
Өглөө эрт гэрийн хаалга сэвхийтэл онгойж, ээж нь нөмгөн дээлийнхээ оноо хормойноос татаж хумьсхийгээд гарлаа. Хүйтэн салхи үүдээр сэнгэнэн оров. Гадаа дөрвөн хуруу цас нэмж орсон нь хаалганы
завсраар мөлт харагдаад өнгөрөв. Ээж өрхөө даялангаа гэрийн хаяагаар тойрон, шурхийтал чангалан татаад, гэр дүүрэн гэгээ асгаруулав. Бумантөр, Гангармаад наалдан, нам унтаж байлаа.
Гангармаа хайрт хүнийхээ гараас атган, духан дээр нь үнэрлэчихээд өндийлөө. Ойрд бие хүндрээд, жаахан базаахгүй байв. Хөл гар үл ялиг хавагнаж, нүд бэлцийж хоноод байлаа. Ээж нь орж ирээд: -Миний
охин хэвтэж бай. Ээж нь галаа түлээд орхиё. Гадаа хүйтэн байна. Цас нэмж оржээ гэлээ. Бумантөр гэнэт сэрээд, Гангармааг хэвтүүлээд, хөнжлөөрөө хучиж өглөө. Тэрээр: -Бие засмаар байна уу? Гэр
дулаацтал жаахан хүлээвэл сайн. Даарч болохгүй шүү гэлээ. Гангармаа гараас нь атган: -Зүгээр ээ. Хэвтэж байгаад босъё доо гэлээ. Бумантөр, Гангармаа хоёр өөд өөдөөсөө ширтээд, бие биеэ рүүгээ

харцаа тулган хэсэг хэвтлээ. Тормогор алаг нүд нь эргэлдээд, дур булаам хөөрхөн харагдана. Өтгөн хар үс нь дэр бүрхэн садраад, орны урдуур нэлмийн унажээ. Гангармаа тасралтгүй ширтэж байснаа инээд алдан, бууж өгөв. Хацрын хонхорхой нь эгдүү хүрмээр хөөрхөн. Бумантөр тэсэлгүй уруулыг шимэн үнслээ. Аав нь босоод удаагүй байтал Бүлтгэр Уунай дэвхцсээр орж ирэв. -Гадаа хүйтрэх нь ээ. Цагаан сараас өмнө хэсэг хүйтэрдэг шүү дээ. Би өнөөдөр аймаг яваад, маргааш орой ирнэ ээ. Чухал ажил гарчихлаа гэлээ. Гонгор өвгөн галын илч бараадангаа сэгсүүргэн дээлээ нөмрөөд, урагшаа суулаа. Удалгүй гэр дотор халуу дүүгж, аргал хөрзөнгийн үнэр, ээжийн чанасан ааг цайны ууртай хослон ханхийлээ. Гангармаа босоод,
хувцаслаж эхлэв. Бүлтгэр Уунай, бүсгүй рүү хулгай нүдээр зэрвэсхэн харснаа, хананы толгой руу харцаа төөрүүлээд, тэс өөр юм ярьж эхлэв. – Манай хоёр хүүхэд амрах дөхсөн байгаа. Амралтаараа ирэхээр нь хонь хариулуулъя! гэснээ самганы барьсан цайг ухасхийн аваад, цалгиулан шахам оочиллоо. Хэсэг сууснаа: -Харцага аа. Би аймаг ороод, нөгөө ярьсан юмныхаа материалыг олоод, нэг хүнтэй уулзаад ирье! гэлээ. Бумантөр дэр давхарлан урагшаа хэвтээд: -Тэг ээ ах! Би өнөө маргаашдаа хонинд явна гэлээ. Гонгор хажуунаас: -Миний хүү хэвт! гэлээ. Уунай цайгаа хам хум уучхаад, мөн л дэвхцэн пижигнүүлээд гарч одов. Гонгор өвгөн тооно өөдөө ширтэн: -Аав нь хонинд явна аа. Хүүхдүүд минь эсэн мэнд амаржихаа бод! Бумантөр
одоо хонинд явж болохгүй. Гангармаад асаргаа хэрэгтэй гэлээ. Маргааш ирнэ гэсэн Уунай дөрөв хоногтоо алга. Гэтэл нэг өглөө замын машинд дайгдан, сүр дуутай хүн ирэв ээ. Тааран шуудайтай юм буулган, гэртээ авч орлоо. Машин хөдлөхийн хамаар ухасхийн зогтусаад, араас нь даллан гүйв. Суудлын хажууд тортой юмаа орхисноо гэнэт санасан аж. Ингээд удалгүй Гонгор өвгөнийх рүү гүйж оров. Бумантөр үхрээ бэлчээгээд, саяхан гэртээ иржээ. Уунай аймаг суурингийн сонин содонг дуулган хэсэг суув. – Өнөө маргаашгүй цагаан сар болох гэж байгаа юм шиг сүржин гэдэг нь. Цагаан сар болох арай болоогүй биз дээ? – Хэн? Хэн тэгтлээ яарна билээ? – Аймгийн төвийнхөн шүү дээ. Арав хоног дутуу байхад зах зээлээр ид язганаж байна. Малчин түмний баяр болохоос биш суурингийнхан
хөөрцөглөж юугаа хийнэ. “Сүрэг мэнд тарган тавтай оров уу?” гэж ирээд, “Даага далантай бяруу, булчинтай мэнд сайн оров уу?” ч гэх шиг. Малын араас огт дагаж яваагүй мөртлөө мэнд асуулга нь арай марзан уу? гэж авч байна. Бумантөр хэг хэг хөхрөөд, элгээ хөштөл инээв. Гонгор бас инээж сууснаа: – Тэгж ярьж болохгүй ээ. Уунай минь! Монгол түмний баяр шүү дээ. Хотол олноороо өвлийг сайхан давж, хавартайгаа учран золгосны баяр шүү дээ. Манайх, маргаашнаас гавсайгаа хайрна. Удахгүй бууз баншаа хийнэ дээ. Уунай төмөр хайрцгаа тоншин, тамхи асаах гэснээ болиод, Бумантөр рүү толгой дохичхоод гарч одлоо. Бумантөр, унд цайгаа уучихаад, Уунайгийнд орлоо. Нөхөр толгой дохиод гарсныг бодвол ямар нэг юм сэджээ дээ. Гэртээ хүлээж суусан Уунай, ухасхийн босоод, үүдэнд орхисон тааран шуудайтайг уудлан, хоёр ширхэг бондгор тайрдас гаргалаа. Сайн
харвал, хуурай нарс мод бололтой. Ингээд Гангармаагийн хөлнөөс хэмжээ аваад, урлаж гарлаа даа. Шилбийг хос саваа модоор хийв. Хөл тавхайн хэсгийг яг дуурайлган дүрсжүүлж сийллээ. Шагайн хэсгээр нь холбож, уян хөдөлгөөнтэй пүрш суулгаж өгөв. Нарс мод бөх бат хэрнээ хөнгөн, яг гелин материал шиг эвтэйхэн боллоо. Шилбэний дээд хэсэгт зөөлөн даавуугаар хөвөнтэй углаа хийлээ. Аль болох хөдөлгөөнд саадгүй, холгож нухахгүйгээр бодож, арга ухаанаа сүвэгчлэв. Хөлний мухар хэсэгт зузаан оймс өмсүүлээд, хиймэл хөлөө углаж үзлээ. Дээд хэсгийг зөөлөн чангалаад бэхэлж өгөв. Гадуур нь жийрэг ороогоод, гутлыг нь өмсүүллээ. Гангармаа босож зогсоод, бүгдэд харуулав. Үнэхээр гоё зохижээ. Хэн ч харвал анзаархааргүй дэгжин болсон байлаа. Эхлээд босож сууж сурах хэрэгтэй. Цаашдаа бага багаар алхаж сурна. Гол нь залгаа хэсэгт үрэлт, холголт өгч
болохгүй гэдгийг урлагчид мэдэж байлаа. Хүн бүр Гангармаад баяр хүргэж, зарим нь нулимс унагав. Хэдийгээр гараар дархалж хийсэн ч гэсэн гутлын цаанаас тэгшхэн хөлтэй сайхан бүсгүй харагдлаа. Нэг талаараа итгэл найдвар төрүүлсэн гайхалтай ажил боллоо. Гурван өдөр урласан дархны ажил дуусаад, цагаан сарын бэлтгэл эхлэв. Уунай нэг өглөө орж ирснээ “Гонгор ах минь! Би тав хоног дараалан хонь хариулаад, битүүний урд өдөр аймаг руу явна. Ээжийнд шинэлээд, шинийн таванд хүрээд ирье” гэв. Гонгор толгой дохингоо: -Тэгж үз хүү минь! Ээж чинь ная гарсан хүн шүү дээ. Очиж шинэлсэн нь дээр гэлээ. Уунай тав хоног дараалан, хонь хариулах үеэр нэгэн жигтэй явдал тохиов. Нэг өглөө Уунай бярдаанаа үүрэн, богино шилбүүр бүсэндээ хавчуулж аваад, хонь руугаа гэлдэрчээ. Гангармаа инээмсэглэн: -Уунай өдөр бүр шахам буу үүрч явах юм. Юу агнадаг хүн бэ? гэхэд Гонгор өвгөн: – Чухам аа чухам. Ангийн хорхойтой хүнд юу эс таарах билээ? “Эртийд гурван хойлог шувуу агнасан сураг дуулдсан
шүү. Надад нуугаад хэлэхгүй байгаа юм. Хориотой ан учраас эмээсэн биз!” гэхэд самган “Ээ бурхан минь. Энэ догшин хайрханд ан хийж болохгүй байх шүү!” гээд залбирав. Бумантөр, хадам аавтайгаа түлээ түлш дөхүүлэхээр болж, заган төгөл руу үхэр тэрэг хөллөн явцгаалаа. Самган тогоонд хайлуулсан цасны усанд хуруугаа дүрэн үзсэнээ гуулин шанагаар утган, хувиндаа уудлаад, наранд ээвэрлэж зогсох хэдэн борлонгоо услав. Уунайгийн эхнэр хормойгоо дарвалзуулан тэднийхийг чиглэн ирлээ. Уунайгийн эхнэр Долзмаа хэмээх эршүүд шулуун зантай, гол бүдүүн үгтэй, ажилд шалмаг тарган бор хүүхэн бий. Дээлээ нөмгөлөн өдөрт гурваас дөрвөн удаа заавал орж ирнэ. Самган цай хийж, тавагтайгаа дөхүүлээд: -Долзмаа минь, битүүний урд өдөр гэлтгүй эртхэн очиж, ээждээ туславал зүгээр дээ гэхэд: – Болоогүй ээ. Сар шинэ дөхүүлээд л явна. Бид хоёр шинийн таван гээд ирэх байх. Ээж дээр очиж шинэлэх хэрэгтэй байх аа? гээд цайгаа оочлон суув. -Тэгэлгүй яахав, Долзмаа минь… Өндөр настай эхийгээ
одоо л асарч тойлох ёстой. Оройтно шүү дээ. Манай хэдэн хүүхэд даанч холдоод байх юм даа. Хүн хүний л амьдралын эрх юм даа гэлээ. Гэтэл гадаа борлон ишиг муухай чарлан орилов. Айж цочсон хүмүүс ухасхийн гарцгаалаа. Долзмаа гэрийн хаяанд орхисон богино иштэй хүрзийг гартаа атган, өвөлжөөний наад руу гэтэж, хашаан дээгүүр өндийн харлаа. Шар цоохор зүсмийн, өтгөн үстэй, хэвлий нь цагаавтар саарал, хар цагирган толботой, урт сүүлтэй , хурц догшин нүдтэй амьтан саравчин дор орчихсон нэг хар борлонг дараад хэвтэж байлаа. Айж зочсон Долзмаа гэнэт зогтусан харснаа хэсэг алмайран, хөдөлгөөнгүй болов. Самган гэрийн гаднаас хөдлөлгүй ажиглаж байлаа. Гэнэт зориг орсон Долзмаа хүрзээ савчуулан, хашааны шургааг нүдэн, сүрийг үзүүлэн бархирав. Тэр амьтан тоосон шинжгүйгээр үл барам огт хөдөлсөнгүй. Самган учрыг сая ойлгон
“Долзмаа минь, хүрээд ир! Эр хүмүүс нь ийш тийшээ явсан энэ айлуудыг бид яалтай билээ? Ороод хүлээж байя!” гэхэд Долзмаа үг дуугүй зөрүүдлэн, гэр лүүгээ шийдмэг алхав. Тэрээр гэртээ орж нөхрийнхөө калибрийг мөрлөн гарч ирснээ хад руу чиглүүлэн, хоёр удаа хий буудлаа. Гангармаа, самган хоёр уулс нүргэлэх дуунаар цочиж, гэр лүүгээ сандран орцгоов. Урт сүүлтэй цоохор амьтан буун дуунаас айж, хашаа даван, хад асга дамжин дүүлсээр алга боллоо. Өвөлжөөндөө орж харвал тамир муутай хар борлонг нь хэдийнээ чирээд арилсан байлаа. Бусад нь хашааны ёроол руу шигдэн, чичрэн зогсоцгоож байв. Гангармаа гэртээ үлдээд, самган гайхшаа баран гарч ирэхэд, Долзмаа буугаа араг түшүүлэн тавиад: – Ирвэс байна шүү дээ. Энэ нутагт ирвэс үзэгддэг юм уу? Алтайн ууланд л байдаг амьтан гээ биз дээ? гэж асуухад самган: – Ээ бурхан минь бүү мэд! Чоно нохой ширүүн байгаа энэ үед чинь янз бүрийн араатан ингээд явж байдаг
болж дээ…. Чи чинь анчин хүний эхнэр гэхээрээ буудаж байгаа нь мөн сүртэй юм аа гээд гайхан харлаа. Долзмаа маг маг инээгээд: – Манайх алс хол нутагт ганц гэрээр өвөлждөг байлаа. Өвгөн маань хоёр буутай шүү дээ. Би чинь хааяа тарвага бууддаг. Хотонд орж ирсэн чоныг унагаж явсан… гээд эг маггүй хөхрөв. Самган амандаа залбираад, юу ч хэлэлгүй гэртээ орлоо. Ээж нь, Гангармаагийн гарыг атгаж үзээд: -Миний охин айчхаагүй биз? Одоо зүгээр ээ. Удахгүй аав, Бумантөр хоёр нь ирэх байх гэв. -Айгаагүй ээж ээ! Ямар ч юманд сэтгэлийн хаттай бай гэж Бумантөр надад захисан гэлээ. Хонинд явсан Уунайгаас өмнөхөн түлээчид ирлээ. Бумантөр түлээ түлшээ буулгаад, тэрэгний шараа тавилаа. Үдшээр, гайхал Уунай эхнэрээ дагуулсаар орж ирэв. Өдрийн эргэсэн цоохор амьтны талаарх Гонгор өвгөний үгийг дуулахаар завдаж буй бололтой. Уунай эхнэрээ үүд рүү түлхэн,
өөрөө дээшээ ахиж суугаад: -Чоно нохой галзуурч байна аа! гэлээ. Гонгор өвгөн бодож сууснаа: -Ирвэс гэж Долзмаа хэлсэн гээгүй бил үү? Юу билээ? гэхэд Уунай: -Энэ бид хоёр тэмээ ямаагаа л ялгана. Ан амьтны талаар мэдэх юмгүй хүн шүү дээ гэлээ. Долзмаа өөрийгөө өмөөрөн: -Чоно ирвэс хоёрыг ялгахгүй хэн байдаг юм! Урт сүүлтэй шар цоохор амьтан байсан шүү дээ! гэхэд Гонгор үгийг дэмжин: -Лазан хэнэггүй амьтан байсныг бодоход ирвэс бололтой. Чоно бол буугаа мөрлөж иртэл хүлээж хэвтэхгүй л дээ. Ирвэс л байх гэлээ. Долзмаа өвгөний дэмжлэгт урамшин: – Буудаагүй бол явахгүйгээр байна лээ гэлээ. Удалгүй цагаан сарын битүүний урд өдөр болж, Уунай эхнэртэйгээ аймаг руу явж одлоо. Айл хотлоороо сар шинээ сайхан угтаж, хаврын тэргүүн сартайгаа золгоцгоолоо. Гангармаа сэтгэл санааны дэм хүчээр бие тэнхээ лагшин тунгалаг байсаар гурван сарын дундыг үзэв. Болгоомжилж хаширласан Бумантөр аймгаас унаа дуудууллаа. Ингээд, Гонгор өвгөн ганцаараа, Уунайгийнхтай үлдлээ.
Айл гэрийн хаяа хань байгаа болохоор санаа зовох юмгүй. Самган дээл хувцсаа базаагаад, хүүхнийхээ хажууд суулаа. Бумантөр баруун талд нь түшиж явсаар аймагт иржээ. Ирсэн өдрөө эмнэлэгт хэвтээд, хоёр хоноод нярайлжээ. Хашир <<Харцага>> энэ удаад бас тун зөв алхам хийжээ. Гангармааг төрүүлэхээр нэгдсэн эмнэлэгийн эмч нар анхааралдаа авч, хүч нэмэгдүүлэн ажиллажээ. Бумантөр, самган хоёр хэсэг хүмүүсийн хамтаар үүдэнд сууж байтал шилэн хаалганы цаанаас цагаан халаадтай сувилагч бүсгүй гарч ирлээ. Ийш тийшээ харснаа Бумантөрийг дуудаад: -Эхнэр чинь төрөх гэж байна. Та дэргэд нь байх хэрэгтэй. Үүдэнд гутлаа тайлж, халаад нөмрөөд, малгай өмсөн ор! гэлээ. Айж балмагдсан Бумантөр салганан явсаар төрөх тасгийн хаалгаар орлоо. Их эмч, Бумантөрийг харснаа “Хүүхдээ төрөхөд аавуудыг дэргэд нь байлгах нь зүйтэй гэж үздэг. Арга хэмжээний дагуу таныг дуудлаа. Эхнэртээ сэтгэлийн дэм өгөөд, дэргэд нь зогсож бай!“ гэлээ. Бумантөр, Гангармаагийн өвдөж шаналж байгааг хараад, муужрах шахав. Үхэл амьдралын зааг дээр шүд зуун тарчилж, хамаг
хар хөлс нь садран асгараад, үгээр хэлэхийн аргагүй хэцүү харагдав. Бумантөр зүүн гарыг нь атгаад, духан дээр нь уруулаа хүргэн, тонгойсоор байлаа. Орилох дуу чихэнд хадаж, зүрх амаар гарах шахав. Эмч нар тойрон гүйлдээд, зөвлөгөө өгч, тайвшруулж зоригжуулж байлаа. Нэг цаг гаран тарчлав. Бөх хүн давахын тулд хүлээцтэй байж чаддаг. Тэрнийхээ хүчээр эцсийн тэвчээр гаргаж, золтой л унасангүй. Төрнө гэдэг юутай ч зүйрлэмгүй бэрх даваа байлаа. Гангармаагаа өрөвдөж, улам их хайр хүрэв. Цаг хугацаа зогссон мэт… Зовж зүдэрч туйлдаад, хамаг тамираа урж тасчиж хаясны сүүлд арайхийж, хүүхдийн толгой цухуйв. Хүүхэд нүүрээ доош нь, ар дагзаа дээш нь харуулж төрдгийг мэдэхгүй тул цочин гайхав. Хав хар толгой бултас гэхэд цочсон билээ. Гангармааг эцсийн тамираа шавхаад, охиноо төрүүлж чадлаа. Эмч нар бөөн баяр. Гурав аравны таван кг жинтэй охинтой боллоо гэцгээв. Хүүхдийн цовоо дуу цангинан хадааж, сэтгэл зүрхнээ дэлгэрэх аз жаргалыг мэдрүүлжээ. Гангармаа хамаг хүчээ шавхаад, сульдан унажээ. Самган эх хөлгүй баярлаад, цай шөл дөхүүлэн, өлгий даавуу орууллаа. Бумантөр, Гангармааг тэнхэртэл

дэргэд нь байгаад гарсан юм. Говийн Цээлээс бага эгч нь яаран сандран хүрэлцэн иржээ. Том ажаа ч мөн хотоос амжин ирсэн байлаа. Үүдэнд цугласан хүмүүс Бумантөрд баяр хүргэн, тойрон бүчээд, тэврэн авцгаав. Үхэх, төрөхөөс өөр жинхэнэ үнэн гэж хорвоод үгүй. Үхэх төрөх гэдэг нь алтан амь холбосон тэгш тэнхлэг ажээ. Эхээс төрөөгүй хэн ч байхгүй. Юу үнэн. Энэ үнэн. (Үргэлжлэл бий)