Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “18-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “18-Р ХЭСЭГ”

4 секунд уншина
0
0
273

Ням гарагийн өглөө Бумантөр гэр бүлийн хамт жаргалтай сайхан амарч авав. Өглөөний тунгалаг агаарт гарч, сэтгэл санаагаа баясгахаар Цэцэгт нугын зүг явцгаалаа. Хоёр гурван жил ургасан модод хэдийнээ

хөрсөндөө бэхжиж данхайгаад, нахиалж дэлбээлсэн байв. Энэ жил тарьсан бутнууд эмзэг ишээрээ тэнгэрт цойлон буталжээ. Аагим халуун говийн ээлт нарыг аргаданхан цоройж, их амьдралын төлөөх

тэмцэлд бууж өгөлгүй тэнцэж ядан байгаа янзага шиг ээ. Цэцэрлэгийн доторх худгийн ундарга сайтай тул усалгаа тордлого гайхалтай. Цэцэрлэгчид, хүүхдүүдээ бөөцийлж яваа багш аятай аль эрт иржээ.

Моддын доогуур зүлэг ногооруулан хажлаад, өнгө өнгийн цэцэгс алаглуулан тарьжээ. Эрвээхэй нисэлдэн бууна. Гурван том асар барьж, хооронд нь явган хүний зөрөг замаар холбосон нь гайхалтай сайхан

харагдаж байв. Хөгшчүүл голдуу цуглардаг том асрын дор нэлээн хэдэн өвгөд иржээ. Зөөлөн хөрсөнд цувуулсан, нарийн шуудууг дагаж тунгалаг ус боргилон урссаар цэцэрлэгийн хамгийн урд захын

моддоос эхлэн чийг хайрлах бөлгөө. Урсаж буй усны чимээ сэтгэл тайвшруулан, хөнгөн салхи хөл дороос сэвэлзэж байлаа. Хөгшид сумын даргыгаа ирж явааг хараад, гар даллан дуудацгаав. Наранхолбоо ээжийгээ дагуулаад, худаг руу явжээ. Бумантөр бага хүүгээ хөтлөн, хөгшчүүл дээр очив. – За дарга минь сайхан амарч байна уу? – Сайхан амарч байна аа. Та бүхэн маань сайхан зусацгааж байна уу? – Сайхан сайхан. За хүү минь, бид хэд ч жаргаж байна аа. Энэ сайхан цэцэрлэг хэдэн жилийн дараа ой шиг халиуран найгана гэхээр бид урт наслахыг л их хүсч байна даа. Өглөө босоод, наашаа гүйцгээдэг боллоо. Энэ ягаан цэцэгтэй мод халуун орны мод уу? Тэр, сухай гэдэг нь ховор ургамал даа. Ингэхэд хүү минь Царгас тариалаач!

гэцгээн, ам амандаа ярьцгаав. Нэгдэл нийгмийн үед хөдөлмөр бүтээлээ зориулж явсан буурлууд ёстой нэг ухааны ундарга сан. Бумантөр царгас тариалах талаар хэдийнээ бодож байсан тул хэд хэдэн зүйл лавлан асуув. Өнөөх өвгөн: – Царгас бол уургийн хаан гэгддэг ургамал. Хөрсийг ядууруулдаггүй харин ч үржил шимийг нь сайжруулдаг онцлоготой. Царгас тариалсан талбай дөрөв таван жилийн дараа гэхэд дөчөөс тавин хувиар үржил шим нь нэмэгддэг юм шүү дээ. Азот долоон хувиар нэмэгдсэн байдаг шүү. Хөрсний хувьд бордоо шиг ургамал шүү дээ гэлээ. Хажуунаас, өндөр дохигор өвгөн ярианд оролцон: – Нэгдэл нийгмийн үед байгаль дэлхийгээ хайрладаг байж ээ. Одооны хүмүүс эдийн засгийн ашгаа сайн тооцох мөртлөө экологийн сүйрлийг огт тоодоггүй. – Яг үнэн. Нэг долларын ашгийн

төлөө хорин таван долларын алдагдал үлдээдэг. Ингэж нэг номонд бичсэн байсан даа. – Намайг бага байхад хилийн зурвасаас наашаа таана их ургадаг байж билээ. Намрын анхны цасан дор хэнз ногоо дарагдсан байгааг хараад, өрөвддөг байсан сан. Алсаас нуугилтаад , мөн ч сайхан шүү. Залуу явсан тэр үедээ эргэж ирсэн мэт санагдаад байдаг болжээ. Хүү минь, энэ жил талбайгаа томруулж сунгадаг их сайн болжээ. Хүнсний ногоо ч сайхан ургаж байна. Ингэхэд Цэцэгт нугыг үзэж харах хүмүүс энд тэндээс яасан их ирдэг болоо вэ? – Бүх сумууд мод таримаар байгаа юм. Бид ч бусад сумынханд гайхуулаад, суугаа шүү дээ. Ирж үзсэн нь бишрээд явцгаадаг. Өвгөд ам амандаа шуугилдан, баахан хөөрөлдлөө. Залуучуудаас дутахааргүй ухаалаг хэт тулхтай буурлууд минь сэтгэлийн үгсээ хэлж суутал урдаас нэгэн хөх

өмд цамцтай давжаа өвгөн гүйж ирлээ. Моддын дундуур гүйгээд, гар хөлөө хөдөлгөн, биеийн тамир хийв. Тэдэн дээр ирснээ мэнд ус болцгоолоо. Олон жилийн өмнө нэгдлийн боловсон хүчин байсан хүн гэлээ. Энэ суманд Цэцэгт нуга байгуулж, хүн зон жаргаж байгааг дуулаад, хотоос ирсэн гэв. Тэрээр сумын залуу даргыг нэвт шувт ажиглан гараад, хоёр гараа тосон мэндлээд, хацардан үнслээ. – Таржидын бага хүү гэл үү? Хөөрхий аавыг чинь бурхан болсон гэж дуулсан. Бид хоёр энэ нэгдлийн төлөө чамгүй л зүтгэж явлаа. Хамт ажиллаж байсан. Ээ, дээ шидрүүн хүн шүү. За тэгээд уйтан хатуу хорвоогийн жам юм даа. Бүгд л бид явцгаана шүү дээ. Ер нь миний хүү их сайн үйл бүтээжээ. Сумынхан ялангуяа малчид даргадаа ам сайтай байгаа. Ажил үйлс нь төрөл бүр дээрээ амжилттай яваа гэнэ лээ. Аливаа юм авахаасаа өгөх нь илүү гэдэг дээ. Маш сайхан цэцэрлэг

болно оо. Хүүтэйгээ албан өрөөнд нь дараа тухтай уулзана гэлээ. – Удахгүй бороо ороосой. Үүл хуралдаад л сарничих юм. Нэг л болохгүй байна даа? гэж тракторын жолооч явсан халбигар хөх өвгөн буурал толгойгоо илэнгээ хүнгэнүүлэн хэллээ. Тэгтэл, сумын хойд талаас нэгэн морьтой хүн хар эрчээрээ явсаар Бумантөрийн хашааны гадаа буух нь харагдав. Хөөргөж бүсэлсэн тоодон дээлийг нь харвал Уунай бололтой. Бумантөр босоод, хүүгээ ээж рүү нь явуулаад, гэр рүүгээ алхлаа. Хүрч очвол Уунай дааман хаалгаар гараад, өөдөөс гүйн шахам ирэв. Амьсгаагаа дарж ядан сүйд. Тэрээр: – Болохоо байлаа. Урд шөнө ууланд буун дуу гарсан. Өглөө болсон чинь уулын ар бэлд баахан гэр машинтай хүмүүс буусан байна. Янз бүрийн техник ч харагдана.

Уурхайн хүмүүс уулын араас нь хүч түрэн буужээ. Борондойн сүргээс ан хийсэн байх гэлээ. Бумантөр гэр рүүгээ ороод, цаасан дээр зурвас бичиж, эхнэртээ үлдээгээд, ажил руугаа явлаа. Хэсгийн төлөөлөгч, орлогч дарга бас бус хүмүүсээ цуглуулан, яаралтай хуралдаад, хоёр машин хөлөглөн, Суварга хайрхан руу явцгаалаа. Уунай морьтойгоо буцаж яваад замд таарлаа. Гар даллан ард хоцров. Тэд түрүүлэн явсаар очтол уурхайчид дөнгөж төвхнөжээ. Адгуу сүрхий өнөөх эмэгтэй алга. Ахалж яваа нь гээд лагс том биетэй тарган бор залуу угтаж уулзав. Тэрээр: – Аймгийн дарга болон төр яамнаас зөвшөөрөл олгосны дагуу бид ажлаа эхлүүллээ гэснээс өөр юм ярихыг хүссэнгүй. – Зөвшөөрлийн бичиг баримтыг чинь үзье! гэхэд тэрээр таахаг таахаг алхсаар гэртээ орлоо. Эрэгтэй, эмэгтэй нийлсэн хэсэг хүмүүс хотоос ирцгээжээ.

Цүнхээ уудлангаа бусадтайгаа ярьж хөхрөн, ихэд басамжилсан аястай байх аж. Ганц ширхэг хуудсанд цохсон албан тоот сарвайнгаа нөгөө тийшээ хараад, хөхрөлдөн байгаа нь ухамсар доройн шинж. Бусад бичиг баримтаа далд хийв. Албаны том дарга нарын хуйвалдаан ханцуй дор явагдаж байгааг хашир Бумантөр андахгүй. Уг бичгийг уншиж танилцаад Бумантөр: – Манай говьчууд энэ нутагт уурхай малтлага хийхийг эсэргүүцсэн хариу өгсөн. Энэ хайрхан ууланд ан амьтан олноороо амьдардаг. Хормойд нь загийн төгөл ургаж байгаа. Жалга судаг дагаад , говийн мод ургадаг. Нэн ховордсон амьтад их бий. Тэр байтугай хүсэлтээ гаргаж, төрийн хамгаалалтад авах ёстой уул гэлээ. Өнөөх лагс бүдүүн нөхөр: – Тэрийг би мэдэхгүй ээ. Бид

даалгавараа биелүүлж яваа хүмүүс. Хүсвэл томчуудтай очиж уулз! гэснээ гараад явчихав. Хэдэн хүүхнүүд уут савтайгаа ухаж төнхөн, үгийн зөрүү алга. Гэрээс гарч харвал, өнөөх нөхөр бэл уруудан таахагнаж явснаа майхны хажууд суугаа хүмүүс дээрээ очин, зөвшиж эхлэв. Бумантөр албаны хүмүүсээ дагуулан очоод, өөрсдийнхөө албан бичгийг хүлээлгэн өглөө. Ширвээ сахалтай намхан залуу уурсан босож ирээд, албан бичгийн урж тасчив. Тэрээр шүлсээ үсэргэн хашхираад: – Та бидний амьдралыг бод! Бид хаа холоос эхнэр хүүхдээ орхин ирсэн хүмүүс. Цалин пүнлүү харж амьдардаг. Үр хүүхдээ тэжээдэг хүмүүс. Том даргаасаа бичиг аваад ирвэл бид юм хумаа аваад арилж үзье. Тэгэхгүй бол ажлаа хиймээр байна. Одоо хотоос бүхэл бүтэн баг ирж яваа. Энд маш том уурхай байгуулагдана. Энэ уул хормын зуур шороо

болно гээд тачигнатал хөхрөв. Нөгөөдүүл нь, үгэнд нь даган баясаж, бөөн шуугиан үүсгэлээ. Хэсгийн төлөөлөгч тэдэнд сахилга хариуцлагын талаар танилцуулаад, албан бичиг урж хаясан сахалтыг баривчлахаар завдав. Ингээд бөөн үймээн үүслээ. Морь малтайгаа ирсэн говийн хүмүүс сумын дарга, хэсгийн төлөөлөгчөө өмөөрөн, ташуураа барин хөндөлсөж, хариугүй зодоон цохион үүсэх нь ээ. Орлогч дарга нэг л жигтэйхэн хулмагнаад, алсаас ажисхийн зогсоно. Бусад нь хэрүүл сөргөлдөөн гаргаж, баахан маргалдав. Бумантөр: – Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг дээ. Хоорондоо маргалдаад яах билээ? Монгол улсын нутаг дэвсгэр дээр цадиггүй авирласан хэн бүхэн хуулийн хариуцлага хүлээнэ. Бид албан ёсоор эсэргүүцлээ илэрхийллээ. Цаашид ч үргэлжлэх болно. Та бүхэн удирдах албадын

толгой хүмүүсээ дуудацгаа! Эндээсээ холбоо барих боломжтой харагдаж байна. Холбоогоороо дууд! гэв. Ахалж яваа гэх тарган нөхөр Бумантөрийн үгэнд эгдүүцэн, язав татав хийснээ: – Бид таны дураар хөдөлдөг хүмүүс биш. Бидэнтэй маргах хэрэггүй гэснээ “Алив юм хумаа буулга! Өнөөдрийн ажилдаа орцгооё!” гээд нөгөө хэд рүүгээ хашхирав. Малчид мориноосоо бууж, сумын даргаа тойрон бүчлээ. “Алалцаад өгөх үү? Яасан нь дээр вэ?” гэцгээв. Бумантөр дарга “Уур омгоор шийдэхгүй. Гэхдээ няцаж болохгүй. Хүлээцтэй хандах хэрэгтэй. Орлогч дарга хэдэн хүнээ дагуулаад буц! Сум ороод аймгийн дарга руу ярь! Яамны утасны дугаарыг чи мэдэж байгаа! Холбогдох хүмүүсийг яаралтай дуудуул! Өөрсдийн биеэр ирж уулзацгаа гэж хэл! Тэгээд сумын албадынхныг нэмж дагуулан нэн даруй эргэж ир! Би эндээ хоцроод хүлээж байя!” гэв. Орлогч дарга бөгсөөрөө уруу газар ухран

шахуу мэхийгээд, явж одлоо. Уулын бэл өгсөн дэнхэр хадны дэргэд сумынхан цуглаад хүлээж байв. Малчид, машин тэрэгний бараанаар нэмж ирсээр л байлаа. Удалгүй, Гонгор өвгөн, Уунай хоёр ирлээ. Багийн хөгшчүүл, сумын залуучууд нийлээд, хорь гаруй хүн боллоо. Уурхайн ажилчид хоорондоо хөхрөлдөн, юм хумаа буулгаж харагдана. Гонгор өвгөний царай мэнчийж хүрлийгээд, их л ууртай байлаа. Тэрээр морио тушчхаад тэдэн дээр ирлээ: – Өгөр зандалчингууд ирэнгүүтээ ууланд ан хийсэн байна. Борондойн сүргийг хөөгөөд, тал руу туучхаж! Холоос дурандан харвал хоёр ямаа дутуу байна даа? гэлээ. Уунайгийн уур цухал нь дэврэн: – Хар сэтгэлтэй новшнуудыг буудаж албал таарна. Ховор амьтан сандааж явдаг яасан хомхой новшнууд вэ? хашхирав. Бумантөр, Уунайг тайвшруулаад: – Аливаа асуудлыг хэрүүл тэмцлээр шийддэггүй юм. Орчин үед боловсрол ухаанаараа хандах хэрэгтэй. Та биеэ барин, азнан байж бай! гэж анхааруулав. Уунай, Бумантөрийн үгэнд орох бөгөөтөл бас л гомдож

цөхөрсөн аястайгаар: – За, даанч дээ… гээд амандаа бувтнан чимээгүй боллоо. Бумантөр дарга бодож сууснаа “Эд нар жигтэйхэн учир битүүлэг харилцаатай байна. Нэг асуудал үүсгэсэн бололтой” гэж дотроо дүгнэлт хийлээ. Гонгор өвгөн, хэсгийн төлөөлөгч, бас дөрвөн хүнийг нэмж томилоод “Ууланд янгир агнасан байж болзошгүй. Хэрэв тийм бол нотлох баримтыг нь олж бүрдүүл!” гэв. Зургаан хүн мориндоо мордон уул өөд өгслөө. Өнөөх бүдүүн нөхөр байдлыг харснаа Бумантөр дээр яаран ирэв. – Дарга аа орж цай уу? Гадаа суугаад яах билээ? гэснээ уул дамнан одох морьтнуудыг хараад, түгших маягтай араас нь ширтэв. Гярхай дарга байдлыг хэдийнээ ажиглаад: – Танай хүмүүс сумын захиргааны албан тоотыг урж хаясан. Эндээс хариуцлага эхэлнэ дээ. Төрийн тамгатай албан бичгийг урж болно гэж үү? – Өө тэр чинь ганц хуудас цаас шүү дээ. – Та нар тэгж бодож байгаа байх. Говь нутгийг минь бас цаас шиг урж тасчих биз? –

Үнэнийг хэлэхэд дарга минь! Бид бол зарц шүү дээ. – Чи зарц байна уу? Би барлаг байна уу? Чи хотынх байна уу? Би говийнх байна уу? Энэ бүхэн хамаагүй зүйл. Эцсийн эцэст бид бүгд адилхан Монгол хүмүүс. Хэн ч байсан хүн чанараа гээж болохгүй! Хаана ч байсан бид төрийн дор, хуулийн өмнө амьдарч яваа. Чи хэрэг зөрчил үүсгэсэн хүмүүсээ өмгөөлж байгаа бол өөрөө улам л их асуудалд орно шүү дээ. – Харин тийм ээ! Муу новшийг дээ… Би арга хэмжээ авна аа. Хотоос л томилогдон ирсэн хүн. Замдаа танилцсан төдий. Хамт ажиллах ухаантай юм. – Чи баг ахалж яваа юм бол асуудлыг зөв ойлгуул! Ингэж хэлээд, Бумантөр өөр үг хэлсэнгүй. Бүдүүн нөхөр арга барагдан зогсож байснаа уулын орой руу зэрвэсхэн хараад, дахин шүүрс алдав. Тэрээр: – Энэ чинь хаа сайгүй байдаг жирийн уул шүү дээ. Та нарын нуруунаас ухаж байгаа биш! гэлээ. – Бидний зүрхийг сугалж байгаатай адил. Энэ

сайхан ууланд говьчуудын амьдрал оршдог. Нэг ч чулууг хөндөх ёсгүй. Говьчууд үр хүүхэдтэй. Бид тэднийхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Булаг шанд худаг ус бидний амьдрал. Чи өөр дээрээ бодоод үз. Монголын цөлд хавтгай тэмээ хэд хэдээрээ үхсэн байхыг харлаа. Усны гачаал. Уурхайн хөнөөлөөс үүдэлтэй. Мазайлай хувингаас ус уудаг болсон. Цагаан зээр, бөхөн үзэгдэхээ больсон. Янгир, аргал хотонд орж ирж байна. Бүх юм мөхлийг зөгнөж байна. Чи адилхан монгол хүн шүү дээ. Сайн ойлго! гэв. Өнөөх толгойгоо маажсанаа: – Харин тийм л дээ. Бидний хувьд… гээд таг боллоо. Оройхон, морьтод буцаж ирэв. Ууланд хоёр ямаа агнаад, сүүдэр бараадуулан хаяжээ. Хэсгийн төлөөлөгч гэрчүүдийнхээ хамтаар хэргийн газрыг бүртгэлд авч, зураг хөргийг дарж, сайтар баталгаажуулаад иржээ. Бүдүүн эр ширвээ сахалтаа дуудан, бөөн хэрэг мандуулав. <<Чи, би>> дээрээ тулж, хоорондоо хэрүүл маргаан үүсгэлээ. Тогооч ч юм уу, бичиг хэргийн ажилтан ч юмуу, бүү мэд! Гурван хүүхэн гүйлдэн гарч ирснээ

багийнхныхаа хэрүүлийг зогсоохоор, чарлалдан хашхиралдав. Өнөөх сахалт уурсан омогдохдоо Бумантөр даргыг заамдан авч, арагш нь түлхэв. Аймгийн зааныг хөдөлгөж ч хүчирсэнгүй. Хэсгийн төлөөлөгч түүнийг барьж аваад, дарж унагаад гавлалаа. Хэсгийн төлөөлөгч: – Та бүхэн маш ноцтой асуудлууд үүсгэлээ. Нэгдүгээрт төрийн тамга тэмдэгтэй албан тоотыг урж тасчиж хаялаа. Энэ нь сум орныг бүхэлд нь гутаан доромжилсон хэрэг мөн. Хоёрдугаарт ууланд хоёр янгир агнажээ. Түүнийгээ хэрэг бүртгэл дээр очиж дэлгэрэнгүй тайлбарлах биз? Гуравдугаарт сумын дарга болоод хууль ёсны төлөөллийг үл хүндэтгэж, зохисгүй харьцлаа. Энэ нь хүний эрхэнд халдсан маш том асуудал шүү гэв. Гонгор өвгөн нулимсаа арчаад: – Дөнгөж төллөсөн залуу янгир агнажээ. Сүү нь хаданд асгараад, дайртсан байна. Нөгөөхийг өвчиж яраад, өрөөсөн гуяыг тасдаад авчихаж! Чоно уу? Та нар! Яасан цадиггүй залуус бэ? Хүүхнүүд, өвгөний урдаас ганц ч үг

хэлсэнгүй. Бумантөр тэднийг тойруулан хараад: – Та нар маш муу байна. Аль дуртайгаа буудчхаад, туранхай эх янгир байхыг танингуутаа дараачийнхийг онилжээ. Буудаж алсан мөртлөө арьсыг нь хам хум ярж, ганц гуяар нь шөл хийж идэцгээсэн байна шүү дээ гэхэд нэг ч хүн хариу хэлсэнгүй. Бумантөр дарга толгой сэгсрээд, тэднээс холдлоо. Бүдүүн нөхөр хадны оройд гараад, холбоо барьж байгаа бололтой. Хашхирч байгаа дуулдав. Нэлээн оройхон болсны дараа хоёр машинтай хэсэг хүмүүс нэмж ирэв. Хотоос гараад, замдаа төөрсөн гэх бөгөөд бас л хариуцлагаас зугтан, дорвитой үг яриа хийсэнгүй. Бодвол эрхтэн дархтнууд биш ажээ. Ёстой л нөгөө хөл гарын хүмүүс нь бололтой. Сумын орлогч дарга өдийд ирчихсэн байх байтал бараа сураг алга. Гонгор гэр рүүгээ явж хоноод, өглөө эрт ирнэ гэлээ. Ингээд, Бумантөр дарга хэдэн малчидтайгаа уулын хажууд хонох боллоо. Бумантөр даргын хажууд Уунай, хэсгийн төлөөлөгч зэрэгцэн суув. Нэлээн хэдэн малчид тэднийг тойрон суугаагаараа

шахуу хонолоо. Машинаасаа дээлээ авчирч, нөмөрцгөөв. Малчин айлаас хоол цай иржээ. Өнөөх гавласан нөхөр уурсаж хашхиран, машины хаалга өшиглөж омогдов. Бүдүүн ахлагч нөхөр ирж, түр хугацаагаар батлан даагаад авч явлаа. Хэсгийн төлөөлөгч гавыг нь тайлаад: -За нөхөр минь зөрчил үүсгэвэл ял чинь улам хүндэрнэ шүү дээ. Хоёуланд чинь хамаатай шүү! гэлээ. Өнөөх сахалт хэсгийн төлөөлөгч рүү муухай харснаа, толгойгоо унжуулан, бие засахаар жалга руу алхлаа. Амандаа ямар нэг юм хэлээд, зүхэж байгаа бололтой. Үүр тэмдэгрэх хараахан болоогүй байлаа. Уурхайчдын гэрээс хүмүүсийн дүнгэнэх дуу гарч, улаан цурав гэрэлтэй хонов. Өглөө үүрээр буун дуу гарахад гэнэт зогтусан харцгаалаа. Тэд архидаж хоножээ. Өнөөх сахалт буу барьчихсан наашаа чиглэн алхаж яваа харагдав. Хаалга нээгдэн, харанхуйд нэг хүн гэр тойрон гүйлээ. Бүдүүн залуу араас нь гарч ирснээ сахалтыг дуудаж байгаа бололтой тэнтэр тунтар. Нэг хүүхэн бас гарч ирээд, сахалтын буунаас зууралдав. Хэсгийн төлөөлөгч харанхуй бүдэг орчинд хормын зуур өрнөсөн

хэргийг хараад, ухасхийн бослоо. Жижиг хадны цаагуур мөлхөж аажуухан гэтэв. Бумантөр зэрэгцэн суугаа хүмүүсээ босгож, нуугдаж холдохыг үүрэгдэв. Уунайгаас бусад нь гүйлдэн хадны араас орцгоолоо. Байдлыг харж байтал өнөөх согтуу галзуу нөхөр яах ийхийн зуургүй буугаа чиглүүлэн буудлаа. “Зайлцгаа та нар! Биднийг тайван орхи!” гэж бархирах нь нэлээн согтжээ. Уунай Бумантөрийн урдуур гүйн ороод, хажуу тийш нь түлхэж холдуулав. Хэсгийн төлөөлөгч ухасхийн, буутай нөхрийг дарж аваад өнхөрлөө. Уунай бас цээжээ даран үхэтхийн унажээ. Харанхуйд тэмтчин, мөрнөөс нь угзарвал гар нойтон оргив. Доошоо тонгойн харвал толгойгоо унжуулан гулдайжээ. Бүдүүн нөхөр орилж ирээд, өнөөх сахалтыгаа өшигчиж гарав. Хүүхнүүд орилолдон сүйд болцгоолоо. Гэгээ хараахан ороогүй байлаа. Хэсгийн төлөөлөгч: -Та нар хүн алчихлаа шүү дээ. Архичингууд юм уу? Үүр цайтал унтаж амардаггүй яасан нөхдүүд вэ? гэхэд нэг залуухан хүүхэн омогдонгуйгаар “Танай сумын нэг хүн хоёр шил архи авчирч турхирсан шүү дээ. Тэр хүндээ арга хэмжээ аваач!”

гэлээ. Ахалж яваа бүдүүн эр хүүхнийхээ амыг дарсан боловч үг хэдийнээ алдагджээ. Гэрийн хаалгаар гарч, араар гүйн орсон хүнийг олохоор хэсгийн төлөөлөгч тойрон хайлаа. Хурал дээр уурхайчдыг дэмжиж байсан дэлчгэр хөх залууг Бумантөр сайн мэдэж байлаа. Ингээд, удалгүй гэгээ орж, хэн хүнгүй бие биеэ танихтайгаа болов. Дэлчгэр хөх машины цаад хаалгаар хэдийнээ ороод, унтаж байгаа аятай дүр эсгэн хэвтэж байлаа. Бага зэрэг архи үнэртүүлсэн байв. Ингээд бөөн хэрүүл маргаан үүсэв. Өнөөх аманцар бүсгүй чанга дуугаар: – Танай сумынхан өөрсдөө архи авчирч, биднийг амар тайван унтуулаагүй. Өөрсдөө ийм хариуцлагагүй байж , шаардлага тавьж суудаг нь дэндүү бүдүүлэг юм аа гээд хашхирлаа. Ахалж яваа бүдүүн нөхөр араас нь үгийн ташуур өгч: – Шөнө дунд үлбэгнээд ороод ирэхээр нь бид хөөсөн шүү дээ. Дарга нарыгаа муулаад, сүүлдээ эргэж гүйгээд, архи авчирч өгсөн. Ёстой учир нь олдохгүй хүмүүс юм аа? Сумын дарга нь цагдаатайгаа хамт ирчихээд, архичнаараа туршуул

хийлгээд байгаа юм уу? Хаашаа юм бэ? гэцгээн, ам амандаа шуугилдав. Уунайгийн баруун эгэм рүү нэвт буудсан байлаа. Толгойгоо ганхуулан, үг хэлэх гэснээ чадсангүй. Ингээд хэсэг хүмүүс сумын төв рүү яаралтай буцацгаав. Хэсгийн төлөөлөгч гэмт хэрэгтэн сахалтыг, ахалж яваа бүдүүн залууг, мөн өнөөх аманцар хүүхэнтэй нь машинд суулгаад араас нь дагалаа. Бумантөр, Уунайгийн толгойг өвөр дээрээ түшүүлэн: – Та үхэж болохгүй шүү. Одоохон эмнэлэгт очиж түргэн шуурхай арга хэмжээ авна аа. Сэтгэл санаагаа бариарай гэлээ. Уунай бүдэг дуугаар: – Ээжд битгий хэлээрэй. Ээж маань хэцүүднэ. Хоёр хүүхдээ яана аа, би? Ахын дүү болгоомжтой байгаарай. Би ч яах вэ? Чи болохгүй бол ажлаа өгөөрэй гэснээ чимээгүй боллоо. Хацар руу

нь аярхан алгадтал хариу өгсөнгүй. Бумантөр: – Цус дотогшоо алдаад, ухаан алдчихлаа. Жолоочоо, түргэлээрэй гэлээ. Ингээд эмнэлэгийн үүдэнд ирээд дамнуурган дээр өргөн авч орлоо. Ухаан орсонгүй, тэр чигээрээ хаалга хаагдав. Халаад нөмөрсөн хэсэг хүмүүс хонгилд хоцров. Удалгүй орлогч дарга гөлөлзөж хулмалзсаар эмнэлэг дээр ирэв. Ажлыг зориуд цалгардуулсан нь тодорхой байлаа. Хүний дотор бодол хар санаа гэдэг хаяа хажуудхаа хадарч явдаг гай ажээ. Өглөө бүр

нарандаа залбирч, сүү саалийнхаа дээжийг өргөдөг алтан говь минь! Үдэш бүр долоон бурхандаа залбирч, буян заяагаа даатгаж шивнэдэг амин говь минь! Тоорой моддын дэргэдээс зовлон гуниг хүүрнэдэг домгийн зэрэглээт уудам говь минь! Тормон толгодын элсэн дээр салхин хээгээр аялгуу тэрлэдэг уянгын тайтгарал их говь минь! Өршөө, өршөө! (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *