Нүүр Өгүүллэг “ХҮНИЙ ЭХ” өгүүллэг “20-Р ХЭСЭГ”

“ХҮНИЙ ЭХ” өгүүллэг “20-Р ХЭСЭГ”

22 секунд уншина
0
0
289

Хаврын тал дуниартан нуугиж, харааны үзүүрт зэрэглээ тодорно. Бөөн цагаан нуурын өврөөр орж, Баян сайрын араар гарч, Зүүн хаяа багийг зорьж буй нь энэ юм аа. Хар аргалант, Улаан аргалант, Билгэх, Хөвших

гээд зайдуу хөдөөгийн сүрлэг сайхан уулуудын барааг ширтэн явахдаа сэтгэл тэнүүн байв аа, би. Хунх дайргатай тэвш хөндийн хаяа зах нь үл харагдах бөгөөд усан зэрэглээгээр эмжээр хийж, тэнгэр газраа

зааглах бөлгөө. Зам дагуу тэмээн сүрэг таарав. Эхийгээ дагасан нялх ботгоны хошуу газар хүрдэггүйг анзаараад, өхөөрдөн харцгаав. Бидэнд үйлчилж буй пургоны жолооч чанга дуугаар: -Нялх ботго сарын дараа

хошуугаа газарт хүрэхээр өвс иддэг. Тэр болтол хөхөөрөө хооллоно гэлээ. Жолоочийн орилох дуунаар зүүрмэглэж явсан эхнэр сэрж, ийш тийшээ харж, алсын бараа ширтэв. Бэхээ цонхоор ширтэж явснаа

салхивчаа нээн, агаар орууллаа. Урд суудал дээр Жаажаа эгц урагшаа хараад, тэр чигээрээ. Бодвол зүүрмэглээгүй бололтой. Бэхээ, Бөхөө хоёрын нагац, авга талын ганц нэг залуучууд хань болж яваа тул

арын суудал дээр ханаран сууцгаажээ. Хотоос гарсан бид бараг найман зуун киломерт газар туулжээ. Аймгийн аварга тэмээчин, Улсын сайн малчин Довжир гэдэг айлыг чиглэн явсаар жин үдийн өмнөхөн хүрч очлоо. Нүцгэн тал дээрх их бага хоёр гэрийн гадуур араг шээзгий, үхэр тэрэг, усны ган зэрэг нь хөглөрөн харагдаад, хөдөөний эгэл бор амьдралын өнгө төрхийг зураглаж өгнө. Гэрийн хойно түшүүлсэн уурга, ацтай бургасаар зорж хийсэн морины уяа, дэрс бараадуулсан эмээл хазаар нь амар амгалангийн шигтгээ мэт сэтгэл хөнгөлж өгөв. Тэмээ адуу нь манхны хаягаар багширч, наагуур нь хонь мал нэлмийжээ. Урд хөлний өвдгөөр нь уясан нялх ботго, ногтонд орсон томоохон ботгонуудаа дуурайн, гадас тойрон гунганалдана. Алсад ингэн тэмээ ганц нэгээрээ хивж зогсох нь үрт

амьтны сэтгэлийн хайлал бэлхнээ харагдаж байлаа. Хүүхний гуйлга бол амьдралын хамгийн чухал үе гэдгийг Жаажаа олон дахин хэлсэн тул энэ тухай дахин дурьдах нь илүүц. Машин тэрэгнээсээ бууж, дээл хувцсаа янзлан, ар араасаа цуварсаар том гэрт орцгоолоо. Гэрийн баруун талаар бараа хураагаад, өмнө нь эсгий ширдэг зулжээ. Зүүн хойморт лагс том биетэй товир сайхан өвгөн завилан сууж байлаа. Самган нь буурал үсээ арагш нь сүлжээд, зэс даруулгаар шууж тогтоожээ. Цоохор торгон дан дээл шинээр гаргаж өмссөнийг харвал, айлчин гийчид ирэхийг хэдийнээ мэдсэн бололтой. Сарангоо эрэгнэг хавьцаа буруу харан зогсоод, тогоотой өрөм хамж байснаа, бидэнтэй инээд алдан мэндлэв. Жаажаа, Довжир өвгөнтэй хадаг дэлгэн золгохын хамаар, бидэн цувж очоод, бөхийцгөөлөө. Энгүүн сайхан яриа хөөрөөтэй өвгөн сэтгэл уужруулах шиг болов. -За тэгээд аян

замдаа сайн яваад ирцгээв үү? Манай нутгаар саяхан бороо орж, ойрд дэлэгнэж байгаа. Энэ жил зуншлагатай сайхан зун болно гэв. -Та бүхэн сайхан хаваржаад, одоо тавлаг тавтай зусах гэж байна уу? Бид өчигдөр өглөө гарсан. Зам зуур хоноод, сайн яваад ирлээ гэлээ. Самган цай идээ барьж, өрөм гамбир, тавагтай чихэр дөхүүлээд, бууз хийхээр гурил нухаж эхэллээ. Хэдийнээ мах татаж амтлаад, гурилаа зуурч тавьсан байлаа. Сарангоогийн чихэнд ямар нэгийг шивнэх шиг болоход, өнөөх нь алчуураа аваад, гэрээс гарав. Үлдсэн бүсгүй Сарангоогийн бага дүү бололтой. Хоёр хүүхэдтэй жаахан бүсгүй ээждээ туслан хоол хийв. Үүнээс сайхан, түүнээс амар юм алга гэдэг шиг хүүхний гуйлга төвөггүй сайхан бүтэж, хөөрөг даалингаа солилцож, санасан хэрэг саадгүй бүтэв. Аливаа юм ухааныхаа хэрээр байдаг гэдгийг би мэдэх тул ирсэн зорьсон ажилдаа урамшин, биеэ

чөлөөлөн суулаа. Жаажаа, Довжир өвгөнтэй хууч хөөрч хэсэг суув. Идээ будаагаа дэлгэж, бэлэг барьцаа өргөж, өргөн дэлгэр дайлж, ёс ёмбогор, төр төмбөгөрийн жишгээр намба алдалгүй суугаад, хуримын товоо тохирч авлаа. Намрын дунд сарын шинийн арван долоонд найр товлогджээ. Довжир өвгөн хүнгэнүүлэн ярихдаа: – Бид чинь Цэцэрлэг мандал уулын аймгийн, Гучин уулын хошууны хүмүүс ээ. Өвөг дээдэс минь тэмээ малын араас явж, нүүдэл тэрэгний жаргалаар насыг элээсэн сайхан хүмүүс байлаа. Би ч мөн адил. Насаараа л тэмээ маллаж өдий хүрсэн. Малчин түмний амьдралыг жаргал гэж үздэг. Нүүдэлчдийн жаргал гэдэг чинь хосгүй тавилан шүү дээ. Гурван хүүхэн төрүүлээд, том, бага хоёр нь айлын авгай болцгоосон. Дунд хүүхэн манийг сахиад, гэртээ өтөлсөн байгаа. Энэ өвлөөс Бөхөөтэй танилцаад, хань ижлийн заяа нь тэтгэв бололтой. Бид, Бөхөөгөө мэднэ

ээ. Сарангоог хүргэж ирж, хоёр удаа манайхаар зочилсон. Нэг зангийн хүн байна лээ. Нэг зангийн хүн гэдэг чинь эцэг эхээс улбаалсан суурь хүмүүжил байгаа юм. Байдаг бүгдээ л бидэнд ярьсан. За тэгээд, амьдрал замналаа бодоод, нийлцгээнэ бизээ! Хотдоо юу, хөдөөнөө юү… Хаанаа амьдрахаа өөрсдөө сонгоно биз? гэлээ. Жаажаа ч ам хуурай үлдэхгүй хүн шүү дээ. -Хүний хувь тавилан гэдэг ч сонин шүү. Бөхөө маань гучин долоон нас хэвийж байгаа. Бэр маань тав дүү бололтой. Энэ олон жил бие биеэ хүлээж байсан гэхээр учрал тавилан гэдэг нь яахын аргагүй мөн шүү. Миний эгч дал хүрсэн самган нутагтаа байдаг. Хоёр хүүгээ сайхан өсгөсөн. Эцэг нь чамбай хүн байсан юм. Худ бидний үйлс заяа дээшилж, ураг төрөл барилдан, учрал холбоогоо нэгтгэцгээе ээ. Хоёр хүүгийн цаашдын амьдралд гэгээ татуулсан мэдээ дуулгаж, гуйлга заллага хүлээн авсан та бүхэнд маш их талархаж байна аа. Өнөөдөр, хөгшин миний хувьд бас нэг баярт мөч тохиолоо

гэлээ. Довжир хөөргөө үнэрлэн тамшаагаад: -Тийм ээ, Зөв! Сэтгэл санаа нэгдээд, ханилан суух хүмүүсийг хөгшин бид цагдаж суух юусан билээ? гэлээ. Бид үүдээр гарвал, хоёр гэрийг тэмээн сүрэг тойрон нөмөрчээ. Тэнгэрийн сүрлэг амьтад налайгаад, ирсэн хүмүүсийг ажиг ч үгүй, анзаарах ч үгүй хивж харагдана. Сарангоо хүрэн аттайгаа манхны хормойгоор жонжуулан ирж яваа харагдав. Жижиг гэрийн хойхно ирээд “Сөөг сөг” гэж тэмээгээ хэвтүүлээд буулаа. Тэрээр эхнэр бид хоёрыг хараад: -Манай боос ингэ их хол шилэрсэн байна. Барааг нь харчихаад, хүрээд ирлээ. Ботго эндэхгүйгээр дулаан байгаа тул тэндээ хоноод төллөг дээ… гээд инээмсэглэлээ. Тэгснээ “Та бүхний ажил төрөл сайн уу? Урансанаа ажлаа хийгээд гялалзаад байна уу?” гэв. Би үгийн хариуд Бэхээ рүү заагаад: -Энэ хүн Бөхөөгийн ах нь. Алс холоос ирсэн. Танилц! гэв. Сарангоо Бэхээгийн гарнаас зөөлөн атгаж мэндлээд: -Бөхөөтэй их адилхан харагдаж байна шүү. Бөхөө ахыгаа их

ярьдаг байсан. Та бүхэн сайхан хаваржиж байна уу? Танай нутгаар эрт хаваршсан уу? гэлээ. Бэхээ тэрүүхэндээ мушийснаа: -Бид сайн сууцгааж байгаа. Ээжийн бие сайн. Манай хүү том болж байна. Ой гарантай. Одоо хаа сайгүй шулганаад, гүйж байна. Нутгаар эрт бороо орсон. Сайхан байгаа гэлээ. Би хажуунаас нь үг нэмж: -Манай хэд их шаргуу ажиллаж байгаа. Дулаараад захиалганд дарагдсан. Нэмж хүн авч ажиллуулсан. Урансанаа л гол ажлыг удирдаж байна даа гэхэд Сарангоо тас тас хөхрөн: -Манай найз сайн хүүхэн шүү. Багаасаа л сургуулийн идэвхтэн байсан. Зохион байгуулах авьяастай. Даанч, нөхөр нь золгүй байдлаар гэнэтийн асуудалд ороод, найз маань сүүлийн хэдэн жил их зовсон л доо. Өөрөө шаргуу болохоороо унаагүй боссон шүү гэв. Би найзыг нь найзад нь магтахаа мартсангүй. – Урансанаа хүнсний технологийн ангийг төгссөн учраас манайд маш чухал хүн болоод байна аа гэлээ. -Тийм ээ. Цаадах чинь наймдугаар ангиа онц төгссөн хүн. Техниккум аваад явсандаа харамсдаг байсан л

даа. Тэр үед сурлагаар нь байр эзлүүлээд, онцчууд техниккумын хуваарь сонгодог байлаа шүү дээ. Арав төгссөн бол их сургуульд орох хүн байсан юм. Гэхдээ алдаагүй л юм байна гэв. Эхнэр, Сарангоо хоёр элдвийн юм яриад зогсож байтал эх самган гарч ирээд, жижиг гэр рүүгээ алхав. Явах замдаа саатан: -Манай хүүхэн ирчихсэн үү? Зочдыг гэртээ оруулаач! гэлээ. Би ч ам өрсөн: -Гадаа сайхан байна аа. Малын бараа, талын бараа хараад, сайхан байна шүү гэчхэв. Самган алсыг саравчлан зогсоод: -Манай нутаг жаргалын орон шүү дээ. Ийшээ сумын төв их ойрхон. Зүүн хойд руу Бөөн цагаан нуур бий. Энд булаг шанд элбэгтэй гэлээ. Бид хэд гэрийн гадаа хөөрөлдөн зогсож байтал Жаажаа, Довжир гуайтай гарч ирлээ. Жаажаа, Сарангоогийн гараас атган, өөдөөс нь сайтар харснаа “Миний сайхан охин..” гэснээс өөр юм хэлсэнгүй. Ингээд бид нар жаргахаас өмнө хөдөллөө. Бэрийн гуйлганд ирсэн хүмүүс хонож өнждөг ёс байх биш. Байсан ч эвгүй шүү дээ. Ингээд айл хотлоороо биднийг үдэж мордуулаад, сүү өргөн

хоцорцгоов. Бид тэгш замаар жирэлзүүлэн давхисаар нэлээн явлаа. Жаажаагийн сэтгэл ханасан бололтой эргэж харж суугаад: -За хэдүүлээ нэлээн явж байгаад, зам зуур буудаллан хононо оо. Говь талын нутгаар дулаан байна. Хээр хонох сайхан гэлээ. Би Жаажаагаар элдэв юм яриулах санаатай үг өдөж: -Тэмээ сониуч зантай амьтан юм аа. Харсан зүйлээ сонирхож үнэрлээд, түүнээсээ үргэж тоглодог нь хөөрхөн шүү гэлээ. Жаажаа хэсэг дуугүй явснаа: – Тэмээ “Зуны дунд сард даарахыг яана, өвлийн дунд сард цангахыг яана” гэдэг гэнэ лээ. Тийм ч учир өвлийн тэмээ зуны тэмээнээс илүү их цангаж ойр, ойрхон ус уудаг юм. Худаг бараадсан тэмээг ханатал нь усалж орхих хэрэгтэй. Ер нь тэмээ их амгалан, бас хэнэггүй амьтан. Ижил сүргээсээ тасарч салхи сөрөн оддог, урт хөлийн мал шүү дээ. Тэмээ буйлах дуунд сэтгэл догдолж, тэмээ гунганах дуунд сэтгэл гэгэлзэж, тэмээ сэвслэх дуунд цухал төрж, тэмээ шуухирах дуунд айдас төрж, ер нь сэтгэл санаагаа холбож явдаг даа. Энэ айл их олон тэмээ өсгөсөн ачтай буянтай буурлууд юм хөөрхий. Шинэ бэр арван тавны сар шиг сайхан

охин харагдана билээ. Манай Бөхөө явж явж болоод явчихлаа шүү гэв. Буцах замдаа Бөөн цагаан нуурын захад ирж түр буудаллацгаав. Төрөл бүрийн шувууд ганганалдан, бидэр давлагаа алгадан дэвэх нь хурмастын чуулган гэлтэй. Сүрэг сүргээрээ нисэн бууж, зүгийн цэнхэр тэнгэрийг усан мандалтай холбох ажээ. Жаргах нарны наагуур манхан толгодууд нь дүнхийгээд, харгана бударганатай тал хөл дороос алсарчээ. Улайран харагдах тэнгэрийн хаяагаар сүрэг шувуудын бараа зэллэн харагдана. Бид аян замдаа алжаалгүй сайн яваад хотод ирцгээлээ. Жаажаа, Бэхээ хоёр манай үйлдвэрийн газраар орж, нүд хужирлангаа, хийж буй ажил төрлийг харж сонирхоцгоолоо. Хөдөөний хүмүүсийн хувьд онцын сонин биш байгаа нь илт. Хавар зуны ажил яаруулж байна гэсэн тайлбартайгаар удаж төдөлгүй тэд буцацгаав. Буцахын урд өдөр Бөхөөгийнд очиж, нутгийн зочидтой хэсэг хөөрөлдөв. Жаажаа тагтан дээр гарч зогсоод, тамхилах зуураа: -Жаажаа нь намар найр дөхүүлээд ирнэ ээ. Ажаа, Бэхээ хоёр ирж таарна. Миний хүүхдүүд найрын ажлаа товлоод, ажил төрлөө сайн

хийгээд байцгааж бай. Орон гэрээ төхөөрсөн улсуудад найр хийх амар биз ээ? гэв. Бэхээ хэг хэг хөхөрснөө: -Манайх шинэ хүүхэдтэй болно оо. Найрын үеэр Сүрэндулам төрөх байх. Би л ээжийг аваад, онгоцоор ирнэ дээ гэлээ. Жаажаа тагтнаас орж ирээд, буйдан түшиж суулаа. Бөхөө рүү хандангаа над руу заагаад: -Манай Бөхөө ч азтай хүн шүү. Энэ сайхан ах, эгч хоёрынхоо нөмөр нөөлгөөр өдий зэрэгтэй яваагаа хосгүй аз гэж тооц! Танай үйлдвэрийн газраар ороод, Жаажаа нь биширлээ. Хэчнээн том байр сав, ямар ч олон өрөө тасалгаатай юм бэ? Өдөрт машин машинаар нь бүтээгдэхүүн борлуулж, боодол боодлоор мөнгө тоолдог бололтой. За энэ ч яах вэ? Болох л хэрэг! Ээ дээ! Мөнгө хүнийг эвддэг гэдэг шүү. Ачлалт ах эгч хоёрыгоо л гомдоовуузай! Тэгвэл алдас болно шүү. Энэ ах эгч хоёр чинь дөрвөн хүүхэдтэй хүмүүс юм билээ. Дөрвөн хүүхдэд нь нөмөр нэмэр болох өртэй шүү та хоёр! Жаажаа нь хар буруу санаагүй, аминчлан захиж байгаа юм шүү дээ гэлээ. Бөхөө мөн л инээд хөөр болон: -Мэдэж байгаа Жаажаа гэлээ. Бэхээ нухацтайгаар толгой дохиод: -Ээж бид хоёр Бөхөөд санаа зовдоггүй шүү. Ер нь цөөхүүлээ байх их хэцүү юм. Надад ээж хань болж, Бөхөөд ах эгч хоёр хань болох юм даа гэлээ. Бидэнд бодол бий

гэцгээлээ. Намар найртай… Сайхан найр болно. Хоёр хүүгээ дэргэдээсээ гээгээд, арайхийж алган дээрээ тоссон настай эхийн сэтгэл нь амарна аа. Хөгшин харчуудын амьдрал хожуу ч гэсэн цэгцэрч, хорвоогийн замаар амьдралтайгаа золголоо. Хүмүүний зовлонг өөрийн биед эргэцүүлэн бодож бай! гэж бурхны сургаалд хэлсэн бий. Биеэр үзээгүй зовлонг хэн ч гадарладаггүй учраас тэгж сануулсан хэрэг болов уу. Хоёр хүүгийнхээ дунд инээмсэглэн суугаа буурал эхийн зургийг хараад, туулж өнгөрүүлсэн хатуу жилүүдийг нь та бүхэнд өчьюү гэж саналаа. <<… Наян дөрвөн оны зун хорин гуравхан настай ууган хүү нь хүний амь эрсдүүлж, хуримнаасаа тавхан хоногийн дараа гяндан шоронгийн газар ачигдан явлаа. Эх хүний харууслын дуу тэнгэрт хадаж, газар шороо самрах шахна. Отгон хүүтэйгээ үлдээд, дэн дунтай бэдэрч байтал наян таван оны намар өнөөх хүү нь бас сураггүй алга болчихлоо. Хоёрхон хүү төрүүлээд, хорвоод булаалгасан эхийн сэтгэлийг төсөөлөөд нэг үзээрэй. Арван таван жил орь

ганцаараа өдөр хоногийг тоолон хүлээсэн шүү дээ. Таван мянга дөрвөн зуун далан тав хоногийг орь ганцаараа туулсан гэвэл та юу бодож байна вэ? Өвлийн хахир хүйтэнд өглөө босоод, галаа түлж суухдаа, тооноор унах цасанд гомдох уу? Хаврын хавсарга шуурганаар хүйт даасан орондоо хэвтэж байхдаа, нойтон дэрээ эргүүлэх үү? Намрын сэрүүн өдөр ууланд чоно улихад, аргал түлээгээ орхин айж сандарсаар харих уу? Зуны цэцэгсийг хуруугаараа илж суухдаа хорвоогийн зөөлнийг олж мэдрэх үү? Цаг мөчид гав ганцаараа байсан гэвэл танд ямар нэгэн төсөөлөл бууна уу? Ирж, буцах шувуудын дуу сэтгэл зүрхийг нь урж байсан биз ээ? Шивэрч, зүсэрч орсон бороо гуниг зовлонг нь угаагаагүй л болов уу? Шөнийн одод, намрын хяруу, дүрлэгэр саран, уулын навчис зэрэг нь ганцаардсан хүнийг дандаа л тохуурдаг байсан биз? Гэхдээ үрээ гэсэн сэтгэлийг юу ч дийлээгүй юм… >> <<…Арван таван жил шоронгийн жижиг өрөөнд хашигдсан билээ. Хад чулуугаар цутгаж барьсан хүйтэн хана алтан нарыг үүрд булаасан юм. Цувдай гэдэс, өвдөл цөвдлөөр хооллон, голоо зогоож, олон жил

амь торгоожээ. Хөл хүндтэй хоцорсон шинэхэн амрагаа санаж, шөнө бүр зүүдлэн сэрнэ. Зүүдлээстэй чигээрээ үүрд унтчихмаар өдрүүдийг жаргалд тооцно. Зүймэл цонхоор агаар сүвлэсэн, чийгтэй умгар өрөөнд холын мөрөөдөл юун манатай. Насыг хэмлэх гэж торны цаана төрсөн мэт. Өдрийг ухраах гэж утсын чинээ улаан амь нь үлдсэн мэт. Сайхан бодлууд толгойноос оргүй арилж, бороохой шийдэмний хөндүүрээр, давхийн сэхээрдэг мөчүүдийг тоочишгүй. Жоом, бясаа, бөөсний зовлонг төсөөлшгүй. Чийг, хүйтэн, цангах, өлсөхийн тарчлаанийг дурьдашгүй. Ээжийгээ амьд голтой үлдэж, дүүгээ амьсгал хураасныг дуулаад, дуу аялсан гэдэг. Дуулах, уйлах хоёрыг андуурсан хатуу өдрүүдийг та төсөөлж чадна уу? Гэхдээ ээжийгээ гэсэн сэтгэлийг юу ч дийлээгүй юм…>> <<… Харийн газар мөлхөж явахдаа амь үлдэхийг тулд ухаанаа сэнхрүүлж байлаа. Бууны хүйтэн төмөр ар шилэнд тулгахад, хурдан гох дарагдаасай гэж боддог үе зөндөө. Хориотой наймааны зууч хийж, хүний эрхээр гүйж яваад, нүхэнд унахдаа газрын хэвлий зөөлхөн тосдогийг мэдэрсэн. Шавартай

шороонд нулимс аргаж, хар нүхэнд гар хөл чинэрэлдэн хонодогсон. Гурван өдрийн хүлээсэнд бие мэдээгүйжээд, өвдөхийн зовлонгүй болчихдог сон. Хүлээ тайлж, уяа сулармагц тэсэхийн аргагүй янгиндаг сан. Үхэл дэргэд отсон өдрүүдэд санах юм даанч байхгүй. Үйлийн үр үхэл зовлонгийн ялгааг ч мэдэхгүй. Аав, ээж, ахынхаа ахуй дурсамжийг санах завгүй. Санахаас ч айдаг. Тэнгэрийн саран ямар нэг юм хэлэх вий гэж бодоод, бушуухан нүүр буруулдаг. Нүүж яваа үүлсийн цаанаас өндийж харах дургүй. Цонхоор од гилтгэнэвэл бушуухан буруу харж хэвтдэг. Уйлахаас айдаг өдрүүдийг тоолшгүй. Дурсамжаас халгаж, зүүдлэхээс эмээдэг шөнүүдийг санашгүй. Гэхдээ ээжийгээ гэсэн сэтгэлийг юу ч дийлээгүй юм…>> Хэн хүнд тохиогоод байхгүй бэрх зовлонг гэтлээд, эх үрс гурвуулаа уулзсан билээ. Аз ивээсэн торгон уулзвар бол ямар ч хүний сэтгэлд нэгийг бодогдуулна.

Буурал эхэд тус дэм болж, хамт байвал хүний хэрэг бүтнэ гэж санав. Хорвоогийн зам энд хатуу, тэнд зөөлөн гэх юм үгүй. Хатуугаас, хатуу үргэлжлэх болзошгүй. Насан өндөр эхийн хувьд санаанаас цааш чадал үгүй. Нас явсан залуусын хувьд саад тотгор, унах жин ихтэй. Ингээд эхнэр бид хоёр энэ хүмүүсийн дэргэдээс түшиж тулахаар шийдсэн билээ. Санасны эцэст хэрэг бүтэж, азтай залуучууд хөлөө олов. Азай буурал ээж үрсийнхээ дэргэд жаргалаа эдэллээ. Амьдрал бол хамтын хүч. Хатуугаас зөөлөн рүү зөөж өгсөн тус билээ. ( Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *