Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “7-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “7-Р ХЭСЭГ”

24 секунд уншина
0
0
552

Өвлийн уудам тал нэлмийсэн цасныхаа сүр хүчинд автаад, шивээ хялганы толгой жаварт цанатаад бөхийжээ. Заг хайлаасны төгөл алсаас бараантаад, нуур шандны зах хөлдөж, харзтай хэсгээрээ

хотойж буусан харагдана. Цас мөсний жим малын туруугаар бутарч, элс шорооны өнгийг тарлантуулан барлажээ. Будар будар цасан өглөө бүр хялмаалж, хонь малын захаас уур савсан налайхад, малчин

хүмүүний сэтгэл дотроосоо дулаацан суух ажээ. Борондой явчихсан билээ. Хангайн амьтан гэхээрээ өсгөлүүн том биетэй, цовоо соргог төрхтэй энэ ишиг Гангармаагийн гараас сүү нэхэж уусаар сайхан өсөж

торнисон юм. Хотны ямаанууд түүнд их ширүүн байх бөгөөд байн байн мөргүүлсээр халгаж хаширсан байлаа. Борондой хонь захалж ганцаараа явах нь өрөвдмөөр. Намар орой өвөлжөөндөө буухад

шүдлэн ямааны дайтай том биетэй болж, хотноос зайдуу шовгор хадны орой дээр хэвтэж, заримдаа үүрээр эрт ганцаараа идээшилдэг байлаа. Нэг удаа хүзүүгээр нь оосорлон, хашааны шургаагнаас

уячхаад хонов. Өглөө ямаанд мөргүүлсний балгаар өрөөсөн эврээ мултлаад, дээсээ чирээд, явж оджээ. Тэр цагаас хойш Борондой хотондоо эргэж ирээгүй юм. Анхны цас орж байх үед уулын оройд нэлээн дээхнэ Борондойн мөр дурайж, хүзүүндээ чирсэн оосор нь зураас татуулан явсан байлаа. Гонгор өвгөний сэтгэл нь эмзэглэн “Хотноосоо холдож чадаагүй яваа юм байна даа хөөрхий! Ядаж хүзүүнийх нь оосрыг суллачих юм сан” гэж бодоод, хэд хонолоо. Өглөөнөөс хойш нэлээн цас орж, уулын оройд түүний мөр дахин үзэгдэв. Гонгор мөрийг нь дагаж явтал үхэр хадны ёроолд Борондой зогсож байх нь тэр. “Зуу, зуу” гэсээр аяархан ойртож очтол өвгөнийг таниад, дөхөж ирэв. Хоёр чихээ соотгонуулан, ийш тийш харснаа дээлийн ханцуйг үнэрлэж эхлэнгүүт ухасхийн хүзүүдэж аваад, уяаг нь

тайлж тавилаа. Борондой нүдээ гялалзуулан, чихээ соотойлгон тр.. трр.. тургилаад, хад асга дамжин одлоо. Тэр чигээрээ одсон билээ. Борондойдоо санаа зовсон Гангармаа өдөр бүр гэрээс гарч, уул руу ширтдэг байлаа. Бараа сураг алга. Шинэ жилийн баяраас хойш Гангармаа өдөр тоолж эхлэв. “Бумантөрийн хичээлийн амралт хэзээ эхлэх бол? Хэрхэн яаж ирэх бол? Хүүхдээ төрөх болсныг хараад ямар их баярлах бол?” гэж хэн нэгнээс дахин дахин асууна. Гэдсэнд томорсон ураг эхийнхээ догдлолыг ойлгоод, үе үе хөдлөн, хавирга руу дуу алдтал хүчтэй тийрэх ажээ. Хүсэн хүлээсэн өдөр ойртсоор л байлаа. * Бумантөр захидал хүлээн авсан өдрөө Гангармааг хариуцсан эмч дээр очиж, жирэмсний талаарх зөвлөгөө авчээ. Эмч, нүдний шилнийхээ дээгүүр шагайн харснаа бичиж байснаа орхиод: – Гангармаа төрөхөд ямар ч хүндрэл үүсэхгүй. Жирэмсэн байх

хугацаандаа нэг байрлалаар хэт удаан суух, хэвтэх, назгайрах зэргээс болж, хавагнах, хүүхдийн жин нэмэгдэх зэрэг асуудал үүсдэг. Тиймээс тодорхой хэмжээний хөдөлгөөнтэй байх нь чухал шүү. Төрөх дөхүүлээд, аймгийн төв рүү ойртож, бэлтгэл ажлаа сайн хангах хэрэгтэй. Сэтгэл санааны асуудал өөдрөг байхад төрөх ээж алзахгүй ээ гэлээ. – Баярлалаа. Эмчээ. Баяртай. – За баярлалаа. Шинэ хүүхэдтэй болоод, гэр бүлээрээ ирж уулзаарай! гээд гар барин хоцорчээ. Бумантөр, Нарантуул захаар орж, Том ажаатай уулзав. Өвлийн тэсгим хүйтнээр гадаа бээвийгээд, наймаа хийж зогсох хижээл насны эмэгтэйг хараад, өөрийн эрхгүй өрөвдөж билээ. Нүднийх нь сормуус цанатаад, зузаан памбагар ороолт нь дэрийсэн харагдана. Тэрээр бээлийгээ тайлаад, хэтэвчээ уудлан, мөнгөн дэвсгэрт гаргаж ирээд, Бумантөр рүү сарвайв. Гар хөл нь даарч, мөнгө тоолоход ч бэрх байлаа. – Миний дүү Гангармаад үүнийг өгөөрэй. Төрөх үедээ хэрэглэг.

Энэ хайрцагтай зүйлийг чамд дайж явуулна аа. Аймгийн төвд орж ирээд, эгчтэйгээ утсаар яриарай гээд хоцорлоо. Бумантөр гэртээ ирээд, учир байдлаа аавдаа хэллээ. Аав нь хүүгээ дэмжин сүйд болов. Тэр ч бүү хэл “Сургууль соёлоо хая! Амьдралаа бод!” гэж зөвлөв. Бумантөр инээд алдан: -Аав минь дээ! Гурав дөрвөн жил явчихаад, сургуулиа хаяна гэж юу байх билээ дээ? Энэ чинь бас л амьдралын нэг хэсэг шүү дээ. Хүсвэл аймаг сумд очоод, биеийн тамирын багш хийчихнэ. Энэ яах вэ? Болно. Харин та биеэ бодоод, сайн сууж байгаарай гэсэн билээ. Ингээд Бумантөр хөдөө нутаг руугаа зорилоо. Аймагт ирсэн хойноо Бумантөр унаа тэргээр бэлхнээ үйлчлүүлж, Гонгор өвгөнийд хүргүүллээ. Эрхбиш аймгийн харцага хүн гэхээрээ бишгүй их танилтай болж, гар барих, бөхөлзөх, мэндлэх хүмүүсийн тоо олширчээ. Унаа тэрэг ч төвөггүй олдов. Үүдээр ханхайн орж ирэх

Бумантөрийг хараад, Гангармаа босож ирлээ. Бумантөр яаран очиж хайртыгаа тэврэн авав. Гангармаагийн үзэсгэлэнтэй хөөрхөн царай нь улам шингэрээд, нялх зөөлөн үнэр хайр асгаруулан тосов. Гэдэс нь цүдийгээд нэлээн томорчээ. Зүүн орон дээрээ очиж сандайлан суугаад гэдсээ гаргав. Бумантөр хүйсний дээр зөөлөн үнсээд, орны өмнө бохирон суув. Хүүхэд зөнгөөрөө мэдрээд, хөдөлж эхэллээ. Дотор талаасаа төмбөлзүүлэн, гэдсэн дээр овгор товгор үүсгэх нь үе үе тонгочиж байгаа нь тэр бололтой. Гонгор гуайн сэгсгэр самган тэсгэлгүй нулимсаа арчаад, эрэгнэг рүүгээ эргэв. Хүргэж ирсэн жолооч байдлыг хараад, тулгамдаж зогссоноо газарт тухлан суулаа. Бумантөр үүрч ирсэн цүнхээ мөрнөөсөө мултлаад, орны хажууд тавив. Тэрээр: -Та бүхэн минь тавтай сайхан өвөлжиж байна уу? Энэ жил цас ихтэй яасан сайхан өвөл болж байгаа юм бэ? гэхэд самган: -Чухам аа чухам. Говьд бараан өвөл хэрэггүй. Цас их сайхан. Жаахан хүйтэрч байгаа

боловч сэтгэлд их дулаахан өвөл болж байгаа. Бид хэд сайн. Өвгөн маань хониндоо явсан гэлээ. Самган цай чанан, хоол хийж, харчуулыг дайлж цайллаа. Хүргэж ирсэн жолооч гурван сарын сүүлээр ирж, тэднийг аймгийн төв хүргэхээр тохироод буцжээ. Гангармаа, Бумантөрийн гарыг дэрлэн, ор налан, сууж авав. Дэргэдээс нь хором ч холдохыг хүссэнгүй. Бумантөр, Гангармаагийн нэлмэгэр цамцыг байн байн сөхөж, гэдсийг нь үнсэж, чихээ тавин чагнаж, парвигар гараараа илж ч үзнэ. Эгдүү, өхөөрдөл хоёр нь сэтгэлийг нь гижигдээд байлаа. Тэрээр: -Би таван сарын дундуур буцна. Гялс очоод, шалгалтуудаа өгөөд сургуулиа төгсчихнө. Аймгийн харцага болсны ачаар багш нараасаа итгэл олж авсан юм. Багш нар маань намайг дэмжиж ойлгоод, хаврын турш хичээлээс чөлөөлж өглөө. Харин даалгаваруудаа сайн хийнэ дээ гэхэд Гангармаа баярлан: -Хүүхдээ төртөл хамт байх нь ээ , тиймээ? Ямар гоё вэ? гэлээ. -Тэгэлгүй яах вэ?

Ингэхэд, зөвлөх эмчтэй би уулзсан. Чамайг ажрахгүй төрнө. Айх тэвдэх хэрэггүй гэсэн шүү. Хоёулаа хамтдаа байж, анхны үрээ тосон авна гээд духан дээр нь үнэсэв. Гангармаа: -Чи намайг төрөх болсныг яаж мэдсэн бэ? Эгч хэлсэн юм уу? гэлээ. Бумантөр хөгжилтэйгээр : -Чиний захианаас анзаарсан. Их л бодсон. Янз бүрээр тааварлаж үзсэн. Таавар маань зөв байжээ гэлээ. Гангармаа инээд цалгиулан хөхрөөд: -Тэгвэл чи сайн таажээ. Би цухалзуулж бичсэн гэлээ. Бумантөр, хадам өвгөнийхөө нурууг амраахаар долоо хоног хонь хариулав. Адуу малд явж, өвөлжөө бууц янзалж, суух завгүй ажиллаа. Угийн ажилсаг хөнгөн залуу эрд хөдөлж л байвал жаргал тэр ажээ. Жижиг шуудайтай багсармал тэжээлийг үхэр тэрэгний ялуунаас буулган, гэрийнхээ хаяанд дөхүүлж байгаа Гонгор өвгөнөөс: -Аав аа! Энэ ойрхон буусан айл хэнийх билээ? гэж асуулаа. Өвгөн өөвгөр гэр рүү харснаа. -Бүлтгэр Уйнаагийнх . Арын сумаас нүүж ирсэн айл шүү дээ. -Аан тийм үү? Нэг л дуулсан нэр шиг санагдаж байна гэлээ.

Бүлтгэр Уунайгийнх холын сумын айл бөгөөд хаа ч хамаагүй нүүж сууж явдаг байлаа. Энэ өвөл зуд турхан тохиож магадгүй хэмээн цээжний бангаа хийсэн хашир Уунай эднийхтэй өвөлжихөөр шийдээд, намар эрт гэрээ ойртуулан бариад, өөрсдөө аймгийн төв рүү яваад арваад хоножээ. Аймгийн төвд хоёр хүүхэд, ная гарсан өндөр настай ээж нь суудаг гэх бөгөөд гэнэт яваад, нэлээн хэд хоносны дараа бөөн дуу шуу, сонин хачин болсоор ирдэг байв. Угийн цайруу цайлган зантай Бүлтгэр Уунай барааны газраас хашхиран, үг яриагаа дэлгэсээр ирнэ. Хөөр хөгжилтэй эр ээ. Ихэнхдээ эзэнгүй, харин байхаараа дуу шуутай ийм нэгэн айл хаяа хатган бууснаас хойш хэдэн богийг нь Гонгор гуай хариулан, тав зургаан үхрийг самган нь хураах ажил нэмэгдэв. Бүлтгэр Уунай ан сайн хийдэг гэх бөгөөд тогтож суух үедээ өдөр бүр хонинд явж зэгсэн сайн хариулна. Яриа хөөрөө ихтэй тэрээр үнэн худал нь бүү мэд, баахан ярьж байгаад айл хүн ороо засаж эхлэнгүүт гэр лүүгээ харьдаг байлаа. Гонгор өвгөний том хүүтэй нас ойролцоо гэдэг болохоор хөгшид тэднийг цааргалаад байх зүйлгүй.

Байгаагаа хувааж хүртээд, хамжиж дэмжин, орж гарсаар нэг өвөл айлсжээ. Тэр өвөл цас их унаж, хавартаа хүйтэн жиндүү байлаа. “Таргалахын их нь зун боловч сайн нэр нь намарт, турахын их нь өвөл боловч муу нэр нь хаварт” гэгчээр хавраас айсан хүмүүс зөндөө. Говь руугаа хүйтэрч, цасан шуурга тавьж, нэлээн зутруу байгаа дуулдана. Өвгөн эмгэн хоёр “…Ээ бурхан минь! Өршөөж хайрла! Говь тал минь ивээлдээ багтаа! Нөмөр нөөлөг болсон Суварга хайрхан минь өчүүхэн биднийгээ өвөр дээрээ бөөцийлөн, эсэн мэнд өвлийг давахад минь дэмнээрэй… “ гэж өглөө бүр амандаа залбиран, орж гарахдаа тэнгэр хангайгаа ажина. Хотгор шанд нэлэнхүйдээ цагаан хэвнэг нөмөрч, жижиг голын ус тасхийн хөлдөж, хаа сайгүй халиар гүйж, уур манан савсан харагдана. Өглөөний наранд усан жавар хөшиглөөд, гол руу тонгойсон бударганы орой бууралтан, цав цагаан болжээ. Салхи багатай тогтнуун цэлмэг нэг өглөө хэдэн хонь ямаагаа сэрвэн хад бараадуулан, ээвэр наранд идүүлэхээр өвгөн Гонгор дулаан

хувцаслаад, дурангаа авч, гэрээсээ гарав. Хад асганы ёроолд сэрвийлдэх борог өвсний үнэрт хорхойссон эр ямаанууд нь гүйцэгдэх завдалгүй өгссөөр асган дээр гарч ирлээ. Гонгор үе үе гуугчин, дуу өгсөөр байх боловч бие биеэсээ өрсөн гүйлдсээр нэлээн таруу бэлчжээ. Өвгөн, хавтгай хадны тавцангийн цасыг хөлөөрөө малтаад, дээр нь сандайлан суув. Эргэн тойрноо тойруулан харлаа. Өвгөн дороо займчин эргээд, хойд уулын орой руу дурандав. Халил ханан хадны оройд шувууны үүр бараантаж, түүний доороос доошоо зурагдсан цагаан зурааснууд он жилийн уртад улам тодрон харагдаж байлаа. Сэрвийх хадны үзүүрээс доошлуулан харвал дэвсэг дээр хэдэн улаан янгир, идэр насны хар хүрэн тэх, цайвар халтар зүсмийн хоёр хөгшин нийлсэн хорь шахам сүрэг дуранд өртөв. Хамгийн баруун талд хэвтэж байгаа далиу эвэртэй борлонг хараад, Гонгор баярлан догдлов. Борондой ижил сүрэгтэй болжээ. Тэр орой Гангармаадаа шинэ мэдээ

дуулгахаар мишээл дүүрэн өвгөн гаднаа буусан аж. Бүлтгэр Уйнаа өвөлжөөний захад хэмхэрхий хувин зайдлан суучихаад, ам хуурайгүй бурж байгаа харагдав. Бумантөр, хөлдүү хөрзөнг ховхлоод, цасыг нь зөөж, хонь малын тухтай сайхан хэвтэр засчээ. Бүлтгэр Уйнаа гэм харгүй ярьж байна аа. – Аймгийн төвийнхөн хөл гаргүй хүнийг хараад, их л цэрвэцгээнэ дээ. Тийм хүмүүс өөрийгөө бүрэн бүтэн гэж боддог байхгүй юу! Яг чухам дээрээ бүх хүн <<дутуу>> -тай. <<Дутуу>>-гаа нуусан нь <<дутуу>>-гаа нуугаагүйгээ шооддог байхгүй юу! Ер нь тэгээд, хүмүүсийн хандлага, хүнлэг чанарыг өөрчилж барах биш. Өөрчлөгдтөлөө удна аа. Гангармаадаа сэтгэл санааны хүч өгөх л чухал шүү. Гэнэт олон хүний өмнө очно. Эмнэлэг хөлийн газар шүү дээ гэдэг юм байна. Бумантөр, сайх Бүлтгэрийн үгийг сонсоод, дотроо дэмжиж байв. Өнөө гайхал сонингийн цаас шажигнуулан, улаан тамхи ороогоод, ханиаж цацан тамхиллаа. Шарлаж батгашсан мойног хуруугаараа тамхиа чимхээд яриагаа үргэлжлүүлэв: – Хүн бүр л

хорвоод дутуутай төрж, дутуугаа гүйцээх гэж зүдэж яваад, эцэст нь мөн л дутуу чигээрээ үхэцгээдэг биз дээ. Золигнууд… гэх нь тэр. Бумантөр ажиллаж байснаа болиод, түр саатав: – Та ямар нэгэн зүйлд санаа зоволтгүй. Таны хэлээд байгаа зовлонг Гангармаа арван найман настайгаасаа, би хорин хоёр настайгаасаа амсаж эхэлсэн юм. Одоо дөрөв, таван жил муу сайнаар хэлүүлж яваа юм аа гэлээ. Бүлтгэр Уунай ёроол нь цоорхой хувингийн амсарыг хэлтийлгэн, бууц бургиулан урагшаа суугаад: – Би тэнэмэл хүн. Хаа сайгүй явсан. Их ч юм үзсэн. Ер нь чи сонс. Чи энэ ажлаа дуусгаад, Гангармаад хиймэл хөл хийж өг. Хиймэл хөлтэй хүн модон тулгуур байтугай таяггүй явдаг юм билээ. Би харсан шүү, нэг тийм хүнийг гэлээ. Бумантөр сайхан сэтгэлтэй эрийн харгүй яриаг бодож үзэв. Тэрээр: -Манай том эгч гадаадад суудаг. Гангармааг төрж хөнгөрсний дараа хиймэл хөл, гар захиална гэсэн бодолтой л байгаа. Ер нь тэгээд үнэ ханш юу билээ?

Захиалах ирэх асуудал удна байх! Монголд хараахан хөгжиж чадаагүй юм билээ. Алсдаа хиймэл хөл хийдэг ач буянтай хүмүүс төрөн гарч л таараа. Харин таны наад санаа чинь их таалагдлаа. Ер нь оролдох хэрэгтэй юм байна гэлээ. – Заавал гадаадаас гэхгүй. Монгол хүний ур ухаан агуу шүү. Би хамжинаа гээд босчээ. “Бүлтгэр Уунайгийн дуу гэрт сонсогдсон байх вий дээ. Мөн ч чанга дуутай хүн юм аа. Гэхдээ гэмгүй цайруу хүн байна” гэж бодож байтал өнөөх нөхөр эргэж буцаж ирээд: – Би бодож байгаад санааг нь хэлнэ. Ядаж цаадах чинь хөл бүтэн яваг! гэчхээд таахаг таахаг алхлан одов. Гангармаа гэрээс гарч ирээд Бумантөрийг даллан дуудлаа. Бумантөр ажлаа дуусгаад, өөдөөс нь хүрч очлоо. Гангармаа: -Чи минь амар даа. Хоолоо ид! Би ус халаасан байгаа. Толгой хүзүүгээ угаа! гэлээ. Бумантөр хацар дээр нь шовхийтэл үнсээд гэртээ орлоо. Маргааш өглөө Бүлтгэр Уунайгийнх руу өвгөн самган хоёр айл хэсэхээр явжээ. Өглөө, Уйнаагийн эхнэр шурхийн орж ирээд, “Та хоёр манайд очиж цай уу. Би сайхан хийцтэй цай чанаад аа” гэсээр орж ирсэн юм. Хонь хотноосоо аажуухан босох тул яарч тэвдэх зүйлгүй байлаа. Бумантөр, Гангармаагийн гарыг атган суугаад,

хоорондоо ярилцаж авлаа. -Би ингэсгээд хонинд явна. Ярих зүйл байна. Миний хайрт удахгүй төрөх боллоо. Хоёулаа гурван сарын хорин таванд аймаг орно. Эмнэлэгт үзүүлээд, төрөх бэлтгэлээ хийнэ. Чи сэтгэл санааны хувьд маш сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү. Тэгж чадах уу? -Чадна аа. -Хүмүүсийн хандлагыг бүү анзаар! Чиний хөл гаргүй байдал чинь огтхон ч аймшигтай зүйл биш. Чамд бүх юм бүрэн байна. Аав ээж, хань нөхөр, амьдрал ирээдүй… Удахгүй хөөрхөн үртэй болно гээд. Бүх юм байна. Чи сайн бодоорой. Ээж аавгүй, хань ижилгүй, тэр байтугай үр хүүхэдгүй хүн ч байдаг. Бүгд л адилхан дутуутай амьдарч явна. Чамд хайр халамж гэхэд дүүрэн оршиж байна. Өнөөдөр хайраар дутаж яваа хүнийг юу гэх билээ? Туйлын харамсалтай. -Ойлголоо. – Би чамдаа хиймэл хөл хийж өгнө өө. Маргаашнаас Уунай ахтай хамжиж хийнэ. Ур ухаанаа сорьж үзье! гэлээ. Гангармаа догдлон баярлаад, хайрцаганд орхисон баруун талын

гутлаа гаргаж ирлээ. -Хотод хиймэл эрхтэн хийдэг газар байдаг болов уу? Би их мөрөөддөг. Гуталтайгаа яваа юм шиг харагддаг бол сайхнаа гэлээ. -Гадаадад суугаа том эгч маань туслах байх. Зарим нь гадаадаас л авчирдаг гэсэн. Монголд энэ үйлдвэр хөгжих байх аа. Технологийн хувьд боловсронгуй өндөр чанартай үйлдвэр хөгжүүлж л таарна. Ач буянтай эрч хүчтэй хүмүүс шинэ үйлдвэр байгуулж, хөл гаргүй хүмүүст туслах болно. -Ойлголоо хайрт минь! Хөлөө алдсан ч итгэлээ алдаж болохгүй гэдгийг ухаарлаа гэжээ. Амьдрал гэдэг нь энгийнээс эхэлдэг ажээ. Өөрийн өмнө орших тэр л өдрүүдээрээ жаргал хийж, дутуу бүхнээ дүүргэн зүтгүүлдэг эгэл бор амьдрал хамгийн сайхан. Гангармаа огтхон ч бууж өгөхгүйгээр үл барам улам их эрч хүчийг өөртөө бий болгосон юм даа. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *