Нүүр Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “1-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “1-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
548

Их өргөөнөөс Цэцэн хатныг гарч ирэхэд зуны тунгалаг өглөө мэлтэсхийн угтав. Өглөөний том улаан наран хоёр Хайрханы орой дээр аргамжигдсан мэт шижиртэн туяарч Хайрханы өвөрт бэлчсэн

үхэр сүрэг зэл үрүүгээ мөөрөлдөн айсуй харагдана. Зарц барлагуудын хаяаг нь сөхсөн бор гэрүүдээс аргалын цэнхэр утаа суунаглаж, ноён сангийн даамал Батаа том нударга далбалзуулан адуучин хэдэн

эрсийг дагуулан мордож буй нь харагдана. Их хатан Цэцэн аргалын цэнхэр утаа суунаглуулах үхэрчдийг хэсэг ажигласнаа хараагаа цаашлуулж адуучин хоньчны хотыг хараад уртаар сүүрс алдав.

“Эрдэнэ вангийн” хошуунд уламжлагдан ирсэн ноёны рашаан нүдэнд харагдаж Хангай нутгийн өглөөний үзэсгэлэнг улам нэмнэ. “Эрдэнэ вангийн” хошууны засаг ноён Содном бэйсийн их өргөөний галыг

асаасан хөхөгчин нохой жилийн намрын дунд сарын тэр нэгэн өдрөөс хойш хорин гурван жил өнгөрснийг Цэцэн хатан энэ өглөө эргэн санав. Их хатанг өргөөндөө эргэн ирэхэд ноён угсаат хөвгүүн

Дандархайдав эртний их хаадын нэгэн цадигыг уншиж суулаа. Дандархайдав толгой өргөн эхийгээ ажиглаад – Ижий та ямар эрт гадаалаа вэ? Гэж аядуухан асуув. – Эртсэх ч юм алга даа хүү минь. Эрт босвол нэгийг үздэг гэж эртний мэргэдийн үг байдаг даа. Эрт босоход юу нь муу байх билээ дээ хүү минь. Гадаа ч ёстой торго шиг зун цэлэлзэж байна даа. Хүү минь юун тухай уншаа вэ? – Тогоонтөмөр хааны тухай. Монголын их эзэнт гүрэн задран унаж Дайду-гаас хөөгдөн гарч байгаа тухай гашуун бөгөөд үнэн түүхийг уншиж байна. – Хаадын удам сүйрэн сүйрсээр хаан суудал үгүйрч хан суудалтангууд үлдсэн. Одоо ч мэдэхгүй дээ хүү минь. Хан ноёдын удмыг ардын засгийнхан тун ч удахгүй сүйтгэх бизээ гээд Цэцэн хатан гүнзгий сүүрс алдав. – Ижий та юундаа ингэтэл гутрана вэ? Монголын хаан ширээнд Богд гэгээн сууж байна шүү дээ. – Хүү минь Монголын их

улсыг алгандаа атгахын тухайд Манж Чин улсаас эзэн хааных нь ширээнд Түвд хүн суулгасан. Хаан ширээ байгаа ч хаадын удам тасарчих гээд байна шүү дээ. Ээж нь Түшээт Ханы удмын хүн. Эцэг тань бас л язгууртан тайж хүн. Бидний үе дуусч байж болох юм. Харин та нар тэгж болохгүй. Үнэнийг хэлэхэд ээж нь хүүдээ их санаа зовж байна. Миний хүү тайван газрыг зорих хэрэгтэй. Амьд мэнд эрүүл энх амьдарвал хаана ч амьдарсан яах вэ? Ардын засгийнхан феодалуудыг баривчилж хөрөнгийг нь хурааж буй сурагтай. Одоо манайд тун ч удахгүй ирэх биз гээд гүн бодолд автах хатан ээжийгээ Дандархайдав сандарсан харцаар харж – Ижий минь. Ээжээ та хүүгээ хол газарт яв гэж байгаа юмуу гээд ихэд цочирдож буй бололтой чимээгүй болчихов. Цэцэн хатан хүүгийнхээ дэргэд очиж түүний толгойг элгэндээ чанга тэврэн наахад хүү нь дуулгавартай гэгч нь эхийн элгэнд наалдаж жаргалтайяа шуухитнах нь сонсдоно. – Миний хүү өө. Ээжийгээ сонс доо. Миний хүү алзахгүй ээ. Миний хүү чинь Орос,

Хятад, Нипон, Англи хэлтэй. Бас газар орнуудаар явж үзсэн. Миний хүү өө чи энд байж болохгүй. Эцэг ноён чинь бүлх залгичихсан юм шиг гөлийсөн хүн болж хувирлаа. Аав тань баригдаад явах нь үнэнтэй боллоо. Харин Баатаржав бага тайж та хоёр энд байж болохгүй. Ардын засгийнхан та хоёрыг баривчлах нь магад. Иймээс алтан аяганаас рашаан ууна гэдэг үгийг санаж замд зориглон морддоо. Дандархайдав хатан эх өөдөө санааширсан харцаар харан – Хатан ижий минь танд гялайлаа. Зориод мордохын цагт золгож учралдах нөхөд буй. Ижий минь та сэтгэл бүү түвд. Дүү тайжтан бид хоёр алзахгүй. Харин ноён аав, хатан ээж та нартаа бид зовинох болохнээ дээ гээд гунигтайхан инээвхийлэв. – Бидэнд зоволтгүй ээ. Хүү минь баахан сандарч тэвдэх цаг үе ирж буй бололтой. Гэсэн ч бид монгол эх орондоо байна. Хаалттай, хориотой байх ч болох биз. Удам угсаа дээд өвгөдийн гал Монгол эх оронд минь тасалдах болчих гээд байна. Ертөнцийн альхан өнцөгт явсан ч хамаагүй. Хөвгүүд та нар минь ноён эцгийнхээ

голомтын галыг бүү тасал. Энэ бол тушаал гэсэн үг шүү хүү минь. Цэцэн хатан нулимс дуслуулан хэлээд торгон нударгаараа нүдээ дарав. – Учрыг ухаарлаа ээжээ. Хүү нь тэгээд хэзээ мордвол зохистойг хэлж өгөөч. Цэцэн хатан хүүгийнхээ гарыг энхрийлэн атгаж – Ойрмог. Өнөө маргааш гэлтгүй мордвол өлзий ерөөлтэй биз. Та хоёртой хамт Чоймчиг туслах явна. Бүх бэлтгэлийг базааж хангасан. Номингоо хатан Баатаржав хүүтэйгээ яг одоо ярилцаж буй. Харин аав чинь мэдээгүй. Мэдэх ч хэрэггүй биз. Наран үүд шагалзах үес аавтайгаа уулз. Сүүлчийн уулзалт болох биз. Аавтайгаа хамт цай барьж шүүс зоогло. Тэгээд их үд голлох үес холын моринд дөрөөлөөрэй. Яаж ийгээд Урумч хот хүрчихвэл төмөр тэргэнд суугаад цааш одох биз. Хятадад хөвгүүд та нар амьдрах нутаг биш шүү. Харин удмын шүтээнээ аваад яваарай гэж захиад Цэцэн хатан эсгий үүд сөхөн гарав. “Хөөрхий дөө миний ээж бүр хямарчихаж. Хүрээний газраас ардын засгийнхан наашилж буйг би сонссон. Аавын минь зэргийн ноёд баригдаж, хоригдож буй бололтой. Ноёдоор тогтохгүй удам залгах агь ноёд,

тэргүүн тайж залуусыг хүртэл барьж хорьж буй сурагтай. Хатан ээжүүд маань Баатаржав бид хоёрт ихэд зовж чилүүрч буй бололтой. Эцэг ноёны маань голомт харлах болж аав маань баригдаж шийтгэл гэсгээл үүрэх зовлон нүүрлээд байхад аавын том хүүд бид хар амиа бодон зугатааж болно гэж үү? Гэхдээ ардын засгийнхан аавыг бас бид хоёрыг баривчилбал яах вэ? Тэгвэл бүр ч хэцүүдэх байх даа. Ямартай ч дүүтэйгээ уулзаж ярилцах нь зөв” гэж бодсон Дандархайдав дээл малгайгаа өмсч гэрээс гарахад ноёны дунд хатнаас төрсөн түүний эцэг нэгтэй дүү Баатаржав бага өргөөний цаана түүнийг хүлээсэн байртай зогсч байлаа. – Ах та амгалан сайхан нойрсов уу? Баатаржав сэтгэл ихэд чилж буй бололтой малгайгаа түшч тэргүүн бөхийлгөн хүндэтгэн угтахад Дандархайдав залуу хүний танан цагаан шүд яралзуулан инээж – Тайван нойрслоо. Дүү минь чи тайван амгалан нойрсов уу хэмээн хариу хүндэтгэл илэрхийлэв. – Ахаа бид ярилцах хэрэгтэй болж байх шиг байна. Рашаан уруу хамт алхацгаах уу? Дандархайдав толгой дохиод түрүүлэн алхахад Баатаржав араас нь дагалдав. – Ахаа ижий нэг юм яриад байх юм. Одоо тэгээд яах вэ? Хоёулаа. – Ээжийн хэлдэг гашуун ч гэсэн үнэн бололтой дүү минь.

Ардын засгийнхан ноён эцгийн газарт ирэх тун ч дөхөв бололтой. Нийслэл хүрээ, Засагт хан, Түшээт ханы тайж угсаат ноёд, баячууд цөм баригдаж өчиг мэдүүлэггүй буудуулж буй бололтой. Ноён аавын зэргийн ноёд цөм тийм хэцүү тавилан эдэлж буй бололтой. Гурвуулаа баригдаж алуулах уу? хоёр нь амьд үлдээд ээж дүү нартаа түшиг дэм болох уу гэдгээ ухаж ойлголцох цаг иржээ. – За яах вэ? Тийм болог гэж бодъё. Бид харийн газар одоод зовж хоцорсон гэр бүлийнхэндээ яаж дэм болох билээ. – Амьд явбал алтан аяганаас ус уудаг гэж үг байдаг. Амьд мэнд явахын цагт алс хэт нь тэгээд болох бизээ дүү минь. Дандархайдавыг ингэж хэлэхэд Баатаржавын царай барсхийж – Алс хэт яах вэ? Ах минь. Ардынхан дандаа ингэж хотонд орсон чоно шиг цусанд улайрахгүй тайвшрах цаг эрх биш ирнэ биз. Тэр цаг хэдэн жилийн ч дараа ирэх юм билээ. Та болбоос гадаадын олон улс орноор явж эрдэм номд боловсорсон хүн. Тиймээс ч ингэж тайван амгалан байгаа биз. Харин миний хувьд бол үгүй ээ. Миний хувьд ар амьдралаа ингээд орхиод явж түвдэхгүй нь ээ. Ардынхан тунч удахгүй энд ирнэ. Аав баригдана. Бүх хөрөнгө хураагдана. Зарц барлагууд

хүртэл манай хэдэд дээрэлхэнэ. Тэгэхээр би энд үлдсэн нь дээр. Харин нэг маань ч гэсэн тайван газар эцгийн голомтыг тулж өвөг дээдсээс уламжилж ирсэн хувилгаан Шар гэгээний их шүтээнийг хамгаалж дэлгэрүүлэх ариун үйлст шамдвал зохилтой биз. Иймд ах та хол ойрын газар орон үзсэн хүний хувьд холыг зорин морд. Би таныг гурван өдөрчийн газар гаргаж өгье. Өнөө шөнө сар дээр хөөрөх үес хөдөлцгөөе. Таны бараа болоочоор Чоймчиг туслах явна гэж хэлээд шийдвэрээ гаргаснаа мэдэгдэх байдлаар эргэж алхацгаав. Дандархайдав баахан сандарч – Хүлээ. Баатаржаваа хоёулаа ярилцах хэрэгтэй байна. Чи явахгүй бол би ч бас явахгүй. Ер нь би бас явахгүй байхаар шийдлээ гэхэд Баатаржав эргэж зогсоод – Яагаад… яагаад та ингэж зөрөөд байгаа юм бэ? Шар гэгээний их шүтээнийг та яах гээ вэ? Үеийн үед дамжин шүтэж ирсэн өвөг дээдсийн минь их шүтээнийг бид хамгаалахгүй талхлуулах хэрэг үү? Манж Чин улсын хар цэргийг хиар цохин алдаршсан үе үеийн “Эрдэнэ засаг вангийн” хөх тугыг зүгээр нэг цуучаад хаячих уу? Чухам энийг хамгаалахгүй дээдлэхгүй юм бол бид юуг хамгаалах ёстой Содном бэйс ноёнтны үрс юм бэ? Та

бид хоёр нас биед хүрсэн эрчүүд. Богдын төрийн тайж хэргэмтнүүд. Ах та бол бүр удам залгах агь ноён. Өвөг дээдсийн их өвийг хамгаалан залгамжлах их үүрэг таных. Харин би бол бага тайж хүн. Би цусан төрлөө хамгаалж үлдэнэ. Би эрхт дайчин “Эрдэнэ” чин вангийн дайчин тайж хүн шүү. Залуу хүний эрс шийдмэг зангаар хурц аашлах Баатаржавыг Дандархайдав тогтуун ажиж – Ингэхэд дайчин тайж минь сонсооч. Тайж угсаатан чамайг ардын засгийнхан баривчилчихвал гайхах газар үгүй. Тэгвэл чи яаж голомтоо хамгаалах билээ гэж асуув. – Хоёр хангайн уулс минь хөрстийн дээр хөхөрч байхад дүү нь алзахгүй. Шар гэгээнтэн дээдсийн ариун сахиус бас өршөөх биз. Ах та дүүдээ бүү зов. Дүү нь алзахгүй. Дүү нь сайн хүүгийн үүргийг төвөггүй гүйцэтгэнэ гээд тэргүүн өргөн хоёр Хайрханыг нүд гүйлгэн хараад инээвхийлэв. – Дүү чи ямарч цаг үед шилийн хулгайн замыг сонгож болохгүй шүү. Тэгээд ч чи Цахиур Төмөр болж чадахгүй. Дандархайдавыг түгшсэн байдалтай чанга хэлэхэд Баатаржав инээд алдан ахынхаа гарыг атгаад – Санаа зоволтгүй дээ ах минь. За ингээд хоёулаа тохирчихлоо. Харин энэ тухай бидний ээжүүд мэдэх ёсгүй шүү гээд гүйх шахам явахад Дандархайдав – Хүлээ гэм хөөе. Одоо ингээд хоёулаа аавд бараалхана шүү гэсээр хоцорлоо. “Хөөрхий дөө дүү минь дэндүү цагаан цайлган

тусархаг нэгэн. Бидний байдал бишидсэн ч ар гэрийнхэнтэйгээ үлдэхээр шийдэж. Дүүг минь ардын засаг бариад хорьчихвол мөн хэцүү еэ. Би ер нь эд нарыгаа ингээд орхиод явах нь зөв үү, буруу юу. Эх нутаг ижий ааваа орхиод хүний газар амиа хоохойлж зугатаах сайн хэрэг огт биш. Ер нь яаж ч байсан халуун бүлээрээ хамт байж тулаад ирсэн үйл лайгаа эдлэх ёстой бусуу” хэмээх бодол төрөхөд Дандархайдав сэтгэл шулуудан гэр үрүүгээ алхав. “Дээд өвгөөс уламжилж ирсэн Шар гэгээний их шүтээнийг яах вэ? Манжийн хар цэргийг үеийн үедээ хиар цохиж омогшиж явсан Эрдэнэ засаг вангийн хөх тугыг зүгээр цуучаад салхинд хийсгэх үү?” гэх Баатаржавын үг сонсдоход Дандархайдав алхаагаа сааруулан бодлогшров. – Би тэгээд яах ёстой вэ? Дандархайдав газарт пидхийн сууж Хоёр Хайрханыг нулимс мэлтэгнэсэн нүдээр харж гүн санаа алдав. “Хөөрхийдөө муу ах минь яасан ч удаан суух юм бэ? дээ. Бодвол нутаг уснаасаа ивээл гуйж эргэж ирэхийн ерөөл тавьж байгаа байх даа. Хувь тавилан биднийг ингэж хагацаах ч гэж дээ. Ингэхэд хэдэн

жилийн дараа бид эргэж уулзах бол доо. Ер нь тэгээд эргэж уулзахын тавилан байх болов уу даа. Уг нь танихгүй газрын Бурханаас таньдаг газрын чөтгөр дээр гэж үг бас бий. Ганц ахыгаа ингээд явуулчихдаг зөв үү? буруу юу? Шар гэгээний их шүтээн, Эрдэнэ вангын хөх тугыг тэгээд яах вэ? Ардын засгийнхны хөлд гишгэчүүлэх гэж өвөг дээдэс минь хэдэн үеээрээ тэдгээр зүйлсийг хадгалж дээдэлж ирсэн гэж үү? Тэр их шүтээн бидний үед салхинд хийсгэгдэх хэрэг үү? Үгүй ээ болохгүй. Тэгвэл биднээс хойших үе удмынхан маань зовлонгын дээдийг эдлэх болно. Нэг маань ч гэсэн удмын шүтээнээ дээдлэх хэрэгтэй юм байна. Чоймчиг туслах сайн хүн. Чоймчиг туслах хамт явах юм чинь алзахгүй биз. Гэхдээ хүний газар ямар олигтой байв гэж дээ. Ах минь тэсэх биз дээ. Ухаантай хүн. Ийм байдалд хүчээр хүргэж байгаад дүүгээ өршөөгөөрэй ах минь. Бидний зөвдөх буруудахыг хожмын маргааш харуулах бизээ.” Баатаржав ахыгаа хүлээнгээ түүнийг ихэд хайрлан бодож байлаа. Дэрсхэн өсч дээлээ хуваалцан нөмөрч өдийг хүртэл хамт байсан ахаасаа сална гэдэг түүнд ихэд хүнд байлаа. Ахыг явсны дараа чухам ямар гээч аймшигт хагацал ирэхийг

мэдэхгүй ч Баатаржав хором өнгөрөх тусам ямар нэгэн муу юм болохыг зөн совингоороо мэдэрч байлаа… … – Ноёнтоон агь хөвгүүд тань таньд бараалхах гэж байна. Та хувцаслаач гэсээр Цэцэн хатанг орж ирэхэд Содном бэйс өмнөө тавьсан “Гаанжуур” хэмээх их хөлгөн судрыг уншиж сууснаа хааж хойморийн хүрэн зандан авдар дээр тавиад дээл өмсч Богд хаанаас шагнагдсан отго жинст малгайгаа өмсч олбогт суудалдаа залрахад Цэцэн хатан өөрийн олбогт очиж суув. Содном бэйс их хатнаа харж – Бага хатад байлцахгүй юмуу гэв. – Үгүй дээ. Ноёнтоон. Том хүүд бидний дунд болж өнгөрөх яриа тул нууцлах ёстой. Цаг төрийн байдал их аюултай болж байна. Бидний хувьд… гээд Цэцэн хатанг алга ташихад хатны аягачин Хундагаа хэмээх залуу царайлаг бүсгүй орж ирээд мэхийн зогсов. – Өргөөнд хүндэтгэлийн ширээ одоохон зас. – Жа. Хатантан одоохон. – Аавын амгаланг айлтгая. Дандархайдав, Баатаржав хоёрыг орж ирээд мэндлэхэд Содном бэйсийн зүрхээр ширхийн хатгуулахад зүрхэн тушаа газраа баруун гараараа дарж үл мэдэг ярвайсан Содном бэйс “Миний хүүд өсч том ханхар сайхан эрс болж байна даа” гэж өөртөө бахархсан ч гунигт

автан суулаа. “Чаавас гэж. Ийм сайхан хүүд минь энэ төрд их адлагдах байх даа” – Миний хоёр хүү юу хийж өдрийг өнгөрөөж байна даа. Хурдаа барьсан уу? Содном бэйс том мөнгөн аягатай цайнаас оочлонгоо дуугүй байгаад яах вэ? Гэх шиг асуув. – Аав минь болгоо. Энэ зунд хурд байтугай унагаа ч татаж амжаагүй байна. Хэн хаанаас гарч ирээд яачих бол гээд айдас хүлээлт хоёр зэрэгцэж байх шив дээ. Баатаржав тарган хонины хавирганаас огтлон идэнгээ хэлэв. – Бид хулгай дээрэм хийгээгүй. Тэгэхээр миний хүүхдүүд юунаас айх билээ. Тайван байцгаа. Содном бэйс хүнгэнэсэн дуугаар ийн хэлээд мөнгөн аягатай цайнаас уух ч биш үгүй ч биш гөлрөн суух Дандархайдавыг харж “Хүү минь ямар их гунигтай байх юм” хэмээн бодов. – Ааваа феодалын хөрөнгө хурааж ноёд, баяд, тайж, лам нарыг баривчилж байна гэх юм. Бид түүнийг бодож шаналж байна. – Хм. Дэмий чилэх юм. Би Монголын төрд муу зүйл хийгээгүй. Харин ч тусгаар улс болж эзэн Богдыгоо ширээнд нь залах гэж Манжийн хар цэрэгтэй илд зөрүүлж тулалдаж явлаа. Ардын төрд ч гэсэн хар муу санасан юм алга. Үгүй тэгээд надаас авах юм байвал ирээд авна л биз. Намайг хорих шаардлагатай юм бол аваачаад хорино л биз. Нэг амьдрах орчлонд

дуусах нь дамжиггүй юм хойно юунд сэтгэл түвдэх билээ. Тэгээд ч буйд дайдын жалгын жижиг хошуу ноён би төрийн эсрэг юу хийж чадах билээ дээ. Шал дэмий юманд сэтгэлээ чилээх юм. – Ааваа жалгын бүх жижиг ноёд яг тань шиг хүмүүс байгаа. Тэд бас төрийн эсрэг муу юм хийгээгүй. Гэсэн ч тэднийг баривчилж буудан хороож байна. Тэгэхээр ааваа та зүгээр үхлээ хүлээгээд суугаад байгаа юм биш үү? Дандархайдавыг ярианд оролцоход ноён ууган хүүгээ тайван харж – Бүхэл бүтэн төр эргэж байна хүү минь. Аливаа улс оронд нийгэм өөрчлөгдөж төр солигдоход заавал золиос байдаг юм. Энэ удаа золиос бид болж байгааг аав нь ойлгож байна. Харин тусгаар Монгол улс урт удаанаар оршин тогтноосой гэж хүсч байна даа гээд хатуу сархаднаас уруул дүрэн амсав. – Гэхдээ ааваа амьд явахын цагт учир олдоно. Бүгдээрээ цаг төр намжтал тайван газар амьдарвал яасан юм бэ? Ноён дахиад том хүүгээ цочмог харж – Аан энэ чиний хэлэх гээд байсан гол санаа юу? Үгүй дээ хүү минь аав нь ядмаг ч гэлээ энэ нутгийн эзэн ноён. Би албат олноо орхиод хоёр Хайрханаа орхиод хаашаа ч явахгүй. Би эцсээ хүртэл энэ нутгийн эзэн байсаар дуусна. Харин хүүхдүүд та

нар амиа бод, өөрсдийгөө авар гээд Содном бэйс дуугаа хураан асга царайлав. “Дандархайдавын хэлдэг уг нь зөв. Миний зэргийн ноёд цөм баригдаж, хороогдож байгаа нь үнэн. Тэдний хүүхдүүд хүүд залуу тайж нар ч мөн ижил. Гэхдээ би зугатах нүгэл хийгээгүй. Нүгэл хийгээгүй хүнийг гэмтэн болгож цусыг нь урсгасаныхаа хариуцлагыг хүлээх нэг өдөр шинэ тутам ардын төрд ирэх болно. Зугатна гэдэг хамгийн тэнэг шийдэл. Миний хүү явбал яваг даа. Эр хүнийх нь заяа тавилан хүүг минь өөрийнх нь замаар хөтлөг”. Содном бээс хойш эргэн өлзий хээтэй хүрэн суман ширээнийхээ нүдийг татан гарт багтамгүй алтан нуухтай том халтар манан хөөрөг гаргаж ирэн Дандархайдавт барьж – Миний хүү том эр болж аавынхаа хөөргийг барих цаг ирж. Эр хүнд манан хөөрөг хань болдог юм гээд дахин эргэж алтан нуухтай хаш чулуун хөөрөг гарган Баатаржавт бас өгөв. – Та нар нэгэнт эцгийн хөөргийг эдэлж хэрэглэх цаг болж. Хоёр хөвүүн зэрэг мэхийн – Аавын хишигт гялайлаа гэв. Ноён дахин гараа шүүгээ үрүү явуулж ижил ширэн уутанд хийсэн алтан зоос нэжгээдийг хөвгүүддээ өгөөд өөрийг хэлэлгүй мөнөөхөн “Гаанжуур” хэмээх их хөлгөн судраа өмнөө дэлгэн тавив. “Миний хөвгүүдийн заяа таван тэнгэр бүрэн

бүрэн байг. Хоёр Хангай хайрхан минь ивээл хүч дүүрэн байг. Тиймээ. Миний цаг ирж. Харин хөвгүүдийнх холуур байг”. Содном бээс олбогт суудалд тухлан үлдэн хоцрох хатад, үрсээ бодсоор суулаа. Хойчийн амьдрал гээч хэлж төсөөлөхийн аргагүйг, хорвоогийн төгсгөл гээч бас хоргодож тарчлаах увидсаар дүүрэн байгааг харамсан, харамсан бодсоор суух аж. Нар жин үдэд голлох үес унаа хөтлөө хоёр морьтой ноёны том хөвгүүд алсын моринд дөрөөлөв. Баатаржав бага тайж бүрэн зэвсэг агссан байлаа. Хоёр хатан эх нь нүд дүүрэн нулимстай, шанага дүүрэн сүүтэй хөвгүүдээ алсын замд үдэв. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *