Нүүр Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “3-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “3-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
358

За энэ яах вэ? Мах хөшиглөөд цай зооглож бай гэсээр ямар нэгэн далд хүчинд бүрэн эзэмдүүлсэн Цэцэн ноёны өмнө тарган хонины чанасан мах, том мөнгөн аяга, зэс домбо ойртуулан тавив. – Сайн идэж

өөрийгөө эрч хүч, эр чадлаар дүүргэж явдаг юм шүү. – Хатан минь юу л айлдаад байна даа. Намайг оргож бос гээд байна уу? – Тийм дээ. Өөр яах билээ. Хачин их уймарч дэнслээд байгаа сэтгэлээ арайхийн

захирсан хатан мөнөөхөн хүрмийг шүүрч дутуу хадсан шилбээ гүйцээхээр суунтусав. “Шилбэ дутуу хадагдах муугийн шинж гэж ижий минь хэлдэгсэн. Хурдхан энэ шилбийг нь хадаад өмсүүлье.”

Хатан эр нөхөр ноёныхоо төлөө дэнслэн зовсоор зүү утас сүвлэхэд хөнгөн хөлтэй хүний гүйх сонсдон Номингоо хатан амьсгаадсаар орж ирэв. Сандарснаас нүд нь эргэлдэнэ. Номингоо хатан зүрхээ даран

тонгойж – Хатантаан. Ноёнтоон болохоо байлаа. Доод хөндийгөөс чийчааны гэрэл ойртож муухай үнэр нь үнэртэж байна гээд голомтны өмнө сөхрөн ойчив. – Юу. Бурхан минь ийм амархан уу гэсээр Цэцэн

хатан ухасхийн босч ирэв. Ноён сангийн даамал зулагт гутлаараа зуны саарал шороо пургиулсаар гүйн орж ирээд суран оосортой олон түлхүүр Цэцэн хатны өвөр дээр шидэж – Болохоо байлаа ноёнтон минь. Ногоон малгайтангууд доод хошуу тойроод ирлээ. Шалавхан мордъё гэж адган хашгирахад Содном бэйс өндийн – Алив миний шинэ хүрмийг өгөөдөх шалавла хэмээн гараа тосоход Цэцэн хатны царай цонхийж – Яадаг билээ. Нэг шилбэ нь хадагдаж амжсангүй гэж гаслантайяа дуун алдав. – Юуны хамаатай вэ? Их хатныхаа сэтгэл шингээн урласан шинэ хүрмийг өмсөөд шинэ засгийн төлөөлөгчдийг угтаж авъя. Аягачин хундагачинг дуудаж цай, идээ, зоог шүүс бэлтгүүл. Зочдыг засаг өргөөнд хүлээн ав хэмээн зарлигласан ноён ямбаны найман ханат улаан халзат их өргөө үрүүгээ тайван алхахад Цэцэн хатан ихэд сандарч төрт ёсны хувцсаа хам хум өмсөөд араас нь гүйв. Номингоо хатан тэднийг арга барагдсан нүдээр хараад мөн өөрийн хувцсаа өмсөхөөр яаравчлав. Ноёны өргөөнүүдээс холхон байрлах ноёны малчдын бор гэрүүдийг хурц гэрэл гялбуулсаар

ойртоход хашаан дахь хонь, мал аргамжаатай морьд үргэж хуйлран малчдын хашгиралдах сонсдоно. Машинууд ар араасаа довтолгосоор Эрдэнэ вангын хошууны засаг ноён Содном бэйсийн ямбаны их өргөөний үүдэнд тулан алдан зогсоход хатадын дотор муухайрч зүрхээ даран тонгойцгоов. – Тайван байцгаа л даа та нар. Өөрсдийгөө дэмий айлгаад байх юм. Содном бэйс аль болохоор тайван хэлэхийг хичээсэн ч хоолой нь чичирч байгааг хатад анзаарав. – Батаа даамал гарч ирсэн улсыг өргөөнд оруул. – Жа ноёнтоон. Гэхдээ…. тэгэх хэрэг байна уу? Батааг тунч дорой дуугаар хэлэхэд хариу хэлэх завдал өгөлгүй гэрийн хаяанд хүмүүсийн пидхийн үсэрч буух сонсдон эсгий үүд дээш шидэгдэж бууны онгорхой ам гэрийн хойморийг тэмтэчсээр тахтай савхин гутлын түрий харагдан дээшилсээр улаан халзтай цэрэг ногоон өмд цамц бүхий ууртай хүйтэн царайт эрчүүд цувран орж ирцгээв. Тэдний саравчтай дарга малгайны орой дээр таван хошуу тодоос тод харагдана. Мөрөн дээрээ дөрвөн ширхэг шоргоолжтой ширүүн харцат дарга бололтой махлаг пагдгар эр ташаандаа санжигнуулсан жижиг гар буугаа суга татан авч Содном өөд чичлээд – Засаг ноён хар пийдаал Содном гэгч чи мөн биз. Муу харгис пийдаал чинь ер юу ч болоогүй аятай суух чинь. .. Чи муу харгис пийдаал арай

намайг өмнөө сөгдөнө гэж санаагүй биз… аан… гээд голд ортол муухай харахад Номингоо хатан айхдаа дээлийнхээ хормойг чичиртэл дагжиж байлаа. – Эрхэм ардын засгийн түшмэдүүд. Аян замдаа алжаалгүй амгалан морилж явна уу? Та нарыг уг нь би Монгол ёс заншлаар угтаж байгаа ухаантай юм. Сууж морилцгоо. Хол аянд явсан улс аяншиж ядраа биз. Цай идээ зоог шүүс болгоо хэмээн Содном бэйс тэднийг найрсгаар алга дэлгэн урив. – Би танайд дайлуулах гэж ирээгүй. Харин чамайг ардын засгийн газраас баривчилж байна. Бос. Хувцсаа соливол солиод урд ороод яв хэмээн захирангуй дуугаар зандчихад хатдын царай цонхийж нулимс хацрыг нь даган бөмбөрөв. – Мэдэж байна. Би явахад бэлэн байна. Адаглаж цай амсаач…. – Энэ муу эсэргүүн чинь юу гэж хуцаад байгаа новш вэ? Цай хоолондоо хор хийчихээд Дотоодыг хамгаалахын төлөөлөгчдийг цааш нь харуулах зорилго агуулаад байгаа юм биш үү? Шалга энэ эсэргүүнийхийг… Гэр болгоныг нэгжиж бүх эд зүйлиийг нь битүүмжил. Нөхөр Нанзад тушаал биелүүл гэж царгиа хоолойгоор хашгирахад мөрөн дээрээ хоёр шоргоолжтой өндөр нуруут хүдэр эр шанаан тус газраа гараа аваачин өргөж – Мэдлээ гүйцэтгэе гэж зоримог дуугаар хэлэв. – Пийдаал Содном, чиний хүү тайж гаралтай Дандархайдав, Баатаржав нар хаана байна вэ? Тэд бас бидэнд хэрэгтэй байна. – Болгоож өршөө эрхэм

түшмэдээ. Миний хоёр хүү та нарыг ирэхийг мэдээгүй тул Нийслэл хүрээ орохоор явсан. Хэрэв урьдчилж надад мэдэгдсэн бол би хоёр хүүгээ байлгаж байх байлаа. – За за дуугаа тат. Чам шиг эсэргүүн пийдаал бидний ажлыг заах болоогүй. Наад новшоо чирч гаргаад машинд суулга. Алдчихаваа та нар. Аюултай эсэргүүн шүү. Наадахь чинь. Хоёр цэрэг урагш ухасхийн Содном бэйсийн хоёр талаас дайрч гуд татан чирсээр өргөөнөөс авч гарав. – Бурхан минь ямар түрэмгий улс вэ? та нар чинь. Ямарч эсэргүүцэл үзүүлээгүй номхон хүлцэнгүй байхад нь ингэж догшроод… Цэцэн хатанг тэсч чадалгүй хэлж Содномын араас ухасхийхэд нэг ногоон малгайт түүнийг хойш нь огцом хүчтэй түлхэхэд биеэ татаж авч чадаагүй хатан тэрий хадан унав. – Гэрүүдийг сайн нэгж. Эсэргүүн пийдаал Дандархайдав, Баатаржав нарыг олж баривчил. – Мэдлээ гүйцэтгэе. – Тэгээд хурдлаачээ нөхөөр… наад эсэргүүнүүдээ алдав. Ямар нэг хөдөлгөөн хийвэл дор нь нам буудаарай. – Та нар эмс хатадад муйхар хүч үзүүлж айлгаж сүрдүүлээд яах вэ дээ. Төрийн ажлыг ингэж ч гүйцэтгэдэггүй байх шүү. Эх хүнээс төрсөн усан нулимст, цусан зүрхт хүмүүс байж. Содном бэйс газарт тулан босох гэж өндийж байгаа их хатнаа харж ихэд өрөвдөхдөө зэвүүцлээ барьж дийлэлгүй ингэж хэлээд үлдэн хоцорч буй хэдийгээ зүрх шимшрэн харав. – Алив хөөе. Тэр харуулд

суугаа нөхөр. Наад новшоо дуугүй болгоод орхиоч. Машины хойд буланд суун баригдагсдыг харгалзаж суух нэрийдлээр унтаж байсан цэрэг даргынхаа дуунаар гэнэт цочин сэрж Соднрм бэйсийн цээж үрүү бууныхаа бөгсөөр хүчтэй цохиход пидхийх чимээ гарч Содном тэнцвэр алдан хойш саван ойчив. – Алчихлаа ш дээ… хэмээн Цэцэн хатан уйлаганасаар өндийж дахиад машин уруу тэмүүлж дахин хүчтэй түлхүүлэв. – Ааваа… аавыг минь хаашаа аваачиж байгаа юм бэ? Цэцэн хатнаас төрсөн арван зургаан настай охин Цолмон уйлагнаж эхийнхээ дэргэд бүлтэгнэн зогсоно. Энэ үед Номингоо хатны өргөөний үүдэнд бөөн шуугиан дэгдэв. Тайж хөвгүүдийг хайсан хоёр ногоон малгайтан дунд хатны өргөөнд ормогц орон дээр унтаж байсан хоёр охиныг гудастай нь татаж унагаснаар унтаж байсан охид газарт чанга ойчиж цочиж, айхдаа чанга уйлалдаж Номингоо ногоон малгайтны хоёр цэрэгтэй ширүүн маргалдахад хүрэв. – Хүүхдүүд унтаж байна ш дээ. Та нар чинь үр хүүхэдтэй улс баймаар юм. Харсаар байтал унтаж байгаа хүүхэд татаж, унагаж айлгаж уйлуулдаг чинь

түрэмгий дайсны шинжтэй санагдаж байна шүү. Балчир хүүхдүүд та нарт муу муухай юм хийгээгүй байх шүү. – Хм. Мөн донгодовоо. Угаасаа та нар дайснууд шүү дээ. Муусайн эсэргүүн хар пийдаалууд. Та нарыг хүйс тэмтэрчихсэн байхад нэг их буруудахгүй байх шүү. – Балчир бага хүүхдүүд та нарын эсрэг ямар буруу юм хийчээ вэ? Эцэг ноён нь хүртэл та нарын эсрэг хуруугаа хөдөлгөөгүй байх шүү. Хотонд орсон чоно шиг дэндүү дураараа авирлах чинь тэгээд ардын засгийн бодлого мөн гэж үү? – Дуугаа татаарай. Муу харгис хатан пийдаал минь. Дэлбэ буудаад энэ хоёр зулбасагатай чинь нохойд хаяад өгчихөнө шүү хэмээн нэг цэрэг буугаа гозолзуулан Номингоог хараалахад түүний ар нуруугаар хүйт даан чимээгүй болов. Айж цочирдсон хоёр охин нь бууны ам чиглэнгүүт чимээгүй болж хоёр талд нь чимээгүйхэн наалдаж бөөн бөөн нулимс хацрыг нь дагаад урсана. “Адилхан Монгол зүрхтэн байж ийм эрээгүй авиртай улс байх гэж. Энэ ногоон малгайтнууд чинь ямар муухай улс гээч вэ? Чимээгүй амаа хамхиад дуугүйхэн өнгөрвөл аминд өлзийтэй болох нь шив дээ. Ноён баригдаж байхад би алагдаж болохгүй. Хоёр нялх охин минь яах билээ. Баатаржав хүүгээ ямар азаар явуулав даа. Бурхан минь биднийгээ аварч өршөө. Эцсийн амьсгалаа хүртэл тэсэх ёстой.” Номингоо хоёр охиноо элгэндээ наан нүүрний ямарч хувиралгүй

барайн суухад цэргүүд айлгаж дарамталсандаа баясан нүд ирмэлцсээр гарч одов. – За муу харгис хар пийдаал хатан минь тархийг чинь зад буудаад хаячихана шүү. Машинаас холд гэсээр нэг цэрэг бууны хүйтэн амаар ёвчсоор Цэцэнг хойш нь хөөхөд учиргүй айсан Цолмон охин часхийн орилов. Шөнийн саран дээш хөөрч үй түмэн одод ширхэг ч үүлгүй шөнийн цэлмэг тэнгэрийг ноолж бүчин энд тэндгүй яралзана. Содном бэйс хөндүүрлэн өвдөх элгэн тус газраа зөөлөн дарж санаа алдахад дэргэд нь суусан Тариатын хүрээний хамба лам гүнзгий сүүрс алдав. – Бурхан минь… Содном минь тэгээд биеэ бодож яваарай даа. Амьд л үлдэхийг хичээдэг юм шүү. Цэцэн хатны арга барагдангуй цахиртан хэлэх сонсдоход ноёны зүрх өмрөн унах шиг санагдаж байв. “Хөөрхий минь миний араас зүтгээд байна даа. Аргагүй л насны минь хань байж дээ зайлуул. Чимээгүй л байгаасай даа. Цохиулж, нүдүүлж бүр алуулчих вий дээ. Хөөрхий минь” Содном бэйс хатныхаа хийж өгсөн хүрмэнд нугдайн суухад нэг их муухай утаа хаялж муухай дуугарсан чийчаан урагш ухасхийн давхихад дотор нь муухайран нүдээ анив. “За ингээд явдаг байж дээ. Нутгаасаа… Нутгийн минь энэ шөнө ямарч сайхан шөнө вэ? Дээ. Хоёр Хайрхан минь үлдсэн амьдралыг минь аварч өршөө.” Хатад нь араас нь сүү өргөж буй

бололтой нүүрэн дээр нь сүүн дусал бөмбөрөн буухад Содном гэртээ улам ч хоргодон дотор нь харанхуйлав. – Ноёнтоон. Та наашаа суу. Энд… миний дэргэд… харанхуйд хэн нэгний танил дуу гарч Содном тийш харанхуй уруу харав. – Муусайн эсэргүүнүүд минь нам буудаж орхино шүү. Дуугаа татсан чинь дээр байх шүү гэж нэг нь архирах мэт хэлж бууны замаг тачигнуулахад бүгд чимээгүй болов. Машин харанхуйг зүсэн урагшилж Содном бэйс амьдралын төгсгөл үрүү явж байгаагаа ойлгож нүдээ анив. Шөнийн сэвшээ салхи түүнийг хатдынх нь уруул мэт зөөлөн таалах аж. “Тиймээ салхи… энэ бол намайг дуусгах салхи”… … – За ах минь салъя гэж салсангүй салаа заяаны эрхээр салав. Миний бие муудаад болох биш. Энэ чигээрээ холын замд та хоёрт төвөг учруулах нь шиг байна. Дүүдээ шүтээнээ үлдээчих. Энэ бол аавын захиас. Та хоёр минь ингээд замаа хөө дөө гэж Баатаржавыг хэлэхэд Чоймчиг хязгааргүй баярлаж – За ашгүй энэ муу егзөр нохой зам буруулах нь… Аштай юу. Тэнэг юм болохоороо алтаа биш шүтээнээ аваад явлаа гээч. Миний азын тэнгэр гийлээ гээч. Одоо энэ муу Дандархайдав юу байх вэ? Унтаж байхад нь ганц тоншчихоно. Тэгээд эзэн ноёны эд баялаг минийх дээ хэмээн бодов. – За дүү минь

хожмын нэгэн ерөөлт өдөр энх тунх учран золголдъё гэсээр Дандархайдав дүүгээ тэврэн авав. – Ахаа наад новш чинь таны замын хань биш шүү. Биеэ битүү төмөрлөсөн хуяг өмсч яв. Алт мөнгө яах вэ? Амь нас хайран шүү. Цаг төр тайвширмагц заавал амьд мэнд эргэж ирдэг юм шүү хэмээн Баатаржав шивэгнэв. – Би яаж ийгээд алс хэтээ зохицуулж чадна. Харин чи буруу юм хийж болохгүй шүү. Дандархайдав хариу шивнээд тэд удтал тэврэлдэн салцгаав. Баатаржав буцах замдаа ар гэрийн газартаа ихэд яарч явлаа. “Ардынхан өдийд манайд ирсэн. Аавыг минь аваад явчихсан байх даа. Ар гэрт минь чухамдаа ямар гээч гачлан болж байгаа бол” гэж бодон мориндоо ташуур өгсөөр хоёр дахь өдрийн оройхон хирд хоёр Хангайнхаа барааг олж харан ихэд баярлан улам ч яаран хурдлав. Унаж яваа морь нь гэнэт хамраа дуугарган хажуу тийш огло харайхад Баатаржав золтой хажуу тийшээ ойччихсонгүй. Замын хажууд лам хүний шар орхимж хэвтэж харагдахад залуу эр ихэд цочин бас ихэд хянуур болж өтгөн мөчирт модны цаана биеийг халхлан зогсч ийш тийш хараачлав. Морь чихээ дахин сортолзуулахад ихэд анхааран

харвал тэртээ дор “Дэргэний” давааны доод биед хоёр хар чийчаан зогсч давааны энгэрийн гүн жалганы ирмэг дээр нилээд хэдэн хүн зогссон харагдахад дотор нь палхийгээд явчихсан Баатаржав тэр зүг үрүү бие далдлан шогшуулав. Шүтээн ачсан хөтөлгөө морь нь их саад болж байлаа. Баатаржавыг нөгөө талын хусан ойд хүрэх үес буун дуу хэдэнтээ нирхийж морь нь үргэн буцаж давхих гэж сандаргав. “Муусайн новшнууд гэгээн цагаан өдрөөр үй олноор нь шууд бууддаг байна шүү. Харийн дайснаас дээрдэх юм юу байгаа юм бэ? Шар хувцастай олон хүн харагдсан даа. Аль хийдийн лам нарыг сүйд хийж байгаа бол доо муу нохойнууд. Дунд нь хэд хэдэн хар хувцастай хүн харагдсан даа. Арай тэдний дунд аав минь байгаа юм биш биз. Аавыг минь арай барьж аваад явж байгаа юм биш байгаа даа” хэмээх бодол тархинд нь зурсхийхэд дотор давчдаад явчихав. Машинууд өндөр газар хүч алдан ёнгиносоор хөдлөн явахыг Баатаржав харсан ч буцаад ирэх вий гэж болгоомжлон хэсэг хугацаа өнгөрөөв. Баатаржавыг жалганы ирмэг дээр очиход зуны тунгалаг нар дээр хөөрч байлаа. Улаа үзсэн махчин шувууд далавчаараа газар алгадах шахам нам доогуур нисч цусны эхүүн үнэр хамар цоргино. Морьд хамраа дуугарган эргэж хуйлрах тул Баатаржав мориноос бууж морьдоо

сайтар бөхлөв. Зүрх хүчтэйеэ цохилон муугын зөн совин хүчтэй мэдрэгдэх тул Баатаржав цусан далай болсон жалга уруу гүйх шахам очив. Баатаржав жалга уруу хараад царай хөрзийлгөн барайж хойш ухрав. “Бурхан минь харах юм биш. Ийм яргалал гэж байдгаа бас.” Дээр дээрээсээ буудагдаж унаж цусандаа хутгалдсан тавь жаран хүн тэнд ертөнцөөс хальсан хэвтэж байлаа. Ихэвчлэн лам нар байх бөгөөд хаа нэг гэзэгт эр хүний цогцос харагдана. “Ногоон малгайтнууд аавыг минь барьсан нь зайлшгүй. Энэ манай хошууны нутаг. Лам ноёдыг баривчилсан ногоон малгайтнууд хошууны засаг ноёныг барилгүй буцна гэж байхгүй. Аав минь баригдах нь баригдаж таарлаа. Тэд аавыг минь аваад явчихав уу… эсвэл… миний аав энэ золгүй хүмүүстэй хамт сүйрэв үү” нүдэнд нь хүйтэн нулимс хуралдсан Баатаржав талийгаач нарыг зайчлан эцэг ноёноо хайж эхлэв. Ард нь хүмүүсийн яриа сонсдоход цочин эргэж харсан Баатаржав буугаа яаран шүүрч авав. Лам явсан бололтой үсээ хусуулсан мулзан толгойт хоёр настайвтар эр өөдөөс нь намбалаг гэгч нь алхан ирэхэд залуу эр буугаа доош буулгав. – Энэ чинь ноёны хүү шив дээ хэмээн нэг нь Баатаржавыг

танимгайрхан ойртож ирээд толгой сэгсрэн халаглав. – Хэй бурхад дээдэс минь. Ямар их нүгэл гээч энэ вэ? Манайханыг энд бүгдийг нь сүйдэлчихэж. Ээ бурхан минь. Ийм юм бас байдагаа. Нөгөө хүн ийн халаглаад ус хурсан нүдээр цуг яваа хүн Баатаржав хоёрыг ээлжлэн харж толгой сэгсрэв. – Хэлэх ч юм биш. Одоо тэгээд яадаг билээ. – Оршуулахаас биш яах вэ? Бүгд манай хүрээний ламбугай нар байна. Энд нь оршуулъя даа. Мөн ч цөвүүн цаг эхэлж байна даа гээд түрүүчийн хүн Баатаржавыг харж – Арай ноёныг энд… гээд ээрч дуугаа хураав. – Би сайн мэдэхгүй байна л даа. Аавыг баригдсан үгүйг ч бас мэдэхгүй байна. Гэхдээ манай нутгийн хүмүүсийг ингэсэн болохоор энд аав байж магадгүй гэж айж байна гэж Баатаржав үнэнээ хэлэв. – Дүү минь энэ талийгаач нар бүгд манай нутгийн ах дүүс байна. Бид хоёр ч бас эд нарын араас ирсэн юм. Гурвуулаа нийлээд оршуулж хойчийн буянг үйлдвэл ямар вэ? Гэхэд Баатаржав толгой дохиж, дагуул эр мориндоо тохсон богцыг авчран арц хүж уугиулж

Баатаржавтай ярилцагч хижээл эр ногоон дээр завилан сууж маанийн уншлага уншив. Хөгшин залуу гэж ялгалгүй дээр дээрээс нь буудаж унагасан хориод ламтаны дороос том хээтэй хүрэн магнаг торгон хүрэмтэй хүний гар унжгасхийн гарч ирэхэд Баатаржав зогтусч ус гүйлгэнэсэн нүдээр харсанаа дээрхи хоёр хүнийг нь авч тавихад түрүүлгээ харан унасан аавынх нь тэргүүн харагдаж хөлд нь ноён малгай нь хэвтэж байлаа. – Ааваа… аав минь… миний ааваа… гэсээр эцгийнхээ цус болсон тэргүүнийг тэврэн авч дээш нь харуулсан чигтээ Баатаржав уухилж гарав. Ааваас хагацна гээч аймшигт хагацал зуны ийм нартай өдөр ингэж тохионо гэдгийг залуу эр яахин төсөөлж мэдэхсэн билээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *