Нүүр Өгүүллэг “ХҮНИЙ ЭХ” өгүүллэг “15-Р ХЭСЭГ”

“ХҮНИЙ ЭХ” өгүүллэг “15-Р ХЭСЭГ”

34 секунд уншина
0
0
434

Өглөө болгон намайг тайтгаруулдаг нутгийн минь амгалан хөх тэнгэр тэртээ алсад мэлтийгээд хоцорсон доо. Зангирмал усан нулимстай хөдөлсөн, тэр өглөөг зураглах сайхан байна. Торгон цагаан үүлс

уулсын цаагуур нүүгэлтэн хоцроход, хөхөл зөөлөн салхи алсад даллан үлдэв. Ус голын чимээ дотогшоо урсаж, униар татсан хөндий тэртээд орхигдов. Төрж өссөн өлгийнийхөө захаас мултраад, хэн ч үл мэдэх

орчлонгийн дайд руу тэмүүлэх авай. Ер нь амьдралынхаа төлөө би нүүсэн билээ. Ажил орлого, алсын замнал, алдрай үрс, амраг ханийхаа сэтгэлийг хөглөж нүүсэн юм. Нутгаасаа одно гэдэг амаргүй. Шинэ

газар дасна гэж бэрх. Хүн хүнээрээ үлдэнэ гэдэг л чухал. Эргээд ирэхэд толгод гүвээ нь торолзоод, гол ус нь мяралзаад, торгон салхиар аргаданхан тосоод авна аа гэдгийг мэднэ ээ. Сайн сууж байгаарай

нутгийн зон олон минь! Элдвийн юм бодож явсаар, үдшийн бүрий хүртэл давхижээ. Замынхаа талд орох дөхөж байгаа бололтой. Зүүрмэглэж явсан эхнэр маань сэрээд, хойш урагшаа харснаа, хөлөө

жийн суниав. Хоёр дэрмэгэр охин маань арын суудал дээр бие биеэ дэрлээд нам унтжээ. Эхнэр уут саваа ухаж, урагшаа хойшоо тонголзож, донсолгоонд үсчиж явснаа ганц ширхэг боорцог аваад, ам руу хийж өгөв. Араас нь савтай ундаа атгуулаад: -Удахгүй, хоолны газар дөхөөд бууцгаая! Миний хөгшин ядарч байна уу? гэлээ. -Үгүй дээ, гэж хэлээд, толиндоо эргэж харав. Гэр ачсан ачааны тэрэг араас нэлээн холд ирж яваа харагдав. Зам жирэлзэн өнгөрсөөр… Эхнэр миний дотоод тавгүйрхлийг хэдийнээ ойлгосон тул яриа өдүүлэн: -Эжий сэтгэл нь амар үлдсэн шүү! Тийм ээ? гэхэд би: -Тэгсэн, тэгсэн. Манайхыг гэнэт нүүхийг сонсоод, өөрт нь хэцүү байсан ч Бөхөөдөө ханьтай тул санаа амар боллоо гээд хүүхэд шиг баярлаад байсан даа. Эхнэр инээд хөөрөөр чимэглэж, эхлүүлсэн яриаг үргэлжлүүлэн: -Эжий баярлаад л “Бөхөө танайхыг дагуулж нүүгээгүй ээ, та бүхэн Бөхөөг дагуулж нүүж байгаа юм шүү дээ. Тийм болохоор миний хүүхдүүд ах

эгчийн зангарагаар хатуу байж, цаад хүүхдээ амьдралд нь хүргээрэй. Дан ганц тэр хүний амыг харна гэж байхгүй. Бөхөө бол та хоёрын үгнээс гарахгүй. Буруу хэрэг хийвэл загнаж, зандарч, цохиж, зодсон ч буруудахгүй. Хэдэн жилдээ ажил амьдралаа жигдрүүлээд, үр хүүхдүүдээ хоолонд нь хүргээд, нас өтлөх цагтаа эжийдээ хүрээд ир. Би, Бэхээтэйгээ хэдэн малыг чинь өсгөөд, хүлээж байя!” гэсэн шүү. Тэр үгэнд нь би их догдолсон гэлээ. Би үгийн хариуд: -Харин тийм ээ? Хоёулаа тавь хол гараад нутагтаа буцна аа. Бид хоёр ийнхүү ойр зуурыг хүүрнэлдэн явсаар, гэр бүхий замын гуанзанд бууцгаалаа. Ачааны том тэрэг хүнгэнүүлэн ирснээ тоос босгон зогсов. Бадир бүдүүн эр үсрэн бууснаа: -За зам сайхан байна аа. Удахгүй засмалаар жирийлгэнэ. Та хэд тавтай сайхан явж байна уу? гээд дагуулж яваа туранхай шар хүүхнээ хөтлөн, хойд гэр рүү таахалзан орлоо. Бид араас даган ороод, халуун хоол зооглож, хөл гараа тэнийлгэн сууж, чилсэн нуруугаа амрааж авлаа. Ингээд аян замдаа алжаалгүй явсаар,

маргааш өдрийн үдэд хотын бараа харцгаасан билээ. Бөхөө <<Хорин хоёрын товчоо>> -н дээр хэдийнээ ирчихсэн зогсож байлаа. Тэрээр: -За та бүхэн минь аян замдаа сайн явж ирэв үү? Би энд саяхан ирлээ. Удаан хүлээлгүй сайхан таарлаа шүү. Та хойшоо суу! Би бариад, хотын төв рүү оръё! Толгойт биз дээ? Ноднин ирээд, хэд хоносон тэр айл мөн үү? гэв. -Тийм ээ миний дүү! Чи л олох байх. Ах нь бараг олохгүй гээд хойшоо суув. Эхнэр элдвийг хараад, их додигор явснаа түгжрээн дунд ороод, сандарч эхлэв. Ийш тийшээ дальчин, гараа хавсран залбираад, нүдээ сөлийлгөх шахжээ. “Яасан олон машин тэрэг вэ? Дохио сигналаа чарлуулаад, дайраад байх юм аа. Ээ, базарваань! Хөөх!” гэж уулгалж явсаар миний отгон дүүгийн гадаа ирлээ. Ах дүү нар маань манайхыг ирэх сургаар цугларсан байлаа. Бөхөө “Ах эгч хоёр минь! Бүгдээрээ минь манайд оч! Төвхөнөтлөө тэндээ бай. Гэрээ хураагаад бүтээчих!” гэхэд би толгой сэгсрэн: -Ах нь нутгаа орхин гарсан болохоор, сэтгэл санаа жаахан тиймэрхүү байна аа. Юутай ч гэсэн гэрээ барьж ороод, сэтгэлээ тайвшруулах минь. Танайд очихоор цонхоор хараад, гэгэлзчих байх гэлээ. Бөхөө хөгжилтэйгээр хөхөрснөө: -За за ах.

Тааваараа л бол гээд ухасхийн бослоо. Яах ийхийн зуургүй бужигналдан, гэр ачааг буулгаж, тэр дор нь барьж өглөө. Аадар борооноос урьтан гэрээ барьж, тухлан суусан бид хэсэг зуур хөөрөлдөөд амарцгаав. Бөхөө манайд хоноод, өглөө эрт явна гэв ээ. Тэрээр хөлөө жийн суугаад, тооно өөд ширтэв. -Монгол гэр сайхан байна шүү ахаа. Борооны чимээ дээвэр балбахад ямар сайхан сонсогддог билээ. Сайхан байна аа. гэснээ “Би ирээд гурван сар болчихлоо. Их зүйл амжуулжээ. Ерэн долоон онд хоёр өрөө байр дөрвөн сая байснаа, дараа жил нь найман сая, сүүлдээ арван зургаан сая гээд жил жилээр огцом өссөөр үнэ талийжээ. Дүү нь хотын төвд сайхан байр авчихлаа. Дажгүй боломжийн үнээр. Жаал жуул тавилга аваад, ханхай маягаар тохижсон. Одоо санхүүгийн сургалтанд сууж, их юм сурч байна” гээд цүнхээ уудлан, дэвтэр ном гаргаж харуулав. Би үгийг нь дэмжин: -Болж дээ болж. Хот гэдэг нь эрч хүчтэй залуу хүнд сайхан газар шүү гэлээ. Бөхөө номын хуудас эргүүлэн салхи сэнгэнүүлэн сэвээд хэсэг суув. -Би ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад,

газрын судалгаа хийлээ. Хотод хашааны шинэ газар олдохоор байна. Би хэд хэдэн газар үзэж товлосон. -Тийм үү? Боломжийн санаа байх шив… -Та шинэ сайхан газар сонгоод, блокоор хашаа барьчих. Дотор нь Том хаус барьчих. За тэгээд мод, зүлгээр битүү бүрхээд, янзтай сайхан тохижоод ав! Энэ зун, намартаа дамнаад хийчихнэ. Хот газарт сэтгэл зориг байвал бүтэхгүй юм нэг ч үгүй. Хамгийн гол нь бараан талаас нь харж, дарамт болгон хүлээн авах хэрэггүй гэлээ. Би толгой дохин суухдаа, Бөхөөгийн үгэнд урамшин байлаа. “Нээрээ л… Сайхан амьдрал санааных биз дээ. Муухай гэж бодвол нутаг усыг шүтэж амьдраад ч яах билээ? Тэгэхээр өөдрөг байж, ирмүүн тэмцэнэ ээ” гэж өөртөө хэлж суулаа л даа. Бөхөө хоёр гараа нугалан шилэндээ аваад, сэтгэл хангалуун амарч сууснаа: -Дүү нь гарааны бизнес эхлүүлэхээр төлөвлөж, хэд хэдэн санаа цуглуулсан байгаа. Цагаа болохоор бүх зүйлийг та хоёртойгоо зөвлөнө. Одоо сайхан амраад, маргааш гурвуулаа шинэ газраа үзэж, товлоё. Хотод чинь цаг хугацаа бүхэн алт шүү дээ гээд инээмсэглэлээ. Эхнэрийн сэтгэл овоо уужирсан бололтой нүүрэндээ мишээл дотруулсаар өвөрт орж ирлээ. Маргааш нь эртлэн босоод харвал Бөхөө хэдийнээ явжээ. Ширээн дээр зурвас үлдээгээд, дээрээс нь жижиг гар утас тавьсан байлаа. Хавтастай чамин утсыг

дэлгэж үзвэл, стерео дуутай, өнгөт дэлгэцтэй ажээ. “Манай Тунгаа дарга нэг иймийг хүзүүндээ зүүчихээд, том хөхнийхөө завсар савчуулж явдаг сан“ гэсэн шиг юм бодоод сууж байтал гэрэл анивчин, хөгжим эгшиглэж эхэллээ. Цочиж сандарсан би утсыг нээгээд яривал Бөхөөгийн дуу байв. -Ахаа сайхан амарсан уу? -Өө ах нь гэрээ барьж орсон болохоор яг нутагтаа байгаа юм шиг сайхан амарлаа. -Ах эгч хоер минь! Арван хоёр цагт Сүхбаатарын талбай дээр хүрээд ир! Тэндээс захын хороолол руу хөдөлнө. Таны машиныг би өглөө унаад гарсан шүү дээ. Та хоёр автобусаар хүрээд ир гэлээ. -За за. Ойлголоо. Ах нь хот дотор машинаа барьж чадах биш! Машинаа автлаа чи уна. Ингэхэд чи утсаа мартаад явжээ дээ… -Үгүй ээ. Танд авч өгсөн юм. Хотод утасгүйгээр ажил амжихгүй шүү дээ. -Тийм үү? За их баярлалаа. Баяртай… Эхнэр энэ удаад утсыг хүзүүндээ зүүж гоёхоор болов. Ингээд бид Сүхбаатарын талбай руу зорьцгоолоо. Аз болоход зүлэг ногоо хэнзэлсэн эр сайхан газар сонгож, эрчимтэй хөөцөлдсөөр байж өөрийн болгож авлаа. Бичиг баримт, өргөдөл хүсэлт бүхэнд гарын бэлэг, шан харамж дагалдах ажээ. Ханцуй дороо нууж өгсөөр, дөрвөн зуугаад мянган төгрөг зарцуулсны эцэст гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргаж аваад, наадмын өмнөхөн хашаагаа барихаар шуудрав. Жолооч мэргэжилтэй би барилгачин мэргэжилтэй болж, өглөө оройгүй

зүтгэсээр, ёотон шиг тэгш дөрвөлжин газарт хашаа тойруулан босгоод, гэрээ нүүлгэж ирлээ. Жорлонгоо орчин үеийн шийдлээр барьж дуусгаад, хажууд нь найм зургаагийн харьцаатай хоёр давхар байшингийн шав тавилаа. Хүний амьдрал гэдэг нь хөдөлмөр тэмцлийн дунд өрнөх өрнөл биз ээ? Цаг урсаад байна уу? Бид урсаад байна уу? Нэг мэдэхэд гурван сар болжээ… Намар хэдийнээ дөхөж, төлөвлөсөн бүхий ажлаа амжуулж авлаа. Нутгийнхаа цэнхэр тэнгэрийг хааяа хааяадаа санагалзан, битүүхэндээ шүүрс алдах хэдий ч өмнөх ажилдаа урамшин, бас ч үгүй овоо дасаж байна шүү. Бөхөө, Бэхээ хоёрын өгсөн мөнгө надад <<юм>> болж, өгөөжөө өгөв. Хашаандаа ганц амбаартай суудаг байсан би энэ удаад хоёр давхар байшин бариад орчихлоо шүү дээ. Санаачилга зүтгэл байвал бүтэхгүй юм үгүй гэдэг билээ. Мөнгө хөшүүрэг учраас мөнгөний төлөө зүтгэх л хэрэгтэй. Гол нь шунаг сэтгэл, давсан хэрэглээ л чухал биш шүү. Бөхөө өөртөө машин авалгүй, миний цагаан тэрэгтэй л сүнгэнүүлээд байлаа. Утасдаад л хэлчихээр хамаг ажил амжуулж өгнө. Барилгын материал, элс цемент, мод банз, гоёлын тааз, гоёмсог цонхны бүх газруудыг Бөхөө олж мэдээд, аль болох хямд төсөр, чанартай сайнаас нь

сонголцож өгнө. Хажуугаар нь сургалтад сурч, хичээл номоо давтсаар. Ирж, очсоор л байлаа. Нэг өдөр өглөө эртээ гэгч сүнгэнүүлэн ирлээ. За ах удахгүй өвөл болно. Үлдсэн жаахан мөнгөөрөө халаалтын асуудлаа шийд. Танай байшин чинь манай байрнаас том зайтай, тохилог олон өрөөтэй, ёстой янзтай болсон шүү. Барилгачид ч сайн ажилласан. Би сарын сүүлээр Турк рүү явахаар боллоо. Бүтээгдэхүүний түүхий эд судлахаар болж байна. Миний сургалтууд дууссан. Наймаа бизнес хөдөлнө. Удахгүй та хоёр ажилтай болно. Сургууль, худаг ойрхон болохоор хүүхдүүдэд санаа зоволтгүй гэв. Би: -Манай хэд ч нусан пулёмет байснаа бодоход том хүн болсон. Ууган хархүү арван долоо хүрчихлээ. Том охин арван тав. Бага охин арван нэг хүрсэн. Отгон хүү маань нэгдүгээр анги шүү дээ гэхэд Бөхөө: -Нэг санаа байна аа. Та хоёр сонс. Би Туркийн Станбул, Анкара хотуудаар явж үзсэн. Нэг удаа явж байгаад, жимсний тараг ууж үзээд, хачин их сэтгэл догдолсон билээ. Учир нь монгол элгэн тарагны амт түүнд нэвт шингэсэн байсан. Тухайн үедээ би хүний эрхэнд явж байсан. Зах худалдааны газраар шудраад өнгөрсөн ч өнөөх тарагнаас хэд хэдийг авч идсэн юм аа. Би Туркээс тэр тараг савладаг тоног төхөөрөмжийг олж ирэх хэрэгтэй

байна. Үндэсний бүтээгдэхүүнээр баяжуулаад, шинэ брэнд гаргах санаатай. Турк улс цайны соёлтой. Хүүхэд хөгшчүүлд тохирсон маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Орчин цагийн залуучуудад зориулсан соёл амралтын ресторан нээж үзье. Заавал архи, шар айраг уух ёстой юу? Шар айраг, архигүйгээр алжаал тайлж болохгүй юу? Турк хүмүүс усан тамхи, цай хоёроороо алжаалаа тайлж чаддаг. Тийм газруудад архи согтууруулах ундаа байдаггүй. Үйлчлүүлэгчид ч хүсдэггүй. Тэгвэл бидний хүсч буйгаар өтгөрүүлж баяжуулсан жимсний ундаа, үндэсний болон орон орны цай, хөнгөн зууш, төрөл бүрийн тарагны үйлдвэрлэл, хажууд нь ресторантай, мөн цаашлаад дэлгүүрийн борлуулалт гээд худалдаа, үйлчилгээний давхар чиглэлээр үйл ажиллагаа явуулж үзье. Гол нь монголын үндэсний технологийг гадаадын дэвшилтэт арга барилаар хослуулан, үйл ажиллагаагаа тогтворжуулах хэрэгтэй гээд ярьж байна аа. Би ч нойрмоглон сонсож сууснаа бараг унтахаа шахав. Эхнэр намайг нудраад: -Ах чинь хэд хоног амарч аваг. Энэ зун их ядарсан байгаа. Эгч нь дүүгийнхээ ярьсан санааг ойлголоо. Чи зүтгэвэл бид дэмжинэ. Яг үнэндээ бидэнд мэдэх юм алга. Санаанд буухгүй том санагдаад байна.

Хөдлөөд эхэлбэл, шал угаахаас эхлээд зүтгэнэ дээ гэлээ. Бөхөө, эхнэр хоёр үргэлжлүүлээд ярьж байхад би дэн дунтай сонсон суув. -Эгч минь олон санаат оргож чадахгүй гэж үг бий. Олон юм бодошгүй. Зорьсондоо л зүтгэе. Хөрөнгө хувьчлалаар үнэгүй авсан газруудаа зарим дарга нар зарж байна. Би байршлыг нь харж байгаад, тавин таван сая төгрөгөөр нэг байшин худалдаж авлаа. Гол нь байршил сайтай. Бас нэг авууштай нь хашаа томтой. Хожмоо газар нь үнэлэгдэнэ. Цэвэр бохир усны шугам сүлжээтэйд нь олзуурхаад шууд авчихлаа. Хуучны чихэр боовны цех юм билээ. -Тийм үү? Ээ дээ. Их сайн нягтлаарай даа. – Арга ядахад зарахад ч алдахгүй. Мөнгөний ханш унахаар үнэд хүрнэ. Алдах зүйлгүй эд. Маргааш өглөө би ирж та хоёрыгоо авна. Очиж үзээд ярилцацгаая гээд явлаа. Бөхөө гарсны дараа эхнэр намайг татаж чангаагаад, ярьж эхлэв. -За нөгөө хүүхэд чинь мөнгөө үрээд дуусгасан юм биш үү? Өвөг дээдсийнхээ өв хөрөнгөөр тоглочих вий дээ! Чи яасан хувьчхан хүн бэ? Өөрөө байшин бариад суучихсан болохоор болоо гэж бодоо юу? Ядаж яриаг нь сонсоод, дэмжиж өгөөч! Урвайчхаад хаашаа янзын хүн бэ? гэхчилэн

зандарч гарлаа. Би нүдээ нухлан босож ирснээ гараа дэлгэн сунайлаа. Эхнэр янзгүйхэн харснаа “Хүүхэд шиг хаашаа юм бэ? Цаана чинь хүний амьдрал дээсэн дөрөөн дээр ирчихээд байна шүү дээ!” гэлээ. Би эхнэрээ тайтгаруулан: -Бөхөө маш сүрхий хүүхэд юм. Зөв сонголт хийжээ. Маргааш хоёулаа худалдан авсан байшинг нь очиж үзэцгээе гэв. Эхнэр: -Чи тэгж бодож байвал яамай даа. Би айчихлаа гэлээ. Гэнэт эхнэрээ цаашлуулмаар болоод: -Явж явж, чи рестраны босс болно. Би үйлдвэрийн газрын дарга болж, олон ажилчдын дунд алхаж явах болох нь дээ гэлээ. Эхнэр миний доогтой үгэнд адгаж, шаралхаад нөгөө өрөө рүүгээ ороод эргэж ирсэнгүй. Бөхөө өглөө эрт ирнэ гэдгийг мэдэж байгаа тул эртхэн унтахаар боллоо. Дээд давхарт гарч, бага хүүгээ эрхлүүлэн үнэслээ. Том хүү хичээл хийж сууснаа: -Энэ зун эжийгийнд ёстой сайхан амарсан. Энэ хавар сургууль тараад л явна шүү гэлээ. Бага хүү гараа алгадан дэвхцээд: -Би бас агаатай явна гээд тойрон эргэлдээд, цовхчиж өглөө дөө. Би тэднийхээ жаргалтай байгааг хараад, сэтгэл уужран сууснаа: -Ингэхэд хичээл ном нь сайн уу? Шинэ

сургуульдаа дасаж байна уу? гэж асуув. -Зүгээр ээ аав аа. Хотын сургууль гоё юм билээ. Ангийн хүүхдүүдтэйгээ танилцсан. Дажгүй гэцгээлээ. Эсрэг талын өрөөний хаалгыг тогшин, хоёр охиныхоо өрөөгөөр <<айлчлав>>. Дэрмэгэр хоёр охин маань хөгжилдөн сууцгааж байлаа. Нэг нь ном уншаад, орон дээрээ хэвтэж байлаа. Би духан дээр нь ээлжлэн үнэрлээд: -Аав, ээж хоёр нь маргааш хотын төв рүү явах ажилтай. Миний хоёр охин, дүүгээ хичээлд нь хүргэж өгөөд, тарахад нь аваарай. Ах нь ирээд усаа авах байх. Гэрээ сайн хараад, хоолоо бэлдээд байж байгаарай гэлээ. -За аав аа! Хурдан ирээрэй. Хагас бүтэн сайнд Бөхөө ахынд очмоор байна. Бүгдээрээ очъё! Тэгэх үү аав аа? -Завандаа очно оо гээд би гарлаа. Охин хүүхдийн сэтгэлээ гэж эмзэг торгон мэдрэмжтэй, эгдүүтэй өхөөрдөм үрс билээ. Дөрвөн хүүхдийнхээ сэвлэгийг үнэрлээд, нэгэнт тайвширсан би унтлагын өрөөндөө ороод,

орондоо орж хэвтлээ. Эхнэрийн уур хэдийнээ гарсан тул хөнжил сөхөн орж ирээд, буруу харан хэвтэв. Аргадуулахаар туньж байна аа… Хүний амьдрал хаана очихыг хэнбугай ч таашгүй… Хаашаа зорьж буйг ч мэдэхгүй. Гагцхүү итгэл найдварын цогийг гэрэлтүүлж, аль болох цаад талыг олж харахыг хичээвч, даанч үл мэдэгдэх түнэр харанхуйг нэвтлэн харж үл чаднам. Тийм учраас гар гараасаа хөтөлж явдгийн учир тэр байх аа… (Үргэлжэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *