Нүүр Өгүүллэг “ХҮНИЙ ЭХ” өгүүллэг “12-Р ХЭСЭГ”

“ХҮНИЙ ЭХ” өгүүллэг “12-Р ХЭСЭГ”

10 секунд уншина
0
0
279

Магнаг тэнгэрийн оройд одод гялбалзан, хүйтний эрч чангарчээ. Аргалын цэнхэр утаа газар алгадан буухдаа хотны захаар хивж хэвтэх хонь малын дээрээс садран асгарна. Гэрийн буурь засаж, үхрийн

нойтон баасаар өвөлжөөний арын ханыг шавж байсан тэр цагаас хойш хэд хэдэн удаа цас ороод, өвлийн уур нэгэнт оржээ. Нимгэн цасаар бүрхэгдсэн цайдам талын дээгүүр шивээ хялганын толгой

сэрвэлзэн, гүйгүүл явган салхинд сэрчигнэн дохилзох ажээ. Найрын урд шөнө холхиж хөдөлсөөр ихэнх нь унтаж чадсангүй. Холын гийчид нэмж ирсээр байв. Найрын толгойлогчоор намайг томиллоо. Жаажаа

хөөрөг даалингаа өвөр дээрээ дэлгээд, түүнийгээ ухаж тэмтчингээ: – Сурна аа! Хүүхдүүд минь! Өдий насанд найр толгойлж, найрчдыг захиралгүй яах вэ! Найр дуустал дэглэ гэв ээ. Дэглэж жаяглах ёстой

гэлээ. – Жаажаа минь ээ. Таныг товлосон байсан болохоор би бэлтгэлгүй байгаа шүү дээ гэж ухрамтгай, мултрамтгай зангаараа арагшаа суухыг завдав. Жаажаа үгийг минь тоосонгүй. Тэр байтугай

“Бэлтгэлгүй бол сэтгэлээрээ хийнэ гэсэн үг. Сэтгэлээрээ хийх үе бишгүйдээ л бий” гээд хөдлөх янзгүй байлаа. Ингээд би анх удаа найрын толгойлогчоор томилогдон, айхавтар давааны ард гарахаар зүрхшээж эхэллээ. Дуулж хуурддаг гэх хэдэн сайхан залууг дуудаж ирүүллээ. Найр эхлүүлэхээс хавтгайрах хүртэл дуу хуураар тасралтгүй хөгжөөж, горимын дагуу хөглөж өгөхийг үүрэгдлээ. Бөхөөгийн ангийн найз гэж өөрийгөө танилцуулсан намхан бор залуу үндсэн дуучнаар томилогдож, үүрэг даалгавраа хүлээн авлаа. Ерөөлч магтаалч маань хэдийнээ бэлэн тул итгэлтэйгээр толгой дохив. Хүргэн хүүтэйгээ хамт сондгой тоотой хэдэн хүн томилогдоод, хүүхнээ авчрахаар үүрээр мордоцгоолоо. Буцаж ирэхдээ бэрээ дагуулаад, тэгш тоотой ирэхийн бэлэгдэл ажээ. Бүтэн хонины мах, шинэхэн бяслаг, айраг цагаа, сүүний

архи, бэлэг сэлтээ сайтар базаагаад явцгаалаа. Жаажаа хажуунаас зааж заавардахад овоо урамшиж зоригжоод, арай дээрдлээ. Үдшийн гялаан гялтганан, үнэгэн харанхуй тэмгэрч байхад Талын хөлийн буурал цохиог дөнгөж тойроод, дээд амны өвөлжөөний гурван гэрээс хүндтэй бэрээ авахаар хүрэлцэн ирлээ. Гэрийн гадуур машин тэрэг, эмээлтэй морьд багшран байлаа. Биднийг ирэхэд хэдэн хүн хүндэтгэн угтаад, бусад нь хэдийнээ гэр тойрон намбайн сууцгаажээ. Хүүхнээ урин залахаар ирсэн бид гэрийн баруун талаар эгнэн сууж, мэнд амар мэдэлцэж, хөөрөг даалин зөрүүлэв. Идээ будаа, сархад нэрмэлээ солилцон, сөнгөө нийлүүлж, цаг нартай найраа эхлүүллээ. Хуур Цээлээ гэрийн хойморт ханхалзан суугаад, эрхэм зочдыг тойруулан харлаа. Цаанаасаа л сэтгэл нь хангалуун суугаа харагдана. Тарган бор самган нь мөнөөх ундуу халгуу зангаараа аахилан уухилан хөдлөхчөө аядна. Хамрын хөлс нь бурзайж, саатай нимгэн алчуурандаа

тээршээсэн байдалтай үе үе гараа явуулж, үсээ янзлаад, ирсэн гийчдийг сэм сэм ажих бөлгөө. Удалгүй уртын дуу эхэлж, уйлган цайлган эгшиг тэрлэв. Дууны сайхан аялгуу бие тавируулж, урам зориг нэмээд орхив. Хоёр талыг барьж намбайсан худ ургууд дуу дуугаа өргөн түрэлцээд, сүүлдээ танай талын дуу, манай талын дуу хэмээлцэн, бие биесээ шахаж дуулуулав. Хэн хэн нь мөчөөгөө өгөхгүй ээлжлэн дуулсаар гэгээ оруулж, алтан шаргал нарыг тосоцгоов. Сүрэндулам үүлэн хээтэй номин цэнхэр өнгийн торгоор дээл хийж өмсөөд, өндөр өсгийтэй савхин гутлыг жавхайлган өмсжээ. Дээлийн гадуур ягаан дурдан бүсээр чивхэртэл бүслээд, үсээ овойлгон самнаад, орой дээр нь тогосны шигтгээтэй гоёмсог зүүлтээр даруулга хийжээ. Цагаан өнгийн бүрх малгайгаа тэгшилж тавиад, танан шүдээрээ инээмсэглэл өгч, түүгээрээ өнгө хослуулжээ. Хуур Цээлээ, тарган самган хоёрын дундаас төрсөн гэмээргүй залуу сайхан бүсгүй хоол цайгаа бэлдэж, ирсэн зочдыг дайлангаа үе үе инээмсэглэн баясаж, сэтгэлийн доторх урам бахдал дүрэлзүүлэх ажээ. Жаажаа зүүн хоймор

намбайн сууж, дагалдан яваа бидний суурь болно. Жаажаа ганхашгүй тул бид бас ганхашгүй. Үүрэг авсан өнөөх намхан бор залуу хавьдгүй сүрхий дуулж байна аа. Уртын дууг бүр ч сайхан эгшиглүүлнэ. Түрэн дуулах олон янзын хоолойны яг дээгүүр шуудран шуранхайлж, үл ялиг түрүүлэн, олныг залсхийн дуулах нь сонсгол сайтай хүн анзааран чагнавал хоолойн цараа багтаамжтайг харуулж байлаа. Шавилхан биедээ баймааргүй чанга тэнхлүүн хоолойгоор хэд хэд удаа урлан дуулаад, зүүн талаар эгнэн суусан хүмүүсийг дарж авлаа. Дууны дараа хоол цайгаа зооглон, яриа хөөрөө өрнүүлэв. Хүүхний ор дэр, тавилга, эд сэлтийг ачсан машин хэдийнээ хөдөлжээ. Цаг харан өндөлзөж суугаад, хоёр талын бэрээчүүд хүүхнээ аваад гарлаа. Тогтсон цагийг ягштал барьж, цагаан эсгийн дээр бэрээ буулгалаа. Залуу хосуудыг наранд мөргүүлж, сүү өргүүллээ. Бэрээчүүд хажуунаас түшилцэн, өргөө гэртээ орж ирлээ. Тулгандаа мөргөж, гал голомтондоо хүндэтгэн залбирав. Түмэн олон эгнэн сууж, шинэ бэрээ угтан авцгаав. Бэхээ ногоон өнгийн жигүүнэн дээл тэвхийлгэж

өмсөөд, саарал өнгийн бүрх малгай духдуулжээ. Хромон гутал нь гялалзан, идэр залуу насыг нь өнгөлж өгчээ. Зүүн хойморт эжий, тарган самгантай зэрэгцэн суув. Баруун хойморт Хуур Цээлээ, Жаажаа тэргүүтэн нагац, авга талын буурлууд нас эрэмбээрээ эгнэн суужээ. Энх мэндийн дуу шуранхайлан, дуу хуур эхлэн хөгжив өө. Нүдний булангаар сэм ажин харвал Ширнэн дарга маань хэдийнээ ирчихсэн намбайн сууж байв. Манай талын ах дүүс олноороо иржээ. Сум орны удирдлага төлөөлөгчид, багийн малчид, таних танихгүй өргөн олон гэр дүүрэн суужээ. Тогоотой цай дэврэн буцалж, халуун уур дээшээ цойлоход, хорол тооны угалзтай цамхраа уур манангаар чийгтэн гялталзана. Ирсэн зочдын өмнүүр аягач сөнч залуучууд айраг архи сөгнөж, амсхийх завгүй үйлчилнэ. Ерөөлч цэнхэр хадгаа өргөн барьж, ашид ерөөлөө хайлав. Хоол цай, идээ ундаа элбэгтэй сайхан найрын өнгө жавхаа тэгширч, хөл гишгэгдэл суудалдаа тавиран цэгцэрлээ. Уруул чимчигнэсэн айраг, дэлгэц давсан ууц, сайхан үг, сайны ерөөл зэрэг нь хурсан олны сэтгэлийг мялаав. Хосуудын төлөө өргөсөн ерөөл захиас ховор нандин үгс нь хадаг дамжин өвөр дээр буув аа. Гэрийн

гадуур хүүхдүүд шуугилдан, өвлийн хүйтнийг ажрахгүй тоглоцгооно. Хаалга үүдээр уур савсаж, халуун агаар гадагшаа асгарахад холын наран илчнээсээ ичиж, уулын оройгоос атаархан мэлтэрнэ. Бэрээчүүд хамжиж дэмжин, бэр шинэ дээл гутлаа солин өмслөө. Бөгжөө солилцоод, галаа бадраав. Бэрийн цай ууж суухад уртын дуу шуранхайлж байв. Олны нүд нэгэн зүгт эргэн харвал Ширнэн дарга босоод, хундаганы үг хэлэв. Дараа нь Хуур Цээлээ, эжий, Жаажаа, сумын дарга бүгд хүндэтгэлийн үг хэлцгээв. Ширнэн дарга хоолой засаад: <<За, энэ сайхан өргөн дэлгэр найрандаа өчүүхэн намайг урьсанд гүнээ талархан, сар өдөр тоолсоор, хүрэлцэн ирлээ, би. Өнгөрүүлж туулсан амьдралдаа ийм хатан зоригтой эх хүнийг анх хараад, ихэд бахдаж сайшааж ирлээ. Энэ сайхан буурал бол түмэн хүний үлгэр жишээ, амьдралын бахархал дуурайл юм шүү. Та урт насалж, удаан жаргаарай. Хуримаа хийж байгаа хоёр хүүхдэд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе өө. Нийгэм улсынхаа төлөө шантралгүй хөдөлмөрлөж, арвин их амжилтыг цогцлоож, нийгмийн хариуцлагаа өндөрт өргөж яваарай>> гэлээ. Дарга ардын дуу дуулж

эхлэнгүүт адтай залуучууд түрэн аваад, гэр дүүрэн цангинууллаа. Төгсгөлд нь дарга <<Адуу нь түм хүрч, айраг нь далай болж, дайраад ирэхэд далай шиг, буцаад ирэхэд булаг шиг байгаарай> гэж ерөөгөөд, дархан хундагыг өргөж, гурав дараалан тогтоов оо. Хуур Цээлээ босоод, хэдэн сайхан үг хэлээд орхив. Эрхбиш эцэг хүний зангараг сульдаагүй харагдана. Дээлээ товчлон, малгайгаа тэгшилж, дор дороо цэмбийн суусан гийчид хоорондоо шивгэнэлдэж байснаа худын зүгт анхаарлаа хандуулав. Хуурын аятай хүнгэнэсэн дуугаар: <<Найранд хүрэлцэн ирсэн эрхэм зочдод их баярлалаа. Хүний амьдрал баян шүү. Хүсэл байвал жаргана шүү. Алдаж эндэж туулна шүү. Ахиж дэвшиж гэтэлнэ шүү. Хоёр хүүгийн цаашдын амьдрал эргэлзээ үгүйгээр хөгжин бадрахыг аав нь сайн мэдэж байгаа. Ингээд энэ сайхан өргөөг мялааж, нэгэн дуугаар ая барья аа, аав нь! >> гээд уртын дуу эхлүүлэв. Дараа нь Жаажаа ерөөл хэлээд, мөн уртын дуугаараа ая барив. “Өвгөн шувуу” гэдэг дуу хүний амьдралыг маяггүй харуулж, мөнхийн үнэнийг нүдэн

дээр хэлжээ. Аяа, уртын дуу минь… Үгнээс нь ухаарал авч, өөрийн эрхгүй уужирч сууна аа гэдэг яахын аргагүй гайхамшиг билээ. Эжий зүтгэн босоод, хэдэн үг хэлэв. Хүрэн торгон дээлийг ногоон бүсээр бүслээд, гоёмсог ноолууран малгай толгой дээрээ тавьжээ. Насны хэдэн жилийг харуусал дунд өнгөрөөсөн тэр эхээс зовлонгийн үлдэц гэх юм алга. Тэр чигээрээ итгэл баярын гэгээ татуулж, харин ч хөгжөөн хөөр болгож, өргөн олныг баясгаад авав. Гунан хээрийн давааны оройд суух ганц бие самганы гунигтай саарал нүд хормын зуур аз жаргал, баяр хөөрийн зайд иржээ. Эхийн хайр гэж үүнийг хэлээд байгаа юм байна даа гэж би бодож суулаа. Эжий номхон зогсоод, чанга дуугаар: “Хүүхдүүд минь ээ! Найранд хүрэлцэн ирсэн зочид минь! Гал голомтоо бадрааж байгаа үрс минь! Амар тайван буурал дэлхий, хөдөө тал нутаг минь! Өвөг дээдэс, эжий аавын ариун сүнс, тэнгэр бурхан минь! Хоёр хүүгийн эцэг бүрлээч минь! Би өнөөдөр бүгдэд нь баярлаж сууна аа. Бүх юмны нэгдлийг амьдрал гэдэг юм аа.

Нэгийн нөгөөгөөс нь салгах аргагүй. Нэгийг мартаж, нөгөөг орхих аргагүй. Миний хүүхдүүд сайхан амьдралын цаад утгыг сайтар ухаж ойлгоорой. Давж гардаг зам, туулж ирдэг жим байдгийг үргэлж хайж, өөрөөсөө гэрэлтэж гийж яваарай. Бидэнд тусалсан түмэн хүмүүст гүнээ талархъя. Өнөөдөр дандаа сайн сайхныг ярих өдөр. Хажуудаа суугаа энэ сайхан бууралтай ханьсан зогсоод, ая дууны дугараа өргөе өө” гэснээ Хуур Цээлээгийн тарган самганыг урилаа. Гэр доторхийг тойруулан хараад, эрхбиш сэтгэл нь тэнийсэн сайх самган гэнэтийн үгэнд цочирдон, толгой сэгсэрснээ олны нүдэнд шөвөгдүүлэн, аргагүйд босов. Намрын хайлаас шиг тахир хоёр самган бие биеэ түшин, толгойгоо нийлүүлээд, цангинатал дууллаа. Найранд суусан өргөн олон шуугилдан, хөөр баяр болцгоожээ. Буурал морины минь мундаан дээр нь хө Булигаар юу гөлөм нь шаржигнаад байна даа хө Буурал аав ээжийн минь захиж хэлсэн үг Бодол юу санаанаас минь гарахгүй л байна даа хө Саарал морины минь мундаан дээр нь хө Санхъюу гөлөм нь шаржигнаад байна даа хө Сайхан аав ээжийн минь захиж хэлсэн үг Санаа юу сэтгэлээс минь гарахгүй л байна даа хө…

Үргэлжлүүлэн дуулсаар л. Найрын дууг бүтэн дуулдаг жамтай тул гурван бадгийг гүйцэд дуулаад, хундагатайгаа өргөцгөөлөө. Сумын дарга албан ёсоор иржээ. <<Манай Бороот багийн энэ сайхан буурай хүүгийнхээ хуримд налайн суугааг харахад сэтгэл тэнэгэр байна аа. Эх хүний эрхэм сайхан үүргээ нэр төртэй биелүүлж, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэмцсэн хүчин зүтгэлийг манай сумын захиргаа өндрөөр үнэлж, хурим найрыг хүндэтгэн, ажил хэрэг болгон хүрэлцэн ирлээ. Бэхээ бол сургуулийн бага наснаас эхлэн хичээл номдоо тэргүүний, сахилга хүмүүжлээр манлай сурагч байсныг би сайн мэдэж байна. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гагцхүү давж туулж, өөрийгөө зоригжуулан, цаашид хөгжүүлэн, тэр бүү хэл, илүү амжилт, илүү гарц, илүү тэвчээр, илүү хатуужлаар өөрийгөө сорьж, өдий ирсэнд нь бид талархах ёстой. Ингээд танай гэр бүлд сайн сайхныг хүсье. Шинэхэн бэр маань малын эмчээр ажиллаж, улс орондоо хөдөлмөр бүтээлээ зориулах үүд хаалга нээлттэй гэж ойлгоорой. Та бүхэндээ баярлалаа>> гэлээ. Бэлэг барьцаа өргөж, найр

хавтгайрлаа. Дуртай нь үг хэлж, хоолойтой нь дуу дуулж, сэтгэлтэй нь уйлж уяран суугаад найрлав аа. Нар жаргахаас өмнө хол ойрын зочид буцаж, халамцуу эрчүүд тунарч үлдээд, шидрүүхэн татацгаав. Уян дээрх эмээлтэй морьдын тоо цөөрч, туурайн мөрөөр цас халтартжээ. Ардын дуугаа бодолд шингээн, ам амандаа дуу аялан, гэр гэрийн зүг тарцгаав. Буурал тал оройн наранд гялбалзан харагдаад, цасан дээрх гүймэл салхин жавар дагуулан хөллөжээ. Өвлийн хурим сайхан болж, хурсан олны сэтгэл уужраад буцлаа. Амрагийн харц нууцхан гижигдэхэд айлын гал дүрэлзэн бадрав. Амьдралын өнгө гэрэлтэй байлаа. * Ирсэн зочид ихэнх нь буцаж, хотоос морилсон авга, нагац нар үлдээд, эжийгийнд бичил найр үргэлжлэв. Сайхан найрын сүүлийг мушгиж, сайн үг ярилцаж суугаад, шөнө дүлээр амарцгаалаа. Өчигдрийн найрын хамгийн хүндтэй зочин ирээгүй байсныг сая гадарлаад, би самгардав. Эжий таамаглаж байсан бололтой. Холбооны жижиг тэрэг ирж зогсоод, хос дээлээр ижилдэн гоёсон залгагч бүсгүй нөхөр хүүхдүүдээ дагуулан буулаа. Би ч хар гүйхээгээрээ сандран гүйсээр тэднийг тосож авав. Эхнэр миний араас бас санд мэнд. Эжий

дээл хувцсаа өмсөөд, авга нагацыг дагуулан ирцгээв. Сүрэндулам эртлэн босож, гэр орноо цэмбийлгээд, нэмж ирэх зочдыг угтуулан, идээ цайгаа чанаж зэхжээ. Том хүү түрүүлэн ороод, аав дээрээ очив. Гараа сунган зогсоход Бэхээ хэг хэг хөхрөн: – Миний хүү чинь цагаан сартай андуураад байгаа юм уу? Аавтайгаа золгохоор ирсэн билүү? гэлээ. Хүү аавынхаа ёжтой занг мэдэх тул толгойгоо маажин бүлэгнэснээ хажууд нь суучхав. Эжий ачийгаа өхөөрдөн, хамаг хайр нь хүрч байна аа. Өмнө нь сөхөрч суугаад, гараас нь атган хэсэг суув. Нөхөр нь баруун хойморт морилон, гэрийн эзэд, настан буурлуудтай хөөрөглөж, мэнд ус солилцлоо. Залгагч бүсгүй зүүн хоймор цомбойн суугаад, Бэхээгийн дөхүүлсэн хөөргийг авч тамхиллаа. Гар нь үл ялиг чичирхийлэн, нүдэндээ нулимс үерлүүлэн суужээ. Хэдийгээр биеэ барих санаатай өөрийгөө чимхэн суусан ч чухам дээрээ чадсангүй. Олон жилийн өмнөх гэгээн дурсамж нь садран, түүнийгээ арай ядан тогтооно. Шинэ айлд зовлонгийн үндэс тарьж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон бүсгүй нулимсаа барьж ядан хэсэг суув.

Эжий харснаа: – Миний охины ажил сайн уу? Эжий нь та хэдийг ирнэ гэдгийг мэдэж байсан юм аа. Эжий нь өчигдөр сэтгэлээ чивхэртэл аргамжаад л өнжлөө. Уйлж суултай нь биш. Өнөөдөр бол яах вэ! Ай даа, хүний амьдрал сонин юм даа хүү минь! гэхэд залгагч бүсгүй енгэнэтэл уйлж эхлэв. Эжий түүнийг асгаран хайлан тэвэрч авчээ. Гэр дотор хоёр хүн л уйлсангүй. Тэр нь Жаажаа, Бэхээ хоёр. Бөхөө хүртэл хэнгэнэтэл уйлж харагдав. Усан нүдэлсэн бүгд ханцуйгаараа нүүрээ шудран хэсэг сууснаа, хоол цай дөхүүлж, идээ будаагаа өргөлөө. Би хэдэн жилийн өмнөх нэгэн учралыг гэнэт саналаа. Анх хүүг нь дагуулаад очиход, Бэхээ шоронгийн төмөр сараалжнаас туугдан гарч ирээд, ганц ч нулимс унагаагүй сэн. Энэ удаад мөн л хүрлийн суусаар

байлаа. Жаажаа гадаалахаар гарч одсон билээ. Тэд нэлээн сууж, ярьж хөөрч байгаад, бэлэг барьцаа өгөөд буцлаа. Ач хүү аавындаа хононо гээд хоцров. Бүсгүй дүү нь мөн үлдэнэ гэж тонгочиход, ээж аав хоёр нь аргалж хуураад авч явжээ. Хүний амьдрал гэж сонин юм. Гайхахгүй байхын аргагүй юм аа. Муугийн гай олонд, могойн цус тэнгэрт гэдэг үнэн үг шүү… (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *