Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “14-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “14-Р ХЭСЭГ”

12 секунд уншина
0
1
373

Орчлон хорвоо орь ганцаараа гэдэг үг байдаг даа. Энэ их учиртай үг. Бодууштай гэхээсээ заавал бодох ёстой үг юм. Хорвоо дэлхийг цор ганц гэвэл хүн зон түмэн олуулаа билээ. Энгэр газраа бараадаад, өвгөд нь

оддог ч эхийгээ баярлуулж хонгор үр нь мэндэлдэг. Ирж, буцах оноолттой энэхэн замиланд гуниг зовлон төдхөн сарниж, жаргал баяраар мөдхөн сэргэхийн учир их ажгуу. Энэ бол тасралтгүй

үргэлжлэх тавилан юм. Амьтад ч мөн адил. Хүн, амьтны амьдралын өрнөл нь жаргал зовлонгийн хүрдэн дунд эргэлдэн оршихдоо үхэж, төрж, үүсэж, мөхөж явсаар өдгөө мянга мянган живаа жилийг туулж

иржээ. Тэгвэл… тэгвэл буурал дэлхий хос ч үгүй. Гагцхүү гав ганцаараа орчлонгийн зулайд өнчин эргэлдэнэ. Содон ганц, солгой ганц, өнчин ганц, өрөөсөн ганц… Энэ бол нар дагаж эргэдэг буурал дэлхий юм.

Нарнаас шим дамжуулж, амьд биесээ тэжээж буй ээж дэлхий юм. Дээлийн ганц товч шиг эрхэс винайн чанадад огоргуйн энгэрт торолзон харагдана. Хайрламаар ганц, харамламаар ганц… Түлхэж

болохгүй түшиж явууштай өрлөг ганцхан эжий минь уу. Орчлонгоос ирж буй өгөөмөр хайрыг харахад илхнээ… Өчигдрийн уй гашууг сэргээх мэт өглөөний нар мэлтийн мандлаа. Өнөөх л амгалан өглөө нэгэн хэвийнээр үргэлжлэн, тэнгэрийн заадлаар улаан шаргал туяа сүүмэлзэн, өргөн тал цэлийн харагдана. Үнэгчлэн унтах алаг үр сэрээд, мөөмөө хайж эхлэв. Гангармаа үрийнхээ өлгийг задлан, задгай хуурайлаад хөхүүллээ. Бумбагар гараараа мөөмөө тэмтчин оролдоод, бувар бувар хөхөх үр нь ээж рүүгээ үе үе дүрлэгнэн харна. Гашуудлын ганц нулимс ашгүй, үрээс нь хол давж, өвдөг даган бөмбөрөв. Хадам аавыгаа хөдөөлүүлснээс хойш Гангармаагийн сэтгэл нь тайтгарсангүй, үе үе нулимсаа мэлмэрүүлэн суух боллоо. Хэлсэн үг

бүрийг нь бодохоор дотроо өрөвдөөд, сэтгэл зүрхэнд хургаад болдоггүй ээ. Бумантөр мөн л толгой унжуулан суух болов. Тэрээр эхнэрийнхээ сэтгэлийн засан: -Хайрт минь! Тайвшир даа. Эргэж буцдаггүй хорвоод уйлж, гуниад яах билээ дээ? Буян сайн хийе. Сэтгэлээ хатамжлан барьцгаая! гэлээ. Ирсэн хүмүүс гашуу тайлаад, зарим нь түрүүчээсээ буцацгаав. Хөл үймээн намжиж, аргадангуй сарнимал өдрүүд эхэллээ. Хөнгөн гуниг харцанд тэрлэсэн уйтгар гунигтай дүнсгэр өдрүүд наадам болтол үргэлжлэв. Хур бороо шаагиж, цэцэг навч дэлгэрч, усны шувууд төллөж дуусчээ. Наадамд сойсон хурдан хүлгүүд дэнж чимэглэн үүрсэж, гоёлын дээлний эсгүүр гэрийн хоймор дэлгэгджээ. Шинэ дээлээ өмсөөд, хурдан морио унаад, аавыгаа дагаад наадамд явах хүүхдүүдийн гийнгоон дуу хүчтэй байлаа. Саранжаргал удахгүй буцна гэлээ. Алс холоос ирсэн ганц эгч нь зорьсон ажлаа бүтээсэн юм

шиг үгүй ч юм шиг хэд хонолоо. Ойрд гайгүй. Ангийн хүүхэд Энхбаттайгаа хууч хөөрөн, гэрийн сүүдэрт сууж өнжлөө. Гонгор өвгөний нэг хархүү сургуулийн амралтаар хоёр хүүхдээ дагуулан аавындаа ирэх үеэр буяны ажил давхацсан билээ. Нэг ангид найман жил хамтдаа сурсан багын найз Саранжаргалтайгаа худ ургийн барилдлагатай болсноо мэдээд, баяр гунигаа хуваалцан, уулзацгаасан юм. Саранжаргал: – Энхбат минь! Цаг хугацаа харвасан сум шиг хурдан юмаа. Найм төгсөөд хорь гаруй жил болжээ. Энд ингэж уулзахын тухайд санасангүй явлаа шүү. – Харин тийм ээ! Дүү нарыг холбоотой болсныг мэдэж байсан л даа. Би гэдэг хүн багш болсон. Хичээл тартал энд ирж чадахгүй юм даа. Хааяа л сураг мэдээ дуулчихаад л явж байх юм. – Энхбат минь! Завгүй боломжгүй гэмээргүй юм байна лээ шүү. Ингээд л явчихдаг болохоор яах билээ?

Болж өгвөл байнга л ирж буцаж, ядаж л дандаа сураг мэдээтэй явах хэрэгтэй байжээ. Одоо л ойлголоо. Алс холын нутагт түмэн завгүй гэж өөрийгөө дөмбийлгөж яваад, хөгшчүүлээ дэндүү муухай мартжээ. Одоо нэгэнт өнгөрсөн хойно нь их харамсаж сууна аа. – Харин тийм ээ. Санаж авлаа. Байнга л холбоотой байх хэрэгтэй гэдгээ л ойлголоо. – Танайх хэдэн хүүхэдтэй билээ? – Хоёр хүүтэй. – Манайх ч адилхан. Одоо хүүхдүүд маань том болоод сайхан байна аа. Найз нь нутагтаа чадвал жил бүр, эсвэл өнжөөд заавал ирж байя гэж бодлоо. Энэ хэдэн дүү нараа түшье дээ. – Хүний амьдралыг урьтаж мэдэх арга алга. Эхээс төрөөд дөрвүүлээ мөртлөө дөрвөн өөр газар амьдарч байна. – Манайх ч таван тийшээ тарсан. Хоёр нь л хотод байна даа. Амьдрал таашгүй.

Бас баян. Хүүхэд байхдаа эцэг эхийнхээ буянаар зовлон гэдгийг мэддэггүй байж ээ. Манайх эхлээд сумын баруун энгэрт нэлээн том хашаатай айл байлаа. Аав маань нэгдэлд ажиллан, ээж маань хүүхдүүдийнхээ хоол хүнсийг бэлтгэн, хувцас хунарыг нь оёж, өдөр бүр түмэн завгүй холхиж байдаг сан. Намар сэрүү орох цагаар саалийн үнээ оройтож ирдэг учраас, ихэнх айлууд бодын бэлчээрт ойр гээд хашаандаа оролгүй, сумаас зайдуу буудагсан. Сүүлдээ манайх хөдөө мал дээр гарсан л даа. – Наймдугаар сарын дунд үеэс нэгдлийн захиргаанаас хадлангийн газар чөлөөлөгдөн, хадланчид майхан сав, хоол хүнс, хадуур тармуураа базааж, хадландаа гарцгаана. Хангайн сумууд руу зарим нь явж, майхнаа барьж, хэд хэдээрээ отог болон төвхнөж, хадлангаа хадаж, хатааж сэврээж, бухалдаж ачиж зөөдөг байлаа. Ах бид хоёр аавтай хадланд явдаг байлаа шүү дээ. Сайхан шүү.

– Удалгүй есөн сарын нэгэн болж, пионерүүд формоо өмсөж, улаан бүчээ зүүж, гутлаа тослоод, баяр хөөртэйгээр сургууль дээрээ очдог байлаа. Анхны өглөө ангийн хүүхдүүд бие биеэ сэм сэмхэн гэрэвшин харцгааж байснаа, удалгүй нүүр хагаран, нэгнийгээ өндөр том болсныг гайхацгаан, дор бүрнээ шуугилдаж, зуны амралтынхаа талаар ам уралдуулан ярьцгаадаг сан. – Биеийн тамирын хичээлд цагаан канттай хөх, улаан даалимбан өмд, цоохор ууттай кетээ аваад л явдаг сан. Хичээлийн завсарлагаанаар хөвгүүд модон дамнуурга дээр гарч, хоёр талаасаа дамжин <<байлдаан>> хийж, бие биеэ түлхэж буулгаад, бөөн шуугиан болно. Ангиараа тойрч хөтлөлцөөд, дундаа муур хулгана болж хөөцөлдөхөд хөгжилтэй сайхан. Сургуулийн бор дүнзэн байшингийн ойролцоо хүүхдийн шуугиан, хөрөөн дуутай хослон, намрын өдрүүдийг үддэг байж билээ. Саранжаргал тас тас хөхөрснөө: – Чухам аа чухам. Яриад байвал их ээ. Долоо төгсөх жил цэрэгжилтийн дөл тоглолт дээр хөгтэй явдал болж билээ. Би жагсаал

командлаад зогсож байтал нэг сурагч алга. Тэмцээн удахгүй болох гээд байдаг. Багш бөөн уур. За эхэл! гээд намайгаа зандрана. “Нэг эгнээн жагс! Хоёр эгнээнд жагс! Жагсаал дуундаа!” гээд алхаж байтал чи тонгойж ирээд, сэмхэн эгнээндээ орчихож билээ. Багш бүүр сүүлд нь чамайг хараад, гайхаж байснаа “Чи байсан юм уу?“ гэж билээ. Бид нар тэсэж өнгөрөөд, дараа нь бөөн инээдэм болж билээ. Энхбат түүнийг санав бололтой. – Манайх угаасаа хөдөөний айл байсан. Байранд ганцаараа үлдээд, ганц гөөхий хулгайлж идчихээд, очтол жагсаал хэдийнээ эхэлсэн байсан. Багш их л ууртай бололтой харагдана. Сагсны шийдний хажууд сэм хараад, байж байтал чи жагсаалаа удирдаад, нэг гараа тэнийлгээд, тэнийлгэсэн гарын чинь аясаар эгнээ

тойроод ирлээ шүү. Мөлхөх шахуу гүйгээд алхаан дунд орчихсон чинь яг таарсан гэлээ. Тэр хоёр баахан хөхрөлдөв. Энхбат: – Чи санадаг уу? Найм төгсөх жилээ тэмдгийн норм гүйцээлгэнэ гээд гүйлгэдэг байсан даа. Хөвгүүд таван км, охид гурван км гүйж байж нормоо биелүүлдэг. Норм биелүүлсэн сурагч шалгалтаа өгч, сургуулиа төгсөх эрх авдаг байлаа. Тэр үеийн хүүхдүүд бүгд адуу шиг гүйлдээд ороод ирдэг байж билээ. – Аан тийм ээ. Гурван километр газар ч хэцүү шүү. Зарим нь замдаа багтарч унаад айлгадаг. Чи тэгэхэд хөвгүүдээс түрүүлсэн шүү дээ гэхэд Энхбат бас баахан инээж сууснаа: – Би өглөө эрт зам дээр очоод, үхэр чулууны ард нуугдсан байсан юм аа. Хэвтэж байтал, сурагчдыг машинаар ачаад өнгөрсөн. Хаа хол таван км газарт хүргээд буулгаж байгаа харагдав. Хол оо, зөндөө хол газар. Таван мянган метр газар шүү дээ. Цуваад гүйж ирж яваа хүүхдүүдийг отож байгаад, дунд

хавьцаа нь үсрээд орчихсон. Тэгээд сум шиг шунгинуулсаар түрүүлэхгүй яахав? Хүүхдүүд унах шахаад, эвхэрч муужраад сүйд болно. Зарим нь ирэнгүүт өнхөрөөд өгнө. Би ч баавартай амьтан байлаа гэв. Тэр хоёр баахан хөхрөлдөв. Саранжаргал ”Чи ч зальтай нөхөр байжээ. Заримдаа хөвгүүдийнхээ хөгтэй явдлыг санаад, инээд хүрч явдаг шүү” гэлээ. Уй гашуу гээд уйлж суултай биш, хорвоогийн жам юм даа, гэрэлтэй дурсамжаар сэтгэлээ аргадан хэсэг суув аа. * Уунай наадам болтол өдөр бүр хонь хариулав. Тэрээр оройхон ирснээ Бумантөрийг гар даллан дуудаад: – Ах нь аймгийн наадам үзмээр байна. Гурав хоноод ирье! Тэгэх үү? гэлээ. Бумантөр “Тэг ээ ах! Сайхан наадаад ир! Дүү нь энэ жил зодоглох өнгөрлөө. Хойтон жил барилдана аа” гэхэд Уунай шийдсэн өнгөөр: – Ах нь хоёр буугаа зарна аа. Аавын чинь хэлсэн үг санаанаас гарахгүй байна. Оготны нүхнээс цус

гаргахаа болих минь! гэхэд Бумантөр: -Аав маань, танай аавтай учир холбоотой бололтой. Бидэнд мэдэхгүй юм их байна аа. Тийм ээ. -Яг тийм. Би ээжээс очиж сайн асууя! гэлээ. Ингээд Уунай наадамд явахаар гоёлын тэрлэгээ зэхэж, бүрх малгайгаа гаргаж тавив. Хүрэн үрээнийхээ дэл сүүлийг засаж, шинэ эмээл тохоод явлаа даа. Долзмаа буян номын ажилд оролцоно, хотны айлуудад хамжаа нэмэр болно гээд хөдөлсөнгүй. Оройн нарнаас урьтан ээжийндээ иртэл хоёр хүүхэд нь гадуур тоглож яваа бололтой, гэрт алга аа. Ная шүргэсэн настай ээж нь Уунайгаа хараад, баярлан тосов. Ганзагалаатай ирсэн сүү саалийг тосон авч, тогоо тавилаа. Бор цайны хөгшчүүл сүү харангуут тогоо тавьдаг ажээ. -Ээж минь! Манайх гурван гэрээрээ зусаж байгаа. Гонгор гуайн худ Бумантөр харцагын аав нь саяхан тэнгэрт одоод, буян номын ажилтай байлаа. -Бурхан тэнгэр минь өршөө! Миний хүү наадамлаж явдаг чинь зохисгүй биш үү? -Та, Таржид гэдэг хүнийг

таних уу? -За тийм. Чи ч танина биз дээ? Чамайг жаахан байхад манайхаар их ирдэг байсан шүү дээ. Чи ч мартамхай хүн шүү. -Ямар учиртай хүн бэ? Манай аавыг таниад байна лээ. Намайг ч бас мэдэж байсан. Тэр бүү хэл жинхэнэ нэрээр минь дуудсан. -Тэгэлгүй яах юм! Аавын чинь ганц дүү нь шүү дээ. Гэхдээ эх тусдаа эцэг нэгтэй. Их хол газар удтал бие биеэ мэдэлгүй өссөн. Аав чинь үлгэр домог шиг юм ярина аа. Их говийн уудамд юу эс тохиох билээ. Аав чинь сумын анчин хараахан болоогүй байсан даа. Залуу байжээ. Хорин тавтай л байсан байх. Бид хоёр суугаад удаагүй. Чи гэдсэндээ байсан цаг. Гэтэл манайд арван тав орчим насны нэг хүү ирсэн. Яриад байсан чинь ах дүү хоёр болоод явчихлаа. Аавыг чинь бодоход шидрүүн зантай. Бодсон санаснаа шууд хэлчихдэг. Тэгээд аав чинь дүүтэйгээ тарвага зурам агнаж, хөдөө хээр ан хийж, (амьдрал ахуйгаа ярьж хөөрсөн

байлгүй дээ бодвол) долоо хоног өнжлөө. Нэр нь Таржид гэдэг. Дараа жил мөн л манайд ирсэн. Аав чинь сумын худалдаа бэлтгэлийн ангид сахиулаар орж, манайх тэнд хашаанд нь буусан. Чамайг төрөөд удаагүй байсан болохоор “Улам –Оргих гээд нэр өгчихье” гэж билээ. Аав чинь уухайн тас зөвшөөрөөд, өмнөх нэрийг чинь сольсон дог. Хэн ч гэж байсан билээ? Мартчихаж. Таржид маань ахыгаа гээд байн байн манайхаар ирдэг. Сүүлдээ хол сум руу нүүгээд сураг тасарсан. Сум нэгдэлд ажиллаж байгаад, сүүлдээ малчин болсон байх. Таван хүүхэдтэй гэдэг шүү. Харин аав чинь биднийгээ тэжээх гээд ан хомрого хийж, сахиулаар ажиллаж, түмэн завгүй л хүн байдаг сан. Нэг удаа ан хийж яваад жигтэй хачин амьтантай таарсан гэдэг. Нэгдлийн захиргаа, худалдаа бэлтгэлийн ангиас дахиад хорин чононы арьс нэхэв ээ. Тэр үеийн төлөвлөгөөт нийгэм, засгийн хариуцлага өндөр. Ингээд аав чинь анд явлаа. Хорин чоно агнах нь хаврын

тарчигт санаанд оромгүй амаргүй ажил. Явж, явж, гуравхан чоно агнажээ. Гэтэл бэлтгэл ангийн дарга аавыг чинь дуудаад “За нөхөр! Чонын бэлтрэг цуглуул! Сэг зэмээр хооллож байгаад, намар нядалчихья! Ингэж л төлөвлөгөөгөө биелүүлнэ дээ” гэсэн. Арай л амар даалгавар байсан байх. Чамайг дагуулаад ч явсан санагдана. Ингээд байгууллагын төлөвлөгөөг тасралтгүй, заримдаа бүр давуулан биелүүлж, шагнал хуй авна аа. Тэр хавар дөрвөн үүр суйлж, хорь гаруй бэлтрэг авчирсан. Сумын урд талд томоохон тор хашаа татчихаад тэжээдэг сэн. Ойр хавиар явах аргагүй эвгүй үнэр танартай. Нэг өдөр л аав чинь бие нь муудсан. Шөнө зүүдлээд, орилж хашхирч сэрдэг. Гэрт чоно ороод ирлээ гээд хашхирдаг. Би ч зовлон зүдгүүрээс нь хуваалцаад сурсан болохоор тайвшруулаад хонодог. Их олон өдөр ингэж зүдрээд, сүүлдээ нас залуугаараа хэвтэрт орж хальсан. Амьтад

сүнстэй юм байна. Үүнийг харах их хэцүү юм гээд л ярьдаг. Суйлж байхдаа эх чоныг алсан бололтой. Өнөөх нь бэлтрэгээ эргээд байсан юм уу? Хаашаа ч юм, бүү мэд? Эсвэл сэтгэл санаа нь сэвтэж гэмтсэн үү? Таван жил тарчилж байж бурхан болсон шүү дээ. Таржид бие тааруу байхад нь их ирдэг. Сэтгэлийн их тус дэм өгсөн дөө гэж ярилаа. – Таны яриад байгаа хүн чинь бурхан болсон. -Тэнгэр минь! Надад одоо хэлж байдаг! Яасан хачин хүн бэ чи? -Хотод байсан хүн шүү дээ! Нутагтаа ирээд удсангүй. Намайг хэдийнээ мэдэж байна лээ. Ан ав

битгий хийгээрэй гэж захисан. Би бодоход, нэг л харсан санагдаад байсан юм аа. -Тэгэлгүй яах вэ? Аавын чинь толгойг түшсэн ганц дүү нь. Бүх зовлонг нүдээрээ харсан. За даа… юу ч гэх билээ дээ? Хүний амьдрал хатуу даваа шүү дээ. Таржид арван тав зургаатай байхдаа манайд ирээд ахтайгаа хамт тарваганд явдаг. Хоёулаа хээр очоод, ээжийнхээ тухай, амьдралынхаа тухай их ярьдаг байсан гэсэн. Таржидын ээж бэлэвсэн эмэгтэй байсан. Аавын чинь ээж өвөөтэй чинь ханилж яваад сүүлд нь бэлбэсэн хоцорсон эмэгтэй байсан. Таржид нэг удаа аавд чинь “Ахаа, хоёулаа хоёр ээжийгээ суулгаад, хамт амьдарцгаая” гэсэн гэдэг. Бутач, өнчин хүүхдийн сэтгэл ямар хэцүү, тэр бүү хэл, бүр насан туршдаа шаналж явдгийг хэлсэн үгнээс харж болно. Тэгээд нүүсэн дээ! Бүр говь руу… Урагшаа… -За за, ээж. Нас барсан хүний нэрийг олон бүү хэл. -За тэгье ээ. Миний хүү ямагт ул

суурьтай байж, аливаа зүйлд нухацтай хандаж сур. Нөгөөтэйгүүр ан ав бүү хий. Амьтны амиар тоглох огт хэрэггүй. Үр хойч, удам судраа сайн судалж яв. Үлдээх, дайх үйлийг тунгааж яв. Үлдээх үйл гэдэг нь маш том үйл хэрэг. Хөгшин хөвөө ямар ч хүнтэй тогтож сууж, ухаарч цэгнэж ярьж сур. За тэгээд сайхан амьдрахын тулд үнэнийг дандаа дуудаж, үзтэл хэлэх үгтэй өтлөх хэрэгтэй шүү! Ирж буцахын зам сонжууртай хоцордог гэжээ. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *