Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “5-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “5-Р ХЭСЭГ”

21 секунд уншина
0
0
425

Халуун зунаар нүүж ирээд, дөрвөн тал банзан хашаанд хоригдсон Таржид өвгөн үе үе даамангийн гадаа гарч, нүдээ хужирлах дуртай. Нүд хужирлах ч гэж дээ… Гудамжаар өгсөж, уруудах хүмүүсийг харж

зогсоход, нуруу нь ядахнаа тэнийж, ойр зуурын дасгал хөдөлгөөн болж өгнө. Том залуу нь олон жилийн өмнө гал голомтоо бадрааж байсан байшиндаа өвгөнийг оруулжээ. Олзуурхаж баярласан өвгөн

гэрээ хураачхаад, байшинд суув. “Ай даа, халуун нар шараад, манай говь ч хэцүү шүү. Энэ чинь сүүдэр нөмрийн орон юм. Яасан сайхан сэрүүхэн байна вэ? Цас бороо орсон ч унтаж л байдаг эд юм шив?” гэж

ихэд таашаан бодоод, нүүж ирсэндээ урамшингуй хэд хонолоо. Хоол хийж идээд, үлдэгдэл нь савны ёроолд хонохын тоолонгоор Бумантөрийгөө үгүйлж, үе үе сэрвэлзэх болов. Хот руу нүүж ирэхийн

өмнөх өдрүүдийн бужигнаан ёстой л хормын зуур болж өнгөрсөн дөө. Хүн гээч нь буцалтгүй шийдээд, муйхраар зүтгүүлэхэд нэг л мэдэхэд түүндээ хүрдэг ажээ. Тэр өглөө Бумантөр эртлэн босоод, сур элдэж

байснаа унааны адуугаа юулэхээр болж, ногт хазаараа аваад мордлоо. Ойрдоо чилээрхэж, жаахан ядрангуй байгаа Таржид өвгөн лагс биеэ дааж ядан өндийгөөд, аяга цай уулаа. Аргал түлээ оруулан, аахилж уухилан янцаглаж байтал хөндийн голоор хэрээслэсэн замаар нэгэн хар тэрэг айсуй. Талд боссон цагаан тоос нь сүүл аятай мушгиралдан, үзүүрт нь ганц хар цэг зогсолтгүй урагшилна. Таржид, тахир гараа хөмсгөн дээгүүрээ дамналдуулсхийн харж зогссоноо арагтай аргалаа чирээд, гэртээ орлоо. Удалгүй машины дуу хүнгэнэн ойртсоор, гэрийн гадаа ирж зогсов. Хоёр хар нохой нь дуу дуугаа авалцан, боргож эхэллээ. Хөгшин хар банхар нь эрхлэн гийнах дуунаар том хүүгээ ирж гэдгийг мэдээд, хазганан гарлаа. Залуу ноход том залууг нь танихгүй тул боргосоор л байв. Таржид “Жов чи! Хол очиж хуц!” гэж нохдоо

хөөгөөд, зочин хүүгээ гэртээ орууллаа. Хөгшин банхар таниа сайтай нохой тулдаа эрхэлж наалдаад сүйд ээ. Том хүүгийнхээ араас даган гэртээ орвол, залуу нь хэтэвчээ ухан, таван ширхэг том дэвсгэрт алгандаа дэлгээд, амар мэнд айлтган золгохоор бөхөлзөн ирлээ. Өвгөн хүүгээ хүзүүдэн үнсээд, мөнгийг алгаа тосон авлаа. -За аав минь! Та сайн сууж байна уу? Манай нутаг жаахан гандуу байгаа юм уу даа? гээд ор сандайлан суулаа. Таржид хэмхрэх шахсан модон сандлыг хүүдээ дөхүүлэн: -Наашаа суу! Ширээнд дөхөөд суу! Бумантөр цайгаа чанаад тавьчихаж. Цаадах чинь адуугаа сэлгэхээр явсан. Адуу хойд уул руу гарсан байх гэлээ. Том залуу нь яажгий сандлын тавцанг “пүү” гэж үлээснээ цэмцийн суугаад, аягатай цайгаа тамшаалан уулаа. Тэрээр: -Тийм үү? Та хоёр дажгүй л сууцгааж байна уу? Би ажил ихтэй байсаар саяхан л зав гарлаа. Цагаан сараас хойш ирж золгох байтугай дөрвөн ч удаа гадаад руу явж байгаад ирлээ. Таныг яаралтай дуудуулж байна гэдгийг сонсоод, аргагүйд наашаа зүглэв шив дээ гэлээ. Өвгөн

ихэд уравгар харцаар харснаа тунингуй аястай: -За даа. Ойрд бороо хургүй гандуу байна. Энэ жил оройтож орно гэсэн шүү. Өдийд асгараад өгвөл ч өнгө засаад сайхан болно л доо гэснээ далбин малгайгаа авч, ор руугаа чулуудаад, өрөөсөн хөлөө тэнийлгэн, гутлын түрийгээ төнхөж эхэллээ. Мөлийж элэгдсэн хүрэн гаансаа гаргаж, тамхи нэрж эхлэв. Том залуу цүнх савнаасаа чихэр жимс, шил архи, ундаа тамхи тэргүүтнийг зэхэн эцэгтээ барив. Таржид өгсөн зүйлийг нь авдрын өмнө хандуулан тавиад, гомдлын үгсээ асгарууллаа. Тооноор сүвлэсэн нарны гэрэлд тамхины утаа угалзран харагдаад, адгуу дургүйцлийн үгс араас нь хөвөрнө. – Чамайг яаралтай дуудуулсны нарийн учир гэвэл их ээ. Бумантөр, Гонгорын хүүхэнтэй сүлбэлдээд, болохоо байлаа гэв. Том залуу эцгийгээ эрс өөр зүйл хэлсэнд нь гайхаж: -Би таныг мал хуй борлуулж, заазлалт нядалгаа хийхээр болсон юм болов уу л гэж бодлоо. Бараг л зөв таажээ. За тэгээд, хурим найрын бэлтгэл ажил уу? гэлээ. Өвгөн, тамхины

утаагаар үүссэн өтгөн хөшгийг яран, гэрэл нарнаас холдож суугаад: -Үгүй ээ! Гонгорын бага хүүхэн өрөөсөн гар, хөлгүй болсон хүн байгаа. Уг нь цуутай сайхан охин байсан. Тэр жилийн хаврын хүйтэн шуурганд өртөж, амь алдах шахсан юм аа. Түүнтэй Бумантөр холбогдоод байна! Ойлгов уу? Би энэ отгон дүүд чинь санаа зовоод, байж суух газраа олохгүй юм. Арга буюу та хэдийг дуудууллаа гэлээ. Том хархүү гараа савчуулан, нүүгэлтсэн утааг үргээгээд, ойр ойрхон бөгшүүлэн ханиав. -Яасан их тамхи татдаг болоо вэ? Тамхиа багасга! Биед муу шүү дээ! гэснээ “Тэгээд үнэн юм уу? Хэнээс сонсов та?” гэж өмнөх яриагаа сэргээн асуув. Таржид уцаарлангүй янзтай омогдон: -Үнээн үнэн. Цаадах чинь өөрөө ч тэгж хэлсэн… -Тэгээд одоо яах билээ? -Яах билээ, гэнэ шүү! Болдог сон бол эндээс хол нүүмээр байна. Тэр охиноос нь холдуулахгүй бол хожмоо амаа барих аюул болно. Нэг амьдрах насандаа гар, хөлгүй хүнтэй ханилж, хайран залуу насаа үрж

хэрэггүй биз дээ? Тийм үү, үгүй юу? гэлээ. Том залуу толгойгоо маажсанаа: -Тэр ч тийм. Тэгээд яах билээ? Нүүнэ гэхээр тэмээ малаа яах болж байна даа. -Яах юу байдаг юм бэ? Зарж борлуулаад, мөнгө болгоод авчихъя! -Та хотод сууж чадах уу? Манай хуучин байшин ч сул байгаа л даа. Манайх орон сууцанд ороод, олон жил болж байгаа шүү дээ. -Хамаагүй ээ хамаагүй. Энэ хүүхдийнхээ амьдралыг зөв замд оруулна гэвэл хөгшин би хаана ч хамаагүй… гээд тамхиа дахин асаав. Том залуу хаалгаа дэлгээд, үүдний салхи бараадан суулаа. Аавынхаа ядарч сульдсан байдлыг харж, урам хугарсан үгсийг сонсоод, нэгийг бодож, ихийг тунгаалаа. Тэрээр: -Нүүнэ гэвэл унаа бэлэн, нүүгээд очиход орон бэлэн. Хоёр хүүгийнх чинь хотод байгаа. Болохгүй юм алга. Эр сувай малаа ялгаж борлуулаад, заримыг нь махалж аймаг руу зар. Махны борлуулагчидтай яриад, дор нь шийдчихье. Эм хонь ямаагаа хүргэнийд хүргэж өгөөд, эргэж нядлахыгаа намар хүйт орохоор шийдье. Би арав хоногийн чөлөөтэй л яваа. Өөр зав байхгүй гэлээ. Өвгөн хүүгийнхээ авчирсан чихэр жимсэн дээр гишгэлэн шахуу босож зогсоод, дээлээ бүсэлж эхэлжээ. “Юуны түрүүнд тэр хүүхэнтэй

уулзах хэрэгтэй. Хэдэн хатуу үг хэлнэ. Чи ч дүр төрхийг нь хар!” гэлээ. Ингээд машиндаа суугаад, Гангармаатай уулзахаар явжээ. Гангармааг нэвт шувт хараад, урам нь хугарсан эцэг, хүү хоёр буцах замдаа ярьснаа бататган, үрээж тараах ажлаа төлөвлөжээ. Оройхон Бумантөр ирээд, ахтайгаа мэндлэн золгов. Инээж хөхрөн сууж байтал ах нь ихэд чухалчлан, ийнхүү ярив. -За дүү минь! Юуны өмнө аймгийн харцага цолтой болсонд чинь баяр хүргье. Одоо хот руу нүүж, улсын наадамд барилд! Би аавтай ярьж тохирлоо. Маргаашнаас хонь малаа ялган, зарах борлуулахаа шийдье! Ахын дүү амьдралаа шинэ сайхнаар эхлүүл. Ийм сайхан хүдэр чийрэг эр хүнд захын хүүхнүүд нүд унагана. Ёстой дуртайгаа шилж сонгоод, сайхан хүүхэнтэй суу! Аав ч тэр, чи ч тэр эртнээс хот бараадацгаа! гэлээ. Бумантөр ахынхаа хэлэх үгийг сонсож сууснаа аав руугаа харав. Таржид өвгөн хэдийнээ шатрын нүүдэлд хожсон хожооч аятай бардам сууна. Бумантөр тэдэндээ хандан: -Та хоёр сонс! Та нар том эгчийг харийн хүнтэй суугаад явахад

дургүйцээгүй. Ээж маань харин дургүй л байсан. Гэхдээ тэр хүнтэйгээ суугаад л явсан. Тэгсэн мөртлөө намайг монгол бүсгүйтэй суух гэлээ гээд дургуйцэж байгаа юм уу? Та нар хүний зовлонг мэдэх үү? Гар хөлтэй сайхан явахад нь би хайртай байсан. Одоо ч хайртай. Би Гангармааг хаявал алдас болно. Би одоо хорин зургаа хүрч байгаа. Өөрөө амьдралаа шийднэ гэлээ. Ах нь дүү рүүгээ омогдонгуй харснаа төд дорхноо зөөлрөн: -Чи амьдралыг мэдэхгүй байна аа. Яг чухам дээрээ амьдрал их хэцүү. Чамд эрүүл саруул бүсгүй хань болно. Хагас дутуу хүнтэй суувал чи л зовно шүү дээ гэлээ. Бумантөр: -Би тэгж бодохгүй байна. Та хот газар морилон сууж, гадаад дотоод явдаг том албаны хүн гэнэ лээ. Арай ч дээ… Их л мөчид бодолтой байна даа та! Би та нартай санаа нийлэхгүй ээ гээд гарчээ. Өвгөн ухасхийн өндийснөө ширээгээ тулан өвдөглөөд, нуруугаа дарав. Хуруугаараа чичин: -Буурин дээрээ ирээд, араас минь дагахаа мэдээрэй! гэж отгон хүүгээ занаад хоцорчээ. Ах нь Бумантөрийг дуудаж, арга эвийг нь олох гээд чадсангүй. Шалз шиг хаягдаж хоцров. Гомдож уурссан дүү нь хул

үрээндээ мордоод, давхиж одлоо. Хорсож шаралхсан аав нь том хүүгээ зандран шавдуулж, хойд саахалтаас хоёр залуу нэмж хөлслөн, аагим халуунд унатлаа зүтгүүлээд, хамаг ажлаа нугалж авчээ. Бумантөр ирсэнгүй. Аймгийн төвөөс махны дамын наймаачид ирж, хонд жалга бузарлан, улай хийгээд явцгаалаа. Үлдсэн малаа айлуудад захиж үлдээгээд, намар орой авахаар орхилоо. Ингээд нутгаасаа хөдөлсөн билээ. Гэрэл цахилгаан, зурагт радио, дэлгүүр хоршоо, олны хөлтэйгээ хаяа залгаа ойрхон суух суурингийн амьдралыг хэрэндээ л их ойшоож, сэтгэл хангалуун байсан өвгөн нэг өдөр жигтэйхэн урам муутай байшиндаа орлоо. Хашааны үүдэнд зогсож байтал гөлгөн нохойны гаслах дуу гарлаа. Жалга дамнан олон хүүхдүүд гүйлдэнэ. Өвгөн нуруугаа үүрээд, дөхөж очтол нохойг тарчлааж байлаа. Хүүхдүүдийн нүдэнд хөөр баяр гялалзан, бах таваа хангаж байгаа харагдав. “Юу билээ таминь! Яасан зэрлэг золигнууд вэ? Больцгоо та нар! Аав ээж чинь сайн үйлд сургаагүй юу? Амьтныг тамалж болохгүй шүү дээ” гэж хашхирав. Хүүхдүүд бээцгэр өвгөнийг харснаа “Өө муу тэнэг өвгөн. Чамд хамаагүй” гэцгээлээ. Сэгсгэр үстэй бор хүү “Алаач алаач! Одоо нөгөө хөлийг нь…” гэж хашхирав. Өвгөн харахын аргагүй

эвгүй байдлыг үзээд, жалга руу сандран оров. Амь дүйж буй амьтныг очиж хавхлаг төмөрнөөс нь мултлан, шүүрэн авлаа. Урд хөлийг нь тасдаад, жалга руу шиджээ. Нүдийг нь ухахын даваан дээр амжиж шүүрчээ. Хүүхдүүд эрэг дээр гарчихаад, өвгөн руу чулуу шидэж эхлэв. Таржид толгойгоо даран авирсаар жалгаас гарч, өнөөх гөлгийг сугавчлан явсаар хашаандаа орж, хаалгаа түгжив. Тайрагдсан хөлийг нь даавуугаар боогоод, байшингийн сүүдэрт түр амарлаа. <<…Ээ базарваань! Ямар гээч зэрлэг хүүхдүүд билээ? Хөөх! За юүхэв. Хэлэх үг алга. Эцэг эх нь юу бодож суудаг хүмүүс вэ дээ?>> гэж амандаа бувтналаа. Толгойгоо сэгсрэн шогшров. Гөлгөн нохойн годгор сүүлийг өхөөрдөн харснаа хоолны үлдэгдэл өгөхөөр эргэж оржээ. Хичээл сургууль орсноос хойш жалгаар шуугилдах хүүхдүүдийн дуу багасаж, цүнх номоо үүрч, цэвэр цэмцгэр явцгаах боллоо. Хаа сайгүй тааралдах ядуу даржин хүмүүс уут шуудайтайгаа үүрч, гудамж хорооллоор бэдрэн явах нь нүд хальтрам. Дэгжин шаавай хүмүүс нь тарчиг доройтойгоо холилдон амьдрах нь хаашаа ч юм бэ дээ? Бохир

цэмцгэрийн нэгтгэл газар гэдэг чинь тэгээд Диваажин юм уу? Там юмуу? Бүү мэд! Баян тарган нь ч яараастай, ядуу өлмөн нь ч яараастай. Зөрөлдөн яараастай. Тэгэхээр тогоонд хольж хутгасан их амьдрал юм болов уу даа. Таржид өвгөн элдвийн юм бодож, хөдөөний хүний нүдээр гайхан хардаг байснаа сүүлдээ дасаад, хотын хүний нүдээр хардаг болжээ. Хотын хүний нүдээр хардаг болсон болохоор гудамжинд хэвтэж байгаа архичид, уут үүрсэн гуйлгачид, хогийн цэг дээрх түүлгэчнээс эмээхээ больсон гэсэн үг. Хог ухаж, хоол хайж буй гуйлгачныг өрөвдөх ч үгүй, ажрах ч үгүй, тоож анзаарах ч үгүй… Харин өөрийгөө л цэмбийлгэж сурсан нь хотожсоны шинж ажээ. Нэг өдөр мөнөөх зуршил болсон жаягаараа даамангийн үүдэнд зогсож байтал дунд хүүгийн хоёр хүүхэд хичээлээ тараад ирлээ. Гартаа соруултай ундаа барьчихаад, өнөөхөө хувааж уугаад ирж байлаа. Таржид өвөөдөө хотын ач нар овоо дасаж байгаад нь баярлаж, хаалгаа үүдээ дэлгэн орууллаа. Амийг нь аварсан гөлгөн нохой хоносон хоол

зооглоод, овоо дориун тэнхэрчээ. Нэг бодлын өвгөнд хань болж, хашаа даган боргож байх нь зүгээр ажээ. Өвгөн ач нараа дэлгүүр рүү гүйлгэж, будаа гурил авчруулав. Хоёр хөөрхөн ачтайгаа орж гарч байтал Бумантөр ирлээ. Тэрээр өмсөж гарсан дээл хувцсаа сольж, өнгө зүс засаад, өөдрөг тэнүүн болсон байлаа. Алгуурхан алхалсаар гэртээ орлоо. Таржид өвгөн олон үг хэлэхийг хүссэнгүй. Цонхны дэргэдэх орон дээрээ буруу хараад, унаад өгөв. -Та ирээд, хотод дасч байна уу? Би баахан тэнэж яваад, таныг бодоод ирлээ. Намайг байхгүй болохоор бүтэн нойртой хонохгүй байгаа биз дээ? гэлээ. Таржид буруу харсан чигээрээ: -Хөгшин хонины насгүй болсон намайг ингэтлээ зовоож яахнав дээ? Би яахав байж л байна. Чи хичээлдээ орсон уу? гэлээ. Бумантөр: -Орсон. Би Гангармаагийн том эгчтэй уулзсан. Надад их тусаллаа. Тэгээгүй бол хотод хог ухахад бэлэн юм. Том, бага ах нар тэнэг хүмүүс юм даа. За тэр яах вэ… Одоо хичээлдээ шамдаад, төгсөхөө бодъё доо гэлээ. Таржид <<Гангармаагийн>> гэсэн үгийг сонсоод эргэж өндийв. – Миний хүү. Дахиж ийм юм бүү ярь. Одоо маргаашнаас хичээлдээ яв. Аав нь ажрахгүй ээ гэлээ Бумантөр хоол идэж, унд

уугаад, худаг руу усанд явахаар гарлаа. Хувцас хунараа угааж, хичээл номдоо бэлдэх ажил их бий гэлээ. Тэрээр ааваасаа: -Гадаах гөлгөн нохойг хаанаас олж авчирсан юм бэ? – Аав нь, амийг нь аварсан нохой. Хашаанд чимээ өгөөд, байж байг. Сүрхий цовоо юм байна лээ гэлээ. Аав хүү хоёр элдэв юм ярьсангүй. Нэгэнт болоод өнгөрсөн асуудлыг сөхөх нь хэн хэндээ сонирхолгүй байлаа. Их хотын амьдралаа гэж… Диваажин юм уу? Там юм уу? Бүү мэд… гэмээр ажээ. Хөдөөний хөгшин өвгөний нүдээр шүү дээ. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *