Нүүр Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман төгсгөлийн “17-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман төгсгөлийн “17-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
243

Төгсгөл хэсэг: Жаран таван жилийн дараа. Монгол улсын гавъяат багш Цолмонгийн наян нэгэн насны ой нижгэр болж өнгөрөв. Цолмон эмгэний насны хань Намсрай өвгөн арваад жилийн өмнө Бурханы

оронг зорьж ханийх нь үргэлжлэл болж үлдсэн зургаан хүүхэд нь ч нас тогтсон, амьдрал тогтсон хүмүүс болжээ. Цолмон эмгэний үр хүүхдүүд, хүргэн бэр, ач, зээ, гуч гээд тавь гаруй их бага хүн энэ

орчлонд өөр, өөрийн мөрийг үлдээж байгаа билээ. – За ээж минь бүх юм жин тан боллоо. Маргааш өглөө эрт явна шүү. Холын замд ядарна. Сайхан унтаж амар хэмээн эмгэний дунд охин хэлээд ээжийгээ

өрөвдөнгүй харав. – Ээ гэгээн сахиус минь аварч ивээлээ. Үхэхээсээ өмнө Хоёр хангайн уулсаа харж есөн зүйл рашаанаасаа үр хүүхдүүдтэйгээ хамт хүртэх азтай хүнээ би. Цолмон эмгэн уруул

өмөлзүүлэн хэлээд нулимсаа арчив. Тэр шөнө Цолмон эмгэний нойр хүрсэнгүй. Ноён аав, хатан ээжтэйгээ тайж ах нартайгаа, төрсөн дүү нартайгаа уузах юм шиг санагдаж уйлахдаа уйлж ганцаараа ярьсаар

үүр цайлгав. – Хүүе эмээ та ядарна даа. Шөнө унтаж амрахгүй хөрвөөгөөд, уйлаад ч байх шиг бас ганцаараа яриад намайг ч унтуулсангүй гэж эмгэний зээ охин Хулан хэлээд эмээгээ өрөвдөн харав. – Хоёр Хангайдаа очих гэж байж яаж нойр хүрэх вэ? Дээ охин минь. Хар дарсан зүүд шиг он жилүүд байлаа шүү дээ охин минь. Ээ төр минь. Төрийн минь сүлд хатуудаа ч бас мөн ч хатуу шүү хэмээн залбирах эмгэний нүдэнд нулимс гялтагнана. – Эмээ минь тайван бай. Цайгаа уу. Хол газар ядарна шүү. Таны гурван дүү гурвуулаа амьд мэнд сайхан амьдарч байна гэсэн. Ээж өчигдөр тэгэж байналээ. Цолмон эмгэн мөн наминчлан залбирч – Ээ Хайрхан минь. Амьд мэнд байна гэнэ үү. Бүр тэгээд гурвуулаа байна гэнэ үү гэж асуугаад өмөлзөн уйлав. Хулан охин эмээгийнхээ нулимсыг арчиж – Юу боллоо гэж гурвуулахнаа байх вэ дээ. Бүгдээрээ хүүхдүүд нь том болсон өнөр өтгөн айлууд байгаа шүү дээ хэмээн аргадав. Эмгэний зургаан хүүхэд

өөр, өөрийн гэр бүлийн хамт давхилдан ирж Цолмон догдолж хөөрөн доголон нулимстай гэрээсээ гарч бага хүү Сүхийн шинэ машинд суун тухлав. Цолмонгийн хүүхдүүд ар араасаа дагалдан давхилдсаар Архангай аймгийн нутаг уруу орж ирэв. – Ээжээ хотоос гараад долоон зуун километр явчихлаа. Одоо ч таний нутаг дөхөж байгаа байхаа. Хүү нь урьдах замаа ширтэн асуухад эмгэн нэг их баярлаж – Тэгвэл манай нутаг дөхөж байгаа даа. Манай нутаг чинь цаашаа Завхан, урагшаа Баянхонгор, хойшоо Хөвсгөлтэй хил залгадаг юм шүү дээ. Эцгийн минь нутаг хоосроогүй юм байна. Хоёр Хайрханы доохно байх есөн зүйл рашаан хүртэгсдэд зориулсан байр хүртэл баригдаж, тохижсон гэсэн шүү. За даа би Дулмаа, Хулан хоёроо бол танина. Харин Хайдавсүрэнгээ таних болов уу гээд эмгэн нулимсаа арчив. Дээд тэнгэрт тулан ургасан гэмээр үүлэнд шүргэсэн хоёр их Хайрханы

мананд хучигдаж сүртэй харагдана. Энхэл, донхол шавар хадтай замаар машинууд болгоомжтой урагшлана. “Би энэ замаар амь дүйж зугатаж явсанаас хойш жаран жил өнгөрч дээ. Том хүү минь тавь хол гарчихсан шүү дээ. Арга ч үгүй юм даа” хэмээн эмгэн бодож догдолж явлаа. Их таван ханат гэрийн хойморийг эзлэн суусан настангууд хуримлагч хос залууст ерөөл өргөн бэлэг гардуулж байтал гаднаас орж ирсэн залуу бүсгүй – Хайдавсүрэн гуай танай гадаа хот газрын олон машин ирээд зогсчихлоо. Цагаан толгойтой сайхан буурай эхний машинаас бууж байна. Дагий ажаа таныг дуудуулж байна гэхэд буурал толгойт өвгөний зүрх үрүү нэг халуун юм нудраад авах шиг болж – Цагаан толгойтой буурай бууж байна. Хүүхээ чи сая тэгэж хэлэв үү гэж асуугаад өндөлзөв. – Тиймээ. Танайд хотын олон гийчид ирж байна. Өвгөн найрын ахлагчаас зөвшөөрөл хүсэн босч хуримлаж буй ач хүүгийнхээ зүг харж инээгээд үүд үрүү алхав. “Цагаан толгойт буурай гэнээ. Цагаан толгойт буурай ирлээ гэв үү. Сураггүй болсон эгч минь ирж байгаа юм биш байгаа даа. Намайг нэг нас хүрээгүй байхад

алга болсон юм гэдэг. Би жаран таван настай гээд бодоход эгч минь ная гарч жаран таван жилийн дараа ирлээ гэж үү. Ээ үгүй байх. Би дэмий горьдож байх шиг байна. Үгүй тэгээд дэмбэрэл ерөөл байгаад эгч минь хүрээд ирж байгаа юм билүү”. Хайдавсүрэн өвгөн догдолсон сэтгэлээ барьж дийлэлгүй хирэндээ том том алхлан гэр өөдөө алхав. Хайдавсүрэнгийн өөдөөс хэлгүй эгч Хулан нь ихэд яаран алхаж явсанаа үхрийн баасанд тээглэн ойчив. – Тээр гэм доод газраа харахад яадаг юм бэ? Хөл гараа гэмтээвэл яана. Өвгөн яаран очиж дал гарч буй эгч хөгшнөө түшин босгов. Хулан эмгэний нүдээр нулимс цийлэлзэж ийм чухал үед ярьж чадахгүй байгаадаа ихэд адган гэр үрүүгээ зааж орилов. Хайдавсүрэн эгч хөгшнийхөө гараас яаран атгаад – Яасан бэ? Эгч ирсэн үү гэж чанга асуув. Хулан эмгэн толгой дохиж байлаа. Хоолой өөд нь нулимс огшоод ирсэн Хайдавсүрэн эгч хөгшнөө орхиод гэр өөдөө харайлгав. Гэрийг нь тойрон бүчсэн хот газрын ганган машинуудын шил толь наран сөрөг гялалзана. Гэрт хүмүүсийн инээд цалгихад Хайдавсүрэн тун ч яаран хаалгаа татав. Сайхан цагаан царайтай буурал эмгэн хүлээсэн байртай гараа өвдөг дээрээ тавин

сууж байснаа Хайдавсүрэнг харан нүдээр нь нулимс мэлтэсхийн дүүрэв. – Бурхан Ноён аавтай минь ямар адилхан юм бэ? Дээ хэмээн Цолмон эмгэн өөртөө шивнэсэн нь бүгдэд сонсдов. – Сайн байна уу. Та сайхан зусч байна уу. Бие тэнхээ данги сайн уу. Хайдавсүрэнг харсан эгчийнх нь хүүхдүүд бүгд босоцгоон дор бүрнээ түүний мэндийг мэдэн золгоход бэлдэв. Хайдавсүрэнгийн гар дээр найман тахилт урт баранзад хадаг тохсон эхнэр нь эгчтэйгээ золго гэж байгаа бололтой араас нь түлхэхэд ихэд согтуу хүн шиг тэнтэр, тунтар гишгэсэн Хайдавсүрэн хүрэн үйтэн хуар дээлийн энгэрийг засан эгчийнхээ өмнө очив. Үүлэн цэнхэр өнгөтэй үйтэн хуар дээлийг цэмцгэрхэн өмссөн буурал эмгэн дүүгийн барьсан баранзад хадгийг тосон авч дүүгийнхээ нар салхины үнэр шингэсэн хацар дээр халуун дотно үнсэв. Олон жилийн өнчрөл хагацлын гуниг зовлон нь тайлагдаж буй бололтой нулимс горхилон урсана. – Эгчээ сайн байна уу. – Эгч нь хүрээд ирлээ. Ингэж нэг уулзах хувьтай байжээ. Цолмон Хайдавсүрэнг тэврэн мэгшин уйлж инээмсэглэх аж. Инээсэн хацрыг нь даган

нулимс горхилон урсана. Амьдын хорвоод амьд явах ийм сайхан ажээ. Ах дүүс золголдон учралдаж гал шаргал цай мөнгөн аягануудад уур савсах үес гэр тойрон гүйх хөлийн чимээ дуулдаж, мэгшин уйлан шуухитнах сонсдоход Хайдавсүрэн цочих мэт өндийж – Мартаж орхиж. Хулан эгч минь хэлгүй болчихсон шүү дээ. Тэр жилийн үймээнээр гээд яаран гарснаа Хулан эмгэнийг хөтлөн орж ирэв. – Миний дүү. Хулан минь байна ш дээ гэсээр Цолмонг өндөлзөхөд хэлгүй эмгэн гар сарвайн урагш тэмүүлж – Эгчээ гэж хашгирав. Цолмон, Хулан хоёр тэврэлдэн ажин түжин хэсэг сууж нулимсаа сэмхэн татацгаана. – Хэл орчихлоо гээч. Намайг нэг настай байхад хэлгүй болсон юм гэсэн. Эгчийг хараад хэл орчихлоо. Хайдавсүрэн ихэд баярлан хэлээд сэтгэл баясан ханхайн суув. – Хүүе та минь ээ. Хэн бэ? Дулмаа самган уу даа. Зайдан морьтой яаж яваа юм бэ? Гэх авгайчуудын дуун хадаж нохой шуугиад явчихад Хайдавсүрэн онгорхой хаалгаар харав. Ная дөхөж буй Дулмаа эмгэн зайдан мориноос үсрэн буугаад морио тэр чигт нь хаяад гэр үрүү сүрхий доголон орж ирэв. – Хүрээд ирсэн үү. Миний эгч хүрээд ирэв үү. Тиймээ

тийм. Энэ олон жил би таныг амьд яваа гэж боддог байсан юм. Хайрхан өршөөж, эгч минь ирлээ. Хадаг барьж золгоогүй ч Дулмаа эмгэн Цолмонгийн энгэрт толгойгоо наан мэгшин уйлав. – Ашгүй дээ. Ингээд хүрээд ирдэг бид их азтай хүмүүс юм. Дулмаа дүүгийнхээ үг хэлэх, үйл хөдлөлөөс Цолмон, Номингоо хатан эхийг өөрийн эрхгүй санаж, олж харж байлаа. Хайдавсүрэнгийн таван хүүхэд, бэр, хүргэн, ач, зээ, ачинцар, зээнцэр, Хулан эмгэний ганц хүү гэх Баатаржав ахыг нь санагдуулам хүдэр эр гээд бараг нэг баг улс болсон байлаа. – Том эгчээ. Таньтай нэг хүн золгох гэж байна. Бидэнд их тус болсон хүний хүү Насан эхнэр, хүүхэдтэйгээ ирлээ. – Амар сайн уу. Хэний үр удам байна даа гэж тэднийг үнссэн Цолмон асуув. – Борчин хиагийн том хүү. – Бурхан минь тэгэлгүй яах вэ. Хундагаа аягачин, Борчин хиа хоёрыг бид яахин мартах билээ. Буянтай, сайн хүний үрс байна. Маргааш нь ахан дүүс Ноён Хангай, Хатан Хангай хоёр Хайрханаа тахиж ноён аавдаа зориулан овоо босгож, овооны наадам хийж морь уралдуулж, бөх барилдуулан эрийн гурван наадам хөгжөөв. Хатан ээжүүддээ зориулж мөнгөн суварга босгов. – Хайдавсүрэн. Миний дүү

өө. Чиний ээж Цагаан хатан миний амьдралд тун их гавъяатай ачтай хүн. Миний хүүхдүүдийг хүн хийж өгсөн буянтай хатан ээж байлаа хэмээн Цолмон, Хайдавсүрэнд ихэд аминчлан хэлэв. Хайдавсүрэнгийн зүрхээр нэгэн халуун үерлэж, нүдээр нь чийгтэж – Тийм үү. Миний ээж үү. Миний ээж сайн хүн байсан байхнээ гэж шивнэв. – Хайрхан уулс, Ноён, Хатан хоёр Хангай минь. Та нар минь оршин тогтсоор л байна. Ноён аав, хатан ээжүүд шиг түшигтэй нутгийн сүлд хайрханууд минь. Би буцаад ирлээ. Үр ачаа дагуулаад ирлээ хэмээн Цолмон сөхрөн сууж залбирав. Ноён аав нь гурван хатан ээж нь хоёр ах нь харагдах шиг болоход Цолмон өөртөө хуурай мэгшив. – Ээ төрийн Сүлд минь амгалан оршигтун. Төрийн сүлд хатуурхахаараа

мөн ч хэцүү юм билээ. Хүүхдүүд минь төрийн сүлдэндээ мөргөцгөө. Төр хилэгнэхгүй түмэн олон жаргалтай байг. Хэмээн Цолмон ихэд сүсэглэн хэлэв. Хоёр Хангай хажууханд нь дүнхийн есөн зүйл pашаан хоржигнон урсана. Ноён аавын нутаг газрын диваажин мэт санагдана. Хатдын цадиг домог болон оршиж, үрсийн жаргал үлдэх амьдралыг хөтлөн байлаа. ТӨГСӨВ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *