Нүүр Өгүүллэг “ЭР ХҮН” өгүүллэг “6-р хэсэг”

“ЭР ХҮН” өгүүллэг “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
553

Дэлгэр хаалгаа онгойлгон орж хаяагаа шуугаад хувцсаа солингоо бодолд дарагдана. Тэрээр энэ хорвоо дээр санаж сарвайх ганц хүүтэй боловч түүнтэйгээ уулзах эрхгүй нэгэн аж. Тэрээр залуу насандаа

сайхан хүүхэн явсан билээ. Далайн сувд мэт нуугдмал сайхан бүсгүй тэртээ говийн холын нэгэн суманд амьдрах аж. Түүнийг гэх харцуул захаас аваад мундах биш. Аав нь чанга хүн, биерхүү, барилдчихдаг

аймгийн начин хүн байж. Тиймдээ ч ааваас нь дөлөн Дэлгэрт шууд зүрхлэн хүрэх хүн үл олдоно. Дэлгэр гэрээс барагтай гарахгүй хаа нэг ойр зуур гарвал харчуул таардаг боловч өдөхөөс үл хэтрэх аж. Гэвч гай

газар доороос гэгчээр аав нь гэнэт нас нөгчлөө. Одоо түүнийг өмгөөлж хамгаалах түшиг тулга үгүй болов. Хууч өвчтэй эх нь охиноо бүү хэл өөрийгөө яаая гэдэг нэгэн. Тэдний амьдрал ч эрс доройтоод ирэв. Одоо

Дэлгэрт энэ айлыг авч явах үүрэг ногдлоо. Ааваас нь хойш өдөр өдрөөр доройтох байдлыг харсан залуусын хөл тэднийхээс тасрахаа байжээ. Ээж нь үглэн хэн нэгэнтэй гэрлэхийг үргэлж зөвлөнө. Гэвч арван

зургаахан настай Дэлгэр охинд энэ нь нэг л санаанд нь үл багтах аж. Тэрээр зогсоо зайгүй ёолон гар хөлөө базлах эхийгээ хараад нэг өдөр хар өглөөгүүр ажил олж хийхээр аймгийн төвийг сэтгэл шулуудан зорьлоо. Захиргааны байранд ороод засаг даргийг сураглавал нарийн бичиг нь болох эр хүн гэхэд гангадсан мэт эргэлдсэн алаг нүдтэй цэвэрхэн цагаан залуу найр тавин угтан авлаа. Зоригоо ирээд хоёр сар гаран л болж байгаа нэгэн. Гэвч энэ хооронд бараг л бүх дажгүй гэсэн хүүхнүүдтэй аль хэдийн холбогдоод амжив. Тэгтэл өнөөдөр түүний өрөөнд жинхэнэ сайхан бүсгүй өөрөө ороод ирэх нь тэр. Тас хар гурваар дарсан гэзэг нь тэгш гоолиг нурууг нь даган усны долгион мэт хөдлөх бүрийд нь намирч, янзаган алаг нүд нь эргэлдэн, дэрвэгэр сормуус нь эрвээхэйн далавч мэт, түүнээс гарах үг нь эгшигт хөгжим

мэт уянгалаг яруу агаад, цэцгийн дэлбээ мэт уруулынх нь ард нуугдсан жижиг боловч тэгш цагаан шүд нь хөөрхөн бор царайд нь гойд зохицсон гэлтэй. Өөрийг нь цоо ширтэх залуугаас харцаа буруулан доош харан үснийхээ үзүүрийг имчин суугаа түүний төрх яг л онгон талын зэрлэг хулан гэлтэй. Залуу улс байна даа, даргыг хүлээнгээ танилцъя Зоригоо хэмээн нэрээ хэлээд шууд босч ирээд гар барих гэлээ. Дэлгэр ичингүйрсэн чигтээ доош харан гараа өгөнгөө Дэлгэр хэмээн дуулдах төдий шивнэхдээ хацар нь улаа бутрах аж. Тэгтэл утас дуугаран Зоригоо гүйн очин ямар нэг зүйлийг тэмдэглэж аван ярьж гарав. Дэлгэр залуу хүний сониуч зангаар тэр залууг нүднийхээ булангаар сэм сэм ширтэн ийм цэвэрхэн эр хүн байдаг аа, ийм хүний эхнэр болбол ч хэмээн бодохын сацуу бодлоосоо ичин бушуухан доош харлаа. Тэгтэл ч дарга ирж хэрэг зоригийг нь сонсоод шуудан

түгээгчээр ажилд авахаар цохолт хийж өглөө. Тэрээр хөөрсөн сэтгэлээ дарж ядан тэмээгээ жонжуулан бушуухан ээждээ очиж энэ мэдээг дуулгахыг хүсэв. Ингээд ээж охин хоёр төд удалгүй аймгийн төвд шилжин ирж ямартаа ч аль аль нь сэтгэл өег болоод ирлээ. Зоригоо Дэлгэрийг зогсоо зайгүй эргүүлсээр өөрийн болгож чаджээ. Зуны дэлгэр тэр нэг өдөр анх удаа эр хүний гар ч хүргээгүй байсан онгон ариун биеэ хайртай залуудаа өгч байхдаа, түүний уран яруу үгэнд уяран ирээдүйн амьдралаа сайн сайхнаар мөрөөдөн хэвтэж байсан нь саяхан. Байгалийн жамаар хөөрхөн хүүтэй ч болж өвчтэй эхийнхээ магнайг тэнийлгэж, олон залуусын голыг гонсойлгон Зоригоотой нэг гэртээ орж байсан нь нүдний нь өмнүүр зурайхуйд Дэлгэрийн цээж өөд нэг юм огшиод ирлээ. Гэвч түүнээс нулимс гарсангүй хуурай нүдээ хий нухчив. Хүн бүхэн тэр хоёрыг таарсан сайхан хос хэмээн магтан дуулдагсан. Хүү нь дэгж дэвээд ид хөөрхөн дээрээ ой гарантай болж

байхад хотоос хадам аав, ээж нь ач хүүгээ үзэхээр хүрч ирлээ. Дэлгэр хэрэндээ сандран байдаг чинээгээрээ бэлдэх аж. Зоригоо Дэлгэрийг төрсний дараагаас ааш аяг нь хувиран юм л бол өө хайн, элдэвээр загнан, ядуу хүтүүгээр нь дуудах болж, ууж идэн оройтох ч болов. Гэвч Дэлгэр юу ч үл хэлэх аж. Ингэх л ёстой юм шиг дэндүү хүлцэнгүй номхон аясаар нь байв. Тэгж байтал энд тэнд ганц нэг хүүхэнтэй хошуу толгой холбочихсон явж байгаа сураг дуулдахад нэг орой зүрхшээн байж асуутал Зоригоо тэр бүхнийг нь эрс эсэргүүцэн унтууцаад өнгөрөөлөө. Хадам аав, ээж нь ирээд хямсагнан сууж байгаад өвчтэй эхээс нь сэжиглэсэн үү өгсөн цайнд нь ам ч хүрсэнгүй тэгсгээд гарахад анх удаагаа хүнд голдоо ортол гомдох шиг болов. Харин тэд буцахдаа хөөрхөн хүүг нь аваад явж, хоёр сарын дараа ирнэ гэсэн боловч ямарч чимээгүй болов. Зоригоод хэлэхээр сүртэй юм, манай гэрийхэн миний хүүг хэнээс ч дутахгүй өсгөчихнө, харин ч бид хоёрт амар байгаа биз дээ гээд үл тоох аж. Хөх нь саамширч, хүүгээ зүүдлэн санахын зовлонд хатан хэдэн шөнө дэрээ норгож хоносныг

хэн ч үл мэднэ. Зоригоо хүүгээ олж ирье гээд гарсан тэр нэг өдрөөс хойш эргэж ирсэнгүй. Ийнхүү Дэлгэр хэнтэй нь ч уулзалгүй сураг тасраад аль хэдийн хориод жил өнгөрчээ. Дэлгэрийн эх ч удсангүй өнгөрч түүний гэх юм үлдээгүй болхоор хатуу гэхэд дэндүү хатуу хорвоод сөхөрч байсан ч нутгийн сайн ах дүүсийн хүчээр хөл дээрээ босон хүүгээ олж уулзахаар Улаанбаатар хотод ирээд нэг мөр эндээ суурьшсан билээ. Гэвч одоо болтол хүүгээ хайсаар л, ямар төрх царайтай, ямаршуу хүү болохыг нь мэдэхгүй ч эх хүний зөнгөөр хүүгээ танина гэдэгт ямагт итгэн зогсолтгүй ажиг сураг тавин хайсаар яваа нэгэн билээ. Тэрээр саяхан Дарханд байх нэг найзаас нь хүүтэй нь төстэй түүхтэй хүний сураг гарахад ийнхүү яаран яаран яваад очсон ч биш байсанд баахан сэтгэл дундуур буцаж ирэв. Дэлгэр ихэд ядарчээ. Хүний нулимс дуусдаг юм байна, шавхагддаг юм байна, уйлахыг хүссэн ч гарахаа больчихдог юм байна. Магад тэр хэтэрхий их уйлаад бүх нулимсаа шавхчихсан ч юм билүү…ингэж бодон орон дээрээ

хэвтэн гэрээ тойруулан хартал нэг л онгорхой оргиод нэг юм дутуу юм шиг санагдах нь тэр. Гайхан дахин тойруулан хараад зурагт нь байхгүйг сая л анзаарлаа. Бушуухан гүйн Монтооныд орвол хүн байсангүй. Тэрээр сандран өөр юу дутуу байгааг бүртгэн үзвэл одоогоор мэдэгдэх юм байсангүйд дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хар хурдаараа гүйлээ. Цагдаа түүнээс товч мэдээлэл аваад хэргийн газар ирж үзлэг хийвэл онц ноцтой зүйл илэрсэнгүй. Сэжиглэж байгаа хүн бий эсэх талаар асуувал тэрээр сандарсандаа үгүй хэмээн толгой сэгсэрлээ, өөр алга болсон зүйлс байна уу? мэдэхгүй, үгүй юм шиг байна. Түвшин гэртээ угаасаа удаан байж сураагүй хүүхэд, тэгээд ч халаасанд нь байгаа хэдэн бор төгрөг нь түүнийг хатгаад болох биш. Тэрээр Дэлгэрийг гаргачихаад хамт хулгай хийсэн нэг найзыгаа дуудан хоёул гадуур жаал хэсэн хэсэгтээ тансаглав. Зах гарч хувцас авч байгаад санаандгүй аавд нь таарах нэг цамц хямдхан өгч байхтай

тааран яагаад ч юм түүнийг худалдаад авчихав. Орой нь аавыгаа хүлээж тэвчилгүй хүүхдийн зангаар хөөрөн ажил дээр нь гүйн очиж нөгөө цамцаа өгвөл аав нь баярлаж байна гэдэг тоймгүй. Миний хүү том эр болжээ. Аавд нь яг таарч байна шүү. Гэхдээ миний хүү хаанаас мөнгө олсон юм бэ…баярлалаа, их сайхан цамц байна, үнэтэй байх даа Үгүй ээ хямдхан авсан…мөнгө үү…хэмээн хэсэг түгдчиснээ би таныг нэг баярлуулъя гэж бодоод их эртнээс цуглуулж байсан юм хэмээн хэнэггүй залах нь тэр. Монтоон ч хүүгийнхээ үгэнд итгэн ажлынхаа гуанз дагуулан орж дуртай цуйванг нь авч өгөөд явуулав. Маргааш нь ажлаа тараад гэртээ иртэл хүү нь байсангүй. Тэгтэл ч Дэлгэр аахилж уухилсаар ороод ирлээ. За сайн уу хө, сайн явж ирсэн үү, явсан ажил бүтэмжтэй юу? Сайн, сайн явж ирлээ. Ажил бүтээгүй ээ тэгэхдээ яахав. Монтооноо манай гэрийн үүгээр элдэв янзын сэжигтэй хүн үзэгдээгүй биз? Үгүй хө яасан…Дэлгэр нэг хэлэх гэснээ гэрээ захиж үлдээчихээд

юу ч гэж бодох юм билээ сайн хүний сэтгэлд юм хийчихвэл, цагдаа сэргийлэх нь учрыг нь олчих байлгүй хэмээн эргэлзэн сууж байтал Чи хө яагаа вэ, зүгээр үү. Өө нээрээ мартсанаас миний хүү том эр болжээ. Өчигдөр надад цамц авч өгсөн энэ байна хэмээн үзүүлтэл Дэлгэр гайхан Өө тиймүү, сайн л байна. Тэгэхдээ чи өөрөө ингэж хуруу хумсаа хуйхлан байж олсон мөнгөө хүүдээ өгөөд, хүүхэд эвдэх вий дээ Би мөнгө өгөөгүй ээ…өөрөө аавыгаа баярлуулах гэж бага багаар цуглуулсан гэж байна билээ. Би чамд хэлсэн биз дээ, миний хүү ухаантай гэж…Энэ сацуу Дэлгэрт хар буун тийм байна, за ажил гарлаа гээд тэднийхээс гаран шууд цагдаагийн хэсэг чиглэн алхлаа. Монтоон оройны хоолоо бэлдэх санаатай сууж байтал Түвшин гаднаас бэлэн хуушуур барьсаар ороод ирэв. Миний хүү мөнгөө хадгалж байгаад намар хичээл эхлэхээр өөртөө зарцуулахгүй. Дахиж битгий ингэж хамаагүй юманд мөнгөө үрээрэй гээд хүүгээ харвал нөгөөх нь тоосон шинжгүй Зүгээр ээ ааваа…би намар мөнгөө олчихно. Дахиад л бага

багаар цуглуулна. Энэ гуанзны хуушуур их амттай юм аа тийм байгаа биз дээ хэмээн хөлсөө арчин том том үмхлэн амтархан идэх хүүгээ харан өрөвдөх ч шиг болов. Миний хоол ч дээ ямар л олигтой юм байв гэж. Муу хүү минь бас амттай юм идэхийг хүсдэг л байж таараа. Би гэж тэнэг толгой хааяа хүүдээ сайхан хоол ч аваад өгөхөө мэдэхгүй шүү. Миний хүү харин ч хаа очиж ааваасаа ухаантай юмаа хэмээн бодохын сацуу урмыг нь бодон Тийм байна аа, сайхан амттай байна…гээд хоёул идэж суутал хашааных нь хаалгыг нүдэх дуулдав. Түвшин гүйн гарч онгойлгох гэтэл гэрийнх нь хаалгыг тогшин амрыг эрье гэсээр шавилхан дэслэгч ороод ирэх нь тэр. Монтоон гайхан учрыг олж ядан дэслэгчийн өөдөөс харвал араас нь Дэлгэр ч ороод ирэх нь тэр. Түвшин сандарсандаа идэж байсан хуушуурандаа хахаж цацан нус нулимстайгаа хутгалдан гар нь чичрэх аж. Сайн байна уу намайг Дорж гэдэг та маргааш 10 цагт хүүтэйгээ дүүргийн хүүхдийн мөрдөн байцаах тасаг дээр очоорой. Ганц нэг зүйл тодруулах хэрэгтэй байна. Монтоон учрыг нь ололгүй за гээд үлдэв. Тэрээр Дэлгэрийн өөдөөс

гайхсан харцаар харвал Уучлаарай Монтоон оо би чамайг сайн хүн гэдгийг мэднэ. Тэгээд учрыг нь олоогүй байж хэлж сэтгэлд чинь юм хийчих вий гэж бодож байсан юм. Манай гэрээс ил байгаагаас зурагт алга болчихож. Өө харлаа, ямар сонин юм бэ? би уг нь эргэж тойрсон тэгэхдээ үнэндээ анзаараагүй юм байна. Энд тэгээд миний хүү ямар хамаатай билээ арай чи… Энэ дэслэгч хүү л ингэх журамтай юм аа гэсэн, за за би ч гэртээ оръё доо. Хулгай хар мөртэй гэж, хэдэн жил гэмгүй сайхан явсан хөрштэйгээ хүртэл итгэлцэл алдрах нь уу дээ…гээд Түвшинрүү цоргисон хурц нүдээр хараад өндийлөө. Дэлгэрийг гарсны дараа Монтоон Түвшингийн нүдийг дагуулан асуусан харцаар харвал хүүгийнх нь нүд тогтож чадахгүй гөлгөнөнө. Миний хүү аавдаа үнэнээ хэлчих. Аав нь чамайг ийм юм хийсэн гэхэд итгэхгүй байна, хийсэн байлаа гэхэд хэн нэг нь чамайг сүрдүүлсэн үү. Хэн сүрдүүлсэн аавдаа заагаад өг Үгүй…мэдэхгүй…хэн ч биш Юу үгүй мэдэхгүй, хэн ч биш гэж. Арай чи…юугаар дутлаа гэж ингэж байгаа

юм. Өдий наслахдаа манайхан дотор хулгай зэлгий хийж байсан хүнийг харсангүй. Мөнгө хэрэгтэй байсан бол надад хэлэхгүй яасан юм. Үнэхээр хийсэн чинь үнэн бол маргааш очиж үнэнээ хүлээгээрэй. Өөр хэн хэн байсан, хаана хэнд өгсөн, хэдээр зарсан…хэмээн дуугаа ширүүлэн өөдөөс нь харц үл салган шалгаах ааваасаа сүрдсэндээ өөрийн эрхгүй уйлчихав Хэн ч байгаагүй, хэдээр ч зараагүй… Чи ингээд зөрүүдэлсээр байх уу. Алив нааш ир хэмээн гараас нь угз татан босгоод чирсээр гарлаа Ааваа хаачих гэж байгаа юм бэ, би яагаа ч үгүй ш дээ…түүний нүдэнд шорон харагдан айдас нь төрж байсан ч ааваасаа айхын эрхэнд шууд хэлж зүрхэлсэнгүй. Алив Дэлгэр эгчээсээ уучлал гуй. Түвшин доошоо харан нусаа татан зогсоно. Би чамд юм хэлж байна, одоохон миний нүдэн дээр буруугаа хүлээн уучлал гуйгаач чи, өөр юу авсан тэрийгээ хэл Юу ч аваагүй…хэн ч байгаагүй. Монтооны тэвчээр нь барагдан анх удаа түүнийг үсэртэл нь алгадан авлаа. Түвшин нусаа арчин боссоноо хүүе гэхийн завдалгүй гэрээс

гараад гүйчихэв. Монтоон ингэж байгаад ороод ирэх биз гэж хэсэг харзнасан ч байдаггүй. Дэлгэр юу ч үл хэлэх аж. Монтоон хүүгийнхээ өмнөөс уучлал гуйгаад гэртээ байж магад гээд харихаар гарлаа. Шөнөжин харуулдаж тэр хавиар хайгаад ч хүү нь ирсэнгүй, тэрээр цурам хийлгүй хонож арайхийн өглөөтэй золгов. Маргааш өглөө нь Дэлгэр ажилдаа гарахаар завдаж байтал хар үүрээр Монтоон амьсгаадан орж ирээд сандарсан дуугаар Дэлгэр минь хүү ирсэнгүй, би энэ хавиар хайгаад олсонгүй…хэмээн хэлэхэд хоолой нь чичирч байв. Монтоон минь тайвширч үз. Их шазруун хүү, хаа нэгтээ гомдоллоод л сууж байгаа биз. Би чамд хэлж байхад чи даанч үгийг минь үл ойшоогоод байсан За тэр яахав ээ, хүүгээ олж авах хэрэгтэй байна. Одоо нөгөө сэргийлэхийн хүүд юу гэж хэлнэ ээ. * * * Дорж өрөөндөө дүүргийнхээ хүүхдүүдийн бүртгэлийг харан сууна. Түүнд дээрэмдүүлсэн, зодуулсан гэж ирсэн гомдлууд дунд Түвшингийн нэр нэг бус удаа орсон байхыг хараад толгой сэгсэрлээ. Хэдий жижиг хэрэг

боловч бага дээр нь л дарж авах хэрэгтэй. Амташсан хэрээ арван гурав дахина гэж үг байдаг байхаа. Тэгэхээр энэ хүүхдийг одоо л дарж авахгүй бол, ирээдүйд хэн ч болж болохыг үгүйсгэхгүй. Аав нь даанч дэндүү сайхан хүнсэн. Яахаараа ийм тэс өмнөө байдаг байна даа. Тэр шинээр ирсэн Даваа гэж хүүхдийг сайн судлах хэрэгтэй. Тэр бусдыг уруу татан, архи дарс уун, ганц нэг хэрэгт сэжиглэгдэж байсан ч нотлогдох баримтгүйн улмаас барьж чадахгүй байгаа билээ. Дорж цагаа байн байн харан товлосон цагт ирэх эцэг, хүү хоёрыг хүлээнгээ яриагаа ямархуу янзаар эхэлсэн нь дээр вэ хэмээн бодлогшрон зогсож байтал хаалга зөөлөн тогшсоор Монтоон Дэлгэрийн хамт ороод ирлээ. За сайн байцгаана уу. Түвшин хаана байна сууцгаагаач Хүү минь мунгинуу эгч намайгаа уучлаарай. Манай холын төрлийн нэг хүүхэн ирээд аваад явсан юм байна. Би тэрийг ирнэ гэж ер бодсонгүй, Монтооноос ч асуугаагүй байсан юм. Өчигдөр чамайг гэнэт ороод ирэхээр тулгамдсандаа энэ хүн учрыг нь ч олоогүй бололтой. Дорж тэдний өөдөөс үнэн биз гэсэн аятай нухацтай харна. Монтоон худлаа ярьсандаа бантан хамаг хар хөлс нь цутган байн байн духныхаа

хөлсийг арчих аж. Дэлгэр ч гомдолгүй хэмээгээд өргөдлөө буцаан авснаар энэ хэргийг хаалаа. Хэдий хаасан боловч Дорж түүнийг дотроо буруушаан үлдэв. Нэгэнт л хохирогч нь гомдолгүй гээд өргөдлөө буцаагаад авчихсан болохоор ямарч арга байсангүй. Монтоон дуугүй сууж, сууж гаръя хэмээн Дэлгэрийг угзчихад сая сэхээ аван за гээд боссоноо үүдэнд очин нэгийг хэлэхээр эргэн харснаа нэгэнтээ санаа алдаад гарлаа. Монтоон минь ингэснээрээ чи бид хоёр ямар том алдаа хийж байгаа болдоо. Би чамайг л бодож ийм шийдвэрт хүрлээ. Мэдээж ингэлээ гээд шууд шоронд явчихгүй л байсан байх, тэгэхдээ чиний сайхан сэтгэлийг хүндлэхгүй байж чадсангүй. Баярлалаа Дэлгэр минь, чи үнэхээр ухаалаг эмэгтэй юмаа. Би эхний цалингаар л чиний өрийг төлж шинэ зурагт авч өгөх болно. Удаахгүй ээ, зээл тавиад ч хамаагүй За тэр яахав болно биз би явахгүй бол оройтох нь гэсээр түрүүлэн явлаа. Монтоон бушуухан гэртээ иртэл хүү нь бас л ирээгүй аж. Орой нь Дэлгэрийнд зурагтаа оруулж өгөөд

яах ийх талаар зөвлөлдсөн ч олигтой шийдэлд хүрсэнгүй. Хамгийн түрүүнд муугаар бодон гэмтлийн эмнэлгээс очиж сураглатал тийм хүүхэд алга гэхийг сонсоод сэтгэл нь бага ч атугай уужрав. Сургууль амарчихсан, хүүтэйгээ нийлдэг нэг хүүг гэрийг нь сурагласаар очиж уулзсан боловч нийлэхээ болиод их удаж байгаа, гудамжны танхайчуудтай нийлээд өөртэй нь нийлэхээ больсон гэдгийг сонсоод урам муутайхан буцлаа. Тэрээр ажил дээрээ тогтож ядан арайхийн тэр нэг өдрийн ээлжээ дуусгасан болоод бушуухан харив. Тэгтэл хүү нь ирсэн бололтой хийгээд тавьсан хоолыг нь идээд, хувцсаа сольж өмсөөд явсан байхыг хараад баярлан, уур нь гарчихаж, одоо ингээд ороод ирэх биз гээд амрахыг ч бодолгүй дуртай цуйванг нь хийн хүлээлээ. Дэлгэр орой орж ирээд цагдаад мэдэгдсэн нь дээр байхаа

гэтэл ирээд явсан байна. Одоо хүрээд ирэх байх хэмээн их л баясгалантай хэлэх тэр эцгийг хараад өөрийн эрхгүй зүрх нь зүсэгдэх мэт болов. Гэвч Түвшин ирсэнгүй. Гэрээсээ яваад тав хоносон байв. Монтоон цагдаад мэдэгдвэл хүүг нь баривчлаад аваад явчих юм шиг санан хий л ажиг тавин нялх бага юм байгаан, даарч хөрч, өлсөж цангах вий хэмээн шаналан энэлнэ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *