Нүүр Өгүүллэг “ХҮНИЙ ЭХ” өгүүллэг “8-Р ХЭСЭГ”

“ХҮНИЙ ЭХ” өгүүллэг “8-Р ХЭСЭГ”

22 секунд уншина
0
0
342

Хялганын толгой салхинд ганхаад, судаг хоолойгоор дамнан үелзэнэ. Хоргой шаргал намрын өнгө хойд нутгийг чимж, холын цэнхэр уулсаа адуу шиг тараажээ. Тал дээр хэдэн айл. Түүнийг тойрсон үхэр мал.

Алсад хонин сүрэг. Наагуур нь тэмээ хөтөлсөн ганц өвгөн. Намрын өнгө намайг уусгаж, хэнгэнэтэл шүүрс алдуулдаг юм байна аа. Нар туулж өнжсөн өргөн тал тэртээ хангайгаас говь хүртлээ цэлийжээ.

Сүнгэнүүлэн давхисаар сумын төвийн арын толгод дээр гарч ирлээ. Байшин барилга төвлөрсөн төв хэсгээр хэдэн хүн холхилдож, харин зүүн энгэрийн айлууд нам жим. Бөхөөгийн машиныг ойр хавиар

харагдаж магад гэж бодоод, зам харгуй хашаа байшинг тойруулан харлаа. Гэтэл сумын баруун урд руу сондгой гудамжны эхэнд бор ногоон <<жаран ес>> сойлттой харагдах шиг болов. Сайтар харвал яг

мөн. Зам даган уруудсаар, өнөөх айлыг чиглэн очив. Даамангийн үүдэнд харалдаа зогсоод, машиныхаа хаалгаа нээлээ. Туранхай хар жингэр гарч ирснээ тойрч боргоогоод, сүрийг үзүүлэв. Ашгүй, худгийн

зүг жооргонон гүйлээ. Машинаасаа буугаад, дааман хаалгыг хэд дахин балбаад орхив. Бүрээс нь сэмэрсэн бор гэрт хэсэг залуучууд шуугилдаад, даалуу тоглож байгаа бололтой. Сайн хэлбэл сарий найм Муу хэлбэл мурий найм Дахиад хэлбэл далий найм Давтаад хэлбэл тэмээ найм гэж баргил хоолойтой нөхөр хүржигнүүлэн хашгичав. Араас нь цахируун дуутай нэгэн эр: Бөгтийж бай, бэрээднэ. Тонгойж бай, торлогдоно. Тун болохгүй бол тонгорно гэж хашгираад, араасаа бөөн шуугиан дагуулан орилолдлоо. Би ч дотроо инээд хүрээд, дэмий л гэрийн үүдэнд очлоо. Хм… гэж дуугаа өгөөд, хаалгаар орж явчихлаа. Баруун хойморт суугаа залуучууд тоглоомондоо улайраад, намайг анзаарсангүй. Зүүн орон дээр хөл нүцгэлэн хэвтэж байсан Бөхөө намайг харангуутаа өндийгөөд: -Өө! Ах! Яасан сонин хүн бэ? Манайх

руу явж байгаа юм уу? гэхэд нөгөөдүүл нь сая сэхээрээд, нэгэн зэрэг наашаа харлаа. Мэнд ус мэдэлцэнгээ баруун талаар зайчлан суутал арав орчим насны дэлчгэр бор охин аяганы ёроолд балга бор цай хийгээд, надад авчирч өгөв. Өнөөхийг оочлох аядангаа: -Би уржигдар оройхондоо наашаа гараад, өчигдөр өглөө ирсэн. -Аан, тэгээд буцаж яваа юм уу? Замаараа миний машиныг харчхаад, наашаа далийсан уу, ах ? -Аан.. Би буцах арай л болоогүй гээд бослоо. Бөхөө гутлаа өмсөөд, хүрмээ мөрөн дээрээ шидчихээд намайг даган гарлаа. -Ах нь чамтай уулзах хэрэгтэй байна. Чи одоохон намайг дагаад, араас яв! гэхэд Бөхөө толгой дохингоо түлхүүрээ хайж, халаасаа ухаж эхэллээ. Тахир гудамжнаас мултарч, эгц урагшаа давхиулсаар сумын урд руу харагдах тэгш гүвгэрийн оройд гарч зогсов. Бөхөө ч араас мөшгөж

ирээд, яг хажууд зэрэгцэж зогсов. Миний машин хол замд тоосондоо дарагдаад халтайж байхад Бөхөө машинаа хэдэн арван удаа угаасан мэт нарийн тоос тогтомгүй гилтгэнэж байлаа. Тоостой, тоосгүй хоёр машины хажууд хуурай ах дүүсийн дунд ийм яриа өрнөв. Би ч олон юм бодсонгүй. Шууд хэллээ. -Амьдрал гэдэг санааны зоргоор болдоггүй зүйл. Ах нь сайн мэднэ. Эжий бид гурав ярилцаад, нэг чухал асуудал шийдэхээр боллоо. Тэгээд би ирлээ. Ингэхэд чи учрыг нь гадарлаж байгаа даа. Энэ талаар чухам юу гэж бодож байна вэ? гэхэд Бөхөө холын бараа ширтэн сууснаа ганц хялгана тасдан, хуруугаараа имчиж эхлэв. – Цээлээ гэдэг айлын отгон хүүхэнд сэтгэлтэй болсон. Сүрэндулам гэдэг. Зунжин араас нь яваад, барсангүй. – Ямар хүүхэн байна? Зан ааль сайтай юм уу? – Хотод их сургууль төгссөн. Малын эмч юм билээ. Хүнтэй сууж хүүхэд гаргасан боловч даанч тэр нь

амьдрал болоогүй гэсэн. – Аан тийм үү? – Хүүхэд нь хотод байдаг. Нөхрийнх нь аав ээж дээр голдуу өссөн. Тэндээ үлдсэн гэсэн. Хүүхдээ л их ярьдаг. Бүсгүй хүний зовлон мөн ч хэцүү юм аа. – Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Нөхөртэйгээ холбоотой байдаг болов уу? – Үгүй ээ. Бүрмөсөн салсан гэсэн. – Аан тийм үү? – Хэчнээн сайхан үзэсгэлэнтэй бүсгүй гэж санана! Яриа хөөрөө сайтай, илэн далангүй, баясал хөгжилтэй. Гэхдээ ганцхан юмыг надаас нуусаар ирсэн байна лээ. – Тэр нь…Юу билээ? – Ахад сайн гэдгээ сүүлдээ хэлсэн л дээ. Би тэр үгийг сонсоод, газар тэнгэр хөмрөх шиг болсон. Яг үнэнийг хэлэхэд, Сүрэндуламтай цуг өвөртөө унтаж байна гэж мөн ч олон удаа зүүдэлж сэрсэн дээ. – Ах нь ойлгож байна аа. Ойлгож байна. Чи сайн сонс! Ах нь дөрвөн хүүхэдтэй хүн. Эхнэртэйгээ ханилаад, хорь шахам жил боллоо. Эмэгтэй хүнийг сайн мэднэ ээ. Сэтгэлийн дотоод нандин бодлыг нь хэн ч тайлж

уншдаггүй юм. Хэзээ ч олж мэдэхгүй. Бүсгүй хүн бүр дотоод нууцтай. Тэр нь санаанд оромгүй далд оршдог. Ер нь Бөхөө минь! Нэг л юмыг сайн ойлго. Хайр, амьдрал хоёр өөр. Хайр бол урагшаа тэмүүлсэн ганц хүсэл. Амьдрал бол угталцаа тэмүүлсэн хоёр хүсэл. Гол ялгаа нь энэ. Хайр сайхан шүү! Гэхдээ амьдрал чухал. Бөхөө бодож сууснаа битүүхэн шүүрс алдаад, түүнийгээ нуух гэсэн шиг ухасхийн босов. – Бэхээ ах ер нь Сүрэндуламд хайртай болов уу? гэж асуулаа. Би үгэнд нь хэсэг тулгамдаад, гэнэт айх шиг болов. Нимгэн хууз сахалтай цэвэрхэн бор залуу ахтайгаа усны дусал шиг адилхан харагдана. Сэргэлэн дүрлэгэр нүд нь дандаа л гуниг бодрол шүүж явах бөгөөд түүндээ яг зохицсон мэт инээд хөөр үргэлж бялхаастай. Би асуултын эсрэг шал өөр юм асуув. – Чи зөндөө жин нэмжээ. Одоо хэд хүрч байна?

Бөхөө зогсоо чигээрээ хоёр тийшээ хайвганан ханхалзаад: – Азербайджанаас ирэхэд дал хүрэхгүйтэй байсан. Одоо наян тав хүрсэн байна лээ. Цаашид жин нэмэлгүйгээр биеэ хөгжүүлнэ ээ гэснээ савхин хүрмээ тайлж шидээд, гараараа газарт тулан, суниаж эхлэв. Хөгжилтэй цайлган хүний сэтгэл гэж сүү шиг сайхан шүү. Би нэг мэдэхэд даган баясаад, хормын зуур тайтгарчээ. Би хэлээд л орхив. – Бэхээ анх Сүрэндуламтай танилцаад, сар гаруй дотно үерхсэн юм билээ. Тэр үеэр нь бид эжийг аваад аймгийн төв рүү явсан байж. Эргээд ирэхэд гэрээ нууранд дөхүүлж буулгасан байлаа. Тэр зун мөн ч сайхан зун болсон шүү гэв. Бөхөө чухал ярианд анхаарлаа хандуулж, толгой дохин сонсож сууснаа эцэслэн шийдэхээр зоригложээ. Би хэлэх үгийг нь гадарлаж байв. Тэрээр: – Ах маань Сүрэндуламтай сууна гэвэл би явна аа гэх нь тэр. Би ингэж хэлнэ чинээ санаагүй тул гайхан: – Хаашаа явна гэж? – Та намайг ойлгоорой. Ер нь би хөдөө амьдрахгүй. Би олон жил тэнэсэн болоод ч тэр үү, хөл хөдөлгөөнтэй суурин газарт

дассан бололтой. Ер нь надад нэг хүсэл байна. Цаашдаа хот руу явж, өөрийгөө сорьж үзмээр байна. Гэхдээ би энэ талаар одоохондоо хэнд ч хэлээгүй байгаа. Та намайг ойлгож дэмжээрэй. Би, Бөхөөгийн үгний цэгцийг хотойлгох ямар ч аргагүй гэдгийг мэдэх тул дэмий л хариулахаа тунгаан суулаа. Бодож сууснаа: – Ах чинь буруугүй шүү дээ. Харин чи бол залуу хүн. Аргаа олж л таарна! Тийм биз дээ? гэж сул дуугаар хэлэхэд Бөхөө шуударсан бололтой харин ч итгэлтэй дуугаар: – Ахыг Сүрэндуламтай нэн даруй суулгая! Ах үнэхээр хайртай бол таны хэлдгээр амьдрал босно. – Тийм ээ! – Ахын нүдийг их өвөрмөц нүд гэсэн шүү. Үерлэж байгаа их мөрөн шиг дөлгөөн хэрнээ сүрдмээр гүн гүнзгий харцтай гээд ярьдаг байлаа. Би ч сүүлдээ тэсгэл алдаад, хайраа илэрхийлсэн. Гэтэл санаанд оромгүй юм өөдөөс яриад эхлэв ээ. Сүрэндулам ахад их хайртай гэдгээ нэгэнт хэлсэн. Ахын маань дуугаа хураасан дөлгөөн зан, жоготой инээмсэглэл, далдын гунигтай хонин

бор нүд, сорвитой парвигар гарт нь хүртэл хайртай юм байх аа. Би ч нэг өдөр дүмбийж өнжөөд, маргааш нь машинаа унаад, сумын төв рүү давхисан даа. Ирээд долоо хонож байна. – За за ойлголоо гээд би гараа алдлан хэвтээд, нуруугаа амраалаа. Бөхөө босож, машиныхаа дугуйг өшиглөн үзэж, энд тэнд тогтсон шаврыг арчиж, хойгуур урдуур нь тойрлоо. Тэрээр хажууд ирж суугаад: – Ахын ажил нэг талдаа багтчихвал би явахаа бодмоор байна. Бид хоёрын яриа санасныг бодвол их нийцтэй үргэлжилжээ. Гэхдээ би бодож сууснаа гайхаад: – Чи заавал явах хэрэг байгаа юм уу? гэж асуулаа. Бөхөө эрс шийдмэг дуугаар: – Би явна аа гэж хэлээд ухасхийн бослоо. – Аан зөв зөв. Чиний бодол зөв байж мэднэ ээ. Ер нь хувь заяаныхаа зураач нь чи өөрөө шүү дээ. Би чамд нэг үг хэлье. <<Хайр сэтгэл агуу хэдий ч түүнээс татгалзахын зовлон, мартагдахын агшин гэж бас байдаг юм шүү дээ. Хайраас хаягдах нь гээгдэхийн нэр биш үлдээхийн нэр юм аа>> Бөхөө миний үгийг сонсож сууснаа утгыг нь ухаж ойлгов. – За ойлголоо, ах

аа! Би энэ удаад татгалзаж чадна. Бас мартахыг хичээе. Би хайраас гээгдээгүй, харин ч ахдаа боломж үлдээсэндээ баярлаж байна аа. За за, бүх зүйл ойлгомжтой! Одоо харьцгаая! Та гэлдэрч бай! Дүү нь нөгөө айлаар дайрч, цүнхтэй юмаа аваад араас чинь гүйцэж очъё гэв. Би босоод өмдөндөө наалдсан хялгана шивээг түүж, өмсөж яваа хүрмээ сэгсрэн гөвлөө. Бөхөө рүү хандан: – Би Давхар дэнжийн хажуухан чамайг хүлээж байя! гээд машинаа асаав. Хаазаа нэмэн ухасхиймэгц гэнэт Бөхөө намайг дуудав. Ямар нэг юм хэлэх гэж байгаа бололтой цонхныхоо салхивчийг нээгээд, толгойгоо цухуйлган: – Ах аа, танд бид их баярлаж явдаг шүү. Танд баярлалаа гэх нь тэр. Би ч жуумалзан инээгээд: – За тэр яах вэ! Харин та нарт би баярлаж явдаг шүү! гээд хаазаа нэмлээ. Би эгшигт хайрцгаа нээж, ардын дууны хуурцаг хийлээ. Дууг нь эцэст нь тултал чангалаад, салхивчаа нээлээ. Хээр тал хөдөө

нутаг сайхан дуунд уярдаг юм гэнэ лээ. Хайрхан уулсыг тойрсон хангай говь мину. Өндөр дэнжийн ирмэг дээр хөлөө унжуулан суугаад, дууны сайхан аялгуунд уясанхан хэсэг суув. Үлий сахисан оготно энд тэнд гүйлдэн, үүр рүүгээ хар хурдаараа орцгоож байлаа. Намрын салхи сэр сэр үлээж, нарны наагуур шувууд бутран, хөнгөн гуниг тэрлэх ажээ. Бөхөө удалгүй тоос татуулан ирлээ. Нүд нь гялалзаад, жигтэйхэн сэргэлэн. Гэхдээ уйлсан юм шиг гүйлэгнэжээ. Алсад ар араасаа цувран ирж яваа хоёр машиныг хараад, эжий гэртээ буцаж оров. Удалгүй гүйн гарч ирээд, гараа саравчлан харж зогслоо. Дөрөө шүргэсэн хялганатай өргөн талын тэхий дунд уурга барьсан адуучин эр наашаа давхиж яваа харагдав. Бөхөө машинаасаа үсрэн буугаад, хоёр тортой юм барин, гэртээ орлоо. Эжий миний гараас хөтлөн, Бөхөөгийн араас даган оров. “Ах адуунаасаа ирж яваа юм уу? Хонь хаагуур байгаа юм бэ?” гэж асуулаа. Эжий гараа савчуулан зүүнтээ заагаад: -Урагшаа явсан. Ах чинь ирээд, араас нь мордох байх

гэлээ. Эжий өр шалныхаа дэргэд бохирон суугаад, цай аягалж эхлэв. Удалгүй гэрийн үүд сэвхийтэл нээгдэн, Бэхээ гэрэл сүүдэр нөмрөн орж ирлээ. Ногт хазаараа өлгөөд, хойморт гарч суув. Сахлаа имэрч сууснаа аягатайг тосон авлаа. Догдолж дэнсэлсэн зүйл огт алга. Тайвуу суугаад, тооноо ширтэн тэнгэр ажив. Бөхөө цайгаа ууж дуусгаад, тортой юмаа уудлан, юүдэнтэй цамц, дотуур өмд, оймс, биеийн тамирын өмд сэлтийг гаргаж, ахынхаа өвөр дээр шидлээ. Нөгөө тортойгоо тэр чигээр нь эжийд аваачиж өгөв. Эжий дуу шуу болон уудалж үзээд, бас бөөн баяр. Бид гуравт атга атга чихэр өгөөд, өөрөө ганц ширхгийг амандаа үмхэв. Ууттай будаа, хайрцагтай сахар, лаа чүдэнзийг ширээн дээр тавиад, өр шал руугаа тонголзлоо. Бэхээ хэлхгэр хүрэн цамцыг өмсөж үзсэнээ: -Хонь хариулахад амар эд байна. Малгайтай цамц чинь зүгээр юм уу даа гээд хэг хэг хөхрөн суулаа. Бөхөө ахтайгаа зэрэгцэн суугаад: -Аймгийн төв ороод, нэмж сайн хувцасла! Үсээ засуулаад, малгай авч өмс! Одоо битгий үлбэгэр салбагар яваад бай.

Залуу хүн байна даа. Өнгөтэй өөдтэй хувцаслаж бай. Ингэхэд ах аа! Ярих юм байна гэлээ. Эжий Бэхээгийн шинэ цамц өмдийг барилан үзсэнээ, Бөхөөгийн хэлэх үгийг догдлон хүлээв. Эх хүний сэтгэл тайван байхын аргагүй юм даа гэж би бодож суулаа. Бэхээ ахдаа: -Та аймгийн төв рүү яв! Нөгөөдөр жолооны курс эхэлнэ гэсэн. Би сумаас олж сонслоо. Энэ намрынхад амжиж суугаад, хаврынхад ганц сар суугаад төгсчихнө шүү дээ. Та сайн жолооч болно оо гээд далан дээр нь алгадав. Эжий тэс өөр юм ярьсанд нь гайхаж сатааран: – Машин барьж сурах сургалт уу? гэхэд би хажуунаас нь тайлбарлаж өгөв. “Энэ намрынхад амжихгүй бол хойтон намар сурна. Тэгэхээр жил алдана гэсэн үг. Бөхөөгийн хэлдэг маш зөв. Одоо цаг алдалгүй сурч, жолооч болох нь чухал” гэлээ. Бэхээ үг дуугүй толгой дохив. Эжий тос холихоор тогоо тавилаа. Буурал санчигаа хойш нь илээд, том хархүүдээ хандан: – Дүүгийнхээ үгэнд ор оо. Машин бариад сурчихвал

том ажил. Цагтай нартай юмнаас хожигдоод хэрэггүй. Дүү нь чинь арын алба сайн даана. Бид хоёр алзахгүй ээ гэлээ. Бөхөө гоёмсог савхин хүрмээ өлгөж, өмд хувцсаа эвхэн авдрандаа тэвхийтэл хийгээд, орон дээр гарч хэвтлээ. Тэрээр ахдаа хандан: – Та энэ намар жолооны курст суугаад, дараа жилээс хурим найрын ажлаа бод! Бид хоёр таны хуримыг товлосон шүү гэж хэлээд над руу толгой дохив. Бэхээ над руу хараад нүдээ ирмэн инээмсэглэв. Дүүгээ өхөөрдөж байгаа нь тэр юм. Бөхөө буруу харан хэвтлээ. Тэрээр унтаж авахаар шийджээ. Эжий алгаа хавсран залбираад, тосоо хутгаж эхлэв. Шар тос аяга аягаар гарчээ. Бөхөө унтсан тул удтал хэн ч юм ярьсангүй. Аяга дүүрэн хайлмаг тос өрөмтэй зууран <<цохиж>> аваад буцах ажлаа би бодлоо. Эжий сүү саалиа савлан, өгөх юмсаа зөөж эхлэв. Бэхээ шинэ хувцсаа өмсөөд, нэгэнт бэлэн болжээ. – Миний хоёр хүү сайн яваад хүрээрэй. Эжийдээ санаа зоволтгүй шүү. Дүү чинь байхад алзахгүй ээ. -За эжий минь! Би даваа гарагийн ажлаасаа хоцорч болохгүй! Тэгээд л арагшаа

яарчихлаа. Та биеэ сайн бодоод, сайн сууж байгаарай. Бид удахгүй ирнэ. Эжий гараа даллан зогсоноо, гэнэт араас даган гүйж ирэв. – Хүүхдүүдийн сургуулийн амралтаар нөгөө дөрвийг нааш нь явуулчхаарай. – За тэгье ээ! Нэгдүгээр улирлын амралт арай л болоогүй байгаа. – Аан за. Амрахаар нь явуулаарай. Толгод давахын өмнө толиндоо эргэж харлаа. Эжий сүүгээ өргөсөөр харагдана. Бөхөө гарч ирээд, зэрэгцэн зогсож байв. Эжийг ганцаараа үлдэхэд мөн ч хэцүү байдаг байж билээ? Одоо бол толь дүүрэн хоёр хүн сэтгэл уужруулаад л хоцров. Бэхээг ийм яриасаг гэж мэдсэнгүй. Тэрээр аймгийн төв орон ортол ярьж хөөрч, инээж хөхөрсөөр ирлээ. Адуу мал, нутаг бэлчээр, тэр бүү хэл шоронд байсан тухайгаа ч ярилаа. Хүний бодол санаа хэчнээн уудам байдгийг би дуу цөөтэй эрийн дэлгэж ярьсан итгэлээс олж мэдэрсэн юм. “Би чинь наян таван онд яваад, ерэн есөн онд ирсэн хүн шүү дээ. Арван дөрвөн жил гянданд суусан. Гарч ирээд, ийм сайхан учрал байхыг төсөөлөө ч үгүй. Гав

ганцаараа үлдсэн эхийгээ яаж өдөр өнгөрөөж буйг бодохоор нойр хүрдэггүй байсан. Нэг л өдөр муу мэдээ дуулгах байх даа гээд дэмий л өөрийгөө зоригжуулдаг байв. Ядаж байхад дүүгээ нас барсан гэж дуулаад, тэр чигээрээ <<үхсэн>> дээ. Ганц нэг ах дүү, найз нөхөд ирдэг байснаа сүүлдээ сураггүй болсон. Хол газарт хэцүү шүү дээ. Дөжрөөд орхигдсон амьтан байж байтал бүүр суулд арван хэдэн жилийн дараа хүү маань ирдэг юм даа. Чи дагуулж ирсэн. Тэгээд л би амьдрах ёстой гэж дахин сэхсэн шүү“ Би Бэхээгийн яриаг сонсож явснаа тамхиа асаагаад: – Ингэхэд чи олон жил гянданд суусан мөртлөө зан аашийн хувьд яагаад эвдрээгүй билээ? гэж асуулаа. – Ном!!! Ном тус болсон. Би уншигч ялтан байсан. Азаар, ихэнх номыг олж уншсан даа. Номон дотор амьдарч, уйлж , дуулж, инээж , баясаж явлаа. Ном миний найз. Ном миний багш. Бас аврал минь байсан. – Аав ээжийн чинь унаган хүмүүжил их нөлөөлжээ. Тийм ээ? Манай аав ээж бас арван хүүхэд

өсгөсөн ач буянтай хүмүүс байлаа. Эцэг эхийнхээ өвлүүлсэн ухаанаар хөлөг хийж, эрвийж дэрвийж л явна даа. -Тэгэлгүй яах вэ! Аав ээж хоёр маань цогц байсан юм. Ер нь эцэг эх хоёр цогц байвал хүүхэд янзтай хүмүүждэг. Аавын маань зан чанар ээжид байхгүй, ээжийн маань зан чанар аавд байхгүй. Тийм болохоор цогц байдаг юм билээ. Бид хоёр бүхнийг нь сурч өссөн. Харин би нэг л юманд өширхөөд байгаа. Чи анзаардаг уу? Заримдаа нэг хөмхийгөө зуугаад, гараа зангидаад ирдэг дээ. – Анзаарсаан. Ээжийг эмнэлгээс гаргаад бид хүргэж өгсөн дөө. Тэр үдэш гадаа суугаад, бид баахан хөөрөлдөж билээ. Тэгэхэд чи гараа зангидаад нэг л биш ээ? – Муу дүүгийн маань амьдралыг тоглосон хулгайчуудтай тооцоо бодох сон гэж дотроо занаад байх юм аа. Тааралддаг бол нам цохих сон. – Одоо тэр бодлоо орхи! Бөхөө бол тоодоггүй юм билээ. Тэгэхээр чи илүүц. Бүр хая! Бүх юм бүртгэл данстай. Үйлдсэн үйл лай цаагуураа шийтгэгдээд л явна. Дахиж энэ талаар бүү бодоорой! -Тэгнэ ээ. -Танай хуучин эхнэртэй

чинь бид найз шүү дээ. Нэг удаа сумаар дайрахдаа нэлээн оройтоод очиж хоносон. – Аан тийм үү? Миний анхны хань, хүүгийн минь эх шүү дээ. Буруу өгөх учиргүй. Харин, азаар, сайн хүнтэй суусан байна лээ. Би нөхрийг нь гадарлана. Нутаг усны танил хүн. Би хүүгээ чадах ядахаараа л харж хандана. -Тийм ээ! Зураг төөрөг биз ээ… Ингэхэд Сүрэндулам ямар бүсгүй байна гээд асуучихлаа. Хол замд давхиж явахад заримдаа дэл сул үгээ хяналгүй цацаж явдаг даа. Хээрийн хүн хээгүй гэдэг л байх. Бэхээ машины шилийг доош нь буулгаад, агаарыг уужиртал сэнгэнүүлэв. Тэрээр: -Сүрэндулам надтай их зүйл ярьсан. Би амьдралыг сайн ойлгож байгаа. Ээж нь надад жаахан дургүй байдаг шинжтэй. Сүрэндуламын хотод байдаг хүү нь энэ жил найман настай. Хадмууд нь өсгөсөн гэлээ. Тэрээр удтал явснаа “Бид хоёр хэд хэдэн удаа учирсан. Надад заяасан миний хань мөн. Сайхан амьдарна аа ” гэж нандин нууцаа хэлж орхив оо. Бэхээ хээ шаагүй хал балгүй ярьж хөөрсөөр, би бараг дуугүй шахам явсаар аймгийн төв орлоо. Нөгөөдөр өглөө Бэхээ сургалтандаа сууж, эхнэр бид хоёр ажил төрөлдөө гүйж,

хүүхдүүд хичээл цэцэрлэгтээ явцгаан, төв суурингийн амьдралын хэм өдөр өдрөөр хэмжигдэн, урагшилсаар байлаа. Тунгаа даргын асуудал надад төвөг боллоо. Бэхээг явж байхыг хаа нэгтээгээс олж харсан бололтой. Нэг өдөр намайг өрөөндөө дуудаад мөнөөх болор савтайгаа дөхүүлэн, яриа өдүүлэв. – Бэхээ ирсэн явж байна лээ. – Жолооны курст сурч байгаа. Манайхаас явж байна. – Аан тийм үү? Сайхан залуу шүү! Тэр өдөр намайг хойд сум руу явахад намайг ямар их халамжилсан гээч. Хол замд ядраад, унтаж явахдаа шил рүү толгойгоо цохиод байсан юм аа. Тэгсэн чинь миний толгой доор цамцаа дэрлүүлээд

өгсөн. Би тэсэлгүй мэлмэрэх шахсан шүү. Нөхөр маань зургаан жилийн өмнө гэнэтийн ослоор тэнгэрт явчихсан. Тэр цагаас хойш эр хүний халамжийг амсаагүй удсан байсан л даа. Гэрт нь хүргэж өгсөн чинь гуч гарч, дөч хүрсэн хоёр хархүү нь гэрлээгүй явдгийг хараад үнэхээр их гайхсан шүү. Яагаад тэгдэг юм бол оо? Би, бүсгүй даргын эрэлхийлсэн асуултад ийнхүү хариулав. – Бэхээ ирэх жилээс хуримаа хийх байх. Шоронд орж, олон жил яваад, гэрлэж амжаагүй юм аа. Яривал их урт түүх! Одоо нэг сайхан бүсгүйтэй гэрлэх гэж байгаа гээд хэлээд тавьчхав. Тунгаа дарга бүлх залгисан юм шиг дуугаа хураан, босч ирснээ кофе найруулан уулаа. Гар нь үл ялиг салганаж байгааг би мэдэж байлаа. Нэгэнт сайн хэлснийх гүйцээе гэж бодоод: -Тэр самганы хүүхдүүд угаасаа сэтгэл их сайтай. Хар залуугаасаа зовлон туулсан юм

аа. Ямар ч хүнд тусалж, ямар ч хүнийг хүндэлдэг. Тэр зангаараа л танд хүндэтгэлтэй ханджээ гэчхээд өрөөнөөс нь гарлаа. Амьдралдаа үүрэх ачаа бүхэн авах, авахгүйн шошготой шиг санагдав. Хүн бүрийн ачаанаас үүрэлцэнэ ээ гэвэл хүч дийлэхгүй. Тийм болохоор авах гээхийн ухаан хэрэгтэй! Аливаа асуудлын дотроос нь биш хөндлөнгөөс хандасхийгээд би явж байна аа. Цаашдаа юу болохыг таамагласангүй… (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *