Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “16-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “16-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
377

Хэм хэмжээндээ байгаа бүх юмс төгс. Ингэж хэлэхийн учир их буй. Анхааран сонсохуй… Эрт эдүгээ жарны хөлгөн их шаштир дор… Хүрэл хатуу жилүүдийн оч цахилах илдэн дор… Хүлэг агт морьдын дэл

шанхны үзүүр дор… Хүсэл дэврэх уухайн сүрлэг чанга нүргээн дор… Хүүхэн хонгор амрагийнхаа хүлээх сэтгэлийн хүлцэл дор… Хүдэн татсан хангайнхаа хөх манангийн үзүүр дор… Хүн зон ардынхаа итгэл

дэлгэсэн ерөөл дор… Монгол эр хүн тэмцэж иржээ. Өрлөг түүхийг сөхөж, энэ хүртэл хэлхэн тунгаахад, монгол эр хүн бадран асч явжээ. Эгэл баатруудын хүчээр газар шороо минь гарт үлдсэн билээ. Элгэн

улаан цус, хөх толбоныхоо өнгөөр эх орноо тэмдэглэн тодруулаад, орхисон бөлгөө. Эзэнт улс маань аян дайны жилүүдэд эх нутаг, газар шороогоо хамгаалан тэмцэж, амь биеэ үл хайрлан тэмцэж иржээ.

Газар шороон дээрээ дархалсан нүүдэлчдийн соёл гэдэг нь гайхамшигт их өв эрдэнэ болж, хүн төрөлхтний оюуны үнэлэмжинд хүрч чадсан. Нүүдэлчдийн өв соёл дэлхий дахинаа гэрэлтсээр байхад

монгол хүн эрвийх л ёстой бус уу? Бумантөрийн зүрхэнд ийм л шүлэг бодол бий. Энэ бодлыг анхааран сонсдог билээ. Эр хүнд заяах холын нэгэн бодол. Сэв шарх, зэв сум үл хүрэх зүрхний чанадад энэ бодол нь хадгалагдан буй юм аа. Илүү чамин хүсэл, элдэв санаа огт үгүй. Эгэл хүний бодол энгийн бөгөөд агуу байх ажээ. Тэрээр ажлаа хүлээн авсан өдрөөсөө эхлэн шаргуу хөдөлмөрлөж, өдөр бүр уулзах хүн зоны урсгал дунд уусан орлоо. Хийвэл бүү ай! гэдэг болохоор тэрээр эргэж буцахгүй зоригложээ. “Аргаа олоогүй хүн замаа олдоггүй” гэдэг буурлын үгийг саналаа. Арга ухааныг хайж эхлэв. Ард түмэн хийгээд, албан тушаалтан хоорондын харилцан ойлголцлыг бэхэлж, энэ бэхэлгээн

дээрээсээ ажлын гараагаа эхлүүлжээ. Хүн ардынхаа хүсэл тэмүүллийг бүрэн сонсоно гэсэн үг ээ. Ард түмэн албан, тушаалтан хоёрын шийдвэрийг тэмээний жинд даруулсан ачаа шиг тэнцүүлэн бэхлээд босжээ. Эхлээд өвгөд хөгшид, дараа нь идэр залуучууд, бүр сүүлд нь хүүхэд багачуултай уулзаж хэлэх үгийг нь дууллаа. Нас насны хүмүүсийн санал бодол өөр байлаа. Өвгөд хөгшид нь залуу үеийнхээ төлөө санаа зовинож, нутаг усаа харамлан шогширцгоов. Залуучууд нь ажлын байр, шинэ гэрэлт ирээдүйг хүсэмжлэн, хөгжил дэвшлийг уриалав. Сургуулийн хүүхдүүд тэс өөр юм ярьцгаав. Говийн усыг ховх сорж байгаа баячуудыг тэмээ тэмээгээр нь ачиж, манхны цаана хүргэж, хашраамаар байна гэцгээв. Хамгийн түрүүнд усны гачаалаас

сэргийлж, биднийгээ хамгаалж ажиллаарай гэж хичээнгүйлэн хүслээ. Цэцэгт нугын төгөл байгуулж өгсөнд нь Бумантөр даргадаа баяр хүргэцгээлээ. Ингээд гурван төрлийн хурлаас нэгэн дүгнэлт гаргаж, ажлын төлөвлөгөөгөө боловсруулаад шуударчээ. Сумын төвийн өнгө тохижолтонд анхаарч, өргөн олныг уриалан, их аян өрнүүллээ. Барилга байшингаа засварлаж, гудамж хашаагаа тэгшилж, зам харгуй, гэрэлтүүлэг, мод зүлэг суулгаж, хүрээлэн байгаа орчноо цэмбийтэл сайхан тохижуулж авлаа. Ажлын байранд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн бүртгэл судалгааг гаргаж, шинэ зүйтэй санаачилга, нэн оновчтой саналуудыг сонсов. Малчдаараа тойрон явж, баг бүрээр хурал хийв. Малчид газар дээрээ хэрхэн зовж зүдэрч,

бэлчээр нутаг хомсдож, цагийн аяс хүндэрч байгааг нүдээрээ харлаа. Мал маллах хүн цөөрч, залуучууд төв суурин руу олноороо хошуурч байдаг болжээ. Хийх ажил маш их. Цаг зав тун хомс болж ирлээ. Бумантөр шантарсангүй. Гангармаа, хоёр хүүхдээ чадлынхаа хэрээр бөөцийлж, ар гэрийнхээ ажлыг санаа амар даана. Нэгэнт тэмүүлсэн зорилгынхоо өмнө хэн хэн нь шантарсангүй. Түмэн олныхоо төлөө гэх сэтгэл нь нугарсангүй. Нийгмийн гол зарчим нь хоршоо, нэгдэл, хамтрал гэсэн уриан дор тулгуур хийлээ. Хүн бүр хүсэл мөрөөдөлдөө хүрнэ гэсэн итгэлээр хөшүүрэг хийлээ. Тулгуур, хөшүүрэг хоёр их зүйлийг бүтээжээ. Хоёр жилийн дараа, Бумантөр даргыг дэмжиж хүндэтгэх хүмүүс олон болжээ. Цагийн аясаар бүх зүйл үнэнээр

танигдаж, итгэл сэтгэлээ сүлж чадсан байлаа. Сумынхаа баруун дэнж, хонд сайр дагуулан, худаг ус гаргаж, асар том цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Хүн бүр эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, говийн хөрсөнд ургах бүх моддыг суулгажээ. Олон зуун жилийн настай заг мод тарив. Загийг дагаж цагаан гоёо ургажээ. Загийн үр түүж, олноор тариалах аргыг судалцгаав. Улиас, хайлаас, шар хуайс сайхан ургалаа. Тойглосон суулгацаа хөрсөнд суулгаж, бордож ургуулах аргыг олж чаджээ. Зарим моддыг мөчрөөр нь үржүүлж байгаа нь гайхалтай. Арабын үржил шимгүй хөрс бүхий Израйлын нутгуудад тариалж буй Тамарикс буюу сухай модны талаар судалж, тариалах ажил нэвтрүүллээ. Галил нуур, Үхлийн тэнгис орчимд элсэрхэг хөрсөнд

тарьсан тамарикс гайхалтай ургамал ажээ. Монгол буйлс, тоорой ургуулах бүрэн боломжтой. Говийн цагаан сарнайн бут ямар гоо үзэсгэлэнтэй гээч. Модлог ургамал дагаад, бутлаг ургамлууд олноороо ургана. Цэцэг навч алаглаж, эрвээхэй нисэлдэх нь энүүхэнд. Цаашдаа талбайгаа өргөсгөж, хар мод, говийн харгана тариалах талаар ярилцлаа. Зориглон хөдөлбөл бүтэхгүй юм алга. Сумын төвийнхөн их урамтай байлаа. Говийн хөрс унаганы уруул шиг зөөлөн учраас шим өгөөжөө бүрэн хайрлав. Моддын хүчээр хөрс бэхжиж, газрын гүнээс ус татаж эхэлжээ. Хөвөлзөх үүлсийг өөртөө татаж, бороо хур шиврэх болжээ. Улаан сухай модыг Зармангийн говиос залж, нутагшуулан ургуулахад үр дүнгээ өгсөн юм. Хужир мараалаг хотгор газар, гүний

усны ойр түвшинд, чийглэг газрыг шүтэж ургадаг улаан сухай олноороо бутлав. Санаанд оромгүй сайхан үйл зон олны сэтгэлийг баясгажээ. “Цэцэгт нуга” гэсэн том хаягтай цэцэрлэгт хүрээлэн хүн бүрийн хайрыг татаж, итгэлийн галыг асааж чадсан юм. Сум орныхоо ажлыг өндөр төрийнхөө бодлоготой уялдуулан урагшилсаар, үйлс замнал өөдрөг байлаа. Олны хүч оломгүй далай шүү дээ. Говийн эзэд бол говьчууд шүү дээ. Нэг удаа Бумантөр өрөөндөө сууж байтал үүд тогшив. – Сайн байна уу даргаа гэсээр нэгэн буурал өвгөн орж ирлээ. – За сайн байна уу? Та сайхан зусч байна уу? – За хүү минь! Нутаг орныхоо төлөө шаргуу ажиллаж байгаад чинь талархаад баршгүй. Цаг хугацааны эцэст сайн сайхан үйлс шалгардаг жамтай. Байгуулж

босгосон Цэцэгт нуга тань хэчнээн сайхан юм бэ? Аясын салхинд модод ганхаж, навчис шаргихыг сонсох хувьтай байжээ. Говьд навчис хийсэх нь онцгой нандин билээ. Буурал өвгөн би хүүдээ хэдэн зүйл захихаар ирсэн юм. Ажилд чинь санаа болуужин. Хоёр мянган мал усалж байсан худаг чөдрийн ганц морь усалж чадахаа байжээ. Холын тонуулчид улдсан худгийн ёроолоос шавар ухаж, алт буй эсэхийг шинжилж байна гэж зүүдэллээ. Хүн төрөлхтөн ус биш алт уудаг болсон юм уу? Хэлэх үг олдохгүй юмаа. Бумантөр дарга халаглаж буй өвгөнийг тайтгаруулан: – Ойлгож байна аа. Манай албадын хүмүүс сумынхаа бүх худаг уст цэгийн тоог гаргаж, усны нөөцийг судалсан. Бүх булаг шандыг бүртгэж, тоо мэдээг гаргалаа. Та сонсох хэрэггүй байх аа. Хүн сонсох аргагүй хэцүү тоо гарлаа. Маш олон булаг шанд

ширгэжээ. Худаг гэхэд хэдэн зуугаараа ширгэж улдсан байна. – Энэ л их анхаарууштай шүү, хүү минь! Ус маш чухал. Намайг бага байхад газрын гүний ус галав юүлтлээ харамч байдаг гэж хэлдэг байлаа. Одоо дуулахад газрын гүний ус арван мянган жилд л сэргэдэг гэсэн. Усаа хайрлахуйн ухааныг өвгөд маань мөн ч их хэлж байлаа даа. – Говийн ховор амьтад мазаалай, хулан, хавтгайн тоо толгой цөөрчээ. Хээрийн онгон салхинаас өөрийг нуруундаа хүргэдэггүй тууртан амьтад бөхийж сульдахыг хармааргүй байх юм. – Чухам аа чухам. Дарга минь! Хулангийн савдагтай гэдэг тал хөндий минь онгон дагшнаараа орштугай. Говь бол хормойд хоцорсон эрдэнэ шүү дээ. Түүнээс биш, хомхой сэтгэлтэнд хүртээлгүй юм шүү. Намайг залуу байхад бөхөн, зээр, үнэг, хярс, жороо тоодог, замба гүрвэл, тэмээн сүүл, хулан жороо гээд янз бүрийн амьтад, араатан жигүүртэн элбэг байжээ. Одоо их

цөөрсөн. – Таны сургаалиас нэг үг содон сайхан дуулдлаа. “Говь бол хормойд хоцорсон эрдэнэ шүү дээ” Энэ юу гэсэн үг вэ, өвгөн ах минь. – Монголын гучин гурван говийн ихэнх нь хүн мал амьдрахад хэцүү талбар. Багахан газрыг л тойрч эргэж амьдардаг. Тийм болохоор говийнхон нутгаа хормойн чинээ газар гэж дээдлэн хайрладаг учиртай. Зуур хоногийн газарт, бүтэн өдрийн газарт ч хүн мал нутагладаггүй байх нь бий. Говийн айлууд ганц гэрээрээ буудаг нь зожиг хажигийнх биш ээ. Тэд, уух усныхаа хэмжээнд тааруулж, худаг сахиж буудаг. Хол хол шүү дээ. Ганц гэрээрээ цөөн малтай амьдардаг. Хоёр гурван гэрээрээ буучихвал худгийн ус хүрэлцэхгүй хэцүүднэ. Ямар сайндаа худаг зайдалж буулаа гээд дургүйцэх билээ. Их ундарга сайтай худаг бол өөр хэрэг. Энэ нь ховор л доо. – За за, таны хэлсэн

бүхнийг ойлголоо. Усны хомсдлийг бууруулж, худаг уст цэгийн тоог нэмэгдүүлэх талаар онцгой арга хэмжээ авна аа. – Хамгийн чухал зүйл нь энэ! Хээ хуарын гайхамшигт говь нутагт он удаан жилийн амьдрал орших болно. Миний хүү, амьдралын зөөлөн талд, гэгээн талд, үнэний талд нь үргэлж яваарай. Итгэл алдаж болохгүй. Говь бол яг үнэндээ хормойн чинээ газар биш. Гэхдээ ингэж ойлгож хамгаалах хэрэгтэй. – За ойлголоо. Оройхон гэртээ иртэл Гангармаа үйл урлаж байснаа нөхрийгөө хараад босож ирлээ. Цай хоол дөхүүлж, сайхан яриа өрнүүлэв. – Миний хань ядарчихавзай! Дээл хийж байгаа юм уу? гэхэд Гангармаа луу товруутай цалин мөнгөн товчнуудыг ширээн дээр тавиад: – Өвгөн аавын уламжилсэн дээлийн товчоор чамдаа сайхан тэрлэг хийж өгнө өө. Чамд номин ногоон өнгө сайхан зохидог шүү дээ гэлээ. Хэлхээтэй товчийг Бумантөр аваад, эргүүлж тойруулан харлаа. –

Чи минь, аавыг мөн ч их баярлуулж билээ. Аав минь амьд байсан бол Цэцэгт нугад хөгшчүүлтэй хөөрөлдөөд, сууж байхгүй юу даа. Даанч чадсангүй дээ. – Би ч тэгж боддог. Ер нь энэ их учиртай товч шүү. Уунай ахад бас дээлийнхээр байдаг гэсэн. Ааваас нь дамжиж ирсэн хэрэг. – Аан, тийм үү? – Би нүүхээс өмнө Долзмаа эгчид даавуу торго сонирхуулаад, авдраа ухаад сууж байсан. Долзмаа эгч энэ товчийг үзээд, их гайхаж билээ. Харснаа “Энэ товч Манай өвгөнд дээлийнхээр байдаг. Аавынх нь товч гээд хадгалдаг” гэсэн шүү. – Сонин юм шүү. Уунай ахаас асууна аа гэхэд Гангармаа инээмсэглээд: – Би асуусан. Уунай ах юу ч мэдэхгүй хүн билээ. Долзмаа эгч ч мэддэггүй гэсэн. Ингэхэд чи аавынхаа ээжийг харсан уу? – Намайг бага байхад ганц бие хүн байсан санагддаг. Балчир байсан болоод бүдэг санана. Намайг дагуулаад, хармаг гоёо түүдэг байсан санагдаад байгаа юм. Хармаг их

сайхан жимс. Багцлан ургадаг, улаан хүрэн өнгөтэй, зөөлөн чихэрлэг жимс юм. “Миний хүү чонон хармаг түүж болохгүй. Тэр нь хар жимстэй байдаг” гээд тайлбарлаад явдаг. Насаараа ганцаараа яваад, их хатуужсан сүрхий буурай байсан юм аа. Аав маань ганц хархүү нь гээд их зоргоороо. – Уунай ах бол аавтайгаа өссөн юм билээ. Аймгийн төв дээр суудаг ная гарсан хөгшинтэй хоёулаа нэг золгоно оо. Тийм ээ? Хааяа л Уунай ахынд ирээд буцдаг. Аймаг дээрээ л голдуу суух юм даа. – Тийм шүү санадаг санаа. Тэгээд энэ товчны талаар асууя. Хоолоо идээд сууж байтал Цэцэгт нугын цэцэрлэгээс баахан хүүхдүүд гүйлдэн ирж яваа харагдав. Араас нь хөгшчүүл явцгааж байлаа. Наранхолбоо дүүгээ дагуулан, хар хурдаараа гүйж ирээд, аавыгаа хүзүүдэн авлаа. Аав нь – Миний охин хичээлээ хийсэн үү? Удахгүй дүү нь сургуульд орно шүү дээ. Хичээлээ сайн давтаарай. Тэгээд дүүдээ тусална шүү дээ.

– Тиймээ ааваа, даалгавраа хийсэн. Манай сумын Цэцэгт нуга үнэхээр гоё. Моднууд өдөр бүр ургаад, өндөр болоод байгаа юм шиг санагдаад байна. Мод хурдан ургадаг уу? – Таван жилийн дараа бүүр сайхан төгөл болно. Аав нь дахиад тавин га газар нэмж тариална. – Хөөх, баярлалаа аав аа. Би том болоод, модны эмч болно оо. – Тэгээрэй охин минь. Хэд хоногийн дараа уур бухимдал үүсгэсэн хэрэг гарлаа. Хөдөө сумаар ажиллаад дөнгөж ирж байтал өрөөний үүдэнд хэсэг хүмүүс хүлээгээд сууж байв. Хот газрын бололтой хүмүүс байлаа. Тэд Бумантөр даргатай мэндлээд, араас нь дагаж, өрөөнд орцгоов. – За сайн байна уу, дарга аа? Сайхан зусч байна уу? – Сайн байцгаана уу? Сайн явцгааж байна уу? – Бид , яамнаас хайгуул шинжилгээний ажлаар явж байна. Танай нутаг алт эрдэнэсийн асар их баялаг нөөцтэй гэж судалгаагаар батлагдсан. Таны өмнө ажиллаж байсан

дарга биднийг сайн танина. – Аан тийм үү? Одоо тэгээд ямар асуудлаар яваа билээ? – Би алт эрдэнэсийн уурхайгаа нээхээр газар нутгаа товлож явна. Сумын даргаас албан ёсны эрх зөвшөөрөл авах шаардлагатай. Та бичиг баримтуудтай танилцаад, гарын үзгээ зурж, тамгалан өгөх ёстой. – Энэ бүхнийг би ганцаараа шийддэг хүн биш. Нутгийн иргэдийн зөвлөлийн хурлаар ярилцаж шийдвэрлэнэ гэлээ. Хүзүүндаа саарал өнгийн торгон алчуур зангидсан дунд насны эмэгтэй хөнгөн инээмсэглээд: – Иргэдийн хурал энэ тэр асуудал хамаагүй. Таны тамга тэмдэг байхад л болно. Тэртээ, тэргүй Дээд яам баталсан ажил. Та, бидний ажлыг бодоод, шуурхай шийдээд өгөөч! гэлээ. Бумантөр ирсэн зочдыг тойруулан харснаа “Би маргааш арван таван цагт шийд өгнө өө” гэж шийдмэг хэллээ. Өнөөх эмэгтэйн царай

нь хувьсхийн: – Сахарын цөл шиг газарт хатаж үхлээ байна. Маргааш болтол хүлээж чадахгүй. Бид цаг нартай албанд, цалин мөнгөтэй ажиллаж яваа хүмүүс. Таны дураар саатаад баймааргүй байна гэлээ. Бумантөр даргын уур цухал нь хүрснээ биеэ барьж: – Монголын говь нутаг Сахарын цөлөөс тэс өөр. Дэлхийн хэмжээнд ойлгодог говь цөлийн тухай ойлголтоос Монголын говь их өөр шүү дээ. Манай говь бол амьд говь шүү. Бид дүрэм журмынхаа дагуу ажиллана. – За даа, тэмээ дөчин литр ус уудгийг одоо л мэдлээ. Маргааш яг арван таван таван цагт бичиг баримтаа аваад, дараагийн ажилдаа орно шүү. Уурхай үндсэндээ ухаж эхэлнэ ээ гэж шүд зуун хэллээ. – Та албаны мэргэжилтэн байж, их сонин сэтгэлтэй хүн юм. Тэмээ дөчин литр ус ууж нэг сар өнждөг. Энэ бол байгалийн зохилдолгоо. Та, говьчуудтай ингэж харьцаж болохгүй шүү дээ. – Дарга минь! Биднийг ажлыг та

саатуулж байна шүү дээ. Бид ууландаа очиж хоноод, өглөө эрт зураг авах ажилдаа орох ёстой байлаа гэж өнөөх эмэгтэй үг сөргөв. Үүдэнд сууж байсан пинтүү сахалтай эр түрүүлж босоод, өнөөх эмэгтэйг дагуулан гарлаа. Бусад нь мөн увуу цувуу гарч одов. Бумантөр бичиг баримтыг сөхөж харвал мяндагтан тушаалтны нэрээр цохсон хайгуулын эрх зөвшөөрлийг дагалдах баримтуудын хамт хавсаргажээ. Гонгор өвгөний өвөлжөөний орчим газарт аргал янгиртай уулыг ухаж сэндийчихээр төлөвлөгөөнд тусгагджээ. Алтангийн шандны тойром

газар, сумын төвийн баруун урд руу Хүрэн уулын аманд бас судалгаа хийхээр төлөвлөгдсөн байлаа. Гэнэт жигтэйхэн уур хүрэв. “Газрын хөрсийг сэргээж, мод зүлэг тарьж ядаж байхад эд нар ухаж сэндийлнэ гээд явж байдаг. Даанч яав даа!” гэж бодоод, нарийн бичгийн даргаа дуудав. Бумантөр дарга, хавтастай бичиг баримтыг хүлээлгэж өгөөд: – Маргааш арван цагт хурал зарла! гэлээ. Цэцэгт нугын дэнж минь! Цэгээн насны дурсамж минь! Цахилж ирсэн хайр минь! Цаг хэлхсэн тавилан минь! Гангармаагийн зүрх сэтгэлээсээ баярлан хэлсэн үгийг уншиж, дотроо жаахан тайвширлаа. Энэ сайхан үгийг уран галигаар бичүүлээд, жаазлан тавьсан юм. Хажууд нь гэр бүлээрээ авахуулсан

зураг сэтгэлийг нь аргадан харагдана. Бумантөр цагаа хараад, өрөөгөө түгжин, гэр рүүгээ харилаа. Тэнгэр улаан шаргал өнгөөр гоёж, зоос цагаан наран голд нь мэлтийнэ. Борооны үүл хуралдан байснаа нүүгэлтэн сарниад, дээлийн өнгө норгоод өнгөрөв. Балагтай хүмүүсээс бороо хүртэл зугатаж байх юм даа. Говь бол мөхөж буй элсэн цөл биш. Цэцэглэж буй цэцэгт нуга билээ. Хайрандаа багтааж, сэтгэлдээ тээж явдаг хормойн чинээ газар юм сан. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *