Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “13-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “13-Р ХЭСЭГ”

36 секунд уншина
0
0
482

Ачуулж ирсэн аавынхаа гэрийг Бумантөр зусландаа буулгаад, хатаж эвэршсэн ханын үдээрийг сэлбэж, үжирч муудсан унины сагалдаргыг сольж, дээс бүсийг нь сайжруулж, дээвэр туургыг нь гөвж сэгсэрч, унь

тооно, үүд хаалгаа угааж бөмбийтөл тордоод, тэвхийтэл сайхан барьж авлаа. Шинэхэн тавилгуудаа тойруулан тавьж, зуух яндангаа зэхэн, ирсэн зочид ороход бэлэн болголоо. Өвгөнийг морилон ирэхээс өмнө

хаваржааны хоёр гэр ойртож буухаар ярилцжээ. Энэ жилийн зуслан жаахан оройтсон ч гэлээ хаврын аяс, нутгийн шимээр бол яг таарчээ. Ингээд, гурван гэрээрээ зусах нь ээ. Уунай, яаруу сандруугаараа

удалгүй очиж буув. Хоёр хоногийн дараа Гонгор өвгөнийх буугаад, удаагүй байтал Таржид гуай хүүхэн шуухнаараа түшүүлэн, хүү харчуулаараа өргүүлэн ирлээ. Бие нь ядар хэвээр. Төдийлөн тэнхэрч

чадаагүй харагдав. Гангармаагийн хийж өгсөн бор торгон дээлийг ногоон дурдан бүсээр живхийтэл ороож бүслээд, том хүүхнийхээ авч өгсөн шинэ гутлыг хөлдөө углажээ. Сайхан торгон дээл ханхар

өвгөнийг халбайлган, өнгөтэй зүстэй харагдуулавч ядарч цонхийсон цайвар царай нь үл ялиг хөхөлбий даажээ. Алсаасаа хөнгөн зовиур суусан нь мэдэгдэнэ. -Амархан сайн байцгаана уу? Амар мэнд сайн яваад ирэв үү? гээд ахас ихсийнхээ хүндэтгэдэг эрхэм ёсоор Таржид өвгөнд бүгд очиж золгов оо. Өвгөн шинэ гэрийнхээ доторхийг тойруулан хараад, сэтгэл нь хөөрчээ. Гараа сунган золгох нутгийн зондоо баярлан, мэндийн хөөрөг зөрүүлжээ. -Сайн яваад ирлээ. Хот газрын сайхныг үзэх гэж дурласан хүн би. Очоод нэг жил болчихоод ирлээ гэв. Нэрэлхүү үгний цаагуур углуургатай муухай оёнго буйг зарим нь хэдийнээ мэдэх хэдий ч тэнхээрхсэн хөгшин хүнд элдэв үг хэлэхийг хэн бодохов! Том хүүхэн Саранжаргал галтай дөлтэй яриагаараа гэр доторхийг дүүргэж, хазгай эндүүг зайлуулсаар хэд

хонолоо. Таржид өвгөнийг ирсэн сургаар, илүү олон хүн наашаа зүглэв. Нуур гол, булаг шанд бараадан, саахалт ойрмогхон зусдаг айлуудаас бүгд ирж золголоо. Амар мэндийн айлтгал гэхээсээ илүү буулт тайлбар сонсох гэсэн хүмүүс мэр сэр байлаа. Талаар нэг тарааж алдсан үгнийхээ захыг Таржид өвгөн хэрхэн хумихыг ажиж сууцгаана. Саранжаргал орж гарах хүмүүсийг дайлж цайлж, хөөрөлдөөн дунд чих тавьж, зарим үед яриаг нь тасалж, өмнүүр нь орж, зөв сайхнаар чиглүүлж, инээж хөхөрсөөр золгуутын ажлыг дууслаа. Сэтгэл санааны хувьд гэмшлээр үйрч яваа аавыгаа амар тайван байлгах нь их чухал байлаа. Саранжаргал: -Аав минь! Нутгийн хүмүүс яасан их өөрчлөгдөө вэ? Ихэнх нь танихгүй хүмүүс. Зарим нь их өтөлжээ. -Тийм ээ! Уул шиг буурлууд нь одоод, над шиг хэд нь хоцорсон юм. За тэгээд, хүний сайхан муухайг шүүхээсээ илүү

өөрийнхөө сайхан муухайг шүүх хэрэгтэй юм байна лээ шүү! Би гэдэг хүн нутгаасаа явахдаа их муухай үг хэлсэн юм. Гонгорын хүүхэнтэй хүүгээ хэзээ ч суулгахгүй гэж ам өчиг гараад явсан шүү дээ. Өмхий үгээ эргэж долоогоод, өлбийгөөд буцаад ирэхээр чинь их сонин содон байлгүй яахав дээ? Муу үгийг алдана гэдэг нь салхинд хийсгэсэн ахрын ноос шиг ажил даа. Одоо талаар нэг тараасан ахрын ноосоо хэрхэн хумьж хураахыг ажиж байгаа юм. Би мэдээж чадахгүй. Тэгэхээр үг гэдэг чинь нэг л алдвал эргэж буцааж болдоггүй эд дээ. Түмний буруу биш. Миний буруу. -За аав минь! Хүний амьдралд байх л зүйл. Ер нь хүүхдүүд сайхан амьдарч байвал болоо биш үү? Бусдын хов үг сонин биш. Элдэв юм бүү бод! гэлээ. Таржид дэлгээтэй хаалгаар өлийн харснаа: -Тээр доод руу харагдаж байгаа их манхны хормойд ээж аав минь очсон шүү дээ. Дээшээгээ их олон сайхан худагтай. Манай багийн нутаг чинь энүүхэндээ их үзэсгэлэнтэй, говийн чимэг

газар даа гэлээ. -Харин тийм ээ аав аа. Нутагтаа ирсэн чинь үнэхээр сайхан байна шүү гэлээ. Таржид том хүүхнийхээ үрчлээ суусан дүрлэгэр нүдийг хараад: -Миний охин одоо дөч гарчихлаа. Хулгана жилтэй хүн байгаа юм. Харийн хүн дагаж явахаар монгол хүнтэй ханилж болоогүй юм уу? гэлээ. -Аав минь! Сэтгэл нийлсэн үед хувь тавиланг сөрөх ямар ч аргагүй юм билээ. Манай нөхөр маш сайн хүн бий. Ер нь, монгол хүн сайн муу, гадаад хүн сайн муу гэж ялгах нь буруу. Хань ижил гэдэг нь хамт амьдрахад ямагт айдасгүй тийм хүнийг л хэлдэг юм шүү дээ. Манай нөхөр дэргэд байхад санаа зовох зүйлгүй амар байдаг. -Тэгвэл яахав дээ. Заримдаа хүүхэндээ санаа зовдог л доо. -Нутгаа санах бол өөр асуудал. Гэхдээ бүх юм цаг хугацаатай. Би амьдрал жигдрээд ирэхээр цааш наашаа байнга ирж очно оо. Хүүхдүүд маань өсөхийн хэрээр зав чөлөө их гардаг юм билээ. -Энэ гурван дүүгээ л гэж яваарай. Үг чинь ташуур. Аавын оронд аав,

ээжийн оронд ээж болох хүн, чи шүү дээ. Гэхдээ Бумантөр бол алзахгүй. Тэс өөр хүн. Хотын харчуул их янзтай шүү. Саранжаргал аавынхаа хөлийг хучиж өгөөд, цай барилаа. Тэрээр хажуу гэр рүү заагаад: -Энэ охин их сайн охин юм аа. Хэцүү зовлонг сөргөж, хүний дайтай тэмцэж явна гэдэг бол агуу шүү. Би бүр отгон бэрдээ хайр хүрээд байгаа юм. гэхэд Таржид гэмшиж зовоод дуугарч чадсангүй. Гэхдээ “Тийм ээ” гэдэг үгийг итгэлтэй чанга хэлжээ. Тэмээ мал унаж, манхны орой дээр гарцгаана гээд Саранжаргал дүү нартайгаа яваад, Таржид гэртээ ганцаараа хоцров. Долзмаа хоол цай дөхүүлэн, орж гарч, аан уун болж байтал бараан морьтой, хөх торгон дээлтэй нэг авгай араас ирлээ. Морины уяан дээр бууж, орчныг зэрвэсхэн харснаа гэр рүү яарамхан алхах нь Гонгорыг самгантай нь загнаад явдаг өнөөх туршуул эмэгтэй мөөн. Гонгор хониндоо явж, хүүхдүүд манхан руу одсон байсан цаг. Самган зээдээ баривч оёод, Гангармаа зүүн орон дээр охинтойгоо дугхийж байлаа. Тарлан цоохор авгай шинэ бүрээстэй

гэрт орж иртэл Таржид гав ганцаараа байж байв. Олзуурхан баярлаад, гар сунган гүйж очиж золгов. Өвгөний өмнө очоод, нүүрээ тулгаж өгөөд үнсүүллээ. -За Сайн явж ирэв үү? Ирэхгүй чигээрээ хотод шингэнэ гэсэн яав аа? Жил бололгүй эргээд иржээ гээд тачигнатлаа хөхөрлөө. -Наанаасаа аяга аваад, бүлээн хярам хийж уу! Танайхан сайн уу? Нутаг зуслан тавлаг уу? гэж Таржид асуугаад, үүд рүү харлаа. – Нутагтаа байгаа юм чинь алзахгүй ээ. Харин хотод хэр идээшив дээ. Ядарсан аятай харагдах чинь. -Энэ хавар жаахан ядарсан. Тэнхээ тааруу байна. -Отгон хүүгээ дийлсэнгүй юу? гэхэд Таржид зогтусан гайхаад: -Үг мушгиж яах нь вэ? Хүн бүр заасан замаараа л явцгаана биз дээ? гэснээ харц ширүүлээд, нүүр буруулав. Айхавтар авгай бах тав нь ханасан байдалтай тас тас хөхрөөд: -Таны нүүсэн хөгийг намаржин, өвөлжин, хаваржин ярьцгаалаа. Эргээд ирсэн гэнэ ээ гээд зунажин, намаржин, өвөлжин шуугих бололтой дог. Ядаж байхад би гэдэг цайруу хүн. Гонгор өвгөнийг самгантай нь зандраад явснаас

хойш нүүрийг харж чадахгүй юм. Таны балаг орчлонгоор нэг гэв. Таржидын хөхөлбий даасан цайвар нүүр хүзүүнээсээ эхлэн хүрэнтээд ирлээ. Долзмааг орж ирэхэд өнөөх авгай яриагаа зогсоон, хормой хотоо хумин, цэмбэлзэнхэн цэхлэв. Долзмаа үл таних гийчинтэй мэндлэн, цай хийж өгч, таваг идээ дөхүүллээ. Хар авгай баясгалант дүрийг бэлхнээ тодруулан: -Нутгийн ах ирээд бид бүхэн сайхан байна аа. Ингээд явсан бүхэн ирчихдэг бол говийн айлууд цөөдөхгүй шүү дээ гэлээ. Долзмаа толгой дохин: -Тийм ээ! Манай Бумантөрийн аав сайхан хүн шүү дээ гэлээ. Өнөөх авгай, Долзмааг өчүүхэнчлэн харснаа: -Их сайхан хүн. Мартахын аргагүй ховор хүн гэлээ. Таржид хэд хэдэн удаа шөвөгдүүлсэндээ зүрх нь шархиран, зүүн талын далаар хатгуулж, эгэм хавьцаа хөндүүрлэж эхэллээ. Толгой тархи нь дүйрч, тооно унь эргэх шиг болов. Авгай гарахдаа “Дүүгийнхээ хүүхдийг бас л таниагүй яваа биз? Гурван гэрийнхнээ судалж үз! Дүгэрсүрэнгийн ганц хүү Улам-Оргих…” гэжээ. * Уунай гэр орноо зусландаа буулгаад, сумын төв

рүү мориор гэлдэрчээ. Түүнд сум орох ажил байсан юм. Таржид өвгөнийг хотоос ирэх өдөр тэднийхээр хальт орж, өвгөнтэй золгож, цай уугаад морджээ. Сайхан бор торгон дээлтэй халбагар хөгшнийг хаана харлаа даа. Манай Бумантөрийн аав гэсэндээ бас л дориун сайн хүн байж таараа. Нас өндөр биш ч гэлээ нэлээн ядар биетэй хөгшин юм даа гэж бодоод, дөрөөн дээрээ босоо дэргүүлсээр сум оржээ. Үд дундын наранд халууцсан Уунай ногоон дээлээ сугалдаргалан, цамцныхаа захыг задгайллаа. Сумын захиргааны үүдэнд морио уяад, барааны дэлгүүр рүү таахалзан орлоо. Худалдагч авгайг лангууны цаанаас эргэхийн зуурт амжуулан: -Нэг хайрцаг калибрийн сум авъя! гэж шивнэн хэлснээ базаж атгасан дэвсгэртээ сарвайв. Худалдагч эргэн тойрноо зэрвэс харснаа Уунайгийн гарт нэг хайрцаг сум атгуулав. Уунай өнөөхийг ханцуй руугаа гулгуулаад, мөнгөний хариултаа аваад, тэр дороо гарлаа. Хүнсний дэлгүүрээр орж, юуны түрүүнд ганц шил юм өвөртлөөд, авгайнхаа захисан зүйлсийг хагас дутуу бөөгнүүлэв. “Давс, цай… за байж….барааны саван өөр юу билээ?”

гэсээр нэлээн юм авлаа. Оройн нар жаргахаас өмнөхөн харихаар, төвөөс гараад гэлдрүүлжээ. Жаргах нарны сөөргөө бүүдгэр униар тунарч, холын бараа зэрэглээтэйгээ цуг гуйвлаж харагдана. Хөх ногооны униар мөөн. Сайхан зун эхлэхийн тэмдэг. Уунай замын талдаа явж байтал тарваганы анчин, гал хамтайгаа таарлаа. Сум орж хонохоор яваа сайх эр Уунайг үзтэл таниад, мориноосоо буулаа. -За хө. Зуслан сайхан байна уу? Хаанаас хаа хүрч явна даа. -Сумын төв ороод оо. Өнөөх худалдагч авгайгаас нууцаар ганц хайрцаг сум авлаа. Хөөрхий, ханцуй дороосоо тасралтгүй зарах юм. Хүнд хэлэвзэй. Тэгвэл, мань чинь сумаар тасарч, буудах хөг бүр өнгөрнө шүү. -Мэднэ ээ! Би бас сум авахаар явж байна. Тарвага гарахаар сум нь үнэд хүрчихдэг шүү дээ! Алив үзье! гэлээ. Анчин эр хайрцагтайг задлан харснаа “Муу сум байна шүү дээ! Сөхөрч гудардаг заримдаа давж тэнэдэг сум байна!” гэж мэдэмхийрлээ. Уунай сумаа эргүүлэн аваад “Муу сум, сайн сум гэж байхгүй ээ. Муу анчин, сайн анчин л гэж бий. Сум нь буундаа яг тохирсон байх ёстой. Буундаа сум нь тохироогүй бол байгаа хэзээ ч онохгүй. Давдаг буу бянтаа тасалдаг. Бянт тасрахад сум буруугүй.

Буугаа арчилж цэвэрлэдэггүй хүний буруу байдаг. Найз нь юу эс андах вэ? Чи манай аавыг мэднэ дээ. Сумын ганц анчин хүн байлаа даа. Сумын ан агнуурын төлөвлөгөө аавгүйгээр биелдэггүй байсан шүү” гэж бахдан ярилаа. Анчин эр завилан сууснаа дараа нь хөлөө жийн, өвдгөө базлан, чилээгээ гаргаад: -Танайх чинь Гонгор гуайнхтай айл өвөлжив үү? Одоо Шандны баруунтаа буусан гурван гэр мөн үү? -Мөн. -Аан. Таржид өвгөнийхтэй айл байгаа юм байна. Цаад өвгөний чинь бие гэнэт муудаад, сумаас түргэний тэрэг очжээ. Хүмүүс бөөгнөрөөд, гэр тойрон гүйлдээд байна лээ. Уунай үүнийг сонсонгуутаа хайрцагтай сумаа өвөртлөн, ухасхийн босов. Мориныхоо тушааг тайлаад: -Бумантөр харцагын аав нь гээд хотоос нэг хөгшин ирсэн л дээ. Таржид гэсэн байх аа. Бие нь угаасаа ядруу хүн байна лээ гэлээ. Анчин эр мөн босож ирснээ: – Тийм ээ? Баруунтаа говь руу нутагладаг байсан их говийн айл. Ноднин хүүхдүүдээ бараадаад, хот нүүсэн гэсэн.

Нутагтаа зусахаар ирж л дээ гээд салжээ. Уунайг очтол гэрийн гадуур хүмүүс холхилдож байв. Долзмаа уяан дээр тосоод, ханцуйнаас нь базаж, шуунаас нь чимхээд: – Захисан юмсыг минь бүрэн авчирсан уу? Таржид гуайн бие гэнэт өвдөөд сүйд боллоо. Багийн эмч, дараа нь сумаас их эмч ирсэн. Бага зэрэг харвалт өгсөн байна гэнэ ээ. Бүдэг бадаг ухаантай байна. Одоо яана аа? гэлээ. -Тийм үү? Бие нь их муу харагдсан шүү! гээд ганзагалаатай юмсаа буулгалаа. Долзмаа, нөхрийнхөө бүснээс зууран, өөртөө ойртуулаад: -Чамайг асуугаад, хадам аавыг бас ярьж байна лээ гэв. Уунай: – Аан тийм үү? Аавыг таньдаг байсан хүн болж таарлаа. Даанч харсан хүн шиг санагдаад байлаа л даа. Тэр хоёрыг ярилцаж байх зуур Бумантөр гүйж ирээд “Уунай ахаа та хонио хураагаад ир! Гэр тойрон завтай хүн алга” гэлээ. Уунай ухасхийн мордоод, хонь руугаа цогиуллаа. Уунай хонио хураагаад, Таржид гуайнхаар хулмалзан гэтэн орлоо. Өвгөнийг баруун талын орон дээр хэвтүүлээд, хөнжил дээлээр хучжээ. Гонгор өвгөн

самгантайгаа зэрэгцэн сахижээ. Гангармаа хадам аавдаа гараа атгуулчихаад, хажууд нь сууж байгаа харагдав. Бумантөр орж гарч, гэрийн ажил амжуулж, Саранжаргал хоол унд дөхүүлнэ. Багийн эмч судас тариа хийнгээ хөлд нь сууж байлаа. Их эмч ирж үзээд, эмчилгээ бичээд явжээ. Өвчтөнийг хөдөлгөж болохгүй тул маргааш эргэж ирнэ гэжээ. Таржид гуай Гангармаатай ярьж байгаа бололтой. Амандаа бувтнан байв. Тэрээр: -Миний охин нөгөө гараа өг өө. Аав нь атгаж үзье гэлээ. Гангармаа хиймэл гараа атгуултал: -Хоёр гар чинь ялгагдах юм алга. Миний охин хэзээ ч битгий шантраарай. Мөн Бумантөрийгөө хаяж болохгүй шүү гэлээ. Гангармаа сандран: -Аав минь та юу ярина вэ? Бидний хурим удахгүй болно. Та хуримд сууна. Ач охин чинь өсөж байна. Бүх хүүхдүүд, ач, зээ нар чинь байна. Сэтгэл өөдрөг бай гэлээ. Таржид: -Тийм ээ аав нь хуриманд сууна аа. Ингэхэд, Бумантөр ойрхон байна уу? гэлээ. Бумантөр гүйж очоод, аавынхаа духыг зөөлөн дарж

үзэв. -Зүгээр болно аав аа. Санаа зовох юмгүй. Элдвийг бүү бод! гэлээ. Таржид: -Миний хүү Гангармаагаасаа холдож болохгүй шүү. Тэгвэл миний санаа амрахгүй гэж мэд! -Тэр мэдээж шүү дээ. Санаа зовох зүйл энд ер байхгүй. Тайван бай. Өвгөн хэсэг чимээгүй байснаа “Улам-Оргих ойрхон байна уу?” гэлээ. Гэр доторхи хүмүүс ийш, тийшээ хараад гайхацгаав. Саранжаргал сандран: -Аав аа! Хэн гэнэ ээ? Сонссонгүй… -Улам-Оргих оо. Дүгэрсүрэнгийн ганц хархүү гэв. Уунай нэгэнт сайтар сонссон тул толгойгоо маажин дөхөж очлоо. Гонгор, Уунайд сандал дөхүүлж өгөөд, арагшаа зайчлан суув. Бүгд тэр хоёр руу харцгаав. -Миний дүү сайн уу? Бид танайхтай айл зусаж байгаа юм байна. Сая нутгийн хүнээс дууллаа. Дүгэрсүрэн хаа байсан холын сумын хүн шүү дээ. Анчин хүн байсан даа. Чи ганц хүү нь мөн үү? гэлээ. Уунай мөн л толгойгоо маажлан: -Мөн мөн. Намайг Уунай гэж дуудсаар байгаад жинхэнэ нэрээ мартах шахжээ. Уг нь Улам-Оргих юм шүү дээ. -За за, юм их учиртай. Өдөр надад хоол цай хийж өгсөн бор

хүүхэн танай гэрийн хүн байна лээ. Танайх хэдэн хүүхэдтэй билээ? гэлээ. -Аймаг дээр ээжтэй бий. Хоёр… Хоёр хүүхэд гэлээ. -Аан. Чи намайг таних уу? Жаахан байхдаа харж байсан даа. Одоо санахгүй байна уу? -Дуулсан. Саяхан дууллаа. Одоо бодоход, та манайд ирээд, хоноод явдаг байж билээ. Санаж байна. Тийм ээ! гэлээ. -Чи ээжээсээ сайн асуу? Бүгдийг хэлж өгнө. Ингэхэд ан хийж байна уу? гэв. Уунай шилээ маажаад, ханцуйгаа сэгсрэв. Тэрээр: -Ганц нэг онилдог. Багаасаа сурсан болохоор хорхойсоод байх юм гэлээ. Таржид өвгөн толгойгоо зугуухан эргүүлээд, Уунайг сайн ширтэж харснаа: -Ан ав танайд таарахгүй шүү. Аавыг чинь бурхан болоход би толгойг нь түшсэн юм. Ганц хүүгээ ан хийлгэмээргүй байна гэж билээ. Аав чинь яаж их

зовсныг мэдэх үү. Сүүлийн таван жил хэвтэрт байсан даа. Хөл гараа бэртээж, сүүлдээ хэвтэрт хэцүүдсэн. “Амьтад сүнстэй байдаг юм билээ” гэсэн үг нь санаанаас гардаггүй юм. Эхнэр хүүхдээ тэжээх гэж төрийнхөө үүрэг даалгавраар ан хийж явсан болохоор гэм нүгэл нь өршөөгдсөн байж таарна. Харин чи бол аавынхаа үгийг бодоод, дахиж буу үүрч болохгүй шүү гэлээ. Ингээд маргааш нь шөнө дүлээр хөөрхий өвгөн тэнгэрт хальжээ. Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа хамгийн нандин хүмүүсээр толгойгоо түшүүлсэн их буянтай буурал байлаа. Амар болоочийг ачсан цагаан тэмээ толгод даван явсаар хүссэн газарт нь хүргэжээ. Ум амгалан нойрсох болтугай. Өндөр газрын цээж уужим тавиу элсний бүүрэгт мандах наран нуруунаас, жаргах наран

нүүрнээс туслаа. Мөөмөн цагаан толгодууд нь өнө мөнхийн оршихуй мэт. Эхээс төрөөд элсэндээ шингэдэг их говийн холын тэнгэр нам гүм амар амгалангийн орон шиг дүнсийн харагдана. Бурхан болсон хүнийг буянаар үддэг. Буян гэдэг нь эх болсон зургаан зүйл хамаг амьтныг тусын тулд, үрийн үрд, амгалан байлгахын төлөө бүтээсэн сайн үйлс юм аа. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *