
Цэвэл, Мөнхөөг хараад гайхан баярлах шиг болсон боловч гомдол, бухимдал нь санаанд нь ороход гараа суга татан аваад эргэлээ. Мөнхөө, -Хүүе Цэвэл ээ байж бай л даа гэхэд нь эргэж харсангүй явсаар
дэлгүүрээс гарав. Мөнхөө түүнийг гүйцэж ирээд ахин гараас нь шүүрэн аваад, -Цэвэл ээ би чамд ганцхан үг хэлье л дээ. Зогсож бай л даа гэхэд нь, -Чамд надад хэлэх ямар үг байдаг юм. Зайл цаашаа гээд
цааш алхалаа. Мөнхөө Цэвэлийн нуруугаа даган унжих урт хар гэзгийг харан хэсэг явснаа гэнэт хурдлан Цэвэлийн хүзүүгээр тэврээд авлаа. Цэвэл гараас нь мултрах гэсэн боловч хүч хүрсэнгүй. Тэгээд
Мөнхөө түүнийг өөрлүүгээ шахан тэврээд хацар дээр нь шовхийтэл үнсэв. Цэвэл дургүйцэн хацраа шудран арчаад, -Тавь намайг, тэгэхгүй бол би хашхирлаа шүү. Хүн дуудлаа гэхэд Мөнхөө эргэн тойрныг
хараад, -За боль доо Цэвэл ээ. Хоёулаа хэсэг юм яръя л даа гэлээ. Цэвэл түүний гуйсан харцыг хараад, -За ярь л даа гэв. Тэгтэл Мөнхөө баярлан -Тэгвэл хоёулаа ийшээ сууж жаахан ярилцъя гээд замын хажуу талын

сандал дээр зэрэгцэн суулаа. Мөнхөө, -Чи надад уурлаж байгааг чинь би мэдэж байна аа. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд би чамайг маш их санасан. Ийм сайхан хүүхэн намайг дагаад амьдаръя гээд явж байхад нь хажуудаа байлгаж чадаагүй би үнэхээр азгүй хүн. Би чамд хайртай Цэвэл ээ. Бүр хязгааргүй их хайртай гэхэд нь Цэвэл хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс, машин тэргийг ажиглан харж сууснаа, -Би чамд итгэхгүй байна. Хайртай хүн тэгээд нэгийгээ золбин гөлөг шиг хөөгдөж байхад харж сууж байгаад явуулчихдаг юм уу. Намайг олон хүүхэдтэй гээд аав, ээж, ах дүү нар чинь ад үзэж байхад чи яалаа. Өөрийнхөө амийг бодоод л хоцорсон. Тэгээд би ёстой давахгүй гэсэн даваагаараа гурав давна гэдэг шиг эргэж очоод одоо Дугарыг царай алдаад л амьдарч байна гэхэд Мөнхөө, -Намайг уучлаарай. Би чамдаа үнэхээр их хайртай. Харин өөрийнхөө тэнэгээс болоод л чамайгаа явуулчихсан даа одоо харамсаж, амаа барьж явна. Чам дээр очмоор
санагдавч би чамаас айгаад очиж чадахгүй байсан юмаа. Намайгаа уучлаарай за юу гээд Цэвэлийг дахин үнсэхэд Цэвэл ахиад л түлхлээ. Тэгээд Мөнхөө, -Чи Дугартай хэр байна даа гэхэд, -Яах вэ дээ байж л байна гэлээ. Тэгээд Мөнхөө, -Хоёулаа нээрээ сая сонин таарлаа тийм ээ. Амьдрал учруулах ёстой хүмүүсээ дахин учруулдаг гэж үнэн үг юмаа. Энд манай нэг найзынх байдаг. Чи яараагүй бол хоёулаа тэднийд очиж ярьж сууя л даа. Тэгэх үү хэмээн гуйв. Цэвэл, -Үгүй би чамтай явахгүй гэхэд Мөнхөө өмнө нь газар сөхөрч суугаад гарыг нь бариад, -Гуйя л даа. Тэгээд дараа нь чи намайг хаяад яв хамаагүй. Би тэгүүлэх гэмтэй хүн. Чамтайгаа уулзахгүй болохоор би бүр боож үхэх гэж байгаа юм шиг амьсгал давчдаад хэцүү байсан юм. Заримдаа ингэж явахаар үхье ч гэж боддог байлаа. Одоо чамтайгаа ингээд уулзсан юм чинь дараа нь надад үхсэн ч харамсах юм алга гэж үнэхээр гэмшсэн царай гарган гуйхад нь Цэвэл босож дээлийнхээ хормойг засаад
дээгүүр харан, -Тэгвэл яах вэ. Жаахан ярьж сууя л даа. Тэгээд дараа нь би явна гэлээ. Цэвэл яваад олон хоносон боловч ирэхгүй болохоор нь Дугар санаа зовж байлаа. “Бие нь өвдөөд явсан юмсан. Юу болж байгаа бол. Бараг хагас сар боллоо. Ирэхгүй бол маргаашнаас сум ордог юм билүү. Сум ороод ч яах вэ дээ. Аймаг руу явсан юм чинь. Маргаашнаас болохгүй бол ер нь аймаг явъя байз. Эмнэлэгт хэвтээд эргэж, тойрох хүнгүй хэцүүдэж байвал яана” гэж бодлоо. Гэвч хоёр нялх хүүхдээ айлд орхиод явах хэцүү. “Үгүй тэгээд орхихоос яах билээ дээ” гэж бодсон Дугарыг эргэлзэн байтал Цэвэл ирлээ. Дугар санаа нь амрав. Цэвэл хэд хоног төв газар байгаад ирсэнийх үү бүр өнгө зүс орчихсон байв. Инээд алдсан нэг л их баясгалантай хүн байлаа. Дугар “За яамай даа. Бие нь л гайгүй болсон бол болоо” гэж бодлоо. Хөнгөн шингэн алхалж, аяглаж аашилж байгааг нь харахад анх дэр нэгтгэж байсан үе нь санаанд нь орсон Дугар түүнийг гайхан харна. Цэвэл шөнө Дугарын цээжинд наалдан хэвтээд наалинхайтан байхдаа охин бага
байсан үеийнх шигээ час час хийн инээж байлаа. Цэвэл аймгаас авчирсан торгоороо дээл урлаж эхэллээ. Нэг харахад ижил хул шаргал өнгийн торгон дээл хоёрыг хийгээд тавьчихаж. Дугар дээлнүүдийг санаандгүй олж хараад том дээлийг нь барьж үзэхэд өөрт нь арай багадах ч юм шиг. “За, за өөрөө мэдэж байгаа байлгүй” гэж бодоод буцаагаад тавьчихав. Тэгж байтал хаврын сүүл сарын нэг өдөр Дугар сумын төв орох далимдаа хүүхдүүдээ эргэчихээд иртэл Цэвэл хүүхдүүдтэйгээ гэртээ байхгүй байлаа. Гайхсан Дугарыг гэртээ сууж байтал туслах малчин залуу нь бага хүүг нь тэвэрчихсэн, охиныг нь хөтлөөд орж ирлээ. Тэгээд Дугар луу халиран харж, -Ахаа Цэвэл эгч явчихсан юм шиг байна гэв. Дугар нүд нь томрон гайхан харлаа. Залуу санаа алдаад, -Өчигдөр таныг явсны дараа хоёр хүүхдээ манайд оруулж орхичихоод энүүхэн урд руу айлд оччихоод ирье гээд гарсан хүн ирдэггүй. Санаа зовоод хүлээгээд байлаа. Тэгээд, яанаа иймээ, тиймээ юм болчихсон юм биш байгаа гээд гадуур хэсэг хайлаа.
Байдаггүй ээ гэлээ. Дугар, хөлийн авдраа онгойлгон харлаа. Цэвэлийн хамаг дээл хувцас байхгүй байв. Тэгээд нэгэнт байдалыг ойлгосон Дугар хэсэг дуугүй сууснаа, -За яах вэ дээ дүү минь. Чи ямар буруутай биш. Битгий санаа зов гэлээ. Залуу, -Зоволгүй яах вэ дээ ах минь. Дандаа л таныг байхгүйд явчих юм. Гэхдээ миний санаа зовох яах вэ. Та энэ нялх хүүхдүүдтэй яана даа гэхэд Дугар, -За бид нарт зоволтгүй дээ хө. Амьд хүмүүс аргатай гэдэг. Учир нь олдох байхаа гэлээ. Ингээд Дугар Цэвэлд ахиад л хаягдав. Гэхдээ өмнө нь ганцаараа хаягдсан бол одоо хүүхдүүдтэйгээ хоцорчээ. “Өмнө нь Цэвэл хүүхдүүдээ авч яваад хаширч дээ. Одоо энэ хоёр багыг авч яваагүй юм чинь. Хоёр томыг авахгүй гэсэн үг. Тэгэхлээр бас ч гэж хүүхдүүддээ санаа зовохгүй байж болох нь” гэж бодоод хоёр хүүхэд лүүгээ харлаа. Нөгөө хоёр нь эхдээ хаягдсанаа мэдсэн ч юм алга. Бага хүү нь божгор бор гартаа боорцог атгачихсан орон дээр унтаж, охин нь аавынхаа өвөр дээр суугаад
хацар амыг нь оролдож байлаа. Дугар “Бид хэд чинь яаж шүү амьдрана даа гэсэн шиг” хүүхдүүдээ ээлжлэн харж хэсэг сууснаа “Одоо нэгэнт ийм юм болсон хойно яах вэ дээ. Амьдрана даа” гэсэн шиг зуухныхаа өмнө суугаад галаа асааж, хоол хийхээр зэхлээ. Нэгэнт амьдралд хал үзсэн Дугар өмнөх шигээ бачимдан сандарсангүй. Хүүхдүүдтэйгээ амьдарч эхэллээ. Хаа очиж охин нь нааш цааш нь аяга шаазан дөхүүлэх гээд гар хөлийн үзүүрт гүйгээд байдаг болсон тул бас нэмэртэй дээрээс нь гэр малын ажлаа амжуулж явахад нь дүүгээ хараад хоёулаа божийтлоо сууж байдаг нь хамгийн олзуурхууштай байлаа. Дүүгээ гараасаа хөтлөөд хас дийлгэхгүй харж байгаа охиноо хараад Дугар “Эвий минь том л болж байна даа. Удахгүй хоёр ах нь амраад ирэхээр бид хэд алзахгүй ээ” хэмээн бодно. Дугар шөнө хоёр хүүхдээ өвөртлөөд унтана. Тэгтэл бага хүү мээм хайн шөнөжингөө цээжийг нь самардаж, хоёр хөхнийх нь толгойг хорстол чимхэнэ.
Эхлээд Дугарт хэцүү байсан боловч нялх амьтныг өрөвдөөд яаж ч чадсангүй. Сүүлдээ хүүгийн зулгааж, тэмтэрхийг ч мэдэхгүй нам унтдаг болжээ. Дугарыг хоёр нялх хүүхэдтэйгээ хоцорсонд нь өрөвдсөн айл саахалтынх нь хүмүүс чадахаараа л туслана. Мал хуйдаа яваад ирэхдээ хүүхдүүдээ айлынхаа хүмүүст захиад явах тул бага ч гэсэн санаа амар явдаг байлаа. “Иймэрхүү маягаар амьдраад байвал ч болох л юм байна. Энэ хэдэн хүүхдийг нэг том болгочих юмсан” гэж бодох Дугар, хоёр хүүхдийнхээ хамт өдөр хоногийг саадгүй давж байлаа. Тэгтэл ч удалгүй сургууль тарж, хоёр том хүү нь амраад ирлээ. Тэгээд хэдэн хүүхэдтэйгээ бужигнаж эхлэв. Тэгтэл нэг өдөр Дамчаа, Банзар гээд гол усных нь хэдэн найзууд нь тэднийд ирлээ. Тэд ойр зуурын юм
ярьж, инээж хөхрөн байтал гэрт орж гаран баацагнах бага хүүг нь Дамчаа ажин байснаа, -Миний найз тэгээд яаж шуухан амьдарч байна даа гэхэд Дугар, -Бид хэд яах вэ хө. Болоод л байна гэлээ. Тэгтэл Дамчаа, -Би муу найзыгаа их өрөвдөх юм гэснээ. Цэвэл ядаж энэ бага хүүгээ аваад явахгүй дээ. Чамд дараа болгоод орхиж байдаг гэхэд Дугар, -Нялх амьтан надад дараа болно гэж юу байх вэ. Ах, эгч нартайгаа бужигнаад байж л байна биз гэлээ. Тэгтэл Дамчаа бүлтэгнэн хөхрөөд, -Миний найз үнэн сайн хүн шүү. Чам шиг ингээд оргоод алга болсон эхнэрийнхээ хүүхдийг асарч, тэжээгээд сууж байдаг хойд эцгийг би дуулаа ч үгүй гээд халамцуу нүүрээ маасагнуулан, шүлсээ үсчүүлэн саймшран хашхичихад Дугар, -Чамд би өмнө нь хэлсэн байхаа. Миний

амьдралд чи битгий хошуугаа дүрээд бай. Энэ нялх амьтан чамд гэм хийгээгүй байх шүү гэв. Дамчаа эртүүд илүү үглэж байж дэлсүүлсэнээ санаад худлаа инээн, -За, за найзаа юунд уурлах вэ дээ чи минь. Би чамайг л бодоод хэлж байна. Энэ нялх нойтон хүүхдүүдийг ганцаараа асарч өсгөнө гэдэг чамд хэцүү шүү дээ гэхэд Дугар юу ч хэлээгүй боловч шанааных нь булчин зангиран, хөмсөгнийх нь үзүүр чичигнэн хөдөлж байлаа……