Нүүр Өгүүллэг “ТООНО ГЭРЭЛТҮҮЛСЭН ДӨЛ” тууж “4-Р ХЭСЭГ”

“ТООНО ГЭРЭЛТҮҮЛСЭН ДӨЛ” тууж “4-Р ХЭСЭГ”

13 секунд уншина
0
0
1,009

Очиржанлав өглөө эрт босоод унадаг дугуйгаа айлын гэрээс гаргаж тавилаа. Бурамжавын дүү нар өндийгөөд, ирж хоносон зочныг гайхан харцгаана. Удаах дүү нь сургуульд явдаг учраас Очиржанлавыг сайн

таньж байлаа. Тэрээр ухасхийн босоод: – Та унадаг дугуйгаараа ирсэн үү? Би унаж сурья! Тэгэх үү ах аа! гэж шалан гуйлаа. Очиржанлав толгойгоо дохин инээмсэглэв. Өнөөх дүү нь өмссөн тэрлэгээ буцааж

тайлчихаад, гэрээс гарч гүйхэд, багачуул нь хөөрөлдөн дагацгаалаа. Бурамжавын ээжийн бие алсаасаа их хүнд байгаа бололтой. Улам цонхийж ядарсан харагдана. Урд шөнийн байдлаар бол бараг

унтсангүй шахам хонолоо шүү дээ. Бурамжав модон хувингаа аваад, гэрээс гарахдаа Очиржанлав руу толгой дохив. Очиржанлав малгайгаа шүүрэн, ухасхийн гарлаа. Голын наагуур, цаагуур битүү

ургасан өтгөн шугуй усны эх өөдөө нэлэнхүйдээ үргэлжилжээ. Шугуйн үзүүр хэсэг голынхоо гүдгэр сайраар тойрон, эрэг хаялгаа эмжээрлэн ургасан нь хосгүй сайхан харагдана. Бурамжав эргэн тойрноо гүйлгэн

харснаа уртаар шүүрс алдаад, нүдээ нухлангаа аажуухан алхав. Тэрээр: – Аав бид хоёр арга барагдаад байна аа. Аав өчигдөр лам дээр нууцаар очиж, мэргэ төөрөг асуулаа. Ихэнх лам нар хар хүн болж, төөрөг заяа үзэхээ больсон шүү дээ. Баригдвал толгойгоо авахуулна. Хуучны бурангуй дадал, шарын шашны суртал дэлгэрүүлбэл нам төрийнхөө урвагч болно. Тэр дороо баривчлагдах тул хэн хүнгүй айдаг болжээ. Аав маань арга буюу хүрээнд сууж байсан гэх нэгэн настай өвгөн дээр нууцаар очиж, аврал гуйхаар явсан юм. – Аан тийм үү? Ээж чинь удахгүй зүгээр болох байх аа. – Тэгээсэй. Би ирснээсээ хойш олон шөнө нойргүй хонож байна. Ээжтэйгээ цуг өвчин зовлонгоос нь нимгэлж ядан байгаа. – Эмнэлэгт очиж үзүүлээрэй. Сумын эмнэлэгийн орос доктор сайн шүү дээ. Тариа хийлгээд л сайжирчихна. – Хавар хэд

хэдэн удаа очиж хэвтсэн л дээ. Үр дүн нь гарахгүй юм. Ээж маань тариа хийлгэх дургүй. Эмчээс айдаг. Тэгээд ч тэр лам өөр зүйл айлдсан гээд чимээгүй болов. Очиржанлав өөр юм асуусангүй. Голын тохойд сайхан өглөө болж байлаа. Шугуйн бургас ханаран найгаад, шувууд жиргэн нисэлдэнэ. Усны урсгал дагасан жижиг цахлайнууд өөд уруугүй зөрөлдөнө. Зарим нь агаарт тогтон дэвэлзэж байснаа эгц доошоо эрчээрээ шумбан, загас жараахай шүүрэх ажээ. Бурамжав гутлаа тайлан эрэг дээр хөлөө унжуулан суув. Өглөөний хүйтэн ус хөлийн ул норгохыг ч юман чинээнд тоосонгүй. Арван долоохон насандаа амссан энэхүү зовлон нь үзэсгэлэнтэй сайхан охины харцыг сааралтуулж, итгэлийг нь арчин оджээ. Ямар нэгэн хүнд зовиур түүнийг айлгаж байгаа нь илт. Очиржанлав өвөртөө хийсэн бэлгээ гаргаж өгөв. Тэрээр баярлан авснаа хажуудаа тавилаа. Голын ус

бидрээтэн урсаж, сэрүүн тунгалаг агаараар цээж дүүргэн мэлтэрнэ. Очиржанлав, Бурамжавын мөрөөр нь тэврэн, өөртөө татан үнсээд: – Чи минь айх зүйлгүй ээ. Ээж чинь удахгүй эдгэрнэ. Ууж байгаа эм тан нь үр дүнгээ өгнө шүү дээ гэлээ. Бурамжав тэсэлгүй уйлж эхлэв. Тэрээр уйлж сууснаа хормойныхоо дотрыг эргүүлэн, нүдээ арчаад: – Чи намайг ямар ч үед хаяхгүй гэж амла! гэлээ. Очиржанлав гэнэтийн үгэнд нь гайхаад, тэр бүү хэл, инээд нь хүрч: – Яалаа гэж ингэх билээ дээ? Санаанд оромгүй юм асуух юм аа. Чамайгаа ямар их хүнд нөхцөлд байгаа, хоёр нүдээрээ харсан болохоор улам их хайрлана шүү дээ! гэлээ. Бурамжав, Очиржанлавын үгэнд сэтгэл нь уужирсан бололтой ухасхийн босов. – Ээж маань их хэцүү. Хором ч холдох аргагүй. Хоёулаа энд удаан сууж болохгүй гэлээ. Очиржанлав хувинтай ус бариад, араас нь дагаж явахдаа хайртыгаа их өрөвдөж байлаа. Хар нялхаараа охин хонгор насаа өөрт нь зориулаад, хажууд

нь эхийнхээ зовлонгоос хуваалцаж яваа энэ бүсгүй хэзээ нэгэн цагт жаргах болно гэж бодлоо. Инээж хөхөрч явах ид насандаа айж эмээж, гуньж гутарч суудаг нь юу билээ? Ингээд Очиржанлав аавд нь тусалж, мод түлээ бэлдэж, хоёр өдөр өнжөөд, нөгөөдөр өглөө нь буцахаар боллоо. Дугуйгаа түрэн яваа хайрт хүүгийнхээ дэргэд Бурамжав гуниглангуй алхана. Тэр хоёр явсаар салаа замын хоорондох гүвээн дээр гарч суулаа. Толгойн араар чиглэсэн зам нийслэл хот руу оджээ. Өврөөр дамнасан зам нь өмнийн сумуудад хүрэхээр зурайжээ. Бурамжав шүүрс алдангаа: – Эндээсээ даваа өгсөөд, цаашаа хурдан буугаарай. Сэртэнгийн давааг эрт давчихвал дугуйгаа унаад яваарай. – За. Чи минь ээжийгээ тэнхрүүлээд, намар сургуульдаа очоорой. Би техник мэргэжлийн сургуульд орсон тул хоёулаа аймаг дээр байнга хамтдаа байх болно. – Би эндээс очоод, дотуур байранд орох байх. Есдүгээр ангид дэвшсэн хүүхдүүд ихэнх нь байранд сууна гэсэн. – Би ч гэсэн сургуулийнхаа дотуур байранд сууна аа. Авга ах нар байдаг ч гэсэн айлд хэцүү гэлээ. Бурамжав цагаан даавуун дээр зүү ороож оёсон

зүйлийг өврөөсөө гаргаж, Очиржанлавын алган дээр тавилаа. Очиржанлав өнөөхийг авч үзвэл, хоёр ширхэг ам дөрвөлжин даавуу байв. Тус бүрд нь хажуу тийшээ бөхийсөн гоёмсог цэцэг урлажээ. Бурамжав: – Би яараад, гоё оёж чадаагүй юм аа. Дурсгал болгож, нэгийг нь чи ав. Нөгөөг нь би хадгална аа! Хоёулаа хуримаа хийсний дараа энэ хоёр цэцгийг нийлүүлж оёно. Зөв нийлүүлж оёвол, өөд өөдөөсөө бөхийх учиртай юм гэлээ. Очиржанлав баярлаад: – Нэг нь баруун тийшээ, нөгөөх нь зүүн тийшээ бөхийсэн цэцэг байна шүү дээ. Их гоё оёжээ… гээд духан дээр нь үнэсэв. Тэр хоёр удтал ярьж суугаад, хоёр тийшээ саллаа. Очиржанлав уулын бэл хүртэл дугуйгаараа явлаа. Хол очоод эргэн харвал Бурамжав өнөөх гүвээний орой дээр гараа далласаар, зогсож байгаа харагдав. Очиржанлав дугуйнаасаа буугаад, Сэртэнгийн даваа өөд явган алхжээ. Очиржанлав үд дундын үед даваанаас уруудан, тэндээсээ дугуйгаа унан, тэр чигээрээ явсаар, оройн нар гудайхаас өмнө гэртээ ирэв. Наадмын өдрүүд өнгөрч, ажилдаа явлаа. Арав хоноод буцаж ирэв. Намрын сэрүү орох цагаар хадландаа гарлаа. Сургууль орохоос өмнө хадлангаа бэлдэж, аав

ээждээ тусласаар, тухтай амарч ч чадсангүй. Ингээд аймгийн төв рүү явсан билээ. Ажил амьдралын анхны гарааг сайн сайхнаар төсөөлөн, Бурамжавтайгаа хамт инээж хөхрөн, аз жаргалтай байх талаараа бодож байв. Хичээлийн бус цагаар үйлдвэрийн газруудаар ажил хийж, мөнгө төгрөгөөр гачигдахгүй явна гэдгээ ч мэдэж байлаа. Сургуульдаа ирээд, шинэ ангидаа бүртгүүлж байранд орлоо. Хичээлийн эхний өдрүүд сүр дуулиантай эхэлж, сум сумаас ирсэн хүүхдүүдтэй танилцан, намрын хонгор өдрүүдийг гайхалтай сайхан өнгөрөөв. Ногоо тариа хураах, өвөлжөө хашаа янзлах, ууланд түлээ бэлтгэх ажилд ангиараа дайчлагдан яваад, сарын дараа ирцгээлээ. Арайхийж зав гарлаа. Нэг өдөр хичээлээ тараад, Бурамжавтайгаа уулзахаар нэгдүгээр сургууль дээр гүйж очив. Ангийн хүүхдүүдтэйгээ уулзаад, бөөн баяр. Гэхдээ, сэтгэл гонсойлгосон гунигтай өдөр болохыг хэн мэдэх билээ? Бурамжав ирсэнгүй. Ангийнх нь охидоос лавлан асуувал ээжийнх нь бие муудаад, хот руу яаралтай нүүсэн байх гэцгээлээ. Могойтын голоор нутагладаг хөдөөний айлуудаас дамжиж дуулдсан сураг үнэн байсан билээ. “Хичээлийн амралт эхлэнгүүт

сумандаа очиж, өвөө эмээ хоёртой уулзана аа. Бурамжавын байгаа газрын хаягийг заалгаж аваад, араас нь очно доо. Ээж нь сайн байгаасай. Хотод очсон болохоор хурдан эдгэрэх байх аа” гэж бодоод, хичээлдээ шамдав. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, шинэ оны босгон дээр ирлээ. Удалгүй өвлийн амралт эхэлж, сурагчид сум сум руугаа явцгаав. Очиржанлавыг ирэхэд, өвөөгийнх хэдийнээ нүүжээ. Хүүхнийх нь бие базаахгүй тул өвгөн эмгэн хоёрыг шавдуулан нүүлгэсэн гэнэ ээ. Хашаанд нь тэс өөр айл буусан байлаа. Очиржанлавын хувьд хэчнээн гунигтай өдрүүдийг туулсан гэхэв? Худаг руу ус авахаар явахдаа тэдний хашааны үүдээр өнгөрдөг тул сэтгэл санаа хөндүүрлээд их хэцүү байв. Цас чихрах чимээнээр эргэн харвал өөр хүүхдүүд гүйлдэж байлаа. Бурамжавыг үүдээр ороод ирлээ гэж заримдаа зүүдлэнэ. Хоёр жил хормын зуур өнгөрч, мэргэжлийн сургуулиа төгсөөд, тэр хавраа Очиржанлав цэрэгт татагдан явлаа. Гурван жилийн алба бол нэр төртэй бөгөөд хариуцлагатай мөч. Бурамжавын хадгалуулсан цагаан даавуу түүний дээр бөхийлгөж оёсон ганц цэцгэнд найдахаас өөр ямар ч арга алга. Хааяа түүнийгээ гаргаж харвал цор ганц цэцэг гуниг шивнэх мэт үлбэн дорой

харагдана. Нөгөө тал нь хаана явна вэ? Ижилсвэл сэргэнэ дээ? Очиржанлав эр цэргийн албыг хилийн торгон зурвас дээр гурван жил хаалаа. Ээж ааваас нь захидал байнга ирнэ. Бүсгүй дүүгээсээ шавдуулан лавлаад, Бурамжавын сургийг гаргаж чадахгүй байлаа. Бүсгүй дүү Долгормаа нь байн байн захиа бичихдээ асууж сураглаад байна л гэдэг байв. Сүүлдээ “Уучлаарай ах аа! Нутгийн хүмүүсээс сураг ажиг сонсоогүй. Би ээжид энэ талаар ярьсан. Аав ээж хоёр хариу хэлсэнгүй. Танд яаж туслахаа мэдэхгүй байна” гэсэн захиаг явуулаад бүх зүйл дууссан юм. Ангийн хүүхдүүдээс захидал ирсэн боловч Бурамжавын талаар мэдэх хүн нэг ч алга. Ингээд, сүүлчийн учралаас хойш цэлийсэн таван жил завгүй байсаар нэг мэдэхэд нисэн өнгөрчээ. Очиржанлав хорин гурван насандаа цэргээс халагдан, нутагтаа ирлээ. Долгормаа Багшийн дээд сургуульд сураад, нөхөр хүүхэдтэй болжээ. Удахгүй зуны амралтаар гэр бүлийн хамтаар ирнэ гэсэн баяртай мэдээ дуулгав. Отгон дүү энэ жил төгсөөд, Полийн дээд сургуульд оржээ. Удахгүй намар болохоор оюутан болно гэсэн баяртай мэдээ бас дуулгав. Хүн бүрийн өмнө баяртай мэдээ. Очиржанлав ирснийхээ

маргааш хойд хаалгаараа гарч, өнчин хадны дэргэд очлоо. Бурамжавтайгаа анх учирч байсан ногоон зүлгэн дээр ирж суув. Хоёр жаахан хүүхэд зэрэгцээд сууж байсан толбо газар ханхар сайхан эрийг дааж ядан тосов. Амьдралын нэгээхэн хэсгийг цаг хугацаа хөлөглөн оджээ. Гэнэхэн хөгтэй явдлыг энгэрийн зүггүй салхи шоолох мэт сэр сэр сэвэлзэв. Өнчин хад Очиржанлавтай яг адилхан гав ганцаар дүнхийн байлаа. Өдрийн өдөр, жилийн жилд үүнтэй хүүрнэлдэх хэн ч байхгүй. Мөргөцөг хүрэн духаараа газарт шургалах энэ өвгөн хаданд зовлон жаргалаа тоочих хэн байх билээ? Хойд энгэрийн хориод айлаас тав нь нүүж, хашааны газар нь өм цөм онгойжээ. Хэзээ хожид завдан одсон айлуудын буурин дээр дахиж хашаа барилгүй орхижээ. Цаг хугацаа бүхнийг элээдэг гэж үнэн аж. Алдаа бол эмнэг адуу шиг. Алдаан дээр хазаартай мордох хэрэгтэй. Эс тэгвэл алдаанаас айж явах нь дээр… Очиржанлав хэдэн өдөр бодоод, гэрээсээ явахаар шийдлээ. Бурамжавыгаа заавал олно гэж найдаж байлаа. Гурван хүүхдээ үүрнээс нь нисгэсэн эжий аав нь хүлээхийн тэсгэл, залбирахын ерөөлөөр хань хийж, гэртээ хоёулхнаа хоцорлоо. Явахын урд өдөр аав

нь: – Аав нь гурван хүүхдээ үүрд дэргэдээ байх юм шиг зовоож явжээ. Бага балчир насанд нь өвөр дээрээ эрхлүүлээд, чих амар суулгахгүй яав даа гэж боддог боллоо. Гэхдээ миний хүүхдүүд хэний ч гар харахааргүй ажил сурсан. Ажил хөдөлмөр бол та нарын хань түшиг юм. Ажил сурсан хүмүүс алзахгүй ээ. Нам засгийнхаа төлөө чин сэтгэлээр зүтгэхэд болно доо. Аав ээж хоёр нь, анхдугаар таван жилийн гавшгайчаас эхлүүлээд, оногдсон гавъяа шагналыг чамгүй хүртлээ. Төрийн сүлд минь өршөө! Нэгдэл нийгмээ өөд нь татаж, хамтын хүчээр хөгжүүлэхийн тулд нойр хоолгүй зүтгэж ирсэн. – Таны ачаар хаана ч толгой бөхийхгүй өөдрөг явлаа. Цаашдаа хүү нь нийгэмдээ их зүйл бүтээж амьдарна аа. – Тэгэлгүй яах вэ. Залуу хүмүүсийн амьдрал өмнө чинь гэрэлтэж байна. Аав ээж хоёртоо санаа зоволтгүй шүү. Тэтгэвэрт гартлаа эндээ зүтгэнэ ээ. Дүүгээ сайн харж яваарай. Сургууль төгстөл хамт байцгаа! Тэгээд дараа нь тус тусынхаа амьдрал замыг бодно биз? Аав нь гэр шинэ гэр бэлдсэн нь сайн хэрэг болж. Хадам эгчийнхтэй ярьсан. Очоод хашаанд нь буулгаад барьчих.

Нэг нь хичээлдээ гүйж, нөгөөх нь ажилдаа явна биз! Өөрийн гэсэн орон байхад, ах дүү хоёрт болоод л явчихна. – Тэгнэ ээ ааваа. Та биеэ бодоорой. Та жаахан ядарсан харагдаад байна шүү. Одоо тавь хүрч яваа хүн арга аяар ажиллах хэрэгтэй. Би бас таныг дуурайсан махруу юм билээ. Та бол тэгэх хэрэггүй. – Далаад он гараад хотжилт эрчимтэй явагдаж байна. Социализмын бүтээн байгуулалт гайхалтай амжилтанд хүргэнэ. Зөвлөлт холбоот улсад бүтээн байгуулалт өрнөж байна. Орос ах нар манайд тусалж байна. Хичээгээрэй! Чи мэргэжлийнхээ дагуу барилга дээр очих байх. Үргэлж болгоомжтой няхуур байхыгаа мартавзай гэхэд Очиржанлав: – За ойлголоо гэлээ. Ээж нь дөхөж суугаад, хажуунаас оролцон: – Миний хүү нөгөө асуугаад байсан хүүхнийхээ сургийг гаргахыг бодоорой. Одоо таван жил өнгөрсөн байна шүү дээ. Гэхдээ би мэдэхгүй… Гэрлэх гэж яаралгүй ажлаа сайн хийж, амь амьдралаа дээшлүүлэхийг хичээ. Аав бид хоёр чинь түүнийг сурагласан боловч юу ч олж мэдээгүй. – Зүгээр ээ, ээж минь! Элдэв зүйлд бүү санаа зов. – Гэрлэлт бол том алхам. Хэцүү шүү. Амьдрал хүссэнээр болохгүй. Эхлээд хөл дээрээ сайн бос. – За ойлголоо. Таныхаа захисныг мартахгүй ээ. Ингэхэд би байнга л ирж буцаж

байна шүү дээ. Эргэж ирэхгүй юм шиг хачин юм ярьцгаагаад байх юм аа гэхэд аав нь хүүгийнхээ гарыг атгаад: – Амьдрал шинэ тохиолоор дүүрэн юм. Ноднин анхны зээгээ хүлээн авч , буурал аав, буурал ээж боллоо. Ээж чинь баярласандаа уйлсан шүү. Шинэ хүргэнээ тосон авлаа. Долгормаа сайхан залуутай ханилсан байна лээ. Хоёр жил сураад төгсөх биз. Арай л эрт хүүхэдтэй болсон. Гэхдээ өөрсдөө мэднэ биз ээ! – Цэрэгт байхад Долгормаагаас надад захиа их ирдэг байлаа. Бараг та нарын мэдээгүйг надад урьтаж бичсэн байх шүү. Хадмынх нь сайн айл байгаа. Нөхөр нь айлын ганц залуу юм байна лээ. – Багш хүмүүс алзахгүй ээ. Нэг ангид сурдаг юм билээ. Чамд захихад, энэ отгон дүүгээ сайн харж хандаж байгаарай. Манай энэ инженер болно гээд дэрвэсэн хүн байна шүү. – Тэгнэ ээ аав аа гэлээ. Ээж нь Очиржанлавын өөдөөс өмөлзөх харцаар ширтэнгээ ингэж хэлэв. – Аав ээж хоёрыгоо өршөөгөөрэй! – Яагаад тэр билээ? – Хар багаасаа гэрийн ажилд зарагдаж, хоёр дүүгээ хардаг байлаа, миний хүү. Айлын том нь гээд зөнд нь орхиж, арай дэндүү хатуудуулж дээ. Миний хүү хичээлээ хийж байсан бол хоёр дүү шигээ дээд сургуульд орох чадалтай байсан даа. – За тэр яах вэ, ээж минь. Би угаасаа хичээлд дургүй хүүхэд байсан.

Ажил сурсан хүн муу явдаг гэж хаана дуулаа вэ? Ингэхэд манай Дамбаа Политехникийн дээд сургуулийн ямар ангид нь орсон гэлээ. Нэг юм хэлээд байсныг мартчихаж гэхэд аав нь хажуунаас: – Дулааны инженер. Алсдаа гадаад явж мэргэжил дээшлүүлэх байх. Энэ сургуулиа амжилттай төгсчихвөл хоолондоо хүрчихнэ ээ. Намын төв хорооны шийдвэрээр энэ жил манай аймагт нэлээн олон хуваарь ирсэн. Дүү чинь сурлагаар дээгүүр жагссан шүү. – Дулааны инженер болох хүн юм биз дээ. За за ойлголоо. Дүүдээ тусална аа. Аав ээж хоёрт сэтгэлийн эмзэг үе тохиодгийг хорин гурван насандаа мэдээд, тэднийгээ өрөвдөж билээ. Хүний амьдрал гэдэг чинь хөгшин залуу гэлтгүй хатуудаа дэвтэж, зөөлөндөө нумарч явдаг ажээ. Нэгэн адил сэтгэлийн зовлон надад, чамд, хүн бүрт оршдог болой. Гурван хүүхдээ үүрнээс нь нисгэсэн аав ээж хоёр нь гэрийнхээ гадаа торойтол хоцроод, даамангаараа гарч, гудамж даган гүйснийг Очиржанлав хэзээ ч мартдаггүй юм аа. * Гучин жилийн дараа гэхэд бүх зүйл дууссан гэдгийг Айлаа дахин сануулав. Айлаа насан өндөр хэдий ч ухаан саруул, үг хурц, цаанаасаа л шидрүүн хүн дээ. Ёстой л нөгөө “Амьдрал хүмүүс дээр тогтдог. Ийм учраас сайнд нь итгэж, мууд нь

бэлтгэлтэй бай! “ гэдэг үг санаанд оров. Сум нэгдлийн үүх түүхээс гогцоолон, зогсоо зайгүй ярьж суугаа Айлаагийн үгнээс Очиржанлав жаахан эмээж байлаа. Айлаа, алдах үгнийхээ завсар охин хүүхдийн талаар цухас дурдсан билээ. Зүрх савлах шиг болов. Айлаа, Очиржанлавыг үлгэрт умбуулсан жаахан хүүхэд шиг хүлцэнгүй номхон суулгаад, эхнээс нь ярьж <<алдав>>. Ярьсны дараа Очиржанлав муужран унаж ч магадгүй байлаа. Даралтны эм сэмхэн авч уугаад, сандалдаа шигдэн суухдаа “Чиний буруу биш! Хувь тавилангийн төөрөг тэр юм!” гэхээр нь тайтгарав. “Хөөрхий золгүй бүсгүй… Охин нь чамайг сураглаад явна гэнэ лээ!” гэхээр цочив. Удаан үргэлжилсэн яриа нь жил болсон мэт шаналгав. Хамгийн сүүлийн өгүүлбэрийг сонсоод, Очиржанлав өөрийн эрхгүй босож ирснээ мэдсэнгүй. – Айлаа минь дээ? Юу яриад байна вэ? Та Бурамжавын талаар мэддэг юмуу? гэхэд майжиг самган улавчаа тайлан үүд рүү шидэв. Үүдэнд хэвтэж байсан шар эрээн муур сүүлээ өргөн, орон доогуур гүйж орлоо. Айлаа нүцгэн хөлөө зөрүүлэн, арагшаа тухлан

суугаад: – Бурамжав гэдэг юмуу? Тэр охины ээж нь? гэж асуув. – Үгүй ээ… Айлаа минь! Юун охин… Юун ээж нь… Хэнийг яриад байгаа юм бэ? – Чиний охин! Чамайг сураглаад хотод яваад байна гэнэ. Манай бага хүүхэн хотод банкинд ажилладаг. Тэнд нэг хүүхэн байдаг гэсэн. Тэгээд нутаг нэгийн улбаатай юм гээд хоорондоо танилцаж л дээ. Тэгсэн чинь Манай аавыг Очиржанлав гэдэг. Ээж маань сурагладаггүй юм. Би аавыгаа олж уулзах сан гэдэг гэж ярьсан гэнэ ээ. Манай нөгөөх нутаг усныхаа хүмүүсийг таних биш! Ямар ч гэсэн чиний нэрийг мэдээд, надад ирж хэлсэн дэг. – Тэр хүүхний ээж нь хэн гэж байна? Гэхэд Айлаа бүүр будилаад: – Чи Бурамжав гээгүй бил үү? гэж байна. Очиржанлав арагшаа лагхийн суугаад. – За юүхэв! Та чинь уушиг зүрх амаар гаргачихмаар хүн юм аа. Би ямар нэгэн бүсгүйтэй маазарч явсангүй. Ханьтайгаа гучин настайдаа танилцаад, хорин долоон жил ханилсан. Хань минь өнгөрөөд, гурван жил болж байна. Гурван сайхан хүү төрүүлж өгсөн. Яахав… Хүүхэд байхдаа сумынхаа охинтой үерхэж л байлаа. Залуу насны алдаа байж. Гэнэн томоогүй явсан. Сүүлдээ хэн хэнээсээ төөрөөд, бие биеэ олоогүй. Ёстой л таны хэлдгээр <<Хувь тавилангийн төөрөг>> нь тэр байх аа. Айлаа сонсож сууснаа

дуу алдан, сая л учрыг нь олов. – Тэнэг зөнөг өвгөн гуай! Багадаа үерхэж байсныг чинь Бурамжав гэдэг үү? Хүүхэдтэй болсон юм болов уу? Техник мэргэжлийн сургуульд сураад, дараа нь цэрэгт явчихлаар чинь бүсгүй хүн чамайг хүлээж тэвчинэ гэж үү? Одоо бодоход яг тийм болж таарлаа гэлээ. – За, арай ч үгүй байлгүй дээ. – Хн… Өдий насалтлаа ингэж ярьж суух гэж… Их догь хашир эр хүн гээд байгаа! За Очиржанлав минь! Би чамайг сайн явааг чинь мэднэ ээ! Нутаг орондоо ирдэггүй гэдгийг ч хэлнэ. Ер нь аливаа хүн ар талаа эргэж тойрч явах хэрэгтэй. Хүний амьдрал бол тэр чигээрээ зангилаа шүү дээ. Хэн нэгэнтэй зангидагдаад, зангилаагаа тайлаагүй орхисон байвал яах вэ? Чамтай холбогдсон зангилаандаа орооцолдоод, тэр хүн зүдэн явбал яанам? Чи шинэ зангилаа үүсгэчихээд, хуучиндаа тоомжиргүй хандаж байна гэж бодъё! Нөгөөх чинь чамаас болж, чивхэрч үжирч явна гэж бодъё! Ай хөөрхий! Амьдрал хатуу шүү гэлээ. Очиржанлав амандаа бувтнан: – Үнэхээр тийм бол яана вэ? Яасан хэцүү хорвоо вэ? Бараг л уйлах шахан хэллээ. Айлаа ухасхийн босоод, өрхөө бүтээхээр гарлаа. Гэрийн бүснээс шур шур дуугарган, өрхний

оосроо бэхлэв. Биеэ хөнгөлөхөөр явсан бололтой хэсэг чимээгүй байснаа удалгүй үүд халхлан орж ирлээ. Тэрээр: – Дүү минь бүү шанал! Үр чинь мөн бол сайн хэрэг. Эх нь амьд бол бүүр сайн. – Харин л дээ Айлаа минь! Түмэн хүний хэнийг гэж таах вэ? Ямар ч гэсэн баттай тандаж мэдэх хэрэгтэй. – Зөв зөв. Би амьдралыг зангилаа гэсэн шүү дээ. <<Зангидагдах>> гэвэл ард нь <<тайлагдах>> гэсэн үг заавал байх ёстой доо. – Тийм ч байж болно. – Шаналах биш баярлах утгаар хүлээн ав! Юуг жаргал гэж боднов, тэр жаргал. Юуг зовлон гэж боднов, тэр зовлон гэдэг үг бий гэлээ. Тэр шөнө Очиржанлав нойргүй хоножээ. <<Мөн байгаасай, биш байгаасай>> гэж хоёр янзаар зүүдэлжээ. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *