Нүүр Өгүүллэг “ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “1-Р ХЭСЭГ”

“ДЭЭЛИЙН ГАНЦ ТОВЧ” тууж “1-Р ХЭСЭГ”

17 секунд уншина
0
0
608

Монголын уудам тал халгиж цалгисан намартайгаа золголоо. Гучин гурван говь минь харааны бяд шалган дуниарч, цаг хугацааны залгаа эмжээр сая өнгөрүүлсэн зуны бороогоо дурсанхан зүүрмэглэнэ. Усан

зэрэглээ амь голтой сүүтгэнэж, говьтойгоо зууралдан хоцорчээ. Намрын сэвшээ салхи хормой хотоор наадаж, алс холын гунигийг чихэнд чангаар шивнэж өгөв. Ганц нэг шаргал навчис зөрөн

өнгөрөхөд юу билээ? гэж гайхаад эргэж харлаа. Судгийн өнчин тоорой гандаж, хуурай нулимсаа унагаж буй нь тэр ажээ. Говьд хийсэж яваа навчис бас л нэг гайхамшиг ажгуу… Гангармаа хэмээх залуухан

бүсгүйг та сайхнаар төсөөлбөл сайн. Газрын савслага тэнгэрийн араншинд сөгдөөгүй хатан зоригийн дуулал учраас үг дуугүй сайхнаар харах хэрэгтэй! Хонь хариулж яваа Гангармаа мориныхоо

цулбуурыг солгой гараараа тас атган, алсын бараа ширтэн сууна. Хэн нэгэн хүнийг хүлээх мэт, хүлээсэн тэр хүн нь эргэж ирэхгүйг мэдрэх мэт, гэхдээ хэзээ нэгэн цагт учирч магадгүй гэж горьдох мэт сууна.

Гомдол, цөхрөл, харуусал, тэмцэл булаацалдан буй дотоод сэтгэлээ тэрээр аргадаж сурсан аятай. Босож зогсоод, ийш тийшээ саравчлан харав. Нүд алдам талд юу ч харагдахгүй билээ. Гэхдээ дотор давчуулаад байгаагаа мартагнах гэж ийнхүү саравчлахад, тэр даруйдаа уужирсхийдэг болов уу? Тормон цагаан үүл тэнгэрт хөвөлзөж, хээтэй торго шиг нэлмийгээд, тэнгэрийн оройг алаглуулан харагдав. Намрын хөх зэрэглээний хөл дор хэдэн тэмээ сүүтийн үзэгдлээ. Нууранд зогсож буй гэж хууртагдаад, гэнэт ус санагдав. Хуурамч зэрэглээний ад юм даа… Ам цангаж буйгаа мэдлээ. Цулбуураа өвдгөндөө хавчуулаад, зүүн гараа энгэр давуулан зүтгүүлээд, дашмагаа тэмтэрлээ. Дээлийн энгэр уужим тул дашмаг доошоо оржээ. Бөхийж тонгойж, толгойгоо гилжийлгэж байгаад, дашмагаа гаргаж

ирлээ. Дайны зориулалттай ногоон савыг баруун өвдгөндөө хавчуулаад, бөглөөг нь эрэгдэн хормой дээрээ тавилаа. Өвөрт өнжсөн ус бүлээцсэн боловч хоолой норгон цангаа тайлав. Хөх торгон дээлийнхээ хормой нугачаанаас товчийн чинээ бөглөөгөө олоод, дашмагаа бөглөлөө. Эцгийнхээ хийж өгсөн заг модон таягийг хажуудаа тавиад, хөлөө жийн хэсэг суув. “Заг тулж болдоггүй байх аа. Үргүй мод гэгддэг хайлаасаар уурга хийдэггүй гэхчив лээ… Алсдаа таяг худалдаж авъя! Заг бол говийн хаан мод. Газрын гагнаас, нүдний чимэг ургамал. Надад арай л хүнддэх эд” гэж өөртөөгөө зөвшин яриад, шийдэлд хүрэв. Номхон хээр морь нь хажуунаас дэмжих мэт толгой хаялан зогссоноо, чих дөжиртөл тургилаад, дэл сүүлээ савсалзууллаа. Гангармаа бол Гонгор өвгөний отгон хүүхэн нь билээ. Нас залуухан. Дөнгөж хорин хоёр хүрч яваа юм. Баруун хөлөө өвдөгнөөсөө доохнуур

тайруулж, мөн баруун гар нь бугуйнаасаа урагш үгүй юм аа. Баруун чихний омог бага зэрэг хайрагдаад, хацар нь үл ялиг сорвижсон оромтой. Хэн ч хартал үзэсгэлэн гоо байхаар энэ бүсгүйг гай зовлонгийн үзүүр дайрсан билээ. Гонгор өвгөн, майжиг самгантайгаа ганц хүүхнээ л гэж яваа юм. Хатан зоригтой өнөөх хүүхэн нь өрөвдүүлэх дургүйдээ тэр… Өдөр бүр хонь хариулж, гар хөлийн үзүүрт зарагдаж, хийж чадахаасаа чадахгүй хүртлээ зүтгүүлдэг билээ. “Боль, миний охин. Ядарчихна шүү дээ!” гэж хэлбэл амны алдас болдог тул хөгшчүүл аяар нь байсхийдэг ажээ. Гангармаагийн буруу биш л дээ. Хат үзсэн хүн хатууд дассан байдаг болов уу? Хат үзээгүй хүн зөөлнөө нэхэж гомдоллодог бил үү? Тэгээд ч хаврын хавар, намрын намар, өвлийн дүн, зуны мөчид уйлж суухаас залхдаг биз ээ. Одоо Гангармаагийн тормон алаг нүд баяр хөөрөөр бялхахаа больсон. Гагцхүү аав ээжийгээ л боддог. Өмөрч яваа хөгшчүүлийг өмлөх юу ч

байхгүй. Уйлж уймарч яваа эжий, аавд нь дандаа ганихарах чадал үгүй. Тийм болохоор зовоомооргүй байдаг билээ. Тэрээр хониноосоо ирээд, инээмсэглэн буудаг. Номхон хээр морь нь цог заль өгөх гэж уяанаасаа өнгөрөөд, гэрт дөхөж зогсдог. Эжий нь юмыг яаж мэдэхэв гээд арагнуудаа хөмөрч тавиад, хүүхнээ хүлээдэг. Гангармаа ганц ч эвгүй үг хэлэхгүйгээр үл барам инээж, хөхөрсөөр гэртээ ордог билээ. Дөнгөж саяхан тэмээндээ яваад ирсэн Гонгор өвгөн зүүн талынхаа орыг түшин, түр амсхийж суутал хүүхэн нь орж ирлээ. Өвгөн ухасхийн зүтгэж, урагшаа өндийн суугаад: -Миний охин хүрээд ирээ юу? Өнөөдөр чинь сэвэлзүүр салхитай сайхан өдөр байлаа шүү! гэхэд Гангармаа орон дээрээ лагхийн суугаад, алчуураа мултлан, үсээ иллээ. -Догор эвэртэй ягаан борлон ишиглээд ээ. Намар төллөж байгаа амьтныг яана вэ? Дориун том ишиг гарсан шүү! гээд баясалтайгаар хөхрөв. Эмгэн мөн л уулга алдан баясаад, яриан дундуур орж ирэв. Тэрээр: -Ухнасаад байгаа ишигнүүдийн балаг… Хөөрхий дөө. Ганц нэг

юм бол гэртээ оруулаад, онд мэнд өвөлжүүлэхээс дээ гэлээ. Өвгөн тооно өөдөө ширтэн, тэнгэр шинжээд: -Цэцэгт нугын худаг ундарга нь сайжирчихсан гэнэ. Цаашаа хулангийн шанд элбэгтэй шүү дээ. Хэд хоногоос нүүцгээе дээ. Намрын сөл дагаж, шинэ сэргэгийг бараадан нутаглаж яваад, өөхөн тарга тогтоож авъя! Ер нь энэ жил эрхтхэн өвөлжөөлж авна аа гэлээ. Цэцэгт нугын худаг гэдэг үгийг сонсоод, Гангармаа баярлах шиг ганихрах шиг боллоо. Арван найман настай байхдаа одооных шигээ орчлонд бөхийгөөгүй байсан цаг. Бөхийх байтугай онгон талын зээр шиг зэгзгэр сайхан охин явлаа. Аравдугаар ангиа төгсөөд, их сургуульд орохоор шамдаж байв. Хаврын улирлын амралтаар арван дөрөв хоног аймаг дээр гиюүрч суухаар, аав ээждээ очоод, хэн хоног эрхэлж байгаад ирье гэж боджээ. Замын унаанд дайгдан явсаар, гэрийн бараа харсан юм. Эрх ганц охиныхоо хөөрхөн, сайхныг биширсэн ижий, аав нь баярлан хөөрч, арван дөрөв

хоногийн <<чөлөөг>> чамлан голон угтав. -Ээж минь ээ! Би төгсөх ангийн сурагч шүү дээ. Сар амардаг хэн байх билээ. Хичээлээ хийнгээ, та хоёрынхоо дэргэд амарч байгаад, удахгүй буцна аа гэлээ. Ээж нь охиныхоо үсний үзүүрээр оролдон суугаад: -Миний охин их сургуульд орохоор, Улаанбаатар явах уу? -Тэгнэ ээ! Их эмч болно гэв. Эмгэн отгон хүүхнийхээ хүсэл мөрөөдлийг сонсоод, толгой дохисон аж. Гонгор өвгөн дуулсан, дуулаагүй хоёрын хооронд сууж байгаад гадагшаа гарсан байж таараа. Тэр өдөр тэнгэр хангай хуйсганаж зэврүүн салхитай байлаа. Цас ханзраагүй хаврын тал, салхи шуургаараа ааглаж байсаар, маргааш нь угалз болов. Адуу малын дэл сүүл агаарт дэлгэгдэж, тэмээд газарт тэвхдэн зогсоод, зарим нь хэвтэж авав. Өрхний оосор хуулах шахсан шуурганы чимээ унь, хана нижигнүүлж, элс шороогоор туйлан цамнав. Ээж нь, аавыг нь үгүйлж, орж гаран, хаалга онголзууллаа. Хүйтэн салхи үүдээр тэлгүүлж, тэр гэхийн тэмдэггүй тэвдүүлэв. Аавдаа санаа зовнисон Гангармаа дулаалж

аваад, гэрээсээ гарлаа. Харуй болох хараахан болоогүй байв. Цагаан гэгээг сааралтуулсан элсэн хуйг сөрөөд, ээжээсээ зөрөөд явжээ. Тэрээр эргэж хараад: -Ээж ээ! Та гэртээ байж бай! Аав ойрхон яваа. Би дуу чимээ гаргаад, удалгүй буцаад ирнэ гэж хашхирав. Ээж нь хормойгоо хумин, хаалгандаа цохиулан гэртээ орсон аж. Гангармаа элс туучин явсаар төөрчээ. -Аав аа! Ааваа! гэж хашхираад хариу сонсвол, чимээ алга. Хэсэг адуу хажуугаар нь зөрөөд, өмнийг барин одлоо. Араас нь харж зогстол элсэнд шингэх мэт уусаад, удаж төдөлгүй алга болов. Сүүлдээ ээжийгээ дуудаж үзэв. Баримжаагаа тооцож, тэр зүг итгэлтэйгээр алхсан ажээ. Замдаа хашхирсаар л явлаа. Удалгүй харанхуй нөмөрч, ямар ч юмны бараа харагдахаа болив. Улиан салхины дуу нүүр нүдгүй самарч, элстэй хондонд гутал шигдэн зүтгүүлсээр, сүүлдээ өвдөг чилэн бохирч суулаа. Төөрсөн хүн салхины өөдөөс явах дуртай байдаг гэнэ шүү. Уруудвал талийж өгнө гэж боддог бололтой. Энэ удаад Гангармаа арга барагдан цөхрөөд, шуурга

намжтал хүлээв. Хаашаа ч хөдлөөгүй тулдаа амь гарсан юм. Элсэн манхны хажууд нөмөр бараадан, ухаан балрахдаа, баруун талаараа элс дэрлэн унажээ. Хаврын шөнийн хүйтэн хажуугаас хайрч, хамаг бие нь хөшиж эхэлжээ. Гар хөл хоёр нь шатахаа шахан халууцаж, гутлаа тайлмаар санагдав. Баруун гар нь халуу оргиод, дэлгэсэн чигээрээ муужран унав. Өглөөгүүр дэн дунтай ухаан орвол, хүрэн ат хажууд нь зогсож байв. Хажуу ойрхон хэсэг тэмээ хоножээ. Гар, хөл хоёр нь даагдахаа байжээ. Нарны гэрэл үл ялиг сүүтийн, алсын бараа харагдав. Явган шуурга намжаагүй л байв. Аавдаа санаа зовоод, өндийлөө. Босож чадсангүй. Мөлхөж зүтгэсээр, манхан дээр арайхийж гарлаа. Цас нөмөрсөн талыг оргүй нүцгэлээд, бав бараан болгож орхижээ. Бор хайрханы үзүүрээс наашаа хэдэн гэрийн бараа харагдав. Зүүн хойшоо эргэж харвал, гэрийн зүг тийшээ мөөн. Аав минь харьж чадаа болов уу? Би ч яах вэ? Залуу хүн. Хэдэн тэмээний нөмөрт эсэн мэнд хоножээ. Гар хөл жаахан хайрагдсан бололтой. Гэхдээ азтай шүү

гэж бодоод сууж байлаа. Тэгтэл урдаас бараан морьтой хүн айсуй. Араас нь хоёр морьтон дагажээ. Ногоон цэмбэн дээлийнх нь өнгөөр Бумантөр мөн болохыг гадарлажээ. Толгой тархи нь дүйрч, өрөөсөн чих нь загатнаад, дэрийж бамбайгаад хөлджээ. Айх шиг болоод, янгинаж буй гараа харав. Хөх, ягаан өнгөөр мэнчийгээд, алсаасаа хатангиршсан мэт өвдөж эхэллээ. Морьтой хүнийг толгодын оройд гарч ирэхэд, ухаан балран унасан байжээ. Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байв. Нэлий цагаан өнгөөр хөшиг татаад, гав ганцааранг нь тусгаарлажээ. Эм тарианы содон үнэр хамар цоргиж, гар хөл нь шархирав. Өвдөлт тэсэхийн аргагүй байлаа. Урт цэмцгэр хөшиг алгуурхан нээгдэж, эмч, сувилагчид орж ирцгээв. Бумантөр хамт байсан юм. Амь аврагдах эцсийн найдлага, түүнд тохирсон арга хэмжээ авсныг эмч нар тайлбарлаад, Гангармаагаас хүлцэл өчив. Гангармаа хэлэх үггүй болсон тул мэлрэн гасалжээ. Бумантөр зүүн талд нь очоод, байгаа гарыг нь атгалаа. Баруун гар нь алга. Зүүн хөлийг нь хучиж өгөв. Баруун хөл өвдөгнөөсөө доошоо алга. Чихээ

барьж үзэв. Санасныг бодвол зүгээр байлаа. Үнэгэн лоовуузны ач гэж боджээ. Гурвын, гурав ес хоног шаналав. Гучийн гуч есөн сар харамсав. Ингээд сүүлдээ хувь тавилантайгаа эвлэрчээ. Бумантөр, Гангармаад хайртай байсан нь сая жинхнээсээ мэдэгдлээ. Баруун говиор нутагтай Таржид өвгөний бага хархүү гэдгийг бүгд л мэднэ ээ. Гангармаагаас дөрөв ах. Цэргийн алба хаагаад, ирсэн сайхан залуу. Гэм нь жаахан бүрэг зантай. Гонгор өвгөнийхөөр үе үе бууж, Гангармааг хайж сураглаж ирдгийг хөгшчүүл анддаггүй байлаа. Гангармаа харин Бумантөрд тийм ч сайн биш. Гэхдээ, даруу төлөвхөн ааш зан, ур мэхтэй сайхан барилддагийг нь мэднэ ээ. Сумын заан цол авах жилээ бөөн баяр болж, хамгийн түрүүнд Гангармаа дээр гүйж ирэхэд нь охидууд бие биеэ нудран, жоготой харцаар шөвөгдөж байсан сан. Нэгэнт Гангармаа, Бумантөрд хайртай биш учраас ичиж зоволгүй, харин ч охид хүүхнүүдийг гайхуулан, зориуд өдөж, Бумантөрийг дагаад, наадмын дэнжийг тойрч үзсэн билээ. Бумантөр жигтэйхэн баярлаад, амттан шимттэн авч өгч байлаа. Гангармаа тас

тас хөхрөн, цовоо цолгиун дуугаараа цангинуулан: -Та, энэ жил аймгийн наадамд барилдана биз дээ? Аймгийн заан болчихвол, тантай сууна шүү! гээд аальгүйтэж байснаа мартддаггүй юм. Бумантөр толгойгоо маажаад: -Аймгийн заан болох ч чанга даа. Би чинь мал маллаж, хөдөө хээр гандаж явдаг хүн… Ямар ч бэлтгэлгүй шүү дээ! гэлээ. Гангармаа цаашлуулан: -Авгайтай болно гэвэл аймгийн заан болох л хэрэгтэй гэжээ. Бумантөр гараас нь атгаад: -Тэгнэ ээ! Заавал аймгийн заан болно. Харин чи амласандаа хүрээрэй гэжээ. Гангармаа, басамжилсан мэт санамсаргүйгээр ам алдсандаа айж, бас аальгүй зангаа буруушааж, өөрийгөө зэмлэв. Ингээд гай балаг далласан хахир шуурга ганцхан шөнийн дотор хамаг бодлыг нь үгүй хийж, сайхан, муухай бүхнийг оргүй арчин хаяжээ. Цэцэгт нугын худаг гайхамшигт учралтай газар билээ. Хоёр жилийн дараа Гангармаа хэдийнээ тахир дутуугийнхаа зовлонд дасаад, гагцхүү аав ээжийгээ зовоохгүй байхыг хичээх болов. Хөгшин хонины насгүй болсон буурлууд үргэлж л өөрсдийгөө зүхэж, охиныхоо өмнөөс буруутан болж, харамсал дэлгэх нь ядаргаатай гэмээр. Гангармаа

сүүлдээ уурсаж: -Та хоёрын буруу байхгүй. Би л аавын араас явсан болохоос биш, аав намайг дуудаагүй. Ээжээс зөрөөд явсан болохоос биш, ээж намайг хөөгөөгүй. Хүний туулах ёстой тавилан төөрөг гэж байдаг юм. Тэр төөргөөрөө хорвоог туулдаг жамтай. Би тийм л тавилантай хүн. Үүнээс хойш түүнээс цааш энэ талаар ярихгүй байвал сайн. Би өөрөө зовж зүдэж явахад та хоёр хажуунаас битгий өөрсдийгөө буруутгаад бай. Та хоёрыг жаргалтай байвал би жаргалтай байж чадна гэлээ. Эмгэн, өвгөн хоёр отгон хүүхнийхээ үгийг сонсоод, бүлх залгисан мэт дуугүй болцгоожээ. Тэр зун. Зуны эхэн сард. Цэцэгт нугын худаг дээр худгийн бураа сандайлан сууж байтал Бумантөр давхиж ирэв. Гангармаа ичсэндээ баруун гараа нуусхийн, хоёр хөлөө зөрүүлэн суулаа. Бумантөр жил гаруй эргэлдээд, сүүлийн жил нь огт харагдаагүй байсан юм. Тэрээр мориноосоо сэвхийн буугаад: -Сайн уу? Гангармаа. Танайх ойрхон буугаа юу? Манайх толгойн шил дээрх ганц гэр. Би биеийн тамирын сургуульд орсон. Саяхан хичээлээ тараад ирлээ. Өвлийн амралтаараа ирж чадсангүй. Уучлаарай! Жинхэнэ шүүсээ шахуулж байна аа. Хичээл их хүнд байгаа. Байнгын бэлтгэл сургуулилт ихтэй гэлээ. Гангармаа урт гэгчээр шүүрс алдсанаа: – Би

сайн. Ээж аав хоёртоо бараагаа харуулаад байж л байна. Манайх буугаад, тав хонож байгаа. Чи сургуульд орно гэдгээ яагаад хэлээгүй явсан юм бэ? гэлээ. Бумантөр доошоо тонгойгоод, хөлийн улаараа элс зүлгэн, газар тэгшлээд: -Би шалгалтад тэнцэх эсэхээ мэдээгүй очсон. Бараг л тэнцэхгүй байх гэж бодоод оо. Бас чамайг гуних байх гэж санаад хэлж чадаагүй юм аа. Би аймгийн заан болж чадахгүй юм шиг санагдаад, энэ өвөлжингөө шаргуу бэлтгэл хийсэн гэлээ. Гангармаа ингэж хэлнэ гэж огт санасангүй. Аль эртний дурсамжууд хэдийнээ толгойноос арчигдсан байсан билээ. Тээр жилийн наадам гэнэт санаанд бууж, цоохор даашинзтай дэрвэж явснаа гэнэт санав. Бумантөрийг цаашлуулан (басаж хэлээгүй ч) дэггүй зангаараа егөөдөж явснаа саналаа. Гангармаа хажуу тийшээ займчин суугаад, чилээгээ гаргав. -Тухайн үед чамайг басаагүй юм аа. Зүгээр л тоглоомоор хэлсэн хэрэг. Хүүхэд байхад чинь зүггүй, бас бодлогогүй байдаг шүү дээ. Одоо чи аймгийн заан болох гэж шамдах хэрэггүй дээ. Өөрийн чинь бодол биш л бол… Бумантөр дүнсийн сууснаа: -Чамд амласан болохоор амласандаа хүрнэ ээ. Чи харин амласандаа

хүрээрэй гэлээ. Гангармаа бондгосхийтэл цочоод: -Чи юу ярина вэ? Би чинь хүн биш шүү дээ. Амь голтой л үлдсэн амьтан. Чи сайхан залуу эр. Тэнэг юм бүү ярь! Чи амьдралыг ганцаараа шийддэг ч юм биш… -Би амьдралаа өөрөө мэднэ ээ. Чи амласандаа, би амласандаа тэгээд л болоо. Би чамд хайртай гэв. Ээж аавыгаа бурхны оронд явсны дараа араас нь мөн явна даа гэж бодож явдаг Гангармаа, Бумантөрийн хэлснийг дуулаад, эргэлзэн гайхав. Тэр жилийн наадмаар энэ хүн яг л ингэж дорой хүлцэнгүйгээр над руу харж байсан даа. Тэгэхэд би ямар давилуун, үл тоосон, омог бардам байв аа. Гангармаа дорой хүлцэнгүйгээр Бумантөрийн өөдөөс ширтэн хараад: -Ядарсан надаар даажин тохуу хийгээд хэрэггүй гэлээ. Тэгээд ч би чиний амьдралаар тогломооргүй байна гэчхэв. Бумантөр мөн л хүлцэнгүй номхон харцаар аргадан ширтээд: -Амласан бол амласандаа шүү гэжээ Тэр хоёр удтал хөөрөлдөж суугаад, Бумантөр, Гангармааг хүргэж өгсөн

билээ. Уймарч гэгэлзээд, худаг руу явсан хүүхнээ хүлээж байсан ээж нь хоёр морьтой хүний бараа хараад, дотор нь уужирчээ. Амьдралын тавиланг хэн ч тааж мэдэхгүй. Болох, болохгүй хоёроо ялгахгүйгээр самгардах үе ч тохионо. Амьдрал бол хатуу оньсого. Гэхдээ заавал тайлагддаг оньсого билээ. Гангармаа тулгамдаж гайхсаар, халаглан гэгэлзсээр гэрийн гадаанаа буусан билээ. Бумантөр, айраг ууж аваад, адуундаа мордов. Үртэй модоор уурга хийж бариад, суналзтал даялан яваа эр хүнээс юу хүлээх билээ? Бөөн эргэлзээ… Гангармаад өөрт нь ч бас түмэн эргэлзээ байна аа. (Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *