Нүүр Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “4-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “4-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
0
301

Өө хөөрхий эзэн ноёныг минь хөнөөчихөж. Мөн үйлийн эзэд ээ. Хоёр лам эцгийнхээ цогцсыг тэврэн мэгшигч залуу эрийг хараад хоорондоо ийн шивнэлдэв. – Хүү минь бүү зов доо. Эцэг тань замбуулин

хорвоогийн зовлонг гэтлэн давж бурхан Бодисадвагийн орныг зорьжээ. Тэнд очих буянтан гэдгийг бүгд мэднэ. Тайвширч, уужирч үздээ. Хүү минь. Баатаржавын хоёр чихээр халуу дүүгэж дотоод

сэтгэлдээ – Аав минь. Аав минь би таныхаа хариуг тэр муу өөдгүй хувьсгалчдаас хэд дахин авна гэж өр зүрхэндээ тангарагласаар байлаа. Оройн наран гудайх үес Баатаржав цуснаас цэвэрлэсэн эцгийн

цогцсыг хөтөлгөө мориндоо тэгнэн хоёр Хайрханы доод эх үрүү уйтайхан гэлдэрч явлаа. “Ааваа хүү нь таныгаа ямарч байсан нутагт тань хоёр Хайрхан ууландаа аваад ирлээ. Тайван нойрсдоо аав минь.

Маргааш өглөө нь Баатаржав эцэг ноёноо “Ноён Хангайн” нэгэн нууцлагдмал энгэрт оршуулав. Ямар их ганцаардаж ямар их зовж байгаагаа яг тэр мөчид Баатаржав мэдэрчээ. Эцгийн цогцсыг

хөдөөлүүлсэн тос даасан бор толгойн оройд байрлах өөжин цагаан чулуун дээр “Энд Эрдэнэ вангын хошууны засаг ноён Содном бэйс үүрд нойрсов” гэж уйгаржин бичгээр бичиж дуусаад дээш харан унасан Баатаржав цэлмэг тэнгэрт аажуухан нүүдэллэх сэмжин цагаан үүлсийг харж “Миний аав их азтай өндөр заяатай хүн юм даа. Эцсийн мөчид таны дэргэд төрсөн хүү тань бүх төгсгөлийг үйлдэв” хэмээн ганцаараа ярив… … Саран дээр хөөрсөн саруулхан шөнө эргэн тойрон мод хадаар битүүлэгдсэн ойн чөлөөнд тохмоо дэвсэн дэрээ дэрлэн хэвтсэн Дандархайдав дээш харан хэвтэж шөнийн тэнгэрийн үй түмэн ододыг ажна. Дэргэд нь морьд идээшлэн ногоо шир шрихийн хазлах нь сонсдоно. “Яаж байгаа бол… манай ар гэрийнхэн. Аав минь яагаа бол. Бид ч Засагт ханы нутгаас гарах тун ч дөхлөө. Хуучин засгийн төлөөлөл ноёд, тайж, том лам нар хур баячуудыг шинэ засгийнхан хайрлах сэтгэлгүй сүйдэлж мөнч олон хүрээ хийдийг үнсэн товрог болтол нь шатаахыг харлаа гээч. Энэ ард түмний

төлөөлөл болсон засаг мөн үү? Хэдэн зуун жилийн түүхтэй үндэсний их өвөө ингэж хийсгэж байдаг нэг бишээ. Миний муу ээж бусад хатад дүү нар минь яаж нулимстайгаа хатаж байгаа бол доо. Аав минь бэйсийн зэрэг шагнагдсан том ноён. Миний аавыг энэ засаг өршөөнө гэдэг үгүй л болов уу? Аав минь хаана яаж зовж яваа бол доо” гэх бодол тархинд нь эргэлдэнэ. Хөтөлгөө мориндоо шүтээнээ ачаад их хөвчийн зөрөг замаар торойтол ганцаар хатируулж одсон Баатаржав дүү нь байн байн нүдэнд нь харагдана. “Ерөөсөө дүүгээсээ салдаг буруудлаа байна. Муу дүү минь хаана юу хийж явдаг бол доо. Манай халуун бүлийнхэн бид хоёроос эхлээд хээрээр гэр хэцээр дэр хийн тэнэх замд орлоо. Цаашид хувь тавилан минь хааш нь яаж удирддаг юм бол доо. Ноён аавын минь хэлж сануулж байсан үг үнэн боллоо. Энэ Чоймчиг туслах хар муу санаатай хүн гэдэг нь тодорхой байна. Хатан ээж минь яагаад энэ хүнээр миний жолоог түшүүлсэн юм бол доо. Ер нь хилийн чанадад гарна гэдэг маань зөв үү, буруу юу? Хар

толгойгоо авч гарахын тулд ингэж явдаг маань аз уу, эз үү?” гэхчилэн бодсоор үүрийн цолмон цухуйх үеэр нам унтчихав. Чоймчиг Дандархайдвын жигд хурхирах чимээг сонсон өндийж суугаад бүсэн дэх хутгаа тэмтэрснээ хуйнаас нь сугалан авч Дандархайдав тийш заналтай гэгч нь харсаар өндийв. Дандархайдав энэ үед ээжтэйгээ ярилцаад сууж байлаа. Гэтэл аав нь тэнгэрийн өнгөт үүлэн цэнхэр хэвнэг нөмрөөд их өргөөний үүдээр тэднийг харалгүй өнгөрөөд явчихав. – Аав. Хүүе аав гэсээр Дандархайдавыг араас нь ухасхийн гүйх гэтэл солжир эвэртэй алаг бух цээжин тус газар нь түсхийтэл мөргөхөд тэрээр хойш саван ойчив. Чоймчиг түүний зүрхийг онилон хүчтэй дүрэхэд хутга нь цааш орсонгүй тасхийн ямар нэг төмөрт тулахад уур нь дүрэлзээд явчихсан Чоймчиг хутгаа дахин чанга атгаж нойрноос сэрж ядан өндийж буй Дандархайдавыг өшиглөн унагаж ар дал уруу нь хутгалчихаад цааш гүйн явахад бэлэн болгож ачаа тэгнэсэн морьдыг хөтлөн яаран мориндоо мордов. – Чоймчиг туслах чи ийм өөдгүй хүн байсан юм уу? – Тиймээ хө. Өрсч түрүүлж, өвөрлөн түнтийдэг хорвоо яадаг юм бэ? Чиний эцэг намайг юугаар гийгүүлсэн

юм бэ? Би насаараа чиний эцэгт хүчээ өргөсөн. Харин одоо чиний ээлж ирсэн. Би эцгийн чинь хөрөнгийн өчүүхэн хэсгийг чамаас аваад явлаа. Чи энэ газарт өтөж өмхийрөн өт хорхойны хоол болно биз. Одоо ч тэгээд харгис хар пийдаалын үр удам өт хорхойноос ч үнэгүй болчихсон газар хойно. Өөрсдийнхөө үнэ цэнийг мэдэж ав. Угаасаа чамайг үхэл хүлээж байгаа ш дээ. Үх үх гэчихээд – Чүү хэмээн морио давиран давхиад явчихав. Түүний хэлээд байгааг ойлгох чадвараа алдсан Дандархайдав ухаан балартан эмээлийн бүүргээ тэврэн ойчив… … Ямар ч байсан аавыгаа төрсөн нутаг Ноён Хангайн ууланд нь оршуулсан Баатаржав Хайрханы ар биеийн дээд эхэн дэхь битүү ширэнгэнд байрлах агуйд хүрч шүтээнээ байрлуулж эцгийнхээ араас олон зул асаан буян үйлдэв. Богцоо уудалж аяны жижиг тогоо гарган агуйн хаяагаар урсах уулын горхины уснаас хутган авч бор цай чанаж уугаад юм идэх дур хүрэхгүй тул дээш харан ойчив. “Муу аав минь ингээд зандалчдын гарт амь үрэгддэг байж. Гайгүй дээ. Эр нэг унаж, эрэг нэг нурдаг. Дандаа ингэж чулуугаар халхавч хийн нуугдаж суухгүй биз. Надад сэхэх нэг бус өдөр ирж таараа. Тэр цагт би аавынхаа хариуг ардын засгийнхнаас хэд нугалж авна. Тиймээ би аавыгаа алсан өөдгүй амьтдаас хариугаа заавал авна. Ааваа хүү

чинь… тэр муусайнаас таныхаа хариуг заавал авна. Ааваа… ааваа” хэмээн тэрээр багтран чангаар орилов. Баатаржав Эрдэнэ вангынхны үе дамжин дээдэлж ирсэн дайнч удмын хөх тугыг шүтээний дэргэд залж – Дайнч дээд өвгөд минь сонсч болгоо. Хүчгүй бас ганцаараа байна гэдэг ямар аймшигтай гутамшиг байдгыг би мэдлээ. Дээдэс та нарынхаа уухайн дууг чинь би сонслоо. Удмын өчүүхэн хүү намайгаа өршөө. Би энэ төртэй чоно шиг хэмлэлдэж, нохой шиг архирсаар дуусна. Би өөрийн эцгийг хашаатай хонь шиг туугдаж яваад алуулахыг өөрийн нүдээр харлаа. Миний амьдрал Эрдэнэ вангын хошууны засаг ноён Содном бэйсийн амьдрал ийм эмгэнэл дүүрэн дуусах юм гэж үү? Би ямар тэнэг юм бэ? Тэр өдөр аавыгаа дагуулаад гарах нь яаваа. Хонь шиг номхон хүлцэнгүй тэр олон хүмүүсийг тэд чоно шиг хядаж дууслаа. Би тэдэнтэй эрслэн тэмцэх болно. Ийнхүү Баатаржав тэр шөнөжин өвөг дээдсийн шүтээндээ өөрийн тангаргаа өргөж шөнөжин ганцаар яриад үүр гэгээрэх үес жаахан унтаад үүр гэгээрэх үес ямар нэгэн сүрхийх чимээнээр сэрж хажуудаа тавьсан буугаа шүүрч ухасхийн босов. Хэдэн турлиах агуйгаас нисэн гарч

байлаа. “Өө муу хөсрийнүүд шүтээний дээгүүр нисээд гарлаа гээч. Агуйн үүдийг хаах хэрэгтэй юм байна. Гарч морьдоо харах минь.” Баатаржав агуйн үүдний уужимхан зайд морьдоо аргамжсан тул морьд үүрийн гэгээнд нойрмоглон зогсох нь харагдав. Энэ сундлаа агуйг аав нь ихэд нандигнадгаа хөвгүүддээ ярьж байсныг Баатаржав санаж юмны туханд хүрэлгүй ахыгаа харь холын замд найдлагагүй хүнтэй явуулсандаа жигтэйхэн харамсан амаа барив. “Би ахыгаа дэмий явуулжээ. Энд хамтдаа ирдэг байж. Муу ах минь яаж яваа бол доо. Нэг сэтгэл түгшээд байх чинь.” Өглөөний том улаан наран мандах үес Баатаржав гэрийнхээ хойд уулын нэгэн товцог дээр гэр үрүүгээ дурандаж суув. Ноёны их бага өргөөд ажин түжин оргиод уйтайхан дүнхийнэ. Нар дээр хөөрсөн ч зарц барлагуудын өрх татаастай ажин түжин оргино. “За яах вэ? Доройтоход уруудна гэж энэ дээ. Эзэн ноёныг нь бариад явчихаар эд нар ингэж оодорч байхгүй юу. Өчнөөн жил эцгийн минь хаяаг дэрлэж, малыг нь дагаж амь зогоож ирснээ мартчихаад илжиртлээ унтаж байхгүй юу. Муусайн нохойнууд. Одоо

эд нар хатан ээжүүдийг минь үл тоож байгаа л даа. Улааныхан ирээд арай ч мал хөрөнгийг минь хураагаагүй байгаа юм байна. Хурдан удамтай хоёр азарга адуугаа Хайрханы ар шил үрүү давуулчихъя. Хурдан удмын адуугаа энэ муусайнуудын хоол болгохгүй шүү. Байз. Байз нэг хүн гараад ирлээ. Нударга нь далбалзаад айл айлын үүд сөхөөд босгож яваа ухаантай юм уу даа. Хэзээ байтлаа энэ зарц барлагууд хүнээр дуудуулж сэрдэг болоо вэ?” хэмээн шүд зуун босон харайсан Баатаржав мориндоо мордон хөндий уруудан дэргүүлж өргөн хөндийн нэгэн биеийг бүрхэж идээшлэх адуун сүргээс ихэнхи хэсгийг нь таслан туусаар Ноён Хангай өөд дэргэтэл хатируулав. – Хатантан ноён сүрэгт хулгай орж адууны талыг урьд шөнө туугаад явчихаж. Сангийн даамал Батаа хоёр адуучин дагуулж орж ирээд үүдэнд сөхрөхөд Цэцэн хатан тэднийг тоомжиргүй байдлаар цөхрөн харж – Үүр гэгээрэх үес намайг хоёр Хангай, Хайрханд дээж өргөхөд доод хөндийг бүрхээд адуун сүрэг бүрэн харагдаж байсандаг. Хулгайч уг нь сарнаар адуу хөөдөг баймаар юм. Нарны дор хөөхийг бодоход их ойрхоны хулгайч болж таарах нь дээ. Ноён баригдаж явчихсан. Одоо энэ сүргийг яасан ч яах вэ? Гэж бодоод байх шиг байна. Шинэ тутам

төрийн төлөөлөгчид ирж тоо толгой бүрэн авах мал шүү. Адууны талыг алдсан ял зэмийг би биш ногоон малгайтнууд та нараас асуух биз. Унтах тавлах чинь ихдээд хариулах адуулах чинь багадаад байгааг би мэдэлгүй яах вэ? Монгол хүн малдаа хар буруу сэтгэлээр хандаж уг нь болохгүйсэн. Ноён баригдаад явах мал ахуйд огт хамаагүй түүнийг зохицуулдаг төр оршин тогтнож байна. Тэр төрийг ирэхээс өмнө алдагдсан адууг ол. Хөрөнгө нуусан ялд би унахыг хүсэхгүй байна. Би хулгайчид биш төрд адууг хүлээлгэж өгмөөр байна. Явж алдагдсан адууг үтэр нааш нь олж авчир. Хатны хатуухан хэлсэн захирамжит үгнээс ихэд айсан хоёр адуучин ухасхийн гарч араас нь Батаа мэхийгээд гарахаар завдахад хатан гар өргөж зогсоогоод – Ноён сангийн бүх эд зүйл мөнгө янчааныг нарийн сайн данслаарай. Бүх төрлийн малыг ч мөн адил. Аа тийм манай малчдаас салж нүүх биднийг орхих хүн байвал хүслээр нь болгоно биз. Таньд бас хэцүү байвал та биднээс болж хэцүү байдалд орчих гээд байвал үнэнээ хэлээрэй. Биднээс болж алийн болгон албат иргэд маань зовох билээ дээ гээд Цэцэн хатан сүүрс алдав. – Хатантан минь юу айлдаж байна даа. Бусад улс яадаг юм бэ? Харин миний хувьд … миний хувьд таны

голомтны дэргэд байх болно гэдгийг та ойлгоорой. За хатантан минь би явж ажлаа дахин нэг нягталъя. Ардын засгийнхан ирээд хурдхан нэг чигийг заагаасай гэж хүсэх байна гэж хэлээд Батаа гарч одов. – Эгч ахайтан минь чийчаан ирж байна. Одоо яах билээ? Номингоо ихэд айсан байртай хоёр охиноо хөтөлчихсөн гүйж ирэв. Цэцэн хатны царай барсхийсэн ч – За ашгүй ашгүй. Цаг хугацааны энэ зовлонг давж дараагын амьдралдаа орцгооё дүү минь. Битгий сандар дүү минь төр солигдож байна. Ганц бид биш нэгэн цагын эрхшээлд ихэс олон цөм тарчлан зовж байна. Битгий их зовж шанал. Зовлон тэр хирээр ирдэг юм. Хоёул гарч тэднийг тосъё гээд түрүүлэн гарав. Баруун хязгаар нутгийг төвхнүүлэн товхинуулах ардын засгийн төлөөний түшмэл Намхай өөрөө тэднийд ирсэн байлаа. Дарга малгай өмсч ташаандаа жижиг гар буу санжигнуулан тэвхэлзтэл алхлан ирж яваа шинэ засгийн тэр даргыг Цэцэн хатан нэг их харсан, таньдаг хүн шиг санагдан зүрх нь хүчтэй цохилоод явчихав. “Энэ чинь хэн бэ? Нэг их таньдаг царай. Үгүй энэ чинь… Үгүй энэ чинь Намхай бичээч биш үү? Тэгээд ардын засгийн төлөөлөгч болчихлоо гэж үү? тийм л байна даа.

Мөн байна. Үгүй бас ийм үед таардаг нь аз уу, эз үү.” Намхай ноёны их өргөөний үүдэнд зогсох хоёр хатан гурван охиныг харж – Сайн байцгаана уу? Сайхан зусч байна уу? Гэж энгийн тогтуун мэндлэв. – Сайн. Та амар сайн морилж явна уу? Гэрт морилж болгоо. Хатад түүний аядуухан занд баярлан хариу мэндэлж үүд өргөн гэрт оруулав. – Та сууж болгоо. Алив охид минь идээ цай барь. Шүүс зоог бэлд. Цэцэн хатан нам дуугаар захирч Номингоо хатан ирсэн гийчдийг зочилж цай идээ барив. Намхай малгай авч хажуудаа тавиад ирсэн зорилгоо тайлбарлахаар дарга цүнхний товчийг подхийлгэн мулталснаа зүүнд хатгуулах мэт өөртөө цочин давхийв. Олон жилийн өмнөх зүрх сэтгэлийн соронзон болсон гэрэлт цагаан царай урт сормууст том алаг нүд түүнийг ихэд гэрэвшингүй ширтэж байлаа. “Үгүй энэ чинь Цэцэн гүнжүү дээ. Хөөрхий минь энд амьд мэнд аж төрж байсан юм байна ш дээ.” Халхын түшээт хан Насантогтох вангын төрсөн дүү хурц бэйс Төр- Орших жононгын гүнж. Энх-Саруул ахайтаны төрсөн ганц охин Цэцэнд тэр сэтгэл алдуурч явсан нь саяхан мэт санагдав. Хурц бэйс

Төр-Орших жононгын “Халх зарлиг” хууль сахиулах тамгын газарт тал бичээч, бичээч, заргын бага түшмэлийн алба хашиж байсан Намхайд Цэцэн гүнж сэтгэл алдарч ухаангүй дурласан нь байдлыг өөрчилж Намхайг хугацаагүй цэргийн албанд мордоход Цэцэнг алс холын Засагт хан аймгын Эрдэнэ вангын хошууны суудал залгах агь ноён Содномд хатан болгон богтолсноор дуусгавар болжээ. “Намхай маань сайн яваа юм байна даа. Болж дээ. Уг нь ингээд явах чадвар төгс хүн юм шүү дээ” Цэцэн бодож “Энийг маань энд Содном бэйс гэгчид хүчээр өгсөн юм байна. Би уг нь их эрсэн юмсан. Олдохгүй байсны учир энэ юм байж” гэх бодолд Намхай автан суув. – Феодал этгээд Содном бэйсийн эд хөрөнгийг битүүмжлэн хураах ардын засгийн шийдвэр гарсан тул ардын засгийн баруун хязгаарыг илбэн тохинуулах төлөөний түшмэл Намхай өөрийн биеэр ирээд байна хэмээн Намхайн туслахын хэлэх өргөөнд тодхон сонсдоход Номингоо хатан толгой бөхийлгөн хүлээн авав. – Цэцэн хатан таны бие лагшин тунгалаг уу? Сэтгэл санаа хир байна даа хэмээн Намхай аядуухан хэлж

туслахынхаа яриаг таслав. – Миний бие энх тунх сайн сууж байнаа. Харин санаа сэтгэлийн хувьд эр нөхрөө ял зэмд явуулсан эхнэрийн сэтгэл ямар байдаг билээ тийм л байна даа. Түшмэл таны алба өндөр бие лагшин тунгалаг буй за хэмээгээд Цэцэн мэхэсхийж – Холын замд та бүхэн баахан ядарч чилээ биз. Зоог шүүс бэлтгэж байна. Саатаж тухлаад ажилдаа орно биз гэв. Туслах нь Намхай өөд гайхан харахад Намхай толгой дохиж – Муугын ёс биш Монголын ёс байна. Болсон идээнээс бүү зайл. Болох болохгүй хүний үгэнд бүү ор гэж эртний үг байдаг байхаа. Тухалж хооллоод ажилдаа оръё хэмээн суудалд тухлахад бусад нь дагалдав. Үнэнийг хэлэхэд өмнө нь Цэцэнгийн аягалж барьсан цай хоолноос иднэ гэдэг олдошгүй завшаан байсан ч яг ийм нөхцөлд юу ч болоогүй мэт идэж уух нь тунч хэцүү байлаа. – Намхай түшмэдээ та хоол зооглогтун. Хоол амтгүй болж уу? Цэцэнгийн ихэд тайван хэлсэн үг чихэн дээр нь ихэд уянгатай сонсдов. “Хорвоо гэдэг ямарч давчуу юм бэ дээ. Би Цэцэнгийнхээ эд хөрөнгийг хурааж хоосруулж байх ч гэж дээ. Туулынхаа эрэг дээр дээр өмөг түшиг ах дүү нарынхаа дэргэд бол бас яая гэхсэн. Гэтэл харь

холын энэ газар хоосон ядуу феодал гэж гадуурхагдсан энэ хүний хувь заяа хэцүүдэх нь дээ. Тэглээ гээд би яах билээ. Бага залуудаа энэ хатанд хайртай сайн байсан юм гээд хөрөнгөнөөс нь нууж үлдээх үү? Би засгийн газрыг төлөөлж яваа түшмэд хүн. Нам засгийн газраас гажих эрх надад байхгүй. Хөөрхий дөө Цэцэн өдий насандаа зовох зовлонгын эзэн байх гэж. Цусан төрлийн ах дүүс нь цөм баригдаж хороогдсон. Эр нөхөр Содном бэйс нь бас адил. Тэднийгээ тийм байгааг мэдээ ч үгүй байх даа зайлуул” хэмээн Намхай бодож шаналж суулаа. – За сайхан хооллочихлоо. Хатантанд ихэд гялайлаа. Одоо ажилдаа орцгооё. Гүржав та Содном бэйсийн мал сүрэг хэд хичнээн байгааг данслан тоолж нэгтгэ. Ахлагч Дэлгэр та ноён сангын хөрөнгийг дэнсэлж нарийн бүртгэ. Мөн ноёны хөрөнгөнөөс хувь хүртэх хүн хэд байгааг тэд ноёны хэн болох бүртгэлийг гурван хувь үйлдээд нэг хувийг нь надад өг. Би Содном бэйс ноёнтны гурван хатны өргөөнд болон бусад

ямбаны заргын, шүтээний өргөөнүүдэд нэгжлэг хийж эд баялагыг нь битүүмжлэнэ гэж захирахад тушаал авагсад гар өргөн ёслоод үүрэг гүйцэтгэхээр гарцгаав. Намхайн туслах залууг өргөөг нэгжин үнэт зүйл, торгон, булган, минжин хувцаснуудыг нь гарган дансалж эхлэхийг Цэцэн энгийн тайван нүдээр харж суулаа. Туслах хойморийн өлзий хээт авдарнаас хамба торгоор өнгөлсөн жижгэвтэр хайрцаг гарган ирж Намхайн өмнө тавив. Хайрцагыг нээхэд шүр, сувд, алтан, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, бугуйвч, унжуурга зэрэг эрднэсийн үнэт гоёл туяаран солонгорч харагдана. Намхай нүднийхээ булангаар Цэцэнг нэг, гоёлыг нэг харснаа бүгдийг дэс дараалан бичиж дэнслэн аваад дахин гоёлын зүйл үрүү харснаа гараараа хутган үзэж хайрцагны ёроолд байх нэгэн нарийхан жижиг алтан гогцоог гаргаж ирэн Цэцэнд өргөн харуулаад – Энэ жижиг бөгж нилээд ядуу хүний таньд чин сэтгэлээсээ бэлэглэсэн бэлэг юм шиг санагдах юм. Энэ

бөгжийг таньд бэлэглэсэн хүн байгаа юу эсвэл би дэмий ярьчихав уу гээд хатан тийш харав. Хатны нүдэнд харуусал, залуу цагын гүн гуниг цухалзаад өнгөрөхийг харсан Намхай өөртөө жигтэйхэн баярлав. – Тиймээ. Миний нэг дотны хүн. Мартахын аргагүй тийм дотны хүн энэ бөгжийг надад бэлэглэсэн юм. Би тэгэхэд дөнгөж арван долоон настай охин байсан даа хэмээн Цэцэн ихэд тод хэлэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *