Home Өгүүллэг “ЭР ХҮН” өгүүллэг “9-р хэсэг”

“ЭР ХҮН” өгүүллэг “9-р хэсэг”

0 second read
0
0
506

Дорж, Төмөр хоёр таван шөнө нойр хоолгүй суун хамаг ухаанаа уралдуулан байж арайхийн нэг учгийн үзүүрээс атгаад авав. Юуны түрүүнд шатаасан ул мөргүй гэх хэргийн газар дээр нь очин үзлэг

хийхээр боллоо. Тэд хар үүрээр унаа хөлөглөн гарч, мэдээллийн хэрэгслээр тэр үед тухайн үйл явдлыг харсан үзсэн хүн байвал мэдээллийг нууцлалын маш өндөр түвшинд авна хэмээн зар

тараагаад ажлаа эхэллээ. Тэднийг яваад очиход шатсан машины ул мөр харлан гол харлуулан харагдана. Тэд яг л үнэрч нохой шиг сөөм ч газар үлдээлгүй шиншилж явав. Гэвч олон хоног өнгөрсөн тул тэдэнд

олигтой юм олдсонгүй. Цаг ч нилээн орой болж буцахаар зэхэж байтал Дорж замын хажуугын жалганаас нэгэн зүйлийг онцлон ажиглалаа. Өөр хүн бол тэр бүр анзаарахгүй өнгөрч болох байсан ч

Дорж тэгсэнгүй. Халааснаасаа чимхүүр гарган татсан тахины дутуу хаясан ишнүүд, хоосон шүдэнзний хайрцагийг нямбайлан авч уутанд хийлээ. Нэг их тус болохгүй ч юмыг яаж мэдэх вэ шинжилгээнд өгөөд

үзье гээд инээвхийлэхэд Төмөр сайшаан зөвшөөрсний тэмдэг болгон толгой дохив. Тэд буцаж ирээд авсан зүйлсээ шинжилгээнд өгөөд спиртын хэргийг дахин сөхлөө. Оруулж ирж байсан залууг хайж олоод дахин байцаасны эцэст Чулуун хэмээх залууд дамжуулах байсан. Спирт байгааг нь ч мэдээгүй хэмээн үнэнээ хүлээлээ. Тэд наана нь их хэмжээний цэвэр усаар халхлан тонн орчим техникийн спирт ард нь нуусан байсан нь манай гаалийнхны хараанаас мултраагүй юм. Харамсалтай нь тэр үедээ илрүүлсэн ч дээд шатандаа очин хэрэг удаашран замхрах шатанд орсон аж. Оруулж ирж байсан жолоочийг нь байцаасан болоод явуулсан байсанд Төмөр уйгагүй хайсны эцэст олж уулзан ийнхүү мэдээллийг гаргуулж авч чаджээ. Одоо шинжилгээний хариуг хүлээж байхдаа тэд маш ихээр догдолж хэрвээ

түүнээс Чулууны хурууны хээ илэрвэл шууд саатуулхад бэлэн хүлээн сууна. Энэ сацуу Чулууныг оргон зайлж магад хэмээн нууц туршуул дагуулав. Чулуун гэгч хэн байв? Багаасаа хэрэг төвөгт орооцолдон хүүхдийн засан хүмүүжүүлэхээс эхлэн явсан. Хоригдож байх хугацаандаа оргон зайлж найз охиноо хардсаны улмаас аавтай нь хөнөөж байсан гэмт этгээд юм. Хэдий цаазаар авах ял сонссон ч аавынхаа албан тушаал нэр хүндийн нүүрээр явсаар өршөөлийн хуулийг хоёр дахин хүртэж, хоригдож байх хугацаандаа сайн хүмүүжигч байсан тул засарсан хэмээн үзэж 20 жил хоригдоод суллагджээ. Харин суллагдсанаасаа хойш элдэв янзын том хэрэгт орооцолдоогүй ч цагдаагынхан түүнийг элдэв арга, санаа суун ар хударгаар амжуулж байгааг үгүйсгэх аргагүй хэмээн ярилцах аж. Шинжилгээний хариу төд удалгүй гарч хэдий бүдэг ч гэлээ тусгай

багажаар нарийн шинжилсний улмаас Чулууны болон бас бус хүний хээ илрэв. Одоо тэдэнд өөр бодох зүйл байсангүй. Гэвч Чулууныг яаран баривчлахыг хүссэнгүй. Түүний ард хэн байгаа, гол үндсэн хөдөлгөгч нь хэн бэ гэдгийг илрүүлэх хамгийн чухал ажил үлдэв. Тэр хоёр туршуулын ирүүлсэн зургуудыг нэгбүрчлэн үзэж байгаад Чулууныг Өвөрмонгол залуутай их л найрсаг уулзаж байхыг хараад тэр залууг шалгахаар боллоо. Дорж, Төмөр хоёр үнэхээр шаргуу ажиллана. Тэд Тэнгисийн мөрөөр мөшгин явсаар үнэн дүр төрхийг нь бага багаар илрүүлэх тусам түүнийг бушуухан барьж авч хорьмоор санагдана. Тэрээр ” Өглөөний луу” нэртэй Хятад хоолны газар ажиллуулдаг хэмээн улсын бүртгэлд бүртгэгджээ. Нэг орой Дорж, Төмөр хоёр хувцсаа солин энгийн хувцас өмсөн нилээн оройхон хэрд уг гуанзанд орлоо. Наанаа бол зүгээр хоолны газар мэт. Тэд ярилцаж байгаад ахиухан хэмжээний мөнгөтэй хөдөөнөөс ирсэн нэхийний ченж болж

харагдахаар шийдэв. Ороод аль л үнэтэй тансаг юмыг захиалан албаар дуугаа өндөрсгөн элдэв наймаа ярилцан суув. Тэдний энэ байдал хүн цөөнтэй байсан Тэнгисийн хараанаас мултарсангүй. Хэдий нь Монгол ахуйг гадарлах болсон тэрээр хөдөөний иймэрхүү гэнэн залуусыг юугаар хөөргөн аргалахаа аль хэдийн бодон хэдэн цаасыг нь салгана гэхээс хөх инээд нь хүрч найр тавихаар өөрөө тэдэн дээр очлоо. Сайхан хооллож байна уу?, би өнөөдөр та хоёрыг тусгайлан дайлмаар санагдлаа. Учир нь өнөөдрийн манай тусгай үйлчлүүлэгчийн болзлыг та хоёр хангасан учраас миний зүгээс өчүүхэн талархал илэрхийлэх гэсэн юм Хоол ч яахав, харин уух юм нэмж авмаар байна. Чи тэгээд юугаар бид хоёрыг шагнах юм бэ дээ? Хэрэв та хоёр болгоовол эр хүний хүслийг гүйцэлдүүлэгч манайд бий шүү Тэр чинь юу билээ. Болхи бүдүүлэг хөдөөний бид нэг сайн

ойлгохгүй л байна шүү Аргагүй ээ. Хөдөөний та хоёр бүү хэл, хотын харчуулд ч цөөхөн олдох боломж. Харин та хоёр энэ бүхний хариуд ам нээхгүй байхыг хүсэж байна. Учир нь хууль цагдаагийн аль нэг байгууллагад мэдэгдвэл энэ сайхан бүхэн хаагдах учраас хэмээн худлаа инээн бөхөлзөв. Төмөр түүний энэ байдлыг ажиглаад албаар мөнгө чихсэн түнгэр түрийвчээ ил гарган. За хө, эр улсууд байна хоёулаа өнөөдөр энэ мөнгөөр сайхан наргиад авъя. Хүрэхгүй бол ямар байхгүйн зовлон байгаа биш. Юун төлөө эхнэрүүдээсээ хол байгаа билээ гээд Дорж руу нүдээ ирмэвэл цаадах нь зөвшөөрөн тэгье тэгье хэмээн худлаа согтогч болон жүжиглэв. Тэр хоёрыг өндийхөд Тэнгис уучлал гуйгаад хар даавуугаар нүдийг нь боон нэг хүний хамт дагуулан гарлаа. Өөр хүн бол нэг л олон газраар орж гараад алхаад байгаа мэт боловч манай мөрдөгч хоёрын баримжаа мэдрэмжээр нэг

газраа эргэлдэж байгаад хойд хаалгаараа оруулж байгааг хэн хэн нь төвөггүй мэдэж чадлаа. Тэднийг доошоо хонгил руу уруудуулаад сая нүдний боолтыг авахад намуухан хятад хөгжим эгшиглэн, арц хүж ханхалсан хачин чимээгүй газар оруулах нь тэр. Тэд энэ жижигхэн газрыг яаж ингэж тохижуулсан байна хэмээн бодож амжаагүй шахам байтал нэгэн хаалга онгойн тэднийг оруулав. Тэд ороод булангийн ширээнд суун ойр тойрноо ажиглана. Ганц нэг зүс мэдэх төрийн түшээд харагдахад нүдэндээ итгэж ядан биесээ ширтэнэ. Тэгтэл ч хоёр жаахан охин инээмсэглэн ирсээр тэдний хажууд суун ууж идэх юм санал болгон өөрсдөө ч ахиухан захиаллаа. Хөл гарыг нь илбэн, хошуу цорвойлгон суух тэдгээр охидыг хараад зад загнаад гэрт нь буцаамаар байсан ч ажил бол ажил хойно хэн хэн нь тэсэхээс өөр аргагүйг

ойлголоо. * * * Түвшин тэр өдрөөс хойш гэрээс гарсангүй. Нэг гарч ирээд нилээн их хэмжээний мөнгөтэй орж ирэн аавыгаа дагуулан явж хоёул хуучин ч гэсэн боломжийн зурагт худалдан авлаа. Нэг л мэдэхэд навчис эхнээсээ шаралж хичээл цуглах нэгэнт болжээ. Түвшингийн өмсөж зүүсэн илт дээрдэж, ааш авир нь ч нилээн дошгирсон мэт. Дэлгэр Монтоонд үг хэлэхээ ч болив. Монтоон хэд хэдэн удаа хүүгээсээ асуусан боловч цаадах нь угийн гөжүүд юм болохоор тас өөрийнхөөрөө зүтгээд аавдаа үнэнийг үл хэлэв. Түвшингийн хичээл ороод удаагүй байтал Монтоонд цахилгаан ирж аавынх нь бие муудсан тул яаралтай ир хэмээсэн аж. Монтоон ч чөлөө аван Түвшинг чөлөө авхуулан хамт явъя хэмээн ятгасан боловч тэрээр эрс эсэргүүцэн хичээлээр далимдуулан үлдэв. Монтоон хөгшин эцэг дээрээ ирвэл аав нь нилээн доройтон хэвтэрт орж хэдхэн сарын дотор

хичнээн өтөлж, хүний гарт орсныг хараад өөрийгөө буруутгаад барсангүй. Эцэг, эхийгээ амьдад нь жаргааж чадалгүй байсаар явуулсан өөрийгөө даашгүй их нүгэлтэн хэмээн бодохын сацуу энэ орчлонд яах гэж ирсэнээ бодон өдий насалчихаад тэднийгээ нэг удаа ч баярлуулж байгаагүйгээ дэндүү хожим ухаарсан тархиа шаана. Монтооныг л хүлээж байсан мэт аав нь тэр орой илт сэргэн байнга эргэж тойрч байсан Ядамд талархан Монтоонтой тэр оройжин буу халан овоо дориун байснаа үүрээр чимээгүйхэн энэ хорвоог орхин одлоо. Монтоон аавынхаа ажил явдлыг гүйцэлдүүлэн тэндэх ажлыг зохицуулах гээд нилээн хэд хонох болов. Ар тийшээ санаа зовж байсан ч төрсөн эцгээ ядаж хойд насанд нь хүн шиг явуулж, үлдсэн бүхнийг нь зохицуулах нь ганц хүү нь болсон түүний үүрэг болохоор зүрхэндээ мэгшин элдвийг бодон төрсөн гэртээ аавынхаа дээлийг нөмрөн мэдээ

орсноосоо хойш өнөөдрийг хүртэлх өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн бодолд дарагдан хэвтэх аж. * * * Дорж угийн нэг их ууж чаддаггүй болохоор тэгэсгээд тасарсан дүр үзүүлэн уухгүй бултана. Төмөр харин хаа очиж гайгүй сайн даадаг тулдаа сэжиг авхуулсангүй ууж суув. Дорж бие засах гэж явахдаа орж ирýхэд нь нүдэнд нь тусаад байсан хаалгыг нь санамсаргүй мэт онгойлгон харвал тэнд дотоож хөхөвчнөөс өөр хувцасгүй охид нааш цааш гүйлдэнэ. Харин зочид нь Хятадууд голдуу байсанд дотроос нь нэг юм арзас гээд явчихав. Тэгтэл хамгаалагч болох бадриун биетэй залуу түүний шилэн хүзүүн дээрээс татан эргүүлэхэд Дорж нүдээ сүүмийлгэн ариун цэврийн өрөө их хүнтэй байх шиг байна хэмээтэл нөгөөх нь түүнийг согтуу хэмээн итгэн эсрэг зүгрүү явахыг зааж өгөв. Дорж буцаж ирээд Төмөрт саяны харснаа сэмээрхэн шивнэтэл Төмөр хөмсөгөө атиралдуулан муусайн

хувалзнууд хэмээн амандаа шивнээд нэгийг санав бололой хажуудаа суусан охинд Тэнгисийг дуудаад ир хэмээв. Тэнгис ч нүүрэндээ худлаа инээмсэглэл тодруулан хүрч иртэл Төмөр нэг гараа өвдөг дээрээ тавин ихэмсэглээд За хө, өнөөдөр бид их морьтой явна. Сайхан ч газар, сайхан ч хүүхнүүд байна. Чи биднийгээ бодвол танил тал ихтэй хүн биз тусалж чадах уу? хэмээн сонжсон шинжтэй харвал нөгөөх нь мөн л шар шүдээ гарган инээгээд Миний танил тал ч юу байхав, амьтан хүний арга тал олж энэ нэг газраа алдчихалгүйхэн шиг ажилуулчих санаатай. Тэгэхдээ чадал хүрвэл болно шүү Сайн байна. Би нилээн юмтай айлын ганц хүү. Эцгийн буянд дутагдаж гачигдах зүйлгүй сайхан байгаа ч одоо хүн бүхэн арилжаа наймаа хийгээд байхаар бас зүгээр суумгүй байна. Арьс нэхий надад нилээн их хэмжээгээр бий, түүнээс гадна гээд цааш ярих гэснээ нөгөө хоёр хүүхэнрүү хяламхийвэл Тэнгис ганц дохиод тэднийг явуулчихав. Төмөр энэ

хэргийг ганцаараа үүрье гэсэн бололтой Доржийг хажуугийн ширээнд очиж сууж бай гэж явуулаад хоёулхнаа үлдсэн хойно сая яриагаа үргэлжлүүлэн Тэнгисийн чихэнд шивнэх шахам: Надад хэдэн эртний эдлэл бий. Алтан бурхнаас эхлээд, өв дамжиж ирсэн нилээн зүйл байгаа. Би залуу хүн тэр хэдээр яахав. Чи борлуулж өгч чадах уу? Үүнийг сонсоод Тэнгисийн нүд нь сэргээд ирлээ. Саяхан баруунд байдаг нэг танил нь ирээд буцахдаа иймэрхүү эртний эдлэл нилээн үнэд орж байгааг сануулаад явсан байсныг хэлэх үү, ийм боломжийг алдвал ёстой нөгөө Монголчуудын өөрсдийнх нь хэлдэгээр ” Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ ” гээч нь болох биз хэмээн бодоод хөх инээд нь хүрч: Чи зөв хүнээ олж, би болгоно оо хэмээн аль болох найр тавин чадлын хирээр үйлчлэх гэж чармайв. Тэр өдрөөс хойш Төмөр Тэнгистэй уулзаж, аль болох түүний итгэлийг олохыг хичээнэ. Тэгэхдээ хашир мөрдөгчийн хувьд юу юугүй улайран дайрсангүй алгуур үзэх аж. Дорж ч зүгээр суулгүй Чулуунтай холбоотой баримт

мэдээлэл, түүнтэй уулзаж учирч буй хүмүүсийг шил даран тагнан шалгаж мөрдөнө. Төмөр түүнээс гурван өдрийн дараа орж ирээд за маргааш хөдөө явчихаад ирье. Жаахан итгэл төрүүлэхгүй бол, санаа муут чинь сэжиг авчих гээд байна. Чи тэгээд хаашаа хэн дээр очих юм. Чамд тийм хүн байгаа юмуу? Мэдэхгүй харин, хэнийд очдог юм билээ. Би сандраад л гүйж явна. Чи ерөөсөө манайд очоод ир. Ямар аль аймаг гэдгээ хэлсэн биш. Би аавд зурвас бичээдхье Танай хөгшчүүл хөдөө байдаг юмуу. За ашгүй нэг санаа амарлаа. Маргааш уулзая Болгоомжтой байгаарай, миний туслалцаа үнэхээр хэрэггүй юу? Зүгээр ээ. Энэ Тэнгисээс гарах гарахгүй юм гарах нь бололтой. Өдөр Чулуун ирж уулзаад явсан. Тэр надтай хамт явж магадгүй байх Төмөр товлосон цагт яваад очвол Тэнгис аль хэдийнэ ирчихсэн түүнийг хүлээж байв. За маргааш гарах уу. Чи эхний ээлжинд боломжоороо аваад ир. Би ямарч байсан зохицуулна. Ингэхэд надад асуух юм байна. Чамд архи спиртын төрлийн юм олдохгүй биз. Ховор цагийн юм манай нутагт их үнэд орно доо Олдож болох л юм. Тэгэхдээ танай

гаалийнхан…гэснээ амаа хамхин. За би ганц нэг хүнээс суръя. Чи ямартаа ч маргаашдаа яваад ир. Чулуун чамтай хамт явна. Замд Төмөр Чулуунтай найзын ёсоор яриа үүсгэн аль болох үг алдуулахыг хичээх аж. Чулуун ч энэ хөдөөний мангар хард юу ч хэлсэн ойлгох биш, харин өөрийгөө Тэнгисийн баруун гар гэдгээ гайхуулж, жаахан айлгаж авъя хэмээн санан уусан архиндаа халамцан онгирох маягаар ярьж гарав. Төмөр өөгшүүлэн улам цааш хэлүүлж дотроо бүгдийг нь үг үсэггүй тогтоон явна. Чулуун тэр хоолны газрын талаар мэддэггүй болох нь ярианаас нь харагдсан тул тэгэсгээд дахин сөхөлгүй өнгөрөөв. Чулуун бол зүгээр л Тэнгисийн гар хөл болохыг мэдээд түүнийг ямархан шийтгэл хүлээж буйг төсөөлөн замаа ширтэн явах аж. Төмөр дам сонсогчийн дүр эсгэн машин шатаасан тухай яриа дэлгэтэл Чулуун цөөвөр чонийх шиг сүүмгэр нүдээ хурцлан Төмөрийн дээлийн энгэрээс татан өөрлүүгээ ойртуулаад шивнэх шахам: Би тэрийг санаачилсан юм. Чи хэн нэгэнд ам алдвал тэдний нэг болно

гэж мэдээрэй. Ах нь шорон оронгоор явж их юм үзсэн толгой шүү хэмээн хөлчүүрхэн гутал тайлаадах гээд Төмөрийг өөрийнхөө өмнө бөнжигнүүлэхийг оролдоно. Ингээд буух ч боллоо. Төмөр нэгэнт хүнтэй хамт явж байгаа болохоор Дондогийнд очин учир явдалаа тайлбарлан хэлээд Дондогийн захиаг аавд нь өгөв. Өвгөн учрыг ойлгон Чулууныг хүсэлтээр нь буудалд хүргэж өглөө. Чулуун буудалд байрлан хийх юмгүй тул нутгийн хүүхэн олж ирэхээр гадагш гарлаа. Түүнд амар олдчих хүүхэн олдсонгүй. Тэрээр урамгүйхэн буцан буудалдаа иртэл үүдний жижүүр авгай их л найр тавин гүйнэ. Ганцаараа ууж суухаар гээд түүнийг уруу татан ханьсав. Буудалд нь нэг их хүн байхгүй учир авгайд татгалзаад байх зүйл байсангүй. Тэд ууж идэн элдэв шалиг явдал ярин түүндээ баясан инээлдэнэ. Чулуун нэгийг санасан бололтой албаар цохилдуулах гэж Төмөрийг асуувал авгай насандаа зохимгүй аальгүй ногоон нүдээ эргэлдүүлэн Төмөр гэж хэнийх нь хүү юм болдоо. Би энд насаараа л амьдарч байна. Ер нь бүгдийг нь мэднэ дээ. За байз аавыг нь хэн гэдэг юм бол? Би аавыг нь

яаж мэдэх вэ. Миний эртний танил байгаа юм. Яах аргагүй эндэхийнх гэсэн дээ Сүүлийн үед хүүхдүүд хот хүрээ их бараадах болж, би ч тэднийг сайн мэдэхгүй болж байх шиг байна. Тэнгисийн хэлсэн санаанд нь орж дотор халаасаа уудлан зургийг нь гаргаж ирээд үзүүлэв. Жижүүр авгай сайн гэгч нь хараад манай нутгийн хүү биш байна. Би нэр мэдэхгүй ч зүс бол андахгүй гярхай хүн шүү гээд аальгүйтэн тачигнатал инээд алдав. Чулуун байдлыг ойлгон Тэнгистэй уулзахаар маргаашийн вагоноор түрүүлэн хот явлаа. Тэнгист ирж бүх учрыг хэлбэл тэрээр зальжин нүдээ улам онийлгон намайг ч тийм амар хуурч дөнгөхгүй байх шүү. Тэгэхдээ энэ хэн юм бол? Цагдаагийн ажилтан юм болов уу? Тэгвэл намайг ингэж шалгах ямар хэрэг байна хэмээн бодоод түүний баруун гарын хамтрагч болох нэгэн эрхэмтэй уулзахаар зургийг нь аван өрөөнөөс гарлаа. Тэнгис явсаар Хууль зүйн яаман дээр ирэн өрөөнийх нь хаалгыг тогшин дотогш орлоо. Хүдэр хэдийгээр ажил ихтэй байсан ч Тэнгисийг ирсэн гэдгийг дуулаад буцааж чадсангүй. Түүнд Тэнгис хэд хэдэн удаа

томоохон тус хүргэж байсан, бас одоогийн энэ байр суурь, эрх мэдэл, эд хөрөнгө нь бүгд Тэнгисийн гар оролцсон болохоор тэрээр яахан нүүр бууруулж чадах билээ. Тэрээр Тэнгисийн хүчинд хүмүүстэй танилцан, зоригтой хэд хэдэн наймаа хийсний үндсэн дээр овоо ч хөрөнгөжөөд ирэв. Хэдхэн жилийн дотор бага ч гэсэн албан тушаалаа ашиглан алгуур алгуур өссөөр одоогийн энэ өндөрлөгт хүрээд байгаа билээ. За сайн уу, ямар сонин хүн явж байх юм. Ойрдоо харагдахгүй байсан. Ажил төрөл сайн биз дээ? Би сайн. Чи тэр спиртын хэргийг олигтойхон дарж чадсангүй юу. Манай жолоочийг очиж байцаасан байна билээ Би хэр чадлаараа дарсан. Угаасаа наад асуудалд чинь нэр нөлөө бүхий олон хүний нэр холбогдсон болхоор тэгэсгээд замхарчих байх. Хоёр залуу хэргийг сөхөж ажилаад байгаа сураг гарсан Юунаас болоод, ямар хүмүүс юм? Саяхан Говь-Алтай аймгаас ирж байсан хүмүүсийг дээрэмдэн, машиныг нь эзэдтэй нь шатаасан хэрэг гарсан, түүнийг хийсэн хүмүүс энэ спиртын хэрэгтэй холбоотой байж магад

гэж үзээд байгаа юм билээ. Үүнийг сонсоод Тэнгис Чулуунд уур нь хүрч ийм болчимгүй юм хийснийх нь төлөө алахаас ч багадна хэмээн бодон суув. Тэнгис өврөөсөө Төмөрийн зургийг гарган Энэ хүний талаар мэдээлэл олж өгөөч. Хүдэр зургийг авч удаан гэгч нь ажиглаад нэгийг санах гэсэн байртай хэсэг эргэлзэж байснаа. Энэ нөгөө хоёрын чинь нэг нь бололтой. Баараагүй биз, итгэлтэй байна уу чи…хэмээн хэлэхдээ ямарч тохиолдолд барьц алдаж байгаагүй Тэнгис анх удаагаа давчдаж эхлэв. Хүдэр түр хүлээж байгаарай хэмээгээд гарч яваад буцаж орж ирэхдээ Яриангүй мөн байна. Чи яаж таньдаг юм. Арай ямар нэгэн юм… Зүгээр дээ, би танихгүй. Нэг хүн тодруулаад өгөөч гэсэн юм гээд өндийснөө: Насанд хүрээгүй хүүхдийн ял харьцангуй хөнгөн байдаг уу? хэмээн асуув. Хүдэр ч хуулийн хэд хэдэн заалтыг хэлж өгтөл тэрээр баяртай гээд өрөөнөөс гарлаа. Тэнгис Чулууныг хүлээн суухдаа бодол болон нааш цааш холхиж баахан бодсоны эцэст шийдээ гаргалаа. Төмөрийг цагдаа гэдгийг тас нуухаар шийдэн өөрийн бодол өөртөө зөв гэгчээр хүйтэн инээмсэглэл нүүрэндээ тодруулан сандлаа налан нүдээ анин дотроо бясалган сууна. Тэгтэл ч Чулуун хүрээд ирэхэд хэдий уур нь хүрч байсан ч их юм мэдүүлээд

дэмий хэмээн санан Чулуун аа чи надад дээр нэг цөс ихтэй хүүг хэлж байсан байхаа? Ямар билээ. Аан бидний сүүлийн ажиллагаанд оролцдог уу? Тийм түүн шигээ хоёр хүү олоодох, болж өгвөл тэдний найз нөхөд байсан ч болно. Танай нөгөө дэлчгэр хүү хэн билээ. Тэр хоёр байсан ч болно. Чи өөрөө зохицуулаад нэг ажил хийх боллоо Тэгэлгүй яахав. Тэр хоёр бэлэн байгаа. Харин юу хийхийг минь л хэлээд өг Чи ерөнхийд нь удирд, сайн зохион байгуул, өөрийгөө нуух хэрэгтэй. Тэр хүүхдүүд яахав, өнөө оройны суудлаар яв…гээд юу хийх яахыг нь зааж өгөөд гаргасан хойноо сая нэг уртаар амьсгаа аван хаа нэг татдаг тамхиа асаан шуналтайяа соронгоо Тэнгис хүүгийн хараа ч хол доо хэмээн өөрийгөө магтан утаагаа суунаглуулан удаан гэгч нь гаргалаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…