Нүүр Өгүүллэг “НУУЦГАЙ ХАЙРЫН ПАЯН” гэр бүлийн роман төгсгөлийн “21-Р ХЭСЭГ”

“НУУЦГАЙ ХАЙРЫН ПАЯН” гэр бүлийн роман төгсгөлийн “21-Р ХЭСЭГ”

27 секунд уншина
0
0
1,001

ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Сувдаа хуучин данс хараа үзсээр байгаад мөнөөхөн хавраар шахуу хэвтсэн жаахан хүү Баярболдын өвчний түүхийг гаргаж ирэв. Чингээд шинээр нээсэн Цогтбаярын өвчний

түүхтэй харьцуулан үзжээ. Хэрэв овог нэрийг л эс тооцвол бүх зүйл таарч байлаа. Харин хуучин дансанд “Батбаярын Баярболд” гэж бичсэн ахул, шинэ дансан дээр “Билэгжаргалын Цогтбаяр” гэсэн нэр

дурайж байлаа. Энэ ямар учиртай юм бэ? Яахлаараа нэг хүүхэд хоёр өөр айлд данстай байдаг хэрэг вэ? Ийм л амархан хүүхдээ өөр хүнд өргүүлчихлээ гэж үү? хэмээн бодтол гэнэт энэ Баярболд гэдэг жаал

чинь нээрээ хулгайд алдагдсан шүү гэсэн юм санаанд бууж ирэв. Тэгсэн шүү нээрэн… Эмнэлэг даяар бөөн шуугиан дэгдээгүй юу. Цагдаа нар хүртэл ирчихээд нохой тавих нь халаг эрэл сурал болоо биз дээ?

Тэрнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн боловч хүүхэд олдсон эсэх нь мэдэгдсэнгүй. Энэ хүүхэн хүүхэд хулгайлчихмаар тийм хачин амьтан биш л юм шиг… Тэгвэл яагаад хүүхэд энэ хүүхний гарт байдаг билээ?

Бас тэгээд хэрэв энэ хүүхэн хүүхдийн хулгай хийсэн бол хөнгөхөн ханиад хүрэв гээд урьд хэвтэж байсан тасагт нь зориуд ирж хэвтмээргүй сэн… Сувдаа тэгээд Ууганжаргалын утас байна уу үгүй юу хэмээн хуучин өвчний түүхэн дээр хайв. Аз болоход гэрийн утсыг нь тэмдэглэж авсан байлаа. Бүх юмны учрыг мэдэх хүн Ууганжаргал болохоор Сувдаа юу ч гэсэн түүнтэй яриад үздэг хэрэг гэж бодлоо. Тэр өдөр ойр утас байсангүй тул тэгсхийгээд орхижээ. Дараагийн ээлжин дээр Дэлгэрмаа хүлээлгийн өрөөнд нөхөр нь бололтой нэгэн ганган байрын хар хүүг суулгаад хүүхдийг авч түүн дээр орохын зуурт шурхийн гарч гүйв. Ойр хавь утасгүй тул бүр эмнэлгээс гарч мянган нэрийн барааны дэлгүүр хүрэн утас олж залгажээ. Ууганжаргалын утас хариу өгсөнгүй… Сувдааг буцаж ирэхэд мөнөөхөн Дэлгэрмаа хүүхэн эмчтэй ярилцаад аав нь Токиогоос ирсэн тул хүүхдээ эмнэлгээс

түр гаргая гэж гуйсан байлаа. -Түр ч юу байхав дээ. Бүр гаргасан ч болно шүү дээ. Хүүхэд чинь ямар хатгаа туссан биш. Хөнгөхөн ханиад хүрсэн байсан… Тариа тариулаад эм уугаад гайгүй л болж… Гэрээр эмийг нь сайн өгөөд гам сайн хийвэл дажгүй шүү дээ… гэж эмч хэлээд явуулчихсан байлаа. Ингээд Сувдаа ямарваа нэгэн баримтгүй хоцров. Ядахдаа өвчний түүх нээсэн эмч эхийнх нь хаяг, утсыг тэмдэглэж авсангүй. Одоо тэр яах ёстой вэ? Юу ч гэсэн Ууганжаргалтай ярьж хүүхдийн тухай хэлэх нь хүний ёсоо доо. Одоо хүртэл алдагдсан хүүхдийн сураг гараагүй ч байгаа юм бил үү. Хэрэв ийм ахул хүүхэд нь амьд мэнд байгааг мэдвэл эхийн сэтгэл амрах биш үү гэж боджээ. ххх “Бадамлянхуа” зочид буудлын үүдээр шөнийн 3 цагт нүүрэндээ хар баг зүүсэн хоёр чийрэг эр буу барьсаар гэтэн орж ирэв. Тэд халхавчныхаа цаана үүрэглэн суугаа зочид буудлын жижүүрт буу

тулган сэрээжээ. Гар бууны онгойсон хар ам өөр рүү нь чиглэж, сүвээ рүү хатуу төмрөөр хүчтэйхэн ёвроод авахад жижүүрийн сүнс гарчих шиг л болов. -218 номерын түлхүүр аваад марш! хэмээн хар багтан жижүүрт тушаажээ. Жижүүр хижээл эр салгалж чичирсэн гараар өлгөөстэй түлхүүрүүд дотроос 218 дугаартайг авч хаалтынхаа цаанаас гарч ирэв. -За бушуул. Оройхон Жан овогт тэнд байрласан монгол залуухан бүсгүйг гадагшаа гарав гэж зэмлэн өрөөнд нь цоожлоод гарч явахдаа хэдэн цаас атгуулан -Тэр монгол эм дээр хэнийг ч оруулж болохгүй. Өөрийн нь хамрыг ч цухуйлгах хэрэггүй гэж захисан билээ. Гэтэл шөнө дунд юун гангестрүүд ингэж түрэмгийлэн орж ирж, буу шийдэм гарган тэр хүүхний өрөө рүү намайг авч явдаг билээ? Ээ дээ манай энэ Гонконг уу? Есөн шид нь бүрдсэн газар даа… гэж боджээ. Жижүүр явган шатаар хоёр дугаар давхарт гарч бүдэгхэн гэрэлтэй хонгилоор тэднийг дагуулахад буу бэлхнээ барьсан хар багт эр ар талд

нь алхам ч холдохгүй явж байв. Аягүйд бол монгол хүүхнийг энэ дээрэмчид аваад явах биз. Маргааш Жанд юу гэж хэлдэг билээ? гэж жижүүр бодож амжив. Жан бол хүүхний наймаа хийхэд гаршсан хүн гэдгийг жижүүр сайн мэдэх билээ. Газар газрын сайхан охидыг өндөр цалин, үнэгүй хоол, байр мэтийг амлан хуурч авчраад энэхүү “Бадамлянхуа” зочид буудалд хэд хоног хоргодуулан байлгаад нэг л мэдэхэд хөрөнгөлөг баян хужаад өгөх буюу эсвэл дууч эмсийн газар, үгүй бол иллэг хийдэг рашаан сувиллын ажилд оруулж өгдөг байна. Түүний гараас хэн ч мултарч байсангүй. Жан чингэж залуухан охидоор наймаа хийн ихээхэн ашиг олдог бөгөөд жижүүрт ахиухан хахууль өгчихдөг тул тэдний ам хамхигдан, амьд бараа борлуулж буй ажиг сэжиг авсан цагдаагийнхан шиншлэн ирэхэд ч ам үдээстэй дуугүй байж чаддаг ажээ. Тэрхүү итгэл өнөө шөнө ингээд тасардаг байжээ хэмээн жижүүр бодсоор монгол хүүхний байгаа өрөөний өмнө зогсов. -Бушуу хаалгаа нээ! Жижүүр ахиад л сүвээнд нь бууны хүйтэн ам тулж буйг мэдэж ямар ч үнээр хамаагүй амьд гарах сан хэмээн шийдэв. Тэрбээр салгалсан гараар цоожны нүхэнд түлхүүрээ хийн

эргүүлэхэд салхивч онгорхой байсан бололтой хаалга өөрөө чахран онгойв. Гадаа хүн ярих шиг болсноо хаалга онгойх чимээнээр хагас нойртой байсан Ерөө бушуухан босч хувцаслав. Царай нь цаас шиг болтлоо цайн айж балмагтсан жижүүр, нүүрэндээ хар багтай хоёр хүний хамт орж ирээд, нэг нь ор руу дөхөв. Тэр хүн нэг юм хятадаар хэлснийг Ерөө ойлгосонгүй. Чингэхэд орны хөл дээр тавилсан хувцсыг нь хаман авч Ерөө рүү шидэн гадуур хувцсаа даруй өмс гэж дохиод мөнөөх хүн гар цүнхийг нь, чемодан савыг нь хивсэн дээр тавьж бүх юмаа үүнд хий! гэж зангав. Чингээд ор дэрийг онгочин тэнд байсан жижигхэн гар утсыг нь гаргаж ирээд Ерөөд өгчээ. Энэ бүхэн хоромхон зуур болж өнгөрлөө. Ерөөгийн чемоданыг түгжин гарт нь бариулж гар цүнхийг сугавчлуулаад тэд гарцгаав. Жижүүрийг мөн л урдаа оруулан буу тулган туусаар Ерөөг бас дундаа оруулан алхсаар шатаар дээрээс бууж ирэв. Гарах хаалганы өмнө очоод нэг хар багтай эр Ерөөг дагуулан гадагшаа гарахад нөгөө нь хаалтны цаад талд жижүүрийг оруулан нэг юм хэлсэн нь -Дуугүй ингээд сууж бай. Хэрэв цагдаа

дуудвал хохь чинь шүү гэсэн ажээ. Зочид буудлын өмнө бэлэн зэхээ суудлын хар тэрэг зогсч байлаа. Арын хаалгыг онгойлгон эхлээд чемоданыг тавьж дараа нь Ерөөг түлхэн оруулав. Ерөө арын суудал дээр унах шахуу суумагц машин асааж тэд ухасхийн давхижээ. Өвлийнх шиг тас харанхуй биш гэгээтэй өмнөд орны зуны шөнө үүр цайх дөхжээ. Yл таних харь газрын гудамжаар машин хурдалсаар байв. Хэнд баригдан хаашаа явж буйгаа Ерөө үл мэднэ. Тэр их айсан тул зүрх нь цээжиндээ багтахгүй тонгочин, дэмий л ийш тийш бүлтэгнэн харах ажээ. Магад энэ хүмүүсийг Жан явуулсан буй заа. Хар эртүүр хил давуулан усан онгоцонд суулгаж Тайланд орон руу явах гэж Жан ов зохион түүнийг буудлаас хулгайв уу? гэж санав. Чингэж бодоход муу хувь заяаны золиос болж, итгэж найдаж явсан хүүхэн нь түүнийг харь хүнд худалдсныг санаад байж ядав… Зочид буудлын өрөөнд эзэмдэн авах гэж дээрэлхээд гараа хазуулсандаа хорссон Жан маргааш гэхэд Тайландын толгой баян хөгшин хужаад их үнээр түүнийг зарна хэмээн заналхийлж хаалга дангинатал түгжээд холдсон билээ. Түүний хөлийн чимээ холдмогц Ерөө ганц аврал тэнд

бий гэж бодож Зоригоо руу утас цохив. Ашгүй тэр залуу утсаа өөрөө авчээ. Ерөө уйлан байж болсон бүх явдлыг ярив. -Би амьд таваар л болсон юм байна. Миний итгэж найдаж явсан үерхдэг хүүхэн намайг Жанд 500 доллараар зарчихсан ажээ. Маргааш гэхэд Жан намайг Тайландын тэргүүн баянд их үнээр зарах нь… Би түүний олон татвар эмийн нэг болж насан туршдаа эх орноо үзэхгүй хөгшин хужаагийн дэвсгэр болж үлдэх нь… Намайг авраач. Утасны цаад үзүүрт санаа алдах шиг болов. -Би чамд эрт нэг хэлсэн шүү. Санаж байна уу? Гэрээтэй ажлаа хийгээд олдсон хэдийгээ бөөгнөрүүлээд Сөүлдээ байсан нь дээр байсан биш үү гэж… Анхнаасаа танай эзэн Ким, тэр нэг Сэрчмаа гэдэг хүүхэн, Жан нар хуйвалдан чамайг наймаалах бүх аргаа хийжээ. Чи тэр арганд нь л автчихсан хэрэг. Чэжү аралд явуулж далайн эрэгт амраадаг, цалинг чинь нэмсэн зэрэг чинь зүгээр л занга байсан байхгүй юу. За тэр яахав. Одоо яах вэ гэдгийг бодъё. Тэр Жан наад зочид буудлын жижүүрт хэд гурван цаас өгч хахуульдаж амжсан л байгаа… Аягүйд бол цагдаагийнханд ч хээл хахууль өгсөн байж магадгүй. Болдоо бид хоёрыг очиход юун сайн юм май гээд өрөөний чинь түлхүүрийг өгчихгүй нь магад… Бид түнштэйгээ ярилцъя.

Зөвлөцгөөе. Чи битгий их бачимд. Тайван суугаад хүлээж бай. Ямар ч байсан наад зоориноос чинь чамайг суга татан авна гэдгээ чамд амлая. Зүгээр байж байгаад монгол охиноо тэгж ч Тайланд руу ачуулахгүй байх шүү. Зоригоогийн хэлсэн үг Ерөөг тайвшруулав. Тэрбээр Зоригоод итгэж байлаа. Гэтэл шөнө дөл болтол Зоригоо ярьсан ч үгүй, ямарваа хүн хаалга үүдийг нээн түүнийг аврахаар ирсэн ч үгүй. Гэтэл энэ хар багтангууд… Yл ойлгогдох адал явдалт кинонд гардаг шиг л Ерөө үл таних хотод үл таних хүмүүст олзлуулан хаашаа ч юм давхиж байна. Бүсгүй дэмий л сул асгарах нулимсаа арчих ч сөгөөгүй хярсан туулай шиг арын суудалд бүлтэгнэн суух ажээ. Машин хаа нэгтэй зогслоо. Хятадаар ярилцах чимээ гарч, машины хаалгыг хэн нэг нь нээв. Нэг юм хэлж дохисон нь чемоданаа аваад тэрэгнээс буу гэж байгаа бололтой. Ерөө буув. Залуухан хөвгүүн араасаа яв гэх шиг түүнийг дагуулав. Ерөө дагалаа. Тэд явсаар намхан шиг байшинд оржээ. Түүнийг авчирсан хар багтай хүмүүс хайчсан юм бүү мэд алга болжээ. Залуухан хятад хөвгүүн Ерөөг дагуулан хурц гэрэлтэй хонгилоор явсаар нэгэн өрөөний хаалга нээв. Тэнд ганц ор, явган ширээ, буланд зурагт харагдана. Хаалганы дээр өлгөсөн цаг

шөнийн 3 цаг дөчин таван минутыг зааж байлаа. Явган ширээн дээр жимсний шүүс болон тавагтай усан үзэм, алим тавьжээ. Залуу хөвгүүн нэгэнтээ тонголзон ёслоод хаалганы түлхүүрийг явган ширээн дээр тавимагц гарч одов. Энэ бүхэн яавч олзлогдсон хүнд хандсан хандлага биш байсан тул Ерөөгийн цээжинд найдварын гэрэл гялсхийв. Тэр аврагдав биш үү. Хар багтнууд өөр хэн ч биш Зоригоо юм уу, түүний түнш монгол хэлтэй мөнөөхөн хөгшин хужаагийн явуулсан элч нар байсан биш үү? Чингэж л шөнө дөлөөр гангестр маягаар түрэмгийлэн зочид буудалд буутай шийдэмтэй, багтай дайрч орохгүй бол Ерөөг авч тэндээс гаргах өөр арга байгаагүй байх л даа… Ерөө бүр инээд алдах шахав. Ямар ч байсан аюул ард үлджээ гэж бодоход инээмээр байв. Залуу сайхан насаа Тайландын хөгшин баяны татвар эмийн гай зовлон дунд өнгөрөөх аюулаас аврагдлаа. Ямар азаар би Зоригоо, Болдоо хоёртой онгоцонд тааралдав аа? Бурхан гэж байдаг юм байна. Эх нутгийн бурхан л намайг азаар энэ хоёр сайн сэтгэлтэй залуустай учруулав. Одоо би эднээс салахгүй. Сэтгэл нь нэг ана боловч цэлмэсэн Ерөө гараа угааж, жимсний хүйтэн шүүс ууж, алим идээд ор засч хэвтэв. Нойр хүрэхгүй тийчилсээр

өглөөний зургаан цагийн янар түр дугхийжээ. Тиймээ Ерөө андуурсангүй. Нэг сэрэхэд нь үүдээр Зоригоо инээмсэглэн орж ирж явлаа. -За ашгүй чөлөөлөгдчихөв үү? Одоо хүүхэн гуай биднээс сална гэж бүү сана. Чамайг дагуулж Болдоо бид хоёр Зүүн өмнөд Азийн орнуудаар хамт бизнесийн ажлаа хөөцөлдөнө гэж мэд. Тэгээд халуун гараас чинь хөтөлсөөр явж эх орондоо хүргэж өгнө. Мэдэв үү? Чамайг аварсан хүн бол манай түнш Ван овогт юм шүү. Түүнийг монголчууд Цагаан Далай гэдэг юм. Далай гуай л чухам ухаан сийлж компанийхаа хоёр ажилтанг гангестр хэмээх дээрэмчин болгож буу шийдэмтэй зочид буудал руу явуулсан хэрэг. Хэрэв ийм арга хэрэглээгүй бол чи өдийд “Бадамлянхуа” буудалдаа уйлаад л сууж байхсан даа. Тэр хүнд баярласан гялайснаа хэлж үзээрэй… гээд Зоригоо хээ шаагүйгээр Ерөөгийн хацар дээр шовхийтэл үнсч билээ. ТӨГСГӨЛ -Яаж хоёр яс сална даа… Батбаяр ийнхүү санаа зовон хэлээд энэ үгнээсээ өөрөө айх шиг болов. Ерөөг төрөхөд ийм үгийг Ууганаа нь хэлсэн шиг санагдана. Гэтэл одоо Ууганжаргал өөрөө төрөх болчихоод түргэний тэргээр нэгдүгээр амаржих газар ирчихсэн ихэд өвдөн сандаргаж байлаа. Аливаад ээлж байдаг ажээ. Ууганаа нь өөрийгөө хэзээ ч үр төрүүлэх

чадваргүй гэж бодож асан бол одоо эм хүнийхээ жаргал зовлонг хамт эдлэхээр Ерөөгийн хэвтэж байсан тэр тасагт хэвтжээ. Батбаярын сэтгэл их зовж байв. Нас дөч гарсан ч гэлээ урьд өмнө үр хүүхэд төрүүлж байгаагүй тулгар амьтан болохоор яах бол сэтгэл зовох нь аргагүй байлаа. Намрын сэрүүн хэдийнээ оржээ. Өглөө эрт түргэн дуудаад гарахад хүйтэн салхи үлээж, мөр жиндмээр хүйт оргиж байлаа. Түргэн тусламжийн машин дотор бүр хүчтэй өвдсөн Ууганааг түшин явахдаа эхнэр нь хүүхдээ арай машинд гаргачих юм биш байгаа гэж айн түгшжээ. Тэрбээр гар утсаараа Чимгээ рүү ярьж Ууганаа өвдөөд амаржих газар руу явж байна. Ирвэл сайн сан гэж хэлжээ. Чимгээ тэдний хооронд олон жил болсон мөнөөхөн далд янагийн холбоо бүр тасарчихаагүй боловч, хуучин шигээ үргэлж уулздаг гэвэл худлаа хэлсэн болох буй заа. Хааяахан нэг уулзаад Батбаяр дуртай дургүй тэнгэрийн ёсыг албаар шахуу гүйцэлдүүлэхэд Чимгээ дуртай байдаг авч, энэ хүн түүнээс бүр хөрч холджээ гэдгийг зөнгөөрөө мэдээд нэг их уулзахсан гэж шаардахыг ч байжээ. Тус тусынхаа амьдралыг л хөөцгөөж, харин эм улсын ёсоор Ууганаа тэр хоёр бол үргэлжид уулзан хүүхнүүдийн яриагаар сэтгэлээ засах ажээ.

Ойрд Ерөөгөөс сураг гарсангүй. Харин сэтгэл санаагаар унаж ухаан мэдрэлээ алдтал ууж, эрүүлжүүлэхийн шээс, шинхэг үнэртсэн муухай байранд шившгээ дэлгэж хоносны дараахан гэнэт гар утсаар нь Ерөө дуудаж ярьсан байлаа. -Би Сөүлээс гараад удаж байна. Хүний үздэг үздэггүйг үзэж туулж л явна даа. Ашгүй сайн санаатай хүмүүстэй тааралдаж тэднийхээ бизнесийн ажилд туслаад Тайланд, Сингапур ороод явж байна. Эднийхээ ажлыг дуусахаар цуг харина даа. Хэл чимээгүй удсныг минь уучлаарай. Би чамдаа хязгааргүй хайртай шүү. Миний өмнөөс Ууганаа эгчийг тэвэрч, хүүг минь үнсээрэй… Эрүүл саруул яваа бяцхан амрагийнхаа дууг сонсч Батбаяр нар нь гарах шиг болсон авч, хүрээд ирэхэд нь хүүгээ алдчихсан суудаг ээ мөн тоогүй еэ гэж гаслаж билээ. Нэг л явдал болж… Сөүл дэх эзэн нь их мөнгөтэй ажил хайгаад Сөүлээс явчихсан гэж хэлсэн нь үнэн байж таарлаа. Чухам юу болсон юм бол? Амьтан хүнд залилуулав уу? “Хүний үздэг, үздэггүйг үзэж туулж л явна даа” гэсэн үгийн цаана юу байгаа бол? Ерөөг минь авч яваа тэр сайн санаат хүмүүс гэдэг нь хэн юм бол? Арай залуухан эрчүүд биш биз дээ” гэж бодоход Ерөөгөө хэнээс ч гэсэн харамламаар байлаа. Төрөх газрын хаалгыг цэлийтэл нээн нэгэн

өндөр туранхай дэгжин саарал цувтай хүүхэн орж ирсэн нь Чимгээ байлаа. За яав? Ууганаа арай төрчихөөгүй биз? Төрөхийн орон дээр гарч уу? хэмээн Чимгээ хэзээний нүүрмэг зангаараа олон асуулт зэрэг зэрэг тавьсаар Батбаярт дөхөж ирэв. -Уул нь түргэний тэргэн дотор төрчих нь үү гэмээр өвдөөд байсан. Одоо намдчих шиг боллоо. Юу болов доо байз… гэж Батбаяр чингэж төрөөгүй байгаа нь түүний буруу юм шиг шилээ маажив. -Нааш нь авчрахдаа шар тос уулгасан уу? -Тэгсэн… Чиний хэлсэн бүхнийг л хийсэн… Баавгайн савар олж өгөөд оруулсан… -За байз энэ цувыг барьж бай хэмээгээд Чимгээ гадуур хувцсаа тайлж, цагаан халаад өмсөөд хаалга цохин дотогшоо орж явчихав. Түүнтэй зөрөөд шахуу дотроос овоо өсгөлүүн биетэй жаахан хүү тэвэрсээр нэгэн дунд сургуулийн банди гарч иржээ. Ноосон малгай өмсгөж, бариувчаар гоёсон тэр жаал нүдэнд тусаад ирэхэд өөрийн яс махны тасархай Баярболд хүү нь яах аргагүй мөн шиг санагдаад Батбаяр өөрийн эрхгүй түүн рүү ухасхийв. Чингээд хүүг гар дээрээ авах гэтэл авч яваа жаал -Хүүе ах аа, та яаж байнаа? гэж уцаарлан дуугарчээ. -Энэ хэний хүүхэд вэ? -Дэлгэрмаа эгчийнх… Аавыг нь Билэгжаргал гэдэг юм. Японд суудаг… Дэлгэрээ эгч гадуур

хөөцөлдөх ажилтай болчихоод ээжийг харж бай гээд хүүхдээ орхисон юм. -Чиний ээжийг хэн гэдэг билээ? -Ээж төрөх газрын эмч… Yзмээ гэдэг… Хөвгүүн энэ ахаас салахын түүс болж байх шиг… -Yгүй мөн хачин юм даа. Яах аргагүй л миний хүү мөн дөө. Эцгийн сэтгэл эндүүрмээргүй. Одоохон энэ явдлыг шалгуулах сан… -За сайн байцгаана уу? Хүүе энэ чинь миний хүү юу? Яасан том болоо вэ? Аль вэ ээж нь үнсье? гэж хэн нэгэн цангинасан дуутай бүсгүй хэлж бандийн гар дээрээс хүүг булаах шахам авч нүүр нүдгүй үнссэн нь Ерөө байлаа… -Иш Ерөө минь!… Батбаярын хоолой зангирч, аньсага нь нойт оргиод ирэв. Ерөө нь жаахан тураа юу даа? Ямар гоё сайхан авхай болоо вэ? Хүлээлгийн өрөөнд олон хүн байгаа болохоор ичээд намайг тэвэрч авч чадахгүй байна. Тэрнээс биш ганцаараа байгаа сан бол хэдийнээ тэврээд үнсэж байгаа даа… -Ах аа, эгч боль л доо. Дэлгэрмаа эгч уурлана шүү… хэмээн аль ч учрыг үл ойлгох жаахан хөвүүн танихгүй ах, эгч нар хүүхдийг ээлжээр тэврэн үнсэхэд гайхан хэлжээ. -Жаал хүү чи тэр Yзмээ ээжийгээ дууд. Бас тэр Дэлгэрмаа эгчдээ хэл дуулга. Алдагдсан хүүхдийн эцэг эх хоёр хүүхдээ таниад авчихлаа гэж хэл. Энэ хүүхдийг одоо бид хэнд ч өгөхгүй… гэж Батбаяр

хүүгээ тэврээд зоримогдуу хэлжээ. -Алдагдсан хүүхэд ээ? гэж Ерөө гайхан асуув. -Тиймээ чамайг явсан тэр өдөр өнөөх Бадраа хүүхдийг эмнэлгээс хулгайлсан… Дархан орох замдаа согтуурч яваад хүүхдийг нэг эмэгтэйд хөхүүлэхээр өгөөд алдчихсан байсан… энэ тухай яривал урт түүх болно… Сүүлд бүгдийг хэлэмз. Одоо бол Ууганаа төрөх гээд… Гэтэл хүү минь олоодохлоо. Чи хүрээд ирлээ. Өнөөдөр чинь ямар азтай буянтай өдөр гэгч вэ? Чимгээ гараад ирэв. Тэр Ерөөг харж таниад -Хүүе яасан сонин хүн бэ? Хэзээ хүрээд ирэв ээ? гэж үнсэв. -Өнөө өглөө онгоцноос буугаад гэртээ ирсэн чинь хүн байдаггүй. Хажуу айлын хүмүүс л Ууганаа эгчийг төрөх гэж өвдөөд наашаа явсан гэхээр нь такси аваад хүрээд ирлээ… -За ашгүй дээ. Ууганаа гайгүй байна. Өвдөлт нь түр намджээ. Би эмчийг гуйж түргэсгэх тариа хийлгүүлчихлээ гэснээ сая Батбаяр хүүхэд тэвэрсэн байхыг харж, -Хүүе энэ чинь хэн бэ? Баярболд хүү юу дээ? Та нар хаанаас олоод авах нь энэ вэ? гэж дуу алдлаа. Yзмээд хүүгээ орхисондоо яарч сандран төрөхийн хаалгаар орж ирснээ Дэлгэрмаа зогтусав. Хэдэн хүн хүүхдийг нь гар дамжуулан үнсэж ярилцах ажээ. Залуу эхийн толгойтой үс арзайн босох шиг болов. Тэр хаашаа ч хөдлөж чадахгүй

тушаатай мэт үүдэнд хадаатай зогсчээ. -Дүү минь чи яв, яв. Тэр Yзмээ ээждээ хэлж биднийг уулзъя гэж байна гэж хэл. Дэлгэрмаа гэдэг эмэгтэйг бас дуудуул гэж хэлээрэй. Энэ хүүхдийн төрсөн аав нь би, ээж нь энэ Ерөө юм. Эмнэлгээс алдагдаад олон сар болсон хүүхэд… Хүн энэ хүүхдийг хулгайлсан юм. Тэгээд бас дамаа өөр хүнд алдчихсан хэрэг. Цагдаагийнхан эрээд олохгүй байгаа юм. Тэгэхэд чи амаржих газраас тэврээд гараад ирдэг сайн хүү байна… Yзмээгийн банди Дэлгэрмааг харсангүй бололтой, дотогшоо гүйн оров. Харин Дэлгэрмаа эргэж хаалгаар гарахдаа нүдийг нулимс бүрхээд юу ч харж чадахгүй байлаа. Юу гээчийн гашуун хувь заяа вэ. Ядуу дорой өчүүхэн эх надаар хувь заяа чи яасан их даажин тохуу хийнэ вэ? Дэлгэрмаа амаржих газраас гараад хаашаа явахаа мэдэхгүй хандсан зүгтээ явж байв. Өрийг нь өшиглөж өврийг нь хоосолсон гунигт явдалд тэр итгэж чадахгүй байлаа. Yнэндээ нөхөр нь жаахан хүүд төрий л найртай хандаагүй билээ. Аман дээрээ хатуу үг хэлээгүй боловч үе үе цагдаа нар болсон явдлыг мэдвэл тусгүй юм болно доо гэж цухуйлган, албан ёсоор

үрчилж аваагүй хүүхэд хэзээ нэгэн цагт эхдээ очиж л таарна шүү гэсэн нь үнэн байжээ. Чингэж хэлэхэд нь хармын сэтгэлээсээ болж Дэлгэрмаа зөрүүдлэн юу ч дуугараагүй билээ. Гэтэл хулгайн буруу замаар ирсэн хүүхэд ингээд нэг өдөр өөрийн төрсөн аав, ээжээ олчилдог юм байна. Би одоо яах вэ? Хаачих вэ? Билэгжаргал нь хаа байсан Токио хотод суугаа… Дэлгэрмаа уйлан явсаар л байлаа… Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн өрөөнд хүүхэд тэвэрсэн Батбаяр, Ерөө, Чимгээ гурав Ууганжаргалын төрөхийг хүлээн хүлээсээр л… -Амар амгалан шиг л хоёр яс салаасай даа… ТӨГСӨВ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *