Нүүр Өгүүллэг “ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “2-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “2-Р ХЭСЭГ”

5 секунд уншина
0
2
1,753

Гэтэл Цэвэл гэрийн баруун талаар ороогоод яваад өгөв. Хэсэг байзнасны дараа эргээд гэрт орж байгаа харагдлаа. Дугар ёох хэмээн уртаар амьсгаа аваад “Үгүй би нээрээ юу гэж бодсон юм болоо. Энэ

охиныг өөрлүүгээ хүрээд ирлээ гэж бодоод сандарч байдаг” гэж бодоод өөрийгөө шоолон тэсэлгүй инээв. “Намайг ингэж бажигдаж байгааг мэдчихээгүй байгаа даа” гэж бодоход нүүр нь халуу оргив. Тэгээд

эргэж, хөрвөөж байтал нэг мэдэхэд нам унтчихсан байлаа. Өглөө үүрийн цагаан гэгээ тусмагц ээж нь ирж түүнийг сэрээлээ. -Босоорой хүү минь одоо ингээд амьтан ах дүүс ирнэ. Ээж, аав хоёрт нь бэлдэх,

барих юм их байна. Миний хүү хурдал, хурдал гээд гэрлүүгээ орлоо. Дугар цэргийн гурван жилд сурсан заншлаараа ухасхийн босоод хормын зуур өмд, гуталаа өмслөө. Тэгээд гантай уснаас шанагаар

хутган толгой цээж рүүгээ асган угаалаа. Сайхан хүйтэн усанд бүр сэргэсэн Дугар цамцаа өмсөөд гэртээ орлоо. Хүүгийнхээ хуриманд бэлдээд хэдэн өдөр, шөнө хугас нойртой, амсхийх завгүй өнгөрөөсөн

эцэг, эх нь бараг зэрэг алжаасан дүртэй боловч хэн хэнийх нь нүүрэнд баярын мишээл тодроно. Ихэд санасан ганц хүү нь цэргийн албанаас ирсэний баяр, голомт залгах ганц хүүдээ эхнэр авч өгч гэрлүүлэн айл орон болгон гаргаж байгаагийн давхар баяр тохиож байгаа тул аав, ээж хоёрт нь ядрал нь хүртэл жаргал болж байх шиг санагдана. Ээж нь аяга дүүрэн мэлтэрсэн сүүтэй цай аяглаж өгөөд, өмнө нь тавагтай идээ, чанасан хүйтэн мах дөхүүллээ. Аав нь хоймороо завилан суугаад гаансаа хөхөн тамхилж, зовхи нь унжсан давхаарлаг нүдээрээ хүүгээ үе үе ажин сууна. Түүний буурал сор суусан живэр сахал нь дээд уруулыг нь даган унжиж, гаансаа хөхөх тоолонд нь завжинд нь сахлынх нь үзүүр сэрвэгэнэн хөдлөнө. Дугар аягатай цайндаа мах хөшиглөн идэж суув. Тэгээд бүгд цайлж дуусмагц аав нь, -За хүү минь, хамт гаръя. Тахилын овоондоо мөргөе гэлээ. Дугар дээлээ өмсөөд

гэрээс яаран гарахдаа зүүн талын орон дээр цомцойн суугаа Цэвэл рүү нүдний булангаар хальт хараад гарлаа. Цэвэл доошоо харан суусан тул урт сормуус нь чичигнэх нь харагдав. Ингээд Дугар хоёр морь эмээллээд аавынхаа хамт хойд талын толгойг өгсөн шогшуулав. Тэр хоёр явсаар тахилын овоондоо хүрлээ. Аав нь өврөөсөө идээ, будаа гарган өргөөд хоёул овоогоо тойрон залбираад газар зэрэгцэн сууцгаалаа. Аав нь тухтай завилан суугаад мөн л гаансаа гарган тамхилж эхлэв. Ингээд тухлаад эхлэхээр нь Дугар “за, аав надтай нэг юм ярих нь дээ” гэж бодлоо. Үнэхээр ч аав нь тамхилж дуусмагц гаасныхаа толгойг цохилон цэвэрлэж, гутлын түрийндээ шургуулаад хүү рүү гээ харан, -За миний хүү, чи одоо том эр боллоо. Аав, ээж хоёр чинь чамайг цэргээс ирэв үү үгүй гэрлүүлэх болсны учрыг чи гадарлаагүй гайхаж байгаа байх. Эрийн цээнд хүрч, өнөөдрөөс эхлээд айл орон толгойлох болж байгаа чамд аавд нь хэлж, захих үг байна гээд яриагаа эхэллээ… Нутаг нугын хүмүүс, ахан дүүсийг цуглуулсан

найр хурим ёстой л аавынх нь санасанаар гол усыг доргиулан нижгэр сайхан боллоо. Намар цагийн айраг архи, идээ цагаа бялхан, өвсний сөлөнд шимжсэн тарган иргийн ууц цайран, чихэр боов найрын ширээ дүүрэн алгалана. “Хүний ганц хүүгийн хурим аргаггүй дээ” гэцгээн авгай хүүхнүүд шивнэлдэнэ. Саяхан цэргээс халагдаад ирсэн залуус малгайгаа ар шил рүү гээ дарчихаад, дээлийн ханцуй сугалдраглан, цээж ханхайн сууцгаахад охид хүүхдүүд бие биенээ нудран дохилцож айлгүйтэнэ. Өвгөдийн үг, ерөөлийн хадаг урсан, шинэхэн голомтын гал бадран аслаа. Шөнө дөл болж найр шингэрэн хүмүүс зүг зүгт тархан одож, үлдэх нь үлдэхэд хүмүүсийн сонирхон сонжсон харцны дор өдөржин суусан шинэ бэр, Дугар хоёрыг гэрт нь үлдээн найрлагчид гадаалцгааж, найр аавынх нь гэрт үргэлжиллээ. Өчигдөрөөс хойш түүн рүү айльгүйтэн харж, өдөр найран дээр нэг их бишүүрэхсэн шинжгүй нүүр хагарсан байдалтай Дугарыг түшин суусан Цэвэл шийдэмгий босоод ороо засч эхлэв. Ингэхэд нь гайхсан Дугар амаа ангайн суулаа. Цааш харан ор засах Цэвэлийн чилгэр

нурууг даган сүлжмэл урт хар үс нь мушгиралдан унжиж, жавхайтал бүслэсэн тэрлэгний цаанаас гоолиг галбир нь тодроно. Ороо засч дууссан Цэвэл, Дугар луу эргэн хараад, -Та унтахгүй юмуу. Ингээд л намайг хараад суугаад байх юм уу гээд жийтгар нүдээ солбилзуулан харав. Дугар “Энэ чинь бүр шийдчихсэн амьтан шив дээ хц” гэж бодсоноо, “Үгүй тэгээд аав, ээжүүд маань тохироод нэгэнт л бид хоёрыг эр, эм болгон ханилуулж байгаа юм чинь шийдэхээс ч биш яах вэ дээ” гэж бодлоо. Цэвэл цаашаа харан зогсож тэрлэгээ тайлаад цагаан пансан бошинзтойгоо үлдэв. Тэгээд буруу харсан хэвээр үсээ үзүүрээс нь задалж эхлэв. Лааны гэрэлд нимгэн пансны цаанаас нэвт гэрэлтэн алдах нуруу, хондлой нь гараа хөдөлгөх тоолонд нь гүрвэлзэн хөдлөхөд нь Дугар тэссэнгүй ухасхийн босч очоод араас нь тэвэрлээ. Зориг муутайханаар тэврэн авсан Дугарын гар гал шиг төөнөн бие нь жирс жирс хийх шиг болоход Цэвэл сулхан дуу алдаад

гар дотор нь бултран эргэж Дугарын цээжинд наалдав. Дугар, Цэвэл хоёрын халуун залуу биес нэг нэгнээ мэдрэн таашааж, арга билгийн жамаар орчлонгийн цэнгэлд умбан уусаж эхэллээ. Жолоогүй хүсэлд цаламдуулсан тэд шинэ гэрийн эргэн тойронд хадан буй найрын шуранхай, хүмүүсийн инээд хөгжөөнийг анзаарах ч сөхөөгүй болжээ. Ингээд нэг нь эм бие нь боловсрон дэлгэрч буй, нөгөө нь эр бие нь урган бядажсан Дугар, Цэвэл хоёр хорвоогийн үйлийн амтанд автан цэнгэлийн дээдийг эдлэх болов. Хүү нь эхнэр авснаасаа хойш гэрээсээ хамраа ч цухуйлгахгүй шахам арваад хоноход эцэг, эхийнх нь санаа зовниж эхлэв. Урьд өмнө биесээ огт хараагүй явсан хоёр хүн ийм амархан ижилдэн дасаж байгаад нь баярлавч, хүүгээ эхнэрийн хормой сахисан амьтан болуузай гэж бодох болжээ. Цэргээс ирмэгцээ нутаг нугын айлуудаараа ч орж амжаагүй гэрлэж, хуримласан Дугар айл амьтан, ах дүүсийнхээрээ оръё гэх нь байтугай тэр тухай бодох ч

сөхөөгүй байх шиг байхад нь эцэг, -Хүүхдүүд минь нутгийн ах дүүсийнхээрээ зочил. Цэвэл манайд ирээд гадуур яваагүй. Охинд нутаг орноо ч танилцуул гэж зарлигдав. Ингээд хос буурал морь унаж, ижил усан цэнхэр өнгийн дээлээр гоёсон Дугар эхнэрээ дагуулаад мордлоо. Тэдний замд Дугарын найз Дамчаа, Банзар хоёр таарав. Дамчаа морин дээрээ хөндлөн сууж, завжиндаа зуусан дэрсний үзүүрийг шилэмдэн бүлтгэр нүдээ дүрлийлгэн инээж, Дугар, Цэвэл хоёрыг тохуутай хараад, -За, Дугар сайн уу. Хатантан аа дагуулаад хаа хүрэх нь вэ. Цэргээс ирмэгц үеийн биднээ тоож хараагүй хүн одоо нэг ичээнээсээ цухуйсан байх чинь вэ. Танай найран дээр нохой гурав харагдтал ууснаасаа хойш бид хэд чинь гэрийн бараа хараагүй л явна. Нутаг, нугадаа ирснийх гэсэн шиг дураараа дургиж явнаа бид. Харин миний найз чинь аргагүй нэг гэрээс гарч, гэдэс алдаагүй бас хажуугаар нь зүгээр ч байгаагүйнх нүүр нь малийгаад л аргагүй нэг өнгө засчихаа юу даа аан хэмээн ангайртан инээхэд Банзар, Дамчаагийн дагз руу

ташуурын үзүүрээр ёвроод Цэвэл рүү харж, -Манай энэ угийн ийм хүн байгаа юм гэснээ, -За хамгийн ойр байгаагаар нь та хоёр манайд эхэлж очин оо гэснээ дараа нь энэ Дамчаагийн орд цагаан өргөөнд морилоно биз гэцгээн инээлдэн явцгаав. Тэд энэ тэрийг ярилцан зуузай холбон явцгаахад Цэвэлийн хажууд нэг алхамын ард хоцорсхийн алхуулсан Дамчаа буурал морины торгон жороонд үл мэдэг хайвалзан бамбалзах Цэвэлийн хондлой, тэрлэгний хормойгоор чавцартал ороосон зузаавтар гуя, гутлын түрий дээгүүр цухалзан харагдах эрээн булчинг нь ширтэн хэсэг явснаа өөрөө ч мэдэлгүй шүлсээ гүдхийтэл залгисандаа сандран бантсанаа мэдэгдэхгүй

санаатай юу ч болоогүй юм шиг хоолой засав. Уулзсандаа баярлан яриа халсан Дугар, Банзар хоёрын хэн нь ч түүний саяын байдал болон Цэвэлийн, морины явдалд сугсран бондолзох энгэр цээж рүү шүлэнгэтсэн харцыг нь анзаарсангүй. Харин харгиа ихтэй гол гатлацгааж байхдаа Дамчаа сандрагч дүр үзүүлэн мориороо Цэвэлийг зориуд шахаж, өвдөгнийхөө үзүүрээр гуяыг нь шүргэлэн өнгөрөхөд нь Цэвэл жийтгар нүдээрээ түүн рүү хальт буландан харахдаа уруулынхаа булангаар үл мэдэг инээвхийлэх шиг болов. Дамчаа түүнийг шүргэн өнгөрөхдөө “Бурхан минь. Энэ Дугар азтай золиг юм аа. Энэ сайхан амьтныг эхнэрээ болгож байдаг. Дугарын эцэг аргагүй

эмд нүдтэй хүн юм. Энэ Дугар өөрөө бол маанайчихаад ийм эхнэр авах байтугай, олж ч харах сүйхээгүй хүн. Энэ охин нялхаараа шахуу байж, ийм сэтгэл гижигдсэн дамшиг байгаа юм чинь. Бүр байрагшаад ирэхээрээ ямар амьтан болох бол” гэж бодоход хамаг биенийх нь бүх нүх сүвээр халуу дүүгэх шиг санагдан байж ядахдаа эмээл дээрээ дэмий л займчин хөдлөв…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *