Нүүр Өгүүллэг “ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

5 секунд уншина
0
0
1,649

Дугар, Цэвэлийг өөрийг нь араар тавьж байхыг хоёр нүдээрээ харсан тэр өдөр буугаа үүрэн давхисаар Мөнхөөгийн гэрийг олж очсон боловч Мөнхөө гэртээ байсангүй. Ингээд эргээд гэрлүүгээ давхилаа.

Хол газраас давхисан морь нь хариугүй бахардаж унадагийн даваан дээр үүрийн гэгээнээр гэртээ иртэл Цэвэл, хүүхдүүдээ аваад алга болчихсон байв. Түүний хашгирах дуунаар гэрээсээ сандран гарч

ирсэн туслах малчин залуу нь, -Цэвэл эгч хүүхдүүдээ аваад замын машинд дайгдаад явчихсан. Төв рүү явах хэрэг байна гэхээр нь би зам руу дөхүүлж өгөөд ирсэн. Юу болоо вэ хэмээн гайхан асуулаа. Дугарыг

эхнэртэйгээ тар, тур хийснийг тэр залуу мэдсэн ч Цэвэлийг гуйгаад байхаар нь морь тэргээр зам руу хүргэж, машинд суулгаж өгөөд ирсэн байжээ. Дугар юу ч хэлсэнгүй гэрлүүгээ орлоо. “За яах вэ. Өөрөө мэдэж

байгаа юм байгаа биз. Харин муу хүүхдүүдийг минь дааруулж зутраах байхдаа” гэж бодсон Дугар гэр малын ажлаар оролдсоор явтал ганц нэг сар өнгөрчээ. Тэгтэл нэг өдөр тэднийд ирсэн сумын зарлагаас

эхнэр хүүхдээ асуутал, -Хачин юм даа чи мэдээгүй юмуу. Цэвэл хүүхдүүдээ дагуулаад шуудангийн машинаар хот яваад хэд хонож байна гэж палхийтэл хэллээ. Дугар сумын төв рүү гаран давхилаа. Цэвэл жижиг гэрээ цоожилж орхиод түлхүүрийг нь хажуу хашааны айлд үлдээгээд явчихсан байв. Хүүгийнхээ сургууль дээр очиж уулзтал Цэвэл хот руу шилжиж байгаа гээд шилжүүлэг хийлгээд аваад явчихсан гэлээ. Ингээд Дугар таг мухардлаа. Сумын төвд тааралдсан багын найзтайгаа таарч тэр хоёр гэрт нь очлоо. Найзынх нь гэргий болох мөн л нэг голд хамт тоглож өссөн жавхалзсан шар хүүхэн түүнийг инээд хөөр болон угтаж, хоол, цай хийн дайллаа. Тэд шөнө орой болтол ярилцан суув. Нилээд халсан Дугар тэр хоёрт байгаа байдлаа яритал нөгөөдүүл нь, -Чамайг бид мэдэж байгаа л гэж бодсон. Бид өвөр түрийдээ орж хамт өссөн улс, чамаас юуг нь нуух вэ. Цэвэл

сүүлийн үед нэг л биш байсан юм. Сумын төвөөр л нэг хов жив. Саяхан хөдөөнөөс ирчихсэн яваатай нь таарсан. Тэгтэл нөгөө гэрт нь орогноод байсан Мөнхөөтэйгээ цуг шуудангийн машинд суугаад явчихлаа гэж дуулдсан. Хэдэн хүүхдүүд нь хаашаа явж байгаагаа ч мэдэх юмгүй эхийгээ дагачихсан явна. Хаа хүрэх гэж байгаа юм болдоо гээд л хүмүүс шуугиад байсан гэцгээв. Тэгээд Дугар гэртээ эргэн ирлээ. Хүүхдийн дуу шуугиангүй гэр нь эль хуль болжээ. “Ингээд ганцаараа болчихдог юм байжээ” гэж бодсон Дугар яахаа мэдэхгүй хэдэн өдөр уймран байснаа гэнэт санасан мэт морио унаад тахилын овоо өөдөө өгслөө. Овооныхоо бэлд зогсоод эцэг, эхээ нутаглуулсан нарлаг энгэрийг харж зогсохдоо Дугар орчлонгийн мөнх бусыг зүрхнийхээ гүнээс мэдрэх шиг болж байлаа. Уйтай бодолд дарагдсан Дугар “би гэдэг хүн ингээд ганцаараа хохийгоод байж байдаг. Улсын хэдэн малыг хүлээлгэж өгөөд, амины хэдийгээ айлд тавьчихаад би ч

гэсэн нэг тийшээ явдаг юм бил үү” гэж бодоод хүндээр санаа алдав. Гэтэл олон жилийн өмнө түүний хуримын өглөө энд зэрэгцэн суугаад хүүтэйгээ ярьж байсан аав нь санаанд нь орлоо. Эцэг нь олон таван үггүй, цэгц шулуун зантай, илүү үг хэлчих вий гэсэн шиг үгэндээ харам боловч нэг дуугарахаараа жинтэйхэн үг хэлчихдэг, нүүгэлтсэн том биетэй цагтаа овооны наадмын үзүүр, түрүүг гаргаадаггүй сайн бөх байсан бөгөөд нутгийнхан түүнийг “уул” Балдан л гэцгээдэг гүндүүгүй сайхан эр байв. Харин ээж нь ундтай устай ааль аашаараа нутаг усандаа гайхагдсан чухам л хайлсан шар тос шиг бөмбөрсөн сайхан зантай намхан улаан авгай орсон гарсан нутаг нугын хүн зон, ахан дүүсийг гарынхаа сайхан шаргал цайгаар зочилон дайлж, инээж ханиан суудаг хүн байлаа. Тэр хоёр залуудаа нийлсэн боловч үр хүүхэд тогтохгүй байсаар дөчин нас хүрч байхад нь төрсөн ганц хүү нь Дугар юм. Дугарын дээр хоёр ч хүүхдээ хүн болгож чадалгүй алдсан

тул эцэг, эх нь ганц хүүдээ амиа тавьдаг байжээ. Тэгээд Дугар “би нэгэнт л эцэг, өвгөдийн голомт залгаж үлдсэн ганц хүү. Яаж аав, ээжийнхээ халуун голомтыг унтрааж орхиод, нутаг орноо хаяад явах билээ дээ” гэж бодохоос хоолой өөд нь огшин мэгшүүлэн уйлчихаад “би чинь яаж байна аа. Эр хүн байж уйлж байдаг. Аав минь харсан бол хүү минь мөн ч доожоогүй эр болж дээ гэж хэлэх байх даа. Ээж бол санаа нь зовоод уйлна” гэж бодсон Дугар хүүхэд шиг аав, ээжийгээ санан мэлэрч суув. Тэгээд орчин тойрноо харж суух түүний нүдэнд төрсөн бууц, нутаг ус нь эгэлгүй сайхан харагдахад “би энэ бүхнийгээ орхиод хаашаа яах гэж тэнэж явах билээ дээ. Ямар ч л байсан голомтоо унтраан орхиж явахгүй. Юу л болдогсон болог. Би хаашаа ч явахгүй. Цэвэл том хүн өөрийгөө мэдэж байгаа. Харин хэдэн хүүхдүүд минь хаана, юу хийж байгаа нь мэдэгдэхгүй хэцүү байна даа. Гэхдээ миний хүүхдүүд аавыгаа мартахгүй байхаа. Би хэзээ нэгэн цагт тэднийгээ олж уулзнаа” гэж бодоод харихаар бослоо. Ингээд сар,

өдрүүд улирсаар хавар, зун шилээ даран өнгөрч намар болжээ. Нэг үе малын ажил, энээ тэрээ гэж сатааран явсаар гайгүй шүү байсан Дугарын сэтгэл намрын гэгэлзсэн салхинаар тогтож чадахгүй гиеюүрэн хүүхдүүдээ санан байж сууж чадахгүй болсон тул эхний цаснаар хөвчид гөрөөлж, хэсэг ан хийхээр яваад өгчээ. Тэгээд гэртээ иртэл хүүхдүүд нь бас Цэвэл ирчихсэн байдаг. Дугар гар дээрээ өргөх хүүхдийн нүүрийг ажиглан харж байв. Мөнхөөгийн ам хамрыг өвчисөн мэт дууриасан өргөн сартгардуу хамартай, том амтай хүүхэд байлаа. Дугарын хүүхдүүд дэлдэндүү том чихтэй бол энэ хүүхэд жижигхэн, толгойдоо наалдсан чихтэй юм. Би чиний хүүхэд биш шүү гэх шиг зогсолтгүй чарлах тэр хүүхдийг харан зогсох Дугарын нүдэнд нөгөө зүүд нь улам тод харагдахад хүүхдийг хоёр гараараа бариад толгой дээрээ өргөлөө. Энэ бүхнийг харан айж зогссон Цэвэл Дугарыг ирээд зууран авлаа. Дугар Цэвэлийг хөлөөрөө этэн зайлуулаад хүүхдийн нүүр лүү ширтсээр байв. Гэнэт хүүхэд уйлахаа болиод түүний нүүр лүү харав. Онигор жаатгар нүд нь яг Цэвэлийн нүдээ. Тэгээд Дугар хүүхдийг болгоомжтойгоор орон дээр нь тавилаа. Цэвэл

үүнийг хараад хүүхэд рүүгээ ухасхийн тэвэрч энгэртээ наалаа. Дугар, -Чи яах гэж ирээ вэ гэж асуухад Цэвэл, -Би хүүхдүүдээ аваад бүр ирсээн. Чамайг хөөхгүй бол бид эндээ байна гэв. Дугар, -Чи ямар нүүрээрээ ирж байнаа. Би хүүхдүүдтэйгээ ингэж нэг уулзлаа. Одоо хүүхдүүдээ чамд өгөхгүй. Харин чамайг бол гэртээ байлгаж чадахгүй. Чи нэгэнт өөр хүнтэй суугаад явсан хүн. Тэр хүн рүүгээ явна биз. Тэгээд ч би жил шахам хүүхдүүдээ яаж санаж шаналсан шиг, тэр хүн бас хүүхдээ санаад хэцүү байгаа байлгүй гэлээ. Нэгэнт л хүүхэд нь би тэр хүний хүүхэд шүү гэсэн шиг дууриасан байхад хичнээн худлаа хэлээд нэмэргүйг мэдсэн Цэвэл, -Тэр хүн биднийг хаяад явсан. Одоо эргэж хамт байхаас өнгөрсөн. Чи хэдэн хүүхдээ аваад, намайг нохой шиг хөөвөл хөө. Тэртэй тэргүй би бүх юманд түмэн буруутайгаа мэдэж байна. Чи намайг Мөнхөөтэй хамт байхыг харсан тэр өдөр гээд Цэвэл түгдрэн, -Би жирэмсэн болчихсон байсан. Чиний хүүхэд биш гэдгийг ч мэдэж байсан. Тэгээд чамд баригдаад бас хэвлийдээ өөр хүний хүүхэд тээчихсэн юм чинь одоо өнгөрсөн гэж бодоод Мөнхөөг дагаад явсан.

Хотод очиж Мөнхөөгийн ахынд хэсэг байсан. Тэгээд тэр хүн намайг хаясан хэмээн ярилаа. Гэхдээ Цэвэл “Хүний олон хүүхэд дагуулсан ийм хүүхнээр чи яах гээв. Чам шиг хөнгөн хийсгэлэн хүн энэ олон хүүхэдтэй хүнийг тэжээж, тэтгэж явна гэдэг худлаа. Тэгээд ч та нар шиг хөдөө газар насаараа амьдарсан хүмүүст энэ хот гэдэг газарт чинь хийх ажил ч олдохгүй. Та нар амьдарч чадахгүй. Наад хүүхнээ дагуулаад буц” хэмээн Цэвэл хөөгдсөнөө Дугарт хэлсэнгүй. Ингээд Цэвэл, Мөнхөөг дагаад залгаа сум руу гэрт нь очсон боловч Мөнхөөгийн эцэг, эх хоёр мөн л халгаасангүй. Мөнхөө эцэг, эхээ сөрж хүч хүрсэнгүй, Цэвэлийг ч дагаж явсангүй гэртээ үлдэж, Цэвэл хэдэн

хүүхдээ дагуулж замын унаанд дайгдсаар арай гэж гэртээ эргэн иржээ. Тэгээд ч энэ хэдэн сар айлын хаяанд олон хүүхдүүд нь хүний ад болж, хоол ундаар тааруу их л зовцгоожээ. Гэртээ эргэж ирэхэд нь Дугар байсангүй. Гэвч идэх хоол, түлэх түлээ бэлэн тул Цэвэл хэдэн хүүхдүүдтэйгээ санаа амар амьдарч эхэлжээ. Хаяж гээж яваад буцаж ирсэндээ нутгийн хүмүүсээс санаа зововч яах билээ. Харин Дугарыг ирэхээр нүүрийг нь яаж харна даа. Хүүхдийг хараад Дугар юу гэх бол гэж айж, зовон байжээ….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *