Нүүр Өгүүллэг “ТООНО ГЭРЭЛТҮҮЛСЭН ДӨЛ” тууж “1-Р ХЭСЭГ”

“ТООНО ГЭРЭЛТҮҮЛСЭН ДӨЛ” тууж “1-Р ХЭСЭГ”

20 секунд уншина
0
0
1,686

Очиржанлав… Энэ бол… Жар эргэм насны хижээл эрийн алдар нэр. Өвгөн гэж хараахан хэлмээргүй санагдаад, хижээл эр гэчихлээ шүү. Цаашдаа өвгөн гэе ээ! Очиржанлав өчигдөр өглөө үүрээр шахуу хотоос

гарчээ. Төрсөн нутагтаа ирж байгаа нь энэ. Талын улаанаас урагшаа эргэж, Сэртэнгийн даваагаар давангуутаа сумынхаа барааг харлаа. Тосох хүнгүй, таних айлгүй алс бөглүү сумын төв нь үзүүр дэрлэсэн

гурван уулан дундаа дүнсийн харагдав. Ганхаж ханараад, хариугүй нурах шахсан << Угтах хаалга>>-ны доогуур орохдоо “Та аян замдаа сайн явж ирэв үү?” гэсэн халцгай бичгийг хальт мөчид уншаад

өнгөрлөө. Хазгай энгэрийн налуу замаар цагаан тоос босгуулан давхихдаа “Он жилийн тэртээгээс үлдсэн ганц нэг юм байна уу? Мартагдсан дурсамжийг хөглөөд, дэргэд нь буучихаар юу харагдана

билээ?” гэх шиг машины цонхоор байдгаараа өндийн харсаар төв гудамж руу орж явчихлаа. Хэдэн цагаан байшингийн араар тойрч, зүүн энгэрийн айлуудын амин сүнс, амжиргаа залгуул нь болсон

<<Хүнсний дэлгүүр>>-ийн үүдэнд ирж зогсов. Араас дагасан өлөн цагаан тоос пансан алчуур шиг юу юугүй намиран бүрхээд, машины урд хамрыг шил тольтой нь сааралтуулан замхарлаа. Хотын дугаартай гоёмсог хар тэрэгнээс цагаан толгойтой нэгэн өвгөн буухыг ажиглан харж зогссон хэсэг хүмүүс дөхөж ирцгээв. Нар халхалсан бараан шилний цаанаас жолоочийг нь харвал мөн л хар нүдний шилтэй бадируун залуу байлаа. Сүрхий чамбай байрын тулхтай өвгөн дэлгүүр рүү орсноо удалгүй гарч ирэв. Жолооч буугаагүй тул яарсан уу? Эсвэл ийнхүү яаруу ажилтай яваа хүн үү? Бүү мэд? Машины хаалга сэвхийтэл нээгдээд, өнөөх өвгөн бүхээг рүүгээ авирч суулаа. Сайн ажин харвал гартаа хайрцагтай сүү барьжээ. Хойд энгэрийн үхэр чулууны хажууд хэдэн жилийн өмнө айлуудын хашаа байшингийн

туурь байсан буурин дээр өнөөх хар өнгийн тэрэг ирж зогсоод, эрхэмсэг зочид хоёулаа бууцгаалаа. Жараад жилийн өмнө энд уйлан хайлан мэндэлсэн гэх өөриймсөг дотно дурсамж нь хайлав. Хадагт боосон цагаан будаа, хөх тарианы шагтай цуг асгаран хайлав. Хангай дэлхийдээ хайрцагтай сүүнээсээ цацлан, дагтаршсан аргуун газрыг цоохортуулан будлаа. Аргагүй шүү дээ! Жаран жил… Хүний амьдралын нэгэн жаранд хэмбугай юу эсийг үзэж туулахав? Дөнгөж ургасан лууль шарилзны буржгар цэцгийг сүүгээр дэвтээнгээ, амандаа шивнэн, энд тэнд асгаруулан, хэсэг тойрсноо сумын төв рүү саравчлан харлаа. Санасныг бодвол нутаг ус нь янз хэвээрээ сайхан харагдав. Урдуур нь урсах шугуйт голын ус эрс багасч, эх үүсгэлээсээ нэлээн татарч хумигджээ. Гэлээ гээд яах вэ дээ? Ямартаа, мяралзанхан тунарч л харагдана. Төвийн байшин барилга, гудамж айлуудын тоо олшроод, баруунтаа хаяа тэлжээ. Өөрөөр бол өөрчлөгдсөн зүйл алга. Хойд зүг

рүү эргэн харлаа. Хүүхэд насыг санагдуулсан өнөөх гайхал дөрөлжний хуурай салхи ёстой л яг хэвээрээ. Хацар нүүр алгадан, ёжтой гэмээр сонихон чимээгээрээ исгэрэн байлаа. Хаврын тэнгэр хуйсганасан тохигүй өдөр сумандаа ирлээ дээ. Гэхдээ зүгээр ээ! Тонгорог шиг идэр насаа ард үлдээчихээд, тонгойж бөхөлзсөөр ирлээ шүү дээ. Он жилийг хадгалсан элгэн улаан шороо эртний галтай дурсамжаар бургиж, хөл дор нүүгэлтэн тослоо. Өвгөн гэрийн бууриа баттай олоод, үүд хэсгээс эхлэн, нар зөв тойрон алхав. Барьж яваа хайрцагтай сүүгээ газарт тавиад, дээрээс нь жижиг модон цацлаа тэгнүүлэн орхив. Алхаж явсан сайхь өвгөн амандаа: – Энэ хавьд манай бага дүүгийн жижиг төмөр ор байсан даг. Ийшээ, бидний хичээл хийдэг ширээ сандал байлаа л даа. Энэ хананд гурвын баатрын зураг бүхий том аравч хадсан айл байж билээ. Энд эмэгтэй дүүгийн ор. Том авдар… Аан тийм… Номын сан… За ингээд аавын ор… Ээжийн авдар… Энд?… гээд чимээгүй боллоо. Тэрээр тэнтэр тунтар алхснаа “Ээжийн минь ор энд

байлаа. Хөлийн авдар… Тогооны эргэнэг… Усны ган” гэж мөн амандаа бувтнав. Хүү аавыгаа тоомжиргүй харж зогссоноо: – Та ингэхэд хаана унтдаг байсан юм бэ? гэж асуулаа. Өвгөн удтал дуугүй явсан хүүгийнхээ асуултад илт урамшин: – Аав нь газар унтдаг байлаа. Ганц ширхэг гудас хаячхаад, хөнжлөө нөмрөөд дугжирчихна. Тооно өөд одод ширтэн хэвтэж байгаад, нам унтчихдаг байж дээ. Ингэхэд аавынх нь бага нас их сайхан өнгөрсөн юм шүү! гэлээ. Хүү аавыгаа цаашлуулан: – Таны туулж өнгөрүүлсэн бүх амьдрал сайхан байж дээ, тийм үү? Би л тэгж бодоод байна гэхэд хариу дуугарсангүй. Өвгөн бас дутуутай бололтой. Хүүгийнхээ асуултад хариу өгөлгүй хэсэг зогссоноо буурь тойрсон чигээрээ явсаар, газраас хайрцагтай сүүгээ аваад, машин руугаа эргэлээ. Шороон дээр унасан модон цацлаа сэгсрэн, элсийг нь цэвэрлээд, машиныхаа хаалгыг нээлээ. Тэрээр барьж яваа юмсаа суудал дээр уутлан тавчихаад, энгэрийн үхэр хад руу чиглэн, нуруугаа үүрэн алхлав. Залуу эр аавынхаа араас хэсэг харж зогссоноо машиныхаа хаалгыг дэлгээд, суудал дээрээ тухалж авлаа. Орчин цагийн аялгуутай хөгжим эгшиглэж эхлэв. Залуу эр

гутлаа тайлж аваад, суудлаа арагш налуулан хэвтжээ. Очиржанлав ханилсан эхнэрээсээ гурван сайхан хүү төрүүлсэн бөгөөд энэ дагаж яваа нөхөр бага нь билээ. Урт амьдралынхаа улбаан дунд үлдээсэн толбо бий юу гэвэл, үгүй гэхгүй ээ. Мартаагүй яваа юм аа. Мартахгүй байсаар дуусах байх. Хайр бадруулж, халуун сэтгэл асгаруулж асан сайхан өдрүүдээс нэг л мэдэхэд хөндийрч… Сүүлдээ хөрч… хөлдөж… Одоо хүртэл гэсээгүй яваа нь их учиртай. Голоосоо даарч явдаг зуурдын хачирхалтай амьдралыг хүүрнэнэ гэвэл барагдахгүй их удна. Эхнээс нь яривал урт түүх өгүүлмой. Өвгөн дөрөлжний ам голлосон хад чулууны дэргэд ирээд зогтусав. Үхэр хадыг тойруулаад, хайс хатгажээ. Мөн л идээ будаа өргөж, энд тэндээс нь халтартуулжээ. Тойруулаад, хадаг самбай уячихсан байх бөгөөд зарим нь газраар даавуу шуувуу шиг хөглөрөн харагдав. Эгээтэй л шарил аятай хачин муухай эвгүйг яана! Хүүхэд байхдаа энэ үхэр чулуутай хамт л өдрийг авдаг байсан сан. Дээр нь ишиг шиг гарчихаад, дэгэлзэж байхад их өндөр санагддаг байв аа. Арван зургаа хүрээд л тэр хадны намхан хэсгээс үсрэн буудаг болсон дог. Хадны урд талд үл ялиг тойруулган

нөмөртэй. Нөмөр дор нь чулуун дэвсэгтэй. Нэг ёсондоо, дөрөлжний агсам салхинд хоёр талаасаа элэгдсээр байгаад, ховил гарсан гэмээр сонин тогтоцтой хад л даа. Гэхдээ энэ бол аль балар зууны тэртээгээс байгалийн эрхшээлийг өөртөө шивнэсэн өнчин чулуу байсан юм аа. Ядаж байхад, дөрөлжний ам голлон, салхины нөөлөг дор торойсон зовлонт хад байх? Чулуун хад маань хэлбэр дүрсээ алдаагүй яг хэвээрээ. Очиржанлав, модон хайсанд гараа хүргээд, адис хүртэв үү, эсвэл хүндэтгэл үзүүлэв үү гэмээр үл ялиг мэхийн, ёс соёрхол үзүүлэв. Хадны завсраас, салхины исгэрээ сонсогдож, үл мэдэгдэх сонин дуугаар шүгэлдэх шиг болов. Салхины хүч бас муугүй аж. Тэгш хэлбэртэй дугуйрсан мөргөцөг чулууны хооронд таван салааны навч хэлбэртэй урт гонзгүй нүх харагдав. Өвгөн, үхэр хадны эгц урд ирээд, толгойгоо гилжийлгэн, сайтар харвал нээрээ тийм нүх гарсан байв. “Ингэхэд, ийм жижиг нүх байсан билүү? Томоогүй байсан болоод, анзаараагүй юм болов уу?” гэж гайхан бодсоноо ийш тийшээ

тээнэгэлзэн, өөртөөгөө ярилцах хэн нэгэн хүнийг хайлаа. Тээр урдаас хэдэн үхэр туусан маажиг самган хойшоо чиглэн айсуй. Араас нь тав орчим насны жаал дагаж явснаа газар суучихав? Эмгэн эргэн харж зогсоод, өнөөхөө аргадаж байгаа бололтой гараараа даллан хүлээлээ. Тэдний байж байгаа байдал бүтэл алга! Хүлээлтгүй! Ингээд, өвгөн модон хайсан дээгүүр шийдмэг давж ороод, хаданд духаа хүргэн ёстой л жинхнээсээ адис хүртэв. Жижиг нүх рүү тонгойн харвал, сөөм хэрийн завсраар мөнх хөх тэнгэр үүлтэйгээ багтаж харагдав. “Ийм нүх байдаг байж л дээ? Ёстой бүү мэд!” гээд хадны орой руу харлаа. Хадны ирмэг мөлийгөөд, бороо цасны усанд халтартжээ. Хоёр хажуугаас нь сүү цай өргөж, тос дайр болгосон нь өнгө сүлдийг нэрмээс болгон даржээ. Өвгөн хэсэг зогссоноо хайс даван буцаж гарлаа. Гэтэл өнөөх эмгэн сэгсгэр жаахныгаа дагуулсаар, наашаа чиглэн ирж яваа харагдав. Гандаж хуучирсан цоохор алчуураар буурал санчигаа хагас далдалсан сайх эмгэн ач хүүгийнхээ булцгар гарнаас чангаагаад, чирэх шахам айсуй. Өнөөх нь арагшаа чаргууцалдах бөгөөд хадны

дэргэд зогсоо буурал толгойтой өвгөнийг харангуутаа зогтусан дуулгавартай томоожингүй болов. – За сайн байна уу? Сайхан хаваржаад, одоо тавтай зусах гэж байна уу? – Сайн сайн. Та сайн явж байна уу? – Сайн явж байна аа. Жаран жилийн өмнө мэндэлсэн гэрийн буурин дээрээ ирлээ гэхэд өнөөх самган, буурал өвгөнийг алсаас саравчлан харснаа таньж ядан: – Тийм үү? Би ч энэ суманд бараг жаран жил болсон шүү дээ! – Чи хэний хүүхэд билээ? – Манай аав нэгдлийн гахайчин байсан л даа. Намайг наймугаар ангид байхад өөд болсон. Сумынхан андахгүй. Би сумандаа суугаад, жаран жил болж байна. – Зөв зөв. Би төрснөөсөө хойш гучаад жил сумандаа байсан л даа. Яг гучин жилийн өмнө эндээс явж байлаа. Явснаас хойш дунд нь нэг л ирсэн гэлээ. Эмгэн, цагаан толгойтой өвгөнийг таних гэж хичээвч урагшаа алхахгүй дэмий л тэндээсээ саравчлан харна. Ядаж байхад, сэгсгэр жаахан нь эмгэн эхийнхээ араар орж, толгойгоо үл ялиг цухуйлган, өрөөсөн нүдээрээ ширтэхдээ хормойноос нь зуурч чангаагаад үг солиулахгүй янзтай. Үдийн наран сөөргөө тусаад, нүд гялбахаар бүүр ч танигдах аргагүй. Харин дууны өнгө, ярианы аялга

нь нэг л дотно хэзээ хэзээний таньдаг хүн шиг… – Би Дулмаа байна аа! Гагнуурчин Цэдэнгийн тогооны хүн болсон гэв. Очиржанлав << Дулмаа>> <<Цэдэн>> гэдэг үгийг мэдэлгүй яахав! – Дулмаа юу? Сая л танилаа. Уулзалгүй мөн ч олон жил өнгөрчээ гэхэд эмгэн урагшаа ганц алхснаа: – Та хэн билээ? Миний цэхэр нүд юм харахаа байсан шүү! гээд уруул хөндөлссөн ганц соёо шүдээ ёрдойлгон инээмэр боллоо. – Очиржанлав! Танина биз дээ? Яагаав… гэхэд эмгэн уулга алдан гайхамшаад: – Өө хөөрхий минь! Тийм байна шүү дээ. Мөн сонин хүн иржээ? гэснээ урагшаа дахин нэг алхаад, мөн л тэндээсээ: – Та манайхаар ороод буцаарай. Бид хоёр ингээд харилаа гэснээ шилбүүрээ нуруундаа үүрэн эргэж алхав. Шилбүүр атгасан мойтгор гар нь нуруун дээр ганцаараа. Нөгөө гар нь ач хүүгээсээ зуурчээ. Цаашаа алхан яваа эмгэнийг Очиржанлав ширтэн зогссоноо: – Хүний амьдралаа гэж? Ингээд л тахийж дохийгоод өтөлчих байх гэж? Гэрийн буурь тойроод ирэхийн чинээ богино хугацаанд хүний амьдрал дуусчихдаг юм шив дээ? гэж амандаа үглэлээ. Гэнэт нэгийг санав бололтой эмгэний араас ухасхийв. Түргэн түргэн алхсаар хөгшин самганыг нялх зөрүүд хүүтэй нь гүйцэн ирлээ. Очиржанлав: – Би нэг юм асуухаа мартчихаж ээ? – Аан, та манайхаар орохгүй юм уу? – Би

ардаа завгүй яваа. Хүүдээ баригдан, жаахан яаруу л… Сүүлд ирэхдээ танайхаар оромз! – Бидний насанд <<сүүлд>> <<дараа>> гэдэг үг бий билүү? Таныг шагайхгүй явсан гээд өвгөн маань уйлах байх даа. – Манай авга ах Жундаг өвгөнийх хаана нутаглаж байна аа. – Жундаг тэнгэрт явсаан. Самган нь суманд. Сумын хамгийн урд нүүрэнд. Хашааны гадаа үхэр тугалын зэлтэй айл байгаа. – За хө, баярлалаа. Арын хад чулууг элдэв юмаар завааруулаад, сэглэж тоглоод хаяжээ! гэхэд эмгэн ихэд гайхан харснаа нүдээ онийлгон: – Чи хайс давж ороогүй биз дээ? – Орсон! Орж адис авсан. Бага байхдаа тойрч гүйгээд, тоглож наадаж явлаа. Гэтэл гадуур нь хашаа тойруулаад, баахан хадаг самбай уячихаж! – Чи мэдээгүй байх л даа. Аргагүй дээ, сумаасаа яваад гучин жил болсон хүн. Энэ хадны нөмөр догшин савдагтай болсон. Дөрөлж дамнасан өнчин чулуу болохоор их догширсон шүү дээ! Хүмүүс адис авах байтугай ойртохоо ч больсон. – Аан. Тэгээд чи надад ойртохгүй, холоос хашхичаад байсан юм уу? Хүн мал догширч явсныг мэдэхээс биш, хад чулуу догширч явахыг хараагүй билээ. – Очиржанлав минь орчлонг басах юу билээ? Энэ энгэрт танайхаас гадна хориод айлын хашаа байлаа шүү дээ. Танайхыг нүүснээс хойш худалдан авсан айл, мөн хамар хашааны айлууд ч сайнаа үзэхгүй

байсаар сүүлдээ бүх айл нэг өдөр нүүсэн шүү дээ. – За? Яагаад тэгдэг билээ? – Яривал урт түүх. Чи манайхаар ороод гар аа. Өвгөн чамайг дуулбал өөрөө гүйгээд ирнэ дээ. Ер нь чи нутагтаа олон жилийн дараа ирсэн хүн мөртлөө юу бодож арагшаа яарч явдаг билээ? Ганц нэг айл хунараар орж, аажуу уужуу буцдаггүй юм уу? гэлээ. Очиржанлав тээнэгэлзэн, ийш тийшээ дэгэлзэн хэсэг зогсоноо : – Би хамаатан самганыхаар очиж золгочихоод эргэж ирье дээ! – За тэгээрэй! Тэр бор хаалга шүү! Би сайхан цай чанаад хүлээж байя? Өвгөн маань гэртээ байгаа гэлээ. Тэрээр тахир шилбүүрээрээ дохин, гэрээ заачихаад, жаахныгаа гулдарсаар явж одов. Очиржанлав, Дулмаагаас бишгүй сонин дуулах шинжтэйг мэдээд сониуч төржээ. “Юу юу гэнэ вэ? Хоёр эгнээ гудамжны айлууд ор мөргүй нүүсний учир бас бий гэж үү? Хадны дор савдаг морилсон гэв үү? Ай халаг… Тэрээр нуруугаа үүрэн алхалсаар хүү дээрээ ирлээ. Машины хаалга дэлгээтэй. Машин дотор хэн ч алга. Реп хөгжмийн аялгуу нүргэлж байлаа. Шинэ цагийн гэх тодотголтой энэ чарлаа дуунуудад Очиржанлав туйлын дургүй тул машинаасаа хол очоод, зүлэг дэвсэг бараадан суулаа. Гэтэл отгон

хархүү нь өнөөх хадны цаанаас гарч ирэв. Өвгөн сортосхийн босоод, хүү рүүгээ гайхан харлаа. Ирж яваа хүү рүүгээ тэндээсээ угтуулан: – Тахилгатай хадны хажууд бие засчихаагүй биз? – Үгүй ээ аав аа? Таныг тээр урд хүнтэй уулзаж байх хооронд хадны цаанаас дуу гараад байсан юм. Дуудаад байх шиг. Тэгээд очтол хүн хар алга. Баахан хадаг самбай хөглөрч хийссэн ганц том хад л байна гэх нь тэр. Өвгөн цочсондоо бондгос гээд арагшаа ухарлаа. – Гэгээн цагаан өдрөөр хэн чамайг дууддаг билээ. Энэ хашхичаад байгаа хөгжим чинь харин зэвүүцэм юм билээ. Унтрааж аль! гэж омогдов. Залуу эр машиндаа орж суугаад хөгжмөө унтраав. – За аав минь! Буурин дээрээ ирээд сүү идээ, будаа тариа өргөчихлөө. Одоо нөгөө төрөл айлыг чинь хайх уу? – Аав нь хайгаад мэдчихлээ. Ингэхэд яриа байна. Чи сумын төвөөс хот руу буц. Би машинтайгаа үлдээд, сум нутагтаа долоо хоноод буцна аа. Явах болохоороо хэлнэ ээ гэв. Хүү өндийж суугаад: – Ер нь тэр нь дээр шүү. Та төрсөн нутагтаа ирсэн хүн шүү дээ. Харин хот руу явах унаа одоо олдох болов уу? – Олдоно байх. – Гэхдээ би ч яахав явчихаж болно. Очоод, компаныхаа орлого зардлыг бүртгэж, тайлан тооцоогоо хийе. Та яарамгүй тайван амарч байгаад араас оч. Гуч хүртлээ амьдарсан

газартаа долоо хоног саатна гэдэг чинь сайхан санаа байна шүү! – Би бодлоо л доо. Амьдралынхаа явцад гээсэн зүйлээ эргэж олох уу гэж! Олж чадахгүй байлаа ч сэтгэлээ бага ч болов хөнгөлөхийг бодъё. Аав нь сэтгэлийнхээ чанадад их зовлон тээж ирсэн хүн шүү дээ. Эд баялаг гэвэл надад дутуу юм алга. Даанч, сэтгэл санаа минь дундуур байдаг юм аа. – За аав минь! Хүн бүрийн л амьдрал ийм шүү дээ. Та дүүгээ хар! Яаж яваа билээ? Та дэргэд нь баян хүн шүү дээ! Элдвийн юм бүү бод! – За тэр яах вэ хүү минь! Ингэхэд чи хоноод явах уу? – Үгүй аав аа! Би таныг нутагт чинь хүргээд ирлээ, ингэсгээд буцна аа. – За ойлголоо. Миний хүү төв ороод орхи. Тэндээс жижиг автобус хот руу хөдлөх байх. – За аав аа. Харин та, компаныхаа ажилд санаа бүү зовоорой. – Тэгэлгүй яах вэ? Одоо та нар, надгүйгээр бүхнийг зохицуулж сурцгаа. Гоёмсог хар тэрэг уруу газрын хайрга чулуу үсэргэн, зөөлөн уруудсаар сумын захиргааны үүдэнд ирж зогсов. Өнгө гандсан төрийн далбаа хүйтэн салхинд сэр сэр дэрвэлзэн, урт нарийхан төмөр ишээ туялзуулан харагдав. Захиргааны үүдний модон сандал дээр сууж байсан хоёр залуу хормой хотоо хөшилдүүлэн ирснээ машины цонхоор шагалзан: – Ноолуур авах хүмүүс үү? Ноолуур хэдтэй байна

вэ? гэцгээлээ. – Үгүй ээ. Хот руу яг одоо гарах унаа байна уу? гэхэд тэд, залуу хөгшин хоёрыг ээлжлэн харснаа салбан нударгаа арагш нь шамлаад, урагшаа заав. Заасан зүгт хоёр гурван машин харагдав. Ингээд Очиржанлав сэтгэлийн угт сонирхол татсан үл ойлгогдом хөврөөсийг тайлахаар хоцорлоо. Сонирхолдоо хөтлөгдөн хоцорч буй буурал өвгөн машиныхаа цонхоор хүү рүүгээ тонгойн: – Аавын хүү, сайн яваад хүрээрэй. Аав нь садангийндаа очоод, жаахан амарч авья даа. Байн байн утсаар ярина аа гэлээ. Хүү нь цүнхтэй юмаа аваад, жижиг автобус руу орлоо. Бядтай бяртай байрын чинээлэг өвгөнийг сумынхан атаархангуй харцаар харцгаагаад, дор дороо гөлөрчээ. Сумын хамгийн урд талын эгнээний гудамжаар тойрч, үнээний баас хөглөрсөн халцгай газрын харалдаа хөх даамангийн үүдэнд ирж зогслоо. Тугалын хашаа нээлттэй байх бөгөөд ганц хоёр үнээ хэвтэж байгаа харагдав. Шар нохой боргож байснаа эмгэний дуунаар хулмалзан буцаж орлоо. Цоохор дан дээл нэлмийлгэсэн тарган бор самган хүрэн эрхи унжуулан гарч ирснээ шил толь нь тунарсан том хар машин руу ширтэв. Үсэн буурал өвгөн ухасхийн буухыг хараад ”Баян байрын сүрхий өвгөн чинь хэн билээ? Энэ том машиныг ганцаараа хөлөглөж яваа нь ихэс дээдэстэн байлгүй дээ” гэж бодонгоо

төмөр хаалгаа сархийтэл өшиглөөд хөлөөрөө түлхэв. Хашааны ёроолд хулмалзан байгаа шар нохойгоо зандран холдуулаад, ирсэн гийчинг тосов. – Очиржанлав… Хүүе Очиржанлав уу? Ээ бурхан минь! Яг дүрээрээ байна. Сайн явж ирэв үү? гээд уулга алдан тэврэн авлаа. Ная шахам насны самганы нүд гялалзан, хөл нь хөнгөрөөд, ирсэн гийчнийг баярлан угтаад, гэртээ урив. Гэрийн дотор аргалын утаа нуугиж, хаврын шуурга, тоос тортогны үнэртэй холилдон харанхуй татаж байлаа. Хүйтэн өдрийн салхинд даарч явсан Очиржанлав галын бараа хараад, дотор уужран хоймор гарч суулаа. – За Айлаа минь! Сайхан хаваржаад байна уу? – Сайн дүү минь! Ингэхэд, бараа сураггүй алга болчихдог хачин хүн шүү чи! Чамайг харуулддаг байснаа сүүлдээ тоохоо ч больсон шүү би. Амьд мэнд байгаа дээр минь ирэхээсээ өнгөрлөө гэж горьдлого тасарчихаад байлаа шүү! гэж Айлаа

гомдлын үгээр яриагаа эхлүүлэв. Айлаа гэх энэ буурай Очиржанлавын аавынх нь дүүтэй сууж явсан хүн. Цагийн сайханд залуу байхдаа галтай дөлтэй сайхан бүсгүй явлаа. Эрмэг, зоримог төрхөөрөө хэнийг ч дагуулахгүй гялалзаж явдаг сүрхий тарган бор хүүхэн байж билээ. Нэр нь хэн ч билээ, мартчихаж. Айлаа… Айлаа… гэж дуудсаар байгаад <<Айлаа>>-гаас өөр ямар ч нэр толгойд буусангүй. Очиржанлав, Айлаагийнхаа уулгалан ярих ярианд урхидуулан, үдэш болтол хөөрөлдөв. Урт амьдралын замаас түүж бөөгнүүлэх юм хэчнээн их билээ? Хог мэт гээсэн хором бүхнийг хамжиж бөөгнүүлэх хүн байгаа нь аз гэлтэй. Айлаа бүхнийг мартаагүй байсан юм. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *