Нүүр Өгүүллэг “ТООНО ГЭРЭЛТҮҮЛСЭН ДӨЛ” тууж “7-Р ХЭСЭГ”

“ТООНО ГЭРЭЛТҮҮЛСЭН ДӨЛ” тууж “7-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
939

Айлаа маань, өргөмөл хүүгийн амьдралыг сонсоод, сэтгэл нь уймарчээ. “Ямар эр хүн гэхээрээ үр хүүхэд хань ижлээ орхидог байна аа? Дэргэдээ зүүгдэж хоцорсон үр хүүхдээ эх хүн л үнэнчээр тэжээж

явах юм даа, хөөрхий… Тэр бурхан болооч эх бүсгүй говийн хүн бололтой дог. Ээж аав, ах дүү муутай бүсгүй хүн байж үү дээ?” гэлээ. Очиржанлав: – Миний хүүг Бадрах гэдэг. Дараа дагуулж ирнэ ээ.

Бадрах маань ярихдаа эмээ өвөө нь говийн аймагт хоёр хүүхэнтэй айл байсан гэдэг. Хоёулаа өргөмөл хүүхдүүд гэсэн шүү. Бодвол өөр өөр айлаас, нэг нэг охин хүүхэд авсан бололтой юм. Том нь Бадрахын ээж.

Бадрах Дарханд төрж өссөн учраас сайн мэдэх зүйл байхгүй. Ээжийнхээ зан ааль, байгаа төрхийг л их ярьдаг. Даанч жаахандаа өнчирсөн хүүхэд л дээ. Манай гурав Бадрахдаа их сайн. Дундаа

оруулаад эрхлүүлж өгнө дөө. Хөгшин маань бие муу байхдаа Бадрахыг сайн харж хандахыг надад захисан л даа. Бадрахдаа л илүү санаа зовж байсан юм. – Эвий дээ. Эх хүний сэтгэл тэгэлгүй яах вэ? Хүний өөрийн

гэлтгүй алаг үр гэж бодохоор энэрч өрөвдөөд байж л дээ. – Тийм ээ. Айлаа, элдэв зүйлийг бодонгоо гэрийн хаалгаар ширтэн сууснаа гэнэт Дамбааг санав бололтой: – Дамбаа бас жоохон байсан шүү. Би арав төгсөөд, хот явснаас хойш их цөөхөн харсан. – Дамбаа маань дөнгөж сургуулиа төгсөөд ажилд орсон. Гуч хүрээд гэрлэсэн. Одоо Америк улсад амьдарч байгаа. Харийн нутагт арав гаруй жил болчихлоо доо бараг… За байз… Бараг, арван дөрвөн жил болж байна даа. Байн байн, утсаар ярьдаг. Дунд нь ганц ирсэн. Ирээд удалгүй буцсан. Ер нь гадааджаад Монголдоо тогтохгүй болчихдог юм билээ. Бид чинь утаатай ч гэсэн Улаанбаатартаа суугаад л байна. Гадаадад олон жил болсон хүн утаатай орчинд бүр төсөөрсөн байдаг юм билээ. Бушуухан л харих минь! гээд явдаг. Очсон хойноо нутгаа байнга санадаг. Хаашаа

ч юм бэ? Би л лав ойлгодоггүй юм. – Дэлхий ертөнц бөөрөнхий гээд хаа сайгүй өнхөрч явж болохгүй байх аа! Монгол хүн Монголдоо үлдэж, Монголоо хөгжүүлэх нь төрөлт хүмүүний учир ерөөл байх шүү. Эх орон нутаг ус нь иргэнээсээ юу нэхдэг вэ? Эх орныхоо хөрс шороон дээр төрж өссөн хүн эргээд өртэй юу? Бодох асуудлыг гол нь энэ юм. Айлаа нь бас гадаад руу гарсан ганц нэг ач, зээтэй. Тэгээд, энэ талаар таагүй бодолтой явдаг. Эх орон иргэнээсээ үйлс зүтгэл хүснэ. Бүтээл замнал хүснэ. Хүн бүр эх орондоо өртэй. Эх орон нь хүүгээсээ хүлээх зүйл их байдаг. Гэхдээ, өтөлсний сүүлд чирж авчирдаг сүнс сүүдэр л лав биш шүү! Манай нэг зээ охин арван жил гадаадад байгаа. Би нэг удаа ирэхэд нь үүнийг хэлээд, уйлуулж байлаа. “Өтөлсөн хойноо эх орондоо ирж ясаа тавина” гэхээр нь гэнэт омогдоод хэлчихсэн. Айлаа ингэж яриад, хэг хэг хөхрөн, орон дээрээ хэвтэж авлаа. Очиржанлав,

Айлаагаа аргадан: – Тэгж хатуу хэлж бас болохгүй л дээ. Гадаадад байгаа хүн бүр л зовлон жаргал туулж яваа. Монгол хүмүүсийн удмын сан тал тийшээ таржээ. Удам угсаа монголчуудын өмч. Гэтэл хаа сайгүй тархаж байна. Энэ нь төр засгийн бодлого, амьдралын түвшин, ажил хөдөлмөрийн үнэлэмж гээд маш олон асуудал бий. Эх орондоо хувь нэмрээ оруулж яваа монголчууд гадаадад олон бий. Ер нь хүн бүр л эх орноо хөгжүүлэх чин эрмэлзэл тээж явдаг биз ээ. Чухам энэ талаар зохицуулах төрийн бодлого, улс орны хөгжил их чухал шүү. – Чухам аа чухам. Хүн бүр адилгүй хүлэг бүхэн жороогүй гэдэг үг бий. Бодол санаа оюун ухаанаа эх орондоо зориулж яваасай л гэж хүсдэг дээ гэж Айлаа зөөллөн хэлж билээ. Их амьдралын дунд суурь асуудлууд мөн ч их байх юм даа. * * Дамбаа мянга есөн зуун наян хоёр онд гэрлэсэн. Энэ жил дөчин нас хүрч яваа шижигнэсэн сэргэлэн залуу бий. Хотод Техникийн Их сургуульд сурч, дулаан шугам

сүлжээний инженерийн мэргэжил эзэмшин, томоохон компанид нэлээн хэдэн жил ажиллажээ. Түүний эхнэр Должинбадам дэгжин сайхан бүсгүй бөгөөд нас чацуу. Хоёр хүүг нь төрүүлэн, арав гаруй жил нөхөртэйгээ ханилан суужээ. Эрүүл мэндийн хөтөлбөрийн томоохон төсөл дээр ажиллаж байгаад Канад улсын иргэн гэх Ирланд гаралтай сахал үсэндээ баригдсан, өндөр бахим залуутай жиг ургуулан, ааш зан нь хувиран, гэр орондоо ирэхээ больжээ. Хоёр хүү нь эхийгээ санаж уйлалдан, Дамбаа эхнэрээ аргадаж гуйх боловч сүүлдээ арга ядан утасдахаа больжээ. Нэг өдөр хадам эх нь ирж Дамбааг зандарч байгаад явжээ. “Өдий олон жил ханилж суучихаад, хань ижлээ дэргэдээ тогтоож чадахгүй, хоёр хүүхдээ өнчрүүлэн, амьдрал ахуйгаа алдаж байдаг яасан хүн бэ?! Чамд их учир байна. Арга эвээ олохгүй бол эртхэн мөр мөрөө хөөцгөө!” гэж баахан дүрэмдэж, башир дээрэлхэж байгаад явжээ. Хадам аав нь дагаж ирчихээд, хүний хүн шиг болсон байлаа. Учир нь олдохгүй мэлзэж,

бүлх залгисан мэт дуугүй суусаар гарч одоход нь Дамбаагийн дургүй хүрчээ. Дамбаа Очиржанлав ахындаа очиж гэр бүлдээ учирсан зовлон бэрхшээлээ дуулгав. Ах нь яриаг нь сонсож сууснаа: – Үр хүүхэд чинь хэцүүднэ шүү. Яаран шийд гаргаж болохгүй! Байдлыг ажиглаад, нэг жилдээ хэл чимээгүй ажил төрлөө хийгээд тэвч! гэж үүрэгдэв. – Долгормаа эгч нь мөн дуулаад “Байдлыг харзна. Хүүхдүүдэд чинь эх нь чухал!” гэж зөвлөжээ. Дамбаа дотроо “Ядаж энэ зун байгууллагын түүхэн ой болох гэж байхад би гэдэг хүн дампуурчихсан сууж байдаг… Яана даа!” гэж санаа зовиндог боллоо. Ах эгч хоёр нь элэг бүтэн, энх тунх сайхан амьдарцгааж байхад би гэдэг хүн ийм тавилантай байж дээ? гэж харуусан суув. Цагаан сарын дараа хаврын хавсаргатай нэгэн хүйтэн өдөр хаалга тогших чимээ гарч, Дамбаа очиж нээвэл Должинбадам зогсож байх нь тэр. Бямба гарагийн амралтын өдөр байсан тул зурагт үзэж суусан бага хүү нь : – Ээж ээ ээж ээ. Та хүрээд ирсэн тийм ээ? гэсээр гүйж очоод, хүзүүдэж авав. Том хүү нь зогтусаад, буруу харан суужээ. Дамбаа ч ах эгчийнхээ хэлж захиснаар хүлээцтэй

хандаж, юу ч хэлсэнгүй, буйдан дээрээ очиж суув. Должинбадам бага хүүгээ үнэсэн эрхлүүлж: – Миний хүү сайн уу? Онц сурч байна уу ? гэлээ. – Сайн, ээж ээ. Би ангидаа тооны аварга болсон. Эцэг эхийн хуралд хэн ч очоогүй болохоор би загнуулсан гэснээ ээжийнхээ цүнхийг уудалж эхлэв. – Ээж нь хоёр хүүдээ бэлэг авчирсан гээд барьж ирсэн тортой юмыг өгөхөд, бага хүү тэр дор нь ухаж уудлаад, ундаа ууж, чихэр идэж эхлэв. Том хүү нь огт хөдөлсөнгүй тул Должинбадам гайхан: – Миний хүү сайн уу? Ээждээ хүрээд ир! гэв. Том хүү нь дуртай дургүй очиж үнэсүүлээд: – Та эргэж явахгүй биз дээ? гэлээ. Должинбадамын царай нь тэр дороо хувирснаа: – Ээж нь ажил ихтэй. Эндээс юм хумаа авахаар ирлээ. Та хоёр аавынхаа үгэнд сайн ороод, хичээлээ сайн хийгээрэй! Гэснээ ухасхийн босоод, бичиг баримт, хувцас хунараа бөөгнүүлэн, цүнхэлж эхэллээ. Бага хүү нь ундаагаа уунгаа: – Ажил чинь хэзээ дуусаад ирэх вэ? Битгий их удаарай! гэв. Том

хүү учрыг нь хэдийнээ ойлгосон тул буруу харан суугаад эхэр татан уйлав. Дамбаагийн царай нь хүрлийж, үнэндээ юу ч хэлж чадсангүй. Бага хүү ээждээ туслан, ачаа бараанаас нь өргөлцөн гаргаж өгөөд, ундаагаа уусаар хоцров. – Баяртай ээж ээ. Би хүлээсээр байх болно шүү! Битгий их удаарай! гэсээр гараа даллан хоцроход, үүд хаагдлаа. Том хүү нь дуугаа хадааж, улам чангаар уйлахад нь бага хүү ахдаа ундаа дөхүүлэн: – Агаа, ээжийг санаад байгаа юм уу? гээд аавынхаа өвөр дээр очиж суув. Эцсийн найдлага бүрэн тасарч, орчлон хорвоо хөмрөх шиг болжээ. Эхнэргүй эр, ээжгүй хүүхдүүдийн хүнд замнал энэ өдрөөс эхлэн, замнал түүхээ бичиж эхэлжээ. Урьд өдрүүдэд өчүүхэн горьдлого сүүмэлзэж байсан боловч одоо ямар ч найдах зүйлгүй, бүх гэрэл унтарсан мэт харанхуйлжээ. Хадам ээж нь сарын дараа хоёр зээгээ эргэн ирж, гэр орныг нь тойруулан харж, шүүрс алдсанаа: – Муу охин минь хүний хүн царайчлаад, харь нутаг руу явлаа. Хань ижлээ анхнаасаа хайрлаж явахгүй болохоор ингээд алдчихдаг бололтой.

Хичнээн ухаантай сайхан охин байлаа. Хүний газар ямар л олигтой байгаа аж дээ. Та бүхэн ингээд гэр орноо эзлээд, тохь тухтай жарган сууж байна шүү дээ! гэж үглэв. Дамбаа “Би хүүхнийг чинь хайрлаж халамжлаагүй яасан билээ? Бусдын нэг адил ажиллаж, амьдарсаар өдөө хүрлээ…” гэж хэлэх гэснээ болиод юу ч ярилгүй суусаар гаргажээ. – Хоёр хүүгээ маллаж чадахгүй бол надад хэлээрэй. Би өсгөж чадна шүү гэж хэлээд, Дамбаа руу ширэв татан харчхаад гарч явлаа. Хаалга онгоймогц коридорын шатны хажууд хадам аав нь нуугдасхийн зогсож байгаа харагдав. Том хүү гэнэт хаалгаа хүчтэй дэлгэж нээгээд: – Бид хэзээ ч гэрээсээ явахгүй! гэж хэлээд, хаалгаа тас саван хаалаа. Хадам ээж нь эргэж харснаа: – Юу гэнэ вэ…? Ийм аймшигтай газар хэн тогтох билээ дээ? Муу охин минь арга ядаад л эднийг орхиж дээ! гэж хэлээд, өвгөнийгөө хүчтэй нудран, түлхэж чангаасаар өргүүр шат руу орлоо. Дамбаа ажил ихтэй байсан тул өглөө эрт гарч, заримдаа оройтох боловч ажлаа шууд тараад, арагшаа яарсаар ирэхэд том хүү нь хоолоо бэлдээд, гэр орноо цэвэрлэн, даалгавраа хийж суудаг

байлаа. Урьд өмнө ийм хэрсүү байгаагүй, том хүү нь хэний санаанд ч оромгүй сүрхий болжээ. – Аав аа. Цайгаа уу! Өнөөдөр би дүүгийнхээ ангийн багштай уулзаад, бүгдийг хэлчихсэн шүү. Таныг завандаа ирж уулзаарай гэсэн. Та биеэ сайн бодоорой! Ядарч болохгүй шүү. Одоо бид хоёрт байгаа нь л та шүү дээ! гэхэд Дамбаа золтой л уйлчихсангүй. Байрны төлбөр тог цахилгаан, хоол хүнс, хувцас хунар, хүүхдүүдийн сургалтын төлбөр гээд бүх зардлууд ар араасаа ундарч, сарын цалин нь илүү ч үгүй, дутуу ч үгүй яг таарна. Гэхдээ хоёр хүүгээ өнгө зүсийг гундаахгүй билээ. Хичээл сургууль, болон бусад шаардлагатай зүйлийг нь бүрэн хангаж, алдах эрхгүй алаг амьдралыг үргэлжлүүлэн зүтгэсээр байлаа. Өрөөсөн далавчтай шувуу шиг боловч газарт буулгүйгээр дэвсээр байх хэрэгтэй гэдгийгээ Дамбаа сайн ойлгож байлаа. Ойрд ажил ачаалал ихтэй байлаа. Улаанбаатар хотын шугам сүлжээнүүд олон жил ашиглагдан, ихэнх нь насжиж, хуучирч элэгджээ. Хэвтээ босоо шугамнууд, хонгил хоолой нь ашиглалтын хугацаанаас хэтэрсэн байх аж. Хэт төвлөрөл, шахаж баригдсан барилга байгууламж, замбараагүй олгогдсон газрын зөвшөөрөл нь

түгээлтийн хэвийн горимд саад учруулж, дулаан шугам сүлжээний ажилчдын хувьд илүү цагаар ажиллах шаардлага үе үе гарч байлаа. Мэргэжилтнүүдийг дагуулан дулааны цооногуудаар орж, үзлэг шалгалт хийж яваад, хүмүүний амьдралд байж боломгүй хүнд нөхцлийг нүдээр үзэж, зүрх нь шимшрэх үе бишгүй бий. Дулааны цооногт ядуу иргэд бөөн бөөнөөрөө өвөлжиж, өдрийн хоол, хугас амьдралынхаа төлөө арай ядан амь зогоож, хүний санаанд оромгүй хүнд орчинд хоног төөрүүлж байгааг харахад үнэхээр аймшигтай. Яг газар дорхи амьд хүмүүсийн шарил мэт. Дулааны шугамын хонгил болохоос биш хүний амьдрах гэр орон биш шүү дээ! Хонгилын бүгчим үнэрт толгой эргэн, бүртгэл шалгалт хийж яваад, хүүхдээ хөхүүлж суугаа залуу эхийг хараад, тэд мэл гайхаж цэл хөхрөв. Толгой дээгүүрх

зам дээр машин тэрэгний дуу, хөлийн чимээ түчигнэн, газрын доогуур хонгил бараадан ядарсан хүмүүс амьдран суух нь гай зовлонг нь хамтад нь булшилсан хатуу нийгмийн гашуун төрх шиг харагдаж байлаа. Ядуу хүмүүсийн амьдрал гаслантай ажээ. Тэдний дунд эмэгтэйчүүд хүүхдүүд олон байв. Үгээгүй ядуу хүмүүс доошоо орно гэдэг чинь энэ биз ээ. Хотын гудамжинд үдшийн гэрэл өнгө өнгөөр гялбалзан, шинэ оны баярын бэлэг сэлт, хоол хүнсээ цуглуулан, чөлөө завгүй холхих хүмүүсийн дээрээс цас малгайлан лавсаж, хөлийн дор газрын хонгилд өлсөж цангасан залуухан эх хүүхдээ хөхүүлэн, хөлс нь цутган ядарч, туйлдахынхаа эрхэнд зүүрмэглэн суулаа. Тэдэнд хэн ч хоол цай дөхүүлсэнгүй. Архины эхүүн үнэр эсрэг хонгилоос нь ханхийж, хүмүүсийн хэрэлдэх дуу гарахад эх хүү хоёр айн цочив. Энэ бол нийгэмд бугшсан бодит үнэн байв. Зарим нь тансаглан ярвалзаж суухад, зарим нь тачирхан ядарч явах нь амьдралын хоёр туйл

харгалдаагүй холдсоныг харуулна. Ажлын үүрэг чиглэлийн дагуу явж байгаад, элэг нэгт монгол хүмүүсийн санаанд оромгүй хүнд амьдралыг олж харсан Дамбаа өөрийнхөө зовлонг зовлон биш гэж өршөөгөөд, сэтгэл нь жаахан тайвширсан билээ. Хэд хоногийн дараа Долгормаа эгч нь Дархан хотоос утасдан, тэр гуравыг ирж, шинэ оны баярыг хамтдаа угтахыг урьжээ. Арванхоёрдугаар сарын гучны орой Дамбаа хоёр хүүгээ дагуулан, Дархан хот руу гарлаа. Энхэл донхол замын уртад яаран хурдлах машинуудын холын гэрэлд нүд гялбан, тэвдэж сандарсаар арайхийж иржээ. Зөрж өнгөрсөн машинуудын цөөн хэсэг нь замын хөдөлгөөний дүрмээ баримталж, бусад нь гэрэл шилжүүлэх байтугай юунд ч юм бүү мэд, галзуу юм шиг яаран давхих ажээ. Хэн нэгэн хүн амь амьдралынхаа төлөө итгэл найдвараар жигүүрлэн явааг алтан шар зам өршөөн хэлтрүүлэх билээ. Гагцхүү жолооч хүмүүний яаруу зан, хайрхамжгүй үйл бусдад хэчнээн аюул авчрахыг хэн ч мартаж болохгүй! Нэг хүн “Зам бол алгаа тоссон аавын гар. Түүн дээр сэтгэлээ тогтоож явах хэрэгтэй” гэжээ. Шөнийн харанхуйд хурдаа сааруулж, гэрэл дохиогоо шилжүүлэн, болгоомжлон явсаар хүргэн ахындаа ирлээ. Хүний амьдралын зовлон жаргалыг

мэдэрч, зугатаж болохгүй бодит үнэний хөл дунд тэмцэж зүтгэсэн аав хүү гурвын хувьд энэ жил хүндхэн байлаа. Ирэх жилдээ аз жаргал баяр хөөрөөр бялхаж, эрүүл саруул эсэн мэнд, ажил үйлс бүтэмжтэй, амжилт ололт арвинтай байхыг билэгдэн шивнэж, залбиран сүжиглэсээр оргилуун дарсаа хундаглан, шинэ оноо угтацгаав. Эгчийн хайр энэрэл түшиг нөмөр нь ээж аавыг нь бэлхнээ орлож, Дамбаа хэд хоногтоо юу ч бодолгүй хоёр хүүтэйгээ сайхан амарцгаалаа. Он гарч тэд буцах боллоо. Долгормаа эгч нь хоёр хүүд нь бэлэг бэлдэн өгөөд, Дамбаатайгаа хэсэг хөөрөлдөн суулаа. Тэрээр: – Должинбадамын ээжтэй нь би утсаар ярьсан. Хэг ёг гээд ярьж болохгүй байна лээ. Хичнээн сайхан зан ааштай, яриа хөөрөөтэй хүн байсан чинь худал байжээ. Хүн гэдэг чинь хэчнээн олон жил жинхэнэ төрхөө нууж явдаг юм бэ? Цагаа тулахаар санаанд оромгүй өөрчлөгдөн, ааш зан нь хувирчээ… мөн сонин юм аа? гээд толгой сэгсрэв. “ Миний дүү хоёр хүүгээ сайн анхаарч, зун болтол тэвчээртэй байгаарай. Архи дарс ууж, сэтгэл санаагаар унаж огт болохгүй шүү! Ямар нэгэн гарц олдож л

таарна. Би ахтай уулзаж, энэ талаар ярилцаж, санаа бодлоо хэлнэ ээ гэлээ. Тэд, аав хүү гурвыг тэврэн үнэсэж, үдэн гаргаж өгцгөөлөө… “Ямар нэгэн гарц олдож л таарна…“ Долгормаа эгчийнх нь хэлсэн энэ үг Дамбаагийн сэтгэлд байн байн бодогдоно. Яг үнэндээ, Должинбадамыг эргээд ирээсэй гэж аав хүү гурав өглөө оройгүй бодно. Гэр орон нь эзгүйрч, цаанаа л нэг хоосон хөндий юм шиг санагдаж байлаа. Том хүү нь аавыгаа халамжилж, Дамбаа хүүхдүүдээ анхаарч, дэм дэмэндээ хамжиж, дутуу бүхнийгээ нөхөж, хамтын хүчээр урагшилсаар хавартайгаа золгожээ. “Алим унаад ирэхийг хүлээх бус босч түүх хэрэгтэй. Түр зуурын гэнэн бодолд автан хүлээн суухаар хүсэл мөрөөдлөө биелүүлэх ямар нэгэн алхам хий! ” гэж хүүхдүүддээ

тэр захих дуртай. Эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан айлын хүүхдүүд гэмт хэрэгт өртөх, сэтгэл санаа хямрах, хичээл сурлагадаа муудах байдал их ажиглагддаг. Дамбаа үүнээс сэргийлэн: – Ээж чинь та хоёрыг өсгөх гэж арваад жил зүтгэсэн. Тэр хүн ядаж л та хоёрт хайртай хэвээрээ. Сэтгэл зүрх нь бас шаналж л яваа. Миний хоёр хүү аав, ээжийнхээ төлөө үүргээ хүлээж, сэтгэл санаагаа хатамжлан, улам идэвхи зүтгэлтэй, илүү зоригтой, бас авхаалжтай байх хэрэгтэй гэж сургана. Мэдээж, хэзээ нэгэн цагт сайхан зүйл тохионо. Итгэх л хэрэгтэй гэжээ. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *