Нүүр Өгүүллэг “ХҮНИЙ ЭХ” өгүүллэг “14-Р ХЭСЭГ”

“ХҮНИЙ ЭХ” өгүүллэг “14-Р ХЭСЭГ”

36 секунд уншина
0
0
352

Ерөн есөн оны шаргагчин туулай жил улиран одож, хоёр мянган оны цагаан луу жилийн шинийн нэгний өдөртэй золголоо. Хавсарга салхинд идэгдсэн халтар цас хүлгийн туурайгаар сэтлэгдээд, борог

өвсний ёроор дээр бутран унана. Айлчин золгуутын хүмүүс ургах нарнаас урьтан яарч, ахас ихсээ зорин, ам бүлээрээ хатируулан буй нь энэ юм аа. Өглөөний тунгалаг агаарыг сүллэсэн, мандмал шаргал

нарыг тооноороо уухайлан тосоод, хадаг юугаа дэлгэн барьж, амар мэндийг айлтган золгоцгоов оо. Хөгшчүүдийн уруул хацар тэмтчиж, хүүхдийн нүдэнд цог гэрэлтэв. Буурайн бэлэг гар дээр бууж, баярын

доглолтой хамт өвөрт шургална. Өвгөдийн хөөрөг алган дээр ирж, ухаарал хүндлэлтэй цуг бодолд тухална. Аймаг суурингийн бид ах дүүс амраг саднаараа айлчин золгуут хийж, бие биенийхээрээ орж,

цай ууцгаав. Шинийн өдрүүд хөлтэй байж, их золголтууд шувтарлаа. Ингээд, шинийн гуравны өглөө эжийтэйгээ золгохоор, аймгаас эртлэн гарцгаав. Уруйд идэгдсэн сэмэрхий цас цагийн аясаар бууж өгөөд,

тарлан цоохор болжээ. Эрмэг уудам талаар энэ жил эрт хаваршжээ. Өнтэй жилийн өнгө гайхалтай байлаа. Нам Гүвгэрийн өвөлжөөн дэхь хоёр гэрийн тооноор утаа суунаглан, уул толгодынхоо оройг хээлж байхад нь очиж буулаа. Хадаг самбайгаа дэлгээд, эжийдээ очиж бөхийв. Эжий номхон хүлээж суугаад, өөдөөс зүтгэлээ. Эх хүний зөөлөн уруул хацар тэмтэрч, эгнэшгүй хайрын марташгүй үнсэлтээр биднийг мялаалаа. Цай сүү, идээ будаагаа өргөн барьж, энхэр сэтгэлийн халуун үгсээрээ дайлж жаргаав. Бэхээ, Сүрэндулам хоёр ижилсэн гоёод, надад золгохоор эжийгийнд орж ирлээ. Би жаран нэгэн оны цагаагчин үхэр жилийн дөрөвдүгээр сард төрсөн билээ. Бэхээ зун нь наймдугаар сард төрсөн гэдэг. Хүн ахтай дээл захтайн ёсоор надад золгоод, гэртээ урьцгаав. Бэхээ энэ удаа надтай хадагтай золгов. Хадагныхаа нэг үзүүрийг баруун гарынхаа ядам хуруугаар ороогоод, гар дэлгэн бөхийлөө. Бэхээ золгосны дараа хадгаа эвхээд

өвөртөө хийв. Бөхөө гэрийн гадаах машин тэрэгний барааг хараад, хонио уулын энгэрт тогтоочихоод, хар хурдаараа давхин ирлээ. Тэрээр орж ирэнгүүтээ малгайгаа засаад, өврөөсөө алд цэнхэр хадаг гаргаж, амыг нь өөдөөс харуулан дэлгээд, миний өмнө ирлээ. Хадагтай золгох, хадаг барьж золгох хоёр өөр л дөө. Бөхөө маань намайг ихэд хүндэтгэсний илэрхийлэл болгож, энэ удаад хадаг барьж золголоо. Би гараа дэлгэн өргөхөд, урт цэнхэр хадгийн эрхий хуруунд тулган алган дээр дамнуулан тавиад, тохойноос хоёр гардан өргөөд, үнэсүүллээ. Би хадгийг нь өөртөө авч, өвөртөө хийлээ. – Сүрэг мэнд тарган тавтай амархан сайн оров уу та? – Сайн орлоо. Мэнд сайн оров уу? – Сайн орлоо. Та сар шинэдээ сайхан шинэлэв үү? Одоо сайхан хаваржиж байна уу? – Сайхан хаваржиж байна аа! Миний дүү тавтай сайхан хаваржиж байна уу? – Сайхаан. Сайхан хаваржиж байна. Буузны уур тооно өөд савсаж, хаврын талд цаг айлчилжээ. Хүүхдийн дуу төлийн

дуутай хамт цангинаж, дулаан өвөлжөөнд нар тосчээ. Хоёр гэр дамжин айл хэсэж, дайлуулж цайлуулаад, үдийг авлаа. Бөхөө хонио дөхүүлээд, нар буухаас эртлэн хүрч ирлээ. Би эжийгийн дэлгэж тавьсан гудсан дээр хөл нүцгэлэн суугаад, тэдэнтэй хэсэг хөөрөлдөв. Эжий түр амсхийн цай ууж суув. Эжий, Бөхөө рүү толгой дохиод: -Манай хархүү хотод сууна гэнэ ээ. Өөрөө л мэдэг дээ. Тийм үү? гээд надаас оновчтой шийд сонсохоор азнасхийв. Би бодож саналгүй шууд л хэлэв: -Одооны залуучууд хот руу тэмүүлдэг болсон юм билээ, эжий минь! Амьдрал бүтээл хаана орших билээ, тэр газартаа очоод, хүний дайтай амьдарч чадвал хамаатай юу даа гэчихлээ. Эжий цайгаа хойш нь тавиад: -Том хархүү маань надаас салахгүй ээ. Бидэн хэд энүүхэндээ болно оо. Бэр хүүхэн зуны сүүлч, намрын эхээр нярайлна. Манайд бүл нэмэгдээд, сайхан болно оо. Гол нь энэ хүн олон хөлийн газар яваад, амьдрах аргаа олчихвол ч болно доо гэлээ. Би эжийгийн гунигтай

үгийг цаагуур нь тайлж ойлгосон тул даруй тайтгаруулан: -Зүгээр дээ. Манай дөрвөн дүү, нэг эгч хотод суудаг. Хэн хүнээс дутахгүй л амьдраад явцгаах юм билээ. Сонирхол байгаа бол тэр газартаа л очиг. Бүүр явж байгаа биш. Одоо цагт чинь унаа тээвэр хөгжсөн. Байнга л нааш цаашаа ирж очно шүү дээ гэлээ. Эжий нэлээн сууснаа нэг дурсамж ярилаа. -Энэ хоёрыг бага байхад нь хүрэн даалимбаар дээл хийгээд өмсүүлчихдэг байлаа. Холын бэлчээрт явахад хүрэн дээл нь их тод харагддаг сан. Бэхээгээ гянданд явуулчхаад, дараа жил нь Бөхөөгөө алдсан. Нэг жил болж байлаа. Модны завсраас гэнэт гараад ирэх юм шиг санагддаг. Нэг удаа харж суутал модны завсраар хүрэн өнгийн юм тодорч, бүдгэрээд харагдаад байлаа. Дурангаа шүүрэн сайтар харвал өнөөх чинь хөдлөөд байна аа. Ухаан нь орон гаран болсон хүн хөөрхий шүү дээ. Шууд л тэр зүг рүү гүйсэн дээ. Намрын навчис надаас зөрөөд, доошоо хийсэж байлаа. Би хүүгээ горилоод, өөдөө өгсөөд л байлаа. Зүгийг алдалгүй зүтгэсээр, хүрээд ирсэн чинь тэс өөр юм харагдав. Гурилын уут холоос гялалзаад, салхинд хийсэж байсан

байж таарна. Уутны үзүүрийн мяндас модонд эрчлэгдээд, агаарт эргэлдээд байж байдаг байна шүү. Би нойтон гишүүнд тээглэж унаад, зөөлөн хөвдөн дээр түрүүлгээ хараад унасан сан. Тэр өдөржин модон дотор уйлаад л. Дээшээ хараад хэвтэхэд тэнгэрт торойх үүлгүй. Хааяа нэг утаат онгоц сүнгэнээд л өнгөрнө. Гав ганцаараа. Нойтон хөвд нуруунаас хүйт дааж, нойр хүрээд, болдог сон бол диваажингийн оронд очих сон гэж бодож байлаа. Эжийгийн яриаг сонссон эхнэр <<тогоо нэрэлгүй>> хаачихав. Мэлмэртэл уйлчихсан сууж байв. Бөхөө яриаг чагнаж сууснаа: -Хүү нь амьдралынхаа хэдэн жилийг алдсандаа харамсаад байдаг юм аа. Алдсанаа нөхөхөд надад богино хугацаа хэрэгтэй. Би хөл дээрээ босоод, таныгаа дэргэдээ авна. Та нааш цаашаа яваад, дуртай цагтаа онгоцоор дүүлнэ. Хамгийн гол нь эхний хоёр гурван жилийг л тэвчээртэй хүлээ. Мэдээж би байнга нааш цаашаа явна. Ядаж жилд хоёр гурван удаа ирнэ шүү дээ. Та шинээр мэндлэх ачийгаа эрхлүүлээд л амар мэнд сууж бай. Тэгэх үү? Ээж! гэв. Эжий отгон хархүүгийнхаа үгийг чагнан сууснаа: -Тэгье ээ гээд өөр үг хэлсэнгүй. Бөхөө гэнэт надаас ийнхүү асуулаа. -Та ажил олж амжсан

уу? -Үгүй ээ. Ахыг нь албан газрууд тоохгүй байна. Дөч гараад л хүний тооноос хасагддаг биш байлтай. Гэхдээ яваандаа ажил олдох байх аа гэлээ. Бөхөө урагшаа суугаад: -Ах, эгч хоёр оо! Ярих юм байна аа. Та хоёр <<аан>> гээд <<уун>> гэж бай! Надад нэг санал байна. Би зуун арван сая төгрөг өөртөө авсан. Ах зөвшөөрсөн. Үлдсэн нь ахад хангалттай гэсэн. Өөрт нь арваад сая төгрөг үлдсэн. Ер нь ах бол аливаа хүнд давсан хэрэглээ чухал биш гэж үздэг хүн. Би зуун арван сая төгрөгийнхөө дөчин сая төгрөгөөр хоёр өрөө байр, найман сая төгрөгөөр нь жижиг тэрэг авч унана. Хоёр сая төгрөгөөр гэртээ ойр зуурын тавилга авч төвхнөөд, үлдсэн жаран саяар нь бизнесийн гараа эхлүүлмээр байна. Би зах зээлийн ханш судалсан байгаа. Ер нь зөв зарцуулбал их мөнгө. Чамлах ёсгүй зүйл. Өвөг дээдсийн өв хөрөнгө. Би гадаад орнуудад зовж явахдаа, худалдаа бизнесийн олон талыг мэдэрч, мэдлэгийн хувьд их зүйл хуримтлуулсан. Хэдийгээр хүний эрхэнд хийдэг байлаа ч ухаан санаа эрүүл байсан шүү дээ. Би яриаг нь сонсож сууснаа дэмжих аястайгаар: -Зөв өө. Одоо мөнгөний ханш унахаас өмнө жижиг үйлдвэрлэлийн газар ч юмуу мөнгө эргэлдүүлэх

боломжтой зүйлийг олж авах хэрэгтэй гэхэд Бөхөө: -Мөнгөний ханш унана. Энэ намар борлуулсан зүйл цаашдаа хэд дахин үнэд хүрэх байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ өөр арга байгаагүй учраас зарсан л даа. Ахын найр хэчнээн сайхан болов? Энэ бүхэн амжилт шүү дээ. Би юу хэлэх гээд байна вэ? гэхээр… Ах эгч та хоёр маань намайг дагаад хот руу нүү. Надтай хамтарч бизнесийн салбарт хүчээ үз! Та хоёр хоёулаа ажил хийж, надад хань бүл болж, хамтын хүчээр дэвжье ээ. Эжий Бөхөөгийн үгийг сонсоод, нүд нь орой дээрээ эргэлдэв. “Хүү минь бусдын амьдралыг өөрчлөх хэрэггүй. Нутаг орондоо ижил дасал болж, олон жил төвхнөсөн айл чамайг дагаад л нүүж явдаг гэж юу байх билээ дээ” гэлээ. Эхнэр, Бөхөөгийн үгийг сонсоод, ихэд урамшиж байгаа бололтой намайгаа нудрав. Автобусны мөнгө хураагчийн хашхираан, машин тэрэгний түгжрэх дууг би сонсох шиг болоод, айсандаа толгой сэгсрэв. Хотын чимээ сонсогдож, нүүгэлтсэн утаа нүдэнд харагдах шиг боллоо. Бөхөө удтал сууснаа: -Ах та сайн бодоорой! Хүүхдүүд чинь том болоод, бүгд хот бараадна шүү дээ! Аливаа зүйлд оройтох хэрэггүй. Өөрчлөлт хийгээд үзвэл, алдах зүйлгүй гэчихээд хойшоо суулаа. Галтай дөлтэй зоримог залуугийн тулгамдуулсан үг бодол дотор хоногштол үлдэв. Оройтох хэрэггүй.

Өөрчлөлт хийгээд үзвэл алдах зүйлгүй… гэнэ үү? Юу гэсэн үг билээ? Юунаас оройтох гэж? Өөрчлөлт хийвэл яана гэж? Өөрчлөлт хийхгүй бол бас яана гэж? Бид, хоёр хоноод буцлаа. Эжийгийн сэтгэл цаанаа л гунигтай харагдах шиг болов. Үймэрч мунгинаад л уйлах шахуу үдэж өглөө. За ингээд, аймагт ирээд, аанай л ажлаа хайв. Эхнэр нэг өдөр жигтэйхэн ааш сайтай угтдаг юм байна аа. Бууз хийж тавиад, хийцтэй цай чанажээ. Дурлан уудаг жүржийн ундааг усан үзэмтэй хамт дөхүүлээд, дэргэд суув. Би ганц ширхэг усан үзэм авч, ам руугаа чулуудаад, ундаагаа задлав. Гэтэл эхнэр хэлж байна аа. -Өвгөөн! Бөхөөгийн хэлснээр нүүцгээе! Хүүхдүүд том боллоо. Насаараа л хөдөө гадаа явж, аймаг сууринд амьдарлаа шүү дээ. Одоо улсынхаа нийслэлд очоод, хөгжлийн уухайтай хөлөө нийлүүлж алхая! гэв. Би ятгахын тулд зориулсан юмсыг нь цааш түлхээд: -Боль оо! Ганц ундаанд хууртагддаг хүн би биш. Ер нь би хотод суурьшиж чадахгүй. Чи ч чадахгүй. Одоо бушуухан ажил олоод хийчихвэл, аргатай. Намайг ажилгүй байхаар чи ингэж байгаа байх. Би ундаа, жимсийг цааш нь түлхсэн тул орон дээрээ буруу хараад хэвтчихэв. Эхнэр орны хажууд сандлаа тавиад суучихлаа. Зөөлөн дуугаар уран ятгалгаа үргэлжлүүлэв. Тэрээр: -Бөхөө өнөө маргаашгүй хүрээд ирнэ. Шинийн

хорьдоос хэтрэлгүй явна гэсэн шүү дээ. Манайхаар дайрч, бид хоёроос шийд сонсоод хөдлөх байх. Ер нь ийм завшаан тохиож байгааг алдаж болохгүй. Чи шийдтэй хариу өгөөрэй. Сайн бодоорой гээд бослоо. Одоо байтлаа хүн бүрт ятгуулаад… Юу билээ? Гэв гэнэт хот хүрээ рүү нүүх тухай шийднэ гэдэг амар ажил биш шүү дээ. Би эхнэртээ хариу өгөлгүй хоёр хонож байтал Бөхөө ирлээ. Уут цүнхтэй юмсаа гэрийн баруун үүдэнд тавиад, хувцсаа солив. -Замаараа автобусны билет захиалчихлаа. Нөгөөдөр өглөө хот руу эрт гардаг автобус байна. Ингэхэд, танайхаар сонин юутай байна даа? гээд хүйтэн цай залгилав. -Та хэд сайн уу? Эжий уйлаад л хоцров уу? гэхэд Бөхөө: -Ээж ч уйлж зүүгдээд хоцорлоо. Ах бол намайг их дэмжиж байгаа. Миний хүслийг сайн мэднэ. Намайг хөдөө газар тогтохгүй хүн гэж ойлгосон л доо. Гол нь алдаж болохгүй шүү гэж анхааруулсан. Дүү нь алдахгүй ээ. Хотод очоод, даруйхан байр авч сууна. Удахгүй байрны үнэ огцом өсөх байх. Сая очиход гучин таваас, тавин сая хооронд хэлбэлзэлтэй байна лээ. Жижиг тэрэг таваас, арван саяд олдоно. Бор машинаа ахдаа бэлэглэсэн. Миний бор машин ч сайн тэрэг шүү , тийм ээ, ах аа?

-Тэгэлгүй яах вэ? Хуучин загвараасаа хурд сайтай, жаахан хүч султай хийгдсэн юм билээ. Хуучны жаран ес бол хурд муутай боловч хүч аатай. Одоо супер жаран ес их сонирхдог болжээ гэхчлэн яриа өрнүүлэн хэсэг суув. -Дүү нь очингуутаа комьпютерийн сургалтад сууна. Дараа нь санхүүгийн боловсрол олгох сургалт дамжаануудаар явна. Мэдлэг боловсролын суурь дээшлүүлэх талаар голлон анхаараад, бизнесийн асуудалдаа шуударна. Англи хэлээ сэргээж сурахгүй бол мартах төлөвтэй. -Сайн байна. Өөртөө зорилго тавиад, түүндээ зүтгүүлнэ гэдэг сайн хэрэг. Залуу хүн эрч хүчтэй байх сайхан шүү гэж урамшуулан дэмнэв. -Хүн хүсээд хийвэл боломж маш их. Би очих цэгээ тодорхойлсон. Харин та хоёр туслах хэрэгтэй. Очоод сайхан хашаа байшин авчих. Бизнес ашигтай байхын хэрээр, цаашдаа байр сууц авч болно. Хамгийн гол нь аргаа зөв олчихвол, амжилт аяндаа дагаад ирнэ. Мордохын хазгай байж болохгүй гэлээ. Би Бөхөөгийн үгийг сонсож сууснаа: -Баяжчихвал хэцүүдэх байх аа гээд инээв. Бөхөө толгой дохин сууснаа – Ах минь дээ. Би хэт баяжихыг хүсээд байгаа юм биш. Бизнес тэлэхийн хэрээр ашиг нэмэгдэх нь ойлгомжтой. Томроод юмны цаана гарчихдаг гэвэл худлаа шүү. Томрох тусмаа эрсдэл зовлон нэмэгдэнэ. Олз орлого ч нэмэгдэнэ. Амрах суух нь цөөрнө.

Зарим хүмүүс үтэр баяжаад, ямар нэг амар тайванд хүрэх юм шиг боддог . Үгүй. Томрохын хэрээр улам л хүндэрнэ. Эрсдэл аюул томоор ойртоно. Тийм учраас та хоёр минь надад хэрэгтэй байна. Надад заавал тусла! Би итгэл алдахгүй гэлээ. Залуу эр мөн ч зоригтой хэлсэн шүү. Би Бөхөөгийн яриаг тунгаан бодож сууснаа: -За, амжилт дэвшлийн тухай ярилаа. Одоо муу талаас нь ярьж үзье. Бүх юм санаснаар болохгүй бол яах билээ? Ярьснаар болдоггүй санаснаар бүтэхгүй зүйл их байдаг биз дээ? гэлээ Бөхөө хэсэг сууснаа: -Заримдаа бүх юм бүтэлгүйтдэг л дээ. Алдааны өөдөөс өрөөсөн хацраа тавьж өгөх зоригтой байх ёстой. Айвал хийх хэрэггүй. Дүү нь та хоёрт нэг зүйлийг ярьж өгье. <<…Дүү нь хорьхон настай харьд хулгайлагдан явахдаа үхэл зовлонг биеэр үзсэн. Гурван өдөр хүлээтэй хэвтэх энүүхэнд байсан. Болгар охин яг хажууд үхэхэд, толгой нийлүүлээд Египед орж байлаа. Шөнө уруулыг нь долоож өгөөд, чийг өгдөг байсан. Цэнхэр нүдтэй хөөрхөн охин арван долоо орчим насны байсан болов уу. Олон хоног хоолгүй, уух усгүй яваад, хөшиж сульдсан. Уруул нь хатаад, амьсгалж чадахгүй их зүдэрсэн. Элдэв юм бодох байтугай утсын чинээ улаан амийг нь хэрхэн аврах билээ л гэж боддог. Уй гашуу дунд

санаанд оромгүй юм болдог. Аргагүйд уруулыг нь долоож өгөхөөр, баярлаад мишээдэг сэн. Тэгээд намайг дэрлээд, өнгөрсөн дөө. Тэр нялх охины сэвлэг үнэр хэзээ ч мартагддаггүй юм. Хүний харгислал хэчнээн хатуу билээ? Та нар хэзээ ч төсөөлөхгүй. Хараагүй, үзээгүй учраас санаанд чинь буухгүй. Газар газраас хулгайлагдсан бүсгүйчүүдийн амьдралын эцсийн найдвар нь үхэх. Зовохгүй үхэх. Тийм болтол нь хүнийг зовоодог. Тэгтэл нь хууран мэхэлж, эсвэл хүчирхийлэн авч явдаг. Энэ цэнхэр гарагт мөс шиг хүйтэн сэтгэлтэй хүн оршдог гэхээр даанч гомдмоор. Тийм хүмүүс байсаар байтал гар хумхин суумааргүй. Улс орны байдлаас хамаардаг. Аливаа улс ядуурал ихтэй тусмаа хүн ардын зовлон зүдгүүр туйлдаа хүрч, араатнууд олширдог. Бид хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулна гэвэл хүчирхэг байх нь чухал. Хүн бүр хойч үеэ хайрлаж, хүн хүнээ хүндэлж, хамтдаа сайн сайхны төлөө тэмцэх хэрэгтэй. Би үзсэн бүх зовлонгоо ярина гэвэл цаг хүрэхгүй. Харин бүх бодлоо нэгтгээд, сайн сайхны төлөө тэмцэнэ гэвэл цаг байна аа>> Би Бөхөөгийн яриаг бодоод их юм ойлголоо. Нээрээ бусдын сайн сайхны төлөө тэмцээд, үзвэл юуны буруу гэж? <<Оройтох хэрэггүй. Өөрчлөлт хийгээд үзвэл алдах зүйлгүй…>> энэ үг гэнэт санаанд буулаа. Бөхөө хамгийн сүүлд нь << Би өөрийнхөө төлөө амьдрах биш ээ. Бусдын төлөө амьдрах гээд зүтгээд

байгаа юм аа. Энэ хорвоод маш олон хүн өлсөж, маш олон хүн даарч, маш олон хүн уйлж, маш олон хүн цангаж байна. Маш олон охидууд хүчирхийлэлд өртөж, маш олон гэр бүл салж, маш олон ээжүүд бэлбэсэрч, маш олон хүүхдүүд өнчирч байна. Хэдийгээр хорвоогийн жам ийм билээ гэж бодож болохгүй. Надад хамааралгүй гэж зугатааж болохгүй. Нэг хүний зөв алхам мянган хүнд сайнаар нөлөөлнө. Нэг хүний буруу алхам мянган хүнд муугаар нөлөөлнө. Нийгэм бол нэг хүнээс хамааралтай хөдлөл юм. Эцсийн эцэст зовлон жаргал тэгш байх ёстой гэв. Эхнэр маань шууд л хариулав: -Би явна аа гэв. Би Бөхөөгийн гал дөл бадруулсан хурц нүд рүү эгцлэн хараад: -Ах нь таван сарын сүүлээр хүүхдүүдийнхээ хичээл сургууль тарахаар нүүгээд очъё гээд хэлчихлээ. Бөхөөгийн сэргэлэн нүд цогтой гялалзаад, хоёулантай нь гар барьсан билээ. Бөхөөг унтахаар хэвттэл бага хүүхдүүд тойрон шавж, үлгэр ярьж өгөхийг шаардав. Тэрээр хүүхдүүдэд нэг домог ярьж өгөөд унтлаа. << Египедийн өргөн талд хоёр тариаланч байж ээ. Ижил талбайд эрдэнэ шиш тариалдаг. Хамжлага ард Сухати өгөөмөр сайхан сэтгэлтэй хүн байжээ. Нөгөөх нь Тотису. Тотису харамч, хувиа хичээсэн үзэл бололтой хүн байлаа.

Ургацаа хураагаад, тус бүр зуун шуудай эрдэнэ шиштэй болцгоодог байв. Тавин уутыг нь үрэнд нөөцлөөд, мөн бүтэн жилийн хүнсэндээ хэрэглэнэ. Үлдсэн тавин уут тэдний ургацын ашиг байлаа. Хоёр тариачин ашгаа юунд зарцуулахаа бодож, тус бүрдээ өөр шийдвэр гаргав. Сухати тавин уут эрдэнэ шишээ илжигэндээ ачаад, өдөр бүр ядуусын хороолол руу явдаг байжээ. Харин Тотису зах зээл дээр борлуулахаар одно. Олон жилийн дараа Тотису уут уутаар алт хурааж, шинэ байшин барьж суужээ. Сухати хуучин шавар тагзандаа амьдарсаар л байв. Насны эцэст хоёр тариачин тариагаа тарьж чадахаа болив. Сухатигийн тэжээж байсан хүүхдүүд хэдийнээ өсөөд,

ачлалт өвгөнийг өргөж асарчээ. Харин харамч Тотису ганцаардаж суусаар, алтныхаа дэргэд өнгөрсөн аж. Түүнийг өнгөрсний дараа хураасан алтыг нь хэрхэх тухай ярилцав. Сухатигийн өгөөмөр сэтгэлийн ачаар тэр тосгоны хүүхдүүд ямагт хувааж хүртэхийн ухааныг үлгэрлэн өссөн байжээ. Бүгдээрээ ярьж тохироод, Тотисугийн хураасан алт эрдэнэсийг ядуу доройчууддаа хуваан өгчээ. Бүгдийг хувааж хүртдэг заншил тогтсон тэр тосгон дэлхийн хамгийн баян тосгоноор шалгарчээ. Тосгоны бүх айл бие биедээ хуваалцаж, амьдардаг учраас бүгд баян байсан >> гэж ярилаа. Ингээд би нүүнэ гэдэг үгийг амнаасаа унагаад, араас нь баахан боддог болов. Би удтал бодов. Хот руу нүүн нүүтлээ бодлоо. Ах дүү амраг садан минь миний шийдвэрийг огтхон ч хориглосонгүй. Бас уухайлан дэмжсэнгүй. Ямар

ч гэсэн хашаагаа зараад, Бэхээ, Бөхөөгийн бэлэглэсэн арван сая төгрөг дээрээ нэмэр хийлээ. Ингээд гэрээ ачаад, хот руу хөдөлсөн билээ. Хоёр хүү маань эжийгийнд зусна гээд хөдөө явчихлаа. Эрх хоёр охиноо аваад, эхнэрийнхээ мишээл тодруулсан жаргалтай нүүрийг ширтэн, дэн дунтай хүн хөдөлсөн юм даа. Амьдрал гэдэг ч санамсаргүй бөгөөд донсолгоотой шүү дээ. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *