Нүүр Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “9-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “9-Р ХЭСЭГ”

1 секунд уншина
0
0
285

… – Нөхөр Долд би таньд тун чухал даалгавар өгөх гэж байна. Манай төлөөлөгч дэслэгч Гүржавын ахласан ажлын хэсэг Архангай аймгийн хамгийн зэлүүд суманд хошуу ноён Содном бэйс гэгчийн их хатан

Цэцэнг баривчлан үүрэг гүйцэтгэж яваад сураггүй боллоо. Харгис хатан Цэцэнгийн хөл гар болсон хар феодал эсэргүүнүүд манай хүмүүсийг барьж хорих ч юмуу хөнөөсөн ч байж болох юм. Цэцэн

хатан бол халх Түшээт ханы цусан төрлийн ноён Төр -Орших жононгын ганц охин. Төр-Орших жонон феодал этгээд гэгдэн баривчлагдаж том феодал учир өчиггүй хороогдсон. Содном бэйсийг

мөн хороосон. Содном бэйсийн том хүү Дандархайдав, Баатаржав нар одоо хүртэл олдохгүй байна. Тиймээс ахмад та энэ хэрэг дээр ажилла. Өнөөдөртөө багтаж Архангай уруу гар. Аймгийн дотоодын хамгаалах

хэлтсийн нөхдүүд энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Та энэ хэргийг илрүүлж Дандархайдав, Баатаржав нарыг баривчил гэсэн хошууч Дүгэр яриа дууслаа гэх шиг хажуудаа суугаа Орос зөвлөх Батаевыг

харав. Долд босч ёслоод – Ахмад Долд тушаал биелүүлэхээр явахыг зөвшөөрнө үү гэв. – Тушаал биелүүл. Нөхөр ахмад. – Мэдлээ гүйцэтгэе Долд гарахаар үүд үрүү алхав. – Нөхөр Долд та яаж ажиллах гэж байгаа төлөвлөгөөгөө гаргаад манай өрөөнд ороод ирнэ биз. Орос зөвлөх Батаевын дультраатан хэлэхийг сонссон Долд дотроо ихэд дургүйцэн ёслочихоод юу ч хэлэлгүй гараад явчихав. “Монгол улсын дотоодыг хамгаалах газар дотоод асуудлаа өөрсдөө зохицуулж байна. Энэ зүйл эрхэм Орос зөвлөхөд хамаарахгүй байвал сайн сан” Долд төлөвлөгөө гаргах нь байтугай Орос зөвлөхийн өрөө үрүү шагайлгүй тэр өдөртөө Архангайг зорив …. … Чи түрүүлээд морин өртөөгөөр хот орж байдаа. Улсын анхны бага сургууль. Захирал нь Намсрай гэж залуу байгаа. Тэр хүнд миний энэ захиаг өгөөрөй. Чамд ажил олж өгөх байх. Харин би хэсэгтээ эндээс явж чадахгүй нь бололтой. Ах маань үүрэг гүйцэтгэж яваад алга болчихлоо. Би хотоос ирэх төлөөлөгчийн хамт Архангай орж хэргийн учир тайлагдахаар араас чинь очьё. Сайн яваарай гээд

инээмсэглэн хоцорсон Дарьсүрэнг ирэх замын турш Дандархайдав санаж явав. Улаач дараагийн өртөө хүртэл жолоо таталгүй цогисоор Лүнгийн буудалд ирэхэд дотоодыг хамгаалахынхар машин тоосонд дарагдчихсан зргсч байлаа. Дандархайдав жаахан жийрхсэн ч улаачийг дотогш ороход араас нь дагалдан орохоос өөр аргагүй болов. Ахимаг насны хоёр ногоон малгайт хажуугийн ширээнд сууж хооллоно. – Маргааш оройхон хирд давхиад бууна даа мотор халаад явах биш. Тэгдэггүй бол ч юухан байх билээ. Үгүй тэгээд Архангай аймгаас цааш зам гэж там долоон зуун киломээтэр дэвхэрч цовхорно шүү дээ. Жолооч бололтой мөрөн дээрээ жижиг шоргоолжгүй ахимаг эрийг зүрхшээсэн байртай хэлэхэд мөрөн дээрээ дөрвөн ширхэг шоргоолжин таван хошуут дарга байртай эр хөлсөө гараараа шудран арчаад – Их ярвигтай хэрэг болоод байна. Содном бэйсийн их хатанг тууж явсан бүрэн зэвсэгтэй гурвын гурван цэрэг алга болчихдог. Хатны цаана хэн нэгэн байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ. Энэ үг Дандархайдавын зүрхийг сүлбэчихэв үү гэлтэй шархируулан нүд нь

чийгтээд ирэв. Тэрбээр тэдний яриаг сонсохыг хичээн чих тавин байсан ч “Ээж минь баригдчихаж” хэмээн ихэд харамсан бодов. Содном бэйсийн хоёр хүү алга болчихоод олдохгүй байгаа юм энэ ч тэдний хийсэн хэрэг боллоо. – Үгүй тэгээд ахмадаа эртийд шөнийн бидэнтэй хот орсон охин чинь хот орно гээд байсан. Ахтайгаа уулзана гэх ухааны юм яриад байсан байхаа. Тэр охин тэгэхээр тэр ноёны охин биш болохнээ. – Цолмон уу тэр ч бэйсийн охин мөн. Харин би түүнийг алдчихдаг тун тоогүй – Та тэгээд түүнийг алдчихсан юмуу. Би таньд хэлсэн шүү дээ – Биднийг эргэж ирсээр байтал ардын хувьсгалын арван нэгэн жилийн их ой болно биз. Түүний дараа тэр золигын охиныг барьж хорино доо гэж ярилцсаар гарахад Дандархайдавын дотор харанхуйлан хоцров. “Ээж баригдаж ногоон малгайтангууд алга болж, Цолмон дүү минь хот руу зугтсан бололтой. Би одоо яах вэ? Ингээд хаана очихоо мэдэхгүй хар амиа хоохойлоод зугатаад явах уу. Дүү минь ээжийг минь аврахын тулд тэднийг сүйтгэсэн бололтой. Эд нар одоо хүч нэмэгдүүлж дүүг минь дарахаар явж байна. Аягүй бол Номингоо хатан ээж баригдана. Хэдэн өнчин нялх хүүхэд яах билээ.

Цагаан хэзээ ч хүүхдүүдэд эх шиг нь байж чадахгүй Дүү минь, Баатаржав минь дэндүү их аюулын дунд байна. Удмын халуун бүл минь сүйтэх аюулд өртөж байхад би ингээд явж болохгүй. Ноён эцгийн өгсөн хэдэн алтан зоос байна. Хоёр сайн морь худалдаж аваад нутаг уруугаа буцъя. Үхсэн ч сэхсэн ч дүүтэйгээ хамт дуусъя хэмээн Дандархайдав бат нот шийдэв. … Гадуур юу болоод чийчааны дуу хэд хэдээрээ гараад байна вэ? Ногоон малгайтнууд нөгөөдүүлийнхээ араас ирж байгаа юм биш үү. Хүү минь Баатаржав миний хүү аяа бодвол яана вэ? Бүхэл бүтэн төр тогтож байхад нэг муу үеэ өнгөрөөсөн хатан туусан гурвын, гурван хүн алга болчихоор чинь эрж, хайлгүй яах юм бэ? Аягүй бол ээжийг чинь баривчилана. Тэгэхээр ээж нь ер нь тэднийг ирэхэд гэртээ очоод сууж байвал яасан юм бэ? Цэцэн хатанг ихэд зовсон бололтой хэлэхэд Баатаржав дуугарсангүй – Үгүй ээ. Та эндээ байсан нь аюулгүй. Би ээжийгээ хамгаална. Яах вэ тэд нар миний ээжид гар хүрээд үзэг л дээ. Үзэхийг нь харахгүй биз би тэднийг Тариатаас нааш нь явуулах ч үгүй. Миний хүү өө. Баатаржаваа ингэж болохгүй. Чи ганцаарахнаа. Гэтэл чиний цаана

бүхэл бүтэн төр улс байна. Ингэж болохгүй. Би бас чиний ирээдүй хойчийг бодох эрхтэй хүн шүү. Би удахгүй тавин нас хүрнэ. Би бүхий л амьдралынхаа туршид жаргалтай сайхан амьдарсан. Тэгээд эцэг чинь Бурханы оронг зорьсон. Би хойноос нь очмоор байна. Надад харамсах юм алга. Тэд зөвхөн миний хойноос намайг барихаар ирж явна. Би өөрийнхөө өмнөөс бүх хүүхдийг зовоомооргүй байна. Хүү минь чи ойлго. Ингэж болохгүй гэж Цэцэн аргадан ятгахад Баатаржав огло харайн босч – Дуу. Энд ганцхан би мэднэ гэж зэрлэг балмадаар хашгирахад Цэцэн хатан овсхийтэл цочив. – Баатаржаваа хүү минь чи надтай яаж харьцаж байгаа нь энэ билээ . Цэцэн хатан урьдын адил энгийн тайван хэлээд Агуйн үүд үрүү харав. – Хатан ээж та сонс. Аав, том ах аль нь ч алга. Би үүнийг хэлсэн юм. Таны хамгаалаад байгаа тэр төр чинь миний эцгийг ямар ч гэмгүй байхад нь миний нүдний өмнө буудаж алсан. Би аавыгаа авчирч оршуулсан. Дараа нь миний албат иргэн Батааг олны өмнө буудан хороосон. Таныг баривчлаад яаж доромжилж байхад нь би салгасныг та мэднэ. Миний эцгийн

хатан Цагааныг тэд хулгайлан одсон. Бас миний дүү Цолмонг тэд хулгайлж авч одсон. Ийм байхад та намайг яа гэх гээд байгаа юм бэ? Хэмээн зандрахад Цэцэн бондгосхийн цочиж босон харайгаад – Юу? Цолмон яасан гэж хэмээн давчдан хашгарав. – Тиймээ Ногоон малгайтны машинд миний дүүг суугаад явахыг харсан хүн надад хэлсэн юм. Цэцэн лагхийн газарт суун тусав. “ Бурхан тэнгэр минь би одоо яанаа. Охиныг минь тэд аваад явчихаж” Цэцэн үймрээд байгаа сэтгэлээ арайхийн дарж уруул өмөлзүүлэн шивнэв. Түүнийг харж Агуйны үүдэнд ханхайж зогссон Баатаржав – За ийм байна даа хатан ээж минь гэчихээд гараад явчихав. Өмнөөс нь хөлийн чимээ гарч чулуу өшиглөх дараа нь залуу хүний амьсгаа сонсдож – Бага ноёнтоон Тариатын хүрээн дээр Рэгдэл бүрүлгүү хувилгаантан их цэрэгтэйгээ ирж улаантаны хоёр чийчаан хүнийг гэсгээж байна. Таныг хүрэлцэн ирнэ үү гэж байна гэж зулгуйдан хэлэх нь сонсдов. – Миний хурдаас хоёрыг барьж эмээллэ. – Жа … Баатаржав эргэж орж ирсэнгүй тэр чигтээ гараад явчихав. “Энэ чинь одоо юу болоод байнаа. Их цэрэг ч гэх шиг Рэгдэл бүрүлгүү гэж бас хэн гараад ирэвээ. Төр дахиад үймэхвий дээ. Бурхан минь хүү минь.. Охин минь хаана яаж явдаг бол

доо.” Зүрх нь хүчтэйеэ цовхчиж, дотор нь давчдаад явчихад хатан зовиуртайгаар ёолон орон дээр унаад чимээгүйхэн мэгшин уйлав. Хатанг энд ирээд арав гаруй хоноход Баатаржав ганц ч ирж хоноогүй бөгөөд хаашаа ч юм хэсэг хугацаагаар алга болчихоод ирэхдээ баахан буу зэвсэг авчирч хураагаад байгааг хатан хараагүй ч мэдэж байгаа билээ. Содном бэйсийн удамд төрд тэрсэлж байсан нэг ч ноёд түүний үр хүүхэд байгаагүй тэр ч утгаараа Содном бэйс шинэ төрийн эсрэг ямар нэг мууг хийх нь байтугай муу үг ч хэлээгүй хонь шиг номхон хөтлөгдөн яваад амиа өгсөн. Харин тэгтэл энэ Баатаржав юу сэдэж, юу хийгээд байнаа. Гэнэт Цэцэн амьд байгаадаа ихэд цухалдаж харамсав. “Иш чааваас энэ хүүг ямар чөтгөр нь хатгаж тэр өдөр миний араас хөтөлөө вэ? Намайг тэд алчихсан бол аштай юу. Тэр хүмүүс үг сүггүй намайг буудчихаад яваад өгөхгүй. Баатаржав хүү тэр цусны үнэрт нь донтож, амтанд нь бүрэн орж. Ээ тэнгэр минь Содном бэйс ноёнтон минь толгой нь эргэж бурууд автсан хүүгээ татаж аваач Цэцэн ихэд уйтгарлаж хүндрээд байгаа сэтгэлээ барьж үл чадан орон дээрээ бүхлээрээ унав. Хөнгөн хөлийн чимээ гарч ноёны аягачин Хундагаа

бүсгүй мөнгөн царан дээр цай, хоол барин орж ирээд мэхийхэд ихэд гайхсан хатан өндийн сууж – Үгүй Хундагаа чи чинь энд байсаар байгаа юм уу? Хэмээн баярлан асуув. – Би сая дуудагдан ирлээ. Хатантаан. Намайг таньд үйлчил гэж тайжтан зарлигласан. – Надад тусалж чи бас хэрэгт орох вий дээ охин минь. Гэртээ харьсан нь чамд өлзийтэй биз хэмээн хатан зовинонгуй хэлэв. – Хатантан бүү чилүүр би чинь өнчин охин шүү дээ. Ноёны өндөр босгыг давж хүн болсон. Харин ч би таны дэргэд шадарлаж байгаа даа их баяртай байна. – Хожмын өдөр зовно гэж айхгүй бол өөрөө мэддээ охин минь. Би ч гэсэн чамайг миний дэргэд байгаад баяртай байна. – Гялайлаа хатантаан. Цэцэн хатан өөрийг дуугарсангүй. “Энэ Баатаржав ер нь юу хийгээд байна даа. Дээд өвгөдийн ариун сүнс энэ тайж хөвгүүнийг аврах болтугай” хэмээн дотроо шаналан байлаа… … – Чи энэ гэрт амьдарна. Энэ бол манайх. Би чамайг өрөвдөөд эхнэр болгон авчирсан юм. Харин чи битгий давраад байгаарай. Мөчийг чинь би хуга цохино шүү. Ихээхэн дургүй хүргэх юм бол ноёны хатан байсан хэргийг чинь сөхөөд буудан хорооно шүү. Наад хайрцагтайгаа надад өг. Чамд

хэрэггүй. Чамайг энэ зүйлээ эдэлж хэрэглэвэл ноёны хатан гэдэг чинь ил болж чи буудагдах болно шүү. Хувцсаа тайлаад цай чанаж, хоол хий. Намчин архирах мэт зэвүүн муухай дуугаар зандрахад Цагаан дээлээ тайлж нимгэн тэрлэг өмсөөд гар нүүрээ угаагаад айлын гал түлж цай чанаж, хоол хийгээд Намчингын өмнө барихдаа ханхийтэл санаа алдаж эр нөхөр Содном бэйс ноёнтныг бодов. Содном бэйс бага хатнаа хүүхэд шиг хайрлана. Тэдний дунд эр эмийн харьцаа байвч бага хатнаа эцэг хүний ёсоор хайрладаг, зааж сургадаг тул ихэвчлэн бага хатныхаа өргөөнд нойрсч их хатадтайгаа ажил амьдралаа зөвлөж ярилцдаг нэгэн тул Цагаан эзэн ноён эр нөхрөө ихэд үгүйлж түүний төлөө ихэд зовинон байлаа. – Үгүй чи царайгаа чинэрүүлээд үлэг өвчтэй юм шиг суугаад байх чинь. Наад хоолноосоо идээч. Намчин тарган хонины хавирга шүдээрээ хуулан идэнгээ Цагааныг харан дахиад зандрав. – Миний хөх саамшиж чинэрээд хэцүүдэж байна. Би хөхөө саачих уу? гэж Цагаан түүнийг ихэд царайчлан хэлэв. – Хол… тэр үүдэнд сууж саа. Ор дэрэн дээр үсэргэчихэв. Ялаа шаваад хар яршиг болно. – За би үүдэнд сууж байгаад хөхөө саачихъя. Уруу дорой хэлэн аяга авч үүд рүү дөхөх Цагааныг харж хөх инээдээр инээн

– Хурдалж үз. Тэгээд ор зас. Ядарч байна. Ингэхэд чи Цагаан хө. Чиний гэрт байсан нөхрийн чинь алтан нуухтай том Чүнчигноров хөөргийг ав гэсэн авсан уу? Бас мөнгөн толгойтой хаш соруултай гаансыг авсан уу? Гэж нүд нь очтон асуув. – Та хэлсэн болохоор би ноёнтны хөөрөг, гаанс, хэт хутга зэргийг бүгдийг авсан. Бас миний алтан мөнгөн ээмэг, бөгж, толгойн хэрэглэл цөм наад хайрцагт чинь байгаа гэв. – Сайн байна гээд Намчин хүүхний авчирсан хайрцагтайг үзэж сэтгэл нь ихэд хангалуун инээмсэглээд – Аргагүй чансаатай эд байнаа. Энэ ууттай нь бас юу юм бэ? хэмээн ихэд сайхан ааштай асуув. – Алт мөнгөн ембүү нэжгээд байгаа юмаа. – Их сайн байна. За эхнэр минь хоёулаа сайхан амьдарнаа. За наад сүү мүүгээ хурдан саа хэмээгээд байж ядсан байртай босч холхив. Ийнхүү Цагаан Намчингын эхнэр болон нилээд хугацааг өнгөрөөсөн ч сэтгэлийн зовлон нь өдрөөс өдөрт нэмэгдэн байлаа. Хүүгээ санах, нөхөртөө зовох, ядуурч хоосорч үлдсэн ар гэрийнхэндээ зовинон шаналж байлаа. Намчин сайндаа ч түүнийг эхнэр болгон авчраагүй үнэт эд зүйлийг нь нэр цэвэр авах гэж шунахайран авчирсныг Цагаан сайн мэдэж байв. Намчин бусдыг

айлган дарамталж эд зүйлийг нь авах, үзэсгэлэнт эмс охидыг нь хүчирхийлэх, Орос зөвлөх их сахалт Батаев гэгчийг авчирч архидан хамт ажиллагсдаас эхлээд өөрийн дургүй хэн нэгнийг гүтгэн муулж баривчлуулан буудан хороолгох аймшигт үйлийг үйлдсээр байлаа. Энэ аймшигтай хүний хүүхдийг тээж төрүүлэхгүй юмсан гэж Цагаан дотроо ихэд залбирч байлаа. Нэг орой согтуу Намчин Цагааныг элдэвлэж дуусаад сүхээр цохисон ч сэрэхээргүй унтаад өгөв. Өөрийн ганц нэг дээлээ боож тавиад гарч зугатах гэснээ айгаад зориг хүрэлгүй сууж байтал үүдэнд машин ирж хашааны хаалга цохих сонсдов. – Намчин… Намчин. Үүдэнд машин ирээд хаалга цохиод байна. Цагаан түүнийг сэрээх гэж ядаж байтал хэн нэгэн хашаа даван гэрийн хаалга угз татан орж ирэхийг харвал Орос зөвлөх Батаев байлаа. Цагаан босч түүнийг толгой бөхийлгөн угтаад – Сайн байна уу? Та суугаач. Би одоохон хоол хийгээд орхиё гээд ухасхийхэд Батаев түүний нарийхан цагаан бугуйнаас шүүрэн авч биедээ шахан тэвэрч уруул дээрээс нь шимэн үнсч хацар хоолойг нь сахлаараа үрчихэд Цагаан ичиж үхэх

дөхөв. – Нөхөр Намчин… Нөхөр Намчин… Босоорой. Түргэн авч байна. Шуурга… Шуурга гэж Батаевыг хашгирахад Намчин ухасхийн босов. – Хурдан штаб уруу оч. Гадаа машин хүлээж байна. Нөхөр Намчин таны олон эсэргүүн бүлэг илрүүлсэн гавьяаг харгалзан үзэж би таныг мөрдөн байцаах хэлтсийн даргаар тавьж Дүгэрийг зайлуулах болно. Явж тушаал биелүүл хэмээн зандрав. – Мэдлээ гүйцэтгэе. Би таны төлөө бүх хүчээ өргөх болно гээд Намчин хувцаслаж эхлэв. Батаев Цагааныг харж – Эхлээд нэг даалгавар биелүүлээд орхи гэв. – Нөхөр Батаев ямар даалгавар тэр вэ? Би одоо биелүүлчихээд ирье. – Архангай аймгийн Тариат суманд эсэргүүний том бүлэглэл хуралдаж байна. Тэднийг бут ниргээд ир. Шонхор минь таньд амжилт хүсье. Та эсэргүүнүүдийг хядаж ямар сураагүй биш. Тэр цагт мөрдөн байцаах хэлтсийн даргын суудал таных. Намчин хэсэг эргэлзсэнээ – Нөхөр Батаев би тэгээд хэзээ явах вэ? Гэв. – Яг одоо. Машин таныг хүлээж байна. – Би таныг гэрт чинь хүргэж өгөөд замдаа гарах уу? – Миний машин араас ирнэ. Та явж бай нөхөр Намчин. Батаевыг ийн хэлээд хялайж харахад Цагааныг улангассан нүдээр муухай харсан Намчин цүнхээ шүүрэн гарч одов. Машин асч хөдлөн Явахад Батаев Цагааныг

өөртөө татан авчирснаа орон дээр даран ойчив. Намчин ирээд яавч зүгээр байхгүйг мэдэрсэн Цагаан айж тэднийхээс явахаар зэхэж таньдаг мэддэг хүн хүсэмжлэн зах зээлээр өдөрт хэсч яваад орой ирж хононо. Шөнө Намчинг ирэх байх гэхээс ихэд айна. Орос Батаев хэдэн өдөр дараалан ирж Цагааныг зовоосоор байлаа. Намчинг бодвол Батаев түүнд уян зөөлөн хандана. Согтуу ирэх болгондоо зодож буу тулган заналхйилэх Намчингаас тэр үхэтлээ айдаг байлаа. Зуны нэгэн тунгалаг өдөр Цагаан бас л таньдаг мэддэг хүн хайж , хэрэв ойр дотны таньдаг мэддэг хүн таарвал дагаж явахад амар хэмээн ганц нэг дээлээ цуглан бариад явж байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *