
Хэнд ч юу ч амалчихсан байлаа буруу юмыг нууж болохгүй шүү дээ. Үнэнийг олохын төлөө сайн санаатай хүмүүс ажиллаж байна. – Би тэр хүнээс айж байна. Тэр их аймаар хүн. – Аймаар тусмаа хэлэх хэрэгтэй
шүү дээ. Тэр хүн дахиад л гэмгүй олон хүнийг зовлонд унагана. Чи үүнийг хэлэх хэрэгтэй. Чамайг ятгаж, чиний амьдралын хүнд хэцүү үеийг ашиглан гэмт хэрэг хийлгэсэн хүнээс гадна 12 сарын 16нд та
нартай хамт Бөмбөг явсан тиймээ. – Тиймээ. Тэр даргынхаа тушаалаар биднийг Макаод аваачиж зарсан. – Одончимэгээ, одоо чи бүхний буруутан, хил даамжуулан хүн наймаалсан онц аюултай гэмт
хэрэгтэн болчихоод байна шүү дээ. Би бүхий л зүрх сэтгэлээрээ чамайг мэдэрч байна. Чи ингэхийг хүсээгүй шүү дээ. Яг юу болсоныг чи надад яриад өгчих. Тулгаагийн ийн гуйх шахам хэлэхэд Одончимэгийн
зүрхээр ширхийн хатгуулав. Нүдээр нь мэлтгэнэсэн нулимс улам ихэсч бүр борооны дусал аятай асгарч гарав. Бүхий л бие нь чичирхийлэн мэгших түүний туяхан бие хэдэн тийшээ салчихна уу

гэлтэй салганана. Хийх байх юмаа олж цөхсөн Тулгаа дэмий л түүний нулимсыг арчих санаатай зөөлөн алчуур өмнө нь барина. Ай ямар өрөвдмөөр юм бэ? очиж очиж Одноо минь. Энэ байдлыг хэн хүслээ дээ. Тулгаа байж цөхөн холхисноо Одончимэгийг ийм байдалд оруулсан тэр этгээдийг үзэн ядах шиг болж, шүдээ тас зуун гараа чинээнд нь тултал хөвчрүүлэн зангидав. Хэсэг уйлсаны дараа Одончимэг ярьж гарав. Тэрбээр үе үе яриагаа таслан нулимсаа арчина. Түүнд тэр аймшигт явлыг ярихад үнэхээр хүнд байгаа бололтой эхэр татна. Түүний ярихыг тэсвэртэйгээр чагнасан Тулгаа өөрийн эрхгүй – новшийн амьтан юм даа гэж зэвүүцэн дуу алдав. – Даанч яав даа Одноо минь. Тэр үедээ надад хэлэхгүй. Би чиний төлбөрийн мөнгийг ахаасаа гуйгаад авчихсан байсан юм шүү дээ. – Би чамаас ичээд айгаад байсан юмаа. Тулгаа өөрийн эрхгүй хямарч уйлан суугаа Одончимэгийн нилимсыг арчин аргадмаар, дагжин чичирч байгаа түүнийгээ элгэндээ чанга наан тэвэрч энхрийлэхийг маш их хүсч
байлаа. Чихэн дээр нь Төмөр хурандаа махлаг богинохон хуруугаа гозойлгон: – нөхөр минь төрийн албан хаагчийн ёс зүйг ямагт дээдэл гэж хэлэх шиг сонсдоход Одончимэгээс нэг алхам хиртэй холдов. – Одноо чи хүүхдээ хэнд өгсөн юм бэ? – Учрал эмчид. Надад, хүү билд хоёрт тус болсон тэр сайхан сэтгэлт эмчид уг нь өгсөн. Эмч өөрөө хүүхэдгүй юм байна лээ. – Юу гэнээ чи хэнд өгсөн гэвээ? Тулгаагийн хоолой өөд амьсгаа нь ихсээд ирэв. Тэр хүүхэд бяцхан Хубилай Одончимэгийн хүүхэд байхнээ. – Тэр эмчид, Учрал эмчид өгсөн юм. Тэгсэн чинь эмч өөрөө тэрний эхнэр байсан юм билээ. Тэгээд тэр намайг алахыг оролдсон. Би Учрал эмчийн аавын ачаар зугатаж чадсан. Тулгаагийн нүд нь том болон Одончимэгийн аманд орчихно уу гэлтэй амаа ангайлган тэр чигтээ хөшөөд зогсчихов. – Чи хэн гэвээ. Алид чи нэг тодорхойхон яриад орхи доо гэсээр Тулгаа Одончимэгийн гараас барьж аван сэгсчиж гарав. – Тиймээ тийм, учрал эмчийн нөхөр болминий хүүгийн эцэг байгаа юм. Тулгаагийн толгой руу хүнд лантуугаар цохиод авах шиг ямар ч тамиргүй болсон хойшоо суун
тусав. Зүрх нь тийм гэхийн аргагүй булгилж цээжийг нь задчих шахна. Үгүй байлгүй дээ, миний ах биш байлгүй дээ. Ямар ганцхан Учрал эмч Монголд байгаа юмуу. Өчнөөн л олон Учрал Монголд байгаа ш дээ гэж бодсон Тулгаа тайван байхыг хичээж байлаа. – Одноо, Учралын нөхөр хэн юм бэ? – Тэр тэр нөгөө Их хурлын гишүүн Ядам шүү дээ. Тэнгэр минь би юу соносх нь энэ вэ! – Юу үнэн гэж үү? Арайхийн ийн асуусан Тулгаа хоолой өөд нь өгсөх нулимсандаа хахалдан хэсэг чимээгүй суув. Арай ч дээ. Бахархаж хайрлаж явдаг ах минь мөн гэж үү. Тэр тэр очиж очиж миний Одноогоор тоглочихсон гэж үүдээ? Үнэн үү хорвоо минь. Тулгаа ямар ч эрч хүчгүй өлбөгөр сул дорой болсон байлаа. Цонхоор тоо тоомшгүй одод гялалзана. Тулгаа улайн бөлцийсөн нүдээ нухлан бодлогширно. Үнэн гэж үү гэсэн бачуурал зүрх сэгсчинэ. Түүний өмнө ирж байцаалтын ширээнээ суухдаа Бөмбөг нэг л гөлөлзөөд байлаа. – За Бөмбөг, тоглоомоо дуусгая, Чиний хийсэн бүх хэрэг нотлогдсон. – Би мэдэхийгээ хэлсэн шүү дээ. – 2007 оын 12 сарын 16ний чи Одончимэгтэй хамт дөчин эмэгтэйг ямар
зорилгоор авч хил давсан бэ? – Би ямарч эмэгтэйтэй цуг яваагүй. – Та Бхуттод тэр эмэгтэйчүүдийг зарсан шүү дээ. Түүгээр ч барахгүй ирээд нууц эзнээсээ хоёр өрөө байраар шагнуулсан шүү дээ. Ямар гавъяа байгуулсан болохоор захирал чинь байр өгсөн бэ? – Би менежер хүн, байгууллагын эдийн засаг, санхүүгийн менежмент надаас шалтгаалдаг. Тиймээс л намайг шагнасан байх. – Чи эхнэрийнхээ хамт хүчирхийлэлд өртсөн мөртлөө яагаад цагдаад мэдэгдэж гэмт этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгээгүй юм бэ? – Би тэр новшнуудын хэн болохыг мэдээгүй. Тэгээд ч өөрийнхөө болон эхнэрийнхээ нэр хүндийг эрхэмлэсэн юм. – Макаод байрладаг Веберли зочид буудлын эзэгтэй Урнаа, лалын хэт даврагч бүлгийн толгойлогч Бхутто нар бүгд баригдсан.Энд хоригдож байгаа тэд танаас хүүхнүүд худалдаж авсанаа хүлээсэн. Мөн хохирогч хүүхнүүд бүгд ирсэн. Тэд мөн таныг гэрчилж байгаа. Одончимэгийг ятгаж, түүний гараар могой бариулж, хүүхнүүдийг цуглуулсан шүү дээ. Японд ажилчин гаргана гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн “Гэрэл” компани гэгчийг та бий болгоо биз дээ. Бөмбөг сандарч эхлэв. Энэ муу новш чинь Ядамын дүү
мөртлөө ахынхаа мууд дурлаад байх юм. Эсвэл ийм хэнхэг амьтан юмуу. Эсвэл Ядам миний янзыг үзэж байна уу. Ээ дээ үгүй л болов уу. Ядам захирал энэ дүүгээ их л дураар нь байлгадаг хүн дээ. Энэ дүүгээсээ жийрхэж ямарваа нэг юмаа тас нуудаг. Эднийхэн ер нь нэр төрд дуртай улсууд. Энэ ер нь том хэрэг илрүүлж цол ахиж албан тушаал ахиж л байвал ахыгаа юу ч биш бололтой. Ер нь л хүн муутай улс даа. Яадаг юм бэ хэлэхэд дүү нь юм чинь арай ахыгаа унагаахгүй биз. Ядамын ёроолгүй их хөрөнгөнд шунасан бол энэ залуу ахыгаа булшилж өөрөө эзэн суухыг хүснэ. Ядам ч бас тийм хүн. Энэ муу нохой хэрэв очоод намайг ахдаа хэлчих юм бол миний эхнэр хүүхдийг Ядам өршөөхгүй. Ер нь болъё, мэдэн будилсаар цаг нөхцөөхийг л бодъё. Энэ бодол орж ирэхэд Бөмбөг юу ч хэлэхгүй байхыг хичээв. Ядам муу өөдгүй хилэнцэт хорхой, өөрийг нь алах юмсан. Бөмбөг Ядамыг үзэн ядаж нүд нь цөхрөл шаналалаар дүүрэн гялалзаад ирэв. Түүний байдлыг Тулгаа ажиглаж байлаа. – Мөрдөн байцаалтын нууцыг чандлан хадгална. Мөн таны ар гэр төрийн хамгаалалтаньд орсон. Бид хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж эхнэр охиныг чинь хамгаалалтаньд авсан. Та санаа зоволтгүй, таныг ч бас хамгаална.
Харин та үнэнийг хэлэх хэрэгтэй. Жинхэнэ гэмт хэрэгтэнд боломж дахиж олгоод хэрэггүй шүү дээ. –Үнэн үү гэх шиг Бөмбөгийн нүд солбичин гялалзан сандал дээрээ өндөлзөв. – Үнэнийг л хэлчих. Бөмбөг сөөж цалгисан хоолойгоор: -Үнэнийг сонсох таньд хэцүү биш үү хэмээн сөргүүлэн асуулаа. Тулгаа түүнийг ойлгомжгүй харцаар харж – Үнэнийг хэлэхэд надад маш хэцүү байна. Гэхдээ би төрийн өмнө үнэнийг худалдах, хучих эрхгүй хүн. Үнэнийг юу ч зогсоож чаддаггүй юм. Бөмбөг та хэл хэл. Би сонсъё. Энэ яасан тайван юм гэж бодсон Бөмбөг өөрөө ч тайвшраад ирэв. – Тиймээ үнэн. Би Одончимэгийн хэлэх үгийг зааж өгсөн юм. Япон руу гэрээгээр гаргана гэж Одончимэгийг хуурсан. Үүнд үнэмшсэн Одончимэг нөгөө хүүхнүүдийг хуурсан юм. – Ноцтой төөрөгдөл. Тулгаа өөрийн эрхгүй ийн хэлэв. – Тиймээ түүний хувьд ноцтой төөрөгдөл байсийм. Харин энэ бүхний ард Ядам гишүүн байсан юм даа. – Энэ байдлаас шалтгаалан та нэрээ нууцалсан тиймээ? – Тиймээ. Хүүхнүүдийг Макаод Бхуттогйин хүмүүс хүлээж аваад хэд хэдээр нь хувааж борлуулсан. – Хүүхнүүдийг яаж, ямар ханшаар зарсан бэ? – Талд нь бэлэн мөнгө талд нь хар тамхи
авсан. – Хар тамхийг хаана хаана борлуулсан бэ? – Монголд хүн амын суурьшилт ихтэй дөрвөн хотод борлуулах цэг нээсэн. – Хаана нээсэн бэ? – Улаанбаатар, Чойбалсан, Дархан, Ховд. – Та Орос руу бас л бичиг баримтын зөрчилтэй өөр овог нэрээр хил зорьчсон. Яах гэж? – Үлэмж хэижээний хар тамхи орос руу гаргасан. Орос дахь хамтрагч чинь хэн бэ? Ядам гишүүний дотны нөхөр Кочалькин. – Ямар Качалькин? – Бүх Оросын Төрийн Думын гишүүн. “Төрийн эрхийг хувийн эрх ашигтай хослуулсан орон орны олигархууд” Тулгаа эгдүүцэн бодож суув. – Энэ хэрэгт Качалькины оролцоо чухам юу вэ? – Ноён Ядам түүнд Баянхонгор алтны нөөц ихтэй орд газрыг өгөхөөр тохиролцсон. Мөн Орос руу их хэмжээний хар тамхи гаргаж хариуд нь бас л хүүхэд, эмэгтэйчүүдийг олноор авсан. – Оросын тэр хүүхэд, эмэгтэйчүүд яасан бэ? – Ноён Бхуттод хүргэж өгсөн. Хариуд нь их хэмжээний мөнгө авсан. – Бүх мөнгөн орлогыг хэн авсан бэ? – Ноён Ядамын “Баян Хайрхан’ корпорацийн дансанд орсон. – Энэ ажлынхаа хариуд та ноён Ядамаас ямар хувь хүртдэг вэ? – Эхний ажиллагаанаас хоёр өрөө байр, машин, амьжиргааны мөнгө гээд л. Харин хоёр дахь ажиллагаа дууссаны дараа Ядам руу гуйвуулсан. Тэгээд л хоригдсон доо. … За Мөнхдалай бид бүх зүйлийг нотлох баримтаар тогтоосон. Чи зөвхөн үнэнийг хэлнэ шүү. – Гарьд та хоёр Одончимэгийнх рүү яах гэж очсон юм бэ? –
Ядам захирал тушаасан юмаа. Одончимэгийг устгаад ир гэж. Унтаж байхад нь ч хамаагүй гаднаас нь гэрийг нь галдан шатаа гэж. – Чи хүүхдүүдийг ямар зорилгоор яах гэж хулгайлсан бэ? – Бас л Ядам захиралын тушаал шүү дээ. Эрэгтэй голдуу хүүхдийг хулгайл гэж. – Яаах гэж. Ямар зорилгоор? – Тэднийг гадаад түнш нь хөлсний алуурчин, амиа золиослогч болгох учир их сэргэлэн, дандаа арван хоёр, арван гурван насны хүүхдүүдийг хулгайл гэсэн. – Тэдэн дунд найман эмэгтэй хүүхэд байсан. Тэр охидуудыг яах гэж хулгайлсан юм бэ? – Тэдний эд эрхтэнг наймаалдаг юм гэсэн. Би мэдэхгүй шүү дээ. Захиралын тушааснаар хийсэн юм. – Хүүхдүүдийг хулгайлуулаад чамд Ядам ямар шагнал өгсөн бэ? – Би ер нь цалингаа л авч байсан. Хүүхдийг хулгайлсан ажиллагаа сайн болбол байр өгнө гэсэн юм. – Хулгайлагдсан хүүхдүүдийг хааш нь хэнд наймаалах ёстой байсан бэ? – Би мэдэхгүй. Надад ийм юмаа хэлэхгүй ш дээ. Хүн болгоны амнаас гарах үг Ядам, хувь заяаг нь золиослогч нь бас Ядам. Энэ үед Тулгаа өөрийгөө хөмгийн золгүй хүн гэж чанд хатуу дүгнэчихээд сууж байлаа. Гарьд түүний өмнө чимээгүйхэн сууснаа яагаад ч юм бэ
инээвхийлнэ. – За Гарьд минь бүх юм тодорхой болсон. Цаг алдаад яахав дээ. Ядам захиралаасаа ямар ямар даалгавар авсанаа л хэлчих. – Байцаагчаа. Арай өөр бодолтой байгаа биз дээ. Тэр чинь таны ах шүү дээ. – Тиймээ тийм. Тэр миний ах. Ах ахдаа хамгийн хайртай ах. Гэсэн ч үнэн бол үнэн шүү дээ. Үнэнээ хэл Гарьдаа! – Ядам захирал намайг Мөнхдалайн бүх хөдөлгөөнийг хяна гэж тушаасан. Тэр Одончимэгийг алж чадах нь уу, чадахгүй байвал Одончимэгийг ал. Бөмбөгийг ирэнгүүт нь онгоцны буудалд тосож аваад замдаа устга. Бас хулгайлагдсаг хүүхдүүдийг наймаалагдсаны дараа Мөнхдалайг устга гэсэн даалгавар өгсөн. “Ай яасан аймаар юм бэ? миний ах ердөө л нэг хүн алж хүрээ талсан дээрэмчин байсан гэж үү? Ээж минь үнэнийг сонсоод яаж гомдох бол. Эцгийн минь сүнс тэнгэрийн орноос биднийг хараад яаж гомдон мэгшиж байгаа бол. Энэ олон хүмүүсийн хувь тавилангаар тоглож, яаж ингэж золиослож чадна вэ? Ах гэрчгүй болохын тулд, зөвхөн цус асгаруулсанаа нуухын тулд юу хийж байгаагаа ч мэдэхгүй өөрт нь зүтгэж байсан олон хүнийг өрөвдөх сэтгэлийн өчүүхэн гэгээгүйгээр устгах тушаал өгчихөөд, төрийн эзэн хүний энэрэнгүй төрхөөр инээж сууж яаж чадна вэ? Ах гэрчгүй болохын тулд Гарьдыг турхирчихаад дараа нь бас нэгний гарыг
нүглээр бас л угаах байсан байх даа. Ай гутамшиг. Яах гэж Ядамын төрсөн дүү нь болж төрөв өө би”. Олон сарын турш үргэлжилсэн мөрдөн байцаах ажиллагаа ийн үнэний утгыг тайлж чадав. – Нөхөр хурандаад! Ахмад Тулгаа ажил танилцуулахаар ирлээ. Орж болох уу? – Ор ор хүү минь. Бие чинь зүгээр үү? Царай чинь яасан бүрсгэр байх юм бэ? – Зүгээрээ – Хүүминь хоёулаа нэг нэг аяга халуун кофе уухуу? – Тэгье дээ. Түүний уруу дорой байгаагийн учрыг хашир хурандаа гадарлаж байлаа. Намрын хурц наран цонхоор нэвт төөнөсөн бүгчим халуун өдөр байсан ч Тулгаа жигтэйхэн даарч чичрээд байлаа. Уур савссан халуун кофе уусан ч Тулгаа тайвширч чадахгүй байлаа. – Нөхөр Хурандаа, Үнэний учиг тайлагдлаа. Хурандаа бүхий л биеэрээ эргэн түүнийг их л анхааралтайгаар харав. – Хүү минь. Хөдөлшгүй нотолгоо гэж үзэж болох уу? – Тиймээ. Олон улсын шинж чанартай. Онц аюултай энэ гэмт хэрэгт гурвалсан холбоо үүсчихээд, аалзны тор шиг сүлжигдсэн байсан юм байна. Монгол, Орос, Хятад гэсэн. Мөрдөн байцаах ажиллагаанд дахиад хоёр эрхмийг хариуцагчаар татах болчихоод байна. – Уухайс. Хэлээд байгаарай хүү минь. – Нэг. Эрхмийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг өргөн барихыг прокурорт санал оруулах. Энэ бол энэ бол Улсын Их Хурлын Гишүүн Ядам. Түүний
бүрэн эрхийг түдгэлзүүлж, Эрүүгийн Гэмт хэрэг хариуцагчаар татан, мөрдөн байцаах ажиллагаа явуулах. Хоёр. Бүх Оросын төрийн Думын гишүүн, радикал үзэлтнүүдийн нэгдсэн хобооны тэргүүн, ноён Качалькиныг хил дамжуулан хүний, газрын , хар тамхины наймаа хийсэн хэрэгт хариуцагчаар татаж шалгах шаардлагатай байна. Гуравдугаарт: Миний хувийн хүсэлт: Ноён Ядам нь миний төрсөн ах учраас уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаанаас өөрийн хүсэлтээр татгалзах. Хурандаа Тулгааг зөөлнөөр харан толгой дохиж байлаа. – Хүү минь. Ээлжит амралтаа авах юмуу? – Тэгсэн ч яахав дээ. Хаашаа ч хамаагүй нэг хэсэг алга болмоор байна. – Хүү минь хурандаа нь чамаар бахархаж байна шүү. Үнэхээр чин сэтгэлээсээ бахархаж байна. Өнөөгийн төрд яг л чам шиг залуус хэрэгтэй юм шүү дээ. Гэхдээ миний хүү үнэнээс зугатаад хэрэггүй. Үнэнийг үнэн чигээр нь туулаад гар. Тэсээд гар. – Ойлголоо хурандаа явахыг зөвшөөрнө үү. Хурандаа бүх биеэ ганхуулан зүгээр л толгой дохив. Ямар ч халуун юм бэ? Яасан бүгчим юм бэ энэ орчлон чинь.Ямар их ганцаардана вэ? Ээжийнхээ хажууд хурдхан очих минь. Үгүй ээ болохгүй болохгүй юм байна. Ээжийн хажууд ах бий. Тэр байж л байг. Тэр ямартаа ч миний ах шүү дээ. Удахгүй тэр надаас илүү ганцаардаж зовлонгоо эдэлнэ. Тэр үед тэр
ээжтэй хамт байж чадахгүй шүү дээ. Тэгээд би хаачих юм бэ? Архи уух юмсан. Архи уугаад юу ч мэдрэхгүй шаналахгүй ганц шөнө ч атугай нам унаад өгөх юмсан. Ядам ах миний төлөө ихийг хийсэн. Би хариуд түүнийг яаж байгаа нь энэ билээ? Тэр миний ах шүү дээ. Гэсэн ч миний зөв. Миний зөвш дээ. Ах бол миний ах. Харин тэр олны дайсан. Олон хүнийн амь амьдрал хувь заяагаар инээж байгаад тоглосон дайсан. Хүний амь хөнөөх бол зүгээр л түүний тоглоом. Тэр нийгэм бохиртуулж замбараагүйтүүлсэн. Мөнгөний төлөө юу ч хийхээс сийхгүй зүгээр л нэг хувиа хичээсэн дээрэмчин. Үхсэний чинь төрийн зүтгэлтэн. Ууя ууя, архи ууя. Ядам ахын хийсэн аймшигт үнэнийг мартагдтал архи ууя. Тулгаа гэрэл гялбасан цэнгээний газрын гоёмсог хаалгыг хайнгат хараад халаасаа дарж үзсэнээ шууд л машинаа цоожлон орж явчихав. – Та юу захиалахсан бол. Ярих нь хүртэл дуулах шиг яруухан дуутай бүсгүйн царайг нь харахыг ч Тулгаа хүссэнгүй. – Хамгийн сайн архинаас ахиуханыг аваад ир. “Ай халаг, ийм л сайхан бүсгүйчүүдийг ангуучилж байсан байх даа. Ах минь муу гутамшигт амьтан” – Та хоол захиалахгүй юм уу? – Үгүй ээ. Хурдхан архи аваад ир. Тулгаа жинхэнэ архичин хүн шиг ийн хэлээд гүнзгий сана алдав. – Хурдхан л согтож цээжин доторх зовлонгоосоо салах минь. Тулгаа шилтэйгээс хундгалж шууд л хөнтөрч орхив. Хатуу сархад хоолой
түлчих шахан доошилж улмаар ходоод халуу оргиулна. Аятайхан юм шиг. Дахиад. Дахиад удаа дараалан хундгалж яарсан юм шиг хөнтрөв. Утас нь дуугарч байна. Ах нь ярьж байлаа. – Хөөе чи чинь гэр орондоо ирдэггүй юмуу? – Ахаа дүүгээ уучлаарай. Дүү нь архидаж байна. – Юу? Ямар юмаа солиороод байгаан бэ чи, одоо бүүр архи уух чинь дутаа юу? Сайхан мэдээрэй. – Өөр би яах юм бэ? Өөр би яах юм бэ? Тулгаа ийн уйлагнах шахуу хэлсэн болоод утсаа тасалж бүр хааж орхив. – Архи уунаа яадаг юм бэ? муу өөдгүй амьтан миний Одноог бузарлаж хувь тавилангаар нь тоглоно гэнээ. Даанч дээ. Тулгаа дахиад л хундагатайг хөнтрөн ганцаараа ярина. – Муу новш. Тэр муу новш. Бхуттотой үгсэн тохиролцож гай зовлон удаж миний сайхан хурандаагийн амийг хөнөөлгөсөн гайтай новш. Хэрэв чи миний ах бишсэн бол би юу гэж ингэж зовохсон билээ. Тулгаа дахиад шилтэйг барьж авахад нэгэн хүчирхэг халуун гар түүний хөлөрч чичирхийлсэн хэдэн хурууг лав гэгч нь атгаад авав. Үгүй ер архи ууж бас болохгүй юу. Энэ муу архийг хэн надаас харамладаг байнаа. Тулгаа урам муутайхан харцаа дээшлүүлэв. Нүдээ учиртай гэгч нь солбичуулсан Төмөр хурандаагийн махлаг царай тээр тэнд саранд байгаа юм шиг хол харагдана. – Ингээд сууж болох уу ахмадаа? Яасан их хүртчихсэн байх юм бэ? – Та суу даа хурандаа. Би би зовлонгоо ууж байна. – Зовлонг ууж дуусдаггүй юмаа хүү минь. Сөрдөг юм ойлгож байна уу? Зовлонг сөрж дуусгадаг юм. – Би… Би тэр хүнийг үзэн ядаж байна. Тэр өөдгүй амьтан. – Би ч бас – Би бас түүнийг өрөвдөөд байна ш
дээ. Өрөвдөөд байна. Тэр новшийг. Тэр чинь миний ах шүү дээ. Ах – Ойлголгүй яах вэ, ингэхэд ахмадаа, та чинь төрийн хувцастай хөлчүүрээд байх юм. Гэртээ харивал яасан юм бэ? – Үгүй ээ би харихгүй. Надад түүнийг харах хэцүү байна. – Та буруугүй шүү дээ ахмадаа! – Би буруутай. Дүүгийн хувьд маш их буруутай. Лав л ээж минь нэг хэсэгтээ л намайг нэг нүдээрээ ч харахыг хүсэхгүй байх. – Би ч бас тийм байдалд орж байсан шүү. Ингэхэд хоёулаа манайд очвол яасан юм бэ? Тэгээд хоёулаа сайхан хоол хийлгэж идээд сайхан ярилцъя. Бас архи ууж ч болно ш дээ. – Тэр муу өөдгүй амьтан миний хайртай охиноор тоглочихсон. Аймаар тоглосон. Бас түүнийг айлган сүрдүүлж алахаар заналхийлж, бүр алуулахыг завдсан. – Ёстой өөдгүй амьтан юм даа. – Гэхдээ тэр надад хайртай. Миний хувьд хамгийн сайн ах минь шүү дээ. – Тэгэлгүй яах вэ. Тэр сайн ах бас сайн хүү. – Тэр муу новшийн дээрмийн хуйвалдаанд эцэг шигээ хүндэлдэг хайртай хурандаа минь амиа алдсан. – Ёстой новшийн амьтан даа. – Тэр миний сайн ах мөтрлөө миний хайртай болгоныг цөлмөж орхисон. Би чинь хүн шүү дээ. Хүн. Хурандаа түүний мөрөн дээр гараа тавьж халуун дотноор тэврээд авлаа. – Миний хүү битгий гутар. Энэ үнэнийг ялж чадсанаараа чи жинхэнэ ахыгаа олох болно. Нүгэл нь нүүрэн дээрээ
сийлэгдсэн ах чинь үнэний өмнө үйлийн үрээ нуруундаа үүрнэ. Тэндээс л тэр жинхэнэ ах хүний мөн чанарыг олж чадна. Үйлийн үрээ өвчүүнийхээ цаана нуучихсан учраас л тэр энэ их нүглийг үйлдлээ шүү дээ. Үнэний тэр түлхүүрийг чи түлхүүрдэж чадсан. Тиймээс чи хамгийн сайн дүү. Тулгаа хурандаагийн халуун энгэрт нүүрээ наан гашуунаар мэгшин уйллаа. Даанч тунгалаг тэр нулимс залуу хүүгийн сэтгэлийн зовлонг угаах мэт гадагшилна. … Нойрон дунд утас нь дуугарах шиг болохуйяа Ядам хурдхан утсаа авав. Хуулийн зөвлөхийнх нь дуун сандрангуй дуугарна: – Захиралаа байдал хүндэрлээ. Таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт маргааш улсын прокуророос Улсын их хуралд өргөн баригдах гэж байна. – Юу. Чи хаанаас олж мэдээ вэ? – Тэнд миний нэг найз байдаг юм. Түүнээс мэдээллийг авлаа. Ядам барьц алдаж эхлэв. – Захиралаа таны дүү Макао явахдаа тэнд зарагдсан бүх хүүхнүүдийг буцааж авчирсан байна. Тэнд таньтай түншилж байсан Веберли зочид буудлын эзэн Урнаа, Жорж хэмээгч эрэн сурвалжлагдаж байсан эрүүгийн аюултай гэмт хэрэгтэн халзан Цэндийг баривчилж ирсэн байна. Мөн хоригдож байгаа Одончимэг, Бөмбөг, Гарьд, Мөнхдалай нар үнэнийг хэлсэнээр та гарцаагүй байдалд орчихоод байна. – Муусайн новшнууд. Би чамд даалгасан биз дээ. Хохь нь. Миний өмнө хөндлөн гишгэсэн хэнийгч би няц гишгэнээ. Тэдний гэр орныхныг хүйс тэмтэр. – Захиралаа, ингээд ч
нэмэргүй. Тэднийг цагдаагийнхан хамгаалалтаньдаа авсан. – Тэр муу цагдагийн новш хэн бэ? Түүний толгойг зад бууд. – Тэр таны дүү шүү дээ. – Юу… үгүй чи муу мануухай урьд нь хэлж байхгүй яасан юм бэ? – Мөрдөн байцаалтын явцыг чандлан хадгалж байсан улсын дрокурорын газрынхнаас л авлаа шүү дээ. – Бас юу гэж… – Бхутто өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөнөөр Орост ноён Качалькины бүрэн эрхэнд бас халдаж байгаа бололтой. – Чи сонс, би чамд чамгүй их мөнгө хаясан. Чи одоо нэг зүйлийг хий л дээ. – Уучлаарай захиралаа, би таныг арай ч ийм цуст дарангуйлагч байсныг мэдсэнгүй. Андуурч явжээ. Би чинь хуульч хүн шүү дээ. Төрийн эсрэг дахиад хууль зөрчсөн гажууд зүйл хиймээргүй байна. Би таниас хал балгүй холдохыг хүсч байна. Утас тасарч Ядам ухаанаа олохгүй жаал суув. Одоо ер нь надад гарц байна уу? Үгүй бололтой. Хэн гээч ямар чөтгөр нь намайг ийн хөнтөрч орхив оо?. Түүний зүрх салгалан чичирнэ. Хэнч биш, хэн ч биш өнөөх муу сөөсгөр. Таднийг холбосон Мөнх эцэг нь одоо нэг хардаг ч болоосой. Үгүй ер яалаа гэж энэ вэ?. Сргууль, соёл, ажил, албан тушаал, сайн машин, сайхан байр орон сууц. Ядамын хоолойд нулимс тунараад ирэв. Загасны мах заагтай гэж эх өөртэй болохоороо л намайг ингэж байгаа юм. Гуйгаад, учирлад байхад чинь үхэх гэж улайраад. Арай ч дээ. Чам муу сөөсгөрт тийм ч амархан бууж
өгөхгүй шүү. Ерөөсөө маргааш уулзаад тархийг нь зад буудаж орхиё. Хэнээр оролдсоноо мэдэж аваг. Хохь чинь муу новш. Ядам бүхнээсээ тийм ч амархан салахгүй шүү. Маргааш өглөө цаг алдалгүй намын даргатай ярьж ахиухан мөнгө хаяад нэг газар толгой хоргодож нуугдаад гадагш гарч улс төрийн орогнол хүсье. Энэ муу хуулийн зөвлөх бас өөдгүй новш байж. Хэдийгээр нэг эцгийн цус судсаар гүйж байлаа ч Тулгаад би ингэж дээрэлхүүлчихээд зүгээр өнгөрнө л гэж байхгүй. Түүнийг өөрийн гараар устгаж адаглаж сэтгэлээ ч болов амраах минь. Бас ч гэж болоогүй. Бүрэн эрхийн хугацаа түдгэлзүүлэх тийм ч амар юм биш. Надад мөнгө байна. Энэ хооронд нь мөнгөөр цохиж гадагшаа гаръя! Швед юмуу Швейцарьт очоод нам гүм амьдарчихъя. Би чинь улс төрийн сөрөг хүчний хүн. Улс төрийн орогнол хүсч, тэр орны хамгаалалтын дор залуу сайхан эхнэр авчихаад, бас болоогүй нуган үр төрүүлчихээд жаргана даа жаргана. Тэр муу сөөсгөр новшийг цааш нь харуулчихаад жинхэнэ жаргана. Ядам ийнхүү нүглийн хар бодолдоо таашаал авч жаал тайвшрах үес түүний ургийн холбоог нь сануулан би байна шүү гэх шиг Өлзий эх зөөлөн хурхирч байлаа. …Цаг яагаач үгүй эрт байхад утас нь
дуугарахад нойроо харамласан Үнэнбат утсаа дурамжхан авав. – Байна уу? – Нөхөр дэслэгч нилээд нйормон байна уу? Нар шараад, шувууд дуугараад, шинэ өглөө сайхан байна шүү. – Өө хурандаа, уучлаарай би.. – Ямар ч уучлалт байхгүй хүү минь. Ажил дээрээ хурдан хүрээд ир, хоёулаа аминчлан зохицуулах нэг ажил байна. – Хурандаа та хаана байгаа юм бэ? – Би юу? Ажил дээрээ. Та тэгээд одоо ингээд ирэх үү? – Би одоохон очлоо. Үнэнбат яарч сандран хувцаслаад, ороо ч хураалгүй тэр чигт нь орхиод гарч одов. Бас хэнд юу тохиолдох гээд байгаа юм бол! Түүнийг ороход духан дээгүүр нь хөлс бурзайсан Төмөр хурандаа халуун кофе оочлож суулаа. – Нөхөр хурандаа, – Зүгээр зүгээр, ороод ир. Орж ирээд суу хүү минь. Үнэнбат хавтасаа хурандаагийн өмнөх ширээн дээр тавингаа өөдөөс харж: – Хурандаа юу болов? гэв. – Онц ч болсон юм алга. Харин одоо л нэг айхтар юм болж магадгүй. Ингэхэд чи мөрдөн байцаалтын нууцыг хадгалж байгаа шүү дээ. Ядам гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай дээр дооргүй шуугиж байна. Ядамын хийсэн үйлдэл, гишгэсэн мөр бүгд аюултай, бүгд хар. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэж үг байдаг. Бас үхэхдээ үхэр буугаа тавина ч гэж үг байдаг. Энэ нэг бүрэн эрхийн хугацаа мугацаа гээд хамаг цаг аваад хаячих юм. Шууд хоричихож болдоггүй. Гэмт хэрэгтэн
төрийн дээд эрхийг барьж байдаг. Мөрдөн байцаалтын нууцыг халуун гараараа атгасан цагдаа чандлан хадгалдаг бол албан тушаал, нэр алдар, эд мөнгийг эрхэмлэсэн түшмэл өөрт ашигтайгаар гадагшлуулдаг юм. – Хурандаа та хавтаст хэргийн нууц алдагдсан гэж хэлэх гээд байна уу? – Болзошгүй, алдаагүй ч байж магадгүй. Гэхдээ бид өөрсдийгөө хамгаалах ёстой. – Хурандаа бид хэнээс болгоомжлох ёстой гэж? – Ер нь бидэнд хэзээ ч болгоомж илүүдэхгүй шүү дээ. Ядам амархан дарагдах хүн биш. Тэр маш их өш хонзонг өвөрлөж яваа. Үнэний өмнө түүнийг сөхрүүлсэн хүн бол манай Тулгаа. Тиймээс бид Тулгаагаа…. – Хурандаа тэр түүний дүү шүү дээ! – Тэр тусмаа. Ядам дүүгээ хүнээс дээгүүр болж чинээлэг, өнгөтэй, өөдтэй, алдар нэртэй явуулахыг ахын хувьд хичээж, түүнд хамаг анхаарлаа тавьж зориулсаар ирсэн. Ахын хувьд тэр их сайн ах. Гэтэл тэгж хайрлаж, эрхлүүлж, хамгийгаа зориулсан дүү нь ахынхаа хамаг нүглийг нь уудалж илрүүлээд тавьчихлаа шүү дээ. Түүнээс болж Ядам эд хөрөнгө, нэр хүнд, өндөр албан тушаалаа алдаж хэрэгтний ширээнд суух болчихоод байна. Тиймээс тэр дүүгээ гэсгээхийг хүсч байгаа. Тэр маш их өш хонзон өвөрлөдөг хүн. – Тулгаа гэртээ байгаа шүү дээ – Тулгаад маш хэцүү байгаа. Хүний хувьд, дүүгийн хувьд тэр маш их шаналж
байгаа. Бас тэр ахдаа маш их гомдож байгаа. Ядам санамсаргүйгээр ч, санаатайгаар ч дүүгийнхээ дээдэлж хайрлаж явдаг зарим хүмүүсийн амь нас, хувь тавиланг нь хохироосныг олж мэдсэн Тулгаа маш их гомдож, бараг үзэн ядах дээрээ тулж, нөгөөтэйгүүр ухаантай хүн болохоороо дүүгийн хувьд ахынхаа эсрэг нүгэл хийсэн юм шиг санагдаж гэмшээд байгаа юм. Ер нь Ядам дүүгийнхээ хувь тавилан, хайр сэтгэлээр тоглочихсон хүн. – Хурандаа, та ах дүү хоёрын хооронд зөрчилдөөн үүслээ гэж бодож байна уу? – Зөрчилдөхөөр барах уу бүр тэсэрдэг дээрээ тулаад байна. – Тэгэхээр бид… – Тэгэхээр бид Тулгаад тохиолдож болзошгүй аюулаас сэрэмжилж, Тулгаагаа хамгаалах хэрэгтэй боллоо. – Ойлголоо нөхөр хурандаа! …Дотор нь зарайн, толгой нь хагарчих гэж байгаа юм аятай янгинаж өвдөнө. Пээ энэ архи уух
чинь ийм аймаар байдаг байх нь ээ. Хэрэггүй ууж. Хар аяндаа л хөлс нь цутгаж хөдлөх тоолон толгой нь янгинан өвдөнө. Тулгаа толгойгоо барин ярвайсаар өндийв. Жижиг ширээ өмнө нь тавьж шилэн аяганд талаар нь шингэн зүйл хийж тавьсан байх бөгөөд жижиг цаасан дээр бичсэн Төмөр хурандаагийн сарсгар босоо бичиг харагдахад авч уншихад: – “Хүү минь, энэ аягатайг шууд л залгилчих. Тэгээд усанд ор. Цэцэгмаа эгч дараагийнхыг нь залгуулах байх. Ширээн дээр ном тавьсан шүү. Намайг иртэл хүлээж байгаарай. Төмөр” гэсэн байв. Цэцэгмаа эгч гэж лав хурандаагийнх нь эхнэр бололтой. Тулгаа аягатайг авч нэг том залгилаад болив: – Түй, архи байна. Түрүүчийнхийг нь яая гэж байхад дээрээс нь нэмээд ёстой гай байгаа даа. Гэсэн ч хурандаа мэдэж байга байхаа. Тулгаа аягатайг залгилчихаад дэрэн дээр дахиад л унаад өгөв. Хэсэг байсны дараа хараа нь цэлмэж, толгой өвдөх нь намсч, дотор нь онгойгоод их л аштайхан оргиод ирэв. За тэр шүү хурандаа мэдэж байна шүү. Өөрөө ингэдэг байхаа. Тулгаа усанд ороод сэргэж хөхүүн хөнгөн болоход шууд л хувцаслаж эхлэв. Хөнгөн алхаа сонсдож хурандаагйин эхнэр
толиотой хээнцэрдүү авгай уур савссан аяга, тавагтай зүйл барьж орж ирэн шрээн дээр өрж: -Хүү минь цайгаа уу, эгч нь шөл хийчихлээ. Тайван суугаад хоолло. Дараа нь хурандаатайгаа яриарай. Ярь гэсэн шүү гэлээ. – Баярлалаа эгчээ, – Манай хүү чинь одоо хэдтэй билээ? – Хорин тавтай – Сайхан залуу нас. Миний хүү архи битгий ууж байгаарай. Зорилгогүй архи уух уруутаж доройтохын цондон. Архинд өөрийгөө алдах энүүхэнд шүү. Тийм үед өртний өр өвдөж, өштөний бах ханадаг юм ш дээ. – Ойлголоо эгчээ. Хурандаа хэзээ явчихсан бэ? – Хар үүрээр л яарч адгаад л алга боллоо. – Яасан юм бол? – Ер нь л тэгдэг юм даа. Утас дуугарч: – Өө май хүү минь яръя гэнээ хурандаа чинь гэсээр Цэцэгмээ эгч гарав. – Хурандаа би… Тулгаа ийн эг маг хийв. Үгүй ер албатай юм шиг архи уучихаад тэгээд хурандаагийнд ирж хоноод. Өнөөх айж сүрддэг хурандаа нь өөрөө шарыг нь тайлах юм зэхэж тавьчихаад явчихсан байдаг. Шал завхарсан юм. Үнэнийг хэлэхэд Тулгаа хурандаагаасаа айх шиг болов. Харин хурандаа түүнийг шоолж буй бололтой хүд хүд хөхөрч: – За яасан, болчихсон уу? За тэгээд залуу минь архи ер нь ямар байна? – Өө шал муухай юм байнаа. Толгой задарчих гээд. Харин та.. таны хийгээд орхисон… – Ха ха. Шар
тайлах юм гэдэг юм тэрийг чинь. Одоо зүгээр биз? – Зүгээрээ – Цаад эгч чинь аяга юм хялайлгав уу? Аяганы амсар зуулгалгүй үглээд сууж байна уу? Яншаад л байдаг юм. – Би хооллож байна. Цэцэгмаа эгч манай ээж шиг гоё цай чанадаг юм байна. – За та хоёр тэгээд учраа олж бай. Хурандаа нь жаахан ажилтай байна. – Би очих уу? – Хэрэггүй, өнөөдөр амар. Манайхаар онц ажил ч алга тайван байна. Утас тасарч Тулгаа халбага аван шөл өөд дайрав. Хурандаагаасаа айж эмээгээд байсан сэтгэл нь тайвшраад ирэв. Энэ удаа өөрийнх нь утас дуугарч байлаа. – Байна уу? – Хаана байна чи? – Ажил дээрээ – Одоохон хүрээд ир. Уулзах хэрэг байна. – Та хаана байгаа юм бэ? – Хаана байдаг юм бэ? “Баян Хайрхан” корпорацынхаа үүдэнд машиндаа хүлээж байна. Намайг хөдөлмөгц араас дагаад яваарай. – За. Ахынх нь дуу цанаа л
нэг зуунги ууртай байлаа. Арга ч үгүй биз. Ер нь хоёрхон биеэрээ уулзаад учраа ололцвол ололцоод, тангараг тасарвал тасарна л биз. Бөөн л уур яваа даа хэмээн Тулгаа бас ч гэж жаахан сүрдэсхийн хувцаслаж эхлэв. – Хаачих нь вэ хүү минь? Хооллож чадсан юм уу? – Сайхан хооллолоо. Баярлалаа эгчээ. Ах дуудаад байна. Очихоос. Нүд нь том болсон эхнэр Тунгалаг дөнгөж гармагц нөхөр рүү гээ залгав. Тулгааг “Баян Хайрхан” корпорацын үүдэнд ирэхэд Ниссан Патрол машиныхаа жолооны ард хүглийн суусан Ядам асга царайлсаар машинаа асаан хөдлөхөд Тулгаа араас нь жолоогоо залав. Ядам явсаар хотоос гарч Туул голын эрэг даган хурдлахад яах гэж байгааг нь ч ойлгоогүй Тулгаа араас нь дагаж давхив. Ах дүү хоёрын машины тоосонд дарагдасхийн бараадсан нэгэн машин энхэл донхолд хальтчин урагшлах нь Үнэнбат, Төмөр хоёр байлаа. Машиныхаа хүчтэй гэгч нь тасхийн хаасан Ядам улаан нүдэлсээр гарч ирээд Тулгааг хачин догшин харахад Тулгаагийн хамаг бие зарсхийв. – Чамтай олон үг ярилцах зав ч алга, цаг ч алга. – Тэгээд яах гэж наашаа ирсэн юм?. Ядам халаасаа ухан түдгэлзсэнээ буу гарган ирж Тулгаа уруу чиглүүлж гохыг нь дарахад бэлтгэн: – Ингэх гэсэн юм. Тэнгэрт нэг

нар байдагтай адил Мөнх эцэгт нэг хүү байх ёстой байсан юм байна. – Ингэнэ гэдгийг чинь харин санасангүй. Ахаа та дандаа үнэнээс зугтаж явах юм даа. Мөнх эцэгт биднээс өөр дахиад хоёр ч хүү байгаа шүү дээ. – Тэр ямар хамаатай юм бэ? Би чамайг ингэнэ гэдгийг мэдэж байсан юм. Муу гөлөг. Би чамайг балчир байхад чинь хурууг чинь хуга мушгиад оготны нүхэнд шидчихдэг байж.