Нүүр Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “2-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “2-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
317

Баатаржав хүү минь. Наад зэвсэг чинь зам мөрийг тань хөөдөх юм биш байгаа даа. Цэцэн сүүрс алдаж, түгшингүй хэлэхэд Баатаржав инээвхийлж – Хатан ижий минь та бүү чилэгтүн. Дан саад бартаагаар

явна. Анд нөхөдтэй тэр болгон таарахгүй нь ойлгомжтой. Амь хамгаалах зэвсэг байх нь зүй шүү дээ. – Хүний халуун аминаас холуур явдаг юм шүү хүү минь. Номингоо хатан хоолой зангируулан хэлээд

торгон нударгаар нүдээ дарав. – Битгий ингэж чилээч дээ ээж минь. Биднийг хүн асуувал хүрээ явсан гэж хэлдэг юм шүү гээд Баатаржав инээсээр байлаа. “Зэвсэг хэрэгтэй байлгүй яах вэ? Хар муу санаатан

хэн боловч эр хүн шиг үзэлцэнэ. Үлдэж хоцорч буй энэ хэд мөн хэцүүеэ. Хоёр хатан эх нулимсаа урсгаад, аав гэгээрэлд автах дүртэй үхлээ хүлээж дүнсийгээд. Бага хатан гэх аальгүй эм энд, тэнд

аалигүйтээд “Явж, явж тэр муу шаравганасан эм их уршиг тарьж мэдэх юм хуна. За яах вэ? Чамайг тэгэж давраахгүй ээ. Ерөөс энэ аав яах гэж манийн үеийн тийм жаал бүсгүйг хатан буулгадаг байнаа.

Хүссэн ч хүсээгүй ч амьдралтай тооцоо хийх цаг нь ирэх шив дээ.” Гэж бодсон Баатаржавын харцанд алсын таагүй бодол сүүмэлзэж нүд нь хурцаар чавчилсан ч инээсээр зогсч байлаа. – Өө би нээрэн аавд нэг юм хэлэхээ мартчихаж. Дандархайдав мартсанаа гэнэт санах мэт их өргөө үрүү харайлгав. – Хм. Эмс охид шиг уймраад.. энэ ахыг ээ. – За Чоймчиг минь хичээж бус болоорой доо. Хоёр хүүд минь уул шиг түшигтэн гэж чамайг сонгосон юм шүү. Хичээж тус болоорой. Замдаа хэрэглээрэй хэмээн хатад Чоймчигт ууттай алтан гулдмай өргөн барив.- Тэгэлгүй яах вэ? Дээдсийн хишигт мөргөе! Өөрт байгаа бүхий хүч чадлаа залуу тайж нарын төлөө өргөх болно. Дээдэс та бүхэн амар амгалан сууж байгаарай. Хожмын нэгэн ерөөлт сайн өдөр учран

золголдох бизээ гэж тонголзсон Чоймчиг мориндоо мордов. “Хм. Одоо та нарын дээдэс гэгдэн ямбалах хоногийн чинь тоо гүйцэж буй биз. Андуурлаа даа эрхэм дээдэс хатад минь. Та нарын амь зулбуулан зугтаалгаж буй хоёр хүүг чинь нэг бол алчихаад эс бөгөөс ардын намын ногоон малгайтнуудад тушаачихаад нам гүмхэн газар баян чинээлэг амьдрахаа би эрх биш мэдэх биз. Баатаржав чи ардын засгаас зугтаж байгаадаа баясан инээж л бай! Удахгүй чи хүйтэн газар тэвэрч өт хорхойны хоол болно доо. Та нарын цаг дууссан” хэмээн шүд зуун гурвалжилсан жойжигор харцаар хяламхийн харахыг ажсан Баатаржав “Ээж нар маань энэ туслахад жигтэйхэн итгэх юм. Ганц гулдмай алт хараад шуналын хөх гал нүдэнд нь цацарсан энэ туслах үнэнч байж холын газар ахад минь тус болж чадна гэж үү. Бараг ч ийм сүүтийсэн юмаар хань хийж явсанаас сүүдрээрээ хань хийж

явсан нь дээр дээ” гэж бодон Чоймчигийг харж учиртайхан инээвхийлэв. – Ааваа та ардын засгийнхныг ирэхээс өмнө харц барлагууддаа баярлуулах хишиг хүртээх нь дээр байхаа. Дандархайдав эцгийн өмнө өвдгөөрөө лагхийн суугаад ингэж хэлэв. Содном бэйс алгуур толгой өргөн хүүгээ ажиглаж – Алсын замд мордох гэж байна уу гэв. – Тиймээ. Ааваа. Би шар гэгээнтний их шүтээн, Эрдэнэ вангийн удам дамжсан хөх сүлдэт тугийг авч мордох гэж байна. Дүү тайжтан явахгүй гэсэн. Та миний хэлсэнийг бодож үзээрэй ааваа гээд Дандархайдав өндөлзөхөд ноёнтон гараа өргөж – Байз. Хүлээ. Хүү чи их шүтээн, сүлдэт тугийг харийн улсад авч одох гээ юу. – Тиймээ ааваа. Содном ноён хүндээр сүүрс алдаад тогтуун нүдээр хүүгээ харан хэсэг суув. – Дандархайдав хүү минь сонс. Миний хүү удмын их шүтээн, Сүлдэт тугийг аюулаас холдуулах гэсэн чинь сайн хэрэг. Гэхдээ тэр их шүтээн, сүлдэт туг бол Хиад Боржигон ургийн Эрдэнэ вангийнхны шүтэх шүтээн. Зөвхөн Эрдэнэ вангийнх. Энэ хоёр хайрхан уулс бол бидний үе уламжлан нутаглаж ирсэн Ариун дагшин нутаг. Эрдэнэ вангийнхан газраас арчигдсан ч хоёр Хангай хайрханууд байж л

байна. Үеийн үед оршин тогтноно. Тэгэхлээр бидний шүтээн харийн улсад очих ёсгүй юм хүү минь. Ноён Хангайн ар нуруунд Ноёны агуу бий. Хатан хангай, Ноён хангай хоёрт цагаан сарын шинийн нэгэнд их тахилга өргөхөд бидний өвөг дээдэс тэр агуйд өргөлөө өргөдөг юм. Ноднин би Баатаржавт тэр Агуйг зааж өгсөн. Ноён сангийн бойдоо Батаа даамал, бас чиний ээж Цэцэн хатан хоёр бас мэднэ. Өөр мэдэх хүн үгүй. Батаа даамал бол бидэнд үнэнч хүн. Тэднийхэн удмаараа бидний төлөө хүчин зүтгэсэн. Тиймээс итгэж болох хүн. Харин Чоймчиг туслах бол тийм биш. Зусарч, бялдууч, шуналтай нэгэн. Болгомжилж явагтун. Их шүтээнийг Ноён Хангай хайрханы агуйд байршуул. Чи номын хүн. Номын цагаан мөрөө хөөж амьдар. Харин Баатаржав тэгэж байвал бүү албад. Тэр Ноён Хангай хайрханд их шүтээнээ хамгаалж үлдэг. Тавилан заяа нь тэр юм байгаа. Номт хөвүүн чиний үгийг сонсов би. Би өөрийн харъяат ард олонд алба гувчуурыг ихэсгэж байсан удаагүй. Ер нь сүүлийн хэдэн жилд алба

гувчуур аваагүй. Манжийн пүүсийг олноо өргөгдсөн арван хоёр онд өөрийн хошуунаас хөөж гаргасан. Манай хошуу бусад хошуудаас Манжийн дарлалд өртөөгүй шахуу өнгөрсөн. Орос торгоовууд манай хошууныхныг шулж байсан байх. Гэхдээ бид хэнд ч өргүй. Зуд турхан, ган гачиг болоогүй болохоор хошууны олны амьдрал харьцангуй тайван байна. Одоо төр үндсээрээ эргэлээ. Ардууд өөрсдөө төрийн эрхийг барьж байна. Тэгэхлээр би яалаа гэж эд нарт өглөг хишиг өгөх билээ. Намайг ногоон малгайтнуудад битгий барьж өгөөчээ гэж өгөх үү. Тийм юм эцгийн чинь зүүдэнд ч орохгүй биз чухамдаа. Гэмгүй дээ хүү минь сэтгэл бүү зов. Болох юм ёс жаягийнхаа дагуу болно биз. Ямар ч төр оршин тогтносон тэр төр Монголын голомтыг хадгалж буй тул хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. За тэгээд цаг оройтлоо. Чоймчиг туслах тун ч удахгүй үнэн нүүрээ харуулах биз. Яг одоо зам салаад юухэв. Хамаг нууцыг чинь дэлгэнэ. Гулууз алтан ембүү баруун сугандаа хийчих. Бас нэг гулууз мөнгөн ембүү зүүн сугандаа хийчих. Хэдэн алтан зоос хэтэвчиндээ хийчих. Хөтлөө мориндоо ганзаглагдан

тэгнэгдсэн үнэт зүйлдээ бүү харамсаарай. Алтан амины чинь төлөөс болж ч болох юм. Алтан амь байсан цагт алс хэтийн амьдрал болдог юм. Май энэ бууг ав. Орос ноён Александр бэлэглэснийг чи сайн мэдэх газар. Холын замд амийг чинь хамгаалах болно биз. Миний хүү ингээд морддоо. Аав нь хүүгээ үнсье. Содном бэйс холыг зорьж буй хүүгийнхээ баруун хацрыг энхрийлэн үнсч гарт нь гялтганасан хар өнгөт жижиг гар бууг бариулав. – Дараа уулзахдаа зүүн хацрыг нь үнсэнээ. Аян замдаа сайн яваарай миний хүү. Баатаржавыг ирсэн даруйдаа эцэгтэйгээ уулз гээрэй. Ноёны хоолой зангирч нэг том нулимс нүднээс нь бөмбөрөн унахад тэр ихэд сандарч олбогт сэнтийдээ тухлан хоолой засч – Хожмын ерөөлт өдөр учран золголдъё гэв. Дандархайдавын хоолой өөд яах, ийхийн зуурдгүй нулимс цахилж төдөлгүй хамрынх нь уг шархираад явчихав. “Бурхан минь би аавтайгаа дахиж уулзаж чадах болов уу? ” энэ бодол хамаг биеэр нь тархаж залуу хүүгийн нүдээр нулимс мэлтэсхийн дүүрч хацрыг нь

даган асгарахад нэг гүнзгий санаа алдаад эцэг ноёнтны их өргөөний өлзий хээт үүдийг зөөлөн өргөөд Дандархайдав босго даван гарав. Зуны тунгалаг агаар мэлтэсхийн цэв цэнхэр тэнгэрийг тулах мэт ихэмсгээр өндөлзөх Ноён хангай, Хатан хангай хоёр их Хайрхан торгон зэрэглээнд намилзаж, олон зүйл өвчнийг анагаах дагшин рашааны дээгүүр шувууд зэллэж холгүйхэн газар адуу янцгааж, үхэр тугал мөөрөлдөж, доод хөндийгөөр хонин сүрэг багшрана. Дандархайдав нулимстай нүдээр тэр сайхан амьдралыг ихэд хоргодон харж их уяаны дэргэд агаруу мөнгөн хувинтай сүүгээ нэг гартаа барьж нөгөө гартаа цацлын мөнгөн халбагаа барин зогсоо хатан сайхан эхийнхээ зүг алхав. – За миний хүү мордох цаг ирлээ. Аян замдаа алжаалгүй сайн морилж алс хэтийн амьдралдаа амгалан тайван амьдраарай. Эх Цэцэн хатны нүдээр нулимс бороошин дүүрч мэлтэгнэснээ хоромхон зуур сорогдчихов уу гэлтэй алга болчиход Дандархайдав тайвширч бас сэтгэл шулуудан аргамаг хүлгийнхээ дөрөөнд дөрөөлөн мордов. – Сайн сууцгааж байгаарай. Хожмын ерөөлт сайн өдөр учран золголдъё. – Бурхан минь хоёр хангайн уулс минь

хөвгүүдийн минь аян зам, алс ирээдүйд ивээлээ хайрла. Буян заяаг нь тэгшитгэж хайрла. Өлзий ерөөлөөр дүүргэж хайрла. Эргэж уулзахын ерөөл хайрла. Хоёр хатан эхийн цацлын мөнгөн халбага ойр ойрхон сүүнд дүрэгдэн сүүн цацал өргөгдөж, алсад одсон хөвгүүдийнхээ замыг ариусгав. Хэн хэн нь хүүгээ нулимстай нүдээр үдэхгүй гэж хичээж байлаа. Хоёр Хайрханы уулс ажин түжин оргин тэднийг нөмөрлөн дүнхийнэ. Тайж угсаат хөвгүүдийн унасан аргамаг хүлгүүдийн дөмөн туурай зуны ногоог бөмбөрдөн алсарсаар чимээ тасрахад хоёр хатан тунчиг гунигтай харцаар биесээ харснаа тус тусын өргөө үрүү урам муутайхан гэлдэрцгээв. – Ээжээ ах хаачиж байгаа юм бэ? Намайг хам хум үнссэн болоод жигтэйхэн гунигтай цонхигор царайлсан хүн мориндоо мордоод явчих юм. Цэцэн хатны арван зургаан настай охин Цолмон, Цэцэн хатныг орж ирэхэд ихэд гайхсан бололтой асуугаад хойморьт тавьсан зандан ширээнээ бодлогшрон сууж шанаагаа тулав. Цэцэн тулгандаа үхрийн цэнхэр

аргал хийж охиноо гүймэг ажаад – Ах чинь Нийслэл хүрээ үрүү явж байгаа юм. Хэн нэгэн асуувал тэгж хэлж үзээрэй дээ охин минь гэв. – За за. Ах тэгээд хэлчихгүй. Би юм захих байсан юм шүү дээ гээд охин өөр тийш харав. – Охин минь битгий шанаагаа тулаад байгаач. Муу ёр ш дээ. Яасан бэ? Өчигдөр эсгүүлсэн дээл оёсон уу? Оёж үзээч. Өдий том боллоо. Юм хийж сурах хэрэгтэй ш дээ. Ээж аав чинь мөнх биш. Цэцэн хатан охиндоо уцаарлаад эрдэнийн шигтгээт толгойн мөнгөн хэрэгслээ бухимдангуй тайлж өлзий хээт орон дээр унтуутайхан тавив. “Ингээд хүүгээ хаана ч очихыг мэдэхгүй харь холын газар явуулчихлаа. Ай халаг минь. Эргэж уулзахын өлзий ерөөл ер байх болов уу? Амьд мэнд яваасай билээ дээ. Эх миний хүсэл тэр шүү дээ. Миний хүү сайн хүү сайхан ч хүү. Бурхан минь хүүг минь өршөөж ивээлдээ ав.” Яаж ч биеэ албадаад нулимс урсах гээд байсан тул Цэцэн буруу харан нулимсаа арчаад амьсгаа авав. – Хөөе Цолмон чи оёдолчны гэрт очоогүй л байна уу? Тэр дээлийг хурдан оёод орхиоч.

Би өмсмөөр байна. Өглөө тэр бүрсэн таргаа хараарай. Сүүг нь халуудуулаад шар устуулаад хаячихсан байсан. Орой ч гэсэндээ саасан үнээнийхээ сүүг гүйцэд саачихгүй тугалыг нь чацга алдуулчихсан байна гэж саальчид хэлж байхчивлээ. Чи ер нь юм хийж чадах хүн үү? Үгүй юу? хэмээн буруу харж зогссон чигтээ хуйсганан уурлав. “Энэ охинд ажил сургах хэрэгтэй. Жаргалтай амьдрал дуусах гэж байхад.” – Ээж та уурлаад байгаа юм уу? Би шанз тогломоор байнаа. Бэлээхэн оёдолчин байхад тэр дээлээ оёдолчноороо оёулаач. Би ямар үнээ сааж, тараг бүрэх ёстой юм уу гэж Цолмон урвагнан эрхэлж эхийнхээ ард ирээд наалдчихав. Цэцэн хатны зүрхээр дахиад часхийн хатгуулж “Охин минь ямар буруутай билээ дээ. Хөөрхий охин минь зовлонт амьдрал ойртож байгааг мэдэхгүй шүү дээ” хэмээн ихэд өрөвдөн эргэж охиноо энгэртээ наан тэврэв. Охиных нь урт хар үс ар нурууг нь даган сугсалзана. Цагаан царай, мэлмэрсэн том алаг нүд, урт сормуус гээд залуу бага насны гоо үзэмж охинд цөм байгааг эх бахархан харав. –

Миний охион шанз яах вэ? Түүнийг хэзээ ч тоглож болно. Харин эмэгтэй хүн чинь бүхнийг хийж чаддаг байх ёстой юм шүү дээ. – Бүр ноёны охин ч гэсэн үү? – Тэгэлгүй яах вэ дээ. Ноёны охин ч гэсэн хүний амьдралаар амьдрах юм чинь үнээ сааж, юм оёж хүний хийж байгаа бүхий л ажлыг хийж сурах хэрэгтэй. Цэцэн хатан охиноо тэврэн удтал суулаа. Одод тооноор гялалзсан тогтуун сайхан шөнө байлаа. Номингоо хатан хоёр охиноо унтуулчихаад шүтээний өмнө зул өргөж ариун үнэртэн үнэртүүлж удтал хүүгээ даатган залбирч суув. “Миний хүү дэндүү дайчин зоримог хүн. Миний хүүг аливаа нэгэн гай түйтгэрээс холдуулж хайрла. Алс хэтийн амьдралыг минь ивээж өгөөч. Эр нөхөр ноёныг минь ял шийтгэлээс аварч өршөө.” Номингоо хатанг ийн залбирч суухад Содном бэйс ноёнтон орж ирсэнээ нэг хөнжилд зэрэгцэн унтаа хоёр охины өмнө очиж охидоо ширтэн хэсэг суув. Усны дусал шиг ижилхэн хоёр охиныг ноёнтон хайрлан харсаар байлаа. “Хүүд минь эр улсынхаа амьдралаар амьдрахаар одлоо. Хүний гарын дор хүч чадлаар ядруухан охин үрс минь яаж амьдрах бол доо.

Уг нь би ардын засгийн эсрэг хуруугаа хөдөлгөх нь байтугай чангахан амны хий ч гаргаагүй юмсан. Заавал намайг барьж хорих шаардлагатай юм байх даа. Тийм шаардлага байхгүй бол энэ хэдэн охидоо тэжээж жинхэнэ эр хүний амьдралаар амьдраад нэг үзмээр байх юм. За даа. Төр эргэж байхад Богд гэгээнтний хүртэл эрхийг хязгаарлаж төрийн хэргийг нь авч байхад жалгын жижиг Засаг ноён би юу юм бэ? Заяа тавилан мэдэгтүн.” Содном бэйс аажимхан босч үүдэнд очиход Номингоо хатан эргэж харан яаран босов. – Ноёнтон та яагаад гарч байгаа юм бэ? Би мунхаглаад таныг ирснийг мэдэлгүй ёс алдлаа. Мунхаг намайг өршөөж болгоо. Ноёнтон та дээшээ морилогтун. Содном бэйс дунд хатнаа зөөлөн харж – Гэмгүй. Гэмгүй. Би та хэдийгээ зүгээр эргэж явна. Охидоо хармаар санагдаад. Хатан чиний сэтгэл чилүүр байгааг бага ч болов тайвшруулах санаатай орж ирсэн юм л даа. Харин тэгсэн залбиралыг тань тасалдуулчих шиг боллоо. Хатан минь эртхэн амарч үз гээд гараад явчихав. Номингоо хатан нөхрийнхөө хөлийн чимээг сонсон зүрхээ дарсаар хоцров.

Нүдээр нь нулимс гүйлгэнэж хачин их гомдол хоолой өөд нь үерлэнэ. Содном бэйс толгой дээр нь гялалзах үй түмэн ододыг харж их хатны өргөө үрүү тайван гэгч нь алхав. Нэгэн их гэрэлт од доош харвасаар Содном бэйсийн хөлийн өмнө шурган буух шиг болоход “Түй миний од биш хүний од” хэмээн амандаа бувтнасан ноён “Од хүртэл хүн шиг газарт уусан үгүй болдог юм шив дээ” хэмээн өөртөө бодов. Содном бэйсийг их хатны их өргөөнд морилоход өргөөг нилд нь дэнгийн гэрэл бүдэгхэн гийгүүлж хойморийн луун хээт эрээн авдарын өмнө Цэцэн хатан нөмгөн сууж ямар нэгийг оёж байлаа. Зүүн талын өлзий хээт орон дээр ноёны арван зургаан настай охин Цолмон тавтай гэгч нь нойрсоно. Ноён зөөлөн гишгэлсээр өргөөний баруун талаар тойрвол Цэцэн хатан хүрэн өнгийн үйтэн хуараар зузаан хантааз урлаж суулаа. “Нойроо хасан хасан юундаа ингэж суугаа юм бол доо хөөрхий минь” ноён их хатнаа өрөвдөн бодоод – Үйл бүтэг гэж ерөөв. Цэцэн хатан бондгосхийтэл цочсоноо ноёныг харж тайвшран инээвхийлж –

Ерөөлөөр болог. Ноёнтон минь. Амрахгүй яагаад ингэж явдаг билээ. Тавлаж суу. Би цай аягалъя гэв. – Төвөг. Төвөг хатан минь. Шөнийн тэн болж байхад цайлаад юу хийх вэ. Ахмад хөвгүүд минь байхгүй болохоор та нарыгаа айж цочихвий гэж болгоомжилж эргэж яваа чух. Харин хатан минь өөрөө амрахгүй дэнгийн гэрэлд юу ингэж урлаж суудаг билээ. – Өө би юу? Зүгээр суухаар зүлгэж суу гэж. Мөд нойр хүрэх шинжгүй тул таньд дулаахан хүрэм урлаж сууна. – Яах гэж ингэж өөртөө төвөг удна вэ? Өмсөх юм зөндөө байхад. Нүдээ чилтэл дэнгийн гэрэлд сөхөлзөөд. .. ядрахын нэмэр биш үү? Цэцэн хатан түүнийг жавар хуралдсан гунигтай нүдээр зөөлөн харж – Нүд чилэх яах вэ? Ноёнтон минь. Амрааж болно. Харин сэтгэл шингэсэн юм. Миний бага залуу наснаасаа эхлэн өөрийгөө хүртэл зэмлэн байж таныг гэсэн сэтгэл минь энэ олон жилийн явцад хуралдсаар өдийг хүрчээ. Тэр сэтгэлийнхээ илчээр таньд хүрэм оёчихлоо. Ямарч газар, ямарч үед өмссөн таныг дааруулахгүй байгаасай гэж маш их хүсэх байна. Миний нойр хүрэх яагаа ч үгүй байнаа. Та одоо нойрсч амар даа гэв. Ноён их хатныхаа үгийг сонсч бага залуу насаа өөрийн эрхгүй

дурсч мишилзэн инээж – Би энэ шөнийг танай өргөөнд өнгөрөөнөө. Харин одоо бусад өргөөг тойроод ирье гэсээр гарав. Ноёныг бага хатны өргөөнд ороход Цагаан хатан нэг нас өнгөрч буй бяцхан хүүгээ тэврээд тавтай гэгч нь унтаж байв. Ноён хатны өмнө очиж хэсэг зогссоноо тонгойн бяцхан хүүгээ энхрийлэн үнсэв. Нимгэн торгомсог дотуур хувцастай Цагаан хатан сэрж өндийн нойрмог нүдээр ноёныг харж – Өө та морилсон юм уу? Би таныг хүлээж ядаад ирэхгүй болохоор чинь гомдоод хэвтэж байгаад унтчихсан байна ш дээ. Юундаа зогссон юм бэ? Араар ороод ир гэж эрхлэнгүй хэлэв. “Иш энэ амьтан ч ёстой юу ч ойлгохгүй байна даа. Нас нь ч бага юм даа зайлуул хүүхэд л гэсэн үг. Намайг байхгүйд энэ хамгийн их зовох байх даа” гэж ноён мөн зовинон бодоод эргэж үүд рүү алхав. – Хүүеэ ноёнтон. Та чинь нойрсохгүй юмуу даа. Би таныг хүлээгээд байхад чинь… ноён хариу дуугаралгүй гараад явчихав. Ноёныг гарч ирэхэд хоточ ноход

чимээрхэн хуцаж байлаа. Ноён эргэн их хатны өргөөнд орж ирэхэд ноёны сангийн даамал Батаа сууж байснаа босч ноёнд мэхийн ёслоод – Эзэн ноён минь би таньд муу мэдээ дуулгах нь дээ. Тариатын хүрээний тэргүүн хамба болон бусад ихэс лам нарыг баривчилсан хоёр чийчаантай ногоон малгайтнууд наашаа хөдлөхийг манай харуул харсан байна. Газрын бартаа ихтэй тул тэд нар нөгөөдрөөс нааш энд ирэхгүй. Ямар зорилготой ирж буйг та мэдэж буй бизээ. Хоёулаа ингээд мордъё. Би бэлтгэлээ базаачихлаа. Их хэтийн арын сундлаа уулс уруу орж агуйд хоргодъё. Байдал намдахаар эргээд ирье гэв. Бодном бэйс бойдаагын зүг харж – Даамал чи сонс. Би төрөөс зугатаж нуугддаг самуун хулгай биш. Би хаашаа ч зугатахгүй. Надад тийм шаардлага байхгүй. Ногоон малгайтангууд хатуу ширүүн байлаа ч цаана нь төр оршиж байгаа учир хэргийн үнэн зөвийг олж тогтоодог хуультай. Содном бэйс хойморьт гарч өөрийн олбогт сэнтийд залран зовиурлан байгаа сэтгэлээ даран арайхийн хэлээд гаансаа түрийнээсээ авав. – Бурхан минь. Лха таван тэнгэр минь. Хоёр

Хайрхан минь биднийгээ аварч өршөө. Ноён та адаглаж наад зөрүүд зангаа татаж аядаач дээ. Бидэндээ харагдаж амьд мэнд байж үзээч дээ. Батаа даамалын үг үнэнтэйг сайн ойлгож ухаж үз. Бурхан минь юухан байх вэ? Энүүхэн тариатын хүрээ. Хажуухнаас наашаа гарсан байна шүү дээ. Тэр чийчаан чинь тэгээд жигтэйхэн хурдан юм байхчив лээ. Ээ үйлийн лай ланчиг минь дуусаагүй юм биш үү? Одоо надад ноён хэрэггүй. Зөвхөн эр нөхөр, хань минь та өөрөө нүдэнд харагдаж амьд мэнд байгаач гэж гуйх байна даа. Даамалын үгэнд орж үз. Хамгийн сайн мориндоо мордож үз. Гуйя таныг гэсээр Цэцэн хатан нулимсаа урсгасаар босч дэнгийн гэрэлд хэдэн шөнө хараа чилээн урласан хамба торгон хүрмийг Содномд өмсгөж чичирхийлсэн гараараа том том мөнгөн товчийг нь товчлов. Хамгийн сүүлчийн нэг шилбэ хадагдаагүй байлаа. Хатан ихэд сандарч – Ээ тосоор гоож. Мунгинаж байгаад нэг шилбэ дутуу хадчихаж. Одоохон би хадаад орхиё. Түр тайлаад азнаж бай. Даамалыг юм бэлтгэх зуур гээд мөрнөөс нь зөөлөн тайлж авахад Содном бэйс мишилзэн инээж – Миний хатан чинь ийм уран байсан юмуу? Их сайхан хүрэм байна гээд Цэцэнг уяралын

харцаар зөөлөн харав. – Аргагүй шүү дээ. Таны хатан болж хэдэн арван жилийг үдэхдээ таньд би ганц цамц урлаж өмсгөөгүй нүгэлт эм. Та дандаа оёдолчин эмсийн хийсэн хувцсыг өмсдөг байсан юм чинь. Амьдралын өнгөрч одсон энэ олон жилүүдийг харахад харамсмаар тэнэглэл бас их байжээ. Тэр бүгдэд та мунхаг эм намайг хүлцэж өршөөгөөрэй гээд Цэцэн хатан мэлтэгнэн дүүрэх нулимсаа нуун буруу харан утас зүү шүүрэв. Содном бэйс мөн ихээр сэтгэл нь хөдөлж их хатныхаа баруун гарын шуунаас зөөлөн атгаж – Хатан чиний тэнэглэл гэж юу байх билээ. Төрийн отго жинст малгайны дор омгорхож зүрхийг чинь хоёр дахин цуучсандаа ихэд харамсдаг. Энэ үнэн шүү.

Бас Халх Түшээт Ханы сурвалжит гүнж чамайг халх долоо шавь таван аймгийн эртэй хүчтэй эрстэй өрсөлдөн байж өөрийн өргөөнд авчирчихаад төрсөн нутаг ус, хан аав, хатан ээжид тань золгуулаагүй нүглийн эзэн би. Одоо энэ амьдралын төгсгөлд энэ алдаандаа маш их харамсах юм. Хатан минь намайг өршөөж уучлаарай. Уг нь би хатан чамдаа их хайртай. Гэхдээ… гэхдээ… амьдралын тойрог намайг дахиад хоёр хатан таалахад хүргэсэн юм шүү гээд хүндээр шүүрс алдав. Үргэжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *