Home Өгүүллэг “ХҮНИЙ ЭХ” өгүүллэг “6-Р ХЭСЭГ”

“ХҮНИЙ ЭХ” өгүүллэг “6-Р ХЭСЭГ”

23 second read
0
0
426

Нарны шим бялхсан дэлгэр зунаар хөөр баяр ундарч, насны энгээр учирсан зовлон үүрд мартагджээ. Арав гаруй жил хүлээсэн сэтгэлийн шаналан тайлагдаж, нэгэнт гүйцэт арчигдсан тоос шиг ул мөргүй

сарнив. Хүн гэдэг ч өчүүхэн дээ. Туулсан зовлонгоо яг чухам дээрээ оргүй мартчихсан тууж явдаг амьтан юм билээ. Гэхдээ энэ бол өмнөхөө сөхдөггүй хүмүүний сайхан чанар шүү. Эжийг хэзээний

тайвширсан суухыг хараад, бас л авууштай сайхан чанар юм даа гэж бодож суулаа. Жигтэйхэн сэтгэл хангалуун хэлсэн эжийн үг намайг гайхшируулав. <<…Миний хоёр хүү чинь наддаа дахиж төрсөн

хүүхдүүд ээ. Ахин олдсон үрс. Тийм болохоор өмнөх нь надад огт хамаагүй. Эхийнхээ хэвлийд чи юу хийж байгаад ирэв дээ? гэж асуудаггүй шүү дээ. Яг түүнтэй адил эхээсээ шинээр төрсөн хүүхдүүд

ээ! Би юу ч асуухгүй. Надад сонин биш. Харин ганцхан л хүсэл байна! Эжийгээ орхисон ч, эс орхисон ч цаашдаа хэзээ ч битгий ганцаардаарай… Ээж нь хүүхдүүдээ дахин ганцаардал дунд орхиж

явж чадахгүй шүү!>> Энэ бол мяндас мэт зөөлөн атлаа ташуур мэт чанга үг байсан юм. Эрчүүд эрвэлзэхээ эрхбиш мэдээд боссон дог. Дор дороо нэгийг бодоцгоогоо байлгүй дээ? Бид долоо хоног сайхан амраад буцах боллоо. Наадам нэгэнт өнгөрсөн тул намрын ажил угтуулах мэт сэтгэл төрж, арагшаа гэнэт яарав. Ширнэн дарга маань эртэвчлээд сургасан ч юм билүү? Найр хавтгайрч, наадам сунжирсан урт өдрүүдэд дарга маань дургүй сэн. Айраг цагаа бодсон шигээ сууж байхад халуун намраар ажил ярих нь залхмаар байдаг л даа. Гэхдээ л төрийн ажил бол төрийн ажил, даргын үүрэг бол даргын үүрэг. Цагт нь хэлэлцсэн асуудал ямагт хождог дүрэмтэй. Эжий ч бас намаржаа бууц, өвөлжөө саравч, хадлан ургацаа битүүхэндээ ярьж, хашир

малчны өвөрт явдаг хүлхэнги бодлоо хүүрнэсээр л суув. Бэхээ хониндоо явсан хойгуур бид хэд ачаа бараагаа бэлдэсхийн шуугилдаж байлаа. Эжий тараг сүүний сав хайж, бөглөө таглааг нь сураглаад, эргэнэг хавиасаа салахгүй. Тогоо зуухны үүрэг өглөөнөөс үд болтол галтай өнжинө. Сүү хөөрүүлж дуусаад, шөлтэй хоол хийж, дараа нь боорцог хайрлаа. Эхнэр хөлсөө шувтран, галын дэргэд суухдаа эжийг хөдөлгөхгүй санаатай. “За, би хийе. Та сууж бай!” гэх нь дуулдана. Эжий цуу ямбуун уутаар дүүрэн ааруул, олгойтой цагаан тос, тэр байтугай уулнаас түүсэн шар цэцэг цаасанд боож, өр шалныхаа дэргэд бөөгнүүлж тавьсаар суув. -Хангайн таг дэнжээр ургадаг шар цэцэг шарханд сайн шүү. Дотор ходоод өвдвөл уухад зүгээр болно гэлээ.

Найман ширхэг элдсэн хурганы арьс гаргаж тавьснаа “Энүүнд дээл хийж өмсүүл! Цэцэрлэг нь хол гэх чинь билээ!” гээд бага сөөсгөр хүү рүү маань эрүүгээрээ заалаа. Үүд рүүгээ маажигнан алхаж очоод, шинээр шаантаглаж хийсэн өвсөн шүүрний баглаа уяаг тайлж, сагсайтал дэлгэн харуулаад, “Эжий нь хүн гуйж хэд хэдэн шүүр хийлгэсэн. Нэгийг танайх аваад яв. Эхлээд хялганы түрүү хог болж унана. Сүүлдээ сайхан шүүр болно” гэлээ. Боролзгоны үзүүрээр багсайтал боосон тогооны угаалтуур бас л нэмж тавилаа. “Эжий минь болно оо. Одоо сайхан амраад цайгаа уу?” гэхэд “Хэдэн хүүхэддээ байгаа юмнаасаа өгөлгүй яахав? Эжийд нь өөр өгөх юм олдохгүй байна аа” “Юу ярина вэ, эжий! Танаас зөндөө л юм авлаа шүү дээ” Бөхөө баахан хүүхдүүд дагуулан, нуур руу очоод ирэв. Булаг шанднаас

ус дамнан зүтгүүлж, уухилж аахилсан хүүхдүүд гэрийн хаалгаар шуугилдан орж ирээд, өрөмтөй халуун боорцог идэхээр баруун талаар эгнэн сууцгаав. Бөхөө эрэгнэг дээрээс аяга авангаа: – Ээж ээ? Доод хотны айл чинь Дэрмэн гуайнх байна шүү дээ. Цаад саахалтын гурван гэр Хуур Цээлээгийнх гэсэн шүү? Эжий цайгаа ууж суунгаа: – Аан тийм үү? Дэрмэнгийнх Гунан хээрийн давааны өвөр бэлээр олон жил өвөлжсөн дөө. Зундаа энэ нууранд л байнга зусдаг айл гэхэд би гэнэт санав. Хэдхэн жилийн өмнө сум дээр таараад, ууттай зүйл аймаг руу дайсан халиун морьтой бөгтөр өвгөнийг ярьж байна даа гэж би таамаглаад: – Даваа уруудаад тонгойход мөргөцөгтэй урт амны эхэнд өвөлждөг өвгөнийх мөн шив. Тээр жил хүүхдүүддээ ачаа дайж байсан халиун морьтой өвгөн мөн байх аа даа? -Тийм ээ. Халиун мориороо хаа сайгүй гэлдэрч явдаг хөнгөн шингэн өвгөн бий. Манайхаар

бишгүй дээ л орж гардаг хүн. Гунан хээрийн даваанд бууснаас хойш харин манайд ганц ч ирээгүй шүү. Одоо намайг ирснийг дуулаад, нэг их шогшуулж ирэх байх. Өвгөнийг байхад найз гээд сүйд болдог байж билээ хөөрхий. – Сүрхий өвгөн байна лээ. Яриа хөөрөө сайтай. – Багаасаа бага бригадаар явж ирсэн бид бие биенээ андахгүй ээ. Найман сарын найман нүд ирмэхийн зуур дөхөөд, ажилдаа орох нэгэнт болжээ. Намрын ажил, түлээ мод, бас бус нэлээн зүйл амжуулаад, сүүлийн хоёр хоногтоо нам гэртээ амраад, ажилдаа орлоо. Ширнэн даргын оронд эмэгтэй дарга иржээ. Гэхдээ надаас хэдэн насаар дүү хүүхэн бололтой. Ширнэн даргын тушаал ёсоор аж ахуйн нярав болж, агуулах сав, алив бүхнээ тоолж бүртгэн хүлээлцэв. Ханцуй дороо баахан түлхүүртэй, харц доороо баахан хогшилтой нэгэн эрхэм болж хувирлаа. Жолооч хийх нь надад амар байсан ч

юмуу гэж бодсоноо, гэнэт өвгөн даргынхаа захисныг санаад, элдэв юм эргэцүүлэхээ болив. Амьтан хүний хөл үймээн холхиж, сургууль цэцэрлэг орохоор боллоо. Есөн сар дөхөж байлаа. Ажилдаа бага багаар дассан би вээр төмөр түлхүүрээ олноор нь санжгануулан, гадуур дотуур гүйж байтал агуулахын үүдэнд нэг хүн сууж байлаа. Сайн харвал, Бэхээ аймгийн төв орж иржээ. Намайг харангуутаа ухасхийн босоод мэндлэв. Эжийдээ ирж, гэртээ тухалсан эр хүн гэсэндээ өнгө царай засаад, нэлээн махалж зузаарсан харагдана. Дөч шүргэж яваа насны гүймэг үрчлээ нь тэнийгээд анх ирж байснаасаа илт тэвхэрчээ. Гуниг шингээсэн дөлгөөн харц нь үл ялиг бууралтаж яваа өтгөн үсэндээ зохисон гэмээр төлөвхөн харагдана. Тэрээр: -За, сайн уу? Ажил төрөл тавлаг уу? -Тавлаг даа. Та хэд сайхан зусаад, одоо сайхан намаржих гэж байна уу? -Тавлаг сайхан. Бид гурав хойшоо намаржаандаа дөхөж буусан. Хадлан ургацаа авсан. Ээж маань энэ

өвөл Гунан хээрийн давааны өвөлжөөндөө буухгүй гэнэ ээ. Тэгэхээр аймаг, сумын газрын албаар хөөцөлдөж, өвөлжөөний газар өмчилж аваад, тэндээ саравч хашаа шинээр барих бодолтой. -Зөв шүү. Эжийн зөв. Сайхан хөх бууцтай өвөр дулаан газар олдоно доо. – Байгаа… Багийн дарга маань хэд хэдэн газар товлосон. Аль нэгийг сонгоно доо. Бид хоёр жаахан хүүрнэлдэж сууснаа манайх руу явлаа. Нэгэнт ундны цаг болсон тул би харихаар ухасхийв. Унд цай уунгаа хэсэг хөөрөлдөв. Би цагаа харан өндөлзөхөд, Бэхээ мөн л намайг даган өндөлзлөө. Дэлгүүр хоршоогоор явж, хүүгийнхээ цүнх, ном дэвтэр, дүрэмт хувцас, цагаан цамцыг бэлдэхээр гарлаа. “Оройхон танайд очно оо” гээд

замдаа төв гудамжинд буув. Би ч ажил руугаа шуудрав. Залуу эмэгтэй даргын ааш аягийг олох гэж зовох шинжтэй. Шинээр ирсэн болоод тэр үү? Дарга цэргийн ялгааг хатуугаар барих гэж муйхарлана. Ямар ч гэсэн үг яриа нийцэхгүй нэг л хөндий сэхүүн. Би арван тав зургаан жил ажилласан болохоор бас бус ажлыг арван хуруундаа багтаан мэддэг байтал шинэ дарга маань “Байж бай! Би мэднэ! Тэгэхгүй! Ингэхгүй!” гээд тэс хөндлөн зөрөөд давхичихна. Сүүлдээ би тоомжиргүй царайлаад, хойшоо сууж байдаг боллоо. Усанд сэлж байгаа хөлөг живэхэд хамтдаа л онхолдох биз гэсэн шиг юм бодоод, өдөр хоногоо дөнгүүрхэн өнгөрөөчхөөд, оройдоо гэрийн зүг гэлдэрдэг нь амар байв. Бэхээ аймагт гурав хоночхоод, буцах боллоо. Аймгийн

төвөөс арын сум руу явах унаа хайнгаа, ачаа бараагаа баглаж бэлдээд, тавьжээ. Тунгаа дарга шинэхэн жолоочтойгоо арын сумуудаар явж, лавтайяа, гурав дөрөв хоног тойрно гэсэн сураг дуулдсан болохоор, би унаа унац сонирхон асуув. Шинээр орсон хорь орчим насны бор залуу миний арваад жил зайдалсан албаны саарал тэрэгний урд сандал дээр хагас суугаад, таахалзан харагдана. Би дөхөж очоод “Та нар хойд сумууд руу хэзээ гарах вэ?” гэхэд жолооч: – Маргааш өглөө эрт гарна гэв. – Би нэг хүн дайна шүү. Жаахан ачаатай. Сумын төвд буулгаад орхичхоорой. – Зардал авна шүү! гэх нь тэр. Би дэлчгэр бор залуугийн гэнэтийн үгийг сонсоод гайхан харав. Дэлсээд унагачихмаар санагдавч дэмий л уураа барин: – Чи хэдийг авах юм бэ? гэж асуув. – Та хэдийг авдаг байсан юм бэ? Тэрийг чинь авна! – Ах нь олон жил хөндлөн гулд давхихдаа хүнээс зардал авч үзээгүй юм аа гэчхээд холдон явлаа. Ажил төрөл ар араасаа ааглаж, хэсэг оволзож байснаа

арван нэгэн сарын үеэр жаахан намжив. Арга эв тааруухан хүмүүстэй ажиллаад, битүү дөжирсөн амьтан явж байдаг болов. Шинэ дарга намын үзэлдээ нийцүүлэхээр увайгүй үйлдэл хийв. Хоёр хүн ажлаас халж, оронд нь өөр хүмүүс томилогдон орцгоов. Нам жим, амар тайван урагшилдаг ажил алба маань намын тогоо тойрон, ам хэлээ хэлхсэн хэсэг хүмүүсийн орон байр боллоо. Сэтгүүрдэх, мушгих, сэнхрүүлэх, баалах, бажгадуулах, өрсөх, хавчих ажлыг тэд сэдэж суудаг юм уу гэмээр? Жаахан дургүй хүрээд явж байлаа. Надад намын ургальч үзэл энэ тэр нь хамаатай биш. Тоосон ч үгүй. Нэг өдөр Тунгаа дарга намайг дуудаж, жигтэйхэн саймшрав. Зөөлөн суудал тохироод, бие зузаарч, жин дарсан бүдүүн шар хүүхний араас дагасаар өрөөнд нь явж орлоо. Хуучин тавилгуудыг хуу татаж гаргаад, өрөөг битүү хивсэлжээ. Шинэ тавилгуудаа эрийтэл тавиад, ихэд цэмбэгэр суух

ажээ. Ихэнх тавилгыг би зөөлцөж, угсарч, байрлуулж тавьж өгсөн болохоор бүгдийг нь мэдэж байлаа. Дарга ширээн дээрх тамгаа шургуулга руугаа авч хийнгээ дугуй толь дэлгэн, нүүрээ харав. Нүднийхээ доогуур суусан унжмал үрчлээг хуруугаараа тэнийлгэн, нааш цааш үрчээд: – Нэг юм асууя аа. Эртийд танайхаас нэг хүн арын сум руу дайгдсан шүү дээ. Тэр хүн ах чинь үү ? Эсвэл найз чинь юм уу? гэх нь тэр. Ажил төрөл ярих байх гэж таамаглан зогссон би агдасхийн, хачин асуултын хариуг бодож хэсэг зогсов. Тунгаа дарга сандал руу заагаад, -Суугаач! Алив чихэр ид! гэснээ гоёмсог болор савтайг сарвайлаа. Би эрхэм даргын идээнд хүндэтгэн хүрээд: -Манай хуурай ах дүү байгаа юм аа. Манай гэр бүлийнхэн түүний ээжтэй нь найз. Хааяа завандаа ирж очдог. -Аан зөв зөв. Би эндээс явахдаа замдаа танилцаад, бүүр цаашаа намаржаагаар нь хүргэж өгөөд, чигээрээ

хойшоо явсан л даа. Ээж нь сайхан ааштай буурай байсан. Дүү нь гээд бас аймаар адилхан тэ? (Үнэхээр, адилхан тийм ээ?) гэдэг юм байна. Би ч дотроо гайхасхийгээд сууж байтал Тунгаа дарга бас л инээмсэглэн: -Ингэхэд өөрөө аль намыг дэмждэг билээ? гэхэд би бүүр тэвдээд “Би намын араас хөөцөлддөггүй шүү дээ! Аль ч нам биш…” Тунгаа дарга уруулаа будаж дуусаад, умалзуулан шилэмдсэнээ: -Нам дагахгүй бол урагшлахгүй ээ. Ингэхэд чи манай намд элс! Би батламж аваад өгье! гэлээ. Би ч хариу хэлсэнгүй, толгойгоо маажсаар, өрөөнөөс гарлаа. Намар арван нэгэн сард юм даг. Эжий идшээ ав гэж хэлүүлжээ. Том эгчийндээ тав арван мал орхичхоод, түүнийгээ өсөж, хорогдож буйг мэддэггүй нэгэн айл энэ удаа идэш авахаар хойд сум руу зорив оо. Тэгээд ч бид эжийгийнд очих их дуртай болсон байлаа. Тав дахь өдөр явна гэхийг сонссон Тунгаа дарга жигтэйхэн баярлаад, бараг л би цуг явья гэсэнгүй. Тор дүүрэн алим өрөөндөө захиж авчруулаад : -Намайг өгч байна гэж хэлээрэй гэдэг юм байна. Би ууттайг бариад өрөөнөөс

гарч явахдаа нэг хачин бодол төрөв. Энэ хүүхэн дарга ер нь хаанаас ирсэн хэн гээч билээ? Манай нутгийн хүн биш байх. Эсвэл холын сумаас ирсэн хүн юм болов уу? Шатаар уруудан бууж явснаа, үүдний жижүүрээр алба хашдаг ганц найзаасаа аминчлан асуугаад тавьчхав. Тэр бид хоёр энд олон жил хамт ажиллаж, түмэн даргын нүүр сольсон гэхээрээ хээ шаа байх биш! Нөхөр нүдээ дүрлэлзүүлэн, над руу том харснаа: -Яасан? Чамд хандраад байна уу? Эсвэл чи сонирхоод байна уу? -Үгүй ээ! Зүгээр л асууж байна. -Танай дарга чинь нөхөргүй хүүхэн. Ганц том хүүхэдтэй юм байна лээ. Чи хааяа нэг…. -Донгос! Зүгээр л асууж байна шүү дээ. Нөхөр жиг жиг инээснээ намайг шоолоод их л бах тав нь ханав бололтой хонгилоор тойрон алга боллоо. Би үүдэнд зогсож байснаа тор дүүрэн алимаа бариад, гэр рүүгээ явлаа. Бид баасан гарагийн өглөө үүрээр эртлэн гарч, оройхон эжийгийнд очлоо. Нам Гүвгэрийн хоолойн дээд тархинд дэлгүү хормойтой, өвөр

харууцтай сайхан бууцанд өвөлжөө бууцаа төвхнүүлжээ. Биднийг ирэхийг мэдсэн эжий хүүхэд шиг орж гаран угтав. Ийм зөөлөн сэтгэлтэй хүн тийм хад шиг хатуу жилүүдийг ганцаараа туулсан гэхэд итгэмээргүй. Аргагүй л эхийн сэтгэлээр хатуужсан байх даа гэж бодоод, би машинаас буулаа. Залуучууд шинэ өвөлжөө бариад дуусаж байлаа. Дүнзний зомгол хаа сайгүй хөглөрч, хөх бууцны хөлөөс халуу дүүгэн угтлаа. Би өвөлжөөг тойрон харснаа ур дүйтэй залуусыг хараад бахдав. Эрхбиш өчнөөн газар явж үзсэн жолооч хүн. Бас л чамбай сайхан өвөлжөө барьсныг гадарлалгүй дээ. Бэхээ дуугаа хүраан хүрлийгээд, Бөхөө дуу шуу болон угтав. Тэдэнтэй хамт тав зургаан харчуул шуугилдан, ажилд нь хамжилцаж байлаа. Эжий идээ цайгаа өргөн, хоол унд зэхэхээр ухасхийн босов. -Манай хоёр хүүгийн ангийн хүүхдүүд найз нөхөд гээд зөндөө залуучууд байна аа. Долоохон хоногийн дотор цэмбийтэл барьчихлаа. Сайхан өвөлжөө болсон

байгаа биз дээ? -Тийм байна аа! Их зайтай, бас тэвхгэр өвөлжөө барьжээ. Хүнх том яг л стандарт нормоор нь барьсан байна. -Түмэн олны дэм биднийг ивээж байна аа, хүүхдүүд минь! Манай багийн дарга чинь Бэхээгийн найз шүү дээ. Өвөлжөөний газрыг албан ёсоор бүртгүүлээд, эзэмшилдээ авчихлаа. -За болж дээ болж. Оройн ажил дуусаж, залуучууд шуугилдан орж ирлээ. Хүүхдүүд хад дамжин зугаалаад, нэг харахад алс гүвгэрийн оройд гарсан сүүтэгнэж харагдав. Бөхөө тэднийг авчрахаар уул руу гүйв. Залуус унд цайгаа ууцгаагаад, мориндоо мордон одоцгоов. Бэхээ хоймор гарч суугаад, хоол идэж суулаа. Би хошигнон: -Намар болохоор малчид алим иддэг гэдэг шиг манайхаас гадна нэг хүн энэ тор дүүрэн алимыг дайж явууллаа гэв. Эжий тортойг өвөр дээрээ авснаа: -Тийм үү? Хэн билээ? -Манай шинэ дарга л даа? Би чинь залуу шинэ даргатай болсон шүү дээ эжий минь! -Өө! Буянаа нэм. Миний хүү чинь дандаа л сайн даргатай байх юм. Учир ерөөл шүү дээ. Тэр охин манайд ирээд явсан. Бэхээг дөхүүлж

өгөөд явахад нь бид баярлаж л суулаа. Чиний л ач. Танай дарга биш байсан бол наашаа хүргэх байтугай сум дээр орхиод явчихна шүү дээ. Бэхээ онц гойд юм ярьсангүй, суусаар л байв. Бөхөө <<хүүхдүүдээ>> дагуулан ирж яваа бололтой шуугилдах чимээ ойртсоор. Ингээд маргааш нь бид нэг бод, таван бог төхөөрч аваад, ичих сандрах хоёрыг хослуулан өнжлөө. Ичсэний учир гэвэл энэ айлаас авлагатай юм шиг байгаадаа тэр. Сандарсны учир гэвэл эжий байтугай Бөхөө, Бэхээ хоёр ч зандарч байгаад, энэ идшийг төхөөрсний учир юм. -Манайхаас авалгүй яах вэ! Энэ олон жаахан хүүхэдтэй айлд идэш хоол илүүдэхгүй. Авч очоод амбаар савандаа нөөцлөөд авчих. Эжий нь амьд сэрүүн байхдаа хэдэн хүүхдэдээ гараа дэлгэнэ ээ. Бөхөө, Бэхээ хоёр өглөөнөөс орой болтол идэш төхөөрч, бусад нь гэдэс арчсаар нэгэн бямба гарагийн өдөр өнгөрлөө. Бусад нь гэснээс нэг сонин дуулгая. Нуурын захад зуссан Хуур Цээлээгийнх эднийхтэй ойр гэнэ ээ.

Малчин түмний сайхан заншил гэж бий. Мал төхөөрөх үед нэг бүсгүй ирж, хамжилцаж өгөв. Гуч гаруй л насных болов уу, гэмээр. Ер нь Бөхөөтэй ойролцоо насны бүсгүй юм. Би арьс ширний захаас татаж, хутга тонгорог ойртуулан, энд тэнд гарч зогсохдоо нөгөөх бүсгүйг сэм сэм ажин харав. Харваас хүнтэй сууж, хүүхэд төрүүлээгүй бололтой гэж дотроо дүгнэлээ. Нүдэнд дулаахан сайхан бүсгүй эжийгийн хажууд цомбойн суугаад, үл ялиг мишээл тодруулан тонголзохдоо, хурдан түргэн хөдөлж байлаа. Хөдөөний бүсгүйчүүдийн шалмаг цэмцгэр гэдэгтэй зүйрлэх юмгүй. Эхнэр тэнд, би энд, дэмий л бараа болж зогсохоос өөрцгүй. Харин туслах ажилдаа бол хичээнгүйлэн чармайж байв. Нар жаргахаас өмнө бүх ажил ян тан. Шөнөдөө махаа хөргөөж загсааж хоноод, өглөө үүрээр ачаад өгье гэцгээгээд өдрийн ажил дууслаа. Бүсгүйд эжий бас л тор саваар дүүргэн алим жимс өгөв. -Манай багийн Цээлээгийн бага охин. Манайхтай өвөлжөө бууц ойрхон. Хань бараандаа түшигтэй сайхан айл… гэхчлэн эжий ам хуурайгүй шагшсаар, өнөөх бүсгүйг үдэж өглөө. Бэхээ, Бөхөө хоёр бие бие нудран, “Чи яв! Үгүй, чи яв!” гэцгээлээ. Мориндоо мордон буй

бүсгүйн араас Бөхөө аргагүйд гүйлээ. Хээр мориндоо тэвхийтэл мордоод, хамар тойрон далд оржээ. Эжий амандаа залбиран алгаа хавсраад: -Тэнгэр бурхан минь! Түмэн олны нөмөр хишиг гэж хэмжээгүй буян юм аа гэсээр гэр рүүгээ ороход бид дуугүй дагацгаав. Бөхөө нэлээн оройхон баяр хөөртөй хүн ирээд, биднийг хөзөр тоглоё гэж уриаллаа. Лааны гэрэл хоёр баганы хооронд дайван гуйвалзаад, өргөн хар сүүдэр нахилзан бослоо. Өрхний завсраар намар оройн жихүүн салхи сэр сэр үлээж, гадаа ноход боргон айл саахалтаа чимээлэн дуудна. Шөнийн тэнгэрт одод түгээд, тогоотой махны үнэр хамар цоргиж, модон халив тос даажээ. Бид нэлээн тоглов. Эжий

хожоод бөөн баяр. Би ч сүүлдээ бууж өгөөд, ороо засан унтахаар хэвтэв. Айлын хоёр залуу эрс өөр зантай. Бөхөө Азербайджан, Каспийн тэнгис, Газар дундын тэнгис, Эртний Египет орон гээд баахан сонин хачин юм хуучлав. Бэхээ өөрийнхөө өнгөрүүлснээс байтугай ер нь дорвитой юм огт ярьдаггүй билээ. Хүний мөн чанар нь өнгөндөө биш дотооддоо орших тул би юу хэлэх билээ. Гагцхүү хэн хэн нь сайн явж, эжийгээ баярлуулаасай билээ л гэж бодож суув аа. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…