Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “20-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “20-Р ХЭСЭГ”

16 секунд уншина
0
0
304

Цаг гаруй нисээд онгоц газардлаа. Түмэн олон холхисон, хот газрын хатуу цардмал хөрсөн дээр гурвуулаа бууж, мод зүлэг алагласан төв гудамжаар орж явчихлаа. Энэ удаад, Бумантөрийн бага ах нь тэднийг

Буянт-Ухаагаас тосчээ. – За сайн явж ирцгээв үү? Хөөх, хүүхдүүд том болжээ. За алив, авга ах нь үнсээд орхиё! гэснээ барьж яваа гар утсаа халаасандаа шургуулаад, тохойгоо сунган тослоо. Наранхолбоогийн

хоёр мөрөн дээрээс барьж, жигтэйхэн ширтэн харснаа “Ээ хөөрхөн өө! Говийн хүүхэд гэмээргүй, гоё ганган охин болжээ. Бага авга ах нь бүүр жааханд нь л харсан шүү дээ. Яагаав! Аавыг хотод байхад ирээгүй юу

даа! Хоёрхон сартай байсан санагдана. Аан тийм ээ? Дараа нь аавыг бурхан болоход би нэг очсон шүү дээ. Тэгэхэд жоохон байсан л даа” гээд шүлсдэн үнэсэв. Бага хүү рүү харснаа “Хөөх бас нэг аймгийн

заан… аавтайгаа усны дусал шиг адилхан ханхүү байна шүү. За, алив ах нь үнсье!” гээд тэврэн авав. Гангармаагийн өмнө ирснээ хөл гар руу нь гүйлгэн хараад, дохигор гараа дэлгэн золгов. “За даа. Гэртээ хүлээж

сууж золгуулах ёс номтой байтал өөрөө гүйгээд ирлээ дээ. Ингэхэд, манайхаар очоод буцна биз дээ? Хүлээж суултай нь биш гээд онгоцны буудал дээр золгоцгоолоо доо!” гээд арагшаа ухрав. Шалан дээрээс ачаа барааг шүүрэн авч, шилэн хаалгаар гадагшаа зүглэв. Архи тамхины эхүүн үнэр ханхийгээд явчихсанд Гангармаагийн дотор муухайрчихлаа. Бага ах, таксины цонхийг хаалганы ирмэгэнд тултал нээгээд, тухтай гэгч тохойлдож аваад тамхиа асаалаа. Тэрээр: – Та хэд том ахынд буугаад хоцорчих! Хэд хоногоос манайд оч! Ингэхэд, та нарын паянг дуулсан, дуулсан. Бумантөр буруу юм хийсэн байна лээ гэх нь тэр. Түгжрээн дунд халууцан тавгүйтэж явсаар хойшоо эргээд, хорооллын сүрлэг барилгуудыг сүлжин орлоо. Бумантөрийн том ахын

гадаа ирж зогсов. Гангармаа таксинаас буугаад, өндөр байшин руу өлийж харснаа жаахан ч атугай уужрах шиг боллоо. Бага ах урд суудал дээр шигдэн суугаа чигээрээ “Найман мянга гарчээ. Гангармаа!” гэлээ. Гангармаа цүнхээ уудлан, таксины мөнгийг төлөв. Бага ах: – Ах нь эднийхээр орохгүй ээ! Бэргэн эгч намайг үзэж чаддаггүй юм. Архины үнэрт харшилтай авгай байгаа юм. Ахдаа хорин мянган төгрөг түр зээлээч! Буцахаас чинь өмнө өгчихнө өө!” гэлээ. Гангармаа цүнхээ уудлан, гуйсан мөнгийг нь тоолон өглөө. Бага ах өнөөхийг духандаа хүргэн, адислаж аваад: – Цахилгаан шат үүдэнд нь хүргээд өгнө өө! Долоон давхар зуун гучин зургаан тоот шүү дээ! гэчихээд яваад өгөв. Наранхолбоо жижиг цүнхтэйгээ өргөн, дүү нь том цүнхтэйгээ чирээд, өргүүр шатанд орлоо. Булцгар гараараа долоон давхрын товчийг хөндөв. Гангармаа хүүгээ өхөөрдөн хараад: – Миний хүү, сайн мэдэж байна аа? гэхэд хүү нь: – Киноноос харсан. Өргүүр шат

яг л ийм байдаг гэв. Том ахын эхнэр хаалга тайлж өгснөө дуу шуу болон угтав. Хүүхдүүдийг барьж үнсээд, Гангармааг тэврэн авлаа. – Эгч нь ганц хоног амарч байгаа. Өнөөдөр та хэдийг ирнэ гээд хүлээж байлаа. За ийшээ сууцгаа! гээд зочдын өрөө рүү тэднийг урингаа өөрөө гал тогооныхоо гоёмсог вандангаас хоол цай дөхүүлэн, мөн ширээ дүүрэн амттан шимттэн өрлөө. Хүүхдүүд бусад өрөөгөөр гүйлдэн орж, жижиг хав нохойг нь эрхлүүлэн хэсэг тоглов. Том бэргэн дуу шуу болон: – За, та хэд замдаа ядарсан уу? Ингэхэд чиний гэдэс нэлээн том болжээ. Таван сартай байх! гэхэд Гангармаа инээмсэглэн, толгойгоо дохилоо. Том бэргэн эгч: – Ах чинь ажил, ажил гэсэн хүн. Өглөө гараад орой. Манай хотод чинь завтай хүн байдаггүй юм. Аавыг байхад заримдаа арван дөрөв, чадвал долоо хоноод л очдог байлаа шүү дээ. – Харин тийм ээ! Хот газар аргагүй дээ. Би Бумантөрд санаа зовоод байж, сууж чадсангүй. Арга буюу хоёр хүүхдээ дагуулаад ирлээ.

– Ирээд яах гэж байгаа билээ? – Яам, төрийн томчуудтай уулзана. Учир байдлаа үнэн мөнөөр нь тайлбарлая! гэхэд бэргэн эгч тас тас хөхөрснөө, жирэмсэн хүнийг хүндэтгэе гэдэг утгаар дуугаа зөөлрүүлэн: – Гангармаа минь дээ! Чамайг байтугай манай нөхрийг ч хүлээн авч уулздаггүй эрхэмсэг сайдууд хэцүү. Тэр болгон хүлээн авч уулзахгүй л дээ. Дугаар дарааллаар орж, урьдчилгаа захиалга өгч байж, олон хоногийн дараа цаг авч уулзах байлгүй дээ. Санааны зоргоор юм биш! гэлээ. Гангармаа: – Эв аргыг нь олохыг хичээе. Сайд нар гэхээрээ хүнтэй л адилхан хүн байдаг биз дээ? Гэр бүл хүүхэдтэй юм байгаа биз дээ? гэхэд бэргэн мөн инээд алдан: – Хөдөөний хүмүүс ийм л дураараа байх юм. Хотын соёлыг огт мэдэхгүй. Эгч нь үнэнийг л хэлж байна. Бусад хүмүүс бол хэнд ч бодлоо хэлэхгүй. Үхэж байсан ч холуур тойроод л өнгөрнө. Хотын амьдрал ийм. – Хүн хэлээрээ мал

хөлөөрөө гэдэг үг бий эгч минь! Таны зөвлөгөөг ойлгож байна аа. Нөхрийнхөө төлөө уйлж, дуулаад ч болтугай явахаас өөр арга алга аа. – За, Гангармаа минь зурагт радио, хэвлэлийнхний од болчихов! Хэдэн сурвалжлагч гүйж очоод, зураг авч, ярилцлага хийнэ шүү. Хамаагүй дураараа муйхарлаж болохгүй. Мэдээгээр гарвал ахын чинь нэр нүүр баасдаж, ашиг орлого нь буурна шүү! – Тийм хэцүү асуудал байдаг юм уу? – Тэгэлгүй яах вэ? Та нарын хөдөө газар уйдаж суудаг шиг, биш! гэлээ. Бүтэлгүй, болохгүй гэсэн мөргөцөг үгэнд бүдэрсэн Гангармаа урам хугарсан байдалтай хэсэг суулаа. Бэргэн эгч, амтат чихэр жимс ам руугаа явуулаад: – Ингэхэд, та хоёр мөн тэнэг ажил хийжээ! Говь нутгаа хамгаалж байна гэж ажил албагүй болтлоо алдаж эндэж явахаар өгсөн авилгыг нь хав дарж авчихаад, хотод байртай болчихгүй яасан юм бэ? Тэр яриад байгаа шударга ёс энэ тэр бол зүгээр л үлгэр. Одоо цагт залуу хүмүүс сайхан амьдрах хэрэгтэй. Ядаж

бие хаа муутай болохоор та хоёрт мөнгө л хэрэгтэй шүү дээ. – Эгч минь говь нутаг усгүй болчихвол бүгд л харангадаж үхнэ биз дээ. – За яршиг! Юун хэнээтэй хэнхэг хүмүүс вэ? Алтаа ухна уу? Мөнгөө ухна уу? Сэндийчээд хаяна уу? Сийчээд орхино уу? Бидэнд огт хамаагүй. – Тэгж ярьж огт болохгүй. Говь бол бидний гэр. Бидний ах дүүс, амраг садан, үр хүүхэд амьдарна шүү дээ. – За даа, манай гурван хүүхэд гадаад руу гараад явсан. Өвгөн бид хоёр ханхай байранд хоёулхнаа байж л байна. Чамд гэж хэлэхэд, Гангармаа минь! Бумантөр том ахаасаа үлгэр жишээ авмаар байгаа юм! Ахыгаа хар! Хүний дайтай амьдарч байна. Би ахын чинь буянд гачигдаж явсангүй ээ. Бүх юмыг л өмсөж зүүж, эдэлж хэрэглэж ирлээ. Бумантөр арай дураараа өссөн хүүхэд. Эхнэрээ жирэмсэн байхад ингээд явуулж байдаг. Уг нь амьдрал гэдэг чинь өөр зүйл шүү дээ. Юун тэр газар нутаг! Хэнд хамаатай билээ? Хувиа л хичээж, орлого ашгийн төлөө үзэлцэх хэрэгтэй шүү дээ! гэснээ босоод явчихлаа. Гангармаад үнэндээ хэлэх үг олдсонгүй. Бэргэн эгч бол бодлоо л хэлж байгаа хүн. Энэ хүн толгойдоо сууснаа л гэм харгүй

ярьж байгаа байдал. Нэгэнт иймээс цааш бухимдаж гутаад ч яах билээ? Сөргөж маргаад ч хэрэггүй. Өөрийн бодол өөрт нь зөв гэдэг биз дээ? Аль болох тайван байгаад, маргааштайгаа золгох минь гэж бодлоо. Оройхон том ах дуу шуутай хүн орж ирэв. Бага хүүгийн толгойг илж өхөөрдөн, аавтайгаа адилхныг гайхан бахадлаа. Тэрээр: – За тэгээд тэмцэл өрнүүлэх гэж яваад, засгийн газрын ордонд төрчихөв дөө! Та хоёр мөн ч гэнэн хүмүүс шүү. Төрийн бодлогыг эсэргүүцэж, түмэн олныг бужигнуулж, компаны ажлыг самууруулсан гэх чив лээ. Сумын дарга гээд онгирч, бусдын ажлыг урж явахаар, эвтэйхэн сүлбэлдээд, ахиухан мөнгөтэй болохыгоо бодохгүй дээ! Тэнэг хүн шүү! Одоо цагт, мөнгөгүй амьдрал хаана ч байхгүй. Тэр шударга журам, нутаг орон, энэ тэр гэдэг чинь зүгээр л шоу! Бүх юмны цаана мөнгөний бодлого явдаг. Эх оронч гээд бархирч байгаа хүн мөнгө салгаад л арилдаг шүү дээ. Гангармаа ганц үг ган хийсэнгүй. Сонсоод суугаад л байлаа. Мөнгөнд харамсаж, отгон дүүгээ буруутгасан хүмүүс

ор дэр засч өгөөд, өрөө рүүгээ орцгоолоо. Маргааш өглөө нь Гангармаа, Том ажаа руугаа утасдаж ярилаа. Нарантуул руу явж байсан эгч нь микро автобуснаасаа буугаад, шууд ирж уулзлаа. Тэрээр: – Ээ бурхан өршөө! Та гурав чинь хэлэлгүй гэнэт ирчхэв үү? Бүгд сайн уу? Бумантөрийн ажил хэцүүдсэн гэж дууллаа. Гэхдээ зүгээр ээ. Гангармаа минь санаа зовоод байх хэрэггүй! Залуу хүн алзахгүй гараад л ирнэ. – Та юу яриад байгаа юм бэ? Би удахгүй төрнө. Бумантөр нэг жил лав болох байх. Хийгээгүй хэргийнхээ төлөө хохирол амсалтай биш! Гэм хийгээгүй байж хэлмэгдэх ёсгүй биз дээ? – Тийм ээ! эгч нь мэдэж байгаа. Чамайг л тайвшруулах гэж ингэж хэлэхгүй юу даа. Одоо тэгээд яах билээ? – Та хоёр өдрийн зав гаргаж, надад туслаач! – Тэгэлгүй яах юм бэ? Эгч нь буцтал чинь тусална аа. – Та хоёр хүүхдийг маань хотоор дагуулж, <<хүүхдийн парк>> үзүүлээд, гэртээ аваад хариарай. Хоолонд оруулаад, үзвэр үйлчилгээ, өөр сонирхох юм хотоор байвал үзүүлээрэй. Хоол ундаа сайн идээд, хамт зугаалж байгаад хариарай. – За тэгье ээ. Харин чи жирэмсэн байж хаачих гээд байна даа? Хөл чинь

өвдөж байгаа юу? – Саранжаргал эгчийн авчирсан хиймэл хөл, гар надад маш сайхан тохирч байгаа. – За за, Тэгвэл яамай! Хэн ч анзаарамгүй сайхан л бүсгүй харагдаж байна. За баяртай. Орой эрт очоорой! Эгч нь хоёр хүүхэдтэй нь хүлээж байя! Ингээд Гангармаа шууд төрийн ордон руу явлаа. Арын төмөр хайсны үүдэнд харуулын хүмүүсээс сураглан, ерөнхий сайдын биет төлөөлөгчийн утсыг олж авав. Тэрээр: – Би говиос ирсэн таван сартай жирэмсэн бүсгүй хүн байна аа. Бага насны хоёр хүүхдээ хөтлөн ирсэн юм аа. Говийн угалзанд аавыгаа хайж яваад, хөл гараа хөлдөөж тайруулсан золгүй хүн байна аа. Манай нөхөр сумын дарга хийж байгаад, уул ус газар нутгаа хамгаалсныхаа төлөө нэг жилийн ял авсан. Би маш хэцүү байна. Та ерөнхий сайдад уулзах хүсэлтийг минь дамжуулж өгөөд, энэ утсаар хариу өгөөрэй. Би засгийн газрын үүдэнд хүлээж байя! гэлээ. Ингээд өдөржин хүлээв. Арван таван цагийн үед утас дуугараад: – Та говиос ирсэн бие давхар эх мөн үү? – Тийм ээ? – Та хаана байна вэ? – Би

одоо болтол үүдэнд суугаад хүлээж байна. – Уучлаарай. Төрийн албаны ажлыг та хүндэтгэн ойлгоорой. Ерөнхий сайд маань маш их ажилтай. Гэхдээ таньд зориулан цаг гаргаж, зориуд уулзахаар боллоо. Манай төлөөлөгчийг дагаад орж ирээрэй гэлээ. Гангармаагийн хөл гар чилж, хөлс нь асгараад нэлээн ядарсан байдалтай сууж байтал хар өнгийн костюм, цагаан цамцтай залуухан эр хүрч ирээд: – Та Гангармаа гэдэг хүн мөн үү? – Мөн мөн. – За та намайг дагаад ор доо! гэлээ. Төрийн ордондоо анх удаа орж8 ерөнхий сайдтайгаа гар барин мэндчилэв. Санаж байсныг бодвол эгэл жирийн хүн байлаа. Тэрээр: – Таныг өглөө хүлээн авч уулзах гээд чадсангүй. Цагийн хуваарийн дагуу хэд хэдэн чухал ажлууд үргэлжлээд сая дууслаа. Манай говь нутгаар сайхан зун болж байгаа сурагтай. Та сайн явж ирэв үү? – Тийм ээ энэ зун онцгой сайхан зун болж байна. Өчигдөр онгоцоор нисэхэд бороотой байсан. – За ашгүй дээ. Та ямар ажлаар наашаа зорив доо? гэхэд Гангармаа бүх үнэнийг нэгд нэгэнгүй тайлбарлаад, Бумантөрийн хадгалж байсан хуурцгийг ерөнхий сайдад өгөв. – Хууль бус уурхайчдын үг яриаг

нөхөр маань бичиж баталгаажуулж авчээ. Нөхөр маань сумандаа Цэцэгт нуга байгуулж, говь нутагт үлгэр жишээч ажиллаж байтал нутгийн аль ариун дагшин газарт уурхай ухна гэсэн хэсэг хүмүүс ирж, олон сар зовоолоо. Ард түмэн ч тэмцсэн гэлээ. Ерөнхий сайд албаны хүмүүсээ дуудан бичлэгийг шалгаж үзэв. <<Сахарын цөл шиг газарт хатаж үхлээ байна. Маргааш болтол хүлээж чадахгүй. Бид цаг нартай албанд цалин мөнгөтэй ажиллаж яваа хүмүүс. Таны дураар саатаад баймааргүй байна>> гэснээ <<За даа, тэмээ дөчин литр ус уудгийг одоо л мэдлээ. Маргааш яг арван таван таван цагт бичиг баримтаа аваад, дараагийн ажилдаа орно шүү. Уурхай үндсэндээ ухаж эхэлнэ ээ…>> гээд таг боллоо. Өнөөх эмэгтэйн дуу дахин: <<…Дарга минь юуг нь нуух билээ? Таны гэр бүлд хэрэгтэйгээр шийдье! Эхнэр чинь бие муутай гэж дууллаа. Эмчилгээнд нь зарцуулаарай. Хотод бол хоёр өрөө байрны үнэ шүү дээ. Энэ мөнгийг аваад, асуудлыг шийдээд өгчих! >> гэснээ сандал ширээ түжигнэн хэсэг паржигнаж байснаа арай зөөлөн дуугаар: <<Дарга минь ээ? Одоо цаг үе бол өөр шүү дээ. Таны

буруу байхгүй. Гэхдээ та боломжийг атгах хэрэгтэй. Нэг л мэдэхэд та, сумын даргынхаа халааг өгнө. Тэр үедээ харамсах байх шүү. Шинэ дарга шан харамж авч сураагүй байдаг юм аа. Аргагүй…аргагүй. Бид ойлгоно. Олон юм яриад хэрэггүй, дор нь шийдчихье! >> гэв. Тэгснээ өрөөгөөр нэг орилж хашхираад: <<Дээлээ нөмрөх чинь дутаа юу? Шоронд чинь хатаагаад өгч чадна шүү! Доголон хүүхэндээ толгойгоо мэдүүлсэн мал вэ чи!>> гэж байна аа. Тэнд зогсож байсан хүмүүсийн нүүр улайж, эвгүй байдалд орлоо. Гангармаа өөрийн эрхгүй уйлж эхлэв. “Үнэн гэж байдаг бол үнэнийг мэдмээр байна. Хууль гэж байдаг бол хуулийн ивээлд амьдармаар байна. Говь гэдэг чинь элсний цаана нуугдсан эмгэнэлт газар биш. Тэр чинь эх орны минь нэг хэсэг. Тэнд хүн зон амьдарч байгаа. Говийн хүмүүс эрх ашгийнхаа төлөө санал бодлоо хуваалцах эрхтэй. Би гэхэд аавыгаа хайж яваад, угалзанд төөрөөд, гар хөлөө хөлдөөсөн эгэл жирийн малчин хүн. Манай нөхөр

говь нутгийнхаа сайн сайхны төлөө тэмцэж ирсэн жирийн малчны хүүхэд. Би илүү их юм тайлбарлаж мөнгө төгрөг гуйх гэж ирээгүй. Албан тушаал ч гуйгаагүй. Чухам үнэнийг үнэнээр нь ил гаргаж өгөөч! Эр нөхрийг минь цагаатгаж, шоронгоос гаргаж өгөөч гэж хүсч байна. Эх орныхоо төлөө тэмцсэн хүн ял зэм авдаггүй гэж хуулинд заасан шүү дээ” гэлээ. Ерөнхий сайд хэлэх үгийг бүрэн сонсоод: “За ойлголоо. Би ажлын хэсэг томилоод, нэн даруй арга хэмжээ авна аа. Энэ талаар онцгой анхаарна. Таныг надтай уулзахаар хүсэлт тавьсныг би онцгойд нь анхааран үзсэндээ баяртай байна. Хүлээлгэсэнд хүлцэл өчье. Та хүүхдүүдээ дагуулаад, нутаг орондоо санаа амар буцаарай. Таны энэхүү эрэлхэг тэмцлийг миний зүгээс бишрэн хараад, үнэхээр их бахархаж байна. Манай говьчууд ийм л сайхан сэтгэлтэй, баатарлаг хүмүүс шүү дээ. Танай гэр бүлд аз жаргал хүсье. Монголын олон олон залуучуудад үлгэр дуурайл болж, эх орныхоо төлөө бахдам

амжилт гаргаарай!” гээд үзгээ бэлэглэжээ. Ингээд, санасныг бодоход бүх зүйл амархан бүтэж, баяр хөөр цалгин бялхлаа. Хоёр хүүхдийг нь Том ажаа дагуулан явж, өдөржин зугаалцгаажээ. Хүүхдийн паркад үзсэн бүхнээ хүү нь эхдээ яриад, завгүй хүн байлаа. Наранхолбоо номын дэлгүүрээс баахан зурагтай ном, олон өнгийн үзэг, усан будаг, нотны дэвтэр гэх зэрэг зөндөө юм авсан байв. Тэрээр ээжийнээ хажууд суугаад: – Ээж ээ! Би хөгжмийн дэлгүүрт очмоор байна. Тэндээс ятга хөгжим авмаар байна гэлээ. Гангармаа гэнэт зогтусан: – Яагаад заавал ятга гэж? – Мэдэхгүй ээ! Би заримдаа ятга тоглож байна гэж зүүдэлдэг. Ер нь ятга маш сайхан аялгуутай хөгжим шүү дээ. – Тэг дээ. Аавдаа ятга тоглож өгөөрэй. – Баярлалаа ээжээ! – Аав нь гэмгүй гэдэг нь батлагдсан. Бид гурвын ирсэн ажил өдөртөө бүтнэ гэж санасангүй. Ерөнхий сайд чинь зүгээр л энгийн хүн байна лээ шүү дээ. Гэхдээ намайг өрөвдөөд, аргагүйд уулзах шийдвэр гаргасан байх л даа гэхэд

Том ажаа: – Тийм байх байлгүй дээ гэв. “Толгойны бөөс түрийд очноо” гэдэг ч муухай үг шүү. “Хаанаасаа хаалгач нь, Хатнаасаа аягач нь ” гэдэг ч үг бий. Ер нь аливаа асуудал дээр дооргүй, хол ойргүй их хэцүү болжээ гэлээ. Тэр гурав ах эгчийнхээрээ зочилж, долоо хоноод буцлаа. Бумантөрийн бага ахынд очиж хонохдоо шөнө дүл болтол ярьж суув. Бага ахад Гангармаа сэтгэлийн угаасаа хэдэн үг захив. Бага ах өөрийн эрхгүй буулт хийж, их зүйл ойлгосон гэлээ. Цаашдаа архи уухгүй гэж амлав. Гангармаагийн уйлж гуйсан үг бүхэн үнэтэй гэдгийг бага ах эрхбиш ойлгож авсан биз ээ? Хүний амьдрал гэдэг нь… Жаргал зовлон, сайн муу, баяр гунигийг өөр дээрээ өргөж явдаг гэрэл сүүдрийн тусгал гэнэм. Нэгэнт хорвоогийн жам учраас гэрэл сүүдрээс ангид байх аргагүй. Гэрлээс сүүдэрт, сүүдрээс гэрэлд гарах нь хувь

хүний сонголт ажээ. Хаалгаар буригнах цасан хойморт шуурч, сэтгэл жиндүүлсэн өдөр бий. Тооноор гийх наран хойморьт бууж, сэтгэл дулаацуулсан өдөр бий. Гэрийн хоймор, сэтгэлийн хоймор тань гэрэлтэй байгаасай л гэж залбирдаг шүү. Илүү хүсэх, сүйдтэй юм юусан билээ? Онгоцны дуу хүнгэнэсээр хэвлий талд орж ирлээ. Алгуурхан уналт хийж дугуйгаа буулгахад анхилхан үрс давхийн сэрээд, цонхоор харцгаав. Энэрэлт зөөлөн хөрс өлмий дороос тосчээ. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *