Нүүр Өгүүллэг “ЭХНЭРИЙН ЭРЭЛД” тууж “2-Р ХЭСЭГ”

“ЭХНЭРИЙН ЭРЭЛД” тууж “2-Р ХЭСЭГ”

1 минут уншина
0
0
550

Аав нь байраа өгөхгүй гэснээс болж бөөн асуудал үүсчээ. Цэнгүүн “байр байхгүй бол хурим байхгүй” гэж цамнаж, аав нь “баян тарган ээжээрээ байр авхуулахгүй юу” гэж тавлаж, дунд нь Баатар бачимдан

боож үхэх шахаж байлаа. Тэрээр ээжийнхээ өрөөний хаалгыг саван орж ирээд -Ямар хараал идсэн юм нь болоод байгаа юм бэ? гэж орилоход Сарангэрэл хэнэггүй царай гарган -Чи америк хүн шиг ярьж

байх чинь гэлээ. -Тиймээ тэгээд юу гэж? газрын мухарт байдаг бид нарыг юу ч мэдэхгүй тэнэг бүдүүлэг гэж бодоогүй биз -Гэхдээ энэ чинь соёлтой хүний хэлэх үг ч биш дээ -Юун соёл моёл? Хаанаас ирсэн бэ

гэдгийг чинь би мэднэ. Хаанаас тэнд очсон бэ гэдгийг чинь ч бас мэднэ шүү. Тиймээс соёлтой хүний дүрд тоглох хэрэггүй. Тэгээд ч би энд соёл энэ тэрийн тухай ярих гээгүй. Яагаад надад туслахгүй гээд

байгааг чинь л сонсох гэсэн юм. Ганц өрөө байрны мөнгө төрсөн хүүдээ өгөхөөр гол чинь харлаж, халаас чинь нимгэрэх гээд байна уу? -Яагаад гэнээ? Чи юу сонсох гэсэн юм бэ? Үнэнийг үү? Эсвэл чиний

сонсохыг хүссэн хариултыг үү? -Миний сонсохыг хүссэн үнэнийг -За яахав тийм бол би хариулая л даа. Чамд мөнгө өгөхгүй гэж байгаа нь чамайг аварч байгаа хэрэг -Аврах гэнээ? Миний амьдралыг сүйрүүлж үү? -Заримдаа шинийг бүтээхийн тулд хуучныг нь нураах хэрэгтэй болдог юм -Юу гээд солиороод байгаа юм бэ? -Чиний сүй тавьсан бүсгүй чинь чамд хань болохгүй -Миний амьдрал таньд огт падгүй мэдэв үү. Битгий миний амьдралд оролцох гээд бай -Харин тэгээд л оролцохгүй гэж байгаа юм биш үү. Хэрэв надгүйгээр шийдвэр гаргах гэж байгаа бол тэр л биз. Ямар ч гэсэн би мэдсээр байж сүйрч байгаа онгоцон дээр гарахгүй. -Онгоц энэ тэр бүгд чөтгөр рүүгээ тонил. Та ч гэсэн. Би таныг үзэн ядаж байна гэж Баатар орилоод хаалга саван

гарав. Баатар гадаа гараад хаачихаа мэдэхгүй бухимдан зогслоо. Цэнгүүн “байртай болж байж л надтай уулзаарай” гэсэн болохоор тэднийх рүү явж чадахгүй, гэртээ очих гэхээр халамцуу аав нь үгээр идэж, тавлаад амар тайван суулгахгүй нь ойлгомжтой тул аргагүй эрхэнд буцаж оров. Урьдынхыг бодвол хаалгыг нь нэлээн зөөлөн түлхэн ороод цээжинд буцлах уур омгоо хамраараа их л дуутайхан гаргаж зогсоход ээж нь түүн рүү харалгүй -Би чамд туслая. Гэхдээ нэг болзолтойгоор гэлээ. -Ингэхэд би ер нь таны хүүхэд мөн юм уу биш юм уу? яагаад болзол энэ тэргүй зүгээр л төрсөн эх нь төрсөн хүүдээ туслаж байгаа юм шиг тус болж болдоггүй юм бэ? -Харин чи яагаад намайг төрсөн эхээ гэж бодож харьцахгүй байгаа юм бэ? Мөнгө гуйх болохоор төрсөн эх гэж дайраад бусад үед нь нүднийхээ булангаар

хараад байх юм. Намайг энд хуримдаа дуудсан учир нь чухамдаа мөнгө л биз дээ? Хоёулаа шударга байцгаая. Чи намайг төрсөн эхээ гэж биш харин америкт амьдардаг баян авгай л гэж бодож байгаа тийм үү? Чиний бодсоноор чинь л би чамтай харьцаж байна. Тиймээ, би америкт амьдардаг. Мөнгөтэй юу гэвэл мөнгөтэй. Ямар ч л гэсэн ядуу хүнээс дээр. Тиймээс чамд болзол тавих эрхтэй гэж бодож байна. Хэрэв чи зөвшөөрвөл би чамд хотын төвд 4 өрөө байр, иж бүрэн тавилгатай нь авч өгье. Чи зөвшөөрч байна уу? -Болзолыг нь сонсоё л доо -Зүйтэй. Миний болзол бол нэгд чи Цэнгүүнтэй суухгүй -Цэнгүүн яагаад таньд таалагдахгүй байгаа юм бэ? Царайтай бол царайтай, бие хаа, зан ааш бүх юм нь л сайхан шүү дээ -Гэхдээ түүнд сэтгэл байхгүй. Чамайг гэх сэтгэл түүнд алга -Сэтгэлгүй байтлаа надад хайртай болж, надтай гэрлэе гэх үү? -Тэгвэл чамайг байргүй гэдгийг чинь мэдээд яагаад

гэрлэхээс татгалзсан юм бэ? -Мэдээж гэр оронгүй бол амьдрахад хэцүү ш дээ. Төрсөн эцэг эх нь хүртэл надаас нүүр бууруулж байхад Цэнгүүн аргагүй -Тийм бол би та хоёрт таван ханатай гэр аваад өгье. Цэнгүүн тэнд амьдрах уу? Эсвэл чи цалингаараа байр түрээсэл л дээ. Цэнгүүн чамтай суух хэвээрээ гэж үү? Баатар энэ бүхнийг Цэнгүүнд хэлж үзсэн ч Цэнгүүн сонсохыг ч хүсээгүй тул зовхи нь буун гуниглалаа. -Дараагийнх нь тэгээд юу юм бэ? -Би чиний эхнэрийг сонгох болно -Энэ ч арай дэндэж байнаа. Энэ чинь болзол биш боолчилол байна -Хүсэхгүй бол дураараа л бол. Би албадахгүй. Тэгээд ч би хичнээн төгрөгний зардал гаргаж байгааг бодоорой доо. Түүнээс гадна би чиний хүсэхгүй байгаа хүүхнийг чамд сонгох гээгүй. Би санал болгоно, харин чи сонго. Баатар бодлогоширлоо. -Дараагийнх нь юу юм бэ? Өөр ямар залхаан цээрлүүлэлт байгаа юм бэ? -Ингээд л болоо.

Энэ бүхний дараа намайг ээжээ ч гэнэ үү, эмгэн шуламс ч гэнэ үү хамаа алга. Би явах замаараа явна. Харин чи 4 өрөө тансаг байрандаа сайхан эхнэртэйгээ үлдэх болно. За тэгээд тохирох уу? -Тэгвэл би ч гэсэн нэг болзол тавъя -Тэг л дээ. -Энэ бүхний дараа би таныг хуримдаа урихгүй. Тэр байтугай ээжээ ч гэж бодохгүй мэдэв үү? -Хатуу ч гэсэн би зөвшөөрч байна -Хэрэв сонгосон хүүхнүүд чинь хөгийн амьтад байвал би татгалзах эрхтэй юм байгаа биз дээ -Тэгэлгүй яахав. -Тэгээд тэр сонгосон хүүхнүүд чинь хаана байгаа юм бэ? -Би хажуу талынхаа өрөөний хаалгыг онгойлгоод л өлгүүрт өлгөсөн баахан хүүхнүүд гаргаад чамаар сонгуулах ёстой гэж үү? Мэдээж ирээдүйн эхнэр чинь гадуур явж байгаа биз. Хамтдаа хайна даа -Надад тийм зав байхгүй. -Ажлаасаа чөлөө ав. Харин би нэг сарын цалинг чинь өгье -Их баян хүн байх нь ээ! -Тийм шүү. Нэг сарын хугацаагаар би чамайг өөртөө ажилуулж байна гэсэн үг. Тиймээс өглөө ажилдаа ирдэг шиг над дээр ирээд орой ажил тардаг цагт тарах болно доо -Энэ ч арай дэндэж

байнаа. Би ер нь таны энэ тэнэг тоглоомонд чинь оролцохгүй. Яагаад гэдгийг мэдэх үү? Би таныг харахаас дургүй минь хүрч байгаа болохоор -Дуртай ажлаа олж хийх ч хэцүү шүү. За яахав би байран дээрээ нэмээд машин авч өгье болох уу? -Битгий намайг мөнгөөр зодох гээд бай. Чиний баян тарган чинь тэндээ л байдаг юм байгаа биз. Харин би өөрийгөө худалдмааргүй байна гээд Баатар хаалга саван гарч одоход Сарангэрэл -Хаалга савах чимээнд би дасаж байх шиг байна гэж үглэлээ. Ямар ч гэсэн хэлэх үгтэй болсон Баатар тэр дариу Цэнгүүнийд очоод энэ тухай ууртай нь аргагүй ярихад дуустал нь сонсоод нүд нь жаатайж “муу эмгэн шулам” гэж харааснаа -Чи надад хайртай юу? гэж асуулаа. -Тэгэлгүй яахав. Би чамдаа хязгааргүй их хайртай -Тийм бол чи ээжийнхээ хэлсэнийг зөвшөөрчих гэхэд Баатарын нүд орой дээрээ гарах шахан -Юу? гэж дуу алдав. -Чи битгий

тэнэг юм шиг над руу гөлрөөд бай л даа. Тэр баян авгай мөнгөөрөө боож байгаа бол бид ч гэсэн хариуг нь барих хэрэгтэй -Яаж? -Чи хүссэнээр нь сонгосон хүүхэнтэй нь суучих. Тэгээд байр, мөнгөө авсаны дараа салчихгүй юу. Хаа хол америкт байгаа хүн яаж мэддэг юм бэ? Ер нь мэдсэн ч яадаг юм бэ. Хамгийн гол нь байр, машинаа хурдхан өөрийн нэр дээр болгоод авчихсан байхад тэр авгай хичнээн орилоод яах вэ дээ -Гэхдээ хайраа, энэ чинь тэнэг хэрэг -Тэнэг явдал хангалттай их болж байхад энэ зэргийн тэнэглэл ч яамай байнаа. Аав чинь байраа өгөхгүй гэж яаж тэнэгтэж байгаа юм бэ? Харин одоо ээж чинь яаж тэнэглэж байна даа. Тэнэг хүмүүстэй тэнэг юм шиг харьцаж ухаантайхан хөдлөөд дундаас нь ашиг олох хэрэгтэй -Гэхдээ … -Ямар ч гэхдээ байхгүй ээ. Миний төлөвлөсөнөөр л хий. Харин нэг зүйлийг надад амла. Ээж чинь ямар ч сайхан хүүхэн сонгосон бай надаас хэзээ ч салахгүй гэдгээ амла -Харин би үүнийг чинь л хэлэх гээд байна ш

дээ. Би чамаасаа өөр хүнтэй гэрлэмээргүй байна. Гэрлэлт гэдэг чинь утга учиргүй зүйл биш. Би зөвхөн ганц л хүнтэй ганцхан л удаа гэрлэмээр байна. Тэр нь зөвхөн чи! -Романтик юмаа, надад таалагдаж байна. Гэхдээ хотын төвд бүрэн тохижилттой 4 өрөө байр, бас машин гэдэг чинь тоглоом биш. Энэ бүхнийг бид хоёр өөрсдөө авах гэвэл маш их хугацаа хэрэгтэй болно ш дээ. Үүнийг бод л доо. Би чамдаа хайртай болохоор чамдаа итгэж байна. Хоёулаа хамтдаа ээжийг чинь чадчихъя -Битгий ээж гээд бай. Би түүнийг ээж гэж дуудмааргүй байна. Миний хувьд зөвхөн чи л миний гэр бүл. Өөр надад хэн ч байхгүй гэхэд Цэнгүүн хушуу цорвойлгон -Хөөрхий миний муу өнчин хүү гээд духан дээр нь үнсэхэд Баатар цээжийг нь тэврэв. Цэнгүүн толгойг нь илснээ үснээс нь атган нүд рүү нь ширүүн харж -Гэхдээ надаас өөр хүүхэнд хайртай болоод үзээрэй гэлээ. -Би чамаасаа өөр хэнийг ч дахин хайрлахгүй. Чи минь миний амь амьдрал гээд уруул дээр нь үнсэхээр тэмүүлэхэд Цэнгүүн түүнийг түлхэн -Хайраа хоёулаа

байраа хайя тэгэх үү? Нэгэнт авахуулж байгаагийнх хамгийн үнэтэй байрыг сонгох юм шүү. Тэгээд бас граштай нь хамт авч өгөх юм байгаа биз дээ. Найз нь байр хайлаа. Харин чи очоод зөвшөөрсөнөө хэлчихээд ир гээд хөөн гаргав. Баатар ээжийнхээ царайг дахиж харах хүсэлгүй байсан тул утсаар зөвшөөрснөө хэлэхэд -Тийм бол маргаашнаас эхлэе. Маргааш 10 цагт хүрээд ирээрэй гэхэд Баатар за ч гэсэнгүй, баяртай ч гэсэнгүй утсаа салгав. Утсаа салгаад уурлаж бачимдсандаа баахан дэвхцээд хэн нэгэнтэй ярилцахын тулд Жаргалмаатай уулзахаар явлаа. Ер нь л ямар нэг асуудал гарвал хамгийн түрүүнд түүнтэй уулзаад сурчихжээ. Жаргалмаа түүний хувьд хамгийн сайн найз нь. -Ёстой тэнэг хэрэг, ухаан санаанд багтамгүй хогийн явдал болж байна даа гэж Баатарыг цухалдахад Жаргалмаа хариу хэлэлгүй түүнийг харсаар суув. -Ээж гэгдсэн энэ хүнийг дууддаг л хамгийн том алдаа байсан юм. Тэгээгүй бол бүх зүйл төлөвлөсөн ёсоор болохгүй юу. Энэ

гайтай хөгшин л хамаг юмыг бусниулчихлаа -Үнэндээ гол үйл явдал өрнөх хүртэл ямар ч үүрэг роль гүйцэтгээгүй ш дээ -Юу юу гэнээ? Юун үүрэг роль? Юун өрнөл мөрнөл? Чи өөрийгөө кино найруулагч гэж бодоод байгаа юм биш биз дээ? -Кино шиг л үйл явдал өрнөж байна ш дээ -Магадгүй чиний зөв байх. Шал утгагүй тэнэг кино. Солонгосын савангийн дуурь шиг учир нь олдохгүй тэнэг үйл явдлууд болж байна даа -Гэхдээ хүмүүс тийм кинонд дуртай байдаг ш дээ -Чи оролцогч биш үзэгч болохоор чамд таалагдаж байгаа л даа. Харин би тийм юманд дургүй. Би бүх зүйл илүү хялбар, энгийн байхад л дуртай -Баатараа чи яагаад над руу давшлаад байгаа юм бэ? гэж Жаргалмаа гунигтай хэлэхэд Баатар жаал сэхээ орон үсээ хойш илээд -Уучлаарай найзаа. Сэтгэл санаа гэж авах юм алга. Чамайг цорын ганц найз минь болохоор л туслах болов уу гэж бодсон юм гэлээ. -Би яаж туслах билээ? -Яаж?.. Яаж?… Би мэдэхгүй байна. Зүгээр л хажууд минь байгаач дээ –

Би хажууд чинь л байна ш дээ. Гэхдээ энэ бүхэнд би буруутай юм шиг над руу хашгичаад байхаар надад эвгүй байна -Уучлаарай, уучлаарай -Аав чинь яагаад байраа өгөхгүй гэсэн юм бол? -Би түүний ааш занг мэдэх биш. Уг нь байраа багасгаж солиод хоёр өрөөг нь надад өгнө гэж л байсан юм. Тэгсэн чинь ямар тахилыг нь буруу өрчихсөн юм бэ бүү мэд гэнэт л болилоо, баян тарган ээжээсээ ав гээд аашлаад байна -Надад бол ээж чинь таалагдсан. Сониноос чи ээжтэйгээ яаж холбоо тогтоосноо одоо хүртэл хэлээгүй байгаа шүү дээ -Элдэв нууцсаад байх юм байхгүй ээ. Миний и-мэйл хаягийг хэн нэгнээс олоод над руу заримдаа захиа явуулдаг байсан юм. Би хариу бичиж байгаагүй л дээ, харин Цэнгүүн олж мэдчихээд хуримандаа урь гэж ятгасаар байгаад л энэ байхгүй юу. Гайтай юм -Цэнгүүн чиний и-мэйл руу яаж орсон юм бэ? -Чи битгий тэмээ гэхээр ямаа гээд бай. Энд интернет, и-мэйл энэ тэр ямар хамаатай юм бэ? Цагдаа шиг л байцаачих юм. Цэнгүүн миний и-мэйл хаяг, нууц үгийг нь мэддэг юм, хүссэн үедээ орж үзэх ч

эрхтэй -Гоё юмаа. Харин чи надад и-мэйл хаягаа ч өгч байгаагүй -Чамд ямар хэрэгтэй юм бэ? Өдөр болгон л уулзаж байгаа биз дээ. Тэгээд ч асуудлын гол нь энэ биш. Хамгийн гол нь мөнгөтэй, байртай тэгээд түүгээрээ намайг боож шахаанд оруулан хүсээгүй амьдралыг минь надад тулгаж байгаа эцэг, эх нэртэй энэрэлгүй хүмүүсийн тухай би яриад байна -Чи хүссэнээрээ амьдармаар байгаа бол тэр бүхнийг бүгдийг нь хаяад өөрийнхөөрөө яв л даа. Хорвоо дэлхий уужим, хийх ажил их гэдэг биз дээ -Чи мөн амархан юм ярих юмаа. Хэрэв би ганцаараа байсан бол өөрийгөө аваад явчих чадал надад хангалттай байна. Гэхдээ чи мэдэж байгаа биз дээ. Цэнгүүн байр хөлслөх тухай сонсохыг ч хүсэхгүй байгаа. Нэг өрөө ч хамаагүй байртай болсон хойно чинь сууна гээд зөрүүдлээд байна. Ямар хэцүү юм бэ?! Би тэр их мөнгийг хаанаас олох болж байнаа. Машины лизинг дуусаагүй байхад дахиад зээл хаанаас олох билээ -Чи машиныхаа лизингийг дуусгачихсан гээгүй билүү? -Хэн тэгж байна? -Цэнгүүн ээжтэй чинь

уулзахдаа тэгж хэлж байна лээ -Чи цаадахдаа битгий хэлээрэй. Хуримаа хурдлуулахын тулд жаахан худлаа хэлчихсэн юм. Уг нь ч жаахан дутуу л даа -Хөөрхий дөө найз минь. Чиний амьдрал юу л болоод байна даа -Зөв дөө, ийм хөөрхийлсөн сэтгэл л надад дутаад байна. Би чамаас өөр юу хүсэх билээ дээ. Найз нь үнэхээр шаналж байна. Би яах вэ??!! -Найзаа чи яаж ийж байгаад байртай болоод Цэнгүүнтэй суучихлаа гэж бодьё. Тэгээд дараа нь яах вэ? Жижиг машинаа жиип болгох гэж зүтгэнэ, дараа нь нэг өрөөгөө хоёр өрөө болгох гэж шанална -Амьдрал гэдэг чинь л тийм юм биш үү? Үргэлж илүү сайн руу зүтгэхийг хэлдэг юм биш үү -Тэр ч тийм л дээ. Гэхдээ эхнэр гэдэг чинь алтан загасны үлгэр дээр гардаг эмгэн шиг байх ёсгүй биз дээ -Хэн алтан загасны эмгэн гэж? Чи Цэнгүүнийг хэлээд байгаа юм уу? Та нар чинь яагаад бүгд Цэнгүүний эсрэг байгаа юм бэ? Цэнгүүн яачихсан юм бэ? Би түүнд хайртай, энэ хангалттай хариулт биш үү гэж Баатар цухалдахад Жаргалмаа дуугаа хураан доош харлаа. Баатарын утас дугарахад дурамжхан авснаа дугаарыг нь хараад яаран

авч -Сайн уу хайраа? гэж зөөлөн асуулаа. -Чи хаана байна? -Найзтайгаа уулзаад л сууж байна -Ямар найз? -Жаргалмаатай -Надад тэр Жаргалмаа чинь таалагддаггүй гэдгийг чи мэдсээр байж яагаад уулзаад байдаг юм бэ? Эсвэл та хоёр өөр холбоотой юм уу? Баатар Цэнгүүний ширүүн асуултанд балмагдан Жаргалмаа руу сандран харснаа түүнээс холдон дуугаа аяарсгаж -Яалаа гэж дээ хайраа. Бид хоёр арван жилээсээ эхлээд л найзалсан болохоос биш ямар ч тийм холбоо байхгүй гэж аяархан хэлсэн ч түүнийг нь Жаргалмаа сонсоод нүд нь гунигтай болон доош харлаа. -Хн, итгэхгүй л байна шүү. Хэнийг нь сонгохоо чи өөрөө шийднэ биз. -Мэдээж чамайг байлгүй яадаг юм бэ? Миний хайр битгий элдэв дэмий юм бодож өөрийгөө зовоо л доо. Би чамаасаа өөр хэнийг ч хайрладаггүй шүү дээ -За за тэр ч яахав. Чи одоохон Зайсанд хүрээд ир. Би энд нэг байр үзээд байж байна. Буцах гэсэн чинь эндээс машин олдохгүй юм шиг байна. Чи хурдан хүрч ирээд намайг аваадах -За тэгьеэ хайраа. Баатар утсаа

салгаад гэм хийсэн юм шиг Жаргалмаа руу харснаа -Найз нь ажилтай болчихлоо. Дараа уулзая гэж хэлээд яаран гарахдаа Жаргалмаагийн зүрхийг зүсээд гарснаа бага ч болов ухаарч байлаа. Х Х Х Х Х Цэнгүүн багийн найз Нандинцэцэгтэйгээ ярилцаж сууна. Нандинцэцэг өндөрдүү нуруу, гуалиг бэлхүүс, эрчүүдийн харцыг татдаг тэгш урт хөлтэй, тунамал шаравтар царайг нь жигд цагаан шүд чимсэн царайлаг бүсгүй. Царайлаг болохоор л Цэнгүүн өдий хүртэл үерхэж байгаа биз. Тэр хоёрыг гудамжаар явахад хамгийн томоотой эр ч эргэж харалгүй өнгөрдөггүй юм. Нандинцэцэг замын хажууд зогсвол заавал осол болж мэдэхээр сайхан бүсгүй хэдий ч гоо сайхнаа зэвсэг болгохыг хичээдэггүй нь гайхалтай. Царай зүс гэдэг насных, харин эзэмшсэн мэргэжилдээ эзэн болвол үүрдийн баялаг гэж ярих дуртай тэрээр сэтгэл судлалд туйлын дуртай. Цэнгүүн түүнийг ирсэнд олзуурхан -Манай хадам ээж яаж тэнэгтсэн гээч. Баатарыг надаас

салбал байр, машин авч өгнө гэж байгаа юм даа гэж сонин болголоо. -Хөөх. Чи чинь яагаад хадмынхаа аашийг хөдөлгөчихөө вэ? -Би яав л гэж. Тэнэг авгай тэнэгтэж л байхгүй юу? -Тэгээд Баатар юу гэсэн? -Тэр миний гараас гарахгүй ээ. Найзаа би чамд нэг нууц хэлэх үү? Баатар бид хоёр хуйвалдаж байгаад түүнийг чадах гэж байгаа! -Яаж? -Тэр нууц -За чи найзаасаа юм нуудаг болоо юу -Хэ хэ. Баатар өөр хүүхэнтэй сууж байгаа дүр үзүүлээд байр, машинаа авчихсаныхаа дараа салчихна. Тэгээд бид хоёр эргэж нийлээд л илбэ дуусна даа -Сонирхолтой л юм. Тэгээд Баатар ямар хүүхэнтэй суух гэж байгаа юм бэ? -Мэдэхгүй ээ. Ээж нь сонгох юм гэсэн. Баатартай хамт хайна гэнэ лээ. Шал тэнэг байгаа биз. Хүүгээ хөтөлчихөөд гудамжаар хүүхэн хайгаад явж байна гэж төсөөл дөө. Бодвол хөдөөний улаан хацартай маанаг юмтай суулгах биз -Хэрэв чамаас хөөрхөн, бас ухаантай хүүхэн таарвал яана -Юу гэнээ? Чи арай найзыгаа царай муутай, тэнэг гэж боддог юм биш биз дээ -Найзаа уучлаарай. Чи мэдээж хөөрхөн л дөө. Гэхдээ илүү нь таарчихвал яах вэ л гэж -Надаас илүү нь Баатарыг

тоохгүй ээ. Тэгээд ч Баатар надаас холдохгүй. Сая сална гэж хэлсэн чинь жаахан хүүхэд шиг уйлаад бөөн юм болсон ш дээ -Зайлуул даа -Харин тиймээ шал тэнэг байгаа биз. Эднийхэн ер нь удмаараа жаахан юмтай юм шиг байгаа юм. Би ч заримдаа хэнтэй орооцолдчихвоо гэж айх юм байна шүү. 3 өрөө байр, шинэ машинд нь хууртагдаад нүүр өгчихсөн чинь юу ч үгүй ядуу амьтан байсныг нь яаж мэдэхэв. Гэхдээ ямар бид хоёрыг наалдан падаар наачихсан биш. Болохгүй бол салчихна гэдэг сайхан юм байна ш дээ -Чи ер нь ийм балай юманд орооцолдож байснаас одоо шууд салчихаач -Болоогүй ээ. Найзад нь мөнгө үнэртээд байна. Хэрэгтэй цаг нь болохоор сална гайгүй. Нандинцэцэг түүний энэ харгис үгэнд эвгүйцэн хариу хэлэлгүй ширээн дээрхийг нь харж байснаа Сарангэрэлийн зургийг хараад -Хөөе Цээгий энэ танай хадам мөн үү? гэж асуув. Цэнгүүн тэр хоёр дэлгүүр хэсэж байхдаа авахуулсан зурган дээр Сарангэрэл ядарч,

зургаа даруулахдаа төвөгшөөсөн янзтай гарчээ. -Тиймээ. Америкт амьдардаг гэхэд дэлбэрчихсэн ямбий авгай байгаа биз -Би энэ эмэгтэйг таньдаг юм шиг санагдаад байх чинь. -Яаж тэр билээ? Нандинцэцэг түүнийг яаж танидагаа хэлэх гэснээ хэлээ хазан -Сайн харсан чинь танихгүй хүн байна. Их нийтлэг царайтай хүн юм гэв. Гэвч дотор нь ямар нэг дэггүй, адийн бодол гэнэт төрөөд жуумалзсанаа нүүрээ төв болгон Цэнгүүн рүү харж -Найзаа чи аан гэж байгаач. Чиний төлөвлөгөө миний сонирхолыг бүр асаачихлаа. Яг кино шиг юм гээч. Тийм болохоор би ч гэсэн оролцмоор байна тэгэх үү? гэлээ. Цэнгүүн түүн рүү гайхан харж -Яаж? гэж асуув. -Хадам чинь Баатартай танилцуулах хүүхнийг хайна гэсэн байхаа. Би хадмын чинь сэтгэлийг татах гээд оролдоод үзье -Юу гэнээ? Чи юу? -Яагаад болохгүй гэж? найз нь сэтгэл судлалаар дээд сургууль төгссөн хүн шүү. Түүний сэтгэлийг татаж дөнгөх нь үү үгүй юу гэдгээ үзмээр байна гэхэд Цэнгүүн түүн

рүү сэжигтэй харав. -Тэгээд ч хэрэв би тоглоомонд оролцвол чи бүхнийг хянахад амар болно ш дээ. Юу болж байгааг би чамд дор нь хэлээд байна ш дээ. Би чиний нүд, чих болно гэсэн үг -Нээрээ тийм ч юм уу? -Тэгэлгүй яадаг юм бэ -Гэхдээ чи арай өөр сонирхолтой байгаа юм биш биз. Байр, машины сураг сонсчихоод чих чинь соотойчихов уу? -Яалаа гэж дээ. Би чамд амлаж байна. Бурхны авралаар би өөрийн гэсэн байртай хүн. Тэгээд ч танай Баатар надад огт таалагддаггүй юм. Энэ бол зүгээр л сэтгэл зүйч хүний саваагүй зан -Баатар юугаараа муу гэж? -Найзаа надад өөр найз залуу бий. Тэр маань өөрийн гэсэн байр, машинтай. Хүн хүний сонирхол өөр. Баатар миний сонирхдог хүн биш. Тэгээд ч би ганц найзыгаа яалаа гэж чадах билээ дээ. Чи надад итгэхгүй байгаа юм уу? -Үгүй л дээ. Гэхдээ л … нээрээ чиний зөв ч юм уу? байдлыг бүрэн гартаа атгалаа гэсэн үг шүү. Би ер нь өнөө орой чамайг Баатартай танилцуулъя. Та хоёр чинь нэг нэгнээ харж байгаагүй байхаа -Тэгж яах юм бэ? Аягүй бол Баатар чинь жүжиглэж

чадахгүй хамаг төлөвлөгөө баллаад хаячихна. Баатар намайг таньдаггүй хэвээрээ байг. Тэгвэл бүр сонирхолтой биз дээ. Далимд нь Баатарыгаа чамд хэр хайртайг мэдээд авчих -Уг нь сонирхолтой л юм. Гэхдээ найзаа чи битгий бүгдийг баллаад хаячихаарай. Чамд бол энэ тоглоом харин надад бол маш их мөнгө гэдгийг битгий мартаарай даа -Тэгэлгүй яах вэ. Найз нь чамайг баллахгүй. Надад тэр авгайн мөнгө төгрөг, чиний Баатар энэ тэр огт сонин биш. Би зөвхөн тоглох гэсэн юм. Ийм сонирхолтой тоглоом тэр болгон олдохгүй ш дээ -Гэхдээ тэр авгай чамайг тоох уу? -Тоогдох гээд л үзнэ дээ. Эм хүний 33 мэх, дөрвөн жил үзсэн эрдэм мэдлэгийнхээ ид шидийг үзээд алдая. Энэ чинь л миний тоглох гээд байгаа тоглоом байхгүй юу.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *