Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “17-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “17-Р ХЭСЭГ”

14 секунд уншина
0
0
361

Өглөөний нар мандлаа. Урд өдөр бороо асгаран орох төлөвтэй бөөн хар үүлс хуралдаж байснаа салхины аясаар туугдан задраад, үргэсэн адуу шиг хулжин оджээ. Харин өнөөдөр сэвэлзсэн цагаан салхитай

тогтнуухан өдөр боллоо. Бумантөр ажилдаа ирээд, бичиг баримтаа цэгцлэн, судалгаа дүгнэлт хийж, удалгүй хурлаа эхлүүлэв. Иргэдийн төлөөлөгчид энэ удаагийн хурлын ерөнхий байдалтай танилцаад, дор

дороо санал бодлоо хэллээ. Хамгийн хачирхалтай нь, гурван хүн эрс өөр санаатай байв. Газар зохион байгуулалтын мэргэжилтэн босоод: – Нэгэнт улсын дээд яамнаас гаргасан шийдвэр учраас эсэргүүцэх

боломжгүй. Улс орны хөгжил цэцэглэл уул уурхайгаа иргэн бүр дэмжих ёстой гэлээ. Орлогч дарга толгой дохин сууж харагдав. Суудлын арын эгнээнээс нэгэн эрхэм босоод: – Энэ судалгаанаас

харахад манай нутгийн хамгийн үзэсгэлэнтэй газруудыг онилжээ. Усны хагалбар судал, булаг шандын тархин дээр уурхай байгуулна гэдэг нь юу гэсэн үг вэ? Олон зуун жил тахиж ирсэн хайрханаа

ухуулж, орвонгоор нь сэндийчхийг би харж тэвчихгүй гэлээ. Хүмүүс ам амандаа дүнгэнэлдэж: – Ер нь, ард түмэн маань эл уурхайг эсэргүүцэж, уур хилэн нь бадрах байх. Биднийг авилгал хахууль аваад, эрхийг нь зөвшөөрчихөж гэж л ойлгоно. Ерөөсөө, больцгооё! гэцгээлээ. Ганц нэг хүн бусдынхаа эсрэг байснаа олны саналд дарагдан, чимээгүй боллоо. Бумантөр дарга босоод: – Та бүхний саналыг сонслоо. Миний хувьд ч энэ албан бичигт эсэргүүцсэн хариулт өгнө өө. Алтангийн шандны тойром газарт мөн сумын төвийн баруун урд руу Хүрэн уулын аманд уурхай хийхээр төлөвлөгдсөн байна. Суварга хайрхан бол бүр илүү догшин уул шүү дээ. Тэнд аргал янгир бий. Алтангийн шанд бол манай нутгийн нуур цөөрөм, жижиг голуудын эх үүсгэл, усны тархинд нь оршдог нутаг.

Тэнд ухаж төнхвөл, ил болон гүний ус ширгэнэ. Нуур шандгүй болж нүүдлийн шувууд буухаа болино. Хүрэн уулын аманд өвгөдийн шарил түшсэн газар шүү дээ. Юу бодож өвөг дээдсийнхээ шарилыг ухуулж төнхүүлэх билээ? Чухамдаа бид дарга нар биш. Эрхтэн дархтнууд ч биш. Бид зөвхөн, иргэдийн төлөөлөл. Сум орноо хамгаалах гэж л энд сууж байгаа. Тэгэхээр, тууштай тэмцэнэ ээ. Зөвшөөрөлгүй уул уурхайнууд башир арга ихтэй. Ямар ч гэсэн татгалзах хариу өгнө гэлээ. Хүмүүс, Бумантөр даргынхаа үгийг дэмжин, хэсэг шуугилдаад, эцсийн шийдэлд хүрцгээв. Хуралд ирсэн төлөөлөгчдийн наян таван хувь нь зөвшөөрч, гурван хүн эсэргүүцэв. Арван таван хувь нь эсрэг бодолтойгоор шийдэлд хүрлээ гэсэн үг. Газрын албаны дарга, сумын орлогч дарга, бас нэг хүнтэй хамтран, уурхайг эрс дэмжин буйг олж

анзаараад, хурал тарлаа. Арван таван цагийн үед хаалга тогшоод, өнөөх хүмүүс үүдээр цуван орж ирлээ. Хурлын мэдээлэл тэдний сонорт хэдийнээ хүрсэн нь илт ээ. Өнөөх саарал алчуурт эмэгтэй энэ удаад шаргал өнгийн ороолтоор хүзүүгээ цэмбийтэл ороочихсон орж ирэв. Бусдыгаа ахалж яваагийн хувьд түрүүлэн ам нээлээ. Өчигдрийг бодвол нэн уян зөөлөн аашаар өгөөшөө бэлджээ. Тэрээр: – За дарга минь! Бидэнд нааштай хариу өгнө гэдэгт итгэлтэй байна. Бидний ажил бүр цөхөрч гүйцлээ. – Бид хурлаа хийгээд, эцсийн шийд гаргалаа. Бумантөр ингэж хэлээд багцалж тэвхийлгэсэн бичиг баримтыг буцаан өгөв. Өнөөх авгай бичиг баримтаа шүүрэн авснаа татгалзсан хариу бүхий албан тоотыг уншсанаа ширээн дээр эргүүлэн шидэв. – Та чинь яасан тэнэг хүн бэ? Энэ газар нутаг таны өмч биш биз дээ? – Биш ээ! Тийм учраас би эрх мэдлээ дөвийлгөж, та бүхэнд газар

нутгаа өргөх эрхгүй. Энэ газар нутаг бол говьчуудын өмч. Говьчууд л шийднэ. Би говийн хүн. Хувьдаа бас та бүхнийг дэмжихгүй ээ. – Та яах гэж дарга болж энэ өрөөнд суудаг билээ? – Би иргэдийнхээ дуу хоолойг дамжуулах гэж томилогдсон. Иргэдийнхээ хүсэлтээр сонгогдож, тэднийхээ эрх ашгийг хамгаалахаар энд сууж байна гэв. Өнөөх дээрэнгүй цариун авгай хувьсхийн уурлаад: – Энэ бол Монголчуудын өмч газар. Газар нутаг бол төрийн өмч. Та, уул уурхайн салбарыг дэмжих ёстой. Үүнийг зөрчиж байгаа хүнд шүүхийн хариуцлага хүлээлгэнэ. – Та бүхэн алтны төлөө тэмцэж байгаа бол, бид усныхаа төлөө тэмцэх эрхтэй. Албан бичгээ сайтар уншаад буцацгаа. Орон нутагт хийх ажил их байна. Бумантөр ингэж хэлчихээд, дараачийн ажилдаа шуудрав. Өнөөх эмэгтэй залхай төрхийг өөртөө хувиргаж дөнгөөд, инээмэр аядан: – За яахав? Ярих яриа байна… гээд бусад

руугаа сэм нүд ирмэв. Хууз сахалт хамт үлдээд, бусад нь яаран гарцгаалаа. Өнөөх шаргал алчуурт ичгүүргүй наалинхайтаад, сандлаа дөхүүлэн суулаа. – Дарга минь юуг нь нуух билээ? Таны гэр бүлд хэрэгтэйгээр шийдье! Эхнэр чинь бие муутай гэж дууллаа. Эмчилгээнд нь зарцуулаарай. Хотод бол хоёр өрөө байрны үнэ шүү дээ. Энэ мөнгийг аваад, асуудлыг шийдээд өгчих! гэх нь тэр. Бумантөрийн уур нь хүрч: – Та нар авилгалаар бусдыг аргацаагаад сурчихсан хүмүүс юм аа! Миний гэр бүлийн асуудал энд ямар ч хамаагүй. Үг яриагаа оновчтой сайн бодоорой. – Дарга минь ээ? Одоо цаг үе бол өөр шүү дээ. Таны буруу байхгүй. Гэхдээ та боломжийг атгах хэрэгтэй. Нэг л мэдэхэд та, сумын даргынхаа халааг өгнө. Тэр үедээ харамсах байх шүү. Шинэ дарга шан харамж авч сураагүй байдаг юм аа. Аргагүй…

аргагүй. Бид ойлгоно. Олон юм яриад хэрэггүй, дор нь шийдчихье! гээд хууз сахалт руугаа толгой дохив. Өнөөх нь том хар цүнхээ уудлан, ногоон уутанд дөрвөлжлөн багцалсан зүйлийг гаргаж ирэхээр завдлаа. Бумантөр дургүйцээд: – Хөдөө сум ч гэлээ хууль хэрэгждэг газар шүү дээ. Хэсгийн төлөөлөгчөө дуудахаас гээд утас цохилоо. Шазруун төрхтэй, зальжин эмэгтэй төд дорхноо уурсан омогдож, өрөөгөөр нэг орилж хашхирав. – Дээлээ нөмрөх чинь дутаа юу? Шоронд чинь хатаагаад өгч чадна шүү! Доголон хүүхэндээ толгойгоо мэдүүлсэн мал вэ чи! гэлээ. Хууз сахалт омголон эмэгтэйгээ угзран чирсээр гарч одлоо. Удалгүй хэсгийн төлөөлөгч орж ирэв. Бумантөр байдлыг тайлбарлаад, сая үүссэн зөрчлийг тэмдэглүүллээ. Сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Ширээн дор нууц бичлэг хийж байгаа тул хуурцгаа зогсоолоо. Ингээд, Бумантөр дараагийнхаа ажлаа

үргэлжлүүлэв. Маргааш өглөө яамнаас утсаар ярилаа. Бумантөр сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг, мөн үүссэн нөхцөл байдлыг танилцуулаад, утсаа тавив. Үдээс хойш аймгийн шүүхээс тов зарлан дуудлаа. Орлогч дарга орж ирээд: – Хэрэг бүртгэгдээгүй байхад шүүхээс дууддаггүй биз дээ? – Одоо утга замаа алдсан цаг. Долдой хүмүүсийн балаг шүү дээ! гэж хэллээ. Орлого дарга Бумантөрийн үгэнд нугдасхийн цочсоноо аймарсан хүн шиг аярхан гэтсээр гарч одлоо. Бумантөр дарга Гангармаагаа дагуулан, аймаг орохоор хөдөлжээ. Үд дундын наран хэвийх алдад аймагт хүрч ирлээ. Аймгийн шүүгч залуу сумын шинэ даргыг гүйлгэн харснаа сандал аваад дөхөж суув. Уриалгахан яриатай их овжин байрын сайх залуу гар барин инээмсэглээд: – Дуудуулсны учрыг мэдэж байгаа байх. Түмний өмнөөс алба хашна гэдэг амаргүй ажил аа. Би ойлгож байна.

Гэхдээ яам, төрийнхөө шийдвэрийг биелүүлэхгүй бол даргын албандаа удаан тогтохгүй шүү дээ. Таны төлөө л гэж хэлэхэд… Та бол эрс шулуун зантай үлгэр жишээч сайн дарга. Таныг удирдах албандаа олон жил ажиллаасай гэж бодож байна. Цэцэгт нуга хөтөлбөрийг говийн бүх сумуудад эхнээсээ хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Таны ярилцлагыг зурагтаар бид харсан. Гэхдээ нэг асуудал байна аа. Нэгэнт дээрээс бидэнд үүрэг чиглэл өгсөн. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хүрээнд танд сануулж байна. Уурхайн асуудлыг аймгийн дарга шийдэх биз. Харин та саад тотгор болохгүй байх хэрэгтэй. Хэрэв хөл үймээн дэгдээвэл, эрүүгийн хууль, захиргааны хэрэг гээд маш олон хуулиуд бий гэлээ. Сахилгын арга хэмжээ, саатуулах, торгох, баривчлах, хорих заалтуудтай гэлээ. Бумантөр: – Бид говь нутгийнхаа онгон дагшин байгалийг хамгаалах үүрэгтэй. Монгол улсын үндсэн хуулийн тунхаглалд << Монголын ард түмэн бид: Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна>> гэж заасан бий. Монгол улсын иргэний эрх, үүрэг, байгаль хамгаалах хууль, эрүүгийн хуулиуд, бусад олон хууль заалтыг би мэднэ ээ. Тэдэнд хууль байдаг бол, говьчуудад мөн хууль бий. Бид эрхийнхээ дагуу сөрөг нэхэмжлэл гаргах ч эрхтэй. Усны гачаалаас үүдсэн хохирол бүрийн тоогоор, эрсдэл үүссэн алтан амь бүрийнхээ үнээр нэхэмжлэх эрхтэй. Усгүйдэл үхэл рүү түлхэж буй хэрэг мөн. Үүнийгээ цаадуулдаа сайн танилцуулаарай гээд гарчээ. Шүүгч араас дуудан: – Та маргааш арван цагт ирж уулз! гэв. Бумантөр: – За шүүгч ээ! Говь нутаг бол говьчуудын өмч. Энэ бол бидний өвөг дээдсийн өв хөрөнгө. Хамгийн гол нь ус ундны асуудал хүндэрч байгаа

энэ онцгой цаг үед байгаль орчин, ард иргэд, мал амьтдынхаа амьдралаар дүйж, та ч гэсэн зөв шийдвэр гаргаарай. – Таныг, бодлоо өөрчилж, хууль дүрмээ баримтлана гэж найдая! – Таныг, бидний эрхийг танилцуулж өгнө найдая! Говьчуудыг хамгаалах хууль эрхзүй байдаг гэдгийг хэлж тайлбарлаж, сайн ухуулж өгөөрэй гэлээ. Ингээд, тэр өдөртөө сум руугаа буцахаа болиод, аймаг дээр хонохоор болов. Найзуудынхаараа орж, ярьж хөөрч суугаад, оройхон Уунай ахын ээжийнд зочлон очив. Ная хэдийнээ хол гарсан буурай тэднийг дуу шуу болон угтав. – За сайн явцгааж байна уу? Хүүхдүүд ээ! Таржидын бага хүү байх нь ээ. Улам-Оргих та хоёр ах дүүсийн хүүхдүүд ээ. Яах аргагүй ах дүүс шүү дээ. – Таны бие тэнхээ лагшин тунгалаг уу? Сайхан зусч байна уу? – Сайхан зусч байна аа. Улам-Оргихынхоо хоёр хүүхэдтэй л байна. Нэг нь хөдөө явсан. Охин нь надтай байгаа. – Аан тийм үү? Манай нутгаар ойрд бороо хур орсонгүй. Одоо орвол сайхан зун болно доо. Халуун нар шараад, нэлээн гандаж эхэллээ. – Орох байх

аа хүү минь! Миний хоёр хүү хоол цайгаа идэж аваад амарцгаа! – Тэгнэ ээ! – Гонгор гэж бурхны авралаар учирсан хүн байгаа юм аа. Улам-Оргихынхтой нэлээн хэдэн жил айл хөрш нутаглалаа. Манай хүү гэж хийссэн дарцаг шиг хүн! Гонгорыг зуун бог өгсөн гээд бөөн баяр ирсэн. Гонгор маань тун ч тулхтай хүн дээ гэснээ Гангармааг бас бахдангуй өнгөөр ширтэн харлаа. – Миний охины бие сайн уу? Хоёр хүүхэд нь том болж байна уу? Долзмаа ам ангайх тоолондоо л Гангармаагаа магтдаг шүү дээ гэлээ. Гангармаа инээмсэглээд: – Уунай ахынх, аавынхтай айл байгаа болохоор бидэнд хэчнээн амар байдаг гээч. Тэд маань дөрвүүлээ болохоор санаа зоволтгүй шүү дээ. Одоо хүүхдүүд очсон учраас бүүр сайхан байгаа. Манай Уйнай ахынх хаяа сайтай айл аа. Долзмаа эгч ч сайн хүн. – Хоёулаа хөнгөн. Сүү шиг цагаан хүмүүс гээд эмгэн толгой сэгсрэв. Гангармаа үгийн далимд хавчуулан өнөөхөө асуугаад орхив. – Та, луу товруутай цалин мөнгөн товчны талаар ярьж өгөөч! Уунай ахад байдаг. Манай хүнд ч бас

байдаг юм. Би саяхан дээл хийж өгсөн л дөө. Шинэ дээлэндээ тэр товчийг хадсан. Эмгэн урагшаа мөлхөж суугаад ийнхүү ярив. <<… Улам-Оргих гээчихнэ гээд авдарнаасаа гаргаж ирдэггүй гэсээн. Уг нь дээл хийж өмсөх хэрэгтэй. Тэр товч их зүйлээс хамгаална. Ялангуяа олонтой харьцдаг албаны хүн хэцүү шүү. Тэгэхээр дээл хийж өмсдөг нь сайн хэрэг. Тэр ийм учиртай юм аа. Таржидын ээж ганц бие бүсгүй байсан. Яагаад хань заяагаагүйг нь мэдэхгүй. Манай өвгөн Пүрэвсүрэн болохоор яг аавынхаа дэргэд өссөн хүн. Манай хадам ээж бас залуудаа бэлбэсэрч хоцорсон юм гэнэ лээ. Тэгэхээр, манай өвгөн бас л өнчин шахуу өссөн гэсэн үг. Ухаандаа хоёр бэлбэсэн авгай говьд үлдсэн байж л дээ. Нэг нь Таржидын ээж. Нөгөөх нь манай хадам ээж. Залуу байсан гэнэ лээ. Манай хадам аав ганц бие бүсгүйнхээр бууж морддог. Хэн хэн нь түүнийгээ ч мэддэг. Бас уурлаж уцаарлаад, сүйд болдоггүй байж л дээ. Нэг ёсондоо, ганц бие бүсгүй хүний ганихарлын зовлонг нимгэлж явбал хамаатай юу гэж боддог байж. Тэр цагийн хүмүүс уужуу тавиу ухаантай, өр нимгэн байсан байж таарна. Тэгээд л Таржид төрсөн юм.

Хоёр айл хоорондоо барааны газар нүүж суудаг. Холын зэрэглээн дунд гэрийнхээ гадаа торойгоод зогсож байдаг гэсэн. Хадам ээж маань хадам аавыг “Миний өвгөн тэмээ маландаа яваач. Сайхан дуулж хуурдаж яваад ир” гэдэг гэсэн. Таржидын ээж ятга тоглодог, их сайхан дуулдаг бүсгүй байсан юм шүү. Тэгээд хадам аав мордоод, маргааш нь ирдэг гэсэн. Хүний амьдралын үүсгэл түүх их өрөвдөм бас хачирхам шүү. Уужим ухаан хэзээ ч сульдаж байгаагүй. Ганц бие тэр бүсгүй олон жил айл хунар явахдаа сайхан хүүтэй болж, ганцаардлын зовлонгоос ангижирсан хэрэг. Хадам аав маань тэмээн жинд жил бүр явна. Хоёр айл хоорондоо хараа бараандаа нутаглаад, нэг бодлын амар байж ээ. Гэтэл хадам аав маань жин тээж яваад, буцахдаа дээрэм тонуулын хүмүүстэй тааралдаж, сүйд болсон гэнэ лээ. Хүрээнээс ачиж яваа цай хуй, торго дурдан, гутал хувцас өөр юу байдаг билээ? Баахан бараатай буцаж ирдэг байсан л даа. Тэр бүхнээ дээрэмдүүлчихжээ

хөөрхийс. Замаас нь тонуулчид гэнэт дайраад, тэмээ малыг нь хороож, жинчдийн амь насыг хөнөөж сүйтгэл хийжээ. Манай хадам аав маань ид гучин долоотой л байсан гэдэг. Тэр чигээрээ манхан руу зугатаад, бусад нь амиа алдсан бололтой. Ингээд хадам аав элс манхан дунд амь тэмцэн яваад, аврагдаж чадаагүй юм аа. Гангийн халуун нар гэдэг цангасан хүнийг ганцхан өдөрт л унагана шүү дээ. Өдөржин шөнөжин айл хайж явсан бололтой. Тэгээд, нэг айлын гадаа ойртоод, харангадаж унасан байж. Өнөөх айлын хүмүүс ангаж хатсан эрийг идэр жинчин гэдгийг таниад, амийг нь аврах гэж оролдсон хэрэг. Ам нь их хатсан хүн ус ууж чаддаггүй юм шүү дээ. Хоолой нь хатсан учраас залгих мэдрэмж нь алдагдчихдаг шүү дээ. Гүрвэлзэх хөдөлгөөн үгүй болчихдог. Ингээд амь тавихын өмнө өврөө уудлан, боодлоор хэлхсэн хоёр дээлийн товч гаргаж ирээд “Би хоёр сайхан хүүтэй хүн. Өөр өөр жалганд ургасан цагаан зандан мод шиг өнчин ганцаардмал

хувь заяатай хүүхдүүд байгаа юм аа” гэжээ. Хүрээний сайн ламаар аравнайлуулаад хоёр хүүдээ зориулж авсан дээлийн товчийг тайлбарлан харуулаад “Үүнийг заавал хүргэж өгөөрэй” гээд бурхан болжээ. Хадам ээж, Таржидын ээж хоёулаа мөн л гэр гэрийнхээ гадаа хүлээж байтал хэдэн морьтой хүн давхилдаж иржээ. Ингээд, жинчид бүгд сүйрч, ачаа бараатай хэдэн тэмээдийг нь хөтлөөд, ор сураггүй арилсныг дуулгаж гэнэ ээ. Нөхрийнхөө өгүүлсэн хоёр багц дээлийн товчийг нэг нэгээр нь аваад, хоцорцгоосон гэдэг>> Бумантөр, Гангармаа хоёр, сайх эмгэний яриаг сонсоод, санаа алдан сууцгаав. Эмгэн <<…Өвөг ааваасаа өв залгамжилсан товчийг та хоёр гээж огт болохгүй. Таржид гээгээгүй байгаа нь сайн хэрэг. Аравнайлуулсан товчинд их хүч, сүнс сүлд яваа шүү дээ. Ер нь дээлийн товч бүрэн байвал хүний ухаан бүтэн явдаг. Дээлийн товч дутуу явбал заавал буруу шийд гаргадаг. Ялангуяа манай хадам аав бол хоёр хүүдээ их амин хайртай хүн байжээ. Би өвгөндөө тэр товчоор дээл хийж өгч

байлаа. Даанч, өвгөн минь албан газрын сахиул, анчин хүн байсан шүү дээ. Гоёлын дээл өмсөх завгүй явлаа хөөрхий. Улам-Оргих, Долзмаа хоёрт захиж хэлээд л өвлүүлж өгсөн. Тэд авдрандаа хадгалж явдаг болохоор аюул зэтгэр тойрон өнгөрдөг биз ээ? Одоо тэр хоёртоо санаа зовдоггүй, би>> гэж билээ. Бумантөр, Гангармаа хоёр тэр шөнө их зүйлийг бодож хонолоо. Хүний амьдрал чи! Зовлон, жаргал хоёрын дэнс хүрдэн дээр мөн ч их зовоох юм даа. Маргааш нь арван цагт шүүгчтэй уулзаад явлаа. Бодолд өөрчлөлт гараагүй тул өөр өөрсдийнхөө талд салцгаажээ. Бумантөр <<Монгол Улсын иргэн хэд хэдэн үндсэн эрхийг эдэлнэ. Үүнээс эхнээс нь дурдвал… Амьд явах эрхтэй. Нөгөөтэйгүүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй>> гэж заасан. Ер нь хууль журам яривал бидэнд ч их зүйл байгаа шүү гээд өрөөнөөс гарчээ. Тэд явсаар үд дунд сумандаа ирцгээлээ. Бумантөр ажил дээр ирээд сууж байтал хэн нэгэн хүн хаалга тогшив. – Ор ор!

гэхэд хариу өгсөнгүй. Гайхаж суутал дахин тогшив. – Ор оо, ор! гэлээ. Мөн хариу өгсөнгүй. Бумантөр босоод, хаалгаа дэлгэж харвал цаана нь зүс таних тарлан сэвхтэй нэг авгай зогсож байлаа. Тэрээр даргыг харснаа хачирхалтайгаар мушийснаа арагшаа нэг алхав. – Сайн байна уу ? Та ямар хэргээр яваа билээ? – Сайн уу, дарга аа! Би тантай уулзахаар яваа юм аа. – Тэг дээ. Та ор доо. Өнөөх авгай сандал дээр лагхийн сууснаа, цоохор алчуураа толгойноосоо мултлаад, хүзүү духаа арчиж эхлэв. Тэрээр: – Би аавыг чинь багаас нь мэднэ ээ. Сүүлийн хэдэн жил танай суманд нутаглаж яваа хөдөөний хүн. Гонгор гуайнхтай айл буусан Уунайг ч сайн мэднэ. Уунайгийн аав чинь танай аавын дүү шүү дээ гэлээ. Бумантөр яриаг нь ойлгож ядан, гайхан харснаа: – Үгүй ээ. Манай аав чинь Уунай ахын ааваас лав арваад насаар дүү хүн шүү дээ гэлээ. Авгай мэдэн будилж, хэсэг бодсоноо: – Өө. Би аавд чинь буруу хэлээд гарч. Гэхдээ Уунайтай

уулзсан гэдэг биз дээ? гэх нь тэр. Бумантар сая учрыг нь ухаж ойлгоод: – Та тэр өдөр манайхаар ирээд явсан хэрэг үү? Таныг орж ирэхэд аавын бие ямар байсан бэ? Сайх авгай гэнэгүй ам алдсандаа гэмшээд, хумсаа мэрэх шахав. Сумын дарга чинь өлхөөн жаахан амьтан биш, харин ч бүүр айхтар ширүүн залуу байжээ. Нутаг ойр явдаг байхад ойшоомгүй нэгэн жаал байсан даа. Харин албаны өрөөнд сууж байгааг нь харвал жигтэйхэн сүрдэм том дарга болжээ. Басах аргагүй хэгжүүн, цэх шулуун үгтэй эр байлаа. Авгай, даргаасаа жаахан сүрдээд: – Аан… Би…биеийг нь эргээд гарсан. Удаагүй л дээ. “Таны дүүгийн хүүхэд Пүрэвсүрэнгийн Улам-Оргих нь танай хөрш айл шүү. Уулзаарай!” гэж л хэлсэн. Сайн санаж л хэлсэн. Аав чинь хачин их баярлаад, намайг үнэсэх шахуу л хөөрч билээ гэлээ. Үзтэл хуурмаг байдалтай зальжин авгайг Бумантөр нэвт гадарлан хараад: – Хүний алтан амь хамгийн үнэтэй. Та, аавд эвгүй үг яриагүй биз дээ? – Үгүй үгүй. Одоо бодоход, ах дүү хоёрыг байрыг нь сольж андуурсан ч гэлээ их буянтай үйлс

хийжээ, би. – Нүгэл, буян гэдэг нь эрлэг дээр шүүгддэг байх шүү. Ингэхэд та ямар хэргээр яваа билээ? – Аан, манай хоёр хүүхэд суманд суудаг аа. Ажил төрөл байвал гуйх гэж явна аа. – Мөн мөн. Суманд байгаа бүх залуусдаа зориулж, хоршоо нөхөрлөлийн хэлбэрээр жижиг үйлдвэрүүд нээсэн. Ажил урагштай байгаа. Нэг ч залуу хүн ажилгүй хоцрохгүй гэлээ. Авгай алчуураа үрчиж сууснаа: – Танай аав Уунайгийн аав хоёрын талаар би сайн мэднэ ээ. Бид нэгнээ мэдэх нутгийн улсууд байгаа юм. Өөр зүйлгүй. Харин тэр зун аав чинь хот нүүхдээ намайг туршуулаар гуйж билээ. Би Гонгор гуайнд очоод

чамайг сураглаж, тэднийг загнаж байснаа мартддагүй юм. Бумантөр өөр зүйл хэлсэнгүй. Өнөөх авгай сууж байснаа хий ханиагаад гарч одлоо. Өндөр төр минь төмөр нударгатай. Тийм учраас төрийн харааг чиглүүлэгчид харалган байж огт болохгүй. Төрийн бодлого зөв байвал хүн ард жаргалтай. Бумантөр үүнийг л хүсч байна даа. Улстөр бол хүний мөн чанарын төгс илэрхийлэл гэжээ. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *