Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “10-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “10-Р ХЭСЭГ”

12 секунд уншина
0
0
419

Гангармаагийн бие илт тэнхэрчээ. Нялх үр өлгийдөө үнэгчилж, мөөмөө үлгэж, божийтол хөөрхөн бойжсоор… Дулаан цагийн хүүхэд дорхноо торнидог ажээ. Бог мал төллөж дуусаад, хэдэн хээлтэй бод

хоцров. Ойрноос гунжин үнээнүүд тугаллаж, ганц нэг ингэ ботголлоо. Малчны хотонд хүүхэд төлийн дуу цангинасан дэлгэр баян өдрүүд үргэлжилсээр… Дэлхий ээж өгөөж хишгээ хайрлан, дэлэгнэсээр л,

дэлгэрсээр л байлаа. Өвөлдөө цас их орсон тул газрын чийг дааж, дэнж тал эрт хэнзлэв. Хөрвийн төл эхтэйгээ бойжиж, бэлчээрийн замд хөл нь чангарчээ. Бумантөр охиноо өхөөрдөн, живх даавууг нь угааж,

эхнэрээ халамжлан, хоол унд хийж, өдөржин завгүй холхисоор оройг угтана. Хүнээр хүн хийх ажил тийм ч амар биш. Эцэг хүний үүрэг их чухал байлаа. Нэг өглөө гэрийн гадаа машин ирээд, бага эгч нь буулаа.

Хотоос гарч, Цээлийн говь руу явах замаараа хальт дайрсан нь энэ гэнэ. Талын хол нутагт унаа тэрэг ховор тул түүндээ баригдан, хам хум таван үг солиод, аавынхаа явуулсныг хүлээлгэн өгөөд яаран гарлаа.

Гангармааг охинтой нь үнсээд, тусгайд нь зориулсан бэлэг гардуулав. Бумантөр эгчийгээ үдэж өглөө. Машины цонхоор хүмүүс шуугилдан, мэнд ус болцгоов. Нутгийн олон бие биеэ андахгүй тул харцагыгаа хараад, гар барин мэндэлцгээлээ. Эгч кабин дотроос хашхиран: -Миний дүү бог малаа даруйхан очиж аваарай. Манайх цаашаа хол нүүхээр байгаа шүү! гэж хэлээд оджээ. Хаашаа л харна хараа тэлсэн, уудам нутгийн хүн зоны амьдралаа гэж… Учрах завдалгүй явсаар нэг мэдэхэд цаг хугацаа хөврөн одмуй. Гэхдээ говийн амьдрал сайхан. Алтан нар илч гэрлээ хурайлж, өргөн тал нь түмэн олныхоо заяаг тэгшитгэн, их амьдрал буцалсаар өдгөө хүрсэн билээ. Говь бол их тэмцлийн талбар гэдэг ч хамгийн дэлгэр нутаг билээ. Нэг орой хэдүүлээ хоолоо идээд бужигнаж байтал Гонгор өвгөн дэлгээтэй

хаалгаар холыг ширтэн сууснаа: -Манай энэ ууланд янгир ихтэй тул өвөлдөө ирвэс үзэгддэг гэдэг юм. Гэхдээ айлын хот руу ингэж орох нь их хачин байна даа. Энэ Уунай нөхөр өдөр бүр буу үүрч яваад, элдэв зохисгүй юм хийгээд байна уу даа? гэж болгоомжлов. Самган өвгөнөө хоймор өөд түлхэн: -Алив зай тавьж, өөдөөгөө суу! Би хоол аягалъя! гэснээ “Нөгөө амьтан дахиад үзэгдсэн хэрэг үү?” гэлээ. Өвгөн шинэ махтай сайхан лавшааны шөлийг уруул дорвойлгон оочилсноо “Тийм ээ” гээд толгой дохив. Жар гарсан хашир өвгөний бодлын цаана аргамжигдан хоцорсон жигтэй явдал, ёс мэт дахин давтагдаж, тэр шөнө үймээн дэгдэв. Айлууд, хонь малаа хурааж, үнээ малаа сааж, хот тойронгийн ажлаа амжуулаад, үдэш болмогц өрхөө бүтээн, ор орондоо орцгоожээ. Нам гүм, ажин түжин. Харанхуй нөмрөн, одод гялалзан,

хавирган сар тэнгэрт хөөрчээ. Дуг нойрондоо юу ч олж сонсохооргүй тийм анирхан шөнийн тал хугаст Гонгор өвгөн ухасхийн босоод, дээл хувцсаа яаран өмсөөд, буугаа мөрлөн гэрээс гарлаа. Нойрмоглон унтаж байсан самган нэг нүдээ онийлгон, өвгөнийхөө сүртэй сандруу гарч одохыг нь анзаараад “Элдэв юм дуулгалтгүй хүн шүү. Ирвэс хотонд орсон гэдгийг ярьснаас хойш унтаж чадахаа байжээ. Зөнөж байгаа нь л энэ байх даа?” гэж бодоод, өдрийн холхиондоо ядран, буруу харсан чигээрээ унтаад өгөв. Гэр тойрон хөлийн чимээ гарлаа. Өвгөнийх. Цас чихарч байснаа хойд дэнхэн хадны дороос газрын уруугаа хонь үргэн хуйларч, хайрга чулуу нурж, өтөг бууц бургин, нохойнууд гэрийн хаягаар давхилдан өнгөрөв. Харанхуйд бүх юм сүүтэгнэн дорвитой харагдсангүй. Өвгөн хараагаа дасгахаар нүдээ сүүмийлгэн, уулын орой ширтэн өвөлжөөний зүг аажуухан гэтлээ. Гэнэт арын хадны хажууханд ямааны чарлах дуу “ба ба“ хадаж,

пижигнэх чимээ гарлаа. Буугаа дээгүүр чиглүүлж байгаад буудаж орхитол шөнийн тэнгэрт хадны цуурай нүргэлэн, хярын цас тэр чигээрээ нурах шиг болоод, нүсэр чимээ гарав. Говийн сүрлэг хайрхан гэмгүй дүнсийн байснаа нойрноос гэнэт сэрэх мэт хадны цуурай нүргэлээд, удтал намжсангүй. Цуурай бүүр алсад замхран, аажимдаа аниргүй болов. Удалгүй хөрш айлын хаалга нээгдэн, гайхаж сандарсан Уунай, араас нь шагайсан Долзмаагийн дуу гарч “Яав… юу болов?” гэцгээн үймэлдлээ. Уунай, дээлээ хагас хугас нөмөрч, холхиндог гутлаа хөлдөө углаад, калибраа үүрсэн чигээрээ өвгөн дээр хүрч ирээд “Өнөөх гайхал чинь ямаа барьчихлаа шүү!” гэв. Өвгөн өрхөө татаад, яндангаа босгоод, гал түлэв. Уйнаа даган орж ирээд, зуухны ард бөөвийн суулаа. Айж сандарсан самган хэдийнээ босоод, тогоо тавин цай үйв. Нялх үр яраглан уйлснаа мөөмөө үлгэн, эргэж унтлаа. Гонгор гайхаад “Ямар гээч амьтан хот эргээд байдаг болчих воо? Энэ олон жил өвөлжихөд

арай ч ингэдэггүй л байсан даа…” гээд хоймор гарч суулаа. Удалгүй сүр сархийн чимээ гарч, Уунайгийн эхнэр хаалгаар багтаж ядан орж ирснээ хөвхний хажууд амьсгаадан сууж “Нөгөөх ирвэс чинь биш үү? Өөр юу байх билээ дээ?” гээд Гонгор өвгөн рүү харлаа. Гонгор гэр доторх хүмүүсийг ажиж сууснаа улалзан асах гал руу тонгойн, гаанс тамхиа нэрээд “За Уунай минь үнэнээ хэлж аль! Ирвэс чинь өширхүү, хараалч айхтар амьтан шүү! Учрыг нь олохгүй бол хүний амь эрсдэж магад…” гэлээ. Уунай хамраа ухангаа урвагар сууж харагдлаа. Гонгор өвгөн, Уунай руу лааны гэрэл дөхүүлж ойртуулав. Гэрэлд нүүр нь тодорсон, Уунай гэм хийсэн нь ойлгомжтой тул ийш тийшээ эмээнгүй харснаа “Би долоо хоногийн өмнө хос ирвэсийг хараад, үнэхээр их гайхсан шүү. Одоо бодоход холоос түр нүүдэллэж ирсэн юм байж дээ. Хадны ойролцоо яг тулаад, надаас айх ч үгүй, алмайран хараад байхаар нь би гэдэг хүн сандарсандаа нэгийг нь буудчихсан юм аа.

Нөгөөх нь нэлээн зогсож байснаа тэмээ буйлах шиг хачин чимээ гаргаад, хад асга дамжин алга болсон” гэх нь тэр. Долзмаа нөхөр рүүгээ том харснаа “Тэнэг золиг вэ чи! Хонио хаячихаад, уул руу явсан байна шүү дээ! Ирвэс чинь их хараалтай, дээрээс нь өшөөгөө авч байж салдаг амьтан гэсэн биз дээ?” гээд енгэнэтэл уйлав. Өвгөн тэдний байдлыг ажиглаж сууснаа “За за ойлголоо, хүүхдүүд минь! Буу үүрч, ан гөрөөлнө гэдэг чинь санааны зоргоор хийдэг ажил биш ээ. Манай энэ хавийн уулс догшин савдагтай шүү. Чоно ихтэй болохоор ууланд буутай хонь хариулах үе бишгүйдээ л гардаг. Гэхдээ онцгой амьтад хороож, огт болохгүй!“ гэлээ. Өвгөн галын цог ширтэн хэсэг суув. Бумантөр “Одоо яавал дээр билээ? Ганцаардаж хорссон амьтан ч мөд салахгүй л болов уу?” гэхэд Уйнаа лааны гэрлээс холдон, арагшаа нугдасхийн суулаа. Долзмаа нэгийн санав бололтой жиг жиг инээснээ “Манай энэ нөхрийн аав нь мөн хачин хүн байсан гэдэг шүү. Хавар худалдаа бэлтгэлийн ангийн норм төлөвлөгөө гээд ууланд бэлтрэг

суйлах ажил болохоор Уунайг аваад явдаг байсан гэсэн. Том хүн багтахгүй нарийхан хадны завсраар хүүхдээ оруулаад, доор хонгилд байгаа бэлтрэгийг гаргуулж, бүгдийг уутлаад буцдаг гэсэн“ гээд Уунайгийн нүүрийг харанхуйгаас хайн харав. Харанхуй дундаас өөртөө итгэлгүй дуу гарч “Би хувцасаа тайлаад хадны завсраар гулган орж, ёроолд байгаа бэлтрэгнүүдийг дээш нь гаргаж өгдөг байсан. Ер нь аавыг дагаж ан их хийсэн дээ. Ирвэс алж үзээгүй байлаа. Бусдыг нь бараг унагаж үзсэн. Аав маань насаараа ан хийсэн дээ. Манай нэгдлийн ангийн төлөвлөгөө аавгүйгээр биелдэггүй байсан билээ” гээд тамхи асаахаар лааны гэрэлд нүүрээ ил гаргаж ирлээ. Долзмаа “Гарч тат! Нялх үрийг мартаа юу?” гэхэд шамшгар хайрцагтайгаа буцааж өвөртлөв. Хэд хоногтоо асуудал үүссэнгүй. Эрчүүд буу сумаа зэхэн, шөнө бүр чих тавин хонох бөгөөд хүйтний эрч жаахан тогтож, жаварлан шуурах нь гайгүй байлаа. Хаврын тэнгэр хартай гэж үнэн. Заримдаа ус уруй хоржигнон урсаж, удалгүй цас хялмаалж эхэлнэ. Тэгснээ шуурга тавьж угалз болно. Уунайгийн үүсгэсэн балаг юм

хойно, хониндоо буутай явдаг болжээ. Уунай буудаж хороосон ирвэсний арьс, гурван хойлог шувуугаа хадны завсраас сэм уутлан, айл хүмүүсийн нүд хариулан, аймаг руу явсныг хэн ч мэдсэнгүй. Нэг орой Бумантөр түгшсэн байдалтай хониноосоо ирэв. Уулын оройд нэлээн хэдэн янгир бариулж, ундуй сундуй хэвтэж байгааг харжээ. Цаад гүвээнээс их сонин чимээ гарсныг ярив. “Ингэ буйлах мэт уянгалсан урт нарийхан дуу гарч, хэсэг гунганаж байснаа чимээгүй болсон. Ойр ойрхон хэд хэдэн удаа дуулдсан” гэлээ. Гонгор, хүргэнийхээ яриаг сонсож сууснаа: -Эр ирвэсийг нь Уунай нөхөр хороосон юм аа. Эм нь яах учраа олохгүй гаслаад байгаа нь энэ хөөрхий. Ууланд хонио гаргалгүй бэл рүү бэлчээж, ер нь эртхэн хаваржаалахаас өөрөөр бид яалтай билээ? гээд өөр үг хэлсэнгүй. Самган, өвгөнөө ширтэн: -Эр, эмийг нь чи яаж мэддэг билээ? гэхэд

өвгөн: -Ирвэсний бумбааг харахад хээлтэй эм нь үлдсэн бололтой юм билээ гээд чимээгүй болов. -Ирвэсний бумбаа гэж юу билээ? ааваа гэж Бумантөр асуув. Өвгөн хойшоо налан суугаад “Ирвэс өөрийнхөө ялгадсыг шороогоор бумбайлган булдаг амьтан шүү дээ. Түүнийг нь бумбаа гээд байгаа юм . Ер нь мөрийг нь сайн ажиглавал эр, эм, хээлтэй, хээлгүй нь хүртэл танигддаг юм шүү дээ!” гээд үрчгэр духаа атируулан, тооно өөдөө ширтэв. Хадам, хүргэн хоёр ээлжлэн хонь хариулж, хотонд Долзмаагаас өөр хань хамжаа болох хүн одоогоор алга байлаа. Гангармаа хөөрхөн үрээ бөөцийлэн маллаад, элдэв үймээнээс хол хөндий байх ажээ. Оройд нь хотоо эргэн, утаа май тавьж, буу сумаа бэлдээд, сонор сэрэмжтэй хоноцгоож байв. Уунай гайхал алга. Гонгор хониноос эртхэн ирээд: – Борондойн сүргийг өнөөх гайхал чинь сүйд хийсэн бололтой. Хөөрхий Борондой минь өртчихөөгүй л байгаа даа. Маргаашнаас хоёулаа очиж эргэнэ байгаа гэхэд Бумантөр: -Тэгье аав аа! гэлээ. Гангармаа охиныхоо өлгийг

задлаад, нөхрийгөө дуудав. Сүүний үнэр шингэсэн нялх хонгор үр нь хөлөө жийн, гараа зангидан үрчилзэв. Унинаас зүүсэн эсгий үнэг савлан дүүжилж, эргэн тойрноо зугуухан харлаа. Бумантөр “Аавын гүнж сэрээрэй. Алив хаана байна” гээд гар дээрээ өргөн баяслаа. Гангармаа үгээр хэлэхийн аргагүй жаргалтай байлаа. Маргааш нь Гонгор өвгөн хээр морио унаж, Бумантөр хүрэн үрээндээ мордож, буугаа үүрээд, цохио руу дөхөж очлоо. Хаврын цас ууландаа бага бөгөөд гүн жалганд хунгарласан нь хайлж дуусчээ. Тэд морио хөтлөн, жим даган, ар араасаа өгсөв. Тэмээ шиг дүнхэгэр хадан халил, үхэр цохионы дор хад асга дамнуулан зургаан янгир хүүлээд орхичихсон байв. Дээр нь шувуу эргэж байлаа. Борондойтой цуг явж байдаг хөгшин тэхийг унагажээ. Хоёр ишиг бусад нь залуу эм янгир байв. Чонын мөр харагдсангүй. Асга руу шахаад, аль ядарсан хэдийг нь хэмлээд, дараа нь гүйцээжээ. Гонгор өвгөн: -Ээ базарваань. Яасан айхтар хилэнтэй амьтан бэ? Сүүлээ чирсэн мөрийг хар! Яг л өнөөх

гайхал чинь байна шүү дээ гээд эргэн тойрноо сэрэмжлэн харав. Бумантөр морио тушин, гүвгэр дээр гараад, ойр хавийг дурандлаа. – Аав аа та ийм яриа дуулсан уу? Нэгэн анчин хоёр зулзагатайгаа яваа ирвэсний нэгийг намначихаад, нөгөө хоёрыг алдчихжээ. Тэр хавиараа нэгжиж хайгаад олсонгүй. Ирвэсийн өширхүүг сайн мэдэх учир уул, хөндий гатлан нүүдэллэж, нутгаа сольжээ. Нэгэн удаа ангаас эргэж иртэл гэрийг нь тойрсон ирвэсийн мөр байна гэнэ. Сэжиг авсан анчин морио хол уяад, сэмхэн гэтэж, тотгоороо шагайвал эхнэр хүүхдийг нь зооглочихсон цатгалан ирвэс орон дээр нь хэвтэж байжээ. Тотгоороо буудаж, ирвэсийг намнасан ч голомтоо самруулсан сайх анчин удалгүй тэнэж яваад хальсан гэдэг. -Аль домог хууч яриаг тэр гэх вэ хүү минь! Хаа холоос ижилтэйгээ ирээд, нөгөөхөө өвчүүлээд ганцаараа буцах нь юуны амар байх билээ? Хэцүү байх нь ойлгомжтой. Энэ амьтан нутаг руугаа буцах уу? Үгүй юу? гэдэг асуудал ч бас тайлагдашгүй гэж өвгөн нухацтай хариулав. “Хөөрхий муу Борондой минь хэдэн янгир бараадан, хаана сандарч яваа бол доо.

Мөн ч хүнд зовлон шүү!“ гээд өвгөн шогшрон хэллээ. Бумантөрийн хичээл шалгалт эхлэх дөхөөд л байлаа. Бичих даалгавараа Гангармаагаар хийлгэж, өөрөө харин охиноо өхөөрдөн суух дуртай байлаа. Гангармаа өмнө нь хоёр сар гаруй оролдож байж солгой гараараа зэгсэн сайн бичиж сурчээ. Ер нь бүх юмыг энэ гараараа хийх тул аажимдаа эвсэлтэй, нямбай болсон билээ. Гангармаа тортой юмаа ухаж сууснаа: -Аав чамд зурвас явуулсан шүү дээ. Захисан малыг нь бөөгнүүлээд манайд орхичихоод явсан нь дээр. Чамайг очихоор санаа зовно шүү дээ. Зэмлэвэл яана? гэлээ. Аавынхаа бичсэн зурвасыг харж сууснаа: -Би энэ талаар бүгдтэй нь ярилцая! Ер нь манай аав их гэмшиж байгаа. Чамайг одоо бол сайн ойлгосон. -Тийм ээ? Би огт юм бодоогүй ээ. Ер нь чи цаашдаа гөжиж зөрүүдлээд байлгүй аавынхаа үгээр нь бай. Аав хүн цор ганц. Надад ч, чамд ч. Тийм учраас бүрэн

хүндэлж, үргэлж бөхийж яв! Мартаж болохгүй шүү! -За ойлголоо доо. Хайрт минь гэв. Оройхон, Гонгор өвгөн мориныхоо эмээлийг тэвэрсээр орж ирлээ. Тэрээр унд цайгаа ууж сууснаа: -Уйнаа иржээ. Хэд хоног хонинд явуулна аа. Өөрөө ч тэгэх байх. Өр төлж байгаа хүн шиг нэг явахаараа өдөр өнжилгүй хариулдаг эр байгаа юм. Буу үүрүүлээд л явуулаад байхаа. -Уунай ах аймгаас ирэнгүүтээ л орж ирдэгсэн. Оройхон л орж ирэх байх даа. -Хай чухам. Тэгдэг л байгаа даа. Гангармааг толгой дохимогц Бумантөр хадам аавдаа дөхөж суугаад: -Хэдэн тэмээ, үхрээ богтойгоо энд төвлөрүүл! гэж аав хэлүүлжээ. Би хот руу яваад сар гаруй, бараг л хоёр сар болох байх. Ирээд малаа бөөгнүүлэх үү? Одоо бөөгнүүлэх үү? Яасан нь дээр вэ? гэхэд Гонгор хүргэнийхээ үгийг сайтар сонсоод: -Таржид гуай малдаа санаа зовох

нь аргагүй ээ. Хүч хөдөлмөр гаргаж малласан хэдэн мал нь шүү дээ. Уйнаа байгаа болохоор зоволтгүй. Чи маргаашнаас өдөр өдрөөр явж, айлуудаас тууж ирж, энд бөөгнүүлж тавь. Уунай бид хоёр адгуулаад байж байя. Уунайгийнх энэ зун манайхтай хамт зусна. Ядаж чамайг очиход аавын чинь сэтгэл амарна шүү дээ. Бөөгнүүлж амжаагүй ээ гээд очвол гомдоно гэлээ. Гонгор өвгөн, гэрийн зүүн талыг эзэлсэн гурван халуун амийг өхөөрдөн хайрлаж: – Та хэд алзахгүй ээ. Миний хүү хичээл номоо сайн төгсөөд, нэг мөсөн ирээрэй. Бид хэд болгоно оо. Хүлээж л байя! гэснээ зээ гүнжээ харцаараа өхөөрдөн, уруулаа цорвойлгов. Амьдралын ид өрнөл гэдэг нь ам бүл тойрч хэлхсэн асуудлын зангилаа юм даа. Яаж тайлах нь ухааных ажээ. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *