Нүүр Өгүүллэг “ТООНО ГЭРЭЛТҮҮЛСЭН ДӨЛ” тууж “14-Р ХЭСЭГ”

“ТООНО ГЭРЭЛТҮҮЛСЭН ДӨЛ” тууж “14-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
921

Дааман хаалганы хаагдах чимээ цочтол тар нярхийн дуугарлаа. Яг ар нуруун дээр шүү. Хөл доорх сул элс хойшоо нурж, эцэнхий ноомой алхааг нь чангаан татах шиг болов. Эсгий бүрээстэй гэрийн хаалга рүү

чиглэн, тэр чигээрээ явсаар тулж ирлээ. Элин эрт цагийн буурал салхи үүд хөндөлсөөд хориглох шиг болов. “ Үгүй, чи ирэх ёсгүй. Чи тийм нүүртэй хүн биш!” гэж цухалдуу шивнээд, хаалганы хатавч таглан,

хамаг байдгаараа чаргууцалдан зууралдах мэт санагдлаа. Хөх салхийг хойш нь яраад, Очиржанлав орж явчихлаа. Нүүрнээс халуу дүүгж, сармай аргалын үнэр хамар цоргилоо. Хамгийн эхлээд хоймрын нар

нүдэнд тусав. Гэрэлд тавьсан хув аяга ширээн дээр гав ганцаараа. Цоохор хулдаасаар өнгөлөн бүрсэн жижиг хүрэн ширээний хажууд Бурамжав цомцойн сууж байлаа. Цайгаа уугаад дууссан бололтой.

Ганц аяга ширээн дээр орхиод, түүнийгээ ширтэн сууснаа зогтусав. Сүр сархийн орж ирсэн жигтэй гийчнийг хоймор өөд урин заллаа. Ширээгээ түшин өндийн сууснаа цай аягалан барихаар халуун саваа

ойртуулан зэхэв. Орж ирсэн эрхэм зочин үүднээс хойморт гаралгүй хөвхний хажууд зогсоод л байлаа. Бурамжав тооноор туссан нарны гэрлийг яран, үрчгэр гараараа үүд рүүгээ саравчлан харлаа. Санчигны туг үс нь шанаа руу нь будран унаад, сайх өвгөнийг сайн таньсангүй. Үсээ хойш нь илээд, дахин сайн харав. Бас таньсангүй. Буурал толгойтой дэнхгэр өвгөний инээмсэглэхийг нь харснаа гэнэт гайхлаа. Тэрээр тавагтай идээгээ ширээн дээр буцааж тавиад, аяганы алчуураа өр шал руу унагачхав. Өвдгөө тулан босож ирээд, баганыхаа хажууд бөөвийн зогслоо. Жаран жилийг өчиггүй туулсан үйлийн үр нь эмгэнийг аргадан босгов. Ааглаж хүлсэн амьдралын хатуу тэмцэл нь түүнийг түшиж босгов. Жаран жил салхи наранд гандсан үрчгэр хөх нүүр нь үнэнийг эрэн босов. Жаран жил туулсан хорвоогоос гайхширал лавлан бослоо. – Энэ чинь… Хэн билээ? Тэрээр амандаа

бувтнаснаа урагшаа ганц алхаад, дахин сайн ажиглалаа. Очиржанлав гэрийн зүүн талаар өгсөөд, өөдөөс нь тосож очив. Зовлон жаргалын үр төлөөс бие биеэсээ өрсөх шиг хоёр хоёулаа хар цагаан өнгөөр харгалдан бууралтжээ. Хоёр буурал өөд өөдөөсөө ширтэн ойртож ирлээ. – Сайн байна уу? Бурамжав аа! Би Очиржанлав байна аа гэхэд Бурамжав урагшаа алхаад, үг сүггүй тэврэн авлаа. Очиржанлав тохойноос нь өргөн хэсэг зогсов. Цаг хугацааг эвхэн, сайн мууг хуйлах шиг чив чимээгүй нэлээн удлаа. Уйлахыг энд сүр бадруулан бичихээ болилоо. Ямар ч гэсэн дөчин гурван жилийн дараа Очиржанлав Бурамжав хоёр ийнхүү уулзжээ. Бурамжав Очиржанлавыг хөтлөн явж, баруун хоймортоо гаргаад сандал авч өгөв. Очиржанлав модон сандал дээр суугаад, жижиг цүнхээ орны хөл түшүүлэн тавилаа. Бурамжав Очиржанлавын дээрээс тонгойн зулай дээр үнсээд, толгойг нь илэв. – Сайн явж ирэв үү? Ингээд гэнэт ирнэ гэж санасангүй.

Үнэнийг хэлэхэд чамайг мартаад дөчин жил болж байна. Үе үе зүүдэнд ордог байснаас цаашгүй болсон байлаа шүү дээ. – Сайн явж ирлээ. Сайн сууж байна уу? Бие тэнхээ сайн биз дээ? – Бие сайн. Ганцаараа л ингээд байж байна даа. Өөрийгөө додомдоод сууж байна. Чи хотоос ирэв үү? – Тийм ээ. Би хотод байгаа. Чиний сургийг өчигдөр дуулаад, байгаа газрыг чинь заалгаж авлаа. Өглөө эрт үүр цүүрээр наашаа гарлаа. – Манай сум хотоос бас гайгүй ээ. Зарим нь гурван цаг л давхидаг гэнэ. Зарим нь аажуу уужуу яваад ирдэг бололтой. Бурамжав бор цай хийж, боорцог дөхүүлэв. Борцтой хоол хийхээр бослоо. Очиржанлав цай ууж, боорцог дэвтээж аваад, гадуур хувцсаа тайлан суулаа. Бурамжав зангидсан гарын чинээ гурил зуурч, борц нүдэж дэвтээлээ. Тэрээр: – Би өглөө л гал түлдэг. Өдөр гал түлэлтгүй. Одоо ингээд нар шарна. Гэхдээ зун цаг сайхан шүү. Манай хоёр хүүгийнх ногооны талбайд. Би хааяа тийшээ очдог. Одоо тэгээд гэртээ бүгэх нь их болжээ. – Энэ хавийн айлууд ногооны талбайгаа дагаад, хол хол буужээ. Сайхан л харагдаж байна. Хэн хүнгүй хөдөлмөр

зүтгэлээрээ амьдарна шүү дээ. – Манай сумынхан ногоо их тарина аа. Улсын төлөвлөгөөт засгийн үед тариалангийн манлай байсан газар. Одоо ч тэр хэвээрээ. Айл болгон л ногооны талбайтай. – Тэгвэл сайхан шүү. Сум бүр тийм баймаар байгаа юм гэлээ. Бурамжав Очиржанлаваас. – Чи хотод суугаад байгаа хүн үү? гэж асуулаа. Очиржанлав: – Би далан гурван онд хотод ирсэн. Цэргээс ирсэн зунаа өнжөөд, намрын эхээр хотод ирж байлаа. Далан таван онд гэрлээд, гурван эрэгтэй хүүхэдтэй болсон гэхэд Бурамжав: – Манайх хоёр хүү, нэг охин…. гэснээ хоолой нь зангиран чимээгүй боллоо. Очиржанлав: – Хүүхдүүд бага нь хэд хүрсэн бэ? гэхэд Бурамжав ганц ширхэг сувдан нулимсаа сэм арчаад, ширээний шургуулганы төмөр бариулаас оролдон сууснаа: – За байз!… Том нь гуч хүрч байна. Бага нь хорин наймтай. Хоёулаа ногоочин болсон. Хоёр идэхгүй хоосон хонохгүй, хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр тэгээд болцгоож л байна даа. – Тэгнэ ээ. Эрхлэх хөдөлмөр, үйлс зорилго нь байхад тэр чинь жаргал. – Ноднин хоёр дахь ач төрсөн. Энэ жил нэг төрсөн. Гурван ачтай л

болсон доо гэв. Очиржанлав: – Манай гурван хүү гурвуулаа гэрлэсэн. Том нь хоёр хүүхэдтэй. Нөгөө хоёр нь нэг нэг хүүхэдтэй. Амралтын өдөр ирж, баахан ноололдож байгаад явцгаадаг. – Ээ хөөрхий… Түмэн амьтны үйл хэрэг бүтэлтэй л байгаасай. – Бас нэг өнчин хүү өргөн авсан. Одоо хорин нэг хүрсэн. түүнтэйгээ л байдаг. – Ээ хөөрхий… Овоо доо. – Эхнэр маань гурван жилийн өмнө өөд болсон. – Ээ тэнгэр минь… Нас нь болоогүй л хүн байж дээ, хөөрхий… – Гэнэтийн хүнд өвчнөөр явсан. Амьдрал ийм юм даа. Хоёр дүү маань хань болж, хааяа ирж очоод л байна. – Ишш хөөрхий. Долгормаа Дамбаа хоёрыгоо мэдэлгүй яах вэ. Сүрхий чамбай хүүхдүүд байсан даа. – Бүгд сайн яваа. Долгормаа Дарханд байгаа. – Тийм үү? гэлээ. Бурамжав сайхан борцтой хоол хийгээд, дунд гарын аяганд аягалан Очиржанлавт барилаа. Өөрөө хув аяганыхаа талаар хийгээд ширээн дээр тавив. Сэтгэл бодол нь уймарч байгааг Очиржанлав хэдийнээ анзаарч байлаа. – Энэ жил эрт бороошсон уу? – Сайхан хавар байсан шүү. Эрт

орсон тулдаа ийм сайхан ногоорч, дэлгэр зун айлчиллаа. За тэгээд… Би хожуу хойно хүнтэй суугаад бас л ганцаараа үлдсэн. Би тусгай хатуу тавилантай хүн дээ. Ээжийгээ дагуулаад, Сангийн аж ахуй бараадан нүүж ирэхэд жаран найман он байлаа. Нэг өвгөн ламын төөргөөр явж ирлээ. Даруй нүү л гэсэн. Ээжийг авчраад, хот руу авч явахын зуургүй л өнгөрсөн. Би жирэмсэн болсноо дөнгөж мэдээд, хажуугаар нь ээжийгээ нутаглууллаа. Хар багаасаа юм юм үзсэн. Ээжийгээ өрөвдөж, өдөр бүр уйлавч хүүхдээ бодоод бас баярлан дэгэлзээд л…Чи төсөөлж байгаа байх даа. Дөрвөн дүү маань бүлтийтэл өнчин хоцорсон шүү дээ. Аав минь хатсан үдээр шиг амьтан үлдсэн. Би нутагтаа байсан бол арай дээр байх байлаа гэж бодоод л байлаа. Буцаж нүүх аргагүй. Буурал аав ээж аав хоёр бас манайхыг дагаж ирээд, насны бөгсөнд сэтгэлийн шаналгаатай хүмүүс хорвоог орхисон гэв. Очиржанлав уртаар санаа алдсанаа: – Намайг техник мэргэжлийн сургуулиас ирэхэд буурал аавынх чинь хашаагаа зараад нүүсэн байсан. Тэгээд чиний сургийг алдсан даа. – Тийм ээ, ээжийн бие

өвдөөд, манайх гэдэг айл сүйрсэн. Буурал аавынхаа хажуу хаяанд байсан тулдаа л бас аргатай байв. Хүний газар эхний таван жилдээ чанга юм билээ. – Харин тийм ээ, нутагтаа байсан бол хамаагүй дээр байхгүй юу даа? Ядаж хоёулаа төөрөхгүй л дээ. – За тэгээд, хүн жаргал даахгүй зовлон даадаг гэдэг үг бий дээ. Зовлонг бол даасан. Чамайг л бодсон хүн. Ирэхээр нь хүүхдийг нь эсэн мэнд төрүүлээд хүлээж байя. Чамайг ирэнгүүт амьдрал сайхан болно гэж итгэсэн хүн л байлаа гэв. Очиржанлавын нүүр хүрэнтэж, гэмшиж халаглаад, дэмий л ярихыг нь чагнан нам суулаа. Бурамжав: – Сайхан охин төрүүлээд алдсан гэлээ. Тэрээр орныхоо хажууд хөлөө жийн хэсэг суулаа. Толгой дээрээ зангидсан алчуураа мултлан аваад, үсээ хойш нь боолоо. Алчуураа өвөр дээрээ дэлгэн тавиад, гурвалжлан нугалаад, дахин боолоо. Илүү гарсан үсээ цаагуур нь далдлан янзлаад, урт гэгч шүүрс алдав. Цурхиран уйлахаа аядан: – Би хүүхэд өсгөх байтугай хэдэн дүү нараа яаж хооллох ухаанаа ч олохгүй байлаа. Амьдрал цагаа тулахаар үнэхээр хатуу. Бүр онцгой хатуу тийм үеүд байдаг юм билээ. Аав

маань шинэ нутгаас бас нэг авгай олоод, түүнийгээ дагаад явчхав аа. Биднийг хөгшчүүлийн хаяанд санаа амар хаячхаад явсан даа. Хачин тэнэг хүн шүү, муу аав минь. – Одоо дөрвөн дүү чинь сайн уу? – Бүгд болж яваа. Бор амьдрал л бидний хувьд болж байгаа нь тэр. Анхнаасаа ядар зүдэр өссөн хүүхдүүд яг тиймэрхүү жаягаараа амьдрал туулдаг. Нэг бодлын амар. Хоёр нь хөдөө мал дээр. Гэхдээ одоо бас цаг үе сайхан болжээ. Хүмүүсийн амьдрал дээшилсэн. – Харин тийм ээ. Хөдөлж байвал л амьдрал тэр шүү дээ гэж Очиржанлав хэлээд сандлаа түшин газар суулаа. Бурамжав хоолой засан: – Очиржанлав минь чамд хэлэхгүй өнгөрөх арга алга. Одоо нэгэнт өнгөрсөн асуудал. Гэхдээ чи бид хоёрын зураг төөрөг ийм л тохиолоор өнөө хүрэх ёстой байжээ. Үнэнийг хэлэхэд би чамайг үхэж үрэгдсэн гэж дуулсан юм аа. – Тийм үү? Яахаараа тэр билээ? – Чи Дулмааг мэднэ дээ. Зүүн энгэрээс гүйж явдаг нэг цоохор охин байсан даа. – За тийм манай Долгормаагийн ангийн хүүхэд юм гэсэн. – Далан нэгэн оны үед дээ. Чи цэргээс ирэх арай болоогүй байсан. Би битүүхэндээ хоног сар тоолоод л байдаг

байлаа. Цэргээс халагдаад ирмэгц нутаг руугаа ухасхийнэ гээд л дотроо боддог байв. – Би далан гурван оны хавар халагдаж ирсэн. – Тийм байх. Нэг өдөр Дулмаа манай Сангийн аж ахуйд ирлээ. Очиржанлав цэрэгт яваад осолд орж, бие нь байхгүй болсон. Ээж нь энэ захиаг өгүүллээ гэсэн. Би өнөөх захиаг аваад, хоёр сар гаруй галзуу хүн шиг хүн явлаа. Охин маань гурван ой дөхөж байлаа. Амьдрал маш хэцүү. Би зооринд ногоо ялгадаг хар бор ажилтай. Оройд тамиргүй болсон хүн л гэртээ ирнэ. Мах байхгүй. Ногоогоор лавдаад хоол хийнэ. Мөнгө байхгүй. Амьтан хүнд зарагдаад ногоо л авна. Өл залгах төдий. – Тэр Дулмаа чинь галзуурсан хүн үү? Юу хийж солиорч явдаг байна аа гэхэд Бурамжав Очиржанлавыг гүйлгэн харснаа: – Бие чинь зүгээр үү? Осол аваарт орсон юм биш үү? – Үгүй үгүй. Зүв зүгээр халагдаж ирсэн шүү дээ. Ээж маань тэгээд захиандаа юу гэж бичсэн байж вэ? – Хүү маань золгүй байдлаар амиа алдлаа. Чи эргэж ирэх хэрэггүй. Өөрийнхөө амьдралыг бодоорой гэсэн утгатай зүйл л байсан. Дулмаа намайг уйлахаар дагаж уйлаад, цайны газар орж хоол авч өгсөн санагдана. Би хоолыг нь идэж чадаагүй. Буурал аав ээж хоёр минь

уйлаад, бөөн юм боллоо. Тэр жилийн хатуу хүндийг тоочимгүй. – Мөн хачин хүн ээ. Манай ээж тийм захиа явуулахгүй л дээ? – Тийм ээ? Дулмаагийн хийсэн ажил. Би дэндүү хууртсан байна аа. Тэгээд л хэдэн дүүгээ тэжээх гэж элгээрээ газар мөлхсөн. Эмнэлгийн асрагч, дэлгүүрийн цэвэрлэгч, нэгдлийн галч гээд хаана л орон тоо гарна тэнд ажиллана. Хийгээгүй ажил байхгүй. Сүүлдээ ногооны талбайд олон жил болсон. – Охин маань байгаа биз дээ? Бурамжав Очиржанлаваас халган хойшоо суугаад, ингэж хэлэв. – Хэзээ нэгэн цагт чамайг охиноо нэхэн ирнэ гэдгийг мэдсэнгүй. Ер нь би үхэх хувьтай. Би чиний өмнө асар муухай үйл хийжээ гээд уйлж эхэллээ. Очиржанлав дуугарсангүй. Яг юу асуухаа мэдэхгүй байлаа. Бурамжав хэсэг уйлснаа: – Би гэдэг хүн гурван дүүгээ арайхийж хичээл сургуульд оруулж, олны хүчээр бөөцийлж явдаг байлаа. Буурал ээж маань нас өндөр хүн. Чи юу андах билээ. Удахгүй бас л тэнгэрт явсан. Тэгээд би тэр нэгэн гайтай өдөр хөөрхий охиноо хүнд өргүүлчхэж билээ. Одоо хүртэл үстэй толгойгоо зулгааж явдаг даа. Очиржанлав минь! Дээрээс нь чи ирлээ. Би орчлонг яаж барах билээ? Очиржанлав Бурамжавыг түшиж босгон, орон дээр нь суулгаад, нулимсыг нь арчиж өгөв. Гарыг нь

атган тайвшруулаад: – Охинтойгоо л уулзахад болоо шүү дээ. Хүн уйлах юм болоогүй хө. Сайн сайхан учралууд дөнгөж эхэлж байна шүү дээ. Бүү уйл! Бурамжав хэсэг дуугүй сууснаа: – Би охиноо одоо олох болов уу? Их л хүлээлээ дээ. Тээр жил… Манай буурал ээжийг хөдөөлүүлээд буурал аавтай бид хэдүүлээ байлаа. Тэр өвөл жигтэйхэн зудархуу өвөл болж билээ. Түлээ мод муутай бид нэг гэртээ орж өвөлжсөн. Аав санаагаараа хоёр үхэр тэрэг бургас ачиж авчраад явсан. Нэг өдөр манайд хоёр хүн ирлээ. Үр хүүхэдгүй гээд одоо бодоход дөч гаруй насны хүмүүс байсан даа. Мөнгө төгрөг хадаг самбай өгөөд л охиныг маань гуйсан. Тухайн үед дөнгөж хорь гаруйхан настай байлаа. Гэнэн тэнэг ч юм. Хууртаад өгчхөж билээ. Хатгаа аваад хүндрүүлчхээр, үхүүлчих гээд үнэхээр хэцүү жил байсан юм. Муу охин минь үстэй дээлэнд унтаад явсан шүү дээ. Ингэж ярьсны дараа Бурамжав биеэ барих чадваргүй боллоо. Очиржанлав хажуунаас тэврэн суугаад тайвшруулав. – Зүгээр ээ. Бурамжав аа. Хоёулаа охиноо олно. Хамаг юм надаас боллоо. Би гэдэг өгөр толгой үхчихгүй яав аа. –

Чи биш би. Даанч яав даа. Харамсал дагах шиг хатуу тавилан хаа ч байхгүй. – Тэр үнэн. Гэхдээ харамслаа тайлж, нүгэл наминчлах арга зам бий. Би чамд охиноо олж өгнө өө. Одоо чинь тэр үеийн балар цагаас өөр шүү дээ. – Жаран найман оны өвөл төрсөн хүүхэд. Одоо дөчин хоёртой хүүхэн байгаа даа. – Олж болно. Одоо битгий уйл. Ийм сайхан учралыг нулимсаар будаад хэрэггүй. Бие чинь өвдчихвөл яана? – За ойлголоо. Дулмаа гэдэг тэр ёр дагуулсан муухай хүн яах гэж биднийг хутгав даа. – Хай хог. Ёстой хачин юм. Чөтгөр бүү мэд. – Би ямар их итгэсэн гээч. Ээжийн чинь захиаг хараад өрөвдөөд байж билээ. Чамайг хаваржин зүүдэлсэн. Ногооны талбайд зогсож байхдаа нүүдлийн шувуудын араас ширтээд зогсож байдаг сан. Хүмүүс намайг зандраад л. Буцах шувуудын араас ширтэн харж болохгүй л гэдэг сэн. – Ай хөөрхий амьдрал аа гэж? Ингэж хэлээд Очиржанлав энгэрийн халаасаа уудлан, өнөөх даавуугаа гарган ирлээ. Бурамжав түүнийг шүүрэн авснаа нүүрэнд нь баярын мишээл тодорлоо. Тэрээр баясан хөөрөөд, авдар руугаа мөлхлөө. Авдраа ухаж сууснаа модон хайрцагнаас хадганд боосон даавуу гаргаж ирлээ. Нөгөө талыг гаргаж

ирээд, ширээ рүүгээ дөхөв. Ширээн дээрээ очоод хоёр талаас нь нийлүүлэн дэлгэлээ. Тэрээр баярлан: – Юм гэдэг учиртай байна шүү. Үүнийг ингэж нийлнэ гэж мэдсэнгүй. Би нийлүүлээд оёчихъё! Одоохон! гэлээ. Тэрээр үйлийн хайсаа төнхөн, зүү сүвлэн, хоёр даавууг нийлүүлэн оёлоо. Амыг нь нугалан ахиж хөврөхөөргүй цэмбийтэл оёод дээр өргөн харууллаа. Өөд өөрөөсөө бөхийсөн хоёр цэцэг өнгө жавхаа нийлүүлэн амилжээ. Тэрээр өнөөхөө орон дээрээ дэлгэн тавиад, хэсэг харав. Ширээ рүү дөхөж суулаа. Тэгснээ: – Охиныг минь өргөж авсан айл тааруу хүмүүс юм аа. Эсвэл асар хол нүүсэн байх. Охин маань намайг яагаад хайхгүй байгаа юм бол оо? гэв. Очиржанлав: – Над шиг ингээд төөрчихгүй юу даа. Хаа нэгтээ сайн яваа нь дамжиггүй. Чи сана. Аль нутгийн хэн гээч хүмүүс байсныг? – Одоо бодоход манай аав л өргүүлэх санааг нь түлхэж өгсөн байх. Намайг л бас бодохгүй юу даа. Өдий хар багаасаа хүүхэд маллаж

чадахгүйгээр байна гэж бодсон байх. Тэр ханилсан эхнэр нь ч зааж өгсөн байх. Би хүүхэд байсан болохоор элдэв зүйл асуугаагүй. Аав маань дараа нь намайг аргадан “Чи дахиад л хүүхэд гаргана шүү дээ. Чиний энэ байгаа байдал биш ээ. Гай болоод хатгаа аваад, өвчин тусчихвал хүүхдээ эдгээж чадахгүй. Өргөж авсан айл бол маш сүрхий мундаг хүмүүс байгаа. Ядаж тэнд өлсөхгүй даарахгүй” гээд байсныг л мэддэг. Очиржанлав толгой дохиод ингэж асуув. – Аавтай чинь сууж явсан тэр авгай байдаг уу? – Очиржанлав минь бид хоёр жар хүрчхээр одоо хэн байх билээ. Би тухайн үедээ асуудаг л байсан “Мэдэхгүй ээ! Би хүүхдийг чинь хүнд өгүүлсэн биш! Яахаараа надаас асуудаг билээ?” гээд зандарчихдаг. Тэр болгон таараад байхгүй. Сүүлдээ зүүн тийшээ нүүгээд явсан. Эргэж уулзаагүй дээ. – Бурамжав минь одоо тайвшир. Бид чинь юм юмны ая даахгүй өтөлчхөж. Ингээд уймраад байвал бие өвдөнө. – Тэгье ээ. Би дэлгүүр рүү яваад ирье. Чи сууж бай. Жаахан мах олж ирье ээ. – Үгүй чи сууж бай. Би дэлгүүр орно. Чи даамангаа онгорхой орхиорой. Би машинаа оруулж тавина аа. Чамтайгаа хоёр хоноод буцъя даа. – Аан тийм үү? Очиржанлав босоод гэрээс гарлаа.

Үдийн нар толгой дээрээс төөнөн угтав. Өвгөнд баяр хүргэх шиг солонгон цацрагаа тойрог тойргоор илгээлээ. Нүд гялбаж явсан өвгөн нарны шилээ зүүгээд, машиндаа орлоо. Бурамжав дааман хаалгаа дэлгээд, үүдний хэсгийг зайчлан, том чулууг ийш тийш шидэж байгаа харагдав. Тэр хоёр сүүтэй цай чанаж уугаад, шинэ махаар сайхан хоол хийж идэв. Очиржанлав авчирсан бэлэг сэлтээ өглөө. Бурамжав хөөрөн баярлаад, хөл газар хүрэхгүй гэгэлзэнэ. Яг л хүүхэд насны гэгээн хонгор үе шигээ инээж хөхрөн, хоёулаа удтал ярьж хөөрлөө. Бурамжавын хувьд оройтож гэрлэжээ. Хорин зургаа хүртлээ ганцаараа зүтгэн явж, хэдэн дүүгээ өсгөжээ. Далан зургаан оны үед нэг хүнтэй сууж, хоёр хүү төрүүлсэн байлаа. Хань нь бас л ажил амьдралын төлөө зүтгэж яваад, ойн түймэрт өржээ. Бурамжав “Наян зургаан онд байхаа. Айхтар ойн түймэр гарсан юм аа. Сумаас баахан хүмүүс дайчлагдаж яваад, зарим нь салхины дагуух голомт руу ороод, түлэгдэж амиа алдсан. Аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлээгүй, хүчийг нь сааруулаагүй, бэлэн байдлаа хангаагүйгээс болж хоёр

сайхан хүн амь насаараа хохирол амссан” гэж яриад алгаа хавсран залбирав. Очиржанлав Уламжаргалыгаа дурсан санаж, туулж өнгөрүүлсэн амьдралаа ярьж өглөө. Үр хүүхэдтэй, хань ижилтэй үргэлжлэх амьдралтай явж, ноён нуруугаа алдалгүй өдгөө ирсэндээ бие биедээ талархал илэрхийлэн сууцгаалаа. Өвлийн хүйтэн өдрийн өвдөг давсан цасан дунд бургас түлээ түүж, ногоо тарианы талбай дээр хавар намрыг элээж, хээрийн салхинд онгож, халуун наранд халж, өлсөж, цангаж, даарч, хөрч байсныгаа яаж хэлж барахав дээ? Хэдэн дүүгээ өсгөх гэж ганц биеэрээ зүтгэж явсан хатуу үе сайнаар эргэсэн. Дүү нар нь дор дороо сайн яваа. Хоёр хүү наймхан, аравхан насандаа өнчин хоцорсон ч мөн л зүтгэж явсаар хоолонд нь хүргэсэн. Гутал уллаж, дээл хийж, ногоо тарианы ажлаас нь хамжиж, ач нараа нь

харж хандаж, бусдын нэгэн адил зүтгэсээр яваа Бурамжав Очиржанлавтайгаа дотор онгойтол ярьж хөөрлөө. Багын зан яг хэвээрээ. Очиржанлавыг төөрөг тавилан төөрүүлснээс биш өөр юу ч өөрчлөөгүй байлаа. Өнөөх хэнэггүй Очиржанлав яг хэвээрээ. Хоёулаа үдэш болтол хүүрнэлдээд, өвөртөө орж унтжээ. Олон жилийн өмнө хүлээж байсан итгэл сэтгэл дэвтэж, орчлонгийн нэгэн хайр нялхрав. Бие биеийнхээ гарыг атгаад, өөд өөдөөсөө бөхийн унтацгаажээ. Хэн бүхэнд нигүүлсэл байдаг бол буянтай буурлуудыг минь өршөөгөөрэй! (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *