Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “9-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “9-Р ХЭСЭГ”

36 секунд уншина
0
0
475

Хаврын урь хэдийнээ орж, хөр цас ханзарчээ. Өргөн тал борог өвсөө дэлгэж, өгөөмөр өглөгийн туйл шиг харагдаж байлаа. Хөр цасны цаанаас цухуйсан намрын борог өвсөнд мал олзуурхан цадаад,

шинэхэн хэнз ногоо, өрмөл цэнхэр яргуйг хайж гүйлдэнэ. Өвөл хаврын хахир хүйтнийг арайхийж давсан хүн малын зоо тэнийж, хүч тамираа сэлбэхээр налайж байгаа нь энэ ээ. Ирж яваа цагийн юм

бүхэн сайхан. Бумантөр, Гангармаагаа эмнэлэгт тэнхрүүлж аваад, хэд хоногийн дараа гаргаж авлаа. Улаан нялзрай охин үрээ цэмбийтэл өлгийдөөд, үлэмж эмзэгхэн цэцэг шиг хайрлан тэвэрчээ. Хадам

эхийгээ, ханьтайгаа дагуулан, тэр оройдоо харьцгаалаа. Худ ураг болж, хувь тохиолоо сүлбэсэн эгч нар нь хамтдаа хот руу явцгаав. Гангармаа эсэн мэнд амаржсан тул хэн хэнийх нь санаа амарчээ. Алаг үр

өлгийдээ үнэгчлэн байгаа тул хүн бүхэн өргөмж дээдээр энхрийлэн бодох нь зөв. Аль сайхнаар урлаж, чухам үнэнээр дүрслэн бичихийг би вээр хичээе ээ. Айсуй машины бараанаар Гонгор өвгөн гэр рүүгээ

гүйн орлоо. Овоолтол зэхсэн аргал түлшээ базлан, гал руугаа нэмж өрдөв. Гэр дотор пүнхийтэл дулаан. Гадаа урьхан салхи сэвэлзээд, усны шувуудын түрүүч нуур шандандаа бууж байлаа. Хөх цасны хөнгөн уруй жалга судгаар хоржигнон урсаж, говь газрын хавар хэдийнээ айлчлан иржээ. Ойрд онцгой дулаан өдрүүд болж байна. Мал ид төллөж байлаа. Энгэр тоссон өвөлжөөний хойморт ишиг хурга майлалдан, зүсэн бүрийн зүггүй аашаараа наадацгаана. Зарим нь дэвхэрч цовхчин, эсвэл хоорондоо мөргөлдөж, олноороо хуйлран хөөцөлдөж, унтаж, хэвтэж, удалгүй эхийгээ дуудан майлалдана. Хөөрхөн нялх амьтад янз маягийг үзүүлж өгнө. Гонгор өвгөний дотоод сэтгэл уужран, өөрийгөө жигтэйхэн урт наслах юм шиг санадаг болов.

Настай хүний хөнгөлүүн бодлоор олбог хийж, сэтгэл санаа нь түмэнтээ уужирсан билээ. Өмөлзөх сэтгэлдээ хайрлаж явдаг отгон хүүхэндээ шаналан, олон жил өмөрч явсан билээ л. Бумантөрийг ирсэн цагаас эхлэн, энэ айлын хойморт нар буусан юм. Самган, өвгөн хоёр өтлөхөөс айж, үхэхээс зугтаж, жинхэнэ жаргалтай амьдралд дурлан тэмүүлэх болжээ. Эсэн мэнд амаржаад ирсэн хүүхнээ тэврэн аваад, гэр рүүгээ хөтлөн яваа өвгөний дотор бодлыг хэн ч ухаж тайлахгүй. Самганы хувьд сая үргэлжилсэн өдрүүд зүүд мэт байв. Гангармаа гэртээ ирээд, уужиртал амьсгаа авч, ороо бараадан хэвтэж авлаа. Улаан нярай үрээ урдуураа тавиад, өлгийг нь тайллаа. Үнэгчлэн сэрснээ мөөмөө хайх бяцхан үр нь тойрон зогсож байгаа эрхэм хүмүүсийг анзаарах янзгүй. Эрхэмсэг гүнж шиг тэднийг үл тоон, хөх

толботой нуруугаа харуулаад, мөөм рүүгээ тэмтчив. Хотод бас л баяр хөөр цалгиж байв. <<Тогоо шанагатайгаа зууралдан суудаг, олон хүүхэдтэй хөх авгай>> хэмээн гоочилдог өнөөх бага хүүхэн нь говиос ирж, эцэг Таржидад их сонин дуулгав. Бумантөр охинтой болж, Гангармаа эсэн мэнд амаржсан гэдгийг дуулаад, чихэндээ итгэсэнгүй. Эрхбиш бага хүүхнээ худал зална гэж хаанаас бодохов! Өвгөн гайхаж харснаа төд удалгүй мишээж баярлаад: -Миний хүү хаврын сүүлчээр ирнэ гээд явсан юм аа. Тийм учиртай байж. Овоо доо, хөөрхийс… -Охин хүүхэд төрсөн. Гангармааг бага байхад нь би харж л байсан. Үнэхээр сайхан хүүхэн болсон юм байна лээ. Даанч … Өвгөн бага хүүхнийхээ яриаг таслан: -Сэтгэл санаа дүүрэн байхад тэр хамаагүй ээ. Одоо бүгдээрээ нэг юм бодоцгооё. Отгон дүүг чинь айл орон болгож, хана тусгаарлая! Тэгж байж би хадан гэртээ очно шүү. -За аав минь!

Юуны чинь хадан гэр! Шинэ ач охинтой болж байж дэмий юм бүү ярь. -Аав нь их муухай үйл хийсэн. Бумантөрийг Гангармаатай суулгахгүй гэж дөвчигнөөд, мал хуйгаа зарж, үлдээх юмгүй үрж, их галзуурсан. Нутагтаа очих нүүргүй хүн шүү дээ. -Битгий тийм юм бод! Тэр бүсгүй бол цайлган цагаан сэтгэлтэй, цаанаасаа бурханлиг хүн байна лээ. Тийм сайхан эмэгтэйд ямар ч муу муухай бодол оршихгүй. Бүсгүй хүн чинь дотор гадаргүй цэвэр байхыг эрмэлздэг биз дээ? Тэгж байж л анхилуун цэцэг ургана байх. Гаднаа гоёмсог дотроо өмхий цэцгийг хэн үнэрлээ аж. Тийм биз дээ аав аа. -Тийм ээ. Би сүүлд нь мэдсэн. Ээж чинь их сайн хүн байсан. Яг ээж шиг чинь охин байна лээ. Та нарын зарим нь эхийгээ дуурайж, зарим нь намайг дуурайсан тэнэг юм билээ. Чи чухам хэнийг нь дуурайсан юм бүү мэд? гэхэд бага хүүхэн өөрийгөө өмөөрч: -Би лав ээжийг дуурайсан гэжээ. Тэдний яриа

ийнхүү үргэлжилж байснаа том хүүхнийхээ тухай сэдэв хөндөж эхэлжээ. Саранжаргал Америкийн нэгдсэн улсын Хадсон голын баруун эрэгт байрладаг Уэст Пойнт дэхь цэргийн академид нөхөр хүүхдийн хамт ажиллаж амьдраад, арав гаруй жил болжээ. Нөхөр Уйлъяам Питт түүнээс гурван насаар ах яг дөч хүрч яваа эр билээ. Эхнэрээ Сара гэж дуудсаар байгаад Саранжаргал гэдэг монгол нэрийг нь бараг мартуулах шахжээ. Цэргийн бэлтгэл сургуулилтийн шугамаар анх танилцан, бие биедээ хайр сэтгэлтэй болж, гал шиг бадран ассан хорин зургаан насандаа Америкт ирж, хоёр хөөрхөн хүү төрүүлэн өсгөжээ. Ирснээсээ хойш нутаг орондоо буцаж чадалгүй байн байн утсаар ярьж, захидал бичиж заримдаа аав ээждээ бэлэг сэлт явуулснаас илүү гавьсангүй. Цэргийн хуарангийн сахилга дэг журам, ажлын ачаалал, амьдрал ахуй, үр хүүхдийн хичээл сургуулийн асуудал гэсээр зав чөлөөгүй зүтгэсээр хэдийнээ арав гаруй жилийн

нүүрийг үзжээ. Сара сүүлийн үед аав ээжийгээ ихэд санан, нутаг ус, говь талаа зураглан бодож, хүүхэд насаа дурсан суудаг болжээ. Шанднаас эх авсан говийн жижиг голын ус мяралзан урсаад, ногоон зүлгэн дээр хөл нүцгэн жаалууд гүйлдэж байгаа даа гэж бодохоор сэтгэл нь давчдаж, байж ядна. Анх харь нутагт ирсэндээ их л хөөрцөг болон баярлаж байлаа. Агаар тэнгэрт нь шүтэж амьдарсан Хадсон голын үзэсгэлэнт байгаль, сүрлэг сайхан хотууд нь ийнхүү нас ахих тусам хөндий юм шиг санагдах болов. Салхинд нь эргэлдсэн улаан шаргал навчис, шувуудын ганганаа нь сэтгэлийн уянгыг хөглөхөө больжээ. Нутгаа их санасан болохоор тэр байх. Дөрвөн жилийн өмнө ээжийгээ бурхан болоход очсон боловч оройтсон байсан юм. Анх гэрээсээ гарсан он жилүүд үүрд явсны дохио байсныг мэддэггүй

байжээ. Одоо бол энэ бүхнийг өөрчилмөөр санагдана. Аавыгаа хотод суух болсныг дуулаад баярлаж байлаа. Байн байн утсаар ярьж, амар мэндийг нь асууж байхад сайхан болжээ. Сарагийн хувьд нарны бүлээн илчинд нүдээ аниад, төрсөн нутгаа төсөөлөн бодож суухад илүү сайхан. Нар түүнийг эх орон, ээж бурхантай нь холбодог байв. Өглөөний нарыг угтан, сүү цайгаа өргөж, саравчлан зогсох ээж нь өөвгөр бор гэрийнхээ үүдэн дээр хүүхдүүдээ хүлээж байна гэж олон удаа зүүдэлжээ. Нөхөр Уйлъяам нь Сараг хоёр хүүхдээ дагуулан, төрсөн нутагтаа очиж бай гэж зөвлөх боловч, яг зав чөлөө тохирч өгөхгүй нэг л шийдэж чадахгүй байжээ. Харин энэ зун нутгаа зориод ирье гэж шийджээ. Бага хүү нь найм, том нь арван нас хүрч, хол замд дагуулан явахад төвөггүй болжээ. Тэд ч бөөн баяр болж байлаа. Гэтэл,

Сарагийн бодлыг үргээн, харилцуур жингэнэн дуугарлаа. Таржид өвгөн бага хүүхэнтэйгээ төв шууданд ирж, очер дараалал хүлээж байгаад гэрийнх нь утас руу залгасан гэжээ. -Сайн уу аав аа! Таны бие сайн уу? Би эргээд залгая аа! -Зүгээр ээ яриагаа таслалгүй ярь! Бүсгүй дүү чинь говиос ирсэн. Бид хоёр чамтай ярих юм байна. Бумантөрийг гэрлүүлэх ажил гарлаа. Цаадах чинь саяхан авгайтай болж, охин хүүхэдтэй болсон гэнэ ээ. Говьд байгаа нутгийн айлд хүргэн орсон. -Тийм үү? Ямар сайхан мэдээ вэ? Баяр хүргээрэй. Миний мэндийг дамжуулаарай. Энэ зун би очно оо. -За за гэж өвгөн бархираад, хүүхэндээ утсаа өглөө. Их бага хүүхэн эхлэл төгсгөлгүй ярьж байтал цаг дуусаад, баяртай гэхийн завдалгүй тасалчихав. Шилэн хаалгатай жижиг өрөөнөөс сугадалцан гарч ирсэн эцэг, хүүхэн хоёр үүдэнд очтол дахин дуудлага иржээ. Хүүхэн нь сандран: -Ажаа цаанаас

залгажээ. Хоёулаа хүлээхээ мэдсэнгүй гээд эцгийгээ орхин, дөрвөн тоот кабин руу гүйн орлоо. Өвгөн толин шалан дээр халтирч унахаас эмээж, бээцгэнэн явсаар сандал бараадан суув. Хүүхэн удтал яриад, гарч ирлээ. Чухал асуудлаа цэгцэлсэн Таржид өвгөн орой нь хоёр хүүгээ дуудуулан авчраад, <<хурал шуугиан>> хийлээ. -Аавынх нь бие базаахгүй байна. Цаашдаа ганцаараа амьдарч чадахгүй бололтой. Бумантөрийг гэрлүүлчихээд, замаа бодно оо гэхэд том хархүү нь -Та чинь… Ямар олон янзаар хувирах хүн бэ… гэхэд өвгөн яриаг нь таслаад: -Чи дуугүй бай. Чи бол над шиг тэнэг хүн. Төрийн өндөр албанд ажилладаг гэхэд дэндүү өнгөцхөн бодолтой хүн юм. Гүн доошоо шигдэж ухахгүй бол хөөсөөр тургисан дарга шиг болно. Жинхэнэ амьдрал толгой дээр биш хөл дор байдаг юм билээ. Түмэн олныг удирдаж суугаа юм бол дээрээс биш доороос эхлэн амьдралыг

харж сур! Сагасныг биш ядарсныг анхаарч…. Мэдэв үү! гэлээ. Том хүү үг хэлэх гэснээ болиод хойшоо суулаа. Зангиагаа суллан, цамцныхаа товчийг тайлав. Олон ааштай галзуу <<өвгөний>> хатуу үгэнд уур хүрэх шиг болов. Таржид бага хүү рүүгээ мөн хуруугаараа чичлээд. -Архи уухаа боль! Авгай хүүхдээ бодож хүн шиг амьдар. Ах чинь над шиг тэнэг ч гэсэн аминдаа арчаатай амьдарч байна. Чи нэг л унж дорой яваад байна даа. Гол буруутан нь архи шүү дээ гэлээ. Эцгийгээ ийнхүү хуурай агсам тавьж эхлэнгүүд бага хүүхэн аргадаад: -За аав аа, бүгд ойлголоо. Гол юмаа ярьцгаая! гэв. Өвгөн жаахан тайвшраад: -Аав нь та бүхнийг тойруулж суулгаад, ингэж үг хэлээгүй их олон жил болжээ. Та нар дунд сургууль төгсөөд л надаас холдоцгоосон. Гэлээ гээд ээж бид хоёр чинь өсгөж торниулсныхаа ачийг нэхэж, туньж гомдож яваагүй ээ . Харин одоо ганцхан гуйлт үлдлээ. Өөр юу ч гуйхгүй гэв.

Бага хүүхэн өмнүүр орж, үг хэлэх гэтэл Таржид зандран: -Чи дуугүй гэм!!! Эхлээд би ярья! Бумантөрийг айл орон болгоё оо. Одоо хүүхэд нь гарчихлаа. Нутагтаа үлдэж амьдарна гэсэн. Бид хоёр Саранжаргалтай ярьж тохирлоо . Цаадах чинь энэ зун ирнэ гэнэ ээ. Гонгор сайн хүн байгаа юм. Элдэв юманд цааргалаад байхааргүй амьдралд наалдацтай хүн бий. Тэгэхээр үг хэлээ ололцож болох байх. Одоо та нар хоорондоо холбоотой байж, намайг дэмжин тусалж, санаа бодлоо нэгтгэн зүтгэж, бурханд явсан ээжийнхээ хүслийг биелүүлж өг. Ээж чинь Бумантөрдөө санаа зовж байсан юм. Цаад эхнэр, нөхөртэй ойлгуулж хэл! гэлээ. <<Хурал>> тарсны дараа сайхан хоол хийж идээд амарцгаалаа. Бага хүүхэн нь аавынхаа хувцас хунарыг угааж, тавилга хогшлын тоос шороог арчиж зүлгэв. Тэрээр: -Би буцах замдаа Гонгор гуайнхаар дайраад явна аа. Нялх хүүхдэд хувцас хунар авч очно! гэхэд өвгөн өндийж ирээд: -Чи тэгвэл миний өгүүлснийг бас хүргэж аль. Би

маргааш энүүхнээр ороод жаал жуул юм авч бэлдье. Ингэхэд Бумантөрийг танайд тавьсан хонь ямаа, айл хунар үлдээсэн ганц нэг малаа төвлөрүүлж өөртөө ав гэж хэл! би цаасан дээр тэмдэглэсэн байгаагаа хуулаад өгч явуулна гэхэд хүүхэн нь: -Хонь малаа авцгаавал сайн шүү. Манай мал ихдээд байна гэлээ. -Хэдэн адуу сул асгарсан шагай шиг яваа. Найман тэмээ л үлдсэн шүү дээ. Багийн даргынд таван үнээ, гурван бяруу үлдээсэн. Өнөөх орсгой шар самган нь өглөө оройгүй үлгэж саагаад, дэлэнгээс нь зүүгдэж байгаа байх. -За наад яриад байгаагаа цаасанд биччих! Би Бумантөрд аваачиж өгье! гээд муу ус асгахаар гадагшаа гарав. Өвгөн хүүхнээ орж ирэнгүүт: -Танайд орхисон мал бүрэн үү? гэж асуулаа. Хүүхэн мушилзан: -Хүүе бид хоёр хүний мал идэхгүй. Хурдан л авч үз! Зуун эм хонь, тавин эм ямаа бүгд төллөсөн дөг. -За за. Аавын хүүхэн ганц дүүгээ байнга эргэж тойрч яваарай. Нөхөртөө энэ талаар бас хэлж ойлгуул. Цаад нэг хар юм чинь

зожиг гэж хачин хүн шүү. -Харин тийм ээ. Манай хүн чинь малын араас л төрсөн хүн шүү дээ. Бумантөрд бол сайн л даа. Таржид өвгөн бага хүүхнээрээ гэр орноо цэвэрлүүлж, хувцас хунар, даавуу дэвсгэрээ угаалгуулж, нэлээн сайн зарж авлаа. Явахын урд өдөр нь өвгөн жаахан гуниглангуй аястай ийнхүү ярив. <<…Суух ч байсан үгүй ч байсан хамаагүй дээ. Хүний хүүхдэд хатуу үг хэлмээргүй юм. Суугаад амьдарсан ч эсвэл салж сарнисан ч хамаатай юу? Хүний хүүхдэд л элдэв зан гаргамааргүй юм билээ шүү. Би Гонгорын хүүхэнд хатуу үг хэлж, тавьтаргүй хандсан. Ач минь тэр үед гэдсэндээ байжээ. Хүн их бодууштай юм байна. Хүүгийн минь хань болно гэж бодох байтугай огт тоогоогүй сэн. Би их давилуун ааштай хүн байжээ. Хүүхдүүдээ ч мөн тэгж өсгөсөн байх. Ер нь хүн бусдын өмнө харц доогуур явж сурмаар юм. Гэтэл одооны хүмүүсийг хар! Өнгө хөөсөн сэхүүн хүн толгой өргөөд яваад байна сүүлдээ үнэ хүндгүй шалдаа бууж, навс

унасан явах жишээний. Бардамнал заавал урвагарт хүргэдэг>> Хүүхэн аавынхаа яриаг сайн ойлгосонгүй. Хэсэг сууснаа: -Юу гэсэн үг вэ аав аа? Хөдөөний бид элдвийг тунгаах манатай. Зав зай ч байхгүй. Та чинь хотод ирээд, их юм үзэж байгаа юм байна даа. <<Аав нь таван хүүхдээ хүний дайтай яваасай гэсэндээ л хэлж байгаа юм. Өөртөө итгэлтэй байж бусдад номхон яваарай л гэж сургаж байгаа хэрэг. Харин манай Бумантөр ухаантай хүүхэд. Ээжийгээ дөчин тавтайд гарсан. Алзахгүй биз ээ?>> Ингээд өвгөн хүүхнээ явуулаад, ганцаараа хоцорчээ. Орчлонгийн элдэв зүйл бодогдоод, сэтгэл санаа нь нэг л тогтож өгөхгүй байлаа. Оройд хөл нь даарч хононо. Өглөөд нүд ам нь бэлцийнэ. Ихэнхдээ ганцаараа өнжинө. Ганц халтар нохой л насны бөгсөнд хань болж байлаа. Хүүхдүүд ирлээ гээд өнжих завгүй. Сууж байгаад даруйхан одоцгооно. Их хотын хөл хөдөлгөөн, машин тэрэгний дуу үүрийн бүрийгээс үдшийн харуй болтол тасралтүй

түжигнэж, заримдаа чих дөжрөн халгамаар. Бүдэг саарал манан агаарыг өтгөрүүлж, барилга байшингийн бараа алсад бүрэлзэнэ. Холхиж яарсан залуу хүмүүсийн сэтгэлд өөдрөг амьдралын гал үргэлж дүрэлзээстэй. Харин, Таржидын хувьд элсэн манхныхаа хормойд очоод, хэнтэй ч уулзалгүй нам унтаад өгмөөр санагддаг болжээ. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *