Home Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “16-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “16-Р ХЭСЭГ”

0 second read
0
0
325

… – Нөхөр ахмадаа таныг хэлтэс дээр яаралтай дуудаж байна. Жолооч цэргийг ёслон тушаал дамжуулахад Ерөөлтийнхөөр очихоор дээлээ өмсч байсан Долд дээлээ яаран тайлаад дүрэмт хувцсаа өмсөн хэлтэс

рүү очив. “Дарга Цэцэн хатан Дандархайдав хоёрыг яаж шийдсэн бол” хэмээх бодол Долдын зүрхийг түгшээсээр байлаа. – Нөхөр хурандаад таны дуудсанаар ахмад Долд ирлээ. Дэд хурандаа түүнийг ширүүн

харж сандал уруу дохив. Долд сандалд суун чихэр горьдох хүүхэд мэт дэд хурандаагын амыг харна. – Нөхөр Долд… Таньд би шинэ даалгавар өгч байна. Тариатад гарсан эсэргүү бослогод голлох үүрэгтэй оролцож,

баригдалгүй уул хаданд дүрвэн гарчихаад байгаа тайж Баатаржав тэргүүтэй нэр бүхий эсэргүүнүүдийг барьж ир. Таньд аймгийн ардын цэргийнхэн тусална. Явж тушаал биелүүл гэж тушаав. – Мэдлээ. Нөхөр

дэд хурандаа би хэзээ явах вэ? – Одоо. Өө тийм таны барьж ирсэн Цэцэн хатан, Дандархайдав нар хаана байгаа вэ? – Жолооч Ерөөлтийнд байгаа. Нөхөр даргаа тэдэнд муу юм болохгүй биз дээ. – Та явж үүргээ

гүйцэтгэ. Эндэх ажлыг би зохицуулна. Ирээд мэднэ биз. .. – Мэдлээ. Гүйцэтгэе. Даргын байдлаас сайн юм болохгүйг мэдрэх шиг болон дотор нь хоосроод явчихсан Долд даргын өгсөн үүргийг биелүүлэхээр гарав. Түүнийг хүлээж зогссон машины жолооч Долдыг хармагц машинаа асаан хөдлөхөд бэлтгэв. – Даргаа шууд яв гэсэн тушаал өгсөн гээд жолооч машинаа асаан хөдлөв. Долд түгшүүрт бодолд автан урьдах замаа ширтэн явлаа. Дарьсүрэнг хараад ихэд баярласан Цэцэн хоол цай болоод явчихав. Дандархайдав эртний нэг судар уншиж сууснаа баярласан царайгаар бүсгүйг харж инээмсэглээд – Ямар сонин хүн бэ? За чи сайн биз дээ гээд судраа эвхэж түүнд ойртон суув. – Би ажилдаа орсон. Хичээл эхлээгүй байгаа ч ажил ихтэй байна. Та хоёрыг өнөөдөр гадуур дагуулж явдаг юм билүү гээд ирлээ. Цэцэнгийн царайд баярын гэрэл цацарч – За ашгүй гарах юмсан гэж их бодож байлаа. Уг

нь энэ нутаг чинь миний төрсөн нутаг юм шүү дээ. Эцгийн минь өргөө хатан Туулын эрэг дээр Чингис уулын өвөрт байдаг байсан юм. Их хаадын түүхийг бичсэн Манж Монгол их цэргийн ялалт ялагдлыг өгүүлсэн бичигт хясаа гээд үзэмжит хадны ёроолд би очиж тоглодог байсан юм. Хатан Туулынхаа уснаас амсч, хан өвөг дээдсийнхээ гэрийн бууринд очиж сүү өргөж, нутгийнхаа ууланд мөргөмөөр санагдаад гэж ихэд сэтгэл догдлон хэлэхэд Дарьсүрэн түүнийг ихэд өрөвдөж – Би яаж ийгээд таныг тэр нутагт чинь аваачнаа гэв. Машин дуугарч гаднаас Ерөөлт эхнэрийн хамт орж ирэв. Ерөөлт цаагуураа нэг түгшин тэдний төлөө зовинож байлаа. – Ашгүй дээ та хоёр минь цай хоолныхоо халуун дээр ирлээ. Цэцэн хатан тэдний өмнө цай хоол тавьж горьдсон харцаар Ерөөлтийг харж – Бид хоёрын талаар ямар нэг сураг ажиг гарав уу гэж асуув. – Шийдвэр гараагүй л байгаа бололтой. Гэхдээ муу юм болохгүй гэж би бодоод байгаа. Долдыг сая тусгай

ажилд явуулчихлаа гэсэн Ерөөлт халуун цай оочлон уув. – Хөөрхий Долд минь тэгээд хэд хоног явах юм бол доо. Бие нь гүйцэд тэнхрээгүй байгаа. Ядрах байх даа зайлуул. Ерөөлт Цэцэн хатанг харах тусам хальширч “Яах бол. Арай аваачаад хорьчих юм биш биз” хэмээн бодож байлаа. Ерөөлт Дарьсүрэнгийн гуйснаар Цэцэн хатныг төрсөн өвөлжөөнд нь аваачиж тэр оройжин баярлуулав. Хатан төрсөн нутагтаа очиж Туулын уснаас амсан сэтгэл тэнийн баярласаар тэд оройхон ирэхэд Ерөөлтийн гадаа тусгай ажиллагааны хоёр машин зогсч байлаа. Дэслэгч цолтой залуухан чикест Ерөөлтөд ойртон ирж – Нөхөр ахлагч танайд байгаа Цэцэн, Дандархайдав нар хаана байна гэж асуухад Ерөөлтийн дотор палхийж – Яах гэж байгаа юм бэ? Гэв. – Хувьсгалын эсрэг тэрслэн боссон феодал этгээд Цэцэн, Дандархайдав нарыг дайчлан баривчлах тушаал ирснийг гүйцэтгэж байна. “Ээ бурхан минь ийм ч юм болох гэж. Бид яасан өөдгүй хүний ач тусыг

мэддэггүй улс вэ? Би яаж… би яаж хатан түүний хүү хоёрын нүүрийг харнаа.” Ерөөлт ихэд харамсан ийн бодов. Төд удалгүй Цэцэн хатан түүний хүү хоёрыг баривчлан явахад Дарьсүрэн нүд дүүрэн нулимстай харсаар хоцров. … … – За би таны хэлснийг бүгдийг хийчихлээ. Одоо охиныг явуул. Цагаан дотроо хичнээн их айж байсан ч түүнийгээ хүчээр даран хэлэхэд Ван овогт махлаг тарган биеэ оволзуулан хөхөрч – Ай яажий тэгж болнаа. Хатагтай та их ууртай хүн юм. Байрандаа орваа. Би таныг дайлна хэмээн хөгцтэй шар шүд ярзайлган хэлэв. Цагаан цаад өрөө үрүү гуйвлан ороход Цолмон ширээний дэргэд уйтгартай гэгч нь сууж байлаа. – Яасан бэ? Миний дүүг эд нар айлгасан уу? Бие чинь зүгээр биз хэмээн Цагаан охины дэргэд очиж суув. – Мэдэхгүй дээ эгч минь та бид хоёр эндээс амьд гарч чадна гэж үү? Өдөр Чоймчиг туслах энд ирсэн. Чоймчиг туслах бид хоёрыг энэ хужаад зарчихсан юм байна. Одоо энэ муу хятад бид хоёрын биеийг үнэлүүлээд дараа нь алж дотор газар бидний эрхтэнг

явуулна гэж Чоймчигтой ярихыг би сонссон. Чоймчиг Дандархайдав ахыг минь ууланд алчихаад алт мөнгийг нь дээрэмдээд ирсэн юм шиг байна гэж шивэгнэсэн Цолмон ширээ түшин чимээгүй болов. – Энэ ёрын газраас амьд гарахыг хичээдэг юм шүү миний охин. – Чимээгүй та бид хоёрын яриаг чагнаж байгаа гээд Цолмон буруу харж ширээ үрүү нүүрээ наан шигдэв. Хүний хөлийн чимээ гарч тогооч өвгөн хятад тавиур дээр төрөл бүрийн хоол барин орж ирэв. Өвгөн хятад мээсийн инээж Цагааны өмнө хоол өрөөд Цолмонг өрөвдсөн байртай харж – Хайяа. Хаа газрын хүний зовлон ижилхэн юм даа гээд санаа алдав. Маргааш өглөө нь Цагаан дахиад л амгалангын гуталчин хятадынд очив. Гуталчин хятад Цагааны өмсч очсон Орос савхин гутлын өсгийг авч завсраас нь жижиг цаасыг авч өөр нэг гутлын уланд хийж хадаад Цагааны гутлын өсгийд бас нэг жижиг цаас хавчуулан буцааж хадаад Цагаанд өгөхөд Цагаан гутлыг өмсч байтал гаднаас хоёр ногоон малгайт ахлагч нар орж ирэв. – Аяа даргаа… тануус морил морил. Би ямарч гутлыг ингэж хадаж чаднаа шүү гэх

гуталчин хятадыг ахлагч ширүүн харж – Чи муу илжиг. Биднийг дагаад яв. Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийж байгаа чиний тагнан турших ажиллагаа илчлэгдсэн. Бос. Бидний урьд ороод яв гэж зандрав. Хятад Цагааныг хурдан яв гэж байгаа бололтой нүдээрээ дохиход Цагаан ухаан орох мэт ухасхийн гарав. – Хөөе эмэгтэй та хүлээж бай. Та энд яах гэж ирсэн юм бэ? Таныг ч гэсэн бид шалгах ёстой. Чикест залуугын чанга дуунд Цагаан бараг сөхрөөд уначих шахан ихэд айв. – Хайяа энэ хүүхаан надаар гутлаа янзлуулсан юм. Өөр ямарч гэмгүй лаа. Гуталчин хятад айсандаа газар мөргөх шахам тонгойн хэлэхэд уг ажиллагааг удирдаж байгаа мөрдөн байцаагч дэслэгч залуу – Та энэ эмэгтэйн гутлын чухам юуг нь янзалж зассан юм гээд Цагааныг сүрхий ажиглаж – Алив та наад гутлаа тайлаад засуулсан зүйлээ үзүүл гэхэд айсан Цагаан гутлаа тайлан өгч – Энийг гэж өсгийг нь заахад гуталчин хятадын царай цонхийн сааралтав. – Үгүй ер. Энэ өсгий яачихаад юуг нь янзалдаг билээ. Алив надад энэ өсгийг хөшчих юм байвал наанаасаа аваад өг дөө гэхэд нэг цэрэг түүнд хурц үзүүртэй хутга авч өгөхөд дэслэгч гутлын өсгийг гөнжин авахад дотроос нь жижиглэн эвхсэн цаас гарч ирэв. Дэслэгч бичгийг

дэлгэн харвал Монголд байрласан Оросын цэргийн ангиудын байршил, цэргийн тоо, техникийн тооцоо гэсэн уйгаржин Монгол бичигээр бичсэн бичиг байлаа. Дэслэгч – Цэргүүд. Энэ хятад, хүүхэн хоёрыг баривчилж гарыг нь гавла. Энэ өрөөнд байгаа бүх гутлыг нэгжиж өсгий өлмий хоёрыг нь ханзал гэж тушаал өгөхөд хоёр цэрэг ёсчлон гүйцэтгэв. Хоёр гарыг нь ард нь гавласан Цагааныг хоёр цэрэг чирэн авчирч Гэлэгийн өмнө суулгав. Гэлэг түүнийг ажиглан харж хөмсөг зангидаад – За тэгэхээр би чамаас олон зүйл асуухгүй. Чи худал хэлж, өөрийгөө зовоож миний ажилд саад хийх хэрэггүй шүү. Би амгалангын гуталчин хятад Чингүз гэгчийг аль эртнээс ажиглаж байсан юм. Чи хоёр дахь удаагаа Чингүзийнд очиж байгаа тийм үү? Гэхэд Цагаан айсандаа зөвхөн толгой дохив. – Яах гэж тэднийд очсон бэ? Урьд нь таньдаг байсан юм уу? Хэн чиний ард байгааг хэл. – Намайг Цагаан гэдэг юм. Миний нөхөр Намчин гэж хүн хөдөө яваад эзгүй байгаа. Танай газар ажилладаг. Би хөдөөний хүн. Намчингын эхнэр болж хотод ирсэн. Энд хүн танихгүй. Гэтэл нэг өдөр зах дээр дүүтэйгээ таарсан. Дүү минь нутгийн нэг таньдаг хүнтэй уулзаж байхад нь би очсон. Тэр хүнийг Чоймчиг гэдэг. Тэр Чоймчиг бидний нэг хамаатантай уулзуулж өгнө гээд гэртээ дагуулан очсон. Тэгээд

манай хамаатныг дагуулж ирнэ гээд гэртээ үлдээж явснаа төдөлгүй эргэн ирж – Ах чинь та нарыг дагуулаад ир гэж байна гээд биднийг дагуулан нэг айлд очсон. Тэгсэн тэр айл манай хамаатных биш. Хятад нэг их баян данжаадынх байсан. Тэр Чоймчиг биднийг хуурч аваачаад тэр хятадад зарчихаад явчихсан. Тэнд арван зургаахан настай охин дүү минь байгаа учир би тэр хятадын эрхшээлд орж дүүгээ аврахын тулд тэр хятадын өгснийг гуталчинд аваачиж өгсөн гээд Цагаан ихэд гашуунаар мэгшин уйлав. Залуу түүнийг удтал харж бодолд автан сууснаа – Тэгээд тэр хятад чинь хэн юм бэ? Гэж аядуухан асуув. – Хэнийг нь би мэдэхгүй. Харин тэр хятадыг би олно. “Намчин дарга баруун аймгаас царайлаг залуу эхнэр авчирлаа гэж шуугиад байсан энэ хүүхэн болж таарлаа. Хэлтсийн дарга болох тун дөхөөд эсэргүүн бослогын үеэр алагдсан. Алагдахдаа ч таарсан амьтан. Орос зөвлөх Батаевт биднийгээ ховлон дээш гарсан өөдгүй новш байсан. Олон ч хүний үнэнийг олохгүй хэлмэгдүүлж цус урсгасан хогийн амьтан. Харин би бол Намчин биш. Энэ хэргийн үнэнийг олохын төлөө ажиллана. Тэр муу тагнуул хятад энэ хүүхний ард суугаад үлдэхээр шийдэж баярлаж, баярласандаа багтарч байгаа биз. Тэр охиныг бас аврах хэрэгтэй” Гэлэг ийн бодсоноо – Чи тэр хятадын гэрийг олж чадах уу? Хэмээн чанга асуухад Цагаан толгой дохив. .. … – Май охион. Чи

өлсжүү байгаа. Чи амьд гарах хэрэгтэй. Би өнөө шөнө эндээс чамайг гаргаж өгнө. Тогооч хятад хоол оруулж ирэнгээ чихэн дээр нь шивнэхэд Цолмон хөдөлсөн ч үгүй. “Худлаа биз” гэж бодоод нулимсаа арчив. – Эзэнтээн. Үүдэнд хүн ирчихсэн байна. Нөгөө хүүхэн мөн шиг байна. Туслах хятадыг орж ирэн бөхөлзөхөд Ван овогт ханзан дээрээс өндийж – Сүүл дагаагүй биз. Ногоон малгайтнуудад баригдаад ийм хурдан ирнэ гэдэг их сэжигтэй хэрэг. Түүнийг тэгээд зүгээр явуулчихлаа гэдэг сэжигтэй юм биш үү? – Тэр хүүхэн охиныг энд байгаа болохоор ирсэн байж болох юм. – Тэр өлөгчинг наашаа оруул. Өнөө шөнө зүйл дуусга. Охины биеийг үнэлж цэнгээний газар хүргүүл. – Тэгье эзэнтээн. Туслах хятад бөхийсөөр гарч хашааны үүд рүү очиж – хэн ба? Тэнд хэн байнаа гэж хашгирахад Гэлэг Цагааны араас зөөлөн түлхэв. – Би байнаа. Цагаан байна. Даалгавраа биелүүлээд охин дээрээ ирж байна. Хятад өлмийлдөн гишгэж ирсээр хаалга онгойлгоход Цагаан дотогш орохдоо туслах хятадыг хойш нь байдаг хүчээрээ түлхэж хаалгыг нээмэгц чикестүүд дайран оров. “Хар чоно” нэрт тагнуулын том бүлэглэлийн толгойлогч Ван овогт ийнхүү баригдав. – Цолмон охин минь бид чөлөөтэй боллоо. – Тиймээ. Таны

ард ногоон малгайтангууд байна. Хоёул эндээс зугатъя. Тэр хоёр зэрэг санаа алдан тэврэлдэв. – Цагаан та тагнуулын том бүлэглэлийг илрүүлж манай ажилд их тус боллоо. Та энэ бүлэглэлд холбоогүйг мөрдөн шалгах хугацаанд тодруулсан. Таны нөхөр Намчин босогчидтой тэмцэж байж амь үрэгдсэн. Харин та ажил хийх хэрэгтэй. Эсгийлэхийн үйлдвэрийн Жанцан дарга дээр оч. Та ажилтай болно. Таньд амжилт хүсье гээд Гэлэг Цагаантай гар барив. Цагааныг гадаа гарахад намрын том улаан нар дээр хөөрч байлаа. Амьдралын наран өдөр бүр түүнийг гийгүүлж буйг Цагаан ойлгох шиг болон итгэлтэй бардам алхан одлоо… Шөнийн түнэр харанхуйг цуучин урагшлах машины бүүдгэр гэрлийн ёлтолзохыг зэрвэсхэн харсан Цэцэн гүн сүүрс алдаад дэргэдээ суугаа хүү Дандархайдавыг ихэд харамсан харав. Хүү эхийнхээ мөрөөр халуун оргиулан тэвэрч – Ээжээ битгий айгаарай гэж зөөлөн шивнэв. – Ээж нь айхгүй ээ. Харин хүү чамдаа их харамсч байна. – Хагацъя даа ээж минь. Гэсэн ч бидний сүнс үүрд хамт байх болно. Харанхуйд хэн нэгний гар тэмтчин ойртож Цэцэнгийн гарт жижиг бүлээн зүйл атгуулав. – Би Намхай байнаа. Энэ орчлонгоос үүрд явж байх шиг байна. – Тэнгэр бурхан минь. Намхай минь яалаа гэж энэ вэ? Чи чинь том дарга биздээ. – Тийм ч гэсэн би бууны өмнө

зогсох боллоо. Одоо биднийг хэн ч хорьж чадахгүй ээ. Үүрд хамт байх болно. Хайрын нар шингэдэггүй юм байна. Энэ миний чамд өгсөн нөгөө бөгж. Зүүчих хөө. Намхайн хэлснээр Цэцэн бөгжийг ядам хуруундаа зүүв. Бодогдох юмгүй нам гүмхэн хачин тайван хоосон орчин сэтгэлд нь цэлэлзэнэ. “Би азтай хүн юм. Туулынхаа уснаас амсч, Хан эцгийнхээ шороонд хөлбөрлөө. Үхэхэээсээ өмнө газар, устайгаа салах ёс гүйцэтгэлээ. Харин охин минь. Цолмон минь чи жаргалтай амьдраарай”. Машин огцом зогсоход тэд бие биенээ мөргөн тогтов. – Ээжээ цаг ирлээ. Би таньдаа их хайртай байсан шүү. Та хамгийн сайн ээж. Ээжээ битгий айгаарай. Бид үргэлж хамт байх болно. Дандархайдав хоолой чичрүүлэн хэлээд эхийгээ тэврэн машинаас буулгав. – Миний хүү өө. Ямар харамсалтай юм бэ? Хөөрхий цэл залуу сайхан хүү минь. Хайран ч хүү минь. Яалаа гэж энэ вэ? Цэцэн нулимс дуслуулан хэлээд ханхар хүүгээ үхлийн сумнаас халхлах гэж хаацайлан зогсов. – Зэрэгцээд. Буугаа сумлаад. Буудахад бэлтгэ. Үхэлд илгээгчийн дуун чихэн дээр нь хангинахад Цэцэн нүдээ анив. Эргэн тойрон хав харанхуй бөгөөд хоосон үнэний гашуун эргүүлэг тэднийг тосон цэлэлзэнэ. Чихэн дээр нь бууны замаг тачигнахад бүгдийнх нь бие зарс хийв. – Энэ хувьсгалын төлөө цусаа урсгаж явсан хүний хувьд надад хэлэх үг байна. Өнөөдөр та нар намайг буудавч маргааш хэн

нэгэн нь хэн нэгнийг чинь буудна. Үхдэг амь, урсдаг цусаар удаан тогловол улс мөхөхийн шинж. Хувьсгал хувьсгал чигээр мандаж хувьсгалч хувьсгалч шиг сэхээрэгтүн. Би эх орондоо хайртай, эх орондоо хүч зүтгэсэн эгэл хүн. Энд байгаа хүмүүс ч бас тийм. Тиймээ. Бид эх орондоо хайртай. Монгол улс мандтугай! Намхайг сүүлчийн үгээ хэлмэгц буу зэрэг, зэрэг нирхийж шөнийн харанхуйг улаан цусаар бялдсаар эрдэнэт хүний амь хэдэн арваараа халин одов. Эрдэнэт хүмүүний аминд харамсах мэт шөнийн одод нулимс мэт гялтагнана… … Шөнийн тэнгэрийг цуучих мэт буун дуун нүргэлээд явчихад Баатаржав үсрэн босоход жолоо цулбуурыг нь эвхсэн дүүхэлзсэн бор морь давхин ирэхэд тэрээр моринд үсрэн мордоод чулуунаас оч үсэргэн давхисаар алга болов. – Улаан барам чинь зугатчихлаа гээч. Яах гэж буудав даа. Унтаж байхад нь бариад авдаг байсан юм гээд Долд амаа барив. Ийнхүү Тариат сумын арын уулсаас эхлэн буудалцаж, хөөцөлдсөн баг цэргийнхэн бор морьт дээрэмчнийг хөөсөөр арваад хоногийг авч Хангай сумын нутагт орж ирэв. Бор морь сүүдрээ ч үлдээлгүй алга болсон тул эрэл ихэд удаашралтай үргэлжилж байлаа. Гэтэл эрлийн багт туслахаар Архангай аймгаас ирсэн ардын армийн салаа цэргээс нэг шөнө арван цэрэг алагдаж цэргийн хүнс, зэвсэг, морьд алдагдсан үнэмшилгүй явдал болж сэтгэл

сэрдхийв. Долд дан цэргийнхэн үрүү дайрдаг бор морьт дээрэмчинтэй хөөцөлдсөөр намрын сарыг үзэж дээд газартаа илтгэл бичин буцах зөвшөөрөл хүсч байтал бор морьт дээрэмчин бараг өөрөө гарт нь ороод ирэв. Машинаа жалганд нууцлан тавьсан Долд дагуул хоёр цэрэг авч Цэцэн хатны амьдарч байсан агуйг хайсаар явж арайхийн олов. Цэцэн хатан амь дүйсэн тэр нэг өдөр Долдынхныг нааш нь энэ агуйд авчирч сувилан амь насыг нь буцаан өгч билээ. Хөөрхий хатанг хүүгийн хамт цаазаар авхуулахыг сонсоод Долд ичиж нэрэлхэх зүйлгүй мэгшин уйлж билээ. Хичнээн олон гэмгүй хүн эсэргүүн дайсан хэмээгдэн буудуулж байгааг бодон Долд хирдхийн харамсав. Мөн Долд хатныг, хүүтэй нь хамт өөрөө үхэл үрүү нь хөтөлж очсоноо бодохоос гол нь харлана. Долд хоёр цэргийн хамт дээш мацан их удаан явсаар хатны агуйд очив. Агуйд ороод тэр мэл гайхан зог тусав. Агуйд байсан шүтээн бурханы өмнө олон зул бадраасан байх бөгөөд тулганд тавьсан жижиг тогоонд бүлээн хар цай байсан тул ширээн дээрх аяганаас авч цай хийж уун магнайныхаа хөлсийг арчсан Долд “Энэ агуйд хэн амьдарч байгаа юм бол. Цай нь хөрөөгүй байхыг бодоход энд хэн нэгэн амьдарч байгаа нь тодорхой боллоо. Цэргийнхэн үрүү дайрч шууд алдаг бор морьт дээрэмчин хэн бэ? Арай Баатаржав тайж биш биз” гэж хирдхийн бодов. Гэтэл агуйн үүдэнд

морь тургих чимээ сонсдож аяншин гандсан хүрэн бор царайтай хүдэр чийрэг эр агуй уруу тэвхэлзэн алхсаар орж ирэв. Тэр агуйн хойморт суух ногоон малгайт гурван эрийг харж зэвүүтэй гэгч нь инээмсэглээд буугаа шүүрэн авч хормын төдийд хараалж – Энэ агуйгаас гарцгаа гэж зандрав. – Баатаржаваа буугаа хая! Ингэж болохгүй. Эцэг, өвгөдийнхөө шүтээний дэргэд цус асгаруулж болохгүй. Лав л Цэцэн хатан Дандархайдав хоёр үүнийг хүсэхгүй дээ гэж Долд хэлэв. – Битгий хуц. Харин ч завшаан боллоо. Чи нөгөө муу новш байхнээ. Чамайг алуулах гэж байхад хатан ээж нааш нь авчирч сувилж, амийг нь аварсаны хариуд чи хатан ээж, миний ах хоёрыг хууран аваачиж буудан хөнөөсөн. Одоо би чамаас энэ ядмаг амьтдаас чинь цусан хариуг тооцон авна. Гар. Агуйгаас гар гэж Баатаржав дотор зарсхийм муухай дуугаар орилов. Долд хоёр цэргээ дохин түлхсээр гадаа гарав. Агуйгаас дөнгөж гармагц Баатаржав нэг цэргийг нь шууд буудан унагав. Долд түүний зүг харсан ч үгүй буудаад хадны цаагуур бие халхлан оров. Цэрэг нь түүний хажууд шуухитнана. Долд дахин бууны дуун сонссонгүй. Ажин, түжин оргиход гайхан өндийж болгоомжлон харав. Баатаржавын хөлд буу нь хэвтэж тэр өөрөө агуйн

амны том хөх чулууг түшин зүрхэн тушаа газраас нь садран урсах цусыг гараараа таглан дайвалзан хэсэг зогсосноо эцсийн тамир нь тасарч газарт пидхийн унав. Агуйд сүүмэлзэх олон зулын гэрлээс ч тод гэрэл нүдэнд нь цэлсхийн Баатаржав тэр зүг яаран тэмүүлэв. “Би түүнийг алчихлаа. Энэ айлын гурван хүн миний оролцоотой хорвоог орхилоо доо. Уг нь би Баатаржавыг алах ёсгүй байсан юм. Гэтэл төр… төр надад тушаасан. Хэдийгээр би хүн мөсгүй адгийн амьтан ч төрийн өмнө үүрэг хүлээсэн цэрэг хүн” гэж Долд цөхрөн бодов. Нийгмийн золиос болсон олон хүний цус шиг урссан уйтай цаг үе урсан холдож байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…