа. Шөнө дундын үед, халуун нь буусандаа хөлрөн, үс нь налчийтлаа норон хэвтэх хүүг харан орны толгойн хажууд сандал дээр сууж байсан Дугар зүүрмэглэж эхэлсэнээ анзаарсангүй. Үсийг нь чангаах шиг болоход нь цочин сэрээд харвал хүү босоод суучихсан үснээс нь зулгааж байлаа. Тэгээд Дугарыг, -Хүүе хэмээн дуу алдахад нь, -Ааваа гээд Дугарыг тэврэн авлаа. Хүү жижигхэн халуун хошуугаараа

Дугарын хацрыг шовхийтэл үнсээд, тамиргүйхэн гараараа хацар хүзүүг нь тэврэн байхад энэ жижигхэн амьтан хүнийг хайрлана гэдгийг мэдэж байдаг гэж бодоод Дугарын хоолой зангиран хүүг элгэндээ тэврэн байв. Тэгтэл хүү, -Ааваа хоол хэмээн нэхэв. Дугар сандран гүйж өрөөндөө байсан Заяаг дуудлаа. Заяа гэрлүүгээ гүйж аяга шөл буцалгаж ирээд хүүд өгтөл хэдэн балгыг уучихлаа. Гэдэс нь овоо цадаж, бие нь дээрдсэн хүү унтаад өгөв. Дугар, Заяа хоёр хүүгийн орны дэргэд зэрэгцэн сууж, хүүгийн бие дээрдсэнийг баярлан ярьж, шивнэлдэн суутал үүр цайлаа. Ингээд айдгаа авдартаа хийсэн хүү, Дугар хоёр эмнэлгээс гарах өдөр ирлээ. Хүү эдгэрсэн нь баяртай явдал боловч Дугарыг ингээд яваад өгнө гэхээр Заяад гунигтай санагдаж байв. Хэдийгээр өвчтөнүүдээ үзэж, жижүүрт гарч, шаардлагатай бол гэртээ харилгүй эмнэлэг дээрээ хэд хонох зэргээр Заяагийн ажил өдөр тутамд буцлан байдаг ч Дугартай хамт байсан энэ хоногууд шиг өдөр, шөнөгүй гүйж, нойр хоолгүй байсан ч аз жаргалтай өнгөрөөсөн өдөр

хоногууд өөр үгүй юм шиг түүнд санагдана. Дугар эмнэлгээс гарахаар бэлтгэн юм хумаа эмхлэн байхад нь Заяа өрөөнд нь орлоо. Дугар, -Чамд их баярлалаа хө. Чамайг байгаагүй бол бид хоёр яах байсан юм болоо бүү мэд гэхэд Заяа, -Зүгээр дээ хө. Энэ чинь эмч хүний үүрэг шүү дээ. Надаас өөр эмч байсан ч бас л ингээд өвчтөнийхөө төлөө зүтгэх л байсан гэхэд Дугар, -Үгүй дээ хө. Чам шиг ингээд хэдэн шөнө нойр хоолгүй миний дэргэд суух эмч лав чамаас өөр үгүй байхаа гэлээ. Тэгтэл Заяа, -Дугар минь би яах вэ. Одоо хүүхдүүдээ сайн анхаарч байгаарай гэв. Дугар, -Харин тийм ээ хө. Хүүхэд өсгөнө гэдэг ч бас амаргүй даваа бололтой. Гэхдээ яах вэ бид хэд болох байхаа гэлээ. Тэгээд хүүгээ тэврэн, цүнхтэй юмаа гартаа бариад, -За бид хоёр явъя даа хө. Их баярлалаа чамд гээд Заяагийн гарыг бариад гарч одлоо. Дугарыг хүүгээ тэврээд эмнэлгийн хашаагаар гарч явааг нь хараад Заяа нулимсаа барьж тэвчсэнгүй уйлчихлаа. “Болдогсон бол Дугартай хамт явахсан. Гэвч болохгүйгээс хойш яах билээ. Ингээд үлдэхээс биш дээ. Ямар жаахан хүүхэд шиг дагаад уйлалтай биш” гэж бодохоос

гашуун нулимс хоолойг нь аргуулан урсана. Дугарыг явснаас хойш эмнэлгийн байшин нэг л хүйтэн хөндий болчих шиг Заяад санагдлаа. “Гараад гэртээ харьдаг юмуу” гэж бодсоноо “Гэрт очоод ч яах юм билээ. Бас л хүйтэн хөндий хэдэн хана байгаа. Ганцаараа тэнд гиюүрч суухаар эндээ сууж байя” гэж бодлоо. Тэгтэл өнөөдөр хүнд өвчтөн байхгүй. Эмнэлэг дээр онцын хийх юмгүй байсан тул аргагүй харихаар гарлаа. Гадаа шөнө болж, одод түгжээ. Заяа гэртээ хариад нэг л гунигтай хэцүү байсан тул жаал уйлж сууснаа өөрийгөө тайтгаруулах гэж босоод хэдэн хувцасаа угааж тавилаа. Гэдэс нь өлсөвч хоол идэх дур хүрсэнгүй. Ном уншихаар хэвтсэн боловч нүднийх нь өмнүүр үсэгнүүд эрээлжлэн харагдаж өөрөө эрхгүй

уншиж байвч чухам юу уншаад байгаагаа ойлгохгүй байлаа. Ингээд ном уншихаа ч болилоо. Унтъя гэж бодоод нүдээ аньсан боловч болдоггүй. Тэгээд ахиад л уйлж эхлэв. “Яасан ч дуусдаггүй нулимс вэ дээ” гэж бодохоор улам л уйлна. Тэгээд энд ингэж зовж байхаар хот руу буцдаг юм билүү гэж бодлоо. Хот газар хэдэн жил ажиллахдаа төрсөн нутгаа зүйргүй их санаж ирснээ Заяа саналаа. “Гэвч явахаас өөр арга алга” гэж шийдээд Заяа босч хувцасаа эмхэлж эхэллээ. Энэ шинэ шийдвэр нь Заяаг овоо тайтгаруулж, цүнх саваа дэлгэн хувцас хунараа эхнээс нь эвхэн хийж байтал байшингийнх нь хаалгыг хүн тогших сонсогдов. “Манайд чинь энэ орой болсон хойно хэн ирдэг

билээ. Эмнэлгээс дуудлага ирвэл цонх тогшдог юмсан. Хаалга тогшиж байна” гэж бодоод хаалга руугаа гүйж очин, -Хэн бэ хэмээн асуухад хариуд нь, -Заяа би Дугар байна аа гэх дуулдлаа. Заяа чихэндээ итгэсэнгүй. Гэвч өөрийн мэдэлгүй хаалгаа онгойлгочихсон байлаа. Ханхар өргөн цээж нь сарны гэрэлд тод дурайх Дугар үнэхээр хаалганых нь өмнө ирчихсэн зогсож байв. Заяа, -Дугараа хэмээн дуу алдаад ухасхийн Дугарыг тэврээд энгэрт нь нүүрээ наалаа……

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *