Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “11-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “11-Р ХЭСЭГ”

32 секунд уншина
0
0
515

Гангармаа хадам аавдаа бор торгоор сайхан дээл хийж өгөхөөр бодож байсан ч завдал гарсангүй. Бумантөр хот руу буцах боллоо. Охин үр өмөлзөж нялхраад, ээжийгээ дэргэдээсээ холдуулахгүй нь ээ. Ийш

тийшээ сонирхон хараад, охин хүүхдийн адтай нүдээр орчныг бүртгэнэ. Улаан үр мэндлээд, сар гаруй болж байна. Гангармаа хадам аавыгаа санадаг юм. Тэр жил толгодын оройд машинтайгаа ирээд, гар

даллахад нь очиж уулзсанаа бодов. Таржид өвгөн, хөөрхий самганаа өнгөрсөнөөс хойш лавтайяа дөрөв түүнээс ч олон жил барьж өмссөн бололтой гандуу тэрлэгтэй явж байж билээ. Гангармаа нарны халуунд

аагиж, хөлс цутган суухдаа өвгөний энгэр рүү нь зэрвэс харвал дээлийн ганц товч нь байхгүй байв. Гангармаагийн хувьд дээл хийж сураад, ид хорхойсож байсан үе л дээ. Орж гарсан хүмүүсийн дээл рүү

харж, ур хийцийг нь зэрвэсхэн сонирхдог болсон байв. Дээлийн ташаа, хажлага, тавьтар, хавчаарийг нь хараад, сурч авах зүйлийг тогтоож, унж тааруу хийснийг нь голж, өөр дотроо дүгнэдэг байлаа.

Дээл гэдэг нь нарийн харвал их сонин. Тухайн хүний амьдрал ахуй, өнгө зүс өмссөн дээлнээс нь шууд харагдана. За тэгээд, зан төлөв, ааш араншинг нь нэвт шувт хэлээд өгнө өө. Тэр байтугай дээлтэй хүнийг хараад, өвчтэй, эрүүл эсэхийг нь мэддэг гэдэг. Нэг мундаг зурхайч, өөртөө үзүүлэхээр ирсэн хүнийг дээлтэй нь суулгаад, шинждэг байсан гэдэг шүү. Дээл нь хүний эрүүл мэндийг хэлээд өгдөг байжээ. За тэгээд, зарим нь хэт чамирхан өмсдөг. Эрт дээр цагт, ядуу хүмүүс өвөлдөө нохой, ямааны арьсаар, чадуу нь үнэгний арьсаар дах хийж өмсдөг байв. Харин хаад ихэс нь булга, хэрмэн дахтай байжээ. Дээл хантааз нь ийнхүү нийгмийг ангилан ялгаж дөнгөдөг бололтой. Орчин

цагийн хүмүүс, есөн эрдэнийн чулуугаар шигтгэсэн найман лангийн мөнгөн тольтой бүс бүслэн, хоргой торгоны өнгөтэйг шилж, булганы сор бөөлжүүлж эмжсэн сайхан дээл өмсөхийг хүснэ. Зарим нь төв сайхан даавуугаар энгийн дээл хийж өмсөөд, дурдан бүсээр жавхайтэл ороосон явах аж. Ядар дорой хүмүүсийн хувьд байгаа зүйлээ сайхан тааруулаад өмснөө л гэж байхгүй. Бас л дээлээ үрчийлгээд, хормойг нь дээр доор унжуулсан тууж явна. Дээл гэдэг үгийн язгуур нь ”дэвших, дээгүүр, дээр” гэсэн утгатай ойролцоо гэжээ. <<Тэгш төрийн дээл>> хэмээхийн учир нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж ийнхүү нэрлэжээ. За тэгээд, дээлийн цаанаас өөрийгөө нууна гэвэл санасны гарз. Ямар ч дээл эзнээ үнэн мөнөөр нь хэлээд өгдөг хэмээжээ. Зөв хандсан уужим энгэртэй монгол дээл нь амьд оршихуйн

бэлгэдэл бөгөөд цайны ч тэр, ажлын ч тэр, аль алиныг нь сайхан өмсвөл эрхэм хувцас болой. Гангармаа дээлийн тухай ихийг эргэцүүлж суухдаа хадам аавынхаа гандуу тэрлэгний дутуу товчийг мартдаггүй юм. Бумантөр явахын урд өдөр хайрт гүнжүүдээ ээлжлэн үнсээд: -Би хотод очоод, гадаадад байгаа эгч рүүгээ ярина аа. Чинийхээ, хөлний мөр, гарын зураг, гутлын хэмжээг авч яваад, эгчдээ хиймэл эрхтний захиалга өгнө. Эгч маань цэргийн хүнтэй суусан. Тэдэнд боломж бий. Хоёулаа зориулалтын хиймэл эрхтэн захиалж авчруулна аа. Чи одоохондоо үүнийгээ хөлдөө хийгээд, ойр зуур явж бай гэв. Гангармаа тэвхийтэл босоод, нуруугаа тэгшхэн цэхлээд: -Та хоёрын хийж өгсөн хиймэл хөл цэвэр байгалийн бүтээгдэхүүн болохоор хөлд эвтэйхэн шүү! Хөнгөн бөгөөд тулгууртай байдаг. Ядаж бөөр өвдөхөө больсон. Одоо бол мэдэгдэхгүй байгаа биз дээ? гээд

хоймроор алхлан харуулав. Бумантөр Гангармааг бишрэн хараад: -Янзтай сайхан байна. Миний хайрт чинь гоолиг сайхан бүсгүй дээ. Гурвуулаа санаснаараа сайхан амьдарна аа гэлээ. Гангармаа, Бумантөрийн сахалтай уруулыг үнэсээд: -Тэгэлгүй яах вэ? Дөрвүүлээ, тавуулаа… хэдүүлээ ч болох бол? гээд баясан хөхөрчээ. * Бумантөр хотод ирэнгүүтээ хичээлдээ орж, шалгалтандаа шамджээ. Таржид өвгөн, хүүгээ ирэхэд баярлан сүйд боллоо. Тэрээр: -Аав нь хаврын зуурт ядруу байлаа. Хөл гар даарч, шөнө орой ганцаардаад нэг л биш ээ. Даралт ихэсээд, толгой өвдөөд, хөл хавантай хонодог боллоо. Нойр хүрэхгүй байна гэлээ. Бумантөр хөдөөнөөс авчирсан шинэ махыг янзлан, хөргөгчиндөө дүүргэж хийлээ. Тэрээр аавдаа: -Та шинэ мах идээд, сэргэх байх аа. Одоо би ирсэн юм чинь алзахгүй ээ. Маргааш хоёулаа эмнэлэгт үзүүлье. Ингэхэд ах нарт хэлсэн үү? -Чамайг

хүлээгээд тэдэнд хэлээгүй ээ. Намайг чирж явах завтай хүн хотод алга. -За за. Эмнэлэгт үзүүлэхэд, завсаад байх юу байдаг юм. Хоёулаа аргаа олно оо! гэлээ. Өвгөн тааны үнэр шингэсэн шинэ махтай шөл уугаад, илт сэргэв. Тэрээр ороо хажуулдан хэвтээд, хуучин муу дээлээ хөл дээрээ хучиж нүдээ анив. Зүүрмэглэж хэвтсэнээ: -Миний хүү мал хуйгаа хадмын дээрээ бөөгнүүлсэн үү? гэж асуулаа. Бумантөр: -Тэгсэн. Явуулсан зурвастай чинь яг тааруулаад, бүрэн цуглуулсан. Хадам аав сайхан маллах байх аа. -Гонгор сүрхий хүн. Цаад өвгөн чинь олон малд ядарчих вий дээ? -Дэлхийн хормой уужим шүү дээ, аав аа! Алзахгүй. Аавынхтай, Бүлтгэр Уунай гэдэг айл цуг өвөлжиж байгаа. Бүл хамжаатай зүгээр айл байна лээ. -Аан тийм үү? Тэгвэл, болоод явчихаж… Өвгөний сэтгэл илт ханаад, өөр зүйл ярилгүй зүүрмэглэн дугхийжээ. Бумантөр шалгалтуудаа түрүүчээсээ өгч байх үеэр Таржид өвгөн тэнхээрхэж, эмнэлэгт хүргэгдэв. Өвөл нь ядарч өвөлжсөний

урхаг ужиг хавартаа илэрчээ. Эм тариагаар <<нүдүүлж>> жаахан арга орсон ч цаанаасаа л ядруу байлаа. Хорь хоног хэвтээд гарахад Бумантөрийн шалгалтын ажил овоо цэгцэрчээ. Эмнэлэг, сургууль, гэрийн хооронд өдөржин гүйгээд ядрах шахам байтал аав нь эмнэлэгээс гарлаа. Ах нар бэрээчүүдийн хамт ирээд, хэрэндээ л анхаарал тавьж, өвгөнийг бөөцийлцгөөв. Эмнэлэгт хэвтэхэд нь хоол цай зөөж, айл бүр хувь хувийнхаа үүргийг чамгүй сайн гүйцэтгэсэн билээ. Гурван хархүү хоёр бэрээрээ түшүүлэн гэртээ ирсэн Таржид өвгөн бас л ядрангуй байсаар хэд хонолоо. Ойрд Саранжаргалыгаа яриад, байдаг болов. Гангармааг бас цухас дурдаад, ач охиноо өхөөрдөн асуугаадхав. Бумантөр сүүлчийн шалгалтаа өгөхийн өмнөхөн аймаг руу яриад найзаасаа гуйв. “Аавын маань бие их тааруу байна. Гангармааг хөдөөнөөс аваад ир! Аймагт ирээд онгоцонд суулгачих! Найз нь эхнэр хүүхдээ тосоод авчихъя!” гэжээ. Найз нь хэд

хэдэн удаа очиж байсан болохоор төвөггүй зөвшөөрчээ. Төгсөлтийн хонхны баяр дуусаад, оюутнууд зугаалганд явцгаав. Залуу охидууд “Бумантөргүйгээр зугаалахгүй!” гэж урваганан сүрдүүлцгээв. Бумантөрийн гараас чангаалдан “Зугаалганд хоёрхон хоног л явна шүү дээ. Чамайг байхгүй бол ямар ч утгагүй!” гэцгээлээ. Бумантөр дипломоо ширээн дээрээс аваад ”Манай аавын бие маш хүнд байгаа. Эхнэр охин хоёр маань говиос ирж яваа. Би онгоц буудал орох ажилтай” гэлээ. Хүүхнүүдийн урам нь хугарч “Чи эхнэр хүүхэдтэй юм уу? Өө… Харамсалтай юм аа” хэмээлджээ. Бумантөр тохойн чинээ улаан үрээ Таржидын өвөр дээр аваачиж тавив. Таржид өвгөн гараа дэлгэн тосож аваад, нулимсаа хуралдуулав. Үнсэх газар олдохгүй тул өлгийг нь үнэрлээд, хайрлан ширтэв. Гангармаагаа тэврэн аваад, хацрыг нь шүлсдэн үнслээ. -Миний хүүхдүүд сайн яваад ирцгээв үү? Манай нутгаар сайхан зун болж байгаа даа. Аав, ээж хоёр нь сайн уу? гэлээ. Гангармаа хадам эцгийгээ хараад үнэхээр их өрөвджээ. Дэлгэр

задгай говийн хүн хараагаа чөдөрлөж хавчигдан суух нь байж боломгүй хүнд санагдав. Тэрээр солгой гараараа нулимсаа арчаад, бушуухан уужрахыг хичээв. Бүсгүй хүн уйлахаараа асгаруулж байж тайвширдаг юм хойно нэлээн уйлж байгаад аядлаа. – Бид хоёр сайн явж ирлээ. Манайхан бүгд сайн. Хажуудаа айлийн нөмөртэй өвөлжиж хаваржсан. Одоо л ногоо хэнзэлж зун эхэлж байна даа. -Тэгнэ ээ. Гарцаагүй. Шанданд шувууд хэдийнээ буусан даа гэснээ Бумантөр рүү дохиод: -Гал түл! Сайхан цай чана! Усанд яв! Хоол хий! гэж тушаалаа. Ач охиноо өлгийгөө тийрэн сунайж байгааг харсан Таржид дэргэд нь очиж зогсоод, өхөөрдөн байв. Гангармаа өрөөсөн гараараа охиноо хуурайлж, өлгийдөж, хөхүүлж, асарч тойлж байгаа нь хэнээс ч дутахгүй шалмаг, цэвэр нямбай, эмх цэгцтэй байхыг хараад гайхан бахадлаа. Хэд хоногтоо Таржид сэтгэл хөнгөн байв. Гангармаатай ярьж хөөрч, нутаг усаа өдөржин асууна. Тэмээ, адуу ярьж байснаа Дэлтийн бууц, хуучин өвөлжөөгөө сураглав. Нутгийн айлуудыг

хаагуур хаагуур хаваржиж, одоо хаашаа зусланд гарсныг мэдэж авлаа. Гангармаа аав ээжийнхээ яриан дундаас олж тогтоосноо л дэмий ярьж өгнө. Багийн даргынх хаана байгааг асуув. “Хөвийн худгийн зүүн урд руу буусан гэнэ лээ” гэхэд: – Хашир толгой тэгнэ ээ. Хөвийн худгийг сундалж хаварждаг айл байгаа юм гэв. Бумантөр Төв шууданд очоод, гадаад руу захиалга өгч, том эгчтэйгээ ярьжээ. Тэрээр баяр хөөртэй ирээд: -Саранжаргал эгч ирнэ гэнэ ээ. Ах нуугаад, таны талаар хэлээгүй юм байна. Надаас дуулаад, ирэхээр боллоо. Эгч ер нь ирэг гэв. Таржид хүүгийнхээ ярьсныг дуулаад: -Аан тийм үү? Эгч чинь ирээгүй дөрвөн жил болжээ. Эхийгээ өнгөрсний дараахан нэг ирсэн дээ. Бараг таван жил… Зөв өө, миний хүү! гэлээ. Гангармаа хадам аавдаа бор торгоор сайхан дээл хийж авчирчээ. Отгон хархүү нь өвгөнийг түшиж босгоод, өмсүүлж үзэв. Таарсан гэж жигтэйхэн. Угийн том биетэй аавыгаа сүртэй ханхайж байхыг хараад баярлав. -Та чинь торго

дурдан эдэлж баймаар хүн юм шив! Гялалзаж байна аа. -Гялайлаа хүүхэд минь! Яасан сайхан дээл вэ? Залуу байхдаа л сайхан дээл өмсөж явлаа. Эмгэн явснаас хойш ганц ч дээл сольсонгүй. Энэ ногоон дээл хөл дээр хучлага болсоор их удлаа. Одоо илчгүй. Орж гарахдаа нөмөрдөг гэж амандаа бувтнав. Гангармаа цүнхээ уудлан, ганц ширхэг мөнгөн товч гаргаж ирээд: -Таны саарал тэрлэг байгаа юу? Түүний товч байх аа? гэхэд Таржид, Гангармаагийн хуруунаас луу товруутай мөнгөн товчийг алган дээрээ тосож авснаа: -Охин минь! Аавын минь дээлийн товч шүү дээ! Би гэдэг хүн нэгийг нь гээсэн. Тэр жил… Одоогоос зургаан жилийн өмнө өө. Самган маань надад хүрэн жигүүнээр сайхан тэрлэг хийж өгсөн юм. Тэгээд энэ хуучны цалин мөнгөн товчийг хадаж өгч байсан л даа. Нүүж ирэхийн өмнө бил үү дээ? нэг нь гээгдсэн байсан юм аа! гэлээ. Өвгөн бөгсөө займчуулан хажуугаа эргээд, цоохор авдраас гандаж үрчийсэн саарал тэрлэг гаргаж ирлээ. Суга, ханцуй, хормой дотрооо хүрэн өнгөний ором

үлдээд, нэлэнхүйдээ өнгө алдан ганджээ. Үрчгэр тэрлэгийг дэлгэн харвал энгэрийн ганц товчноос нэг нь алга байлаа. Мөнгөн товчийг шилбэн дээр барьж үзтэл тэрлэг дээл бүрэн боллоо. Таржид өвгөн өөрийн эрхгүй уйлан шархирав. Өвгөн хүн уйлж байхыг харах хэцүү. “Хүүхэд сэрээчих вий? Хүн айлгачих вий? Өгөр толгой би дээлийн ганц товч бүрэн болохыг үзэх хувьтай байж ээ. Аавын минь товч!” гээд уйлж гарлаа. Цурхиран мэгшээд л байв. Урьд хожид гарч байгаагүй гэмээр эр нулимс энгэр норгон бөмбөрч, удалгүй дотогшоо мэгшин чимээгүй боллоо. Гангармаа ингэнэ чинээ санаагүй тул бас дагаад уйлав. Бумантөр усанд явахаар хувин аваад, ухасхийн гарчээ. -Аав нь охиноо зовоочихлоо. Дээлийн ганц товч хүртэл зүрх шимшрүүлдэг юм байна. Яаж мэдэхэв? Муу самганыгаа санаад… Охиныхоо сайхан сэтгэлийг бодоод өрөвдчихлөө. Аавыгаа өршөөгөөрэй. Аав нь тэнэг хүн байгаа юм. Гэхдээ Бумантөр намайг дуурайгаагүй. Аав нь энэ сайхан торгон дээлийг нулимсаараа

мялаачихлаа. Тохьгүй өгөр зөнөг… гээд хойшоо лавхан суув. Гангармаа хадам аавыгаа тайвшруулан: -Таны эм уух цаг болжээ. Эм уугаад сайхан тайвшир! Би саарал тэрлэгний товчийг хадчихаад, оройн хоолоо хийлээ гэлээ. Дээлийн ганц товч сэтгэлийг зөөллөж, орчлон хорвоогийн үнэнийг таниулав. Одоо Таржидад гомдох юм юу ч байхгүй. Сэтгэл санаа нь бүрэн дүүрчээ. Дутуу үгүй тул үхэхэд гомдолгүй гэж өөртөө хэлжээ. Бумантөр инээмсэглэн орж ирснээ “Та нар чинь юундаа уйлж урвайгаад байдаг юм бэ? Ингэхэд Гангармаа энэ товчийг хаанас олсон юм бэ?” гэж асуулаа. Гангармаа бас л инээмсэглэн: -Чиний шоо хээтэй цоохор цамцны энгэрийн халаасанд ирсэн шүү дээ. Би дэрлэж унтдаг байсан. Нэг юм нухаад байхаар нь халаасыг уудалтал энэ товч гарч ирсэн. Тэгээд би аавын саарал тэрлэгнийх гэдгийг мэдсэн юм аа. Бумантөр мар мар инээж байснаа: – Тийм ээ! Одоо саналаа. Аавыг хонь хяргаж суухад би ноосон дотроос олоод, халаасалчихсан юм аа. Тэгээд тэр чигээрээ мартчихгүй юу даа. –

Харин ч гээгдээгүй юм байна. Гээгдэх ёсгүй товч байжээ. -Тийм ээ! Гээгдэх ёсгүй товч байж ээ. Буурал өвгөөс өв дамжсан товч гэцгээв. Улаан үр бараг хоёр сар болжээ. Хотод ирсэн зочин гэхээрээ уйлж айлгахгүй зөнгөөрөө байв. Удалгүй Саранжаргал эгч гадаадаас ирж, дахин баяр хөөр дүүргэлээ. Аав нь хэдэн хүүхдүүдээ тойруулан, нэг хэсэгтээ жаргав. -Аав маань хотын хүн боллоо гээд би баярласан шүү дээ. Хол байх хэцүү юм аа. Холбоо барьж болохгүй юм. Ахтай ярихаар мэдэхгүй ээ, сайн байгаа байх л гэдэг. Харин ноднингоос хойш байн байн утсаар яриад, сайхан байна шүү. Бумантөр эгчээсээ: – Та насан туршдаа тэндээ суух уу? Нутгаа санаж байна уу? гэж асуулаа. Эгч, хайрцагтай цай дөхүүлэн, усанд утган ууснаа: -Манайх тэр хотдоо дассан. Бүр суурьшсан. Хүүхдүүд маань том болж, биеэ даана. Би нас ахихаар нутагтаа ойр ойрхон ирнэ ээ. Ер нь насны бөгсөнд нутагтаа л

ирэх болов уу? Хувь тавилан л мэднэ дээ. -Та миний захисан юмыг авчирсан уу? гэхэд Саранжаргал эгч нь Гангармаа руу ширтэн харснаа: -Гонгор гуайн отгон охин гэл үү? Сайхан охин байна шүү дээ. Танай Энхбат ах чинь хаана байгаа билээ? гэж асуулаа. -Манай том ах Дорнодын хилийн заставт. Энхбат ах Эрдэнэт хотод сууж байгаа. -Аан тийм үү? Энхбат бид хоёр сумын сургуульд нэг анги байсан юм аа. Мэнд хүргээрэй. Ингэхэд хүний амьдрал гэдэг гялс юм аа. Бумантөрийгөө авгайтай болж, ийм хөөрхөн хүүхэд төрүүлсэнд итгэмээргүй гэхэд Бумантөр инээгээд: -Эгч минь ээ! Би чинь хорин долоо хүрчихлээ шүү дээ. -Аргагүй ээ эгч нь дөч гарчихлаа. Саранжаргал, аавынхаа гарыг атгаж, духан дээр нь хацраа нааж үзээд: -Таны толгой жаахан халуунтай байна. Эм тангаа сайн уугаарай. Ингэхэд аав минь! Биеэ тэнхрүүлж аваад, говь руугаа буц аа! Яах гэж наашаагаа зүглэсэн хүн бэ? гэхэд Таржид өвгөн дуугарсангүй. Саранжаргал уут цүнхтэй юмаа уудлан, ярьж хөөрсөөр суув.

Гангармаад захисан юмыг авчирчээ. Бумантөр баярлан шүүрч аваад, хайрцгтайг задлан үзэв. Металын холимог, хуванцараар хийсэн хиймэл хөлийг гаргаж ирээд, Гангармаадаа өмсүүлж үзлээ. Саранжаргал эгч тааруулж авчирсандаа баярлаад: -Хиймэл эрхтэн үйлдвэрлэгч Hanger гэдэг нэртэй компани дээр очсон. Гар хөлийн хэмжээ, нас, хүйс , биеийн жин гээд зөндөө юм асуусан. Таарахгүй бол солиулж болох нөхцөлтэй. Энэ их алдартай компани байгаа юм. Адил төстэй бөгөөд хэрэглэгчдийнхээ үйл ажиллагаанд илүү дөхүүлж үйлдвэрлэдэг бололтой. Гангармаа урагшаа гишгэ дээ… Одоо суугаарай…. Босоорой… За тээр… Хөдөлгөөн бүхнийг амьд юм шиг бүрэн орлодог. Технологийн шинэчлэл сайн хийгдсэн. Гангармаа, Бумантөрийн өмнө хийж өгснийг харьцуулж бодлоо. Тэс өөр жинхэнэ

хөлтэй болсон юм шиг хурдан түргэн алхаж эргэж тойрч ч үзлээ. Үгээр хэлэхийн аргагүй баярлажээ. Таржид отгон бэрээ даган баясаж: -Овоо доо миний хүүхдүүд. Цаг өөр болжээ. Гутлаа өмсчихөөр мэдэгдэх юм алга гэлээ. Бумантөр жижиг хайрцагтайг задлан, хиймэл гар гаргаж ирлээ. Гангармааг өмнөө суулгаад баруун ханцуйг нь дээш нь шуугаад өмсүүллээ. Бэхэлгээ, өнгө үзэмж, хийц чанар гээд ярих юм алга. Хайрцагны хажууд өнгө өнгийн хумсны будаг хийжээ. -Ийм юм дагуулдаг юм уу? гэхэд. -Хүмүүнлэгийн аян өрнөсөн байна лээ. Хиймэл эрхтэн худалдан авсан хүмүүст бэлэглэж байсан. Хоёр гарынхаа хумсыг ижилсүүлэн будаад, ялгах аргагүй болно гэжээ. Одоо цаашдаа илүү хөгжөөд, нарийн технологи нэвтрэх байх. Гар хуруунууд нь

үеэрээ хөдөлдөг, Гаднах үзэмж нь хачин адилхан. Хэн ч анзаарахгүй байгаа биз дээ? Энэтхэгт Моса гээд заан тонн гаруй жинтэй мөртлөө хиймэл хөлтэй байдаг гэсэн шүү дээ. Галт зэвсэгнээс болоод, өрөөсөн хөлгүй болсон заан гэсэн байх аа. Тэгээд бод доо! Та нар! Одоо цаг өөр болсон шүү. Бүх юм хөгжсөн гэхчилэн Саранжаргал эгч амьсгаа уужиртал ярилаа. Дутуугаа гүйцээж, ухаанаа түвшитгэж амьдарна аа гэдэг сайхан шүү. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *