Home Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “21-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “21-Р ХЭСЭГ”

8 second read
0
0
386

Говийн сүрлэг уулсыг тойроод, хуртай дэлгэр зун хэдийнээ айлчилжээ. Өнгө хуарын чимэгтэй өргөн тал хөхөлбөр манангаар зүүдлэсхийж, <<амар тайван>> <<алс хол>> хоёрыг айлсуулна. Тормон тэшээтэй

зэрэглээнд сэтгэл асгаран уусаад, хонь хариулж яваа хүмүүнд холын нэгэн бодол айлтгана. Насаараа түшиж амьдарсан өлгий нутгаа эл хөх өвгөн мөн л насаараа шүтэж иржээ. Их говийн зах хязгаар эрээн

бударганатай хөндийгөөс хэдэн малаа эргүүлээд, оройн нар толгод руу унатал хүлээлээ. Алсад цайвалзах хоёр гэрийн гадаа Бумантөрийн цагаан машин эгээтэй гэр шиг дэгэлзэн харагдав. Агсам зэрэглээг

адган тээршаагаад, алаг хөшгийн яран харж, зайгуулын хөтөч дурангаа сунгалаа. Тэд мөөн. Бумантөр ирж янз нь. Гонгор өвгөн дээлийнхээ хормойноос элс асгаруулан босоод, мал руугаа “Ча хөж”

гэж хэдэнтээ хашхичлаа. Малчин өвгөний цахируун дуугаар хөл чангатай хэдэн ямаа гэрийн зүг хандав. Сайх өвгөн номхон хээр рүүгээ зүтгэн мордоод, ирсэн гийчдээс чихэр горьддог жаахан хүүхэд шиг

яарамхан шогшууллаа. Уяан дээрээ ирж буугаад, мориныхоо цулбуурыг алсуур даялан, ац модноос чангалан уяв. Нээрээ, Бумантөрийнх иржээ. Гангармаа гэр дүүргэсэн цолгиун инээдээ тооно руу цацаж, эмгэн нь уулгамч хөгжүүнээр баясан суув. Уунай, Долзмаатайгаа хэдийнээ хойморт гарч сууцгаажээ. – Аав минь, сайн байна уу? Сайхан зусч байна уу? гэх дуунаар өнөө хэд рүүгээ элгэндээ багтааж нөөцөлсөн их хайрынхаа харцаар дэлгэрүүлэн хараад, бүгдийг нь өмнөө бөхийлгөн, уруул дэвсэн үнслээ. Өөрийн эрхгүй нулимс зангираад, хүрэн зүрх нь мэгшиж эхлэв. Хүний амьдралын зовлон жаргал ийнхүү хөгшин хүний сэтгэлийн шандсыг эгшээжээ. Өвгөнийхээ өмөлзөх уруулаас амьдралын гүнийг ойлгож таньдаг

өнөөх сэгсгэр самган нь бас нулимсаараа дэмнэн, хажуугаас эхэр татав. Хэсэг сууснаа өвгөн: – Аав нь зөнөөд байна аа, хэдэн хүүхдээ зовоочихлоо. Миний хүүхдүүд ингээд ирнэ гэдгийг мэдэж байсан ч хүлээхийн өвчин намайг амар суулгасангүй. Баярласандаа аав нь уймарчихлаа гэхэд Гангармаа: – Аав минь! Одоо санаа зоволтгүй шүү. Бумантөр цагаатгагдаад ирлээ. Би хот яваад ерөнхий сайдтай уулзсан. Санаанд оромгүй сонин юм болоод оо! гээд хургасан гунигийг үргээн, тас тас хөхрөв. Уунай болсон явдлыг цааш нь үргэлжлүүлж яриулахын тулд урагшаа дөхөж суугаад: – Ерөнхий сайд хэлсэндээ яг хүрчээ дээ, тийм ээ? – Би хотод буусныхаа маргааш өдөр л шууд яваад очсон. Ёстой санаанд оромгүй сайхан аз тохиож, томчуудтай нүүр тулан уулзлаа. Их ус ёроолоо тэгшилдэг, их хүн ядарснаа дэмнэдэг гэж сайхан үг шүү. Би гэдэг хүн эх орныхоо гэрэлт ирээдүй, сүр жавхланг

өөрийн нүдээр харчхаад ирлээ шүү дээ. Гонгор өвгөн уужуухнаар тайвшраад, гаансаа нэрж эхлэв. – Овоо доо охин минь. Бумантөрийг хохироосон энэ хүмүүс ёстой л нөгөө аягач, хаалгач нар нь байсан байх даа. Гангармаа бас инээд хөөр болж: – Бумантөрийн бичиж авсан хуурцгийг баримт болгож, тэдэнд шууд сонсголоо. Өөр ямар ч арга алга. Тэр бичлэгийг хийж аваагүй бол нотлох баримтгүй бас хэцүү байх байсан биз? Тэгээд л ажлын хэсгийн хүмүүс даруйхан арга хэмжээ авсан даа. Уунай хөгжүүнээр инээгээд, Бумантөр, Гангармаа хоёр руу ээлжлэн харав: – Ажил алба хашна аа гэдэг чинь асуудал тойрсон зовлон юм биш үү. Чи сайн ажилласан. Чи ч зоригтой байжээ. Та хоёр хоёулаа сайн байлаа. Суварга хайрхан минь одоо зэрэглээн дундаа амарч байгаа даа гэв. Тэгснээ, Долзмаа руугаа таалалтай мишээгээд “Гангармаа нөхрөө суллахаар хот руу явчихлаа” гэсээр ирэхээр нь бид энүүндээ итгээгүй шүү! гэхэд Долзмаа нөхрөө нудран: – Намайг Уунай загнасан шүү дээ. “Гангармааг дагаад хот руу

явчихгүй яасан юм!” гэсэн шүү. Ингэхэд, Уунай ах чинь бас баатар байлаа шүү дээ! гэхэд бүгд ам амандаа магтаж шагшраад: – Тэгэлгүй яах вэ? Бурхан өршөөсөн шүү! Уунай шиг азтай бас баатарлаг хүн говьд цөөн гэцгээв. Гангармаа яриагаа үргэлжлүүлэн: – Хадам аавтай хамт нэгдлийн боловсон хүчнээр ажилладаг байсан гээд нэг өвгөн манайд ирж, гол санааг хэлээд гарсан юм аа. Тэр үед Долзмаа эгч хамт байсан гэхэд Долзмаа: – Буруу бусармаг хүмүүсийн үйл ажиллагаа яг шимэгч хорхой шиг тогтолцоотой гээд нэг юм яриад байсан л даа. Гэхдээ би, яг учрыг нь ухаж ойлгоогүй шүү дээ! гэлээ. Гангармаа инээдээ барьж ядан: – Шимэгч хорхойны толгойг нь ховхлохгүй бол үйл лай нь салдаггүй гэсэн шүү дээ! гэхэд бүгд хөхрөлдөв. Ер нь юмыг хар бараанаар бодомгүй. Үнэний араас явахад хүрэх цэг бас байдаг юм билээ. Заримдаа ч хөгтэй бөгөөд хөнөөлтэй юм их болох юм даа. Шунахай зандалчид дахиж битгий ирээсэй дээ! Гонгор өвгөн унд

цайгаа уучхаад, Борондойн тухай ярилаа. <<…Орчлонгийн жам гэдэг хэцүү дээ. Борондой минь хондлойгоороо бууралтаад цайвар зүсмийн өвгөн тэх болжээ. Олон сайхан янгир хураасан сайхан тэх байсан. Харин, өнөөх гайхлууд сүргийг нь сайн айлгаад авсан шүү. Эхийг нь буудаж хөнөөсөн өнөөх нялх ишиг арайхийж мал болсон. Эх нь хадан дээр цагаан сүүгээ гоожуулаад, үхсэн байж билээ. Хар нялхаараа өнчин хоцорсон хөөрхий ишиг ижил сүргээ мөн дагасаар яваад, мал болохдоо ямар их зовлон туулсныг хэн ч мэдэхгүй. Мал адгуус хүртэл өрөвдмөөр юм билээ. Тэр нялх ишиг одоо хүртэл Борондойгийнхоо хажууд хэвтдэг. Биеэр давжаа бор бүрлэн байгаа. Удахгүй өсөж томроод, сайхан тэх болох биз ээ? Хааяа харахад, хадны орой дээр гараад ганцаараа майлж зогсдог. Бодвол эхийгээ одоо хүртэл ирнэ гэж

санадаг байх >> гэж ярилаа. Инээж суусан Гангармаа аавынхаа яриаг сонсоод, бас л уймарчихсан сууж харагдав. Бумантөр: – Аав аа? Борондойн сүрэг яг хаанаас харагдаж байна вэ? Гангармаа бид хоёр харж болох болов уу? – Тал дээрээс дурандахаар өглөөдөө нар дагаж гарч ирдэг. Барагтай бол хүнд үзэгдэхгүй. Би яахав? Өдөр бүр хонь дагаж, уул ширтэж явдгаараа байсхийгээд хардаг л даа гэлээ. Уунай хөлөө жийж, ор түшин лагхийн суув. Тэрээр: – Би уул руу байтугай оготны нүх рүү ч шагайж харахаа байчихсан. Ан хийхээ болиод, амар болжээ гэлээ. Бумантөр, Уунай ахынхаа мөрөн дээр зөөлөн дарж үзээд: – Танд ямар нэг зовиур байгаа юу? гэж асуулаа. Уунай толгойгоо ганхуулан ярвалзсанаа: – Урьдын адил биш болсон. Даралт ихсэх, нүд бүрэлзэх, амьсгаадах, аахилах энүүхэнд. За тэгээд, ах нь тамхиа бүрмөсөн хаясан. Хатгаа авч болохгүй, даарч хөрч болохгүй, хүйтэн юм ууж болохгүй гээд бөөций бээвий өвгөн боллоо доо гэснээ санаа

алдав. Гангармаа, Уунайг аргадан: – Ах минь! Нутаг усаа хамгаалж тэмцсэн та бүхний үйлс дэлгэрнэ ээ. Муу үйл хийсэн тэр хүмүүс буруугаа ухаарч, гэгээрч гэмшээсэй дээ. Ялангуяа сум дотроосоо хорон санаатнууд төрж, отож, урваж, шарваж байгаа нь хамгийн муухай эмгэнэл. Орлогч дарга сумынханд хөөгдөөд, нэр ч үгүй, хүнд ч үгүй зугтах шахуу явсан шүү дээ. Авгай нь авилгал авсныг нь ам алдаад, сумаар нэг яриа болсон. Хүүхдийнхээ төлбөрийг авилгал мөнгөөрөө төлсөн юм байна лээ. Уунай уур цухалтайгаар тэднийг харааж зүхэн: – Тэр өдөр сум руу яваад эргэж ирсэн бол би ядаж эрүүл саруул байх байсан юм. Авилга ам руугаа чихүүлчихээд, дуугарч чадахгүй гөлөлзөөд явсан байна лээ. Уг нь говийн хүний л үр сад. Насандаа цөвтэй муухай юм боллоо доо. Хууль түүнийг олоогүй ч гэмшил түүнийг олсон байх гэлээ. Маргааш нь Бумантөр, Гангармаагаа дагуулаад уул руу явлаа. Холоос цайвалзах усан цэнхэр манан өглөөний наранд тунарч, тунгалаг цээлхэн өнгөөр нэлмийжээ. Тээр холд хэдэн бараан юм торолзон харагдав. Тэмээ мал арай биш ээ. Сайн

харвал, Шанд руу орж яваа адуун сүрэг байлаа. Бумантөр машинаа зогсоон, тэр зүгт дурандаж харснаа “Манай хэдэн адуу л байна. Эрмэг алагч гүү унага дагуулжээ. Уунай ах энэ зун гүү барина гээд байсан нь аргагүй юм байна! Азарга адуу арваад унагатай харагдаж байна ” гэлээ. Урд өдөр орсон борооны чийг хөрсөндөө шингэж, нойтон таанын толгойноос цэгээн манан тунарчээ. Нар дээшээ хөөрөхөөс өмнө тэд ууланд давхиж ирэв. Бумантөр, Гангармаагаа тэврээд, тэр чигээрээ дээшээ алхчихав. Гангармаа ханийнхаа энгэрээс тас хүзүүдээд, нүдээ аньжээ. Сахалтай хацранд нь духаа наагаад хэсэг явж байснаа өрөөсөн нүдээ нээж харав. Нэлээн дээр гарч, үхэр хадны сүүдэрт ирлээ. Бумантөр, Гангармааг буулгаад, газар завилан суулаа. Гангармаа инээд хөөр болж: – Тэмээ унаж яваа хүн шиг хол хол алхаад, чи минь гоё байна шүү! Хүүхдээ төрсний дараа чамаараа уул руу үүрүүлнэ ээ. Одоо давхар биетэй болохоор үүрүүлж болохгүй байна л

даа. – Төрсний дараа чамайгаа үүрч, уулын оройд гаргана аа. Ханийгаа үүрч явах хамгийн жаргалтай. – Хоёулаа хүүтэй болох болов уу? Охинтой болох болов уу? – Эрүүл саруул төрж л байвал аль нь ч хамаатай юу? гэлээ. Бумантөр завилан суунгаа холын уул руу дурандаад: – Борондойн сүргийг олж харлаа! Зөндөө олон янгир байна шүү дээ. Дөрөв таван ишигтэй бололтой харагдана гэхэд Гангармаа тэр зүгт саравчлан “Хаана? Хаана?” гэлээ. Бумантөр хөлөө жийн суугаад, хормойгоо дэлгэв. Гангармааг хоёр хөлийнхөө хооронд суулгаад, нүдэнд нь дуран барив. Гангармаа гүйлгэж харснаа уулсын оройг олж тогтоов. – Доош нь гүйлгээд хар! Сүүдэр туссан элгэн хүрэн хад руу буулга. – Хана дагасан шувууны баастай том цохио юу? – Зөв зөв… Жаахан баруун тийш… – Нар туссан хадны дэргэд… Аан харлаа харлаа… Битгий хөдлөөрэй… Еэ хөөрхөнөө ишигнүүд нь хад дамжаад тоглож байна. Яг хүүхэд шиг хөөцөлдөөд… – Борондойг зүүн тийш хайж хар! Хадны орой дээр ганцаараа хэвтэж байгаа. – Байзаарай.

Байзаарай… Тийм байна шүү дээ. Борондой чинь бор биш саарал болчихсон байна шүү дээ. – Тийм ээ! Аав өчигдөр хэлсэн шүү дээ. Янгир өтлөхөөрөө бууралтдаг гэж… – Өрөвдмөөр юм аа. Энэ сайхан хангайн амьтад өн мөнх оршоосой гэлээ. Тэр хоёр үд болтол хөөрөлдөн, говь руу хараа сунган дурандаж сууцгаалаа. Тэртээ холын мөөмөн толгодууд эх хүний цээж шиг дороосоо түрэн төмбийжээ. Энэрэл шингээсэн шаргал өнгө нь хүүгээ амлуулахаар энгэрээ сөхсөн хөхүүл эжий шиг элгэмсүү харагдав. Аав ээжийн амгалан нутаг харааны бяд шалган дуниарч байгаад, үд дундын үед бороо хаялав. Бумантөр алсад цайран орох борооны үүлс рүү заагаад: – Би бага байхдаа буурал ээжтэйгээ тэнд аргал түлээ түүж явлаа. Цээлийн хөндий шүү дээ. Урдаа Буур хадтай. Буур хадны нөмөрт нэг булаг байдаг. – Ингэхэд нэг сонин юм дуулгая! Наранхолбоо гэнэт ятга авна гээд ээ. Би хотоос хөгжмийн дэлгүүрээс авч өгсөн. Одоо түүнийгээ сурна гээд хуруугаа эвэрштэл оролдож байна. Тэр бүү хэл “Зарим аянуудаа мартчихжээ. Нэг л болж өгөхгүй байна” гэж ярьсан шүү.

Сонин байгаа биз? Бумантөр цээж налан суугаа цүдгэр гэдэстэй ханийнхаа хүзүүн дээр үнсээд: – Би анзаараагүй ээ. Нээрээ бодоход ятга хөгжим их сонин. Манай эмээ ээж ятга тоглодог хүн байсан юм. Мойног хуруутай мөртлөө сайхан ая тоглодог. Гэрийнхээ хоймор зүүн талд хананы толгойноос зүүчихсэн байдаг байж билээ. Саранжаргал эгч л ятга тоглож сурсан даа. Эмээгийн талаар их юм мэддэг байх ёстой. Би жаахан байсан болоод сайн санахгүй байна гэв. – Аав чамд юм ярьдаггүй байсан уу? – Үгүй харин ээж маань ярьж өгсөн. Ээжийн ярьснаар бол аавын ээж зүүн говь руу нутагладаг хүн байсан юм билээ. Тэр үед Түшээт хан аймгийн Ачит гүний хошууны Гүн шавагтай гэдэг газар малчин айлын охин байжээ. Бага наснаасаа л үзэсгэлэнтэй сайхан охин байсан гэдэг. Хөгжим чадварлаг тоглож, бас их сайхан дуулдаг байжээ. Тэр үеийн нүүдэлчний театрт хөгжимчин байсан болов уу? Талын зээр шиг сэргэлэн сайхан бүсгүй болж байтал эцэг эх нь өнгөрч, өнчин ганцаараа хоцорсон бололтой. Хошуу ноёны нэг залуу хайр сэтгэлийн холбоотой гэж ээрч хоргоодог байсан юм уу

даа. Харгис балмад зантай шунаг ноёны хүүтэй суухгүй гэж дургүйцээд, өөвгөр бор гэрээ хоёр тэмээнд тэнцүүлж ачаад, нохойгоо дагуулан нутгаасаа оргосон гэдэг. Арваад хоног яваад, баруун говь руу нэлээн гүн оржээ. Намар цаг байсан бололтой. Ойр хавьд айлууд хараахан намаржаалаагүй байсан учраас тал дээр ганц гэр буужээ. Айл намарждаг бололтой ундарга сайтай нэг худгийг сахиж буугаад, амь гол залгуулан амьдарч байтал удалгүй нэг айл нүүн иржээ. Арав орчим насны хүүтэй, гуч эргэм насны залуу эр худаг дээр ирээд, ядарсан бүсгүйтэй танилцан, улмаар тусалж дэмжиж эхэлжээ. Арваад ямаа, ганц саалийн үнээгээ тасалж тууж авчирсан хэрэг. Өнөөх бүсгүйн гэрийн ойруур яваад өнгөрөхөд, ятгын аялгуу эгшиглээд, нэг л сонин. Сэтгэл татам. Өнөөх бүсгүй бас уран цээлхэн хоолойгоор дуулж суудаг байжээ. Ингээд залуу эр бүсгүйнд ортол хажуу талаараа бага

зэрэг цуурсан хуучны ятга өвөр дээрээ тавьчихаад дуулж байж гэнэ. Тэр цагаас хойш эр хүний сэтгэлийн уяа алдуурч, сүүлдээ бууж мордож яваад, сэтгэл зүрхээ холбожээ. Залуу эрийн өөрийн эхнэр нь хүний амьдралын зовлон жаргалыг мэддэг, өрөвч зөөлөн сэтгэлтэй бүсгүй байж. Нөхрийнхөө байдлыг мэдээд, уурлаж уцаарладаггүй байж гэнэ ээ. Нөгөө Уунай ахын ээжийн ярьснаар “Хүнлэг чанар хэзээ ч туйлддаггүй юм” гэсэн үг үнэн байлаа. Ингээд жилийн дараа аав маань төрсөн хэрэг. Аавын ах Пүрэвсүрэн гэдэг хүн байн байн гүйж ирээд, аавтай тоглож байгаад явдаг байсан гэнэ лээ. Хоёр айл бараа бараандаа нутаглаж, худаг зайдлан буугаад, хэдэн малаа адгуулж, амар тайван амьдарсаар байтал тэр жил аян жинд явсан залуу эр буцаж ирээгүй бололтой. Гангармаа, Бумантөрийн яриаг сонсож сууснаа: – Байзаарай! Ээж чинь ингэж ярьж байсан бол энэ талаар чи яагаад мэддэггүй байсан юм бэ? – Би хүмүүсийн ярьсан яриаг санаад,

хооронд нь нэгтгэж ойлгосноо л өгүүлж байна. Уунай ахын ээжийг ярихад сонсон зүйлүүд гэнэт санаанд буусан юм аа. Аав хүртэл надад “Аав нь бутач хүүхэд. Гэхдээ аав, ах нартайгаа хамт өссөн азтай. Намайг бутач гэхгүй байх аа?” гэдэг сэн. Аян жингийн гашуудалтай тэр намар хоёр бүсгүй нэг нэг хүүтэйгээ хоцроод, цаашдаа хэдэн жил хамт нутаглаж, амьдралын шуурганд тэмцэж иржээ. Сүүлдээ манай эмэг эх аавыг аваад, урагшаа нүүсэн. Өнөөх эмэгтэй хүүгээ аваад, суманд очсон. Аавын ах Пүрэвсүрэн ааваас арваад насаар ах байсан. Удалгүй гэрлэж бараалаад, сумын сахиул, анчин гээд төр нийгэмдээ зүтгэж яваад, бурхан болжээ. Тэр хүний ганц хүү нь Уунай ах. Таржид гэдэг өвгөний бага хүү нь би энд сууж байна даа. Гангармаа нөхрийнхөө гарнаас атган: – Хоёр айлын ээжүүд нөхрөөсөө нэг нэг дээлийн товчтой л үлдсэн юм байна. Одоо бодоход, тэр хүн амьдралын төлөө хэчнээн ачлал тэмцэлтэй хоёр хүүдээ хайртай хүн байж ээ. Хэдийгээр онцгой хатуу тавилан туулсан ч гэлээ уучилж болмоор зөөлөн амьдрал шүү! – Тийм ээ хайрт минь! Бусдад гай болоогүй.

Амьдралынхаа жамаар гэмгүй яваад л хорвоог элээсэн өвөг дээдэс минь шүү дээ. Саранжаргал эгч нэг удаа ярихдаа “Ятгын эгшиг говь талыг сэргээж өгдөг. Усны чимээ санагдуулдаг. Эмээгээ ятга тоглож байхыг харахаар залуу бүсгүй шиг болчихсон байдаг. Ятгын эгшиг тэр хүний сэтгэлийн уй гунигийг сэргээж өгдөг байх. Хамгийн суулд бурхан болохдоо ятгаа толгой дээрээ тавиулж байсан ” гэж ярьсыг бас санаж байна. Гангармаа: – Саранжаргал эгчийг ирэхээр лавлаж асууна аа – Тэгээрэй. Ер нь хүн өөрийнхөө үргэлжлэлээр тасралтгүй мөнх амьдардаг байх. – Харин тийм ээ? Би Наранхолбоог ятга ярихаар нь их гайхсан шүү. Гангармаа борооны бөнжигнөсөн өвсний толгойг хуруугаараа илээд, ингэж асуув. – Миний хань цаашдаа юу хийх бодолтой байна даа? – Хүүхдээ төрүүлээд, ажил амьдралаа бодно оо.

Цэцэгт нугаа өргөжүүлээд, тэнд амралтын газар байгуулна гэж бодож байна. Говийн гайхамшгийг тэнд бүрдүүлнэ ээ. Чи минь элдэв юманд санаа зоволгүй бай. Эсэн мэнд амаржихаа л бод! – За ойлголоо. – Хоёулаа сайхан амьдарна аа. Говь нутаг амгалан байвал хийх ажил их, сайхан амьдрал өмнө минь дурайж байна. Говийн шаргал нар сэрвэн уулсаа дэрлэн буухад сэрүүн салхи сэр сэр үлээв. Хөх ногооны униар суунаглан, таанын үнэр хамар цоргилоо. Үдшийн бүрийтэй залгангуут дорнын талаас саран мэлтийлээ. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…