Нүүр Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “12-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “12-Р ХЭСЭГ”

1 секунд уншина
0
0
271

… – Пүү чөтгөр ав гэж. Одоо ийшээ явах аргагүй боллоо. Дотоодыг хамгаалахынхны хамар дор энэ муусайн эсэргүүнүүд яаж ингэж хүчээ бөөгнүүлж чадаваа. Буцах хэрэгтэй. Буцаж нээгдэл цэргийн хүч

авчрах хэрэгтэй. Тэгэхгүй бол осолтой. Жолооч тушаал биелүүл. Гэрлээ унтрээ. Буцаж замдаа ор. Цэргүүд бэлэн байдалд… хэмээн ихэд түгшин команд өгсөн хошууч Намчин ийш тийшээ ажиглаж явлаа. – Ингэхэд

нөхөр багш та наашаа дэмий ирж дээ. Цаг тайвангуй болчихлоо гэж үглэсэн Намчин “Энэ хүүхнээс болж бид гайд өртөх ч юм уу хэн мэдлээ” хэмээн өөртөө унтууцав. – Миний ах алга болчихсон болохоор

би яасныг нь мэдэх гэж наашаа ирсэн юм. – Бид мэдэж байгаа. Гэсэн ч эсэргүүн нарын их хүч энэ нутагт бөөгнөрсөн байна. Таны амь насанд аюул учрахвий гэж би зовж байна л даа. – Та санаа зоволтгүй ээ. Нөхөр

даргаа. Би эвлэлийн гишүүн хүн шүү дээ. Намчин хүүхний үгэнд хариу өгөх завдал болсонгүй. Хурдтай явсан машины дугуй падхийн их дуу гарган хагарч машин яах ийхийн зуурдгүй жолоодлого

алдагдан хэд хүчтэй далбилзсанаа замын хажуу уруу хөмөрчихөв. – Пүй чөтгөр ав юу боловоо? Нэг мэдэхэд Намчин гараа алдлан замын хажууд хэвтэж байлаа. Толгой нь задарчих гээд ихэд хүчтэй өвдөх тул тэрээр өндийж ч чадсангүй. Гэтэл толгой уруу нь хэн нэгэн хүнд зүйлээр лүгхийтэл хүчтэй цохиход Намчин ухаан алдав. Нэг булиа эр бууны бөгсөөр түүний дагз уруу хүчтэй цохисон ажээ. – Улаантны төмөр унаа айхтар булгидаг золиг шив дээ. Улаантнуудыг амьд авч явна шүү. Зүрхээр нь туг тахина. – Жа… Жанжаан тэнд нэг хүүхэн хэвтэж байна. Хэрчээд хаячих уу? – Байз. Тэр эм чарлавааг нааш нь аваад ир. Амь бөхтэй шулам бэ?аваад ир. Хоёр шар хувцастай лам орхимжоо нэвсэгнүүлэн гүйж толгой нь хагарч цус алдсан Дарьсүрэнг Рэгдэл Бүрүлгүү гэгчийн өмнө чирэн авчрав. – Наад чаралбаа чинь муу зүгийн дэвийн эзэн шив дээ. Толгойтой үсээ хяргуулчихсан. Ямар хаашаа амьтан бэ? – Гэгээн хувилгаантан минь. Энэ эмэгтэй хувьсгал,

эвлэлийн гишүүн хүн учир ингэж мухар толгойлжээ. Энэ муу ёрын эмийг тонилгочих уу? – Хэрэггүй энэ эмийг гэгээнтний мэдэлд хүргээд өгчих хэмээн жанжин гэгдэгч улаан нүдэлсэн бүдүүн эрийг хэлэхэд хоёр хүн Дарьсүрэнг чирэн авч явав. Архангай аймгийн Тариат сум эсэргүү босогчдод эзлэгдэж сумын захиргаа, хоршооны газрыг шатааж, тонон дээрэмдсэн аймшигт явал болж буйг мэдэлгүй явсан дотоодыг хамгаалах газрын дэд дарга хошууч Намчин, хоёр төлөөлөгч, хоёр цэрэг багш Дарьсүрэнгийн хамт ийнхүү харамсалтайгаар босогчдод баригдав. Баруун хязгаарын товхинуулах төлөөний түшмэл Намхай Архангай аймгийн төвд хүрэлцэн ирж 1932 оны 6-р сарын сүүлчээр аймгийн намын ээлжит бус 2-р их хурлыг яаран хуралдуулж нилээд хэдэн хориг арга хэмжээг яаралтай авчээ. Рэгдэл Бүрүлгүү хэмээгч олны итгэлийг өвөрлөж алдаршсан Түвдийн цуутай панзчин Лувсанжамц хувилгаан гэгч Тариатад өөрийн хоёр зуугаад цэргийн хамт ирж сумын дарга, хоршооны дарга, төрд үнэнч шударга

хүмүүсийг хөнөөн сүйтгэж, амгалан тайван байдлыг алдагдуулж ард иргэдийг айлган сүрдүүлж цэрэгт татаж эхлэв. Хэдэн зуугаар нь дайчлан татсан ядуу дунд лам, эрчүүд шарын цэрэгт дайчлагдан зугатвал өчиггүй хороолгож байлаа. Ногоон малгайт Дамдинсүрэн хэмээгч босогчдын томоохон төлөөлөгч нэг мянга гаруй цэргийн хамт Тариатын хүрээнд ирж бүгсэн байна. Тайж угсаат Дамдинсүрэн Жаргалант сумын хүн бөгөөд ихэд үндсэрхэг үзэлтэй нэгэн тул туурга тусгаар Монгол улсын төлөө зүтгэж байсан нэгэн. Тэрч утгаараа Дамдинсүрэн Ардын хувьсгалыг хүлээн зөвшөөрч хүчин зүтгэж явтал түүний цусан төрлийн ахан дүүс арван нэгэн хүнийг ардын засгийн газраас баривчилж тайж угсаат таван хүн, дөрвөн ламыг өчиггүй хороон буудаж, хоёр хүнийг олон жилээр яллан шийтгэсэн нь Дамдинсүрэнгийн дургүйцэл зэвүүцлийг ихээр дүрэлзүүлж тайж аав, ахан дүүсийнхээ амийг нэхэмжлэн цусан өшөө өвөрлөн шинэ засгийн эсрэг эрслэн тэмцэхэд хүргэжээ. Дамдинсүрэн Тариатын хүрээнд

өөрийн цэргийг эмхэтгэн байрлуулж баривчилгаанаас үлдсэн залуу лам нарыг өөрийн цэрэгтээ хүчлэн оруулж цэргийн хүрээн дотор өөрийн хөх хөлтрөгт найман ханат өргөөг бариулж өөрийн үнэнч албатуудаараа хамгаалалт тавьж ойр холын нутгаас олзлон авчирсан үзэсгэлэнт залуу бүсгүйчүүдийг эрхшээлдээ аван дарь эх хэмээн өргөмжилж байлаа. Дамдинсүрэн өөрийн олбогт суудалд тухалж цэргийн байрлал, зэвсэг хэрэглэл, хүнс хоол, уналга морины тухай бодож суув. “Энэ чигээрээ байгаад байхад эрсдэл улам их гарах боллоо. Залуусыг цэргийн дэг журам, сонор сэрэмж, байлдах чадварт сургах хэрэгтэй. Цэргийг зөв зохион байгуулалтанд нарийн журамлаж наад захын буудах, цавчих чадвартай болгох хэрэгтэй. Энэ муусайн лам нарын төр эргүүлэх гэж ер нь юу юм бэ? Өчигдөрийн жижиг мөргөлдөөнд буун дуу сонсмогц ихэнхи нь босоод зугатаж байх чинь билээ. Тийм байж бас их санаатай. Гайгүй ч хэвтэнэ биз. Архи ууж авгай эргүүлснээрээ сум нэвтрэхгүй хутагт хувилгаад болчихдог юм гэнэ. Орох оронгүй оргодол Түвдийн панзчин Лувсанжамц бид хоёрын

зам нийлэх ч гэж гонж биз. Уг нь би ардын засагт хүчээ өгөх шиг өгөх байсан юм. Харин тэд миний цусыг шалтгаангүй урсгасан. Хариуд нь адилхан тэдний цусыг ханатал урсгаж тэр хийрхсэн Оросын нударганаас салж чадахгүй байгаа төрийг эргүүлж Хаант Монгол улсаа байгуулах болно. Өөрийн цэргийг маргааш хөдөлгөн замд таарах сумдыг бүгдийг нь эрхшээлдээ авч аймгийн төвийн төлөө алалдан тэмцэлдэх болно. Гэхдээ байдлыг басч болохгүй. Дөрвөн зуухан морьтон Хиагтыг эзэлж арван мянган гаминг хөөн зайлуулж байсан цэрэг. Манай энэ пөөнөгөрүүдтэй дүйнэ гэж үү?түвдийн оргодол Лувсанжамц тарнийн хүч гэж донгосч зангиа зүүж өгөөд, зангиа зүүсэн тэнэг лам нар түүндээ итгээд цэргийн сургуулилт хийж өгөхгүй уур хүргээд байх юм. Өнөөдрөөс эхлээд цэргийн сургуулилт сахилга батыг чангатгах нь зөв. Энэ янзаараа бол Лувсанжамц бид хоёрын зам нийлэхгүй нь тодорхой байна. Би гэдэг хүн нэгэнт цэрэг морь хуралдуулж төрийн эсрэг зэвсэг барин боссон. Ухрах бас очих замгүй болсон хойно одоо эцсээ хүртэл үзээд дуусахаас биш өөр яах билээ. Ямарч байсан цэргийн хүчийг зузаалж Архангайг эзэлж авах

нь чухал. Цаашид барахгүй биз. Улааны цэрэг наашаа ирж яваа. Тэдэнд юм юм бий. Сүх далайтал үхэр амар гэж…Энэ хооронд хорвоотой эцсийн тооцоо хийж, залхаахыгаа эцсийг нь тултал залхааж, үлдэх жаргалыг амтлан уусаар дуусах ёстой болж байна уу? Би тайж хүн. Цагаан ястай тэнгэр заяатай тайж хүний ёсоор өөрийн замыг гажиж бусдын өмнө бөхийхгүй байгаад дуусах юм шүү. Ардын засгийнхан миний голомтыг цусаар дүүргэсэн. Хариуг нь би хэдэн арав зуу дахин аваад дуусна даа. Би алдах юмгүй болсон хүн.” Ногоон малгайт хэмээх Дамдинсүрэнг ийн бодож бодолдоо уурсч, цөхөрч суутал өргөөнийх нь эсгий үүд зөөлөн өргөгдөж бараа болооч цэрэг нь орж ирээд сөхөрч – Их жанжаан тантай уулзахаар Баатаржав тайжтан ирэв гэв. Ногоон малгайт отго жинст малгайгаа тавьж царайгаа ихэмсэг хүйтэн болгож хувиргаад – Тайжийг оруул хэмээн зарлиглав. – Жа… хэмээн бараа болооч цэрэг доош мэхийж хойш ухарсаар гарав. Үүд сөхөгдөн Баатаржав тайжийн эрч хүч, уур омгоор дүүрэн залуухан сайхан царай харагдав. – Их жанжны амгаланг айлтгая. Та амгалан морилж байна уу гээд тэргүүн бөхийлгөсөн залуу тайжтанг харж үл мэдэг инээвхийлсэн Дамдинсүрэн “Эр хүн гэдэг нэг ийм байдагсан.

Хийморьтой сүрлэг гишгэсэн газар нь хүртэл доргим сүрлэг байдаг даа. Ийм эрэмгий нэг зуун дайчин цэрэгтэй бол юуг бол юуг хийхсэн. Энэ эрэмгий залуу бас над шиг амьдралтай тооцоо хийж байдаг харамсалтай л юм. Би сайн эр, сайн морь хоёрыг хайрлан тэтгэдэг эр хүн. Энэ залуу харин ямар бодолтой явдаг юм бол?” гэж өөртөө шивнэх шахам бодов. – Тухалж болгоо залуу тайжтан. Би бүр гутарч бухимдаж суусан юм. Залуу тайжтанг хараад сэтгэлийн чилүүр арилав байна. Айраг ууж шүүс зоогло. Ингэхэд та их ууртай харагдана. Таны сэтгэлийг юу чилээв. Нууц биш бол надад хэлбэл би таныг шууд дэмжих болно. Дамдинсүрэн алганд багтамгүй том манан хөөрөг гаргаж тамхилахад Баатаржав эцгийнхээ өгсөн алтан нуухтай том манан хөөрөг зөрүүлэн тамхилав. – Үнэнийг хэлэхэд энэ хэдэн орхимжоо чирсэн лам нар уур цухал хөдөлгөхөөс цаашгүй юм. Тэр хувилгаан нь ч гэсэн дээ. Архи ууж авгай эргүүлэхээс өөр ид шидгүй хөөрхий амьтан. Энэ олон хүнийг араасаа дагуулчихаад амь нас алс ирээдүйг нь аврах нь байтугай аргамжаатай мориноосоо хэтрэхгүй мунхаг новш юмаа. Ер нь тэгээд бид ч гэж бид. Энэ тэнэмэл архичны үгэнд итгэж дагадаг. Нэр нь Монгол ч сэтгэл нь цаашаа тэнүүлчин

амьтан байж. Энийг одоо хувилгаан, гэгээнтэн бүрүлгүү гээд ингэж шүтэж байхын оронд тонилговол яасан юм бэ? Гэж би таньд шадарлаж явна гэсэн Баатаржав уурласандаа хултай айргыг хөнтөрч тарган хонины хавирга шүдээрээ хэгз татан хуулан идэв. “Энэ ер нь нилээд омогтой шазруун эр байх нь.” – Тайжтан таны сэтгэл юунд чилж хилэгнэж байгааг би ойлголоо. Ингэхэд Рэгдэл бүрүлгүү маргааш таны эцгийн хошууг эмхлэн байгуулж ахыг тань хошуу ноёноор өргөмжлөнө гэж ярьж байсан. Та ахыгаа хошууны ноён болгохыг хүсэхгүй байгаа хэрэг үү? Таны ах Дандархайдав ноёнтон хүрээний газраас морилон ирсэн сурагтай байсан. Ногоон малгайт Дамдинсүрэн Баатаржавыг хянамгай гэгч нь ажиглаад ийн хэлэв. – Би зөвшөөрөхгүй. Миний гэр бүлийнхэн хангалттай зовж байна. Би тэдэндээ дахин гай болж цус урсгахыг хүсэхгүй байна гэж Баатаржав эрсхэн хэлэв. – Тайжтан та өөрөө эзэн ноён болж бас болно шүү дээ. Ингэхэд та яагаад гэр бүлийнхнийгээ зовно гээд байгаа билээ. Бид хаант төрөө дахин байгуулах зорилготой их хэргийг гүйцэлдүүлж яваа бишүү? Дамдинсүрэн инээмсэглэн өмнөх хултай айрагнаас балгахад Баатаржав ярвайж – Би Лувсанжамцын зохиосон үлгэрт

итгэдэг хүүхэд биш. Тариатын хүрээнд байгаа манай босогчид хэд билээ. Хувьсгалт улсын цэрэг хэд билээ. Дээр нь шороон түмэн Орос цэрэг. Тэд бүх зэвсгээр зэвсэглэсэн байгаа. Гэтэл бид ямар байна даа. Хүчээр хөөж ирсэн хэдэн малчин эрсээ мод бариулан өмнөө хөөгөөд хэдэн ламаа араас нь тавих уу? Ганц бууны дуунаар цаадуул чинь өмдөндөө шээс гоожуулаад зугатна. Тэгээд л бидний хаант улс дуусна даа гээд Баатаржав хөхрөв. – Тайж та их тохуутай хүн юм. Таны бодлыг би мэдлээ. Та бид улаантанд ялагдана гэж бодож явдаг хүн юм. Та тэгээд яах гэж энд ирсэн юм бэ? Ямар учраас улаантныг хонь шиг нядлаад байгаа юм бэ? Гэж Дамдинсүрэн хөмгсөг зангидан асуув. – Надад алдах юм алга. Бас хожих гэж зүтгэх юм ч алга. Би зүгээр нэгийг албал солио, хоёрыг албал хожоо гэж яваа хүн. Тунчиг удахгүй миний амьдрал дуусна гэдгийг би бас мэднэ. – Зүгээр ямарч зорилгогүй улааныхантай тулалдаж яваа хэрэг үү? – Эцгийн өшөө, гэр бүлийнхнийг маань доромжилсны хариуг хэд дахин авах гэж цусанд шунаж яваа араатан чоно бол би. – Ойлголоо. Тайжтанг их сайн ойлголоо. Та бид хоёр их адилхан бодолтой юм гээч. Би бас тэгж

боддог. Гэхдээ одоо бид тэр гэгээнтэн гэгч тэр хуурамч Түвдийг хороож болохгүй. Энд цугларсан олон цэргүүд ялангуяа лам нарын итгэл шүтлэг ганц тэр Түвд дээр байгаа. Тиймээс Лувсанжамцыг бид хороож болохгүй. Олон цэргийн сэтгэл буруулж, хүч сарниах аюултай. Та хүлцэн тэвчих хэрэгтэй гэв. Тэдний яриаг дуусаагүй байхад үүд өргөгдөн Дамдинсүрэнгийн бараа болооч цэрэг орж ирээд – Их жанжин таньд Рэгдэл бүрүлгүү шадарлахаар ирлээ гэв. Дамдинсүрэн Баатаржавыг харж нүд ирмээд – Гэгээнтэнг оруул хэмээн зарлиглав. – Ноёдын амгаланг айлтгая. Ванчин богд гэгээнтний газраас гэгээнтний зарлиг ирэв. Үгүй болсон хошуу засгыг эмхлэн байгуулж хошуу ноёдыг өргөмжлөн Архангай, Улаанбаатарыг эмхлэн ав гэж Ванчинбогд гэгээнтэн зарлиг буулгасныг сонордуулъя гээд мэхийн

хүндэтгэв. – Гэгээнтэн айраг ууж шүүс зоогло. Одоо тэгэхээр бид эхлээд хошуу нутгийг эмхэтгэх хэрэг үү? – Гэгээнтэн тэгж лүндэн буулгасан. Бид эхлээд Эрдэнэ вангын хошууг гэж үгээ таслахад Баатаржавын царай минчийн улайж – Хэрхэвч үгүй. Би зөвшөөрөхгүй. Ноён суудалд суух хүн манайд байхгүй гэж хашгирав. Лувсанжамц хирдхийн нүдэнд нь хорсол тодорч – Би уг нь их жанжинд айлтгал хийсэн юмсан. Чи хэн гээч вэ? Хэмээн уурсан хэлэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *