Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “12-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “12-Р ХЭСЭГ”

17 секунд уншина
0
0
497

Таржид өвгөний биеийг илаарштал хэдэн хүүхдүүд нь эргэж тойрсоор хэд хонолоо. Ач охиндоо анхаарал хандуулж, санаа зовсон сайх өвгөн: -Намайг эргэж ирсэн энэ хүн одоо ядарчихна аа. Агаар салхитай газар

гэр орондоо очиж торниг. Нялхаараа, хаа холоос намайг гэж ирсэн хүн байгаа юм гэлээ. Охиноо өвөр дээрээ унтуулж, өхөөрдөн ширтэж суугаа Бумантөр аавдаа: -Би гэрээ ачуулчихаад, энэ хоёрыгоо дагуулан

онгоцоор явлаа. Та Саранжаргал эгчтэй хамт араас оч! Эгч нутаг орондоо очмоор байна гэсэн шүү дээ. Яахав дээ, та нутагтаа зусаад, намартаа ирж болно шүү дээ! гэв. Өвгөн сонссон эсэх нь мэдэгдэхгүй

чимээгүй хэвтсээр л байв. Гангармаа хажуугаас үг нэмэрлэн: -Одоо манайхан зусландаа буусан. Булаг шандын тойром хэнзэлж ногоороод, цэцэг навч ургаж байгаа. Энэ жил цас ихтэй өвөл болсон.

Тийм болохоор хур чийгтэй сайхан зун болно оо, аав минь! Цаашдаа нутагтаа тогт. Насаараа амьдарсан газар болохоор ядаж сэтгэлд зөөлөн шүү дээ гэв. Өвгөн бас л дуугарсангүй. Юу хэлэхээ мэдэхгүй,

бодол нь нэг л хүнддээд байгаа бололтой. Эгч Саранжаргал дүү нараараа айл хэсэж яваад, оройхон ирлээ. -За аав минь яаж байна? Маргааш таныг эмнэлэгт дахин үзүүлэхээр тохироод ярьчихлаа. Нарийн шинжилгээ хийлгэж, курс эмчилгээ эхлүүлье. Оношоо сайн тогтоовол дороо эдгэнэ. Эмч нарын зөвлөгөөг сонсоё гэлээ. Бумантөр, Гангармаа хоёрыг ээлжлэн харснаа нялх үр рүү дөхөж очоод, өхөөрдөн үнэрлэлээ. Саранжаргал эгч: -Та гурав нутаг руугаа буцсан нь дээр байх. Эгч нь аавыг тэнхэртэл хамт байна. Зургаан сар гаргаад, аавыг аваад очно оо. Би буцахаас өмнө нутагтаа нэг очмоор байна! гэлээ. Бумантөр эгчийнхээ үгийг уухайн тас дэмжээд: -Би гэрээ ачуулчихаад, энэ хоёрыгаа аваад явлаа. Очоод гэрээ бариад хүлээж байя. Аавын хувьд бол насны доройтол, дээрээс нь сэтгэл санааны хямаргаа бий.

Асаргаа өргөмж дутсанаас болж өвдсөн. Хөдөө очоод, сэтгэл санаагаараа тэнхэрчихнэ дээ. Би маргааш билетээ бичүүлж, унаа тэрэг хайя. Ойр зуурын тавилга авч ачуулна аа гэлээ. Саранжаргал том цүнхээ дөхүүлж тавиад, хөвүүрийг нь хүр хүр татан онгойлголоо. Зузаан хэтэвч гаргаад, таван мянган доллар тэвхийтэл боосныгоо дүүдээ өгөв. Тэрээр: -Миний дүү гэр бүлдээ зарцуул! Хуримандаа нэмэрлэ. Гэрлэцгээ! Алсдаа хот руу нүүж ирвэл тэр үед эгч нь тусална аа гэлээ. Бумантөр гайхаж харснаа: -Ийм их мөнгө… -Зүгээрээ. Эгч дүүгийн хооронд ийм асуудал байдаг шүү дээ. Манай гэр бүлийн хувьд их мөнгө биш. Ханшны зөрүү хэрэглээний, өртөг гэж юм бий л дээ. Тэр хамаагүй. Хавар аавыг ярихад ойлгосон юм аа. Чамайг би дэмжих ёстой хүний нэг шүү дээ гэлээ. Таржид өвгөн сая нэг дуугарав. -Би бага эгчийг чинь ирэх үеэр төв холбоонд очиж, гадаад руу залгаж

ярьсан юм. “Бумантөрийг гэрлүүлмээр байна. Хүн бүр хувь нэмрээ өргө!” гэж үүрэгдсэн. Хоёр ахад чинь ч хэлсэн байгаа. Цаад говийн хүүхэн ч бас мэдэж байгаа. Ах дүүгийнхээ дэмээр айл орон болж, гал голомтоо бадраана гэдэг отгон хүний үүрэг ээ. Отгон гэдэг нь утаа гэсэн үг шүү дээ. Утаа, гал голомт сахигч гэсэн үг. Гэрлэж бараалахаа бод! гэлээ. Бумантөр аавыгаа ам нээсэн дээр нь залгуулан: -За ойлголоо. Бид ярьснаараа хөдөллөө гэжээ. * Тэднийг нутагтаа ирэхэд хоёр гэр хаваржаандаа буусан байлаа. Өвөлжөөнөөс холгүй адууны бэлчээр газарт нүүн бууцгаажээ. Хөх үзүүрийн хавьцаа, Хүрэн буурын худагт налайж байлаа. Оройн тунгалаг агаар цээж нэвт уужруулаад, жаргах нарны туяа тэнгэрийн хаягаар шингэж байхад нь хүрэв. Хонь мал хотондоо дөхөж байснаа ирж яваа машины гэрэлд үргэж, Хөх үзүүрийн хад руу хуйлран цойлцгоов. Машин өнгөрмөгц эргэж хараад

тургилцгаалаа. Таана хөмүүлийн үнэр ханхийгээд өнгөрсөн билээ. Гонгор өвгөн улаан үрээ тосон авлаа. Өвгөн, эмгэн хоёр бүгдийг нь уруул дэвсэн үнсэцгээв. Хөгшид нялх үрээ өхөөрдөн “Өдий багаасаа хот яваад ирдэг. Сүрхий хүн шүү. Мань хотын бараа хараагүй арваад жил болж байхад шүү дээ” гэцгээлээ. Гангармаагийн гар хөл бүтэн болсныг хараад, бүр ч уулга алдан, бараг дэвхцэх шахав. Барьж үзээд, харж зогсоод, толгой сэгсрэн, дор дороо шогширцгоов. Хэн хүнгүй л бөөн баяр. Удалгүй, Уунай, Долзмаа хоёр хөөцөлдөж яваа хүүхдүүд шиг хойно урдаа хэлхэлдэн орж ирцгээлээ. Лааны гэрэлд хөөрөлдсөн хотын сонинг дуулаад, чихэр жимсхэн ам руугаа шидэцгээв. Ганц шил юмны бөглөө мултран, Гонгор, Уунай хоёрын хоолойг норгов. Хүүхдүүдээ ирсэнд баярлаж хөөрсөн Гонгор өвгөн халамцаж хөөрөөд, ам нээвэл, уушиг нээхийн үлгэр болж өнөөх ирвэсээ ярилаа. Тэрээр Уунайгаас: “Ирвэсний арьс, гурван хойлогныхоо махыг үнэд хүргэж чадав уу?” гээд палхийтэл асуулаа. Тэгснээ тамхи нэрэнгээ ”Айл хүний

амь нэг. Саахалт айлын санаа нэг гэж үг бий. Юуг нь нуух вэ, хүүхдүүд минь. Аливаа зүйлийг битгий нууж бай!! ” гэж хатуу санууллаа. Гонгор яриагаа үргэлжлүүлэн: – Ирвэс дөрөв таван сард хоёроос гурван зулзага төрүүлдэг амьтан шүү дээ. Угаасаа л нутаг руугаа явж байсан байх. Жаргалантын уулаар дамжиж манай нутагт ирээд, удалгүй гүйгээд явчих санаатай л амьтад байж хөөрхий гэхэд Уунай эргэлзэн сууснаа: -Одоо тэгээд яах билээ? гэхэд өвгөн: – Маргаашнаас үргээлгэ хийж үзэцгээе! Шөнөөр ууланд гарч, хэд хэдэн удаа буу тавьж, айлгаж сүрдүүлье. Хавх тавилтай нь биш! Буудаж алалтай нь биш! Өөр яах билээ? Нурам тавих, мануухай босгох, хонх дамар дуу чимээ гаргахад огт айхгүй. Өдөр шөнө хэзээ ч хамаагүй, хүний бараа харвал уурсаж шаралхсандаа дайрч гэнэтэй. Өвлийн дунд сард уг нь жаахан ичдэг, их унтамхай амьтан шүү дээ. Одоо бол нэгнийгээ алдсан их ууртай яваа. Би саяхан дурандаж, барааг нь хараад алдсан. Шар толботой жижгэвтэр залуу ирвэс байна лээ. Залуу бага амьтан байна даа, нутаг

руугаа нэг зүглэвэл гүйчих байх аа? гэлээ. Гэрт тойрон суусан хүмүүсийн дундаас Долзмаа их айсан шинжтэй: – Ер нь өшөөгөө авах гээд байн, байн эргээд байгаа юм уу даа. Яасан аймаар амьтан бэ? гэхэд Уунай эхнэрээ шоолон: -Эр, эм хоёр чинь аргагүй биз дээ? Хүн ч бас адилхан өширхөнө шүү дээ гэхэд Долзмаа омогдон: -Тэгэх байх л даа. Тэнэг минь! Уунайг хорлочихвол Долзмаа галзуурах нь дамжиггүй. Гэхдээ хээрийн амьтны хоол болчихгүй юм сан гээд гиншив. Ам муруйж, үг шидэлцсэн авгай нөхрийг Гонгор өвгөн тоосонгүй. Хэсэг сууснаа: -За хүүхдүүд минь, одоо сайхан амарцгаа! Маргаашнаас бүгдээрээ хэлэлцэж байгаад нэг арга олцгооё! гэв. Хүмүүсийг гарсан хойно Бумантөр хадам ааваасаа байдлыг асуулаа. Өвгөн орондоо орохоор, гутлаа тайлан уухилж сууснаа: -Эргэж тойроод байгаа юм аа. Та нарын байхгүй үед хэдэн ч удаа айлгасан. Одоо төллөх ёстой л доо. Хаана төллөх ухаанаа олохгүй самгардаад байгаа байх гэлээ. Удалгүй лаа унтран, зулын гэрэл хойморт мандлаа.

Маргааш орой Уунай бүрэнхий болохоос өмнө буугаа бэлдэн, дулаан хувцаслаж Гонгор өвгөнийд орж ирлээ. Өвгөн цоргин ширтээд: -За нөхөр минь! Бага улааны оройгоос Тэмээн тавхай хүртэл буудаж, дуу чимээ өгье. Хэрэв шууд тулвал хэцүү шүү. Ирвэс чинь үсрэхээрээ сүүлээ цээжин доогуураа татаж ирдэг юм. Хэрэв ингэвэл буудахаас өөр арга байхгүй. Зугталтай нь биш! гэв. Гонгор монгол гутлаа ногтолж баглан, малгайгаа сайтар бүслээд, Уунайг дагуулан гарлаа. Гонгор өвгөн гадаа гарч, уулын орой ширтэн зогссоноо Бумантөрийг дуудлаа. – Миний хүү эдэнтэйгээ эндээ үлд! Цаад амьтан чинь өдийд л наашаа ойртоод ирчихсэн байгаа. Нохой шөнө унтахаа байсан. Дээд хадны оройд гараад хэвтчихдэг байх. Бид цаагуур нь даялаад, баруун тийш үргээе! – За аав аа! Та хоёр болгоомжтой яваарай гэхэд. -Бид ажрахгүй ээ. Та хэд харин сонор сэрэмжтэй байгаарай! гэж захиад явцгаалаа. Тэд явсаар өвөлжөөнд хүрлээ. Өвөлжөөний зүүн хяраар өгсөөд, нэлээн дээр гарч, түр амарцгаалаа. Цэлмэг тэнгэрт одод гялалзан, шинэдийн

саран манхайж, орчны бараа тодхон харагдаж байлаа. Ганга жалга хажин явж, морин замаар урагшлан өгссөөр, Хажуу улааны Бүргэд халил дээр ирцгээв. Хэд хэдэн удаа буудаж, чимээ өглөө. Тэндээсээ баруун тийшээ зүглэн, уулын орой дамнан явсаар, нэлээн хэд удаа буудаж, хоёр цаг гаран болоод буцлаа. Одоо эргэж гэртээ харихад сар уулын цаагуур далд орж, харанхуй нөмрөхийг өвгөн гадарлах тул даруй эргэв. Уулын оройгоор нэлээн алсад буун дуу нүргэлэн, хад нурах шиг болоход самган бурхныхаа өмнө залбиран суулаа. “Хад асга руу халтираад уначихвий дээ, муу өвгөн минь… Нөгөөх залуу хүн болохоор хараа хурц, хөл чанга байгаа. Ээ мөн, хэцүү ажил юм даа!” гэх дуулдав. Гэнэт арын гэрээс Долзмаагийн хашхирах дуу дуулдлаа. Хүлээж суугаад нойрондоо дийлдсэн Бумантөрийг самган татаж сэрээгээд: -Хүү минь яадаг билээ? Долзмаа хашхираад байна! гэхийн зуургүй буун дуу гарч, газар тэнгэр доргих шиг болов. Айх, гайхах хосолсон Бумантөр хүүхдээ сэрээхгүйн тулд сэмхэн босоод, гутлаа

өмсөв. Үүд рүү зүглэв. Самган хүргэнээ яаран зогсоогоод “Буугаа ав! Хаалгаар шагайгаад сэмхэн хар! “ гэж санууллаа. Бумантөр гэрээс гарч харвал хотны ноход шуугилдан, хонь мал үргэн, бөөн чимээ болж байснаа баруун зүг рүү урт сүүлтэй нарийхан зэгзгэр амьтан хол хол дүүлэн, араас нь дөрвөн нохой нь боргон хөөсөөр одов. Бумантөр дээгүүр нь онилон буудсанаа эргэж гэртээ орлоо. Гангармаа давхийн сэрээд, охиноо бүүвэйлэнгээ орондоо өндийгөөд, гайхан сууж байлаа. Самган алгаа хавсран залбирч, хөвхний хажууд ирснээ “Баруун зүг рүү нохой шуугилдаад явчихлаа шүү дээ! Тийм үү?” гэлээ. Удалгүй хөлийн чимээ гарч, үс гэзэг нь сэгсийсэн Долзмаа орж ирлээ. Царай нь зэвхий дааж, зүрх нь амаараа гарах шахжээ. Нөмгөн дээлийнхээ хормойг хумих маяг үзүүлэн, амьсгаадан сүйд болов. Жаахан зогссоноо: -Эгч минь юу болох нь энэ вэ? Нөгөөх чинь манай гэрийн тоонон дээр гарч ирээд, гэр нураачих шахлаа шүү дээ. Би айж сандарсандаа тооно руугаа гурван удаа буудаад, баахан хашхирсан чинь ганцхан үсрээд явчихлаа. Энэ баруунтаа чиглээд явчхав уу? Яав? гэхэд Бумантөр: –

Тиймээ би гарч харсан. Урт сүүлтэй суналзсан амьтан байна лээ. Сарны гэрэлд тод харагдсан шүү! гэхэд Самган: -Ээ бурхан минь! Ууланд явсан хэд гайгүй байгаа. Одоо наашаа бууж яваа байлгүй дээ? гэхэд Долзмаа амьсгаадан: – Харин тийм ээ. Одоо л ирэх байх. Өрхөө бүтээгээгүй бол орж ирээд, намайг идэх нь ээ янз нь… гээд уйлж эхлэв. Самган Долзмааг аргадан тайвшруулж: -Хүү минь, шөнө орой уйлаад яах вэ. Одоо эргэж ирэхгүйгээр явсан байх. Алив, гал түлж цай чаная! гээд өрхөө татан, яндангаа босгов. Долзмаа: – Яасан аймаар юм бэ? гэж гонгиноход самган: -Дээшээ суу хүү минь. Бөөнөөрөө хүлээе. Нөгөө хэд ирж яваа бололтой энүүхэнд буун дуу гарлаа гэв. Удалгүй эрчүүд ирлээ. Тэр даруй Уунайгийнд цуван орж, лаа барин дээшээ харцгаав. Сандарсан Долзмаа тоон руугаа чиглүүлэн, хэд хэд удаа бууджээ. Тоононы урд цамхраагаа сэт татан хаяжээ. Эсгий өрхөн дээр гурван том нүх харагдлаа. Уунай нэг ч үг дуугаралгүй, гүнгэрвээгаа уудлан, арц уугиулж, гэрээ ариулан дүвчигнэлээ. Өвгөн Гонгор гайхшаа баран: -Өдий олон жил хээр гадаа тэнэж явахдаа ийм юм үзсэнгүй. Хээрийн амьтан гэдэг чинь аргагүй л хүчтэй байдаг юм байна шүү. Гэм хор

хийхгүй бол ингэж түйвээхгүй шүү дээ. Ээ дээ, ухаарч ойлгох хэрэгтэй. Үнэрлэх мэдрэмж өндөртэй учраас нэгийгээ хайгаад байдаг амьтан юм байна. Өширхөл биш байх. Хараал нь чухам мэдэхгүй. Танайд нэгийнх нь үнэр нь шингэсэн байна даа? гэхэд Уунай салбан нударгатай хоёр гараа ардаа нуулаа. Долзмаа ийш тийшээ хулмалзан харав. Гонгор: -Одоо ч эргэж ирэхгүй байх аа… Уулнаасаа мултарчихвал цаашаагаа гүйчихнэ. Долзмаа буудахдаа арай л шархдуулчихаагүй байгаа даа? Гарч мөр харцгаая! гээд ухасхийв. Гэрэл гарган, мөрийг нь мөшгиж харвал цусны толбо алга байлаа.

Уунай, Гонгор өвгөн рүү сандран хараад: – Бумантөр бид хоёр цаашаа жаахан яваад ирэх үү? Араас нь буудах уу? гэхэд: -Хэрэггүй дээ. Нохойнууд ирээгүй байхыг бодоход тал руу дүүлсэн байж таарна. Тэр чигээрээ нутаг руугаа гүйх байх гээд гэртээ харилаа. Хотны хоёр айлыг сандаасан жигтэй өдрүүд мартагдаж, чимээ шуугиан намжин, шөнө орой ноход боргохоо болилоо. Урьдын адил амар тайван, ажин түжин боллоо. Хөөрхий ирвэс ганцаараа нутагтаа очсон болов уу? Тэнгэрийн хормойд сарны гэрэл уусах тэр чигийг баримжаалж, харанхуй талаар шөнөжин давхисаар, өглөөний ургах нартай золгон, мөн л дүүлсээр, төрж өссөн ууландаа хүрчээ. Хэвлийдээ тээсэн хоёр үрээ очингуутаа

төрүүлж, хадны нөмөрт эцэж туйлдсан амьтан хэвтэж байгааг хэн ч үл мэднэ. Хүн, амьтан хоёрын үйлийн үр адил. Тэр тусмаа төлт амьтны зовлон хүнд ажээ. Хоёр зулзагаа тэжээхийн үүргийг гав ганцаараа үүрнэ гэдэг амаргүй даваа билээ. Буу үүрч, ан гөрөөлөхийн цаана юу оршино вэ? Зовлон оршино. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *