Нүүр Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “14-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “14-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
275

Ээжээ та чинь яаж яваа нь энэ вэ? Энэ хүмүүс юун хүмүүс юм бэ? Цусанд нэвчсэн шархтай хүн үүрч яваа ээжийгээ харсан Дандархайдав хирдхийн дуу алдав. – Төрийн хүмүүсээ миний хүү. Лам

нар бас Баатаржав дүү чинь энэ хүмүүсийг сүйдэлчих шахлаа. Золоор амьд гарцгаалаа. – Одоо тэгээд хаачих гэж яваа юм бэ? – Шүтээний агуйд толгой хоргодож амиа авч гарахаас. – Алив тэгвэл би үүрье.

Ингэхэд та нар яаж яваад манай ээжтэй таарчихдаг билээ. – Уг нь ээжийг чинь баривчилж аваад явж байсан юм. Гэтэл үймээн дэгдээгчид дайрч буудалцаад бид сумаа дуусч баригддагын даваан

дээр ээж чинь биднийг аварч нааш нь авчирлаа. Долдыг ингэж хэлэхэд Дандархайдав ээж үрүүгээ харав. Цонхийн цайж, хамаг бие нь дагжин чичирч хөлс нь дусалсан эх нь ихэд ядруу харагдах бөгөөд

инээмсэглэж зогсоход нь Дандархайдавын уур нь хүрэх шиг болов. – Ээж минь дээ. Та чинь таныг аваачаад буудчих хүмүүсээ аварчихаад өөрөө үүрээд явж байгаа хэрэг үү? Наадуул чинь таныг аваачаад

буудчихана шүү дээ хэмээн Дандархайдав бухимдан хэлэв. – Төр цаана нь байгаа шүү дээ. Төрдөө хар санаад юугаа хийх вэ? Төр оршин тогтож байвал боллоо. Би яах вэ? Хувь хүн. Намайг албал ална биз. Хүү минь сийрэг ухаантай байж сур. Наад хүмүүсдээ тусал. Агуйд дэмжиж туслаад аваад оч. Энэ хүмүүсийг асарч тэнхрүүл гэж Цэцэн тайвнаар өгүүлэв. Энэ өдрөөс эхлэн Цэцэн Дандархайдав хоёр шархтнуудыг сувилж шархыг нь эмчилж эхлэв. – Цэцэн хатан би таниас нэг зүйлийг асууя. Нилээд хэд хоногын өмнө таныг баривчлаад авч явсан манай гурван хүн хэрхсэн тухай хэлж өгөөч. Долдыг гэнэт ингэж асуухад түүний цагаа олоогүй асуултанд Ерөөлт муухай харав. – Тэр залуус намайг элдэвлэж зодож, зовоож байтал яг өнөөдрийнх шиг хүмүүс тэднийг буудчихсан. Тэдний дунд манай бага хүү Баатаржав байсан. Баатаржав аавыгаа алуулахыг харсан. Хөрөнгө хураасан хүмүүс манай

хурдан азарга, сангийн даамал Батааг бидний нүдэн дээр алж Номингоо хатан, бид хоёрт буу тулган намайг баривчилсан. Энэ бүгдийг харсан миний арван зургаан настай охин Цолмон минь гэнэт алга болчихсон. Үхсэн амьд аль нь ч бидэнд сураггүй зовоож байна. Угтаа бол манай талийгаач ноён энэ төрийн эсрэг хуруугаа ч хөдөлгөөгүй. Хөрөнгөө ч хар буруу саналгүй өгсөн. Гэтэл бид ийм их хагацал зовлон үзлээ. Үүнийг бага хүү Баатаржав маань тэсвэрлэж чадалгүй тэрслэн босов. Энэ бол гашуун үнэн. Та нар эдгэрч тэнхэрч аваад явахдаа эрх биш үнэнийг тунгаахыг хүсэх байна гээд Цэцэн хатан хүндээр сүүрс алдав. – Таныг бид бас баярлуулах юм шиг байнаа. Бид Гүржав нарын араас хүч нэмэгдээд ирэхэд тэд олдоогүй юм. Харин нэг өвөлжөөн дээр айж цочирдсон охинтой таарч тэр охин ахтайгаа уулзана гэж гуйсаар бидэнтэй хот орсон. Өмссөн хувцас гадаад байдал нь танай охинтой таарч байна гээд Долдыг өндийхөд Цэцэн ус бүрхсэн

нүдээр тэднийг харж – Тийм байвал мөн сайхнаа. Тэр их хөлийн газар, хүн танихгүй газар мэдэхгүй муу охин маань яаж зовж яваа бол хэмэн санаа алдав. – Эгч минь та санаа зоволтгүй. Таны охин танхимд ном сурч байгаа. Багш нь их сайн хүн гэж Ерөөлт ярианд оролцов. Хатан Дандархайдав хоёр тэр ярианаас хойш Долд нарт байгаа бүх боломжоороо тусалж байлаа. – Хатантан, бага ноёнтон нарын амрыг айлтгая. Тайжтан нэг эмэгтэйг асарч тэнхрүүл гэж нааш нь хүргүүллээ гэсээр Борчин орж ирээд мэхийв. – Юун эмэгтэй юм бэ? Тэгээд чи нааш нь оруулаач. Агуйн хойд ханаар даган суух ногоон малгайтнуудыг хараад Борчин хирдхийн цочиж царай нь барайв. – Алив ээ Борчин минь… тэр хүнээ аваад ир. Албаны улсыг энд байна гэж цаад Баатаржавтаа хэлэвээ. Цаадахь чинь сүйд хийнэ шүү гээд Цэцэн хатан хажуугаас нь нудрахад Борчин яаран гарч эмэгтэйг өргөн орж ирэв. Эмэгтэй ядрангуй байх бөгөөд халуун ихтэй байлаа. Эмэгтэйн нүүр нөжрөн хөхөрч хөл гар нь памбайн хавдсан байх тул Долд тэсч чадалгүй – Муусайн яргачид эмэгтэй хүнийг ингэж тамлах гэж ихэд зэвүүцэн хэлэв. – Танайхан ч мөн ялгаагүй яргачид. Эмэгтэй тэгээд

хөгшин хүн гэж бодолгүй ээжийг минь ямар болгосон байна. Ийм байхад чинь хүмүүс эсэргүүцэх нь аргагүй ш дээ. Дандархайдав Долдтой үг сөргөлцөөд эмэгтэйд туслах санаатай бөхийгөөд – Дарьсүрэн гэж дуу алдан тэвэрч авав. Дарьсүрэн танил дуу сонсч нүдээ алгуур нээснээ – Дандархайдав уу даа. Ихэд ядрангуй шивнэв. Агуйд байгсад биесээ гайхан харцгаана. – Чи энд юу хийж яваад ийм зовлонд унав даа. Дандархайдав хүүхнийг асарч бүлээн юм аманд нь халбагадаж хийнгээ халаглах шахам харамсангуй өгүүлэв. – Ахыгаа хайгаад… – Ахыг чинь хэн гэдэг юм бэ? – Нанзад… Дотоодыг хамгаалахын… – Хүүе манай Нанзад байх нь хэмээн Долд урагш ухасхийв. – Та бас энд юу хийж байгаа юм бэ? – Босогчдоос нуугдаж… – Энэ агуйны эзэн босогчдын толгойлогч гэсэн. Тэд дахиад биесээ цочирдон харав. – Эсэргүүн босогчид олон байна уу? – Их олон. Миний сэтгэл зовж байна. Та нар зугатсан нь дээр. Тэр толгойлогч нь ирж ч магад. – Тэр миний дүү. Чи зоволтгүй. Дарьсүрэн Дандархайдвыг харж түшүүртэйгээр сүүрс алдав. – Хатантаан аюул боллоо гэх Хундагаагын дуунаар бүгд сандран Долд сумгүй буугаа шүүрэн авав. – Дунд

хатантан хүүхдүүдтэйгээ гэртээ хайлчихаж. Шарын цэргүүд галдчихсан бололтой. Ойролцоо нь хэд хэдэн орхимж хэвтэж байна. Цэцэнгийн царай барсхийн өвдгөөрөө лагхийтэл чулуун дээр чимээтэй гэгч нь суунтусав. – Ээ тэнгэр минь . Юу болох нь энэ вэ? Номингоо минь гурван балчир үр минь. Даанч яаваа. Яасан гэж, ямар мууг хийсэн гэж тэр лам нар ингэж байгаа юм бэ? Дөрвийн дөрвөн хүнээ ингэж нэг дор хайлуулчих гэж. Даанч дээ. Одоо бид нар яах юм бэ? Гэсээр мэгшиж гарав. – Ээжээ миний ээж тайван байдаг юм шүү. Ингэж зовох үйлийг хэдийд ч юм бэ? Бидний нэг хийсэн бололтой. Ээжээ хүү нь таныгаа заавал жаргаана. Жаргаах болноо гэсээр Дандархайдав хоолой зангируулан хэлээд нулимсаа хүчлэн залгив. “Эсэргүү босогчид эднийхийг галдсан бололтой.яагаад тэр вэ? Том жижиг дөрвөн хүн хөнөөчихдөг. Айхтар ноцтой хэрэг байна даа.” Долд Ерөөлт нар тэднийг өрөвдөн харж дотроо бодно. .. … – За Борчин минь

Чи Хундагаагаа аваад эндээс яв. Гадаа байгаа бүх малаа бас эндээс авах юм юу байна. Бүгдийг нь ав. Хүн танихгүй газар холхон очиж сайхан амьдраарай. Ээж бид хоёрын хувь тавилан яаж ч эргэж магад. Энэ хүмүүс биднийг аваачаад буудаж ч магадгүй. Удмын шүтээнийг минь хадгалж яваарай. Ганц итгэх хүн чи болоод байна. Баатаржав баригдахгүй бол чамайг олоод очих биз. Юмыг яаж мэдэх вэ? Манай хэдээс хэн нэг нь амьд гарсан бол… Надад амьд юм шиг санагдаад байх юм. Тийм бол асарч тэтгэж яваарай гэж захисан Дандархайдав Борчин Хундагаа хоёрыг гаргаж өгөөд олон хүнд гай болж яах вэ хэмээн дотроо бодов… … Ардын хувьсгалт армийн цэргүүдийн хүч нэмэгдэн ирсээр байгааг Дөнгөө уулын нэг оргил дээрээс ногоон малгайт жанжин Дамдинсүрэнгийн хамт Баатаржав харж байлаа. Улаан цэрэгтэй босогчдын хийсэн тулаан хоёр өдөр үргэлжилж хоёр тал аль аль нь сүрхий хохирол амсч байлаа. Ашигтай байрлал эзэлсэн ногоон

малгайтын зуутууд хүч түрэн орж ирэхэд Намхай цэргүүддээ хойш ухрах тушаал өгөв. Лувсанжамц хувилгааны удирдсан шар цэргүүд буун дуунаар уулаар нэг тархаж үгүй болсон байлаа. Намхайг ухрах тушаал өгөн цэргүүд ухарч байтал хэрэг бишдэж буун дуу тачигнаж илд эргүүлсэн цэргүүд уухай хашгиран дайран орж ирэх нь тэр. Зуун цэргийн өмнө дуулгат малгай өмсч хар нөмрөг нөмөрсөн залуу эр хуй салхи мэт хурдлан илд эргүүлэн давхих нь Баатаржав тайж байлаа. Баатаржав өөрийн нэг зуун цэргийн хамт улаан цэргийн хэдэн эгнээг тас дайран цавчилдаж их хохирол учруулснаа дохио өгч гэнэт буцаж тоос татуулан алга болоход Дамдинсүрэнгийн зуутууд нөгөө этгээдээс дайралт хийж Намхай тал цэргээ алдав. Намхай ч бас дохио өгч түр хориглон араас ирэх нэмэгдэл хүч хүлээв. Тэр өдөртөө нэмэгдэл хүч оройтосхийн ирж Намхай дахин дайралт хийв. Нэн ашигтай байрлал эзэлсэн босогчид харанхуй болтол ширүүн эсэргүүцэл үзүүлж хориглосоор байлаа. Шөнө цэргийн байршил дээр босогчдын анхны толгойлогч Түвд лам Лувсанжамц хувилгаан гэгчийг хэдэн цэрэг баривчлан авчрав. – Өнөөх Рэгдэл бүрүлгүү гэгч үхэшгүй мөнхийн

шидийг олсон хувилгаан гэгээнтэн чинь энэ дээ түүнийг Намхайн өмнө авчирсан цэргийн даргыг хэлэхэд Намхай хүйтнээр инээж бууныхаа амыг чиглүүлэн барьж – Тийм үү? Би чамайг буудчихъя. Чи үхэхгүй эргээд босоод ирэхийг чинь харъя гэхэд Лувсанжамц газарт унаж – Өршөө даргаа. Утсан чинээ улаан голыг минь өршөө. Би тэр ногоон малгайт Дамдинсүрэн гэдэг аюултай хүний гарт орж хүчээр өөрийгөө хувилгаанд өргөмжилсөн юм гээд гараа сарвалзуулан сөхрөв. – Дуугаа тат. Бос чи. Тэртээ тэргүй чи хүнд ялд унана. Чамайг тэр Түвдээс чинь Дамдинсүрэн дарамталж авчраа юу? Хэргэм зэргээ алдсан феодалуудаас олз ашиг горилж хувилгаан гэж худал хэлж амьтан хүний толгой эргүүлж энэ их цусыг асгаруулсан чамайг ардын засаг шагнахгүй нь лавтай. Тэнд хэдэн цэрэг байна вэ? Толгойлогчдыг нь нэрлээд орхи гэж Намхайн зандрахад бөгсөөрөө мөлхөн түүнд ойртсон Лувсанжамц өөрийн мэдэх зүйлээ тоочиж эхлэв. Хуягт танк бүхий явган цэргийн анги нэмэгдэн ирэхийг Дамдинсүрэн Баатаржав

хоёр харж байлаа. – Намайг итгэж дагасан үнэнч цэргүүд минь үхэн тулалдаж байна даа. Хүчээр хураасан цэргүүд ч зугатсан бололтой. Одоо сүүлчийн дайралтыг хийж дайсныг сэтлэн гарахыг бодъё. Тэгээд цэргээ тараан зүг буруулъя. Хангалттай цус урсгаж үймээн дэгдээлээ. Ванчин богдыг түмэн цэрэгтэй иртэл бартаа саад, машин очихооргүй газарт нуугдан морь биеийг тэнхрүүлье гээд дайсны зүг дурандсан Дамдинсүрэн – Морь гэж хашгирав. Баатаржав инээмсэглэж – Хм. Тэгээд тэр Ванчин эрдэнийн гэгээн чинь ирэх юмуу даа. Ах та тэр үлгэрт итгэж байхаар таныг таньж мэдэхгүй газарт очиж жир амьдралын мөр хөө. – Хцс. Ингэж их цус асгаруулсан хүн жир амьдралын мөр хөөж зохихгүй. Чоно шиг хэмлэлдэж яваад дуусна. Харин чи энэ үлгэрт итгээгүй юм бол яах гэж Тариатад бидэн дээр ирсэн юм бэ? – Би тань дээр ирсэн юм. Миний гэр бүлийнхнийг дэндүү их доромжилж хорхойд хоргүй эцгийг минь нүдэн дээр минь хөнөөснийх нь төлөө ардынхантай тооцоо хийсэн юм. Хэрэв ардын засаг аавыг минь барьж аваачаад алдаа оноог нь дэнслэн хорьсон бол

би хүлцэнгүй нэгэн байх байсан юм. Тэд намайг бас ахыг хайж, хатан ээжүүдийг баривчилж, доромжилсон юм. Үүний хариуд харин би цусан өшөөг хангалттай авлаа. За дайрцгаая. Уулын нөгөө талд амьд мэнд гарцгаая хэмээгээд Баатаржав мориндоо үсрэн мордов. – Өө хөгөө чирээ. Самбуу дүвчин баригдаж хүлэгдээд очиж байх шив дээ. – Хурдал. Хурдал. Цэргүүд мэдэж сэтгэл нь шантрахаас өмнө дайран гаръя. Дамдинсүрэнг хариу хэлэхийн зуурдгүй Баатаржав өөрийн зуутыг аван уул уруудан пижигнэн давхив. – Цагаа ололгүй төрсөн эрэлхэг жаал чи амьд гараасай. Дамдинсүрэн чин сэтгэлээсээ ийн бодоод Баатаржав нарын морины хөлөөр дэгдэх цагаан тоосыг харав. – Үгүй би ч бас эсэн мэнд гарах ёстой. Энэ үед уулыг ороон довтолсон эхний анги Дамдинсүрэн рүү гал нээж эхлэв. – Түй новш гэж. Бид бүслэгдсэн байж. Дамдинсүрэнхгийнхэн хариу хэсэг буудалцаад гэнэт мордон дайралт хийв. Олон морь үхэж, олон цэрэг шархдан унаж байгааг тэр мэдэж байлаа. – Энэ улаантнууд ёстой бороо шиг шаагиж

байх шив дээ. Дамдинсүрэн сүүлчийн боломж хайн морио давиран ухасхийв. Сэтлэлт хийн яг гардагын даваан дээр морь нь суманд оногдон ухасхийн унав. – Морь… Морь… надад морь аваад ирээчээ малуудаа… хамгаалагч цэрэг нь морь хөтлөн давхиж ирээд суманд оногдон сарвалзан унав. Дамдинсүрэн үхсэн цэргийн гараас морины жолоог шүүрэн авч мордоод ухасхийн давхив. Морь нь бас тэрий хадан ойчиход Дамдинсүрэн хараал тавин босов. Улаан таван хошу тодоос тод тодрон харагдаж түүнийг тойрон хүрээлсэн таван хошуу бүхий малгайт цэргүүд эгнээгээ хумисаар түүнд ойртон ирэв. – Зэвсгээ хая. Цэргүүд түүнийг туун авч явлаа. Алсад тачигнах морин туурай ойртож дахин буудалцаан бий болоход Дамдинсүрэн өөрийг нь авах гэж Баатаржав дайрч байгааг мэдэж байлаа. Гэсэн ч Баатаржав ямарч амжилтанд хүрч чадалгүй буцав. – Энэ чинь нөгөө эсэргүүний цуутай жанжин ногоон малгайт Дамдинсүрэн шүү дээ. – Уухай. Жанжинтан морилоод ирсэн үү? Ижил сүрэгт нь нийлүүл. Саяын дайралт хийдэг баг цэргийн хойноос хөөж бүгдийг баривчил. – Мэдлээ гүйцэтгэе.

Нөхөр даргаа. Намхайд эсэргүүний толгойлогчидтой ярилцах ямарч хүсэл байсангүй. Хэргэм зэрэг, эрх ямбаа буцаан авах гэж тэмцсэн эсэргүүнүүдээс болж улс том хохирол амсчээ. Олон хувьсгалчид, орон нутгийн төрийн эрх баригчид, тамлуулан алагдаж, нилээд хэдэн сумын хоршоо сургуулийг галдан шатаасан байлаа. Баг цэргийг баривчлахаар цэргүүд нэхэн хөөж, Намхай айн түгшсэн энгийн иргэдийг тайвшруулах ухуулга, сурталчилгааны багийг томилж байтал түүний майханд харуулын цэрэг орж ирээд ёслов. – Нөхөр даргад… таньтай уулзахаар Архангай аймгийн намын хорооны дарга нөхөр Цогзол ирээд байна. – Оруул. Намхай намын хорооны даргыг орж ирэхэд сандлаасаа боссон ч үгүй “Суу” гэж дохив. Цогзол заасан суудалд суунгаа – Нөхөр Намхай таньд баярлалаа. Муусайн эсэргүүнүүд ч хиар цохигдов бололтой гээд инээв. – Нөхөр Цогзол. Таньд инээд, надад ханиад болоод байна. Жалгын хэдэн эсэргүүнээс болж манай нам олон сайхан хувьсгалчдаа алдлаа. Олон сумдын захиргаа, хоршоо, сургууль шатаагдлаа. Таны ажил муу байна. Ухуулга сурталчилгааг олигтой хийж олон ардын сэтгэлийг хувьсгал

руу татаж хандуулж чадсангүй. Хамар дор чинь харийн нэг муу шунахай лам ирчихээд өөрийгөө хувилгаан, гэгээнтэн, бүрүлгүү болгочихоод лам, хар олны сэтгэлийг мунхруулж зэвсэгт арми босгочихоод байхад танай аймгийн удирдлага, намын хороо, Дотоодыг хамгаалах газар юу ч мэдээгүй сууж байдаг хэмээн хэлээд толгой сэгсрэв. – Бид мэдэж тодорхой хяналт тавьсан юмаа. Ухуулан зарлах бичиг ч гаргаж байсан. Харин ийм хурдан хүчирхэгжин дайрах, дайсагнах юм гэж… – Дайсан бол дайсан. Ялангуяа тэр Түвдээс ирсэн зальхай этгээд Лувсанжамц бол хэнийг хайрлах юм бэ? Түүний эх орон элгэн садан биш. Тэр зөвхөн дээд ноёдоосоо ахиухан мөнгө авбал тэгээд өөр хэнийг ч хайрлахгүй. Эсэргүүн гээд байгаа тэр нөхдийн эрх ямба, эд хөрөнгийг хураахдаа барьж хорьж буудахдаа улс нийгэмд учруулсан гэм хорын уршгыг олж тогтоосны дараа шат дараалсан шийтгэлийг эдлүүлэх ёстой. Гэртээ малаа маллаад сууж байсан ноёд, баяд, тайж нарыг баривчилж шууд хороож байна. Лам нарыг олноор нь аваачаад устгаж байсан. Энэ бүгд чинь олон

нийтийн дургүйцлийг хүргэж байгааг анхаар. Жинхэнэ хувьсгалын эсэргүүнүүд одоо гарч ирлээ. Намхай аймгийн намын хорооны даргатай ярьж дуусаад босохдоо нөгөө хар нөмрөгт залуугийн тухай бодсоор байлаа. Гэвч түүнийг нэхсэн цэргүүд олж чадсангүй. Төрд тэслэгчдийг тусгай хамгаалалтын дор Улаанбаатар хот уруу ачсан эхний машинд Намхай орж суув. Эсэргүүн гэгдэн гэмгүй урссан олон хүний цус горхилон урсах шиг дотор нь давчдана. Энэ удаагийн ангийн тэмцэл ингээд намжсан ч цаана нь өчнөөн гомдож өширхсөн олон хүн бий. “Төрд намд хийх шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болж” хэмээн Намхай бодож явлаа. Улаан туг машины орой дээр зөөлөн намирч цус их урссаныг улам ч илтгэнэ. Намхай намын ээлжит бус хуралдаанд тавих илтгэлээ дотроо бодож явлаа. Намын ээлжит бус хуралдаанд Намхай Архангай аймагт гарсан хувьсгалын эсэргүүн бослогын талаар бослого гарах шалтгаан нөхцөл зэргийг тоочин ярихдаа ангийн тэмцэл түүний гарах болсон нөхцөл, намд хийх зайлшгүй өөрчлөлт, дотоодын хамгаалахын ажмилтнуудын даварсан хирээс хэтэрсэн үйл ажиллагааг буруутган дурьдаж энэ эрсдэлтэй

байдлаас гарахад өөрийн саналыг хэлээд суужээ. Намхай тэр орой оройтосхийн гэртээ ирэхэд эхнэр Норов нь ихэд зовсон байртай хүлээж суулаа. – Иш чи минь шургаж унах нь шив дээ. Тэгээд ядраа биз дээ. Исгэрэх суман доор явах нь юу нь сайхан байх билээ. – Ядрах нь ч ядарлаа. Ядарлаа гээд яах билээ. Төрийн ажлыг цалгардуулж болохгүй. Алив хө ус халаагаад орхи. Хир буртгаа угаагаад нэг сайхан амраад орхиё. Эхнэр нь хурднаар хөдөлж түүний өмнө цай хоол бэлтгэн өрөнгөө – Ус халаачихсаан хө. Эхлээд хооллоод ав. Дараа нь усанд ороод унт. Амарч үз гэв. Намхай гэр доторхийг тойруулан харж – Хүү маань ирээгүй байгаа юм уу? Алба нь сайн биз гэв. – Яг чамайг дууриасан хэнхэг золиг. Одоо бүр гэртээ ирэхээ больсон. Албандаа байртай болсон. Ирэх намраас ажлаа хийхийн зэрэгцээ намын дээд сургуульд сурах юм гэсэн. – Сураг. Сураг. Сурч мэдсэний буруу гэж юу байх билээ. Аав нь хүүгээ санах төлөвтэй байсан шүү. Хэ. Хэ гэж Намхай хөхрөв. – Намсрай хүү минь захирал боллоо л гэсэн. Төрийн сүлд хүүг минь ивээх болтугай гэж залбирах юм. Эцгийг нь ивээсэн төр хүүг нь ивээлгүй ч яах билээ. Гэхдээ л ойрд зүүд эвгүйтэж буу

зэвсэгтэй хүмүүс дайрч орж ирлээ гэж хар дарах боллоо гэж Норов санаашран сүүрс алдав. – Юу л болов гэж. Эсэргүүн бослого энэ тэр гэж сонссод л тэгж зүүдлээ биз. Би эсэн мэнд эргээд ирлээ. Ороо зас хөгшин минь. Эртхэн амрая. Би бас чамайг ч санасан шүү гээд Намхай дахин инээв. .. … Нар шарсан зуны тунгалаг сайхан өдөр болж байлаа. Номингоо Хайдавсүрэнг үүрч Хулан охиноо хөтлөн Дулмаа охинтойгоо энэ тэрийг ярилцан хоёр тугалтай үнээ хэдэн богоо туун хөдлөв. “Хаашаа ч явсан яадаг юм бэ? Өргөн дэлхий уудам. Амьдрах арга олдохдоо нэг олдоно.” – Ээжээ гэрийнхээ тэнд очих уу? Шатаагүй үлдсэн сав олдвол үхрээ сааж сүүг нь ууцгаая. – Нээрэн тийм охин минь бууриараа дайраад гаръя. Энэ муу дүүгийн чинь элэг нь эгшчихлээ. Тэд буурин дээрээ ирж нэг домбо, хоёр зэс аяга, нэг хувин олж жигтэйхэн баярлав. Нэг үнээн дээрээ ойр зуурын юмаа ачиж баглаад өчнөөн жил нутагласан нутгаа, сундлаа хоёр Хайрханаа ус гүйлгэнэсэн нүдээр харсан Номингоо сэтгэл шуудран хэдэн малаа туун хөдлөв. “Байрнаасаа өнхөрсөн чулуу гурван жил зовдог гэдэг. Би энэ

гурван нялх хүүхэдтэй хэдэн жил зовдог бол доо. Муу хүү минь хаана яаж явдаг бол доо. Амар мэнд л яваасай даа. Тэнгэр бурхан биднийг орхихоор шийдсэн бололтой.” Номингоог зам даган гэлдэрч явтал машин дуугарч тэрээр гурван хүүхдээ аван хажуугын ганганд орж дөнгөж нуугдмагц машин гарч ирэн ачаатай үнээний дэргэд зогсон алдсанаа хөдлөн явав. Долд өөрийн албан үүргийн дагуу Цэцэн Дандархайдав хоёрыг баривчлан аваад явж байгаа нь энэ байлаа. “Энэ хоёр хүн бидний аминд орсон. Бас төрд тэрсэлсэн гэмт хэрэг үйлдээгүй. Би Цэцэн хатан Дандархайдав хоёрыг хуулийн өмнө цагаатгах ёстой. Баатаржав ялт хэргийг өдүүлсэн. Тэр өөрийнхөө лайг өөрөө үүрнэ биз. Би бас Цэцэн хатанг охинтой нь уулзуулна.” Долд бат нот ингэж бодно. “Энэ Долд дэмий юм хийж байна. Тусыг усаар гэж өнөөх өвчигнүүр буриад Батаев үнэнийг олохыг хүсэх ч үгүй. Эсэргүүний ар гэр гээд шууд буудаж орхино. Энэ хоёрыг хотод ороод

тавиад явуулчихвал таарна. Батаев аль болохоор Монголын хүн амыг цөөлөх бодлого баримталж байгаа хүн. Буудаж орхино. Эсэргүүнтэй хамт байлаа гэж биднийг буудаж хороохгүй бол их юм. Хатан, хүү хоёрыг тэнд аваачиж болохгүй” хэмээн бодсон Ерөөлт, Долдыг харж нэгийг хэлэх гэснээ ардаа суугаа Дарьсүрэнг харан чимээгүй болов. Машин зам даган урагшилж сэтгэлийн зовнил бага, багаар алга болж буй Цэцэн замын турш Баатаржавыг бодож явлаа. Дарьсүрэн Дандархайдавыг харж үе, үе инээвхийлнэ. Машин нэгэн жигдийн хурдтай урагшилж байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *