Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “19-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “19-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
0
319

Гангармаа модот цэцэрлэг дотор охиноо дагуулан явахдаа инээд баясал аз жаргалаар бялхаж байлаа. Ай даа, амьдралын мартагдашгүй хүнд даваа бүхэн цаг хугацааны эрхээр элээгдэж, сүүлдээ илааршиж,

эдгэдэг жамтай юм сан уу? Тэрээр гоёмсог дэгжин сүүдрэвчний дор ороод, наранд өвдгөө ээн суулаа. Уулсыг дөнгөж өндийсөн өглөөний наран эгц өөдөөс төөнөн, цогтой илчээрээ өвөр дулаацуулан

гэрэлтэнэ. Нүдээ анин суухад аньсганд нуугдсан харанхуй нэгэнт ялагдан, харин ч өнгө өнгийн солонгон гэрлүүдээр нэвчих мэт санагдав. Нарны гэрэл нэн таалалтай байгаа тул сайхан

дурсамжуудаасаа хүлхэж, бодолд автан хэсэг суулаа. Гангармаа амьдралынхаа гэрэлт ирээдүйг угтан тосоод, яг бие даан дэвэн нисэхээр завдсан тэрхүү эмзэг хонгор насандаа золгүй байдлаар

эрсдэж, амиа алдах шахсан билээ. Арван наймхан нас бол зуны сарын цэцэг шиг бурмын амттай нас. Амь аврагдсан ч гэлээ амьдралыг хөдөлгөгч хүч болсон гар, хөлөө алдаж, цоо эрүүл хүн биш боллоо.

Хормын зуур тохиосон гай зовлон ганцхан жилийн дотор гуниг сорви тамгалан үлдээсэн болой. Энэ гуниг насан туршийнх байлаа. Энэ бүхнийг дагаад, итгэл найдвар, хүсэл тэмүүлэл нь эргэж ирэхээргүй дайжин одсон юм аа. Алхах, гишгэх бүрийдээ зүрхний цаанаас зовлон түрж, итгэл сэтгэлийг нь чөдөрлөчихөөд байсан билээ. Сүүлдээ, ээж аав хоёрыгоо зовоохоо болъё гээд орчлонгийн өмнө буулт хийсэн сэн. Аягатай цайгаа тэгшхэн бариад уучхаж чадалгүй уйлж л явлаа. Нулимс дуссан аяганы амсар хэчнээн шорвог байсныг хэлэхийн аргагүй. Бусадтай адилхан орж гарч чадахгүй тул авдар эргэнэг түшин догонцож явсаар бөөр нь өвдчихдөг байсан сан. Тугал хурганы бэлчээр байтугай хот, зэлэндээ ч хүрчхэж чадалгүй, араг түшин суугаа охиноо хараад, өмөрч нурж яваа хөгшчүүлээ өрөвдөн хайрладаг

боллоо. Нэг л өдөр өөрийгөө хайр найргүй зандчин, зүрхээ чангалан боссон санагдана. Тэр цагаас хойш үргэлж босож, зүтгэж, тэмцэж, сүүлдээ морь унаж, хонь малдаа ч явж эхэллээ. Номхон хэдэн үнээ, нэмрийн гунж, хонь ямаагаа төвөггүй сааж, ээждээ овоо тус болдог боллоо. Өвс ногоо гандаж, өрөм шиг дарайсан шаргал намраар холын бараа ширтэн суухдаа сумын начин Бумантөрийн талаар бодож байж билээ. “Хүнд хагалгаанд орж хоёр сар гаруй эмнэлэгт хэвтэж байхад ямар байх вэ? Үгээр хэлэхийн аргагүй, амаргүй байсан байж таарна. Тэгэхэд Бумантөр хажууд байсан гэх юм. Өмнө бол надад хайртай гэж хэд хэдэн удаа хэлж байсныг нь мэднэ ээ. Цэцэг дамжсан эрвээхэй шиг эрх дураараа эргэлдэн нисэж явахдаа чин хайрын зовлон гэдгийг хүний урманд мэддэггүй явлаа. Хамаагүй хэлээд туучихдаг хөнгөн гивлүүр үгс хэмбугайн зүрхийг ч хайр найргүй хавж, зүү шиг

шивдгийг мэдэхгүй. Тэр байтугай тас тас хөхрөх аальгүй зангаараа даруулга хийж, гашуун сархад шиг согтоож явсан билээ. Бумантөр их л сайн залуу байж дээ? Хаврын хайруу өглөө элсэн бүүргийн хажууд цасан дээр тийчилж байхыг минь олж хараад, намайг их л өрөвдсөн байх даа. Ёстой л халуун сэтгэл нь өмөрч унасан биз ээ?” гэж боддог байлаа. Гэтэл тэр намар Бумантөр намайг эргэж ирэв. Ном дэвтэр, харандаа үзэг, чихэр жимс, амттан шимттэнийг анх удаа бэлгэнд авав. Бумантөрийг гэрээсээ гаран гартал ичиж, орчлонгоос хэдийнээ нуугдсан, өнөөх муу хөл гар хоёроо ханцуй хормойгоороо далдалж суусан сан. Зүүн талын орон дээрээ хөшөө шиг цомбойхдоо ханхар сайхан залуугийн халуу дүүгсэн илчийг мэдрэх шиг болж, туулай зүрхнийхээ цохилтыг мэдэгдчих вий дээ гэж эмээсэн сэн. Ээж аргал хомоол хормойлон орж ирснээ, удалгүй гарч одов. Аав адуундаа явсан эзгүй үе. Бумантөрийн гартаа дэлгэж барьсан ном руу нь хараад, толгой дохин суухдаа нүдний өмнүүр юу харагдаж, чухам юу

тайлбарласныг ойлгоогүй юм аа. “Их гоё ном байна лээ. Чи заавал уншаарай” гэснийг л санадаг. Борондойг авчирч өгөхөөс өмнө нэлээн хэд хэдэн удаа ирж уулзан, би гэдэг хүн овоо үг дуугарч, харилцан ярилцдаг болчхоод байлаа. Галтай золбоотой явсан цоглог үе торгоны хуйлаас шиг эвхэгдэн, хэдийнээ номхон бүрэг, илт дорой болсон тийм үе байлаа л даа. Дөнгөж анх танилцаж байгаа хүн шиг Бумантөрөөс ичиж бэргээд сүйд болно. Бумантөр нэг өдөр Борондойг авчирч өгөөд, Цэцэгт нугын дэнж дээр хамт очихыг урьсан юм. Өмнө нь нугын худаг дээр хамт очсон тул би дуртай байлаа. Харин энэ удаад амьдралын анхны болзоо байсныг яахан мэднэ? Бумантөрийг мориноосоо буугаад, дэргэд ойртон суухад эгэлгүй сайхан үнэртэж, үл мэдэг сэрэл мэдрэмж төрдөг сөн. Эр хүний зандан үнэр гэж үүнийг хэлдэг байх даа гэж бодохтойгоо бас. Ингээд Цэцэгт нугын дэнж дээр ирлээ. Бумантөрийн байн байн эргэж ирээд байсны гол зангилааг ойлгож,

чухам үнэнийг хэлүүлсэн билээ. “Амьдралаа холбоод, ханилан сууя!” гэсэн үгийг анх цэцгэн дунд сонссон юм даа… Гангармаа гэгээн хайр анхны учралуудаа сөхөн бодож, нэлээн суулаа. Ай хөөрхий … Алаг дэлхийн бөөрөнд оноосон энэхэн тавилан минь! Наддаа зориулж босгосон Цэцэгт нуга минь… Зуны гэрэлт наранд навчсаа сэрчигнүүлэн дэгэлзэх зэгзгэр гоо модод минь ээ! Эхлүүлсэн амьдралын төөргийг хаа хүргэнэв, тэр болтол би энд байн байн ирж байх болно оо. Цэцэгт нуга бол миний амьдралын нэг хэсэг. Чин хайрын минь амин суварга шүү дээ. Нүдээ нээн харвал хүү нь хоёр гараа алдлан, хар хурдаараа гүйн ирж яваа харагдав. – Ээж ээ? Эгч хаана байгаа юм. – Эгч нь худгийн хажууд элсэн дээр тоглож байна. – Аав гэр рүүгээ явсан шүү! – За, ойлголоо. Гүйж яваа хүүтэй нь зөрөөд, цэцэрлэгч эгч ирж яваа харагдав. Цэцэрлэг дунд өглөө, оройгүй ажиллаж явдаг хижээл насны эгч Гангармаагийн хажууд зэрэгцэн суугаад, барьж явсан хувингаа дан дан дуугарган газар тавилаа. – Сайхан амрав уу? Өнөөдөр их сайхан өглөө байна шүү! гэлээ.

Гангармаа: – Та сайхан амарсан уу? Их эрт ирж ажиллаж байна аа, та? – Тэгэлгүй яах вэ? Өглөө эрт ирэх ямар сайхан гээч? Янз бүрийн шувууд ирдэг болсон байна лээ. Яваандаа хиймэл нуур байгуулах байх даа гэв. Хуруугаараа моддын орой руу заагаад “Тэр хар даа! Шар алаг цээжтэй жижиг шувуу үзэгдээд байгаа. Бүвэр бялзуухай гэдэг нь болов уу? Хөөрхөн байгаа биз дээ?” гээд дуу алдлаа. – Тийм байна. Болжмор шиг жижигхэн шувуу байна аа. Цэцэрлэгч эргэн тойрноо тойруулан харснаа байдгаараа эвшээв. Тэгснээ Гангармаагийн жаргалтай нүүр рүү ширтээд: – Ингэхэд, дарга хамт ирээгүй юм уу? гэлээ. Гангармаа моддын цаана байгаа том сүүдрэвч рүү эргэж харснаа: – Тэнд сууж байгаа өвгөчүүлтэй хоцорсон. Гэхдээ сая ажил гарсан бололтой, гэр рүүгээ явчихсан байх. – Аан тийм үү? Манай дарга ч ёстой сайхан залуу шүү! Дарга баймааргүй. Бөх чигээрээ баймаар… Чи азтай бүсгүй шүү… – Тийм ээ эгч минь! Би азтай хүн. Хөл гартай байсан бол Бумантөртэй суухгүй байх байсан гэж би боддог шүү дээ. Гуйж байхад нь тоодоггүй байсан юм. Тэр хавар аравдугаар ангиа төгсөөд, Улаанбаатар руу их сургуульд сурахаар явах байсан даа. – Тийм үү?

Арай ч үгүй байлгүй дээ. Чи ч хүүхэд байхдаа сайхан охин байлаа. Гар бөмбөгийн тэмцээн дээр чамайг харах гээд бид ирцгээдэг байв шүү. Янзтай гоё тоглодог тамирчин охин байж билээ. – Хүүхэд нас, галтай цогтой нас шүү. – Одоо ч гэсэн сайхан ээж. Ямар сайхан үзэсгэлэнтэй ээж билээ? Та хоёрын амьдрал цаанаасаа л нэг хайр хүрэм. Бүүр нэг уусаж шингэсэн сэтгэл гэж үүнийг л хэлэх байх аа? – Эгч минь! Хүнийг хайрлаж амьдрана аа гэдэг чинь тэр чигээрээ сонгодог урлаг юм билээ. Нөхрийнхөө харцнаас тухайн өдрийн баяр, гунигийг олж мэдрээд, түүндээ тохируулан хайраа мэтгэнэ гэдэг сайхан шүү дээ. Амьдрал нь сэвгүй яваа эр хүн элдэв юманд шаналдаггүй. Нэг ёсондоо омголон тэнүүн хүн бусдад атаархдаггүй, өнгө чанарын ялгааг ойшоодоггүй ер нь амар тайван байдаг шүү. – Үгүй ээ. Одоо чинь! Энэ хүмүүсийн бие биеэ өрсөн дуурайхыг яанам? – Эр хүн хоргой торго илж таалдаг болсон цагт манжийн эрхшээлд автсан гэдэг. Эртний хүлэг баатруудыг мориноос нь буулгаж, отго жинс, хөөрөг, гаансаар чамирхуулж, хооронд нь тэрсэлдүүлснээс болж, манжийн өмнө ялагдал хүлээсэн түүхтэй гэлээ. Цэцэрлэгч хоёр хөлөө савлангаа: – Одоо

ч тэр! Эр эмгүй алтанд дуртай. Хүмүүс их өнгө хөөдөг болжээ. Хн… Ер нь би эр хүмүүсийн сэтгэлийг модтой зүйрлээд байдаг юм. Ургаж байгаа моддын тал хувь нь унжгар хатангир байвал цэцэрлэг яаж сайхан харагдах вэ дээ? Түүнтэй адил эр хүмүүсийн тал нь урвагар сул байвал яаж улс орон хөгжих вэ дээ? Тэгэхээр, бүх моддыг адилхан тордож, ургуулж байж төгс цэцэрлэг болно. Бүх эрчүүдийнхээ сэтгэлийг ухааруулж сэнхрүүлж зоригжуулбал улс цаашаа хөгжинө байх даа? гэв. Гангармаа инээмсэглэн: – Эгч минь яг зөв! Эр хүний харцнаас аз жаргалыг олж харах нь хамгийн сайхан. Найзууд нь зочилсон орой, наадмын өдрүүд, цагаан сарын битүүний өдөр, эсвэл ханьтайгаа хоёулхнаа байхдаа эр хүн жинхэнэ аз жаргалтай байдаг. За тэгээд, хүүхдүүдээ ноолох тусам ядаргаа нь тайлагдан, амарч чаддаг хүмүүс шүү дээ. – Тийм шүү. Би нэг үг дуулсан. Нэг цэцэрлэгч цэцэрлэг дотроо хөгжим тавьсан байдаг гэнэ ээ. Өглөө бүрийн хөгжмийн аялгуунд модод нь илүү сайхан ургадаг гэсэн үг. Гярхай цэцэрлэгч моддыг хөгжим сонсдог болохыг нь олж мэдсэн байгаа юм даа. Түүнтэй адилхан эр хүмүүсийнхээ далд ухамсарт сайнаар нөлөөлж,

үргэлж урамшуулж хайрлаж явахгүй бол нэг л горьгүй ээ. – Таны хэлдэг яг зөв. Эрчүүдийгээ түлхчихээд, унасан дээр нь нулимж суугаа нь хэрээс хэтэрсэн муухай явдал болоод байна. Эр хүн их эвдэрвэл улс гүрэн нуран унахын шинж шүү дээ. Би нөхрийгөө ажаад л байдаг. Ер нь жаргалтай эр хүн бусдыг хайрладаг. Жаргалтай эр хүн аливаа юманд дүүрэн ханддаг. Эр хүнийг зөв хайрлавал төр улс сайхан орших байх аа. Төр улс сайхан оршино гэдэг үр хүүхдийн ирээдүй гэрэлтэнэ л гэсэн үг биз дээ? Би тэгж л бодоод байдаг хүн шүү дээ. Цэцэрлэгч мөн л хөлөө савчуулан сууснаа: – Эр хүн зарим нь айхтар шунаг зарим нь бүүр сэтгэлийн тэнхээгүй унж дорой. Энэ бүхнээс харахад, тэдний буруу юм шиг боловч дээр ярьсан зүйл үнэний ортой л санагддаг шүү. Намайг бага байхад аавыг мөн ч их хүндэлдэг байсан. Аав маань муу муухай зүйл огт хийгээгүй дээ. Гэтэл одоо цагийн зарим эрчүүд нэр алдраа сэвтээж явах юм. Хайр дутсаных байх аа.

Авилгал, хулгай, дээрэм гээд хийхгүй юмгүй болж. – Би ч мөн хайр дутсаных байх л гэж боддог. Гэхдээ амьдрал ихийг хэлнэ ээ. Бүсгүйчүүд бодол санаагаа хал балгүй ярьж суугаад, хоёр тийшээ салцгаалаа. Гангармаа хоёр хүүхдээ дагуулан, гэртээ иртэл Бумантөр зурвас үлдээгээд явсан байлаа. <<Хань минь! Гэнэтийн ажил гарчихлаа. Их оройтож ирэх байх шүү. Санаа зоволтгүй сайхан амарцгааж байгаарай>> гэжээ. Тэр шөнө Гангармаа нөхрөө хүлээн нойргүй дэгэлзэж хонов. Өглөө үүрээр бөөн асуудал үүссэнийг дуулаад, эмнэлэг рүү яаран очсон билээ. Уунай ахыг аймгийн эмнэлэг рүү яаралтай авч явлаа. Ухаан хараахан ороогүй, биеийн байдал маш хүнд байв. Гангармаа яах учраа олсонгүй. Бумантөр эмнэлэг дээр ирж, Гангармаатайгаа уулзаад, хэдэн үг солив. – Миний хань, гэртээ хариад, хоёр хүүхдээ харж бай! Би Долзмаа эгч, аав хоёрыг суманд авчруулхаар унаа явуулчихлаа. Долзмаа эгч, аав хоёр Уунай ахын араас аймаг руу явна. Суварга хайрханы ард зөвшөөрөлгүй уурхайчид ирээд, хэрэг зөрчил үүсгэжээ. Би энэ асуудлыг зохицуулаад, оройхон аймаг руу явахаас даа гэлээ. Гангармаа: – Ойлголоо . Чи минь үд дээр очиж унд цайгаа уугаарай. Нойр хоолгүй удаан явж болохгүй шүү!

гэлээ. Үд дундад аймгийн цагдаагийн газраас нэмэлт хүч ирж, хэргийн газарт үзлэг дүгнэлт гаргаж, бөөн бужигнаан үүсгэв. Сум хотлоороо үймэлдэн, захиргааны үүдэнд цугларцгаажээ. Амьтны амь хөнөөж, дараа нь хүн рүү буудсан зандалчингуудыг барьж хорьж, үйл ажиллагааг нь зогсоо!! гэж хашхиралдан хилэгнэв. Бумантөр дээд газраас ярьсан эрх дархтнуудын өөдөөс үгүйсгэсэн хариу өгсөөр л байлаа. Нутаг орныхоо онгон дагшин байгалийг хуудас цаас шиг урж тасчуулахыг үнэндээ хүссэнгүй. Долзмаа эгч рүүгээ байн байн утасдаж, Уунай ахын биеийг сураглана. Уунай ах яаралтай хагалгаанд амжин орсон байлаа. Хараахан ухаан ороогүй. Нэг уушги нь дэлбэнгээрээ сэтэрсэн байна гэлээ. Үдээс хойш орлогч даргатайгаа уулзаж, хатуу хариуцлага тооцож, анхааруулга өглөө. Өнөөх нөхөр толгойгоо маажин: – Албадын хүмүүс утсаа авахгүй байсан юм. Би хорин минут тутамд залгасан гэлээ. – Чи тэгээд арагшаа хүн хүч нэмж явуулахад яасан хүн бэ? Биднийг ямар хүнд нөхцөлд үлдсэнийг харсан

шүү дээ. – Харин тийм ээ? Толгой мэдэж шийдэхгүй болохоор яахаа мэдээгүй. – Толгой мэдэхгүй байж болно. Аливаад санаачилгагүй, хариуцлагагүй хандаж болохгүй! Ер нь муу санаа яван хатна гэдэг үг бий. Холын дайснаас ойрын нөхөд илүү халтай гэдэг ч үг бий. Чи арагшаа ухраад, наад цонхоороо хар! Ард түмэн нутаг орныхоо төлөө дуу хоолойгоо нэгтгэн цугларсан байна! Энэ олон хүн нэг бодол дээр төвлөрч чаджээ. Өндөр настнууд, залуучууд, хүүхдүүд хүртэл нутаг орноо хамгаалахаар жагсацгаажээ. Гэтэл өрөөндөө суугаа чи бидэн тэс өөр хоёр талд үйлчилж байна. Би ард түмнийхээ талд, чи авилгачдын талд үйлчилж байна. Ингэхээр чинь сумын ажил урагшлахгүй биз дээ. Ахын минь амь нас дээсэн дөрөөн дээр ирээд байна! Ууланд янгир ямаанууд буудаад алчихсан байна! Үргээж айлгаад тал руу хөөчихсөн байна! гэлээ. Орлогч дарга түнтийж улайгаад гарч одлоо. Уунай ах хагас жил эмнэлэгээр явж байж, уушгиндаа сэвтэй хүн арайхийж эдгэрч гарлаа. “Адгийн зарга арав хоногтой” гэдгээр жилийн турш хэрүүл тэмцэл хийж байж, Суварга хайрханаа чөлөөлсөн сөн. Дотооддоо дэгдсэн нэргүй дайн шиг юм болов. Нэг ёсондоо усны төлөөх дайн ширүүн болсон юм. Зарим хөгшчүүл уурхайчдын үүрлэсэн газарт очиж, алд дэлэм сухайгаар залуучуудыг хөөж туужээ. “Яасан муухай, улаан сухайнууд вэ? Хар залуугаасаа уул ус хөндөж

явдаг хувьгүй төрсөн хүүхдүүд вэ? Бурхан та бүхнийг өршөөг! Муу барцад нь арилаг!” гээд ороолгож хөөсөн билээ. Болохоосоо болохгүй бүхнээ сэдэж, хамаг чадлаараа тэмцэцгээв. Бумантөрийн итгэл зүтгэл дээр суурилсан сумын иргэдийн санаа бодол ийнхүү дэндүү хүчтэй байж чадлаа. Зангидсан гар шиг нэгдмэл зон олноос уурхайчид сүүлээ хавчин холдсон билээ. Ард иргэдийг дотроос нь задлахаар дунд нь орж түйвээсэн газрын албаны ажилтан, өнөөх дэлчгэр хөх залуу хоёулаа булхай нь илэрч, сүүлдээ суманд суухын эцэсгүй болоод, хаа нэгтээ дайжин оджээ. Залуу хүний зам бохир байх шиг ой гутам юмгүй ажээ. Хаа нэгтээ мөн л түйвээж яваа даа. Орлогч дарга сумын даргын суудалд сууж нэг жил алба хашив. Энэ их сонин түүх. Бидэнд ихийг хэлсэн билээ. Тэр зунжин тэмцэл өрнөсөөр овоо амжилтанд хүрч, Суварга хайрханаа чөлөөлж байтал Сумын дарга, хэсгийн төлөөлөгчтэйгээ сахилга хариуцлагын арга хэмжээнд оров оо. Хэсгийн төлөөлөгчийг аймаг руу эргүүлэн татаж, оронд нь шинэ хүн томилон явуулжээ. Бумантөр даргыг сум орныхоо иргэдийг уриалж, үймээн самуун дэгдээж, хэрэг зөрчил үүсгэсэн гэдэг нэрээр ажлаас нь чөлөөлж, тэр ч бүү хэл, хэрэг хүлээлгэж ял оноов. * Хур бороо асгарч,

цэцэг навч дэлгэрч, гайхалтай сайхан зун болж байсан ч хүнд адармаатай өдрүүд үргэлжилсээр байлаа. Ард олны уур хилэн бадарч, байн байн захиргааны үүдэн дээр цугларч, ам амандаа шуугилдан харагдана. Эсвэл гуч машины орой дээр бөөн бөөнөөрөө сууж , Суварга хайрхан дээр очно. Тэнд учраа олохгүй тэвдэж суугаа хүмүүсийг хөөж тууж, байх суухын аргагүйд хүргэнэ. Нөгөө ахалж яваа гэх бүдүүн нөхөр, мунхаг аашт сахалттайгаа хамт ял зэм аваад, хэдийнээ одсон байлаа. Оронд нь тэс өөр хүмүүс ярвалзан суух аж. Бумантөр байн байн аймаг руу дуудагдаж, шахалт дарамтанд өртсөөр, сүүлдээ ажлаа өгөв. Үүнийг дуулсан зон олон бүүр их хилэгнэж, уур цухал нь туйлдаа хүрчээ. Орлогч дарга сумын ажил түр орлон байх хооронд шүүх хурал болж, Бумантөрд ял оноолоо. Гангармаа бие давхар байсан тул үнэндээ яах ч учраа олохгүй байв. Долзмаа эгч хааяа сумын төвд ирээд буцна. Уунай ахын бие дээрдэж байгаа гэлээ. Нэг талдаа тайвширсан ч нөхөртөө санаа зовж байлаа. Гэтэл нэг өглөө туранхай биетэй буурал өвгөн тэднийд зочлон ирэв. Тэрээр: – Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ? гэсээр орж ирлээ. – Та сайхан зусч байна уу? Та өөдөө суу! – За хүүхдүүд минь! Би Бумантөр даргын аавтай нь цуг нэгдэл нийгэмд

ажиллаж байсан хүн байна аа. Суманд боловсон хүчин хийж явлаа. Бумантөр даргатайгаа албан өрөөнд нь уулзах гээд чадсангүй ээ. Энэ зуны нийгмийн уур амьсгал арай дэндүү байна шүү гэв. Долзмаа тэднийд ирсэн байсан тул өнөөх өвгөнийг нэвт шувт ажин хараад: – Харин тийм ээ? Манай дүү нутаг орныхоо төлөө л тэмцсэн. Гэтэл ял зэм сонсоод байна. Эхнэр нь жирэмсэн. Энэ айлын амьдрал одоо яах билээ? – Мөн мөн. Буурал өвгөн би бүхнийг мэдэж байгаа. Ингэхэд нэг зүйл анхааруулан хэлье. Улстөрийн ужиг хэрэг баширтай шүү. Яг шимэгч хорхой шиг тогтолцоотой. Хамгийн дээд толгой нь лав шигдэн суусан байгаа. Тэрийг л ховхлохгүй бол сүүлийг нь мянга тайраад нэмэргүй. Та нар бод! Уурхай дээр байгаа тэр тэнтгэр нөхөр дарга нь гээд байсан одоо оронд нь өөр хүн даналзаад сууж байгаа. Эд нар бүгд сүүл хэсэг. Эднийг хөөгөөд ч нэмэргүй. Эдний дээр аймгаар дамжаад, хэдэн ч үе намиран бий. Тэгэхээр толгой байхад сүүл нь ургасаар байна гэсэн үг гэлээ. Долзмаа Гангармаагийн урдуур орж: –

Муухай хог вэ? Нээрээ бодоход, шимэгч хорхой шиг тогтолцоотой юм байна. Ах минь ойлголоо. – Цусанд шигдсэн толгой юу ч ойлгохгүй. Тэр чигээрээ шимэгчлээд хэвтчихдэг. Эзэн бие үхнэ үү, мөхнө үү, огт хамаагүй. Ийм л байна даа, хүүхдүүд минь ! Яана даа? гэлээ. Гангармаа , Долзодмаа эгчтэйгээ ярилцаж зөвшөөд, хоёр хүүхдээ дагуулан хот руу нисэхээр боллоо. Эр нөхрөө хилсэд гөрдөгдөх хэргээс чөлөөлөхийн тулд юу ч хийхээс татгалзахгүй билээ? Аливаа зүйлд үнэн мөнийг туйл бий гэж итгэж байлаа. Тэнгэрийн заадлаар шаргал гэгээ бүүдийж, зун цагийн уудам говь алган дээр тавьсан юм шиг дуниаран цайвалзлаа. Хонд судгийн эмжээр дагаж буусан хоёр гэр дээлийн товч шиг гилтгэнэн харагдана. Аяа говь нутаг минь! Онгоц дүүлэн ниссээр үүлэнд дунд нэвчин одлоо. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *