Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “2-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “2-Р ХЭСЭГ”

28 секунд уншина
0
0
416

Зулганайн говийг тэрлэсэн хөндий сайхан хоолойнууд алс газрын хаяа руу жийж, тэнгэрийн заадлаар уусан алсарчээ. Хөгшөө, Шугшаагийн уулаар нутаглаж буусан Таржид өвгөн бага залуу

Бумантөртэйгээ хоёулхнаа дөрвөн жилийг үдсэн байлаа. Хоёр том хүү нь өдгөө дөч гарсан идэр эрчүүд буй. Хот суурин бараадаж суурьшаад, жилдээ ганц ирвэл барав болох ажээ. Бага хүүхэн нь Бүг, Хулангийн

хөндийгөөр нутаглаж явдаг сурагтай. Баахан хүүхэд цувуулсан айлын хөх авгай манийгаа манатай. Шанага, тогоотойгоо зууралдан, өдрийг авдаг бизээ. Их хүүхэн харийн нутаг, гүний газар явснаас хойш арван

дөрвөн жил болсон билээ. Хоёр ч удаа эх орон элгэн садандаа ирсэн санагдана. Эхийгээ бурхан болоход мөн л уулзаж амжаагүй билээ. Санасан цагтаа ээж минь гэчихээд, нэг их уйлахад бэлэн уй

дурсамжтай хүн л явдаг биз! Ингэхэд, таван сайхан хүүхэд төрүүлээд, таван тийш нь тараачихаад, өөрөө өнчрөх шахан явах нь хорвоогийн жам бил үү? Эсвэл хатуурхал гэдэг нь энэ болов уу? Алдуул шилдэн

тэмээний араас хөөцөлдөж, хуурай салхи залгилан явахдаа Таржидын урам хугарах үе зөндөө бий. Хэнийхээ төлөө ингэж хийсэх шахам түүтгэнэж явдаг билээ? гэж өөрөөсөө асуудаг билээ. Бага хархүү Бумантөр нь цэрэгт явж ирснээс хойш хань хамжаа болоод, өвгөнийг овоо түшиж байснаа, Биеийн тамирын сургуульд сурна гээд хот хүрээ рүү өвөлжин яваад, саяхан ирлээ. Бие хаа сайтай, бөх бахь залууд бяр хүчээ хөгжүүлдэг сурлагын газар байдаг гэхээр санаанд ер буухгүй юм. Гэхдээ отгон хүүгийнхээ тулхтай дөлгөөн занг нь бодоод, итгэж байлаа. Дуугүйхэн үдэж мордуулаад, өнчин заг шиг гав ганцаараа торойн хоцорсон сон. Бумантөр сургуулийн амралт нэрээр ирэнгүүтээ тэмээ малдаа явж, хонио ноосолж, зуслан сэлгээнд нүүлгэж, амсхийх завгүй ажиллан Таржид өвгөний нурууг үзтэл тэнийлгэв. Хаяа

худгийг зайдалж нутагладаг <<сумын ямаачин>> гэх гуншинтай орсгой шүдтэй, үрчгэр хөх өвгөн тэднийхээр нэг өдөр бууж мордохдоо шинэ содон хэрнээ сэтгэл эмзэглүүлэм гэмээр мэдээ дуулгав. Гаансны бохь хамар сэтлэм ханхийлгэсэн хөх өвгөн бөгсөө чирч урагшаа суугаад, хов мэдээ өргөв: -Танай Бумантөр чинь Гонгорынхоор бууж мордоод байгаа шүү. Яагаав! Нөгөө гар хөл муутай хүүхэнтэй орооцолдож байна гэж… Ойр хавийнхан зугаа болгон хэлэлцэж байгаа даг… гэдэг юм байна. Таржид, лагс товир биеэ нугдайлган, доошоо налмайж суугаад, таагүй мэдээнд ихэд дургүйлхэн: -Чи хүртэл зугаа болгон хэлэлцэж явна уу? Би хүүтэйгээ ярилцана аа гэснээс өөр юм хэлсэнгүй. Уул шиг том биетэй ханхар өвгөнөөс өөр үг унахыг хүлээж суусан өнөөх <<ямаачин>> удаж төдөлгүй гарч оджээ. Бумантөр,

Нэмэгтийн баруун горхи руу эрэлд явсан тул Таржид өвгөн ганцаараа байсан билээ. “Үгүй, энэ чинь одоо… Олны далд үгийг сонсохгүйгээр хаагуур нь зөрөөд байна вэ, би? Гонгорын бага охин тээр жил эндэхээ шахаад, сүрхий их бэртсэн дээ. Өрөөсөн хөл, гаргүй болсон гэдэг шүү дээ. Манай залуу юундаа тэр айлаар эргэлддэг билээ? Хүний охин хүүхэд даажигнаж яваад, Гонгорт буудуулах вий. Гонгор чинь ан ав хийж, гай зэтгэр их дагуулдаг хүн дээ. Уг хүн нь эршүүн, олон таван аашгүй. Элдэв зангүй, бүдүүн хүн бий” гэж бодоод, гадагшаа гарч харав. Ойр хавиар ажиг сураг алга. Тэртээд хэдэн тэмээ нь харганын захаар таржээ. Шандны хормойд үхэр нь харагдана. Бударганат хөндийн захаас хонь нь наашаа эргэжээ. Мал тааваараа байгаад нь тайвшраад, сандал дөхүүлэн гаднаа суулаа. Өдөр дундын нар төөнөж, энгэр өвөр халууцуулахад, тэрмэн тэрлэгээ тайлмар аядав. “За, даа… Амьдрал гэдэг ч… Мэдэхгүй юм даа… Хэдэн хүүхэд дэргэд үгүй, муу

самган минь эргэж ирэхээргүй хол явсан. Гав ганцаараа ингээд хэдий болтол суух билээ дээ. Хань бүлгүй хүн гэдэг ч амаргүй даваа юмаа даа” гэж туулж яваа энэхэн амьдралаа ихэд голонгуй бодож суулаа. Азарган үрээтэй хэдэн агтаа Бумантөр өдөржин хайгаад олсонгүй. Суварга хайрханы зүүн бэлээр өгсөн, нэлээн дээр гарч, тал хөндий рүү дурандан суулаа. Холын говь харааны үзүүрт дуниарч, алган дээр тавьсан юм шиг сайхан харагдана. Алаг зүсмийн байдсан гүү, хүрэн азаргатай арваад адууны бараа харагдахгүй л байлаа. Айл саахалтын адуу мал энд тэнд олноороо торолзох боловч өөрийн гэх нь ер нь алга аа. Гэтэл хажуухантаа нэг янгир ямааны чарлах дуу гарлаа. Дурангаа авч, хадны оройгоос сэм гэтэн харвал, дөнгөж төрөх дөхсөн эх янгирыг гурван чоно дарж аваад, хэдийнээ зооглож байлаа. Буутай явсан Бумантөр сэм гэтсээр овоо хараагаа тааруулан ониллоо. Амь тавьж буй янгирын хоолойг хүү татан зулгаах том саарал чоныг эхэлж

буудлаа. Буун дуу хаданд цуурайтан, огцом хүчтэй нүргэлэхэд, хөгшин саарал огло үсрэн цовхчоод, бутны ёроолд тэрий хадан унав. Нөгөө хоёр нь гэдэс дотрыг нь онгичиж байснаа гэнэт зогтусан, цаашаагаа зугтлаа. Бумантөр хараагаа онилон, хоёрдахь удаагаа буудаад, залуу чоныг шархдуулаад алдав. Бумантөр болгоомжтой гэтсээр очтол, хөгшин саарал хэдийнээ эвхэрчээ. Зүрхэн тушаа тааруулан, нам буудсан байлаа. Янгир хэдийнээ үхсэн байх бөгөөд хээлтэй харагдав. Гэтэл гэдэс нь төвөлзөн, ишиг нь хөдлөх шиг болов. Бумантөр гутлын түрийнээсээ хутгаа гарган, хээлийг хага ярж, бор ишгийг гаргажээ. Том далбагар чихтэй өхөөрдөм хөөрхөн ишгийг өвөртөө хийж, мориндоо мордон уулнаас буулаа. Гэр рүүгээ явж байснаа зүг чигээ өөрчлөн, зүүн урагшаа эргэв. Гангармаадаа янгирын ишгийг аваачиж өгөхөөр ийнхүү давхижээ. Хөх тэрлэгээ сугалдаргалан, цээж нүцгэлэн ирж яваа Бумантөрийг хараад, Гангармаа өндийн суулаа. Заримдаа нуруу нь өвдөж, гэдрэг харан хэвтмээр болдог. Үүлс нүүхийг ширтээд, хөх тэнгэрийн оройд хараагаа тогтоож, хэвтэх хэчнээн сайхан гээч.

Бумантөр давируулан ирснээ, морио тушаад, хажууд нь суув. Тэрээр: -Хонь сайхан тогтож байна уу? Өнөөдөр сайхан өдөр байна шүү гэлээ. Гангармаа дашмагтай усаа өврөөсөө гаргаж, Бумантөр рүү сарвайлаа. -Чи адуугаа олсон уу? Адуу хайж яваад, Суварга хайрханы оройд гарсан байх, тийм үү? гэж Гангармаа асуув. Бумантөр дашмагтай усыг гүд гүд залгин ууж дуусгав. Гэнэт ар нуруунд нь нялх ишиг майлан тонгочихыг хараад гайхлаа. Бумантөр энгэрээ тойруулан ухаж, өнөөх бор ишгийг гаргаж ирэв. -Эх нь эндсэн янгирын ишиг… Ээжийг нь чоно барьжээ. Чи тэжээж мал болго оо. Аав бид хоёр чадахгүй шүү дээ! гэхэд Гангармаа: -Ямар өрөвдмөөр юм бэ? Угжаад сургачихвал дороо л торничихно доо. Би эртхэн хариад, угжъя даа гэв. Бумантөр түрүүлгээ харан хэвтээд, гараа дэрлэн нүдээ анив. Хэсэг хэвтсэнээ: -Би ойрд завгүй байгаа. Хонио ноосолж дууслаа. Одоо адуугаа олчихвол ажил гaйгүй ээ. Нөгөөдөр ирж уулзана аа. Хоёулаа, Цэцэгт нугын худаг руу яваад, орой ирэх үү? -Тэгье, би тэнд очих дуртай. – Гангармаа чи

ганцаараа их уйдаж байна уу? Нөгөө номнуудаа уншиж дуусгасан уу? гэж Бумантөр асуулаа. -Гурвыг нь уншсан. Одоо зузаан ном нь үлдсэн. Чамд их баярласан шүү. -Зүгээр ээ. Дахиж ном авчирна аа. Би одоо ганц жил яваад төгсөнө шүү дээ. Энэ зун аймгийн наадамд барилдана. Чадвал начин болох санаатай. Удахгүй бэлтгэлд гарна. Тэрнээс өмнө Цэцэгт нугын худаг дээр очно оо гэлээ. Гангармаа ярьж байгаа үгэнд нь санаа зовохдоо “3аавал цол ахиулах нь юу билээ? Наадмын дэвжээндээ гарах чинь л сайхан шүү дээ. Начин, заан болох гэж махрах хэрэггүй дээ” гэв. Бумантөр хариуд нь: -Тиймээ! Эр хүн хүчээ сорьж, үнэнээсээ барилдах хамгийн сайхан. Би бэлтгэл хийж, мэх сайн заалгасан. Түүнийгээ сорино гэв. Янгирын ишиг чарлан майлахад, тэр хоёр сандран өндийлөө. Бумантөр, Гангармааг сэвхийтэл өргөөд, номхон хээрийн нуруунд мордуулж өглөө. Бор ишгийг авч өгөөд: -За, чи харьж бай. Би хонийг чинь эргүүлж, гэр рүү чинь дөхүүлээд буцлаа. Нөгөөдөр гэртээ байж байгаараа гээд давхилаа. Гангармаа

хөөрхөн бор ишгийг дүүрээд, гэрийн зүг шогшуулав. Зүүн гараараа цулбуураа атгаж, мөн ишгээ давхар тас зууран тэвэрчээ. Таржид өвгөн Гонгорынхоос ирж яваа морьтныг дурандан харснаа хүүгээ танив. -Өө хө. Адуу мал хайж яваа хүн чинь эндээс ирж байна шүү. Олны үг ортой гэж үнэн дээ. Одоо байтлаа хөл гаргүй хүнтэй сууж, насны бөгсөнд зовох нь шив! Хн… Хоёр ах, хоёр эгчид нь эртхэн хэлж, арга хэмжээ авахгүй бол энэ хүн амьдралаа баллах нь ээ? гэж бодоод, гэртээ ухасхийн оров. Ороо түшин, омогтойгоор хүлээж суутал хүү нь орж ирлээ. Үүдээр орж ирээд, дээлээ тайлж эхлэв. Энгэр заам нь нойтон байгаа бололтой. Дээлийнхээ дотрыг гаргаж дэлгээд, хоймор гарч суулаа. Тэрээр: -Аав хониндоо яваагүй юм уу? Хонь нэлээн хол харагдах шив. Унд уучихаад, мордоё доо гэлээ. Таржид янзгүйхэн сууснаа: -Чи хаагуур яваад ирэв? гэж зандрангуйгаар асуулаа. Бумантөр тайвнаар: – Нэмэгтийн баруун горхиор орж, Суварга

хайрханы үзүүрт хүрлээ. Бор толгой, Цахир бууцаар дайрч, нэлээн сайн дурандлаа. Бараа сураг алга аа. -Чи тэгээд зүүн талаас ирж байсан даг? -Тийм ээ. Янгирын нялх ишигний амийг аварч, түүнийгээ Гангармаад хүргэж өгчихөөд ирлээ гэв. Хэнэг ч үгүй хэлж байгаа үгэнд нь <<Гангармаа>> гэдэг нэр орж ирэхэд нь Таржид жигтэйхэн омогдоод: -За хүү минь барагтайхан байгаарай. Хэн хүний хүүхэн хаданд гарч, ууланд дүрвэсэн биш!! Очиж очиж, өрөөл татууг нь сонирхож явдаг байх гэж? Олноос дууллаа. Барагтайхан байгаарай! гэчихээд, гаансаа сэтгүүрдэн, бараг хугачих шахан тоншоод, сүрийг бадруулав. Бумантөр, аавтайгаа үг сөрөхийг хүссэнгүй. Бүлээн хярам залгилаад, хонь руугаа морджээ. Зуны говь хэнз ногоондоо нялхрахдаа хойноос нөмрөх үүлнээс хур горьдон дуниарна. Борооны урд өдөр ингээд дуниарчихдаг сан. Говьд бороо орох гэдэг бол аз завшаан билээ. Хамгийн сайхан торгон мөч юм. Говийн бороо дайраад өнгөрөхөд, ургамал ногоо уралдаад ургадаг гэхээр өрөвдмөөр. Хангайн бороо өдөржин шивэрч байхад ажиг ч үгүй, тоох ч үгүй. Харин ч бүр залхах

маягтай. Говьд бол өөр. Ганц ширхэг хурын дусал амь залгуулах ундаан болно оо. “Өнөө шөнө бороо орох байх Шөнөжин орох бороонд Цэцэгт нуга сэргэнэ дээ. Цэцэгт нугын дэнж ч сайхан шүү. Тэр худаг дээр анхны хайраа илэрхийлсэн. Гангармаа надтай суух байх. Олны хэлэх хамаагүй дээ. Ямар сайхан охин байлаа даа. Яг тэрүүгээр нь би хайрлана. Ядарч, зүдэрч, ганихарч, шаналж явахад нь Гангармаагийн дэргэд очих хүн одоо байхгүй ээ! Манай аав хүртэл ад үзэж байна шүү дээ?” Бумантөр элдвийг бодож яваад, хонио хурааж, гэртээ ирлээ. Хувингаа эрэгнэг дээрээс аваад, үнээгээ саахаар гарав. Ээжийн тэрлэг хэдийнээ багадаад, нөмрөхөөс наашгүй болжээ. Гэхдээ үнээнүүд Бумантөрд дасаад, тийрч аашлах нь гайгүй болсон байлаа. Таван үнээгээ хам хум шувтраад, тарагны сүүтэйгээ орж ирлээ. Галаа түлэн, сүү хөөрүүлж байгаа хүүгээ хараад, Таржид тайвшрав. -Аавын хүү, бодоод үзээрэй! Би чиний төлөө л санаа зовж байна шүү?! гэж сул дуугаар хэлэв. Бумантөр үг дуугаралгүй галаа асаалаа. Аргал хомоолын дөл улалзан, өтгөн сүүний үнэр гэр дүүрэн ханхийж

эхэллээ. Таржид: -Миний хүү бодолтой байхгүй бол болохгүй ээ… Ядарч яваа хүний охин хүүхдээр наадаж болохгүй шүү! гэлээ. Бумантөр сүүгээ хөөрүүлэн самарч эхэллээ. Дэвэрсэн сүүг паалантай түмпэнд юүлээд, зуухны таган дээр тавилаа. Доороос нь зөөлөн гал нэмж, өрөм загсаав. Тэрээр хөлөрсөн духаа шудраад, арагшаа суунгаа: -Аав минь ! Миний амьдрал болно. Надад биш. Өөртөө санаа тавь. Би танд их санаа зовж байна. Ингэхэд аав аа? “Аливаа юм эхлэлээсээ төгсгөл нь чухал” гэдэг дээ. Та өөрийгөө хар! Таван хүүхэд махартлаа өсгөчихөөд, эцэст нь ингээд гав ганцаараа үлджээ. Насны бөгсөнд ганцаардаж яваа таныгаа би хаяхгүй ээ. Би ядарч яваа Гангармаагаа ч хаяхгүй. Заавал сууна. Гангармаа бол сайн бүсгүй. Гар, хөл муутай ч гэлээ аав ээждээ тусалж, өдөр бүр хонь хариулж, эрүүл хүнээс дутахгүй тус дэм болж явна. Ээж, аав нь хүүхнийхээ дэргэд хэчнээн жаргалтай суудгийг мэдэх үү? Гэтэл та өөрийгөө хар даа? Хоёр хүүхэн чинь огт үзэгдэхгүй юм! Таржид хэсэг чимээгүй сууснаа, тамхиа асаан

уушгилаад, хойшоогоо лагхийн суулаа. Тэрээр сайтар ухаарч чадаагүй ч хүүгийнхээ хэлсэн үгийг ухаж бодов. Яаж ч бодсон санаанд нь буухгүй л байлаа. Удалгүй бороо шивэрч эхлэв. Гангийн бороо сайхан санагдсангүй. Үг яриа нийцүүлж чадаагүй эцэг хүү хоёр аяга тараг уучихаад, орондоо орцгоов. Орчлонгийн элдэв зүйлийг эргэцүүлэн бодоод, нуруу нуруугаа харуулан, хана ханаа ширтэн хэвтэцгээлээ. Эцэг хүү хоёрын бодол нэг зүйлд давхцаж байлаа. <<Бага байхад ээж аав, ах эгч нартайгаа элэг бүтэн хэчнээн сайхан байв даа. Гангийн бороо шиврэн ороход, хүүхдүүд нүцгэлээд л гарцгаадаг сан. Том эгч нь дүү нараа цахилдагаар ташуурдаад л гүйчихдэг. Дүү нар араас нь дагаад л цовхчиж өгдөг сөн. Ээж аав хоёр минь борцтой хоол хийгээд, хоёулаа инээмсэглэн суудаг сан. Гэтэл муу аав минь ингээд ганцаардах хэцүү байна шүү. >> <<Залуу байхад таван хүүхдийнхээ шуугианд чих дөжирнө өө. Гэхдээ хайр хүрмээр хөөрхөн. Бороо шиврэн ороход, нүцгэлээд л гарцгаадаг. Тормон тэмээ хүртэл баярлаж тонгочоод, хурын шавшаанд хөөрчихдөг. Эхнэр минь хосгүй

жаргалтай хүн инээмсэглээд л, хоолоо аягалан барьдаг сан. Хожмын энэ өдрийг хэн хэн нь зөгнөө ч үгүй явлаа даа… >> Хаврын хавсарга, намрын хяруунд ажрахгүй, өвлийн хүйтэн, зуны халуунд халшрахгүй дүүлж явсан идэр залуу нас минь! Агтны нуруунд дуулж явсан цаг үе дурдатгал болон хоцорчээ. Атны бөхөнд хавчуулагдан, халуу дүүгэн жонжуулж явсан идэр нас минь зураг болон хоцорчээ. Хүүгийн хэлдэг үг үнэн юм биш үү? Аливаа юм эхлэлээсээ төгсгөл нь чухал гэхчив? Нээрээ л бодууштай санагдаж байна. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *