Нүүр Өгүүллэг “ЭХНЭРИЙН ЭРЭЛД” тууж “1-Р ХЭСЭГ”

“ЭХНЭРИЙН ЭРЭЛД” тууж “1-Р ХЭСЭГ”

1 минут уншина
0
0
648

“Чингис хаан” нисэх онгоцны буудал. Зорчигчид хаалгаар гарч ирцгээхэд угтагсад хаалган дээр шаван үүргэвч, цүнхэндээ түүртсэн тэднийг сонжин харцгааж хүлээсэн хүнээ харсан нь баярлан угтаж

гэрэвшүүхэн мэндэлцгээнэ. Таксины жолооч нар “машин авах уу? унаа авах уу?” гэж тэднийг шална. Зорчигчид цувсаар. Хамгийн сүүлд шаргал костюм, юбка өмсөж, саарал цув зүүн гартаа тохон нөгөө

гартаа дунд зэргийн аяны дугуйтай цүнх чирсэн 50 орчим насны бүсгүй гарч ирээд цөөрсөн угтагсдыг тогтуухан нүдээр тойруулан хараад танил царай хараагүйдээ үл ялиг гайхаж тэвдсэн шинжтэй

дахин танхимыг гүйлгэн харснаа хүлээлгийн сандал зүглэн аажуухан алхав. Үйлчлүүлэгч олж чадаагүйдээ сандарсан таксины жолооч нарын “такси авах уу, буудал авах уу?” гэж шаргуугаар царайчлах

гуйлтанд эелдэгээр татгалзсаар хүлээлгийн төмөр сандал дээр суугаад танхимыг дахин тойруулан харлаа. Тэгснээ өөрөөс нь 20 алхамын цаана зогсох жинсэн өмд, цагаан ноосон цамцтай 25 орчим насны

залуу дээр харц нь бүдрээд хөмгөө атируулан лавлан сайн харав. Өөр рүү нь ёозгүй харж зогсох залууг сайн харснаа нүд нь гэрэлтэх мэт болсон ч ширүүн харцыг нь ажиглаад царай нь хувиран дуугүйхэн босч зогсоход нөгөө залуу түүн рүү харсан хэвээр зогссоор. Тэр хоёр харцаараа ярилцан дуугүй зогссоор байхуйд залуугийн цаанаас өргөн хөх өмд, хэлхгэр цамц, саравчтай малгай өмссөн залуу хөвгүүн хүрч ирснээ -Шаар гэж, жорлонд пиг хүн. Жаахан тэвчихээс. Яасан ирсэн үү? гэж шингэн дуугаар асуугаад залуугийн гөлөрсөн ширүүн харцыг ажиглан харж буй зүг рүү нь дамжуулан харснаа -Хөөх, ирчихсэн байна ш дээ гэж дуу алдаад залууг нудран -Чи очооч гэхэд залуу огт сонсоогүй мэт зогссоор байв. Нөгөө хөвгүүн түүний араас түлхэхэд урагш харуулдан унах шахсанаа эргэж харан -Чи яаж байнаа? гэж ориллоо. Цаадах нь шилээ маажин -Чи чинь хөшөө шиг хөшчихөөд

огт хөдлөхгүй юм байна ш дээ гэв. -Хөшинө үү байна уу чамд ямар хамаа байнаа? Дуртай юм бол чи өөрөө хөдөл -Дуртай бол гэнэ шүү. Өөрөө л цуг ирье гэж гуйчихаад -Тэгээд юу гэж? хэмээн залуу омогтой асуухад хөвгүүн эмээсэн аятай арагш дальдичсанаа залуугийн мөрөн дээгүүр харан хуруугаараа дохив. Залуу эргэж харахад нөгөө эмэгтэй түүний өмнө зогсож байсанд цочин давхийв. Эмэгтэй түүн рүү царайчлангуй харж -Сайн байна уу миний хүү гэж зөөлөн асуухад залуу хэнэгүй царай гарган гараа халаасандаа хийлээ. Нөгөө хөвгүүн залуугийн хажуугаар дайран -Та Баатарын ээж үү? гэж асуухад эмэгтэй хүүгээсээ харц салгахгүй ширтэж дуугүй толгой дохив. Хөвгүүн сэтгэл татам инээмсэглэж -Та сайн явж ирэв үү? бид хоёр таныг зөндөө хүлээсэн шүү. Онгоц чинь ямар их саатваа. Буух цаг нь хойшиллоо л гээд байсан гэхэд Баатар өөр зүг харан -Тэр чигтээ

хойшилчихсон бол дээр байсан юм гэж бувтнав. Эмэгтэй түүнийг нь сонсоогүй дүр үзүүлэн -Зам түгжирээд гэхэд хөвгүүний нүд томрон -Онгоц бас түгжирдэг юм уу гэж гайхлаа. Эмэгтэй инээмсэглэн -Тоглосон юм. Ингэхэд чи миний хүүгийн найз нь уу гэв. Хөвгүүний царай улайн -Тиймээ. Намайг Жаргалмаа гэдэг гэхэд эмэгтэй -Чи чинь хүүгийн маань ангийн охин байхаа. Ямар том болоо вэ? танигдахын аргагүй болж. Хүүгийн маань найз залуучуудын нэг л гэж бодлоо гэхэд Жаргалмаа ичсэндээ малгайныхаа саравчийг улам доош болгон шал ширтэв. Баатарын бах ханасан янзтай хорноор инээд алдаад -Наадах чинь үнэндээ эрэгтэй ш дээ гэвэл Жаргалмаагийн нүүр улайн түүнийг цохих гэснээ ээжээс нь зовон гар нь хөшчихөв. Тэрхүү эмэгтэй бол Баатарын төрсөн ээж агаад нэрийг нь Сарангэрэл гэнэ. 10 жилийн өмнө АНУ-руу яваад одоо л хүүгийнхээ хуримд оролцохоор монголдоо ирж байгаа ажээ. -Тэгэхээр Жаргалмаа миний бэр болж

байгаа юм уу? гэж түүнийг асуухад Баатарын нүд том болон -Юу? Юугаа балайраад байгаа юм бэ? гэж орилох шахам бухимдлаа. Жаргалмаа ичсэндээ газар доогуур орох шахан -Нээрээ балай юмаа гээд нүүрээ дарав. Баатар гараа халаасандаа хийн -Хөөе ээж гуай. Та аан гэж бай. Би эр эм нь мэдэгдэхгүй ийм юмтай суумаар юм шиг байна уу? би хэдийгээр эхгүй өссөн ч гэсэн эмэгтэй хүн ямар байдгийг мэдэхтэйгээ байна мэдэв үү? миний хурим 2 хоногийн дараа болно. Гэрлэх ёслол дээр 2 цаг байж байгаад л ирсэн газар руугаа буц. Би өөр юу ч таниас хүсэхгүй. Тэр байтугай таньтай юм ярих ч хүсэлгүй байна гээд гарах хаалга руу ууртайгаар алхлаа. Саранчимэг Жаргалмаагийн гарнаас барин -Энэ яагаа вэ? Буруу хөл дээрээ босчихоо юу? гэхэд Жаргалмаа -Баатар үргэлж буруу хөл дээрээ босдог юм гэж гунигтай хэллээ. … Баатар машинаа жолоодон дуугүй хүрлийн явна. Арын сандалд ээж нь Жаргалмаатай хамт суун цонхоор эргэн тойрныг их л

шимтэн харж -Улаанбаатар маань их өөрчлөгджээ гэв. -Та монголд ирэлгүй хэдэн жил болчихвоо? -10 жил -Их уджээ -Тийм шүү. Богинохон юм шиг урт хугацаа. Дэндүү урт… -Монгол маань их өөрчлөгдсөн байна уу? -Харин тиймээ, танигдахын аргагүй болж -Бид нар өөрсдөө анзаардаггүй байх л даа. Тань шиг олон жил гадаадад байж байгаад гэнэт харвал л мэдрэх байх -Тэгэлгүй яахав. Хүмүүс хүртэл өөрчлөгдөж хувирч шүү дээ. Чи чинь багадаа их адтай сэргэлэн охин байж билээ. Одоо юу хийж байна вэ? -Онц хийсэн ажилгүй ээ. Цагаар бүжгийн багш хийдэг юм -Сонирхолтой л юм. Ямар бүжиг заадаг вэ? -Янз бүрийн л. Ихэвчлэн чөлөөт бүжиг -Гайхалтай. Баатар ярвайн -Их юм болж дээ гэж бувтнахад Сарангэрэл -Чи амандаа бувтнаад байлгүй чангахан ярь л даа. Сүйт бүсгүйг чинь хэн гэдэг юм бэ? Яаж танилцсан тухайгаа яриач гэв. -Ээж гуай би таньтай юу ч яримааргүй байна. Таныг хуримандаа авчирах нь Цэнгүүний л санаа

байсан юм. Надад бол таньтай уулзах хүсэл огтхон ч алга. Тийм болохоор сайн хүний дүр худлаа бүү эсгэ. Тэр тусмаа ээжийн дүрд бүү тогло. Таныг аав бид хоёрыг хаяад явсанаас хойш ээжээ гэж бодохоо би больсон гэж ууртай хэлээд өмнөх замаа гөлрөн жолоогоо чанга атгав. Жаргалмаа түүний энэ хатуу үгийг зөөллөх гэсэн аятай Сарангэрэл рүү тонгойн -Цэнгүүн гэдэг нь түүний сүйт бүсгүй. Баатар удахгүй хуримаа хийж эрх чөлөөгүй болно гэхээс уур нь хүрээд байгаа юм гэж шивэгнэхэд Баатар толиндоо түүн рүү муухай харлаа. Хүүгийнхээ үзэн ядалт дүүрэн хатуу үгэнд гомдсон Сарангэрэлийн нүдэнд нулимс гялтагнахад яаран цонхоор ширтэв. Түүний нүд гунигтай болон санааширчээ. Тиймээ хүүгийнх нь зөв. Тэрээр 10 жилийн өмнө нөхөр, хүүхдээ хаяад харь орон руу явсан. Бараг л зугтсан. Гэхдээ хувийн жаргалыг хөөж төрсөн нутгаа орхиогүй. Түүнд хэцүү байсан болохоор л тэр явсан юм. Харин нарийн учрыг хүү нь мэдэхгүй болохоор өөрийг нь үзэн ядаж байна. Магадгүй зарим талаар түүний зөв байх л даа. Гэсэн ч Сарангэрэл бол түүний төрсөн эх нь шүү дээ. Энэ 10 жилийн

хугацаанд үргэлж хүүгээ санаж үгүйлдэг байсаныг хүү нь даанч мэдэхгүй л дээ. Баатар өмнөх замаа ширтэх боловч бодол санаа нь энэхүү зам мэт хөврөн, улирч өнгөрсөн дурдатгалуудыг нь сэргээлээ. Баатарыг 5-р ангид байхад аав ээж хоёр нь салсан юм. Чухамдаа салсаныг нь ч мэдээгүй. Хичээлээсээ тарж ирэхэд л ээж нь явчихсан байжээ. Юунаас болж эцэг эх нь салж сарнин гэр бүл нь бутарч, аз жаргалтай амьдрал нь үгүй болсныг Баатар огт мэдсэнгүй. Эцэг, эх нь эвийн цавуу шиг эвтэй найртай амьдарч байгаагүй нь үнэн. Үе үе муудалцацгааж байсныг нь мэдэх юм. Тэглээ гээд салж сарнихдаа тулаагүй л байлтай. Эцэг нь их зарчимч, мэдэхгүй хүнд бол их л ширүүн дориун хүн шиг харагддаг байх. Ээжээс нь салсанаас хойш эцгийнх нь тэр зарчимч хатуу байдал үгүй болж ууртай ширүүн, өөнтөгч нэгэн болж хувирчээ. Эхнэрийнх нь хаяж явсанд хүн бүхэн буруутай мэт харсан хавьтсан бүхэн рүүгээ орилж хашгичан занана. Ер нь түүний сэтгэлд нийцэх зүйл үгүй болж таашаадаг ганц зүйл нь

сархад болжээ. Баатар эхэндээ ээжийгээ олж амьдралаа эргүүлэн босгохыг хүсч байсан ч ээж нь газрын гаваар орсон мэт алга болсон байлаа. Аавынхаа ийнхүү хувиран өөрчлөгдөж хүний адаг болох гэж тэмүүлээд байгаад эхэндээ эмзэглэн аль болох тааваар нь байлгахыг хичээдэг байснаа дараа нь залхаж, энэ бүхний цорын ганц буруутан нь өөр хэн ч биш зөвхөн ээж нь гэдэгт итгэх болжээ. Тиймээс ч түүнийг үзэн ядаж “ээжээ” хэмээн бодохгүй хэмээн дотроо андгайлсан юм. Гэвч төрүүлж өсгөсөн нь яалт ч үгүй үнэн болохоор тэгтлээ их үзэн ядаж чадаагүй. Баатар давхисаар нэгэн жижигхэн зочид буудлын гадаа зогсоод эргэж харалгүй -Нөгөөдөр 09 цагт хурим болно гэж хэллээ. Сарангэрэл хүүдээ нэг зүйл хэлэх гэснээ амаа хамхин машинаас буув. Жаргалмаа Баатарын мөрөн дээр цохин -Чи ээжийгээ буудалд нь оруулж өгөхгүй юм уу гэхэд Баатар ярвайн -Дуртай бол чи оруулахгүй юу гэж ярдаглав. Жаргалмаа түүн рүү зэмлэнгүй хараад толгой сэгсэрэн машинаас буумагц машин ухасхийн давхин одоход Жаргалмаа Сарангэрэл хоёр түүний араас харсаар хоцров. Сарангэрэл

гунигтайгаар санаа алдсанаа -Тэр үргэлж ийм ууртай байдаг уу? гэвэл Жаргалмаа -Үгүй ээ. Та түүнийг битгий буруугаар ойлгоорой. Таньтай уулзаагүй удсан болохоор бишүүрхээд байгаа байх гэснээ худлаа хэлсэнээ нуух гэж цүнхийг нь барин -Би таньд туслая гэлээ. Сарангэрэл хүүгийнхээ захиалсан даржин өрөөнд ороод Жаргалмааг хамт байж жаахан ярилцаач хэмээн гуйн үлдээв. Тэгээд аян замын тоосноосоо салж, нойроо сэргээх санаатай хувцасаа сольж, нүүр гараа угаагаад дөнгөж дуусч байтал хаалга тогшсоноо зөвшөөрөл өгөөгүй байхад нүд гялбам сайхан бүсгүй инээд алдан орж ирэв. Час улаан богино даашинз, улаан өнгийн өндөр өсгийт өмсөж, гялалзсан шулуун үрт үсээ сул тавьсан өндөр гуалиг хүүхэн жигд цагаан шүдээ гайхуулах мэт инээмсэглэн -Та сайн явж ирэв үү? гэснээ хариу хүлээлгүй гоёмсог монетон бөгж дунд хуруундаа зүүүсэн туяхан цагаан гараа сунгаж -Намайг Цэнгүүн гэдэг. Баатарын найз бүсгүй. Удахгүй бид нэг гэр бүл болох байхаа гэж их л нүүрэмгий хэллээ. Сарангэрэл гарыг нь ёсорхог атгаж -Чи их сайхан нэртэй юм.

Нэртэйгээ адил царайлаг хөөрхөн ч юм гэхэд Цэнгүүн инээд алдан -Хүн бүхэн л тэгж хэлдэг юм. Би ч энэ магтаалд бүр залхачихсаан. Харин таны энэ плаже чинь ёстой догь эд байна. ямар фирмийнх вэ гэж нүүрэмгий хэлээд Сарангэрэлийн өмсөхөөр орон дээр тавьсан даашинзыг зөвшөөрөлгүй аван таних тэмдэгийг нь харснаа -Пөөх энэ чинь G&B-ынх байна ш дээ. Энэ яг ориг мөн үү гээд биедээ барьж үзэхэд Сарангэрэл -Хэрвээ чамд таарвал ав л даа гэж хэлээд мушийв. Цэнгүүн даашинзыг биедээ наан эргэлдэж үзэнгээ -Хэрвээ энэ плаже надад таарвал би л лав амиа хорлоноо. Харин ээжид маань яг таарах байх. Таньд баярлалаа. Ориг юм ч цаанаа л нүнжигтэй шүү гээд даашинзийг эвхэн хажуудаа тавиад цүнхнийх хажууд орон дээр суулаа. Жаргалмаа түүний сүрэнд цохигдон буланд чимээгүйхэн зогсож байхыг Цэнгүүн харсан ч юм хэлсэнгүй. Сарангэрэл ирээдүйн бэр рүүгээ инээмсэглэн харж -Баатар хаачаав гэхэд Цэнгүүн нүдээ эргэлдүүлснээ -Мэдэхгүй ээ, гадаа машиндаа сууж байгаа биз гэж тоомжиргүй хариулав. Сарангэрэл гараа арчиж дуусаад сандал дээр

суухад Цэнгүүн -Бид хоёр уг нь хоёр сарын өмнө хуримаа хийчих байсан юм. Гэтэл Баатарын авсан машины лизингийн хугацаа дуусах болоогүй байсан болохоор удчихлаа. Тань шиг гадаадад амьдардаг хүн л намайг ойлгох байх. Би Баатартай сууж байгаа болохоос өртэй нь сууж байгаа биш шүү дээ. Тийм үү? гэж тулган асуухад Срангэрэл жуумалзан толгой дохиж -Тийм л байлгүй дээ гэлээ. -Таныг надтай санал нэгдэнэ гэж мэдээд байсан юм аа. Лизинг нь хурдан дууссан нь харин аз шүү. Тэгээгүй бол ч хурим энэ тэрийн тухай бодолтгүй -Хэрэв жиип авсан бол уу? -Харин тиймээ. Үнэндээ ч надад Баатарын машин таалагддаггүй юм. Удахгүй жийп авхуулнаа. Хүнийг ямар юм хэрэглэж байгаагаар нь дүгнэдэг гэдэг биз дээ. Намхан машин бол тийм л зиндааных гэсэн үг -Харин америкт жийп хямдхан байдаг юм -Тийм үү? тэндээс нэг аятайхан машин ачуулах юмсан… Цэнгүүн Сарангэрэл рүү харж үгээ тасласан нь түүний амыг хүлээгээд байгаа бололтой. Жаргалмаа түүн рүү жигшсэн аятай хараад гараа энгэртээ зөрүүлэн

хана наллаа. Сарангэрэл инээмсэглэн -Чи ямар ажил хийдэг вэ? гэж асуув. -Уг нь нягтлангийн анги төгссөн. Гэхдээ би нягтлан хийхгүй ээ. Ня-бо нар чинь суусаар байгаад том бөгстэй болчихдог юм байх чинь билээ -Тэгвэл яагаад энэ мэргэжлийг эзэмшсэн юм бэ? -Цалин гайгүй авдаг гэхээр нь л… -Тэгээд одоо юу хийж байгаа вэ? -Одоохондоо ажилгүй. Хурим энэ тэр гээд хийж амжуулах их ажил байхад чинь гэж намжирдаад Жаргалмаа руу хялайн харснаа -Ингэхэд та хоолонд орсон уу? гэж асуулаа. -Одоохондоо ороогүй л байна -Тийм үү? тэгвэл хоёулаа цуг хоолонд орох уу? гэхэд Сарангэрэл нүүрээ алгаараа даран иллэг хийнгээ -Одоохондоо өлсөөгүй байнаа. Харин жаахан унтаж амардаг юм билүү гэж бодож байна гэлээ. Цэнгүүн урамгүй болсноо -За яахав, тэгвэл би дараа таныг хоолонд оруулъя гэснээ нүд нь сэргэн -Та ердөө иймхэн ачаатай ирсэн юм уу? гэж асуун гар цүнх рүү нь харахад Сарангэрэл -Ямар энд нэг их удах биш дээ. Хэрэгтэй зүйлээ эндээс худалдаад авчихна гэхэд Цэнгүүний нүд гялалзан -Тийм бол

хоёулаа цуг дэлгүүр хэснэ шүү. Би таныг хамгийн сайн дэлгүүрээр дагуулж явнаа. Энэ тал дээр бол ч би дээд боловсролтой л гэсэн үг гээд адтай инээд алдав. Сарангэрэл түүнийг арай гэж явуулаад хаалгаа хаан Жаргалмаа руу харж -Би сайн ойлгохгүй байна. Ингэхэд монгол охид бүгд ийм болчихсон хэрэг үү? эсвэл зөвхөн миний бэр л ийм юм уу? гэж асуухад түрүүнээс хойш биеэ барин зовуурьтай зогсож байсан Жаргалмаа урт амьсгаа авангаа -Ямар гэж? хэмээн гайхав. -Нэг тийм сонин … -Шуналтай гэж үү? -Яг ч тэгж хэлэхээргүй л дээ. Ерөнхийдөө бол тийм -Зарим охид ч тийм шүү. Баатар шиг залуусыг тэд сонирхолгүй яахав. Хувьдаа машинтай, хотын төвд гурван өрөө байртай, боломжийн ажил, цалинтай залууг тэд ангуучилдаг юм гэхэд Сарангэрэлийн зовхи буун -Хөөрхий хүү минь гэж шивэгнэлээ. Жаргалмаагийн нүд ч бас гунигтай болон доош харав. Сарангэрэл гунигаа хөөн -Хоёулаа хоолонд орьё. Бүр гэдэс өлсчихлөө гэж цовоо хэлэхэд Жаргалмаа -Та өлсөөгүй байна гээ биз дээ хэмээн гайхан асуув. Сарангэрэл гадуур хувцасаа өмсөн -Аймшигтай өлсөж байна.

нутгийнхаа хоолыг ч саначихаж. Дараа нь хоёулаа дэлгүүр хэснээ гэхэд Жаргалмаа гэнэхнээр инээмсэглээд түүнийг даган гарав. Х Х Х Х Х Нөхөр нь түүний өрөөнд гэнэт ороод ирсэнд Сарангэрэл айн өөрийн эрхгүй арагш ухрахад Базар инээд алдан -За хөө сайн уу? ингэж нэг уулздаг байжээ хэмээгээд сандал дээр өөриймсөгөөр суулаа. Архи уусаар байгаад царай нь харлаж, зовхи нь цэлхэрсэн, буурал толгойтой хөгшин эр хүүгийнхээ хувцаснаас өмссөн бололтой томдож хүлхийсэн хүрмэндээ тээртэн үе үе энгэрээ задгайлаад өөдөөс нь ёжтой харан сууна. Цагийн эрхэнд гэхээсээ илүү гамгүй эдэлсэний ул мөр болсон хөгцтэй хад шиг арчаагүй нэгэн. Сарангэрэл түүний үйл хөдөлгөөн бүрийг дагуулан айсан нүдээр харж хана налан зогссоор байхад Базар паржигнатал инээн -Хөөе чи чинь яагаад модон өмд өмсчихсөн юм шиг хөшчихөө вэ? алив наашаа суу. Эр нөхрөө таниж байгаа биз дээ гэхэд Сарангэрэл үгийг нь дуулгавартай даган сандалд

цэрвүүхэн суулаа. -За оргодол босуул минь амьдрал ямархуу байна даа. Америкт ч амьдрал сайхан байгаа биз дээ. Хүү бид хоёр ч яахав чамайг хаяад явсанаас хойш монголынхоо тоос, утаанд дарагдаад л байж байна гээд нэгэн цагт эхнэр нь байсан бүсгүйг сүрхий шинжин эрээ цээргүй харж суув. Түүний харц дээрэнгүй агаад ярианых нь өнгө гомдсон хэрнээ ёжилсон сонсогдоно. Сарангэрэл түүнээс айж байгаагаа мэдэгдүүлэхгүй гэж хичээсэн ч хоолой нь загалтан -Яахав дажгүй ээ гэлээ. -Чи ч баяжаа байлгүй дээ. Чи хүүдээ байр авч өгөх юм байгаа биз дээ. Би мэдээж байраа өгөхгүй. Бас тэр аальгүй хүүхэнтэй ч хамт амьдарч чадахгүй. Намайг харахаараа ярвалдаад хамраа таглах нь холгүй маяглаад байдаг юм. Чи бодвол зөндөө мөнгө хураасан биз гэж тулган асуухад Сарангэрэл хариу хэлсэнгүй. Уг нь хүүдээ байр авч өгнө гэж төлөвлөж ирсэн юм. Гэхдээ бэрийнхээ ая занг таниснаас хойш энэ шийдвэртээ эргэлзэх болсон билээ. Тэгээд бас нөхөр асаных

нь энэ дээрэнгүй, тулган шаардсан шахаанд орох дур хүрэхгүй байлаа. Нөхөр нь түүн рүү хялайн харж -Яасан дургүй байна уу? Би чиний хүүхдийг өдий хүртэл тэжээгээд ирсэн юм. Харин чи ганц өрөө байран дээр голоо цохиод байгаа юм биш биз гэж ёозгүй хэлээд хажуу тийш шүлсээ хаях нь их л хэрцгий харагдана. Сарангэрэл өөрийн эрхгүй сурсан зангаараа харцаа дальдчаан -Би энэ талаар хүүтэй ярилцанаа гэж зөөлөн хэлэхэд нөхөр нь ярвалдан -Надаас нууж тусдаа ярилцах гэж байгаа юм биз дээ. За яахав тааллаараа л бол гэж шүдэн завсараа хэлээд аажуухан босч сандлаа арагш хүчтэй түлхэн -Чи муу овоо болжээ. Цагтаа миний доор аахилж хэвтдэг байснаа мартаагүй л байлтай. Эр муу ч эмийн дээр гэдэг юм шүү гэж заналтай хэлээд түүн рүү дөхөхөд Сарангэрэл айн арагш ухарч хана налав. Нөхөр нь түүний энэ арчаагүй аймхай байдалд улам оодрон түүнд дөхөж нүүрэнд нь нүүрээ наах шахам ойртоход түүний айдас төрүүлэм халуун амьсгаа Сарангэрэлд мэдрэгдэв. Нөхөр нь түүний эрүүнээс атган өөр рүүгээ харуулаад нүд рүү нь ширтэн -Муу ч сайн ч 15 жил хамт амьдарсан

ханиа бүрмөсөн мартчихаагүй биз дээ. Хуучны сайхан цагаа дурсвал яасан юм бэ хоёулаа гэж доогтой хэлэхэд нүдэнд нь муу ад донгийн гал улалзахыг харсан Сарангэрэл зориг гарган түүнийг түлхэж -Чиний намайг дээрэлхдэг цаг чинь дууссан. Надад дахиж ойртож, гараа хүргэх л юм бол би цагдаа дуудна шүү хэмээн айлгав. Элдэв зүйлд дөжирсөн нөхөр нь айх нь байтугай улам ч хорсолтой мушийн -Чи намайг айлгадаг болоо юу? Урьд нь бол би л чамайг айлгадаг байсансан. Цагдаа энэ тэрээр намайг айлгана гэж саналтгүй шүү. Чи америкт биш монголд байгаагаа мартаагүй биз. Монголын цагдаа намайг яах ч үгүй гэхэд Сарангэрэл түүний нүд рүү зоригтой харж -Би чамаас айхгүй байна. Хэрэв надад гар хүрэх л юм бол би өөрт байгаа бүх мөнгөө шавхаад ч болтугай чиний мууг үзэх болно доо. Өчнөөн жил зодуулж, дарамтлуулсныхаа өшөөг авахын тулд би бүхнийг хийнэ гэж шийдэмгий хэлэхэд энэ үг сая л нөхрийнх нь толгойд тусч зүрхийг нь үхүүллээ. Нөхөр нь түүнээс жаахан холдсон ч нүднээс нь харцаа салгалгүй -Чи үнэхээр их өөрчлөгджээ хэмээн тамхинд шарласан шар шүдээ ярзайлган зэвүүнээр инээлээ. Сарангэрэл түүний

хажуугаар гаран хаалга онгойлгоод -Чи одоохон эндээс гар. Тэгэхгүй бол чи л муугаа үзэх болно шүү. Би юу ч хийхээс буцахгүй дээрээ тулсан байна. Дараа нь гомдоллоод байваа гэхэд нөхөр нь хажуу тийшээ нулимаад Сарангэрэлийн нүд рүү ширтсэн боловч үзэн ядсан ширүүн харцыг нь хараад юу ч хэлж чадсангүй ууртайгаар өрөөнөөс гарав. Сарангэрэл хаалга саван хаагаад тэсгэл алдсандаа хаалга налан сөхрөн сууж цурхиртал уйллаа. Х Х Х Х Х Маргааш нь Цэнгүүн ирээд хамт гадуур гаръя гэхэд түүний талаар таагүй бодолтой ч хүүгийнх нь сонголт болохоор аргагүйн эрхэнд цуг гадагшаа гарлаа. Цэнгүүн өөрийнх нь хэлсэнчлэн хотын тансаг зоогийн газар, үнэтэй дэлгүүрүүдийг арван хуруу шигээ мэддэгээ харуулахын хамт энэ нь ч ийм, тэр нь ч тийм хэмээн шүүмжлэх, голохыг хослуулан тайлбарлаж явав. Түүнээс гадна бусдаас мөнгө хэрхэн салгадаг авъяасаа үзүүлж

багагүй зүйл Сарангэрэлээр авхуулж дөнгөжээ. Гоёмсог даашинз, гуталны хажууд зогсон гөлөгнийх шиг гурвалжин нүдлээд л хүссэн зүйлээ өөрийн болгоно. Сарангэрэл түүнд их л хүлээцтэй хандаж мөнгөө үрж байхдаа мөнгөндөө харамссангүй, харин хүүгийнхээ ирээдүйд харамсаж байлаа. Үдээс хойш арай гэж түүнээс мултран өрөөндөө ирэхдээ бие болоод сэтгэлийн хувьд маш их ядарснаа бүх л биеэрээ мэдрэн хэвтэхдээ “Энэ бүсгүй хүүд нь хэзээ ч хань болохгүй” гэдгийг маш сайн мэдэв. Хүүгийнх нь сонголт гээд нүдээ аниад өнгөрвөл хүү нь дараа нь маш их зовж шаналах байхдаа гэж бодоод тэдний хэрэгт хөндлөнгөөс оролцохоор шийдэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *